Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Венецийн наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарчээ DNN.mn

79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарчээ.

Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нарын жүжигчид тоглосон юм.

“Есдүгээр сарын цас” кинонд өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг ажээ.

79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадамд 18 бүрэн хэмжээний кино, 12 богино хэмжээний кино өрсөлдсөн бөгөөд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд үргэлжилсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспортыг жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцлоо DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд хоёр орны харилцаа нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний суурь зарчим болон даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгад суурилж буйг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай байгаа гээд энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга цааш нь далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд худалдаа, эдийн засгаа эрчимжүүлэхэд далайд гарц, тээврийн таатай орчин нэн чухал. Иймд хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлах санал тавиад энэ нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болохыг онцлов.

Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байгаагаа хэллээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж байна гээд онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг төслүүдийг урагшлуулах чиглэлээр санал солилцов.

Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын дарга нар олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга урив.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон хууль тогтоох байгууллагууд хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай албан ёсны хэлэлцээ хийнэ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын хууль тогтоох дээд байгууллага хоорондын болон хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм. Энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын түвшний 9 жилийн дараа манай улсад хийж буй айлчлал юм.

Хүндэт зочныг Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон албаны бусад хүмүүс угтан авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгаар 29-34 хэм, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар, бусад хугацаанд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудад үүрэг өгөв DNN.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудтай уулзаж, Монгол Улс цахим үндэстэн болох, төрийн үйл ажиллагааг цахимжуулж иргэндээ ойр үйлчилгээ үзүүлэх, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх том зорилгод хүрэхийн тулд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Салбарын удирдлагуудад дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

– Салбарын хууль эрх зүйн орчныг илүү дэвшилтэт зохицуулалтаар хөгжүүлж шинэ тутамд бий болж буй харилцааг бүрэн хуульчлах,

– Салбарын ажиллах зарчмыг илүү тодорхой, оновчтой болгох, бусад төрийн байгууллагуудтай уялдаж нэгдсэн системд оруулах,

– Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэж Засгийн газрын зорилтыг бодитой үр дүнтэй ажил болгож хэвшүүлэх,

– Цахим системийн аюулгүй, дэд бүтцийн бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж, мэдээллийн харилцаанд оролцогч талууд, тэдний харилцан ажиллагааг хангаж буй технологи, төрөл бүрийн нөөцүүд тогтвортой байх зэрэг асуудлаар ярилцаж ажиллах чиглэлээ тохиролцлоо.

Засгийн газрын зүгээс салбаруудын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, салбар дундын бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарч ажиллана.

Categories
мэдээ улс-төр

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай 2022 оны есдүгээр сарын 11-нд Төрийн ордонд уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй цаг үед ч талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд баяртай байна гэв. Мөн хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг бэхжүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлийн хамтын ажиллагааны талаар, мөн Монгол Улс 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулсан. Энэ бодлого бол хоёр хөршийн ба бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлогт нягт уялдуулсан бодлого. Энэ бодлого хэрэгжих эхний 10 жилд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэр, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн чиглэлд томоохон ахиц дэвшил гаргах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий Ли Көчяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв. Түүнчлэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол, Хятадын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бий болгох, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн Баянтэс суманд 7200 орчим га газар түймэрт өртжээ DNN.mn

Завхан аймгийн Баянтэс сумын Цуурайн эх хэмээх газарт 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ой, хээрийн түймэр гарч байгаль, экологид ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

Түймэр ОХУ-ын Тува улс руу хил давж өнөөдрийн байдлаар 7200 орчим га газар түймэрт өртөөд байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид болон төрийн албан хаагч, нутгийн иргэд гээд нийт 320 гаруй хүн ажиллаж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Завхан аймгийн нийт нутгаар хуурайшилтын гуравдугаар зэрэг буюу гал түймрийн аюултай түвшинд байгаа. Иймд иргэд ойн сан бүхий нутаг дэвсгэрээс самар, жимс, түүж, мод бэлтгэхгүй байх. Ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах.

Оч баригчгүй автомашинтай зорчихгүй байж, болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үнэн алдартны сүмийн цогцолборт босгосон хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв DNN.mn

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрт хилс хэргээр амь үрэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн Москва хотын “Коммунарка” дүүрэгт байрлах Үнэн алдартны сүмийн цогцолборт босгосон хөшөөнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ЭСЯ-ны дипломатууд, ажилтнууд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв.

Хүндэтгэл үзүүлэх үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Үнэн алдартны сүмийн хамба ламтай уулзаж, бидний өвөг дээдэс нойрсож буй энэ газрыг хамгаалалтад авч, арчлан тордож байдагт талархал илэрхийллээ.

“Коммунарка” цогцолборын мэдээллийн самбарт “ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын тусгай объект “Коммунарка” нь Москвад хэлмэгдэгсдийг олноор нь буудаж оршуулсан таван газрын нэг нь. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар Г.Г.Ягодаг 1937 онд баривчилсны дараа түүний “Коммунарка” зусланг Дотоод хэргийн ардын комиссариатын мэдэлд шилжүүлж, хүмүүсийг булшилдаг газар болгожээ. Энд булшлагдагсдын олонхи нь ЗХУ-ын болон бусад орнуудын удирдах албан тушаалтнууд, цэргийн удирдагчид, дипломатууд, тагнуулчид, үйлдвэрийн захирлууд, эрдэмтэд, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүс байдаг. Зөвлөлтийн засаг нурах хүртэл “Коммунарка” нь төрийн аюулгүй байдлын байгууллагуудын хамгаалттай тусгай объект хэвээр байсан бөгөөд тус газарт хэлмэгдэгсдийг булшилсан нь 1991 онд л олон нийтэд ил болсон юм. Тус газрыг 1999 онд Холбооны аюулгүй байдлын албаны мэдлээс Оросын үнэн алдартны шашны сүмийн мэдэлд шилжүүлж 2007 онд ойр орчимд нь дахин шинээр сүмүүд баригдсан юм. Олон нийтийн “Мемориал” хөдөлгөөний санаачилгаар олон орны сайн дурынхан тусгай объектын ойр орчмыг тохижуулсан. Ингэснээр мянга мянган хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хэдэн арван жилийн турш ор сураггүй байсан өөрсдийн өвөг дээдсийн нойрсож буй газар ирэх боломжтой болсон юм” гэж дурсан бичжээ.

Энэхүү эмгэнэлт газрын хөрсөн дор 60 гаруй үндэстэн ястны төлөөлөл, түүний дотор тухайн цаг үеийн золиос болж алтан амиа алдсан 400 гаруй монгол хүн нойрсож байна. Тэдний дунд БНМАУ-ын Ерөнхий сайд Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нарын ариун цогцос оршин буй. Бас Улсын бага хурлын дарга Д.Догсом, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дарьзавын Лосол, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан З.Шижээ, Төрийн сайд, улс төрийн зүтгэлтэн Ө.Бадрах, нэрт эрдэмтэн Цэвээнжамсранов нар үүрд нойрсжээ.

Энд монголчуудын дурсгалд зориулсан хөшөө босгуулах шийдвэрийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс гаргаж, Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам гүйцэлдүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн шигшээ багийн Малайзтай хийх тоглолт өнөөдөр эхэлнэ DNN.mn

18 хүртэлх насны, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байна. Тэмцээний “B” зэрэглэлд Монголын шигшээ баг анх удаа оролцож, шигшээд шалгарсан.

Өсвөрийн шигшээ баг өчигдөр шөвгийн дөрөвт Самоагийн шигшээ багтай тоглож, 65-64 харьцаагаар хожлоо. Ингэснээр финалд Малайзын шигшээ багтай тоглоно.

Малайзтай хэсгийн тоглолтод учраа таарахад манай баг 72-57 харьцаагаар хожсон юм. Финалын тоглолт өнөөдөр Монголын цагаар 16:00 цагт эхэлнэ. Бид та бүхэнд тоглолтыг Фэйсбүүк хаягаараа шууд дамжуулан үзүүлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын 20 сургуульд “Тоти тийчер” системийг нэвтрүүлнэ DNN.mn

Цахим орчинд суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, тасралтгүй суралцах, нэмэлт хөтөлбөрөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор контент-технологи хосолсон цогц системд суурилсан Англи хэлний сургалтын “Тоти тийчер” системийг туршилтаар нэвтрүүлэх ерөнхий боловсролын 20 сургуулийг нийслэлийн төвийн 6 дүүргээс сонгон шалгаруулах гэж байна.

Энэхүү туршилтыг хэрэгжүүлэх сонирхолтой сургуулиуд дараах мэдээллийг enkhchimeg@agency.edu.mn цахим шууданд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлэхийг хүсье. Үүнд:
Сурагчдад англи хэлний нэмэлт хөтөлбөрийг хүргэх арга замыг хэрхэн тодорхойлсон бэ?
Сурагчдын англи хэлний чадварыг сайжруулах чиглэлээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар…
Англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар…
Англи хэлний багш нар хичээл сургалтдаа цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах боломж, орчин нөхцөл болон тэдний цахим ур чадвар, арга барилыг хэрхэн үнэлж байна вэ?
Сурагчдын Англи хэлний сурлагын амжилт ахисныг ямар үзүүлэлтээр үнэлэх вэ?
Дээрх мэдээллийг 1-2 нүүрт багтаан товч, тодорхой бичиж ирүүлнэ үү. Эдгээр 20 сургуулийн үр дүнгээс хамаарч үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арга замыг тодорхойлно.
Тодруулга мэдээллийг 99051274, 96060938 дугаараас авах боломжтой.