Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуйн салбарт 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялгийг бүтээжээ DNN.mn

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж дэлхийд өрсөлдье

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэхдээ, манай улсын үндэсний баялгийн нэг мал аж ахуй хөгжлийн суурь болж буй эдийн засгийн хоёр дахь том салбар юм гэдгийг онцоллоо.

Мөн 2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 305 мянга болж, энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67.3 сая болж, сүүлийн 31 жилийн дотор 41 сая буюу 2.6 хувиар өссөнийг тодотголоо.

Мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг эзэлж, албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж буй 5 хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, өнгөрсөн оны байдлаар 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялгийг бүтээж байна.

Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, геостратегийн хурцадмал байдлаас шалтгаалсан, хүнс, эрчим хүчний үнийн өсөлт болон дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал тавигдаж буй өнөөгийн нөхцөлд манай улс хүнс, ХАА-н салбараа эрс эрчимжүүлж, мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргаж цогц шинэчлэл хийх зайлшгүй шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм. Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганаар нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон, газар нутгийн 77 хувь нь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот, суурин руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг мал аж ахуйн салбар, малчдын өмнө тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг хэлэлцэн ярилцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганд малчид, фермерүүд, үйлдвэрлэгчид, малын эмч, мал зүйч нар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, зочид төлөөлөгч нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 3000 хүний багтаамжтай “UG Arena” нээгдэхэд бэлэн болжээ DNN.mn

Дэлхийн стандарт олон улсын жишигт нийцсэн Монголдоо хамгийн том цогцолбор болох “UG Arena”-г “Уран ган” Групп бүтээн байгуулж байгаа бөгөөд энэхүү “UG Arena sportainment” спортын ордон үүдээ нээхэд хэдхэн хоног үлджээ.

Ялангуяа Монголын сагсан бөмбөгт шинэ үзэгдэл болж байгаа энэхүү спортын ордон ашиглалтад орсноор тив дэлхийн чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм.

“UG Arena” нь 3000 хүний багтаамжтай бөгөөд тус цогцолборын инженерийн шийдэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлтүүд нь олон улсын жишиг стандартад нийцсэн байна.

Тухайлбал, архитектор төлөвлөлт, шийдлийн хувьд Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-нд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг “Schelde Sports” брэндийн “Super Sam 325 Pro” загвараар угсарсан байгаа бөгөөд уг загвар шийдлийг дэлхийн шилдэг спорт цогцолбор орднуудад ашиглажээ

Италийн “Dallariva” брэндийн “Compact-45” стандартын “hevea” модоор хийгддэг шалыг суурилуулж байна. Тус шал нь олон улсын шалны стандартын хамгийн өндөр зэрэглэлийн тоглолтыг зохион байгуулахад тохирсон чанар стандартыг хангасан юм байна.

“Dallas Mavericks” спортын ордонд ашигладаг гэрлийг “UG ARENA”-д байрлуулах бөгөөд тоглогчид болон үзэгчдийн нүд рүү гялбадагггүй, зураг даруулах, бичлэг хийхэд зориулсан тод бөгөөд зөөлөн тусгалтай гэдгээ онцгой давуу талтай аж.

Түүнчлэн телевизийн шууд дамжуулалт хийх 20 цэг байрлуулсан байна. Мөн дэлхийн алдартай “JBL”, “BRX”, “LINE”, “ARRAY” брэндийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд нь спорт ордонд зориулагдсан дуугаралттай бөгөөд гадагшаа цуурайтахгүй байх стандарт зориулалтыг хангасан байна. Тус ордны үзэсгдийн суудлыг стадион, аренад хамгийн чанартай суудал нийлүүлдэг “AVANT seating” брэндийг сонгожээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Цацрагийн зэвсэг буюу “бохир бөмбөг” DNN.mn

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд яригдаж буй “бохир бөмбөг” нь үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрөл болох цацрагийн зэвсэг бөгөөд тус бөмбөгийг атомын цахилгаан станцтай аль ч улс цөмийн хаягдал болон цацраг идэвхт бусад материал ашиглан бүтээж болох аюул эрсдэлтэй.

Радиологийн буюу цацрагийн зэвсэг гэж хөнөөх хүчин зүйл нь цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг хэлэх бөгөөд нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөг хэлбэрт оруулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт хордолт, тархалт үүсгэж, амьд амьтныг альфа, бетта, гамма зэрэг ионжуулах туяагаар удаан хугацаанд сүйрүүлэн устгах нь цацрагийн зэвсгийн үндсэн аюул нь юм.

Цацрагийн зэвсэг буюу “бохир бөмбөг” нь цөмийн зэвсгийн цохих долгион, гэрлийн цацраг, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг таван хөнөөх хүчин зүйлийн эхний дөрвөн хөнөөх шинжийг агуулдаггүй, харин хамгийн сүүлийнх нь буюу цацраг идэвхт хордолтыг газар оронд дээр /Чернобылийн хор хөнөөлтэй адил/ удаан хугацаагаар бий болгодгоороо онцлогтой.

Цацрагийн зэвсэг буюу “бохир бөмбөг” нь хот суурин, цэргийн зэвсэглэл, техник, бэхлэлтийг цохих долгионоор сүйтгэж, бие бүрэлдэхүүнийг гэрлийн цацрагаар шатааж, электроник хэрэгслэлийг цахилгаан соронзон импульсээр ажиллагаагүй болгож чадахгүй ч газар орныг хэдэн мянган жилээр хордуулж, амьд амьтан амьдрах нөхцөлгүй болгодог тул хордолтын бүсээс хүн ам, цэргийн бүрэлдэхүүнийг яаралттай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болдог.

“Бохир бөмбөг” нь дайсны болон өөрийн газар нутгийг бүхэлд нь хордуулах шинжтэй, хордсон газар нутгийг хэн ч ашиглах боломжгүй болгодог тул байлдааны ажиллагаанд “гялалзсан ялалт амжилт”-ыг авчирдаггүй, харин аргаа барсан тал нь өдөөн хатгах, хорлон сүйтгэх, терроризмын зориулалтаар ашиглах өндөр магадлалтай үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрөл юм.

Оросын эрх баригчид сүүлийн өдрүүдэд Украиныг “бохир бөмбөг” зохион бүтээж хэрэглэх гэж байгаа тухай, түүндээ Оросыг буруутгах гэж байгаа тухай анхааруулж, уг асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулах гэж байгаа тухайгаа мэдэгдэж байна. Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нэг өдрийн дотор Франц, Их Британи, Турк, АНУ-ын батлан хамгаалахын сайд нартай утсаар холбогдож, Украины “бохир бөмбөг”-ний асуудлыг хөндөж ярилаа.

Украинд “бохир бөмбөг” бүтээж буй тухай Оросын мэдэгдлийг “худал” хэмээн Украины эрх баригчид үзэж, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг(ОУАЭХА)-ийн шинжээчдийг урьж, цөмийн байгууламжуудаа хууль бусаар ашиглаж байгаа эсэхээ шалгуулах хүсэлтээ илэрхийлээд байна.

Эх сурвалж: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл стратеги судалгааны хүрээлэн

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 66 сая ам.доллар нийлүүлэв DNN.mn

Ам.доллар ХОМСДЛОО, Төв банк, Засгийн газарт хийх ажил их байна

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр спот арилжааны цахим талбарт нийт 32 сая ам.долларыг нийлүүлжээ.

Энэ удаа арилжааны банкуудаас своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна. Төв банк өнгөрсөн 7 хоногт нийт 66 сая ам.долларыг гадаад валютын дуудлага худалдаагаар мөн нийлүүлжээ. Тодруулбал, энэ сарын 18-нд 38 сая ам.долларыг, 20-нд 28 сая ам.долларыг цахим талбарт тус тус нэг ханшаар нийлүүлжээ.

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг.

Categories
гадаад мэдээ

Шойгуг шүүмжлэв DNN.mn

Украины төрийн тэргүүн ОХУ-ын Батлан хамгаалах сайдын мэдэгдлийг эрс шүүмжиллээ.

“ОХУ-ын Батлан хамгаалахын сайд утсаар Франц, Турк, Их Британи, АНУ-ынсайд нартай утсаар ярьж биднийг бохир цөмийн бөмбөг хэрэглэх гэж байна гэж мэдэгдсэн нь оросоос гардаг ээлжит ямар ч утга учиргүй гүтгэлэг. Тэд Шойгугаас ялгаатай нь үнэнийг маш сайн ойлгож байгаа. Тэд энэ дайны бүх бохир, заваан зүйлсийн эх сурвалж хаанаас гардгийг хэнээр ч хэлүүлэлтгүй маш сайн мэдэж байгаа. Хэрэв хэн нэгэн Европын манай хэсэгт цөмийн зэвсэг хэрэглэх гэж байгаа бол үүнийг ганц л сүбьект Шойгуд тушаасан байж таарна. Бидэнд ямар ч цөмийн зэвсэг байхгүй. Иймээс дэвшилтэт хүн төрөлхтөн ийм балмад явдлын эсрэг маш хатуу арга хэмжээ авах ёстой” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” өдөрлөг боллоо DNN.mn

Баянзүрх дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Таван түлш ХХК, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо хамтран энэхүү өдөрлөгийн зохион байгууллаа.

Онцгой байдлын хэлтсээс ахуйн хүрээний гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлэл хүргэж, зөвлөмж иргэдэд тараасан. Мөн ахуйн хүрээнд гарсан галыг хэрхэн унтраах, гал унтраагуур болон анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах талаар үзүүлэх сургалт хийлээ.

Мөн галлагааны зөв горим, яндангаа хэрхэн зөв хөөлж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртсөн иргэнд үзүүлэх анхны тусламж сэдвээр сургалт хийж, зуухны аюулгүй байдлыг хангах, галлагааг зөв хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхаарууллаа.Харин Таван толгой түлш ХХК галлагааны зөв горим, яндангаа хэрхэн зөв хөөлж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар зөвлөгөө өглөө. Таван толгой түлш ХХК-ийн 100 гаруй ажилчид энэ төрлийн мэдээллийг айл өрхүүдээр явж тогтмол өгдөг. Ингээд эрсдэл өндөртэй айл өрхүүдийн судалгааг авч засварын баг тухайн асуудлыг шийдвэрлэж ажилладаг.

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос угаарын хийн хордлогод өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх талаар сургалтыг иргэдэд хүргэж ажиллаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын эмийн зах зээлийг “баздаг” улстөрчид DNN.mn

Үндэсний аудитын газраас УИХ-ын 57 дугаар тогтоолоор 2014 онд баталсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хийснээ өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулж байв. Аудитын тайлангаар манай улсын эмийн зах зээлд нийт 500 тэрбум төгрөг эргэлддэг. Импортоор оруулж ирж байгаа эмийн дундаж үнэ дэлхийн зах зээлээс 5.4-15.6 дахин өндөр үнэтэй борлуулагддаг гэж зарласан нь анхаарал татахаар байгаа юм.

Эмийг бүр дэлхийн зах зээлийн үнээс 15 дахин өндөр үнээр монголчууд худалдан авч хэрэглэдэг гэсэн үг. Гэвч импортын эмүүд өндөр үнэтэй шигээ чанартай байж чаддаггүйг дээр дооргүй мэддэг. Чадалтай хэсэг нь гаднаас чанартай эм оруулж ирээд хэрэглэдэг бол боломж тааруу хэсэг нь дотоодоос өнөөх өндөр үнээр авсаар байна.

Монгол Улсад эм ханган нийлүүлэх 384 байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшдэг ч эдгээрээс гарын таван хуруунд багтах цөөн компани эмийн зах зээлийг баздаг аж. Баздаг гэдэг нь эм, эмийн бүтээгдэхүүний жин дарах хувийг улсад нийлүүлдэг, тэр хэмжээгээрээ олон тооны салбар эмийн сангуудтай, хамгийн гол нь том ар талтай гэсэн үг.

Эмийн бизнес гэдэг бол манайд аль ар талтай, том нөлөөтэй нь эрхэлдэг, ашиг хүртдэг болоод тогтчихсон бизнес. Тиймдээ ч эмийн салбарыг цөөхөн хэдэн компани, түүний ард цөөн хэдэн улстөрч удирддаг.

ШӨХТГ-аас тогтоосноор Монгол Улсад эмийн салбарын давамгай эрхтэй аж ахуйн нэгжээр “Монос” компанийг тогтоосон байдаг. Тухайн салбарт нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн нь 33.3 хувиас давахад давамгай эрхтэй аж ахуйн нэгж гэж үздэг. Тэгвэл “Монос” компани 33.3 хувиас илүү өндөр хувь эзэмшдэг юм байна. Тус компани бол УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн эзэмшлийнх. Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн байхдаа энэ салбартаа байж болох бүхий л лоббиг хийсэн гэлцдэг. Түүний “захиалсан” хуулиар хилээр чанартай витамин оруулж ирэхэд л хурааж авдаг, витамины төрлийн бүх захиалгыг “Монос” руу цутгадаг болсон тухай учир мэдэх хүмүүс ярьдаг.

Монголын эмийн салбарыг баздаг дараагийн компани бол “Азифарм” ХХК. Тус компанийг давамгай эрхтэй аж ахуйн нэгж гэж тогтоогоогүй ч импортоор оруулж ирдэг эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, эмийн сангийн тоогоороо “Монос”-ын араас жагсдаг юм байна. “Азифарм” ХХК бол УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэрийн компани. Тэр утгаараа эмийн салбартаа “Азифарм” ХХК нь “Монос”-оос дутахгүй нөлөөтэй. Нөлөөтэй гэдгийг тодотгож хэлбэл, эм импортлогч компаниудын ашиг олдог бас нэг хэлбэр бол төрөөс иргэдэд хөнгөлөлттэй олгодог эмийн худалдаа юм. Энд компаниуд орох гэж уралддаг. Гэвч нөлөө бүхий л компани л энэ эрхийг авч чаддаг. Энэ эрхийг олгодог газар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газар. Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн энэ албан дээр байснаа хэл амтайгаар ажлаа өгсөн. Үүний цаана ердөө л хөнгөлөлттэй эмийн худалдааг авах гэсэн эмийн компаниудын эздийн зодоон байсан гэдэг. Нэг ёсондоо эмийн компаниуд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар өөрийн хүнийг тавих гэж санаархдаг.

Тэгвэл энэ удаа тэр том эрх мэдэл, ашиг олох хаалгыг эмийн салбарыг баздаг Азифарм компани, түүний цаадах эзэн Л.Энх-Амгалан өөрийн хүнээ тавьж, нөлөөллөө тогтоож чадсан гэдэг мэдээлэл байдаг.

Categories
мэдээ нийгэм

0-18 насны хүүхдүүдэд сүрьеэгийн далд халдвар илрүүлэх шинжилгээг хийж эхэллээ DNN.mn

Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болжээ.

Шинжилгээгээр хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм.

БНСУ-ын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран сүрьеэгийн далд халдварын оношилгоог сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийг түшиглэсэн интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг үндэсний төвийн түвшинд анх удаагаа нэвтрүүлжээ.

“Иргэд өөрсдөө сүрьеэгийн халдвар авсан эсэхээ шинжлүүлээд, хэрэв халдвартай болох нь батлагдвал бактери унтаа байдалд байхад нь далд халдварын эмчилгээг хийлгэж сүрьеэгээр өвдөхгүй байх боломжтойг доктор Э.Оюунчимэг хэлж байв.

Манай улсад 2021 оны жилийн эцсийн байдлаар сүрьеэгийн нийт тохиолдлын хүүхэд эзлэх хувь 12.3 хувь болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 2-3 дахин өндөр байдаг.

Categories
гадаад мэдээ

Киргизийн улс төрчдийг баривчлав DNN.mn

Киргизийн шүүхийн шийдвэрээр Кемпир-Абадын усан санг Узбекистан руу шилжүүлэхийг эсэргүүцсэн 22 идэвхтэн, сөрөг хүчний улстөрчдийг нэг дор баривчилсан гэж орон нутгийн мэдээллийн “KG24” агентлаг мэдээлэв.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Киргизийн парламентын депутат асан Асия Сасыкбаева, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Клара Сооронкулова, СЕХ-ны гишүүн асан Гульнара Джурабаева, экс депутат Кубанычбек Кадыров, экс-депутат Кубанычбек Кадыров, Киргиз улсаас Малайзад суугаа Элчин сайд Азимбек Бекназаров, мөн тус улсын тусгай албаны дарга асан Кенешбек Дуйшебаев нар байгаа аж. Тэднийг тус улсад эмх замбараагүй байдал зохион байгуулсан хэргийн мөрдөн байцаалтын хүрээндбүгдийг нь 48 цагийн турш Бишкек дэх түр саатуулах төвд шилжүүлсэн байна. Харин Киргизийн парламентын дарга асан Канат (Канатбек) Исаевыг олон нийтийн үймээн, самуун зохион байгуулсан хэргээр нэг сарын хугацаагаархорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр гарсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 2.3-17.9 хувиар багаслаа DNN.mn

Төгрөгийн ханш БНСУ-ын вон, Японы иений эсрэг чангарчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны 9 дүгээр сарын эцэст 12.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 290.5 (2.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (17.9 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.

Төгрөгийн хадгаламжийн 11.3 (89.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 59 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 452.5 (10.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.