Categories
мэдээ цаг-үе

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өнөөдөр нээнэ DNN.mn

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг долдугаар  сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна“

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 313 километр төмөр замыг барьж байгуулснаар өнөөдөр нээхэд бэлэн болоод байна.

Уг төмөр зам нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн буюу хүнд даацын төмөр зам гэдгээрээ онцлогтой. Мөн уулзваргүй, 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай байна.

Хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий уг төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэн, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой байгаа аж.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцоно.

Энэ оны төсвийн тодотголоор 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүнээс наймдугаар сарын 22-ны байдлаар 13.2 сая тонныг экспортолж, гүйцэтгэл 73.4 хувьтай байгааг салбарын яамнаас нь танилцуулж байв.

Categories
мэдээ улс-төр

Уих-ын гишүүн Дамдинсүрэнгийн Өнөрболор: Эрчим хүчний хомсдолд бид бэлэн үү DNN.mn

Англичууд сүүлийн 6 жилийн дотор 4 дэх Ерөнхий сайд болох Liz Truss –аа угтаж аваад удаагүй байна. Төмөр хатагтай хэмээгдэх Трасс эрчим хүчний хомсдолтой нүүр тулсан, 1 жилийн дотор эрчим хүчний үнэ 80% өссөн, үүнийг дагаад иргэдийн амьжиргааны зардал “хаданд гарсан” хүнд, эгзэгтэй цаг үед Ерөнхий сайд боллоо.

Английн Засгийн газар өнгөрсөн 4 дүгээр сард “Эрчим хүчний аюулгүй байдлын стратеги” бодлогын баримт бичгээ баталсан юм. Орос-Украйны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт, хэрэглээний хомсдлоос сэргийлж авах арга хэмжээгээ тодорхой болгосон гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээгээ танах, нефть, байгалийн хийн судалгааг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх,цөмийн эрчим хүч, устөрөгчийн энергийг ашиглах талаарх стратегийг нарийн төлөвлөлттэйгээр баталсан байна.Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өнөөгийн 40 хувиа улам нэмэгдүүлэхийг зорьж байна.

Ялангуяа салхины хүчээр 11 сая квт цахилгаан үйлдвэрлэдэг бол 2030 он гэхэд 50 сая квт болгож нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Салхины эрчим хүч ашиглалтаар нефтний эх орон Саудын Араб шиг болно, нарны эрчим хүчээр 14 сая квт цахилгаан гаргаж авч байгаагаа 2035 онд 5 дахин нэмэгдүүлнэ гэж зарлалаа.

Атомын цахилгаан станц нийтдээ 6 сая 500 мянган квт эрчим хүч нийлүүлж байгаа ба цахилгаан станцтай харьцуулахад 15% эзлэж байна. Үүнийгээ нэмэгдүүлж 2050 он гэхэд шинээр АЦС 8 реактор байгуулж 24 сая квт цахилгаан үйлдвэрлэнэ, 25%болгоно гэжээ.

Ер нь Английн АЦС хуучрах өвгөрөх хандлагатай болж, одоо ашиглагдаж байгаа 8 реакторыг 2028 онд үйл ажиллагааг нь зогсоох ба бага оврын өндөр технологийн SMR байгуулахыг төлөвлөж байна.

Франц Улс мөн өнгөрсөн 2 дугаар сард эрчим хүчний стратеги бодлогын баримт бичгээ зарласан ба эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг ард иргэддээ хүчтэй уриалсан байна. Сэргээгдэх эрчим хүчийг “цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх цорын ганц уурхай” гэж онцолсон байна. 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хэд дахин нэмэгдүүлнэ гэжээ. Жишээ нь 2050 он гэхэд нарны энергиэс цахилгаан үйлдвэрлэх хүчээ одоогийнхоос 10 дахин нэмэгдүүлж, 100 сая квт хүргэхийг зорьж байна. Салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах 50 газар шинээр нэмж байгуулж 40 сая квт-аар нэмэгдүүлнэ гэж стратегидээ тусгасан байна.

Мөн 2050 он гэхэд АЦС буюу шинэ технологийн EFR2-ийг 6-14 реактор байгуулж 2035 онд эхнийхийгээ ашиглалтад оруулах юм байна.

Англи,Франц улс ийнхүү сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч ашиглахаа нэмэгдүүлэх тактик барьж байна. Шинээр АЦС нэмж барихгүй гэсэн стратеги өөрчлөгдөж, царцаасан хөрөнгөө амилуулж, ард иргэдээсээ дэмжлэг авахын тулд 2022 оны сүүлийн хагаст ихээхэн өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх бололтой.

Германчуудын хувьд эрчим хүчний хомсдол толгойн өвчин болж, энэ өвлийг хатуухан давна гэдэг бодит үнэнтэйгээ эвлэрээд байгаа.

Эрчим хүчний тогтворгүй байдалтай нүүр тулсан Германд 2022 оны эцэс гэхэд АЦС-гүй улс болно гэж төлөвлөөд байсан хугацаагаа хойшлуулах эсэх дээр ид маргалдаж байна. Гэхдээ байгаль орчноо гэх үү, эрчим хүчний хэрэглээгээ гэх үү гэдэг асуудалтай тулаад байна.

АЦС-гүй болох юм бол Герман Улс олон улсад өрсөлдөх чадвар, чинээлэг гүрэн байхаа алдах эрсдэлтэй тулна гэж Штутгардын Их сургуулийн 20 гаруй профессорууд мэдэгдэл гаргасан байна.

АЦС хэрэггүй гэсэн ойлголт бөх бат суусан Германд академизм дундаас энэ үзэл санаагаа засч залруулах дуу хоолой гарсан нь сонирхолтой байна. Энэ өвлийг өнтэй давахын тулд АЦС-аа ирэх зун хүртэл зогсоохоо хойшлуулъя, дахиад 1-2 жил азная гэсэн санал олонтоо гарчээ. Эрчим хүчний үнэ өндөр болсноор эдийн засгийн өсөлт удааширч зогсонги байдал үүснэ. Гэхдээ оросуудтай яаж ийгээд хэл амаа ололцвол байгалийн хийг урьдын адил авч ашиглаад байж болох гарц байгаа юм. Ямар ч байсан хөлдөөд үхчихгүй байх гэсэн тайвшрал бас байна. ЕХ-ны орнууд эрчим хүчээр Оросын хараанаас гарахад түмэн зовлон бэрхшээл байгаа юм. Орос-Украин дайтаад хагас жил боллоо.Оросын чулуун нүүрс, нефтийг хорьсон Европын холбоо одоо байгалийн хийн импортыг хориглох уу яах вэ ацан шалаанд ороод байна. Гэвч Европын холбоо хориглохоос өмнө Оросууд өөрсдөө байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоох, крантаа хаах аюул бий.ЕХ гишүүн орнууддаа хийн хэрэглээгээ 15% танахыг зөвлөжээ.

Ийм аюулын мэдрэмж авсан европ шинэ зам бий болгохын төлөө хуруу хумсаа хуйхлах шахаж байна. Африкийн байгалийн хийг Испаниар дамжуулан зүүн Европ, Германд хүргэхийг тооцож байгаа юм. Европын холбооны комиссын дарга Ursula von der Leyen өнгөрсөн 5-р сард Иберийн хойг төв европыг холбосон хийн хоолойн төлөвлөгөөний талаар ярьсан байдаг. Уг нь нэлээн эртнээс буюу ковид, дайнаас өмнө 2016 онд Европын холбооны баримт бичигт “Оросоос хийн нийлүүлэлт тасалдах нь ЕХ-нд ихээхэн эрсдэл дагуулна” гэж онцолж, Иберийн хойгт хийн хоолой барьж байгуулах нь стратегийн ач холбогдолтой болохыг илэрхийлж байсан байна. (Gas interconnections between the Iberian Peninsula and the rest of Europe)

Эрчим хүчнийхээ нэг хэсгийг ч болтугай яаж ийгээд ЕХ дотоодоосоо хангах талаар хөдөлж ч буй. Энэ бол Голланд Герман умард тэнгисээр шинээр хийн хайгуул хийх төлөвлөгөө юм. Гэвч ногоон дайчдын асар том эсэргүүцэлтэй тулгарч байна.

Орос-Украины дайн ганц эрчим хүч төдийгүй европын гадаад бодлого, аюулгүй байдлыг орвонгоор нь эргүүлээд байна.

Олон Улсын эрчим хүчний байгууллага (IEA) өнгөрсөн 6 дугаар сард 2050 он хүртэл хүлэмжийн хийг тэглэхийн тулд дэлхийн АЦС-д оруулах хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлэх хэрэгцээ гарч байна гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын эрчим хүчний бодлогын талаар товч дурьдая.

Дайн байлдаан, хямралын үеийн эдийн засгийн шинэ нөхцөлд Орос улс эрчим хүчний шинэ зах зээл, гарцын талаар бодохоос гадна дотооддоо нефть-хими болон байгалийн хийн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийг чухалчилж, эрчим хүчний талаарх бодлого, хөтөлбөртөө шинэ нөхцөлд байдалтай уялдуулан нэмэлт, өөрчлөлт хийн эрчимжүүлж эхэлжээ. Уржигдар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт” дээр “Орос Улс бол байгалийн баялгаараа өөрийгөө бүрэн хангах боломжтой цорын ганц орон гэж хэлж болох бөгөөд үүнд Алс Дорнодын бүс нутаг чухал үүрэг гүйцэтгэдэг. Газрын тос, байгалийн хий, нүүрс, металл, мод, усны био нөөцөөрөө тус бүс нутаг нь дотоодын зах зээлдээ төдийгүй манай гадаад түншүүдийн хамгийн чухал ханган нийлүүлэгч нь юм” гэв. Мөн модераторын асуултанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хариулахдаа “Би дахин хэлье, дэлхийн зах зээл дээр эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ маш их байгаа тул бидэнд борлуулалт тал дээр ямар нэгэн асуудалгүй. Үнэн хэрэгтээ, Хятадын эдийн засаг Америкийнхаас том энэ бол өнөөгийн дэлхийн хамгийн том эдийн засаг, хэрэгцээ нэмэгдэж байна, бидний хэлэлцэж тохирсон зүйлс тогтвортой, харилцаа маань урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна, “Сибирийн хүч” хийн хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бид бас өөр өөр чиглэлүүдийг судалж байгаа бөгөөд дашрамд хэлэхэд, нэг чиглэл нь Приморийн хязгаараар, Монголоор дамжин өнгөрч магадгүй юм.Монгол Улс бол бидэнд ээлтэй, улс төрийн хувьд тогтвортой, энд ямар ч асуудал гарахгүй гэж бид харж байна” гэж онцоллоо.

Манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр тулгамдсан асуудлаа маш сайн илэрхийлж чадлаа. Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ыг ОХУ-тай, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр БНХАУ-тай хамтарч ажиллах талаар тов тодорхой хэллээ. Хуурайшилт, ган гачиг ихтэй манай оронд ядаж усан сангийн нөөц бүрдэнэ, олон талын ач холбогдолтой юм. Мөн III ДЦС-ийн өргөтгөл дээр оросууд туслахаа амлав. Нөгөө талаар чуулга уулзалтын хүрээнд “Газпром” болон БНХАУ-ын CNPC компанийн ТУЗ-ийн дарга нар цахимаар ажлын уулзалт хийж, 2023 онд Хятадад нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Газпромын гэрээний үүргийн биелэлт хэрхэн хангагдаж буй тухай ярилцсан нь анхаарал татлаа.

Үүнээс өмнө өнгөрсөн 4 дүгээр сард “ОХУ-ын байгалийн хийн салбарын хуралдаан “ ч болсон.Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко“бид байгалийн хийг цэврээр, ямар ч боловсруулалтгүй гадагш борлуудаг. Орост хий боловсруулах үйлдвэрүүд бий болсон ч энэ нь хангалтгүй гэж онцлоод “одоо Европ Оросын хийнээс татгалзаж, Оросын хараат байдлаас ангижрах болно гэж сүрдүүлж байна. Уг нь бид нэг ч гэрээг зөрчиж байгаагүй, хариуцлагатай хангагч байсаар ирсэн…бид байгалийн хийг хаана борлуулах вэ гэдгээ бодохоос гадна эх орондоо хийг илүү эрчимтэй ашиглаж, хий боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэжээ.

Уг хуралдаан дээр Оросын эрчим хүчний сайд Александр Новак 2007 оноос хэрэгжүүлж буй “Алс Дорнод болон Зүүн Сибирь бүс нутагт нэгдсэн хийн олборлолтын системийг нэвтрүүлэх, байгалийн хийн тээвэрлэлт болон хангамжийн бүтцийг бий болгож, улмаар БНХАУ болон Ази-Номхон далайн бүс нутгийн бусад орнууд руу байгалийн хийг экспортлох боломжийг эрэлхийлэх улсын хөтөлбөр” буюу “Дорно зүгийн хийн хөтөлбөр”амжилттай хэрэгжиж байгааг дурдаад, “бидний хувьд эртнээс зүүн чиглэл буюу Ази, Номхон далайн бүс нутаг нь худалдаа, эдийн засгийн харилцаанд ч, эрчим хүчний яриа хэлэлцээнд ч тэр маш чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн” гэж онцолсон байна.

Газпром-ын тэргүүн А.Миллер “бид үүнийг өчигдөр л боловсруулж хэрэгжүүлж эхлүүлсэн юм биш. Ойрын ирээдүйд улам бүр хурдасгана гэдгээ хэлмээр байна” гэжээ.”Газпром” 2005-2021 онд Оросын 69 бүс нутагт 39 мянган км хийн хоолой барьж, үүнд 489 тэрбум рубль зарцуулсан бол 2021-2025 онуудад нийт санхүүжилтийн хэмжээ 526.1 тэрбум рубль байх бөгөөд хөрөнгө оруулалтын гуравны хоёроос илүү нь хөдөө орон нутаг, алс бөглүү хязгаарт зориулагджээ.

Өнгөрсөн 7 дугаар сарын байдлаар Европын Холбооны хориг арга хэмжээний улмаас буурч байсан Оросын нүүрсний экспортыг Хятад, Энэтхэг рүү чиглүүлж чадсан, иймээс экспорт өмнөх сартай харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгааг шинжээчийн дүгнэлтэд дурджээ.

Ийнхүү улс орнууд ирэх өвлийг угтан “хөлдөх үү эс хөлдөх үү” хэмээх айдас доор өөр өөрсдийн гарц шийдлээ хайж буй энэ үед эрчим хүчээр цатгалан ОХУ “Оросын эрчим хүчний долоо хоног” уламжлалт арга хэмжээгээ 10 дугаар сард Москва хотноо зохион байгуулахаар зарласан байна.Манайх оролцох биз ээ.

Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээр бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортлоно гэсэн алсын хараатай улс билээ. Шинэ сэргэлтийн бодлогоор эрчим хүчээ 2.5 дахин нэмэгдүүлэх өөдрөг бодолтой байгаа. Мөн нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэл хангах бодлого баримтална гэж зарласан байдаг. Гэвч бодит байдал өөр байгаа. Дээр дурдсан улс орнууд эрчим хүчний хувьд онцгой нөхцөл байдлын буюу эрсдэлийн үеийн бодлого, менежмэнтээ тодорхой болгож, авах арга хэмжээ, хэрэгжүүлэх замаа аль хэдийнэ сонгоод ажиллаж байна.

Манай улсын хувьд энэ өвөл гал алдахгүй байх, хөлдөөчихгүй “аргална даа” гэх төдий бус илүү найдвартай, тогтвортой эх үүсвэрийн талаар нухацтай бодох цаг болсон. Өөрийн гэсэн сэргээгдэх эрчим хүчтэй, өөрийн гэсэн цахилгааны тогтвортой эх үүсвэр л чухал. Иймээс тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур хүчин зүйлийн нэг болох эрчим хүчний аюулгүй байдалд бид илүү анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаар эрчим хүчний салбарын дунд болон урт хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй байна, эрсдэлийн үеийн бодлогоо ил тодорхой болгохыг цаг үе шаардаж байна. Сэргээгдэх эрчим хүч ашиглах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжих, төрийн дарамт шахалтыг багасгах чиглэлээр бодит алхам хэрэгтэй байна. Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа ядаж зардлаа нөхдөг байх, салбарын өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах цаг болсон. Ойрын жилүүдэд эрчим хүчний хомсдол үүсэх, одоогийн байдлаас дордох хэмжээнд очих нь манайд байтугай дэлхийн олон улс оронд тодорхой болж байна, харин бид бэлэн үү.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Их Британийн хатан хаан II Элизабет таалал төгслөө DNN.mn

Хатан хаан II Элизабет Австралийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХ гэх мэт  хачирхалтай эрх мэдлүүдтэй - Eguur.MN

Их Британи улсын төрийн тэргүүн, хатан хаан Элизабет 96 насандаа таалал төгссөнийг Букингэмийн ордноос Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө мэдээлжээ.

“Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморал шилтгээнд тайван байдалтайгаар хорвоог орхилоо. Хаан, хатан хоёр өнөө орой Балморалд үлдээд маргааш Лондон руу буцна” гэж Букингэмийн ордон албан ёсоор мэдээлсэн байна.

May be an image of 1 person and text that says 'Her M Majesty The Queen Elizabeth 1926- 2022'

Элизабет нь 70 жил төр барьсан, Их Британийн түүхэнд хамгийн удаан ширээнд суусан хаан юм.

Тэрбээр 1952 онд эцэг хааныг нас барсны дараа ширээг нь залгамжилж байжээ. Сүүлийн саруудад хатан хааны бие чилээрхэж, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь ховордоод байв.

Одоо түүний хүү Чарльз хаан ширээг залгамжилж, Гуравдугаар Чарльз Хаан болно. Ач хүү хунтайж Уилльям нь угсаа залгамжлах дараагийн хүн болж байна.

Одоо 73 настай Чарльз нь Британийн түүхэнд хамгийн өндөр насандаа хаан ширээнд суусан хүн болох юм.

Хоёр хоногийн өмнө хатан хаан Элизабет улсынхаа шинэ ерөнхий сайд Лиз Трассыг хүлээн авч, засгийн газраа байгуулах зөвшөөрөл өгч байв. Хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хатан хаан Лондонд очиж чадаагүй тул Шотланд дахь Балморал шилтгээндээ шинэ ерөнхий сайдыг хүлээж авсан юм.

Элизабет хатан хааны засаглалын үед нийт 15 ерөнхий сайд томилогдож байсны анхных нь Уинстон Черчилл байжээ.

“Эрхэмсэг дээдэс, хатан хаан таалал төгссөн нь манай үндэстнийг төдийгүй дэлхий дахины хүн ардыг цочроолоо. Хатан хаан Хоёрдугаар Элизабет бол орчин үеийн Британийг босгосон тулгын чулуу байв. Түүний засаглалын үед манай улс хөгжиж, цэцэглэсэн. Түүний ачаар өнөөдрийн Британи аугаа хүчирхэг байгаа юм” гэж ерөнхий сайд Лиз Трасс мэдэгджээ.

17 сарын өмнө хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа өөд болсон юм.

Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд хатан хааны араас эмгэнэл илэрхийлсээр байна.

Элизабет нь Их Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан байлаа. Төр барьсан хугацаагаар тэр өөрийн элэнц эмээ Викториа хатан хааны урд бичигддэг. Дэлхийн түүхэнд энэ үзүүлэлтээр түүний урд орох ганц хүн нь Францын XIV Луй хаан юм.

Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Лондон хотод Йоркийн гүн, гүнгийн ахайтан хоёрын анхны хүүхэд болон мэндэлж байжээ. Тухайн үед тэр өөрийн эцэг, авга ах нарын дараа хаан ширээг залгамжлах гурав дахь хүн болж байв.

Хатан хаан дөрвөн хүүхэд, найман ач, зээ, 11 гучтай хүн байжээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

П.Наранбаяр: Амласнаа хэрэгжүүлдэггүй хандлага ОХУ-д заримдаа ажиглагддаг DNN.mn

Олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед цахим орчинд Япон улс манай улсад оруулсан бүх төрлийн хөрөнгө оруулалтаа зогсоох шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Та энэ мэдээллийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол хуурамч мэдээлэл. Зарим хүмүүс цахим орчинд санаатайгаар цацсан болов уу. Японы Засгийн газар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байхад энэ мэт худал мэдээлэл тараах нь байж боломгүй үйлдэл. Монгол Улсын гадаад орчин үнэхээр таагүй байна. Хөрш ОХУ Украиныг түрэмгийлэх дайн явуулж байна. Нөгөө талдаа Тайванийн асуудал хурцадмал хэвээр. Удахгүй болох БНХАУ-ын Коммунист намын их хурлаар Си Жиньпин дахин сонгогдвол нэг хүний дарангуйлал тогтлоо гэсэн үг. Ингэснээр манай гадаад орчны таагүй байдал үргэлжилсээр байх болно. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш улс дарангуйлал руу явсаар байх нь манай ардчилалд сөрөг нөлөөтэй. Монгол Улс их гүрнүүдийн хайчин харилцаанд өртөх аюул занал ч бодитой байна. Манай улсын хувьд ОХУ-тай тогтоосон сайн хөршийн харилцаагаа үргэлжлүүлэх учиртай.

-Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай улс гуравдагч хөршийн бодлогоо ямар хэмжээнд авч явах нь зүйтэй вэ?

-Манай улс гуравдагч хөршийнхөө бодлогыг тодорхойлохдоо ардчилсан, өндөр хөгжилтэй орон байна хэмээн тодорхой заасан. Тийм ч учраас гуравдагч хөршөөрөө АНУ болон Япон улс, Европын холбоог нэрлэдэг. Энэ үед манай улсын гуравдагч хөршийн талаар баримтлах бодлого тун чухал. Ялангуяа их гүрнүүдийн хоорондын зөрчил хурцаар илэрч байгаа энэ үед гуравдагч хөрш болоод олон тулгуурт гадаад бодлого чухлаар тавигдаж байна.

-Манай улс олон тулгуурт гадаад бодлогыг баримталж ажиллаж чадаж байна уу?

-Чадаж байна гэж бодож байна. Сүүлийн үед манайд ирсэн томоохон айлчлалуудаас харахад нэлээд тэнцвэртэй байгаа. Тухайлбал, Япон, БНСУ-ын гадаад харилцааны сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар айлчилсан бол нөгөө талаас БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар манайд айлчилжээ. Ер нь жижиг улсын хувьд гадаад харилцаа тогтвортой байх ёстой. Хүн ам, газар нутаг, эдийн засаг, цэргийн хувьд хүчирхэг их гүрнүүд гадаад харилцаагаа өөрсдөө тодорхойлоод явж чаддаг. Харин манайх шиг жижиг улсын хувьд олон тулгуурт буюу бүх улс, оронтой эвтэй, найрсаг харилцах нь чухал.

-Өнгөрсөн хугацаанд төрийн тэргүүн болоод Засгийн газрын тэргүүнүүд өөр өөр мэдээлэл, үзэл баримтлалтай байх тохиолдол байсан. Ялангуяа гадаад нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед манай улсын гадаад бодлого бүх шатандаа ойлгомжтой, нэг ойлголт, үзэл баримтлалтай байх учиртай байх л даа?

-Манай улсын тухайд Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувиар улсаа бүрэн төлөөлөх эрхтэй байдаг.

Тиймээс Ерөнхийлөгчийн баримталж байгаа гадаад бодлого, Засгийн газрын Гадаад харилцааны яамнаас баримталж байгаа гадаад бодлого маш сайн нийцэж байх шаардлагатай. Тухайлбал, энэ үйл явц Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед нэлээд алдагдсан болов уу гэж хардаг. Гадаад харилцааны яам мэдээлэлгүй сууж байхад Ерөнхийлөгчийн ажлын албанаас гэнэтийн шийдвэр гарсан зүйл харагддаг. Тиймээс хоорондын уялдаа холбоог сайтар уялдуулдаг жишгийг одоогийн Ерөнхийлөгч тогтоочихоосой. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээж авсан үйл явц манай гадаад бодлогод эерэг нөлөө авчирсан болов уу. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг өөрийн биеэр онгоцны буудал дээр тосон авч, манай улсад суугаа бүх орны Элчин сайдуудыг оролцуулсан нь НҮБ-ын байр суурь ганхаж байгаа үед чухал алхам болжээ. НҮБ-аас зохион байгуулж байгаа хурал бүрд төрийн тэргүүн очих хэрэгтэй. Монгол Улс төвийг сахисан байр суурь барих төдийгүй дайныг зогсоохын тулд НҮБ-ын индэр дээр идэвх чармайлт гаргаж, олон талт дипломат ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл, Орос, Украины дайн алсдаа манай улсад асар хортой.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Та тус айлчлалын үр дүнг хэрхэн таамаглаж байна вэ?

-ОХУ-ын Дорнын эдийн засгийн чуулган уламжлал болгон зохион байгуулагддаг. Тус чуулганд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа нь зөв алхам. Бид ОХУ-тай мөнхийн хөрш. Тийм учраас Сибирьт хандсан ОХУ-ын хөгжлийн бодлого Монгол Улсын гадаад орчин таатай болоход эерэг нөлөө үзүүлж, тус айлчлалаас олон сайн үр дүн гарах болов уу. Тухайлбал, олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг урагшлуулах алхмууд тавигдлаа. Гэхдээ ОХУ заримдаа хэлснээ хэрэгжүүлдэггүй байх нь бий. Ялангуяа төмөр замын бодлогоор манай улсыг ихээхэн боомилсон шүү дээ.

-Зарим талаараа аль нэг улсад хийх айлчлалын үеэр яригдсан ажлууд бодит ажил хэрэг болж, үр дүн гарах нь удаашралтай байгаа мэт санагддаг. Айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарч ажиллах ёстой вэ?

-Гадаадад хийсэн айлчлалуудын хүрээнд хөрөнгө оруулалтууд нэмэгдэхээс гадна хувийн хэвшил хоорондын худалдаа, арилжаа нэмэгдэх, хилийн боомтууд нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарч болно. Тухайлбал, Ерөнхий сайдын ОХУ-д хийж байгаа айлчлалын тухайд Сибирь бол манай улсын далайд гарах нэг гарц. Бид ганцхан Тяньжинээр далайд гарах гарцаа хязгаарлаж болохгүй. Ялангуяа Зүүн хойд Ази руу хандсан чухал боомт учраас ийм харилцаа байх шаардлагатай гэж бодож байна. Монгол далайд гарцгүй тул дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцрох магадлал өндөртэй улс болохоор тэр.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хөхөгчин үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 9, сугар гариг. Билгийн тооллын 14, чөдөр одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6:21 цагт мандан, 19:18 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хархираа-Түргэн, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө бүх нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гадаа гараад амаа… гэдэгсэн” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олон улс судлаач П.Наранбаяр “Амласнаа хэрэгжүүлдэггүй хандлага
ОХУ-д заримдаа ажиглагддаг” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Иргэн Г.Дамбадаржаа “Хэвлэн нийтэлснийхээ
төлөө Шадар сайдын гомдлоор СЭМҮТ-д
сэтгэцээ шалгуулаад гарч ирлээ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гадаа гараад амаа… гэдэгсэн” хэмээн өгүүллээ.

Түүхч, доктор Д.Хоролдамба “Монголд
улс төрийн
хэлмэгдүүлэлт
түүх болж
улираагүй
байгаа тул сонор
сэрэмжээ алдаж
болохгүй” гэснийг “Түүхийн жимээр” нүүрээс уншаарай.

Эдийн засагч Г.Батзориг “Хил хаагдвал бизнесүүд дампуурч, иргэд ядуурч,
цаашлаад нийгэмд тогтворгүй байдал бий болох эрсдэлтэй” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Их Британийн хатан хаан II Элизабетийн бие муудаж, эмчийн хяналтад байна DNN.mn

ФОТО: Хоёрдугаар Элизабет хатан хаан болсны 70 жилийн ойг тэмдэглэж байна

Их Британийн хатан хаан II Элизабетийн биеийн байдал чилээрхэж, эмчийн хяналтад оржээ.

Букингемийн ордоны албан ёсны мэдэгдэлд пүрэв гаригийн өглөө 96 настай Хатан хааны бие чилээрхэж, эмчийн хяналтад орсон бөгөөд Шотланд дахь Балморал цайзад байгаа аж. Хамгийн гол нь, Их Британийн усгаа залгамжлах хунтайж Чарльз болон ач хүү, хунтайж Уильям зэрэг хааны гэр бүлийнхэн Балморал цайзад цуглаад байгаа нь Хатан хааны эрүүл мэндийн байдал нэлээд хүндэрсэн байж болзошгүй гэх таамгийг үүсгээд байгаа юм. Мөн Английн хэвлэлүүд хунтайж болон гүнгий авхай асан Харри, Меган тэргүүтэй Хатан хааны гэр бүлийн ойрын бүх хүн Балморал цайз руу явж байгаа талаар мэдээлжээ.

Хатан хаан II Элизабет эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан сүүлийн жилүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцох нь багассан. Түүний нөхөр Эдинбургийн хунтайж Филипп өнгөрсөн онд 99 насандаа таалал төгссөний дараагаар тэрээр олны өмнө маш цөөн гарсан юм. Хатан хаан хамгийн сүүлд лхагва гаригт онлайнаар хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцлаад байв.

Хатан хааны эрүүл мэнд муудаж, эмчийн хяналтад орсон талаарх мэдээлэл гарсны дараа Английн Ерөнхий сайд асан Сер Тони Блейр тэргүүтэй улс төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүд түүний эрүүл мэндэд санаа зовинож байгаагаа илэрхийлээд байна.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ чингэлгийн хуримтлалыг багасгах шаардлагатай арга хэмжээг авч байна DNN.mn

зураг

Тяньжинд хуримтлагдсан импортын 9000 шахам чингэлгийг шуурхай татан авах ажлыг УБТЗ богино хугацаанд амжилттай зохион байгуулсан ч Улаанбаатар хотын терминалууд чингэлэг буулгах зай талбайгүй болжээ. Ийнхүү ачааллаа дийлэхгүйд хүрснээс импортын чингэлэгтэй олон арван вагон талбай сулрахыг хүлээн өртөөний зам дээр сул зогсоход хүрээд байгаа нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа юм.

Энэ нь ачаа хүлээн авагчид ачаагаа хүлээн авахгүй удаж байгаагаас чингэлгийн хуримтлал үүсэж, хоосон чингэлгийг буцаах ажлыг удаашруулж байгаатай холбоотой юм.

УБТЗ-ын зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран чингэлгийн хуримтлалыг багасгах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Хоосон чингэлгийн хуримтлалыг багасгахын тулд өнгөрч байгаа 7 хоногт 271 хоосон вагоныг ачилтад тавьж өгч, ачилтыг хийлгүүлжээ.

Есдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотын чингэлгийн терминалуудаас хоосон чингэлэг ачсан 3 галт тэрэг, 216 чингэлгийг Улаанбаатар өртөөнөөс явуулж, импортын ачаатай 3 галт тэрэг, 153 чингэлэг хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол орноо хогноос салгая” аян аймаг, сумдад үргэлжилж байна DNN.mn

зураг

БОАЖЯ

“Монгол орноо хогноос салгая” аян хөдөө орон нутагт үргэлжилж байна.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын дагуу “Усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос хамгаалах” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН 1.5 ТОНН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ

Энэ ажлын хүрээнд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүс орчмын 1.5 га талбайг 40 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэжээ. Тухайн газраас 1.5 тонн хог хаягдлыг ачиж төвлөрсөн хогийн цэгт хаясан байна. Үүнээс 30 килограмм архины шил, 15 килограмм хуванцар, таван килограмм лаазыг дахивар хог хаягдал авах цэгт өгчээ.

“МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ” АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА

Тус аяны хүрээнд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төв орчмын Онгийн голын ай сав дагуух хоёр тонн хог хаягдлыг тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах бүлгийн багш, сурагчид болон сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид хамтран цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлсэн байна.

ОРХОН АЙМГИЙН ХАНГАЛ ГОЛЫН ГОЛДИРОЛ ДАГУУХ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хангал голын голдирол дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулж байгаа юм.

Цэвэрлэгээг Эрдэнэт хаалганаас эхлэн голын голдирол дагуу 20 километр, голын эргээс хоёр тийш тус бүр 50 метр зайд хийж байгаа аж. Онцгой хамгаалалтын бүсэд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр таван техник хэрэгсэл ажиллаж байна.

УВС НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭСЭН БАЙНА

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид есдүгээр сарын 6, 7-нд Увс нуурын эрэг орчмын хогийг цэвэрлэлээ. Нийт найман тонн хог хаягдлыг хогийн цэгт хүргэжээ.

Мөн энэ сарын сарын 6-нд Увс нуурын Татаал-Цагаан гатлага- Бага нуур- Шар нуур-Элсэн толгой- Нарийн усны давс хүртэл 70 километр явж, хоёр тонн хог хаягдал түүн Увс аймгийн Улаангом сумын төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам