Categories
гадаад мэдээ

Борис Жонсон нэрээ татав DNN.mn

Борис Жонсон Консерватив намын удирдах албан тушаалд нэр дэвших хүсэлтээ татан авав. Энэ нь түүний гол өрсөлпөгч Риши Сунак Их Британийн дараагийн ерөнхий сайд болох нь гарцаагүй гэсэн үгюм. Тэрээр яагаад нэрээ татаж байгаагаа “Би өөрийн намын 102 парламентын гишүүний санал авсан. Энэ нь намайг дэмжиж үг хэлсэн гишүүдийн тооноос хамаагүй бага буюу намаа нэгтгэж,нам доторх фракцуудын нэгдлийг хангахад чамлагдах тоо бөгөөд нам дотроо олон өрсөлдөгчидтэй, үр дүнтэй засаглах боломжгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл “цаг нь болоогүй” байна” гэжтайлбарласан байна. Энэ нь Борис Жонсон “буцаж ирнэ” гэдгээ дахин баталсан явдал болов.

Сангийн сайдаар ажиллаж байсан Риши Сунак 157, Пенни Мордаунт ердөө 25 гишүүний саналаваад байгаа тул Сунак автоматаар намын дарга болж, ирэх баасан гарагаас Лиз Трассаас ерөнхий сайдын тамгыг хүлээн авах болж байна. Ийнхүү консерватив англичуудыг анх удаагаа өөр үндэстэн удирдахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Ковидын 16 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Почти двести человек подхватили ковид в Калужской области за последние  сутки - Калужские новости

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 16 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 13 нь нийслэлд, гурав нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 984 477-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний баруун урд хэсгийн явган замыг өргөтгөж, дугуйн зам тавина DNN.mn

Энхтайваны гүүрний баруун урд талын явган замыг өргөтгөх шинэчлэх ажил хийгдэж эхэлжээ.

Тодруулбал, тус гүүрний явган замын дунд байсан хашлагыг буулгасан бөгөөд баруун урд талд өргөн явган, дугуйн замтай болгоно гэж Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ДАШТ-ээс ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Египет улсын Кайр хотод буудлага спортын ДАШТ (ISSF World shooting championships) 53 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний 50 метрийн гар бууны холимог багийн төрөлд ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртжээ.

Энэ удаагийн тэмцээн “Парис-2024” олимпын эрхийг олгох тул ( олимпын дасгал тус бүрд эхний дөрвөн байрт орсон тамирчид) 88 орны 1,088 тамирчин цэц сорьж байна.

Буудлага спортын ДАШТ аравдугаар сарын 27-нд өндөрлөнө.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт нь импортоос 2.563.2 сая ам.доллараар давжээ DNN.mn

Гадаад худалдааны бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар хүрэв

Гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний 9 сарын байдлаар 15,276.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар нэмэгдэв.

Экспорт импортоос давамгайлж 2,563.2 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байгааг УУХҮЯ мэдээллээ.

Нийт экспорт энэ оны эхний 9 сарын байдлаар 8,919.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,514.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,407.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2,493.3 сая ам.доллар буюу 42.2 хувиар өссөн аж. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.3 хувийг эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.БАТБОЛД: Засгийн газраас өөр найдах цэг үлдсэнгүй DNN.mn

“Сауд Гэйт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батболдтой ярилцлаа.


-Өнгөрсөн хавраас эхлээд танай компани хэд хэдэн удаа ХБХ хийж, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт, нийгэм, бас эрх баригчдад хандаж байсан. Үр дүнд хүрэв үү?

-Өнөөдрийг болтол тодорхой үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэр, түүнтэй холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэн үгэнд багахан боловч итгэл найдвар төрөөд сууж байна. Тэр хэлэхдээ: Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, 2012 оноос 2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хэрхэн хохирсон асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэсэн. Гэхдээ зөвхөн болоод өнгөрсөн хэрэгт бус бас өнөөдөр ч хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэхээр завдаж буй бусармаг хэргүүдэд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Тийм хэргийн золиос нь манай компани болчихоод байгаа учраас энэ ярилцлагыг өгөөд сууж байна. Манай Сауд Гэйт компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл бидэнтэй анх өөрсдөө санаачилж, урьж даллан гэрээ байгуулсан УБТЗ хууль журам, гэрээ дүрмээ зөрчиж хэтэрхий эрээ цээргүй аашилж буй учраас бидэнд шударга бус зүйлийн эсрэг тэмцэхээс өөр арга үлдээгүй. Учир нь бидний ард олон монгол ажилтан албан хаагч, тэдний ар гэрийнхэний, бас бидэнд итгэж найдан хамтарсан хөрөнгө оруулагчийн маань эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Мөн үүнээс үүдэн Монгол Улс сар бүр 10 сая ам.долларын нүүрс экспортлох боломжоо алдаж байна. Учир нь Монгол Улсын 10 гаруй компани, ААН манай терминалаар дамжуулан нүүрс экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн тэд сар бүр 10 сая ам.долларын нүүрс тээвэрлэж, борлуулалт хийх боломжоо алдаж, алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зөвхөн манай компанийн асуудал биш байгаа биз. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 12 жилд алдагдсан боломжийн талаар их ярьж байгаа. Тэгвэл зарим эрх мэдэлтэн, албан тушаалтны амин хувийн явцуу ашиг сонирхлоос болоод хөрөнгө оруулагчид хөрөнгөө дээрэмдүүлж, Монгол Улс валют олох боломжоо, экспортоо нэмэгдүүлэх боломжоо, монгол хүнээ ажилтай орлоготой байлгах боломжоо алдсаар байгаа нь харамсалтай.

-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахасуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байсан. Энэ үеэр хөрөнгө оруулагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна билээ.

-Яг л наад асуудал чинь манай компанийг нэрвэсэн. Уг нь одоогоос дөрвөн жилийн өмнө УБТЗ өөрийн ашиглахгүй байгаа талбайдаа хөрөнгө оруулалт хийгээч гэсэн хүсэлтийг манай Сауд Гэйт компанид анх өөрсдөө тавьсан. Бид ч энэ дагуу нь 2018 оны зургадугаар сарын 15-нд түрээсийн гэрээ байгуулж хөрөнгө оруулалтаа хийсэн юм. Анх гэрээ хийхдээ 10 жилийн хугацаатай байгуулна,замын даргын эрх мэдлийн хүрээнд гурван жил тутам энэ гэрээгээ баталгаажуулж сунгаад явах тул ямар ч асуудалгүй гэсэн тайлбар хийж, бид ч итгэсэн. Бүхэл бүтэн 700 гаруй компани, ААН, иргэдтэй гэрээ байгуулж хамтарч ажилладаг гэх Монгол Оросын хувь нийлүүлсэн том нийгэмлэг ийм санал тавихад итгэхгүй хэн байх билээ. Итгэсэн. Зүтгэсэн. Хөрөнгө оруулалтаа ч хийсэн. Эхний ээлжинд шууд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл 2019 оны 9 дүгээр сараас дэлхий нийтийг хамарсан гайтай цар тахал дэгдэж хоёр жилийн хугацаанд авто тээвэр нам хаагдав. Үүнээс болж манай нурмаг ачааны терминал хүнд байдалд орсон нь үнэн. Гэхдээ энэ хугацаанд элдэв шалтаг тоочин гоншигноогүй, гэрээ л бол гэрээ гээд түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлсөөр л байсан.Хэдэн ажилчдынхаа цалин хөлсийг ч таслалгүй олгосоор ирсэн. Гэтэл сая үндэслэлгүйгээр үнээ хэдэн мянган хувь нэмэх байдлаар гэрээгээ цуцалж, оруулсан хөрөнгө оруулалтыг тонон дээрэмдэх болохоороо ямар инээдтэй тайлбар хэлсэн гээч. Хил хаалттай, авто тээвэр нам гацсан үед бид терминалаа цааш нь өөр бусдад дамлан түрээслүүлж байсан юм байх. Ингэх нь угаасаа гэрээгээр тас хориотой, тэгээд ч бүх юм хаалттай байхад үйл ажиллагаа, орлого нь хасах заалттай талбай биднээс давхар түрээслэх тийм тэнэг олдох уу. Энэ бол увайгүй үйлдлээ цайруулах гэсэн арга ядсан гүтгэлэг.

-Тэгээд энэ гүтгэлгээ УБТЗ-ынхан юу гэж тайлбарлах вэ. Тэд шууд л дайрч давшлаад орчихоогүй биз дээ.

-Дайрахаар барах уу. Хил боомт нээгдэж, эдийн засагт жаахан үүр цайх гэнгүүт тэд бидний бизнес рүү өнгөлзөж эхэлсэн. Гэнэт л нэг өдөр УБТЗ тарифын үнэлгээнд өөрчлөлт орсон гэх нэрийдлээр талбайн түрээсийн үнээ 14.000 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр ирүүлсэн.

-Арван дөрвөн мянган хувь аа. Арай ч үгүй байлгүй дээ. Та тоондоо орон андуураагүй биз.

-Яалаа гэж. Би танд яг бодит байдлыг, үнээ ингэж нэмэгдүүлж хөрөнгө оруулагчаа хөөж гаргах, эсхүл шууд дампуурах зэрлэг балмад сонголтыг тулгаж буй дээрмийн тухай бодит байдлыг ярьж байна. Үйл ажиллагаа нь жигдрээгүй, ашиг орлого олох бүү хэл алдагдлаа яая гэж байсан компани одоо л нэг хөл дээрээ зогсох нь уу гэтэл ийм шийдвэр гарсан нь ёстой л сүхээр цохиулсан мэт болгож байгаа юм чинь. Уг нь бид чинь эрх зүйт нийгэмд амьдарч байгаа биз. Ямар ч гэрээг аль нэг тал нь дур мэдэн өөрчилдөг ёс хаана ч байхгүй.Гэрээнд заасны дагуу 2 тал харилцан тохиролцож үнийн дүнд өөрчлөлт оруулах ёстой байтал ингэж өөрсдөө урьж даллаж байгуулсан гэрээгээ дур мэдэн өөрчилж, тэнгэрт тулсан түрээсийн үнэ нэхэх нь ямар ч утга учиргүй байгаа биз дээ.Гэхдээ түрээсийн төлбөрөө ингэж нэмэгдүүлнэ гэдэг анхнаасаа ердөө л заль мэх байж. Эд нар ийм өндөр түрээсийг угаасаа төлж чадахгүй зайлна. Тэгэхээр гэрээ цуцлагдана. Ард нь бид нэгэнт бэлэн болсон бизнес дээр тарвалзана гэсэн УБТЗ-ын нэр барьсан хэдхэн хүний л эрх ашиг цаанаас нь цухалзаад байгаа юм. Чи бод доо. Чи нэг хүнээс 1 сая төгрөгөөр байр түрээслээд, өнөөхийгөө хөрөнгө гарган хөөрхөн засаж янзлан тохижуулаад амьдарч байж гээд.Гэтэл яг дүн өвлөөр нөгөөх чинь түрээсийн үнээ шууд 14 мянган хувь нэмэгдүүлж сарын чинь түрээс 14 сая боллоо, төлж чадахгүй бол зайлаарай, гэхдээ энэ тохижуулсан авсан эд юмсын чинь төлбөрийг би төлөхгүй, эндээ үлдэнэ гэсэнтэй л агаар нэг юм болсон байхгүй юу. Тэгэхээр үүнийг дээрэм гэхгүй ер нь юу гэх юм бэ.

-Арай арай.Нэмлээ нэмлээ гэхэд 14 мянган хувиар нэмнэ гэдэг санаанд ер багтахгүй байна. Зүгээр л гэрээний төлбөрөө нэмэгдүүлж байна гэх нэрийдлээр та бүхнийг шуудхан хөөж зайлуулах арга байсан юм биш үү?

-Хулгай нь илрээд хуудуу нь цухуйгаад ирэхээр одоо тэд Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн талбайг бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй ашиглуулах боломж буй болгоно гэсэн сайхан үг ярих болсон. Ойлгомжтой. Төрийн нэр барьсан ийм зүйлийн ард ямар хулгай явагддагийг та бүхэн мэднэ. Тэр бусад иргэн, аж ахуйн нэгжүүд гэдгийнх нь ард өөрсдийнх нь хань хамсаатан, гар хөл, танил тал л хамаарахаас хэзээ байтлаа шударга бизнес эрхлэгчид, жирийн иргэдэд эд нар боломж олгож байлаа даа. Магадгүй эхний нэг сар, за хоёр сар тэгж тэсэж мэднэ. Тэгээд бүх зүйл илааршаад, мартагдаад ирэхээр бохир гараа дүрнэ. Ийм нөхөд төрийн, төмөр замын нэр бариад хөрөнгө оруулагчдыг хяхан хавчиж байхад эдийн засаг өндийтлөө удна. Би түрүүн хэлсэн. УБТЗ-тай хийж буй энэ хэрүүл маргаанаас болж өнөөдөр Монгол Улс сар бүр 10 сая ам.долларын нүүрсний экспорт хийх боломжоо алдаж байна гэж. Жилээр бодвол 120 сая ам доллар. Энэ магадгүй УБТЗ-ынханд бага мөнгө байж магадгүй. Гэхдээ долларын ханш тэнгэрт тулсан энэ цаг үед Монгол Улсад маань бол хэрэгтэй л мөнгө байх. Манай терминалыг ашиглаж экспортын нүүрс тээвэр хийж байсан, хийхээр төлөвлөсөн 10 гаруй ААН-ийн хувьд том эрсдэл. Асуудлыг эрүүл ухаанаар шийдэж чадахгүй, тэгэхийг хүсэхгүй байгаа бол цаашдаа энэ маргаан шүүхээр явна. Гурван шатны шүүхээр явахад ямар их цаг хугацаа алдахыг та бид таашгүй. Энэ бүхний үр дүнд дахиад л Монгол Улсын, хөрөнгө оруулагч бидний “алдагдсан боломж” яригдана. Харин авах идэх боломжоо бүтээж чадахгүй байгаа шуналтнуудын хувьд ямар юмных нь алдагдсан боломж байх вэ дээ. Тэд гацааж, нурааж, гайтуулж байвал бах нь ханадаг улс.

-Та бүхэн тэгээд ийм улайм цайм хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт хандаагүй юм уу?

-Байдал нэгэнт иймдээ хүрсэн тул одоо хандахаас өөр арга үлдсэнгүй. Х.Нямбаатар сайд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, зөрчсөн, тонон дээрэмдсэн үйл ажиллагаатай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдсэн. С.Бямбацогт сайдын хувьд ч гэсэн салбарт нь хамаардаг харьяа байгууллага болох УБТЗ-д бугшсан олон асуудалтай зоригтой тэмцэж байгааг хараад найдвар төрсөн. Ямар ч байсан вагон тавиулах гэж хагас тэрбумаар нь авлига авдаг, ачаагаа авах гэж хагас жилээр хүлээж цөхөрдөг бугшсан асуудлуудыг цэгцэлсэн болохоор бидний энэ асуудлыг ч нааштай шийдвэрлэж чадна гэдэгт найдаж байгаа. Тийм болохоор энэ асуудлыг өөр нүдээр харж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн талд зогсоно гэдэгт найдаж байна. Үгүй бол бидэнд УБТЗ-ын үүдэнд өлсгөлөн суулт зарлахаас өөр арга үлдсэнгүй. Угаасаа УБТЗ-ын буруугаас болж ажилгүй, цалингүй болж буй ажилчид маань гэртээ элгээ эвхэн зэлмэгхэн амьдарснаас амьдрал, гэр бүлийнхээ төлөө тэмцэж өлссөн нь дээр байна гэсэн санал тавиад л байгаа. Буруугүй буруутан болж босгож бүтээснээ булаалгахдаа тулсан бидэнд өөр зам алга. УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг. Гэхдээ Монголын нутаг дэвсгэр дээр, Монголын хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулдаг баймаар. Одоо бидэнд хөрөнгө оруулагчдаа, хувийн хэвшлээ хамгаална гэж ярьж мэдээлсээр буй Засгийн газраас өөр найдах цэг үлдсэнгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Жигжидсүрэн: Арго багш тулдаа тэсч өнгөрөөсөн. Өөр ууртай хүн байсан бол очоод шанаа өгөх байсан DNN.mn

Урлагаар дамжуулж олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хошин урлагийнхан эсрэгээрээ нийгмийг бухимдуулдаг болоод удаж байна. Тэдний монгол хүнийг яс үндэс, шашин шүтлэгээс эхлээд гадна төрхөөр нь ялгаварлан гадуурхсан өнгө аястай уран бүтээлүүдийг олон нийт шүүмжилсээр байгаа юм. Олон түмэнд Арго багш гэдгээр танигдсан Б.Ариунболдыг хошин урлагийнхан нэг бус удаа элэглэж, ашиг орлого олж байв. Арго багш хүндээр өвдөн нэг хөлөө тайруулан зовж явахад ч хошин шогийнхон түүнийг элэглэсээр байсан гэдэг. Тиймээс тэрээр хэвлэлийн бага хурал зарлан таягаа тулан зогсож байгаад “Хошин шогийнхон энэ үйлдлээ зогсоо. Жүжигчин Г.Эрхэмбаяраас болж би хоёр ч удаа амиа хорлохыг завдсан” хэмээн гуйж байсан удаатай.

Арго багшийн дотны найзуудын нэг Монголын Уул уурхайн зөвлөх инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Т.Жигжидсүрэнтэй цөөн хором ярилцлаа.


-Арго багштай нөхөрлөсөн түүхээсээ дурсахгүй юу?

-Бид хоёр их эртний найзууд. Арго бол олон хэлний ном бичсэн хүн шүү дээ. Англи, япон, солонгос гээд 10-аад ном бичсэн байдаг. Би ч номуудыг нь уншдаг байсан. Хоёулаа уулзаж сууна. Арго бол их үндэсний үзэлтэй хүн. Тэр утгаараа хоёулаа үзэл бодол их нийлнэ.

Арго бол их өндөр, том биетэй шүү дээ. Түүнийг хөлөө тайруулчихсан байхад нь хошин шогийнхны ярианы бай, элэг доог болж байгааг хараад маш их харамссан. Тэр бол маш их хөдөлмөрч хүн. Хэл сурах аргачлал нь ч сайн. Өнөөдөр хэрэв сэргэлэн хүмүүс байдаг бол Аргогийн нэрэмжит дээд сургууль биш юм аа гэхэд хэлний сургалтын төв байгуулаад явах ёстой юм. Аргогийн хэлнийх нь арга зүйгээр сургалт хийвэл их үр дүнтэй санагддаг. Одоо бол манайхан гадаад хэлийг маш буруу заадаг.

Шашны сургуульд лам багш нар төвөд хэлийг маш хурдан заадаг аргачлалтай. 500, 600 жилийн сургалтын систем маш сайн байх нь гарцаагүй. Мэдээж юм сурах гэж байгаа бол маш хурдан хуагцаанд сурах хэрэгтэй. Сурахын тулд, сургахын тулд богино хугацаанд үр дүнтэй аргачлал байх нь чухал. Арго тийм л хүн байсан. Харамсалтай нь түүний хөдөлмөрийг хэн ч үнэлээгүй. Сурталчилгаа хийгээд явсан бол номууд нь бестселлер болох боломжтой бүтээлүүдтэй хүн. Телевизээр л өөрөө ярьдаг. Хүн нь өөрөө тийм цагаахан байсан даа.

-Арго багшийн гадаад хэлний сургалтын онцлог ямар байсан гэж боддог вэ?

-Хүнд дадал бий болгодог арга зүйтэй. Арго болон шашны сургуулийн багш нарын арга зүй хоорондоо тун төстэй. Өөрөөр хэлбэл, маш олон давтдаг. Лам нарыг хатуу сахилга баттай цээжлүүлдэг шүү дээ. Арго ч тийм. Ердөө л давтамж. Маш олон удаа давтаад цээжлүүлээд өөрийн болгодог. Өөрөөр хэлбэл, ухамсартайгаар ойлгуулах гэхээс илүү цээжлүүлээд тархинд нь хийчихдэг. Цээжинд орчихсон зүйлийг бодоход, ярихад амар. Аргогийн сургалтын онцлог бол тэр.

-Гэвч нийгэм түүнийг сайн ойлгоогүй, олон хэл сурсан чадвар зүтгэлийг нь үнэлээгүй юм шиг санагддаг. Өөрөө энэ тухай ярьдаг байв уу?

-Өөрөө бол хар муу санаагүй. Цагаахан, хөдөлмөрч хүн. Номондоо бичсэн онигоо нь олон нийтийн сүлжээнд тархаад байна шүү дээ. Тэр л Арго шүү дээ. Уулзахаараа манай хүн зуу татна, би шар айраг ууна. Надад марзан онигоо их ярьж өгнө. Бүр олон хэлээр онигоо ярьдаг авьяастай. Ер нь гадныхан ч тэгдэг. Европууд англиар онигоог шижигнэтэл ярьцгаадаг. Арго ч надад хэлж байсан. Чи онигоо ярьж сур. Тэгвэл нөхөдтэй болно гэдэг байж билээ. Ярих чадвар сайтай, олон талын авьяастай хүн байсан даа.

-Хошин урлагийнхан түүнийг элэглэж, хариуд нь их л гомдолтой явсаар өөд боллоо шүү дээ?

-Маш харамсалтай. Арго бол олон хэлтэй, орчин үеийн сэхээтэн хүн. Ном их уншдаг байсан. Ой тогтоолт ч маш сайн. Маш олон мэдээллийг тархиндаа боловсруулдаг. Тийм хүн буруу замаар явах, нийгэмд элэг доог болох ямар ч үндэс байхгүй. Жүжигчин Г.Эрхэмбаяр энэ алдаагаа засах ёстой, ар гэрээс нь уучлалт гуйх ёстой. Хөөрхий хөлөө тайруулчихсан зовж явахад нь хошин шогийнхон элэглэж л байсан. Тийм байхад амиа хорлохыг завдахаас өөр яах вэ дээ. Цагаан сэтгэлтэй хүн тулдаа тэссэн. Өөр ууртай хүн байсан бол хошин шогийнхонд шанаа өгөх байсан.

Харамсалтай ч тийм мундаг чадвартай сэхээтэн хүн эрт явчихлаа. Арго багшийн асуудал хошин шогийнхны бодит байдлыг хэлээд зогсохгүй монгол эрчүүдийн эрүүл мэнд үндэсний асуудал болсны илрэл гэж би харж байгаа. Тэр чихрийн шижин өвчний хүндрэлээр өөд болсон. Энэ өвчин бол нийгмийн өвчин болчихлоо шүү дээ. Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал маш хүнд байна. Манайхны төрийн өмчит том сургуулийн багш гурван жилийн өмнө “Оюутнуудын эрүүл мэнд хэцүү болчихоод байна. Үзлэг шинжилгээнд хамруулж эмчилмээр байна” гэж ярьж байсан удаатай. Одоо ч энэ байдал дээрдээгүй. Түүгээр зогсохгүй уул уурхайд ажиллаж байгаа ажилчдын дийлэнх нь эрчүүд. Тэдний эрүүл мэнд ямар байна вэ гээд харвал бүр аюултай.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

ЦАГ АГААР: Улаанбаатарт цас орно

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Оюунчимэг: АНУ-аас худалдааны татваргүйгээр бараа авах боломж “Cargomall.mn”-ийн үйлчлүүлэгчдэд нээгдэж байна DNN.mn

АНУ дахь монгол бизнесмэнүүдийн төлөөлөл, “Cargomall.mn”-ийн үүсгэн байгуулагч Б.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Дэлхий дахины онлайн худалдаа, хүргэлт, карго болон бусад үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын тухайд онцохгүй юу?

-Өнөөдөр дэлхий даяар интернэт худалдаа хийдэг сайтын тоо 26 саяд хүрчээ. Ковид гарсан сүүлийн хоёр жилд интернэтээр худалдан авалт хоёр дахин өсч, дагаад хүргэлтийн үйлчилгээний эрэлт ихэссэн. Эдгээр онлайн дэлгүүрийн бараг тал хувь нь буюу 10 сая нь АНУ-д төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь хүмүүс дэлгүүр явахаа байж, байгаа газраасаа дэлгүүр ордог болсон. Онлайн худалдан авалт хийх нь өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг анхны үнээр буюу дэлгүүр, лангууны түрээс, борлуулагч гэх мэт дундын этгээдийн ашиг, өртөг шингээгүй үнээр худалдан авах боломжийг олгодог давуу талтай.

-Танай компанийн хувьд Америк Монголыг холбосон найдвартай хүргэлтийн үйлчилгээг бий болгохыг зорьж байгаа?

-Найдвартай гэж онцолсонд баярлалаа. Энэ нь онлайн худалдан авалтад маш чухал хүчин зүйл. Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид Америк дахь онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх нь эрс нэмэгдсэн. Монгол иргэд ихээр суурьшсан Чикаго, Лос Анжелес, Вашингтон ДС хотуудад байршилтай агаарын шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын агуулахын хаягаар хүргүүлэн, улмаар агаарын шуудан илгээмжээр эх орондоо хүргүүлэн авч байна. Гэвч эдгээр хотуудад бараа хүргүүлэн авах тохиолдолд үндсэн үнэ дээр 6-10.30 хувь худалдааны татвар нэмж төлдөг. Үүнийг худалдан авагчид тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ татварыг төлөхгүй байх боломж манай каргомоллын үйлчлүүлэгчдэд нээгдэж байна.

-Худалдааны татвар гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-АНУ-ын мужууд өөрийн онцлогт тохирсон засаг захиргааны хууль баталж мөрдүүлдэг. Харин бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авах үед тухайн оршин суугаа муж, каунти болон хотын худалдааны татварын хуулиас хамаарч 10.30 хувь хүртэлх татварыг үндсэн үнийн дүн дээр нэмж төлдөг. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэгч нь борлуулалт хийх үедээ худалдааны татварыг цуглуулж мужийн орлогод төвлөрүүлэх үүрэг хүлээдэг гэсэн үг. Харин Орегон, Нью Хампшир, Монтана Делавэйр болон Аляск мужууд худалдааны татваргүй.

-Танай карго үйлчилгээний компани дээрх татваргүй бүсэд байрлаж байна гэсэн үг үү?

-Тийм. Жишээ нь, саяхан нээлтээ хийсэн “Iphone 14 promax”-ын 128GB багтаамжтай нь 1099 долларын үнэтэй. Хэрэв энэ утсыг Чикаго хот орчимд байрлалтай шуудан илгээмжийн газарт хүргүүлэн авахад $113 худалдааны татвар нэмж төлнө. Нийт $1212 болно. Гэтэл яг энэ захиалгыг Портлэнд хотод байрлалтай манай “Карго Молл”-ын агуулах руу илгээхэд ямар ч худалдааны татвар төлөхгүй үндсэн үнээр худалдан авах боломжтой. Таны 113 долларыг хэмнэж өгч байна гэсэн үг. Ер нь бид монгол хэрэглэгчиддээ мужуудын ногдуулсан худалдааны татварыг төлөхгүйгээр хүргэж өгч байна гэсэн үг. Том боломж, том хэмнэлт юм.

-Захиалагчдад тулгардаг элдэв хүндрэлүүдийг танайх шийдвэрлэх үү?

-Худалдан авсан бараа эзнийхээ гарт очих хүртэл бүх хариуцлагыг карго үйлчилгээ үзүүлэгч бүрэн хариуцах ёстой. Манай компани асуудлуудыг шийдэж чадсан. Манайх өөрсдийн платформ болон агуулахаараа дамжуулан хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч хадгалах, баглаа боодол шинэчилж нэгтгэх, чанарын шалгалт хийж Монгол Улс руу агаараар тээвэрлэн хэрэглэгчийн гарт хүргэх үйлчилгээ бүхий технологид суурилсан тээвэр ложистикийн компани юм. Мөн манай агуулах иж бүрэн даатгалд хамрагдсан.

-Тухайн бараа эзэндээ очих бүх л замыг хэрэглэгч өөрөө хянах нь ээ?

-Хэрэглэгч “Ebay”-с 600 доллараар худалдан авалт хийлээ гэж бодъё. Борлуулагч нь хүргэлтийн төлбөрөө хариуцах нөхцөлтэй гэж үзье. Эхлээд хэрэглэгч тухайн барааг сагсанд хийж “Cargo Mall”-н хаягт хүлээн авахаар захиалгаа баталгаажуулна. Үүний дараа борлуулагч тухайн барааг манай агуулах руу илгээснээр “tracking num­ber” буюу бараанд оноогдсон дугаарыг хэрэглэгч хүлээн авна. Энэхүү дугаараа “car­gomall.mn”-д бүртгүүлж нэр, тоо ширхэг үнийн дүн болон хүлээн авагчийн мэдээлэл оруулснаар манай системд илгээмж үүснэ. Бараа манай агуулахад ирэх үед жин, тээврийн үнийн мэдэгдэл хэрэглэгч рүү илгээнэ. Ингээд хэрэглэгч тээврийн төлбөрөө төлснөөр тухайн илгээмж Монгол Улс руу тээвэрлэгдэнэ. Одоогийн байдлаар бараа бүтээгдэхүүн дунджаар 10-14 хоногийн дараа хэрэглэгчийн гарт хүрдэг. Ойрын ирээдүйд илгээмжийг долоо хоногийн дотор хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэнэ гэж харж байна.

-Танайх хэрэглэгчийн сонгосон барааг хэрэглэгчийн өмнөөс захиалж өгдөг үү. Хэрэглэгч заавал өөрөө худалдан авалт хийгээд танайх зөвхөн шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг үү?

-Бид хэрэглэгчийн худалдан авалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдоггүй. Хэрэглэгч өөрөө онлайн дэлгүүрээс бараагаа сонгоод захиалга хийнэ. Өмнө хэлсэнчлэн манай агуулахын хаягт хүлээн авахаар баталгаажуулна гэсэн үг. Улмаар тухайн илгээмжийн мэдээллийг манай нэгдсэн системд бүртгүүлснээр ийм тракинг дугаар бүхий ийм үнэтэй, эдгээр нэр төрлийн бараа танайд очно шүү, хүлээж аваад ийм нэр дээр Монгол руу илгээж өгөөрэй” гэж хүсэлт өгч байна гэсэн үг юм. Тэгэхээр хэрэглэгч бараа худалдан авах, худалдан авсан барааг манай агуулахад ирэх үед хүлээн аваад Монгол Улс руу тээвэрлэн хүргэх хоёр нь тусдаа үйл ажиллагаа юм.

-Ийм асуулт гарч ирж байна. Ер нь хэрэглэгч ямар нэг байдлаар тухайн бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?

-Бид яг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ, нэмэлт үйлчилгээнүүд санал болгохоор ажиллаж байна. Тухайн хэрэглэгч худалдан авсан бараандаа сэтгэл хангалуун биш бол 30 хоногийн дотор буцаалт хийх эрхийг АНУ хуулиар зохицуулсан байдаг. Бид үүнтэй холбогдуулан багахан нэмэлт төлбөртэйгөөр илгээмжийг Монгол руу илгээхээс өмнө чанарын шалгалт хийж шаардлага хангахгүй байвал барааг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу борлуулагч руу буцаах гэх мэт нэмэлт үйлчилгээ санал болгохоор ажиллаж байна. Ер нь хэрэглэгчид “Ama­zon”, “Best Buy”, “Costco” гэх мэт нэр хүнд бүхий онлайн дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх нь зүйтэй. Мөн урьдчилсан чанарын шалгалт хийж өгөх нь хэрэглэгчийн мөнгө, цагийг хэмнэсэн үйлчилгээ болно гэдэгт итгэлтэй байна. Өөр нэг эрсдэл нь хуурамч онлайн дэлгүүр ажиллуулж, хэрэглэгчийн картын мэдээллийг ашиглан зөвшөөрөгдөөгүй гүйлгээ хийх асуудал маш их гардаг. Энэ асуудлыг ч бид шийдвэрлэхээр төлбөр тооцооны шийдэл боловсруулж байна. Тун удахгүй шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийгдэнэ. Дүгнээд хэлэхэд, бид хэдийгээр хэрэглэгчийн худалдан авалтад шууд оролцдоггүй ч АНУ-ын аливаа онлайн дэлгүүрээс хуурамч бараа ирвэл яах вэ, размер буруу эсвэл эвдрэл гэмтэлтэй бол яах билээ, бүр цаашлаад миний картын мэдээлэл алдагдах вий гэх мэт айдасгүйгээр худалдан авалт хийх боломжийг олгохоор ажиллаж байна.

Г.БААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Энгийн бүхэн гайхамшиг DNN.mn

Хүмүүс усан дээр алхахыг, агаарт нисэхийг гайхамшиг гэж боддог. Яг үнэндээ бол газар дэлхий дээр, хөрс шороон дээр алхахаас илүү гайхамшиг гэж байхгүй” гэж Бурхан багш айлджээ. Эв энгийн, өдөр тутмын зүйлийг Будда гайхамшиг гэж тунхаглажээ.

Үнэхээр ч энэхэн цэнхэр дэлхийд өнөөдөр бид амар тайван алхаж явна. Аавтай, ээжтэй, ах эгчтэйгээ, амраг хань, алагхан үрстэйгээ аз жаргалтай амьдарч байна. Хүүхэд балчир насандаа бид үргэлж иймээрээ, үргэлж инээж явах мэт л боддог, холын холд байгаа ямархан нэгэн аз жаргалыг мөрөөдөн мөрөөдөн өсдөг билээ. Өсөх тусам өдөр хоногоор амьдрал бидэнд хатуу хөтүүг мэдрүүлсээр, бас аз жаргалыг амсуулсаар байдаг.

Хамгийн хайртай хүмүүс маань нэг нэгээрээ алсран одовч, бас хайрлахгүй байхын аргагүй хүмүүс нэг нэгээрээ цуварч ирсээр л байдаг. Амьдарч буй энэ насандаа бид аав ээж, ах дүү, амраг садан, алаг үрс, найз нөхдийн ерөөлтэй иржээ. Эргэн тойрноо анхаараад нэг сайн хар даа, дандаа ойр дотны хайрлам сайхан хүмүүс. Муудахаа мууддаг ч миний амьдралыг утга учиртай болгож байгаа тийм л гайхамшигт хүмүүс хүрээлж байна. Цэнхэр тэнгэр, уудам тал, нар сар, байшин барилга, гэр орон, хайртай бүхэн маань бүгд надад зориулагдсан юм.

Хэн хэзээ ингэж мэдэрч чадах билээ. Хэзээ, хаанахын салхин дор ингэж тэнүүн амьсгалах билээ. Эргэж энэ дэлхий дээр төрдөг ч юм уу, төөрдөг ч юм уу бүү мэд. Хүн болж төрлөө гэхэд өнөөдрийн хайртай хүмүүсээс чинь өөр хүмүүс, өөр орчин байх ч юм уу. Эргэж төрснөө ер нь мэдээ ч үү, үгүй юү. Ийм л учраас хөхрөгч тэнгэрийн дор хөрс шороон дээр амьд яваагаа мэдэрч алхах л гайхамшиг гэж Бурхан Буддаа айлджээ