Categories
мэдээ цаг-үе

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд санал авч байна DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд  оролцуулна

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна.

Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна.

Нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэн та энэхүү холбоосоор орж, https://vote.ulaanbaatar.mn/home саналаа өгнө үү?

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан: Ч.Мөнхбаяр “Надад ямар ч ял өгсөн миний үзэл санааг мохоохгүй” гэж байгаа DNN.mn


Үндэсний үзэлтэн Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 буюу эх орноосоо урвасан зүйл ангиар буруутгаж, анхан шатны шүүхээс найман жилийн ял оноогоод байгаа юм. Тэгвэл яллагдагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлээр давж заалдах шатны шүүх хурал товлогджээ. Энэ талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.


-Ч.Мөнхбаярын ар гэрийнхэн нь түүнийг хууль бусаар цагдан хоригдоод 200 хоног болж байгаа талаар мэдэгдсэн байсан. Хэргийн явц ямар шатанд яваа талаар тодруулахгүй юу?

-Ч.Мөнхбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 13-нд товлогдоод байна.

Ч.Мөнхбаярт холбогдуулсан асуудал маш ноцтой. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангид Хятад улсын эсрэг тагнуул хийвэл ингэж яллана гэсэн нэг ч заалт байхгүй. Миний үйлчлүүлэгч хуульгүйгээр яллагдаад байна. Хоёрдугаарт, түүнийг гадаадын тагнуулын гар хөл гээд байгаа. Гэтэл гадаадын ямар тагнуул вэ гэдгийг тогтоогоогүй. Ийм нөхцөлд ямар ч ял өгөх боломжгүй. Гуравдугаарт, Монголын тагнуулын байгууллага, прокурор, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид бүгд бүлэглэж байгаад хуульгүйгээр, улс төрийн захиалгаар, даалгавартайгаар миний үйлчлүүлэгчид ял оноочихлоо.

Тэдний энэ үйлдэл тусгаар тогтносон Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Монгол бол 1.5 сая м.кв талбайтай, бие даасан тусгаар улс мөртлөө БНХАУ-ын муж улс шиг ял оноосон болж харагдаж байна.

Тиймээс эдгээр үндэслэлээр давж заалдсан. Хуралдаа бэлдэж байна даа.

-Ч.Мөнхбаяртай уулзаж байгаа байх. Юу ярьж байх юм бэ?

-Тэр хүн улсынхаа эсрэг тагнасан, чагнасан үйлдэл хийгээгүй. Тиймээс Монголынхоо төрд гомдож байгаа байх. Гэхдээ бууж өгөхгүй, үзэл бодолдоо үнэнч хэвээр байна. Хэчнээн ял өгсөн ч миний үзэл санааг мохоохгүй гэдэг байр суурьтай байгаа.

Ер нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруугийн зарчим гэж бий. Үүнд, хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг заалттай. Энэ заалтыг ноцтой зөрчиж байна. Энэ бол том хэлмэгдүүлэлт, төрийн эрх барьж байгаа байгууллагын даалгавар.

-Гэхдээ тагнуул нь мөрдөөд, прокурор нь хянаж яллах дүгнэлт үйлдээд, шүүхээс баталчихлаа. Ингэхээр Ч.Мөнхбаярт ямар нэгэн буруутгах шалтгаан, ноцтой зүйл байсан хэрэг биш үү гэх эргэлзээ зарим хүмүүст байсаар байна. Та энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Ойлгож байна. Гэхдээ нэг зүйл бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд таслан сэргийлэх таван төрлийн арга хэмжээ байдаг. Үүнээс хамгийн хүнд нь цагдан хорих. Бусад нь батлан даалтад гаргах, хязгаарлалт тавих гэх мэт байгаа. Гэтэл эдгээрээс хамгийн хүндээр нь таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг оргохыг завдсан, бусдын амь насанд аюул заналхийлэл учруулж болзошгүй, гэмт хэргээ нуун далдалж болзошгүй хүмүүст л авдаг.

Ч.Мөнхбаяр шиг орон гэрийнх нь хаяг нь тодорхой, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хүний эрхийг хамгаалагч гэдгийг нийгмээрээ мэддэг, нийтийн танил болчихсон, догшин ааш авиргүй ийм л хүн. Түүнийг цагдан хорихгүйгээр хэргийг хянаж шийдвэрлэж болох байсан. Санаатайгаар залхаан цээрлүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Ч.Мөнхбаяр дотоодод олон жагсаал цуглаанд оролцдог, заримдаа зохион байгуулдаг байсан хүн. Хилийн чанадад Байгал нуурыг хамгаалах тэмцэлд оролцож байсан гэв үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний үйлчлүүлэгч бол нийгмийн идэвхтэй хүн. Нийтийн эрх ашгийг хамгаалж явдаг. Монголоор тогтохгүй монгол туургатынхаа асуудлыг хөндөж ирсэн. Өмнөд монгол, хазара, тува гээд үсэрсэн цус, тасарсан мах хаана зовж байна, тэнд очиж дуу хоолойг нь өргөж ирсэн амьдралын түүхтэй. Түүнийг ямар ч үндэслэлээр буруутгасан, харлуулсан бай юу үнэн энэ үнэн. Монгол Улсын хуульд БНХАУ-ын эсрэг, эсвэл ОХУ-ын эсрэг гэмт хэрэг үйлдвэл ингэж яллана гэсэн хуулийн заалт байхгүй гэдгийг дахин сануулах хэрэгтэй. Өнөөдрийн нөхцөл байдал бол улс төрийн зорилготой гэдгийг л шууд хэлж чадна. Төрийн эрх барьж байгаа хүмүүсийг шүүмжилж, нийгмийн муу муухайг илчилсэн, эх орондоо өөрийн гэсэн дуу хоолойтой бүгдэд нь төр төмөр нүүрээ харуулж байгаагийн жишээ

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны байдлаар 94.7 мянган ААН-ийн үйл ажиллагаа зогсжээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны тооллогын дүнг гарлаа. Өнгөрсөн оны тооллогоор ААНБ-ын тоо 180 мянгад хүрчээ. Энэ нь 2016 оны дүнгээс 61.3 мянга буюу 51.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс,

– Аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж өмнөх оны тооллогоос 50.1 мянгаар,

– Төсвийн байгууллагын тоо 4.6 мянгад хүрч, 0.2 мянгаар,

– Төрийн бус байгууллагын тоо 23.9 мянга болж, 11.0 мянгаар тус тус нэмэгджээ.

Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга буюу 62.5 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой шалтгааны улмаас явуулаагүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Цэцгээ: Боловсролын сайд нь ингэж багш нараа худалч, хуурамч мэтээр цоллох нь зөв үү, буруу юу DNN.mn

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн үр дүнг танилцуулсан юм


Дээрх сэдвээр ахмад багш М.Цэцгээтэй ярилцлаа.


-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэл хийж 700 гаруй багшийн хуурамч дипломын асуудлыг сөхлөө. Ахмад багш хүний хувьд та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Боловсролын сайдын багш нарын хуурамч дипломын асуудлыг сөхөж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ боловсролын асуудал гэдэг бол маш эмзэг. Хүн бүхэнтэй шууд холбоотой асуудал байдаг. Нийгэмд одоо ямар ойлголт төрж байна вэ гэхээр Монголын боловсролын салбар тэр чигээрээ уналтад орчихсон юм шиг, багш нар нь дандаа хуурамч, хулгайч болчихсон шиг ойлголт төрөөд байна. Энэ бол маш аюултай. Цаашдаа боловсролын салбар унахын цондон байхыг ч үгүйсгэх аргагүй.

-Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол багшийг мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэж байсан, энэ талаар таны бодлыг сонсвол?

-Тэр нь зүйтэй л дээ. Гэхдээ ер нь багшийн боловсон хүчний асуудал амаргүй болсон. Эдгээр багш нар нэгэнт л хичээл номоо заагаад Их, дээд сургуулиудад багшлаад ирсэн юм чинь богино зайн сургалтад хамруулаад, сертификат гардуулаад багшлах эрхийг нь хэвээр үлдээх хэрэгтэй. МУИС, МУБИС гээд Монголын гол хоёр сургуулийн багш нар хүртэл хуурамч дипломтой гээд яригдаж байна. Эдгээр багш нарыг нийгэмд гадуурхагдаж үлдээх биш, харин ч сургалтад дахиж сургаад, мэдлэг чадвар, боловсролыг нь дээшлүүлээд үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв. Ийм л зүйлийг хийгээсэй гэж бодож байна.

Хамгийн гол нь багш нарын асуудал их эмзэг. Ингэж багш нарыг хуурамч, худалч гэж нийгэмд зарлаж болохгүй. Мэдээж ажлын шаардлага хангаагүй нэгийг нь сургалтад хамруулаад чадварыг нь сайжруулах нь зөв. Ингэхийн оронд үндсэндээ багшийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ улам дэвжээгээд, мэргэжлийн хувьд нь улам чадавхжуулаад, улам өргөөд, нэр хүндийг нь баталгаатай болгох байтал Боловсролын сайд нь ингэж хуурамч, худалч мэтээр нийгэмд ойлгуулж, цоллож байгаа нь зөв үү, буруу юу. Би хувьдаа үүнийг зөв зүйтэй үйлдэл яавч биш гэж ахмад багшийн хувьд бодож байна. Ялангуяа хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсрол болоод бага ангийн багш их эрэлттэй байдаг. Бага ангийн багш хөдөө суманд очиж ажиллах их асуудалтай болсон гэж сүүлд дуулдаад байгаа. Ингээд бага ангийн багш нараа есөн шидээр нь цоллоод эхлэхээр багш нарын сэтгэл зүйд айхавтар хортой нөлөөлнө. Одоо ингээд нийгэмд хуурамч дипломтой багш нар, хуурамч сургууль гэх хандлага бий болно. Боловсролын системээр ингэж улс төр хийж болохгүй л юм байгаа юм даа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3213-3250 төгрөг байна DNN.mn

Монголбанкны өчигдрийн /2022.09.06/ хаалтын ханшаар ам.доллар 3,213 төгрөг байна. Харин евро 3,206 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 52,75 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,250 төгрөг, евро 3,2705 төгрөг, ОХУ-ын рубль 51.00 төгрөг тус тус байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 09 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нийт нутгаар их төлөв цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар өдөртөө 24-29 хэм байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 24-26 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр нь буруу явбал улс үндэстнээр нь шийтгэдэг болжээ DNN.mn

Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Оросын жуулчдыг Европ руу зорчихыг хориглох тухай Украины уриалгыг хэлэлцэнэ, ОХУ-тай хиллэдэг Финланд, Эстони, Латви, Литва, Польш улс олон нийтийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд түр хугацаагаар хориг, хязгаарлалт хийнэ гэж мэдэгдлээ… Ийм утгатай мэдээллүүдийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Бүр тодруулж хэлбэл, Финланд улс Оросын жуулчны визний мэдүүлгийн тоогоо бууруулахаар болчихсон. Өдөрт мянган виз хүлээж авдаг байснаа 10 хувиар бууруулахаа ил тод мэдэгдээд буй. Оросын жуулчид Европын бусад оронд зорчихын тулд Финландын хилээр дамжиж яваа гээд харахаар тус улсын энэ шийдвэр орос иргэдэд хүнд тусах нь тодорхой.

ОХУ-ын зүгээс Украинд нэрэн дээрээ “тусгай ажиллагаа”, нидэр дээрээ дайн өдөөсөн өдрөөс хойд хөршийн иргэд АНУ, Их Британи, Япон гээд дэлхийн хөгжингүй улсуудын хоригт шууд ба шууд бус утгаараа өртөж эхэлсэн. Путиныг Украин руу дайрах шийдвэр гаргангуут баруунд зорчиж аялж явсан орос иргэд онгоцгүйдэж, картаараа төлбөр тооцоо хийж чадахгүйдээ хүрч байв. Дайныг эсэргүүцсэн дэлхийн улс гүрнүүд эхэндээ ОХУ-ын экспортын бараанд, тус улсын удирдагчдад, том бизнес эрхлэгчдэд хориг тавьж байсан бол сүүлдээ иргэд рүү нь чиглэсэн хоригуудыг авч эхэлсний тод жишээ нь нийтлэлийн эхэнд дурдсан визний хориг юм.
Түүх сөхөөд харахад, өмнө нь энэ мэт түрэмгийлэлд дэлхийн улсууд хариу барьдаг л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг улс үндэстнээр нь хааж боосон том хориг тавьж явсан түүх үгүй. Үсрээд л экспортын хэдэн барааг нь авахгүй гэх мэтээр эдийн засгийн хориг тавьдаг байв. Бүр цаашиллаа гэхэд сая дурдсанчлан эрх баригчид юм уу, том компаниудыг нь онилж хориг тавьсаар ирсэн. Харин одоо бол дайн өдөөсөн улсын иргэд тэр чигтээ хохирол амсдаг боллоо. Наад захын тод жишээ гэвэл улсынх нь удирдагч дайн өдөөснөөс болж жирийн орос иргэд улс орнуудад аялах, зорчих эрхээ хязгаарлуулаад эхэлчихлээ.
Хөгжингүй оронд очиж эмчлүүлье гэхэд л дайн өдөөсөн улсын иргэн гэсэн “хар тамга” даруулчихаад яаж ч чадахгүй сууцгааж буй нь өнөөгийн Оросын бодитой гашуун үнэн. Дайн эхлүүлсэн учраас гэсэн тайлбартайгаар ОХУ-аас гарсан дэлхийн брэндүүдийг тоочвол овоо урт жагсаалт хөвөрнө. Олон улсын том компаниуд Оросыг орхиход хамгийн түрүүнд хохирсон хүмүүс нь мөн л жирийн иргэд байсан. Дажгүй компанид овоо цалинтай ажиллаж явсан олон зуун мянган орос иргэд өнөөдөр ажил, орлогогүй хэцүүдэж суугаа. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэх эрхгүй аж төрнө гэдэг ч хэрэглээ даяарчлагдсан өдий цагт хүсэх зүйл биш.
Дахиад онцлоход, дайн өдөөсөн ямар ч улс өрнийн цөөхөн орны хязгаарлагдмал хоригт биш дэлхийн улс гүрнүүдийн том хоригт орж үндэстнээрээ хэцүүддэг цаг үе яалт ч үгүй ирчихэж.
Путин гэдэг хүнээс болж жирийн орос иргэд хэцүүдлээ гэсэн шүүмжлэл нэг талдаа үнэн ч нөгөө талаас нь харвал туйлын бодитой дүгнэлт биш. Путиныг сонгосон хүмүүс нь Оросын иргэд. ОХУ-ын олонх иргэн сонгосон учраас тэр Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийн мэдлийнхээ хүрээнд дайн зарласан. Ингээд харахаар жирийн орос иргэд сонголтынхоо золиосыг биеэрээ амсаж яваа гэсэн дүгнэлт л гарч ирж байна. Хатуу ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн бодитой дүгнэлт гэвэл энэ.
Жирийн орос иргэдийн туулж яваа энэ зовлон бидэнд ч хамаатай. Шуудхан хэлэхэд “Манай улс дайн өдүүлээгүй учраас оросуудын үүрч яваа зовлон маньд ирэхгүй” гэж бодох нь хэтэрхий гэнэн хэрэг. Энгийн жишээ хэлье. Рейтинг өндөр улстөрчдийнхөө байр байдлыг харахад манай баатрууд “тэгж хязгаарлана, ингэж хориглоно”, “уул уурхайд мөнгө оруулж эдийн засгийг авч яваа компанийн эздийн хөрөнгийг хураана”, “хувийн сургуулиудыг татан буулгана”, “чөлөөт эдийн засаг гэсэн ойлголт байхгүй төрийн зохицуулалттай эдийн засаг л гэж бий” гэх мэт коммунизм үнэртсэн мэдэгдэл хийж алга ташуулж яваа анзаарагддаг. Алга ташигчид нь тэднийг сонгосон олонх иргэд. Ийм улстөрчдийг хэдэн парламент дамжиж сонгосны хамаг хэцүүг үүрч яваа нь мөн л өнөөх олонх иргэд. Сонгосон улстөрчдийнхөө тарьсан балгийг өндөр инфляц, төгрөгийн үнэгүйдлээр төлсөн шигээ ард олноороо гундуухан амьдарч яваа нь өнөөдрийн хачиргүй үнэн.
Посткоммунист хандлагатай
улстөрчдөө сонгосон хэвээр аж төрвөл дэлхийн улс гүрнүүдийн элдэв дэмжлэгээс хаягдаж, мөнхийн хоёр хөршийнхөө арга, эвийг харсан хэцүүхэн улс болох тавилан ойрхон харагдаад байна гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Төр нь авторитар, иргэд нь хязгаарлагдмал эрхтэй амьдрах хэцүү сонголттой нүүр тулах эрсдэл хаалга тогшиж байна. Сүүлийн жишээ гэхэд хойд хөрштэй хамтарч хийж буй цэргийн сургуулилт. Восток 2022-т оролцсон нь сүүлийн гучин жилийн манай гадаад бодлогын хамгийн том алдаа гэж харах хүн олон байгаа. Япон улсаас манай улсад суух Элчин сайдаар ажиллаж явсан эрхэм хүртэл “Монголын хандлага жаахан өөрчлөгдсөн, гурав дахь хөршийн бодлого нь суларсан гэж судлаачид үздэг. Би ч бас тэгж харж байна” гэсэн утгатай үг унагасан нь жирийн нэг байр суурь биш. Дэлхийгээрээ дайн өдөөгч улсад, тухайн улсын жирийн иргэдэд хүртэл хатуу хориг тавиад эхэлсэн ийм цагт улсынх нь удирдлага ийм хөнгөн гоомой шийдвэр шийдэл гаргаад суувал хатуу хэцүүг нь хэн үүрэх вэ? Өмнө хэлсэнчлэн жирийн монголчууд л хүнд бэрхийг нь үүрнэ. Харамсалтай нь тийм хэцүү цаг ирвэл жинхэнэ буруутан нь харалган эрх баригчид биш. Тэднийг сонгосон жирийн иргэд л жинхэнэ буруутан нь. Булзах аргагүй хатуу үнэн гэвэл энэ л байна даа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автомашингүй өдөр-2022”-ыг энэ сарын 25-нд болно DNN.mn

Дэлхийн Автомашингүй өдөр нь жил бүрийн 09 дүгээр сарын 22-ны өдөр тохиодог бөгөөд дэлхийн хотуудын нэгэн адил Улаанбаатар хот 2009 оноос хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг зохион байгуулж тэмдэглэж ирсэн.

Энэ жил уг арга хэмжээг Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтаж, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө олон нийтийн цахим хуудсаараа мэдээллээ.

Тус арга хэмжээний үеэр НЗТГ-аас Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ, иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газарзүйн мэдээллийн систем-ArcGIS программыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ DNN.mn

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн сангийн санхүүжилтээр ОБЕГ-т хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн зураглал боловсруулах, эрсдэлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор газарзүйн мэдээллийн систем-ArcGIS программыг нэвтрүүллээ.

Тус программыг нэвтрүүлснээр төслийн хүрээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг олон нийтэд түгээх, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээний зураглалыг тухай бүр шинэчлэх улмаар эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, төлөвлөлт хийхэд чухал ач холбогдолтой юм.

“Монмэп” ХХК-аас тус программыг хүлээлгэн өгсөн бөгөөд Онцгой байдлын байгууллагын холбогдох алба хаагчдад дээрх программыг ашиглах, хөгжүүлэх талаар сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төсөл нь улсын болон орон нутаг, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг сайжруулах, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлтийг боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын механизмыг боловсронгуй болгох, институцийн чадавхыг бэхжүүлэх гэсэн дөрвөн үндсэн зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөх Толботон” хамтлагийн хүүхдүүд алтан медаль хүртжээ DNN.mn

Нийслэлийн 69 дүгээр сургуулийн МУСТА Ч.Бямбадорж багштай “Хөх Толботон” хамтлагийн хүүхдүүд БНСУ-д болсон Seoul dance international 2022 олон улсын тэмцээнд 17 орны хүүхдүүдийг ардаа орхин түрүүлж алтан медаль хүртжээ.

Тус хамтлагийн хүүхдүүд өмнө нь Монголд Улсад болсон тус тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцож, хүрэл медаль, Орос-Монголын хамтарсан “Алтан гадас” бүжгийн олон улсын наадмаас тусгай байрын шагнал авсан зэрэг олон амжилт гаргаж байв.

“Хөх толботон” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд өнөөдөр (2022.09.07) 13.00 цагийн үед эх орондоо ирэх юм байна.