Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж “Qpay” сонголт нэмэгдэж байна.

Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад сонин захиалах үндсэн нүүр гарч ирнэ.

Та СОНИН ЗАХИАЛАХ гэсэн хэсгийг дарснаар эхлэх хугацаа, төрөл, банк гэсэн сонголт байна. Тэдгээрийг зааврын дагуу бөглөсний дараагаар хамгийн сүүлд төлбөр төлөх буюу БАНК дээр дарснаар Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Qpay зэрэг сонголт гарч ирнэ. Эдгээрээс Qpay хэсгийг дараарай. Хэсэг хугацааны дараа barcode гарч ирнэ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 1000 төгрөг, нэг сараар бол 6000, жилээр 72000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 34 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Covid-19 et l'initiative Folding@Home - Helios Group

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 34 шинэ тохиолдол (2022.09.10) PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 20 нь нийслэлд
  • 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт батлагдаад буй 24 тохиолдлоос нэг нь Архангай, нэг нь Дорноговь, 10 нь Өмнөговь, хоёр нь Төв аймагт тус тус батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 981,001-т хүрэв.

Мөн сүүлийн 24 цагт 147 хүн эдгэрсэн байна.

зураг

Categories
мэдээ цаг-үе

Нийслэл рүү 180 тарваганы тулам хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ DNN.mn

Улаанбаатар хот руу тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ

Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр энэ сарын 6-нд 180 толгой тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ба хууль бусаар агнан, тээвэрлэсэн тарваганы тулмыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ. Иймд иргэдэд хориглосон хугацаанд тарвага агнах, тулам, нойтон мах, эд эрхтэнг зарах, худалдан авах, тээвэрлэх зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Зөрчил гаргасан тохиолдолд, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл /тээврийн хэрэгслэл/, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирлыг /Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г/ хоёр дахин нэмэгдүүлэн, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч Д.Мөнхбат: Хил гаалиа чөлөөтэй болгож байж ачаа тээврийн үнэ буурна DNN.mn

Ачаа тээврийн үнэ бусад улс орноос ирээд, Монгол дотроо нийт тээврийн зардлын 40 хувь нэмэгддэг аж. Энэ талаар контейнер тээвэр эрхэлдэг иргэн С.Мөнхөөс тодруулахад “Би контейнер оруулж ирдэг. Тээврийн компаниас өгсөн үнийн саналаар гаргасан тооцооллын дагуу тээврийн үнэ өртгийг төлдөг. Монголд яагаад ийм өндөр үнэтэй байгааг би ч өөрөө сайн ойлгохгүй л байна. Гэхдээ дотоод тээвэр ийм өндөр байх ёсгүй. Монложистик гэх мэт тээвэр зуучийн компанитай холбогдоод, А цэгээс Улаанбаатар хүрэх үнийн санал авна. Тэд задаргаатай санал өгнө. Үндсэндээ тэгээд л болдог доо. Задаргаа нь Замын-Үүд-Улаанбаатар нэг ширхэг 20 тн контейнер 5 сая төгрөг нэмээд дэлхийн хаа нэг цэгээс Замын-Үүд хүртэлх үнэ гэсэн байдлаар ирдэг” гэв.


Мөн Замын-Үүдэд задгай тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан жолооч Д.Мөнхбатаас энэ талаар тодрууллаа.


-Дэлхийн хаа нэгтээгээс ачаа тээвэр ирээд Замын-Үүдээс Улаанбаатар хот орох тээврийн зардал нь нийт зардлын 40 хувь байдаг гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Дэлхийн хаа нэгтэйгээс Монгол руу ачаа тээвэр ороод ирчихлээ гэж бодъё. Энэ үнэ дээр нь Гааль, Мэргэжлийн хяналтын нэгдсэн үйл ажиллагаа, татвар зэрэг төрийн байгууллагууд болон хилийн гацалт, мөн гаалийн татвар нэмэгдээд ачаа барааны үнийг шууд өсгөөд байгаа юм.

-Энэ үнийг буулгах боломжтой юу?

-Буулгах боломжтой. Хил гаалиа л чөлөөтэй болгох ёстой.

-Дээрээс нь чингэлгийн түрээс гээд бас нэмэгдэж байгаа шүү дээ?

-Ачих тоолонд чингэлэг тээвэр гэдэг чинь мөнгө нэхэж байдаг эд байхгүй юу. Чингэлэг тээвэр чинь амьгүй эд биш, амьтай байхгүй юу. Чингэлэг хаана зогсож байна. Тэнд чинь мөнгө гүйж байгаа. Тэр мөнгө хэнээс гарах вэ гэвэл хэрэглэгч энгийн ард иргэдээс гарч байгаа. Контейнерийн эзэн бол зүгээр л чингэлгээ түрээслүүлчихээд мөнгө нь данс руу нь орж л байдаг ийм систем рүү оруулчихсан.

-Чингэлэг тээврийн терминалиуд, өртөөнөөс тайлбар хийхдээ чингэлэг тээвэртэй ачаа бараагаа иргэд авахгүй байгаа болохоор бөөгнөрөл үүсч, шинэ ачаа бараа авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэх зүйл ярьж байна лээ. Үүнийг та бүхэн хэрхэн хүлээж авав?

-Тэгж л тайлбарлаж байна лээ. Чингэлэг тээврийн асуудлуудыг зүгээр л тухайн үед нь аргалаад л өнгөрчихдөг. Түүнээс яг бодит байдлыг ярьдаггүй. Юунаас болоод чингэлэг тээврийн үнэ өсөөд байгаа юм бэ. Хэрэглэгч нь нэг чингэлэг орж ирэхэд 20 төгрөгөөр орж ирнэ гэж төсөөллөө гэж бодъё. Гэтэл цаанаас хямд орж ирсэн чингэлэг нь хүнд суртал, авлигыг чинь давсаар байгаад 20 төгрөг чинь 80 төгрөг болчихоор анх захиалсан үнээс 4 дахин өсчихөөр авч чадахгүй шүү дээ. Гол нь тэр төлбөрөө дийлэхээ больчихоод байгаа байхгүй юу. Монголд болж бүтэж байгаа юм юу ч алга. Төр засгийн удирдлагууд нь дэлхийн хэмжээний том том удирдагчдыг эх орондоо урьж залж авчрахаас өөр ажил хийхгүй байна. Тэгж л өөрсдийн пиарыг өсгөж байгаа. Түүнээс өөр хийж байгаа юм юу ч алга. Ард иргэд нь амьдралгүй, мөнгөгүй, банк нь гацчихсан. Иргэд нь банкны төлбөрөө төлж дийлэхээ болиод буцаагаад нөгөө банк нь зээл гаргаж өгч чадахгүйд хүрчихсэн. Ачаа бараа нь бас гацчихсан. Орж ирсэн байлаа гэхэд тэр контейнерийг задлаад бараагаа аваад заръя гэхээр ямар ч ашиггүй болчихсон. Ийм л нөхцөл байдал руу манай улс орчихлоо.

-Яг одоогоор Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна. Өөрчлөгдсөн зүйл бий юү?

-Юу ч өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ. Нэгдүгээр сарын хэдэнд чингэлэг тээвэр хэдээр явж эхэлсэн яг тэр хэвээрээ байгаа.

-Хилийн цэргийн машинууд явж байгаа юу?

-Явж байгаа. Өдөрт Хилийн цэргийн машинтай нийлэх юм бол 90 чингэлэг орж ирж байна. Түүнээс өөр Замын-Үүдэд болж байгаа юм юу ч алга.

-Чингэлэг тээврийг болиулж, задгай тээвэр явуулъя гэсэн хүсэлтийн тань хариу ирсэн үү?

-Хариу ирсэн. Хятад тал боломжгүй гэсэн худал хариу хэлж биднийг аргалаад л байна. Үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, ард түмэн ядарчихсан ийм л байдалтай байна.

-Нүүрс тээвэр гарч байгаа юу?

-Хилийн цэргийн 30 машин гарахдаа нүүрс, орохдоо ачаа бараа ачиж хоёр талдаа яваад байгаа. Тэгж тэд чинь ашгаа хийгээд байгаа юм. Нүүрс бол хүссэн хүсээгүй гарна. Нүүрс өндөр үнэтэй болчихсон. Замын-Үүдээр маш хямдаар гаргаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд , олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн энэхүү гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах, шударга, эрхзүйт төрийг цогцлоох, энх тайвныг хамгаалах үүрдийн сургамж болсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлж байна DNN.mn

БШУЯ: Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

Цэцэрлэгийн эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны есдүгээр сарын 10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд e-mongolia.mn сайтаар бүртгүүлэх боломжтой юм.

“Цэцэрлэгийн 2 дугаар бүртгэл эхлэх гэж байна. Энэ бүртгэлд цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой.

Он дуустал авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой иргэдээс ирсэн гомдол дээр суурилан тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлууд хийхээс гадна тодорхой лавлагаа тодорхойлолтыг Англи хэл дээр гаргадаг болохоор ажиллаж байна” хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ мэдээлсэн билээ.

2021 онд нийт ерөнхий боловсролын 848 сургууль, 35.110 үндсэн багш, 712.400 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байв.

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой нийтлэг асуулт хариултыг ЭНД дарж хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн хурандаа П.Лувсандорж: Цагдаа нар жагсаал хийж буй иргэдийн туг далбаанд ир бяраа гаргана гэдэг адгийн хүний шинж DNN.mn

-Ард иргэдийн барьж жагсаж буй туг далбаа Монголын цагдаад ямар гэм хийчихсэн юм бэ-


ОХУ-ын Элчин сайдын яамны гадна Орос Украины дайныг эсэргүүцэж иргэд цуглаан зохион байгуулах болсон. Өнгөрөгч долоо хоногт болсон цуглааны үеэр цагдаа болон иргэдийн хооронд маргаан дэгдсэн. Цагдаа нар жагсагчдын биед халдаж, мөн иргэдийн барьсан туг, лоозонг нь булаасан нь олны анхаарлыг татсан юм. Энэ талаар цагдаагийн хурандаа, гавьяат хуульч П.Лувсандоржийн санал бодлыг хуваалцлаа.


-Оросын Элчингийн гаднах жагсаалыг та анзаарсан байх. Цагдаа нар иргэд рүү дайраад зогсохгүй туг далбаа, лоозон руу нь халдсан нь ямар учиртай юм бол оо. Үүнд цагдаагийн хурандаагийн хувьд юу хэлэх вэ?

-Харин би гайхаж л байна. Хуучин бидний үед цагдаа чинь иргэдээ хамгаалдаг байсан юм. Одоо болохоор дарга даамал удирдлагынхаа үгээр явдаг юм уу, арай л өөр болсон анзаарагдах юм . Ард иргэдийн жагсаал цуглаан дээр цагдаа очоод барьсан лоозон туг далбаа руу нь халддаг нь ямар учиртай юм бэ. Тэр далбаа ямар, хэв журам зөрччихсөн үү. Тэр далбаанд ир бяраа гаргаж байна гэдэг бол адгийн хүний шинж. Мөн дээд удирдлагаас нь боль, энээ тэрээ гээд үүрэг өгчихөөр манай цагдаа нар арай хэтрүүлээд дэндүүлээд байх болжээ. Иргэд жагсаж л байг л дээ. Хуультай, дүрэмтэй, номтой юм чинь. Түүнийг нь зүгээр аяар нь л байлгах учиртай. Цагдаа бол хэв журам л зохицуулах үүрэгтэй. Жагсаал хийж буй иргэд хоорондоо зодоон цохион хийх юм уу, хэрэлдэж маргалдах, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй тохиолдолд цагдаа дунд нь ороод хүний хөл гартай ноцолдоод байх ерөөсөө хэрэггүй. Үнэхээр хэв журам зөрчөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргавал зогсоох үүрэгтэй. Ер нь тэгээд хэнд сайхан харагдах гээд ийм ир бяртай байдаг юм бол доо. Хуулиа зөрчиж болохгүй. Тэр туг далбаанд бяраа үзүүлж байгаа адгийн зангаа татвал таарна. Тэр далбаа Монголын цагдаад ямар гэм хийчихсэн юм.

-Та бол олон аймгийн цагдаагийн дарга байсан хүн. Таныг ажиллаж байх үед жагсаал цуглаантай холбоотой асуудал гарч байв уу?

-Хөдөөд тийм юм ховор байсан. Ялангуяа намайг цагдаагийн дарга байхад тэгж онгирч сагсуурсан цагдаагийн албан хаагч огтоос байгаагүй. 1990 оны ардчиллын үед Өвөрхангайд олон хүн төв талбай дээрээ өлссөн. Тэгэхэд би цагдаагийн дарга байсан. Би албан хаагчидаа явуулахдаа “Та нар иргэн хүний хуулиар олгогдсон эрх үүргийг дээдэлнэ шүү” гэж хэлдэг байсан. Дээд удирдлагаас өлсгөлөнг зогсоо гэсэн үүрэг ирж байсан. Тэгэхэд нь би зогсоож хэрэгүй байх, хүмүүсийн эрх үүргийн асуудал. Харин өлсөж байгаад амиа алдах вий гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Аймгийн дарга н.Төмөрбаатар гэж мундаг хүн байсан. Одоо энэ Зандаахүүгийн Энхболдын хадам. Түмээ дарга өлсгөлөнг зогсоо л гэнэ. Би “за за” л гэнэ. Гэхдээ цээж өвчтэй, дотуур хавантай хүн шиг дарга тэглээ гээд цовхчоод унадаггүй. Ер нь цагдаа хүн чинь аливаа асуудалд дүн нуруутай байх ёстой. Хөөрүү морь шиг өвчигнөөд, шүлс нь үсчээд байвал ард түмнийг, нийгмийг баллачих гээд байдаг муу талтай.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хоролдамба: Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт түүх болж улираагүй байгаа тул сонор сэрэмжээ алдаж болохгүй DNN.mn

Түүхч, доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.


-Есдүгээр сарын 10 “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”. Энэ бол монголчуудын хэзээ ч марташгүй гашуудлын өдөр. Тухайн үеийн гашуун түүхээс ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсад 1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ныг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” хэмээн тэмдэглэх болсон юм. Энэ нь өнөө хүртэл тогтсон өдөр болоод байгааг юуны өмнө хэлье. 1937 оны есдүгээр сарын 10-ны бямба гаригийн шөнө нийтийг хоморголсон их баривчилгааг ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан эхлүүлжээ. Тэр оросуудын заавраар урьдчилан зохиосон “Заговор” (хуйвалдаан) хэмээх нэртэй хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын гишүүн гэх 115 хүний нэрсийн жагсаалтын дагуу цэргийн томоохон дарга нарыг цуглуулсан. Ингэхдээ “дүрэмт хувцас, одон медаль, буу сэлмээ зүүгээд ир!” гэсэн зар тараан ирүүлж байгаад баривчилсан байдаг. Ингэснээр өргөн хүрээтэй улс төрийн хядлага, их хэлмэгдүүлэлт, улаан түйрэн Сталины махны машин Монголд эрчээ авсан байна. Аравдугаар сарын 2-нд М.Ф.Фриновскийн заавраар Оросын тройка буюу “гурвал”-ын зарчмаар Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй Онцгой Бүрэн Эрхт Комисс гэгчийг шүүхээс гадуур, хууль бусаар бий болгож хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрх олгож, монгол түмнийг цусан далайд үйсэн түүхтэй.

-Тэрхүү улс төрийн их хэлмэгдүүлэлт яаж явагдсан бэ?

-1937 оны тэр шөнө баривчлагдсан эрчүүдээс 14 хүнийг сонгож урьдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хилсээр шийтгэжээ. Тиймээс “Анхны 14-ийн хэрэг” гэх ойлголт үүсчээ.

Ялын тогтоол гарсан даруй цаазлагдах ял заагдсан эрсийн гарыг ард нь хүлж, буутай цэргүүдээр харгалзуулан ачааны бүхээгтэй машинуудад ачиж аваад өмнө, хойно нь олон суудлын машин цуваа үүсгэн явсаар Сонгино хайрханы буруу харсан аманд тулж очин буулгаад нэг нэгээр нь буудаж эхэлжээ. Тэд “Би хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнэ ээ”, “Үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй” гэж захиж хашгираад алтан амиа алджээ. Тэдгээрээс хамгийн ахмад нь тагнуул Ц.Өлзий 57 настай, залуу нь МАХЦ-ийн Хуягт бригадын дарга Д.Жамьянжав 32 настай, дундаж нас нь 37 байсан юм.

-Тухайн үеийн хамгийн сэтгэл өвтгөм зүйл юу байсан бэ?

-1920-иод оноос эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлт, баривчилгаа, аллага таллага, өнчрөл, гуйланчлалын хамгийн хэцүү хатуу үе нь 1937-1939 он шүү дээ. 1937 оны Монгол оронд явагдсан улс төрийн их хэлмэгдүүлэлт, төрийн террорын оргил үеийн шүүх хурлууд гэх үү дээ. 1937 оны Аравдугаар сарын 2-нд шүүхээс гадуур, гурван хүний бүрэлдэхүүнтэй “Онцгой Бүрэн эрхт комисс” гэгчийг бий болгож, хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрхийг олгосон явдал мөн. Ингэснээр Монгол Улсад өргөн хүрээтэй улс төрийн хядлага улам даамжирсан. Тус комисс нэг жил зургаан сарын хугацаанд буюу 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүгд 51 удаа хуралдахдаа 25 мянган хүний хилс хэргийг “таслан” шийдвэрлэж ял оногдуулжээ. Эдгээрийн 17 мянга нь лам нар байсан. Түм гаруй тооны лам хувраг хүнийг буудан ална гэдэг чинь үнэхээр сэтгэл өвтгөм хэрэг биз дээ!

-Мэдээж, маш их хохирол учруулсан. Хамгийн том хор хохирол нь юу вэ?

-Монголчуудын амь нас, эрүүл мэндээрээ хохирч, шударга ёс, эрх чөлөө алдагдаж, үндэсний бахархал, үнэт зүйл, соёлын ололт сүйтгэгдсэн нь хамгийн харамсалтай. Цөөхөн монголоо улам цөөрүүлснээс Хэнтийн зарим сумд бараг эрэгтэй хүнгүй болсон гашуун түүхтэй. Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автсан. Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирч, бараг 2000-аад сүм, хийд, хурал номын газар нураан сүйтгэгдэж, тэдгээрийн 5-6 мянган барилга, байшин, сүм дуган тонон дээрэмдэгдэж, асар их эрдэнэс, бурхад, соёлын их өв сүйрч, 1938 онд ердөө л 11-хэн сүм хийд хагас хугас үлджээ.

-Улс төрийн хэлмэгдүүлэлтээс хэрхэн сэргийлэх тухайд түүнийг судалдаг эрдэмтэн хүний хувьд бодлыг тань сонирхъё…

-Үнэхээр улс төрийн хэлмэгдүүлэлтээс сэргийлье гэвэл төр нь иргэнийхээ эрхийг хохироож биш хамгаалж ажиллах ёстой. Эрхт зүйт төр төлөвшлөө олж ядан, шударга ёс, шударга шүүхийн төлөө хүн бүр ярьж, үзэл бодлоо хуваалцаж буй өнөө цагт монголчууд өнгөрсөн замналаасаа байнга суралцаж, сургамжийг нь авч байх талаар төр, иргэд цаг үргэлжид хичээгүүштэй байна. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт түүх болон улирч одоогүй байгаа тул сонор сэрэмжээ алдаж болохгүй. Хүний эрхийн баталгаа, ардчилал, шударга ёсыг дээдлэхгүйгээр хэлмэгдүүлэлтээс сэргийлэх аргагүй юм. Наанадаж 1930-80-аад оны хэлмэгдлийн технологийг Монголд дахин давтагдуулахгүйн тулд шүүх эрх мэдлийн шударга эсэхэд ямагт хяналт тавих, хяналтын механизмыг бий болгох нь зайлшгүй, үүнийг төр түмэн хойшлуулалгүй хийх шаардлага бодитой байсаар байна. Монголын нийгэмд хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн төлөө, шударга ёс, гэгээрлийн төлөө энэ мэтээс эхлээд бага гэлтгүй ихийг хийх хэрэгтэй байна.

-Монголын улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалыг судалдаг та бүхэнд ямар нэг саад бэрхшээл байдаг л биз, тухайлж хэлбэл юу байна вэ?

-Олон бэрхшээл бий. Хамгийн наад зах нь Тагнуулын ерөнхий газрын тусгай Архивт хадгалагдаж буй баримтуудыг олон нийтэд байтугай баримтын судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач бидэнд хаалттай байсаар байна. Миний бие гэхэд сүүлийн хоёр жил тус архивт орж судалгаа хийх хүсэлтээ хоёр удаа бичгээр гаргаж өгөөд байхад өнөө болтол шийдвэрлэж өгөхгүй байна. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Тагнуулын архив нь архив биш, агуулах болж хувираад байна гэж үзэж болох уу гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч байгаа юм. Нууцын хуулийн хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихөөд байхад нууц хэмээн улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой архивын баримтаа хав дарсаар байгаа нь хэлмэгдэл, цагаатгалын ажлыг зохих ёсоор явуулахад саад, тотгор болж байна. Энэ чөдөр, тушааг тайлж, судлаач эрдэмтдээ жаахан ч гэсэн дэмжвэл судалгаа, шинжилгээний ажилд ахиц дэвшил гарах болов уу. Тийм учраас архивыг нэн даруй нээлттэй болгох шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.9.10, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.10, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 06.22-19.16
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.