Categories
мэдээ нийгэм

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр шүүгч Д.Мөнхтуяаг сонгожээ DNN.mn

Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр болжээ.

Тус зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд холбогдох судалгаа, мэдээлэл, танилцуулгыг танилцуулж, санал солилцсон байна.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, шүүгч Дашдоржийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонголоо.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДАШДОРЖИЙН МӨНХТУЯА

Дашдоржийн Мөнхтуяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчээр 9 жил 5 сар ажиллаж байна.

2016-2019 онд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн;

2014-2016 онд “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн;

2016-2018 онд Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн;

2020 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүн;

2021 онд Нийт шүүгчийн Анхдугаар чуулган зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч;

2022 онд Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох, мэдээллийн дэд бүтцийг оновчтой болгох, холбогдох журам, баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар тус тус сонгогдсон болон томилогдон ажилласан.

2013-2017 онд Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;

2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;

2014-2016 онд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Нотариатын танхимын дотоод сургалтад “Хуульчийн ёс зүй”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шийдвэр гаргах эрх”, “Нотлох баримт бүрдүүлэх зарчим” сэдвийн сургагч багш;

2014-2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Улсын дээд шүүхээс зохион байгуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан дотоод сургалтуудад “Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Татварын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах асуудлууд”, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын агуулга”, “Нотлох баримтыг үнэлэх онол, практикийн асуудлууд” зэрэг сэдвийн давтан сургалтын багшаар тус тус ажилласан.

2013 онд “Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хуралд “Ашигт малтмалын эрх зүй дэх өмчийн эрхийн зарим асуудал”;

2014 онд “Захиргааны хэргийн шүүх 10 жил” Олон улсын онол практикийн бага хуралд “Захиргааны эрх зүй дэх “functus officio” зарчим ба захиргааны албан тушаалтны “шийдвэрээ хүчингүй болгох” эрхийн зарим асуудал”;

2016 онд “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хуралд “Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик, анхаарах асуудлууд”;

2018 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний II хуралд “Захиргааны эрх зүй дэх обьектив, субьектив эрхийн зарим асуудал: Албан тушаалтны эрх “хуулиар зөвшөөрөгдөөгүй бол хориглогдох” зарчимд үндэслэгдэх нь”;

2021 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний III хуралд “Засгийн газрын шийдвэрт шүүхийн хяналтыг хэрэгжүүлж буй Монгол Улсын практик, зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн. Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн хүрээнд “Ашигт малтмалын эрх зүй” гарын авлагыг 2014, 2017 онд хамтран бүтээж хэвлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Завханы Баянтэс суманд гарсан түймрийг 341 хүн, 40 гаруй техниктэйгээр унтраахаар ажиллаж байна DNN.mn

Энэ сарын 8-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баянхөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7,600 гаруй га талбай шатжээ.

Хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэйгээр, Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат сумын удирдлага, ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техниктэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.зураг

зураг

Хил давсан түймрийн хэсэгт ОХУ-ын Кызыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгааг Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт сар бүрийн 1, 15-нд архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцлав DNN.mn

Согтууруулах ундааны үнэлэмжийн үнэлгээ

Ховд аймагт сар бүрийн 1, 15-н, долоо хоног бүрийн Баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Энэ нь архидалттай тэмцэх шалгарсан арга биш. Тийм учраас архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцаллаа хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны хуудаст нийтэлсэн байна.

Аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ талаар “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш.

Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэжээ.

Улаанбаатар хотод сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, түүгээр үйлчлэхгүй байх захирамжийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд цуцалсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхий даяар 50 сая хүн боолчлогдож буйг НҮБ мэдээлжээ DNN.mn

Дэлхий даяар долоо хоногийн дотор 2.5 сая гаруй хүн халдвар авчээ | Sonin.MN

Зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал зэрэг хүчин зүйлс орчин үеийн боолчлолын аюулыг улам бүр нэмэгдүүлж буй талаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) шинэ тайланд бичжээ.

НҮБ-ын харьяа Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) тооцоолсноор өнөөдөр дэлхий дахинд 50 сая хүн буюу 150 хүн тутмын нэг нь албадан хөдөлмөр, албадан гэрлэлтийн золиос болж байгаа гэнэ.

Таван жилийн өмнө энэ тоо 10 сая орчим байжээ.

“Хүмүүний суурь эрхийг зөрчиж буй энэ үзэгдлийг юугаар ч зөвтгөх боломжгүй. Бид юу хийх ёстойг мэднэ. Үүнд бүх талын арга хэмжээ хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэлүүд, ажил олгогчид, иргэний нийгэм, жирийн иргэд бүгд чухал үүрэгтэй” гэж ОУХБ-ын ерөнхий захирал Гай Райдер хэлжээ.

Орчин үеийн боолчлол зөвхөн ядуу буурай орнуудад хамаатай биш, бүх тохиолдлын талаас илүү хувь нь дундаас дээш болон өндөр орлоготой улс орнуудад оногдож буйг ОУХБ мэдээлсэн байна.

“Албадан хөдөлмөр олон жил үргэлжилдэг бол албадан гэрлэлт насан туршийн ял болж байна” гэж ОУХБ-ын тайланд бичжээ.

Боолын хөдөлмөр эрхэлж буй 27.6 сая хүний 3.3 сая нь хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүдийн талаас илүү хувь нь бэлгийн мөлжлөгийн золиос болж байгаа ажээ.

Дэлхий даяар нийтдээ 22 сая орчим хүн бусадтай хүчээр гэрлэсэн байгаагийн гуравны хоёроос дээш хэсэг нь эмэгтэйчүүд байна. 15 нас хүрэхээсээ өмнө гэрлэгсэд тэдгээрийн багагүй хувийг эзэлж буй тухай тайланд дурджээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хэлмэгдүүлэлт үү, геноцид үү? DNN.mn

Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. УИХ 1996 онд шийдвэр гаргаж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн юм. Түүнээс хойш 27 дахь жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн, ял шийтгэл амсаж, амь насаа алдаж байсан гашуун дурсамж Монголын түүхнээ хар мөр болон үлдсэн. Монголчууд гэм зэмгүй олон хүн амиа алдсан гунигт түүх дахин бүү давтагдаж, гуниг харууслын өдрүүд бүү тохиолдоосой гэсэндээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Ялангуяа он цаг улирах тусам ирээдүй хойчдоо энэ бараан түүхийг мартуулахгүй байх нь чухал юм.

Саяхан нэгэн жиргээч их хэлмэгдүүлэлт гэж чухам юу болсон юм бэ гэдгийг хүүхэд залуучуудад маш сайн ойлгогдохоор бичсэн байна лээ. Юу гэж жиргэсэн бэ гэхээр “Хэлмэгдүүлэлт гэдэг одоогийнхоор бол Монголын бүх профессор, бүх сэтгүүлч, топ 100 татвар төлөгч бизнесмэн, нийтлэлч нарыг устгана. УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, С.Баяр, Баабар нарыг буудна” гэсэн үг хэмээн жиргэсэн юм. Энэ бол хэлмэгдүүлэлтээр монголчуудын оюун санааны охь, мэдлэг боловсролтой сэхээтнүүд, сэтгэгчдийг хоморголон устгасан гэдгийг хэлж байгаа юм. Түүх сөхөхөд, Халх голын дайнд 260 хүн, Чөлөөлөх дайнд 10 хүн, 1932 оны бослогоор 6000-8000 орчим хүн, их хэлмэгдүүлэлтээр 35 мянга орчим хүн амь насаа алдсан байдаг. 1929 оны үед БНМАУ-ын хүн амын тоо 721.949 байсан гэдэг. Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байдаг. Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулсан гэдэг.Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон байдаг. Энэ мэт Монголын түүх соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан. Энэ бүгдийн дараа өнөөдөр Монгол Улс оршин тогтнож байгаа нь их юм даа ч гэж бодмоор.

Өдгөө монголчууд хэлмэгдүүлэлтэд өртөв үү, геноцидод өртөв үү гэдгийг бид ялгаж салгаж ойлгох цаг иржээ. Сүүлийн үед эрдэмтэд геноцид гэж их ярьдаг болсон. Геноцид гэдэг нь хүн амын тодорхой бүлгийг үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэгээр нь бүрэн буюу хэсэгчлэн устгах явдал юм. Харин бидний хэлж заншаад буй хэлмэгдүүлэлт гэдэг бол хүнийг хилс хэргээр гүтгэж, бие махбод, сэтгэл санааны зовлонд унагах гэсэн утга бүхий хүнийг элдэв зүйлээр хяхан, хилс хэрэгт гүтгэх үйл явц. Тэгэхээр хэлмэгдүүлэлт гэж ярьж тодорхойлдог боловч үнэн хэрэг дээрээ геноцид гэж хэлж болохоор үйл явдал монголчуудад тохиожээ.

Монголчуудын сэтгэдэг, сэрж ухаардаг болгоныг үр хүүхдүүдийнх нь хамт ялгаж устгасан нь яах аргагүй геноцид мөн. Үндэсний ой санамжийг арилгах зорилготой аймаглан устгах аллагыг “хэлмэгдүүлэлт” гэж нэрлэх нь хэтэрхий зөөлчилсөн нэр томьёо.Монголын хамгийн эрдэм номтой, чадалтай самбаатай сэхээтнүүд, лам хувраг, ноёд түшмэд, эзэн Чингисийн алтан ургийнхныг онцлон байж яргалан устгасан тэр үйл явдлыг зүгээр нэг хэлмэгдүүлэлт гэх дэндүү эерэг үгээр оноон нэрлэх нь тохиромжгүй. Монголд болсон үйл явдал бол хүн төрөлхтний эсрэг харгис геноцид, ард түмнээ яргалан аймаглан устгасан аймшигт үйл ажиллагаа байсан. Хэлмэгдүүлэлт, геноцид гэх хоёр үгэнд маш их учир бий. Ялгаа ч бий. Яваа яваандаа геноцид уу, хэлмэгдүүлэлт үү гэдэг нь тэнгэр, газар шиг ялгаатай.1948 онд НҮБ геноцид бол дэлхийн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн хэмээн зарласан байдаг.

Их хэлмэгдүүлэлт гэгчээр Монголын шилдэг ген тээгчдийг шилж хүйс тэмтэрсэн нь геноцид үйл ажиллагаа байсныг илтгэж байна.Өдгөө их хэлмэгдүүлэлт гэж нэрийдээд буй үйл ажиллагаа бол Монголын ард түмний эсрэг үйлдсэн геноцид мөн байсныг эрдэмтэд нотолж гаргаж ирэх хэрэгтэй байна. Монголчууд геноцид үйл ажиллагаанд өртсөн гэдгийг зарлах хэрэгтэй байна.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Тухайн үед Монголын элит хүмүүс бүгд хэлмэгдсэн. Сэхээтэн лам нар, алтан ургийнхан улс төрийн хэлмэгдэлтэд өртөж, цаазлуулсан. Үүнээс үүдэн төрөө авч явах ухаан бидэнд дутаад байж магадгүй юм” хэмээн хэлж байсан удаатай. Энэ ч үнэний ортой. Шилж сорлож алсан монголчуудын үлдсэн ард түмэн нь ядуу дорой, аймхай хулчгар. Бидний байж байгаа царай ердөө л энэ.

Өнөөдрөөр авч үзье. Улс орноо удирдаж буй улстөрчид, эрдэмтэд, топ 100 татвар төлөгчийг устгачихвал энэ улс оронд юу болох вэ. Элитгүй улс орон ямар нөхцөл байдалтай байх вэ. Бидний ирээдүй тун бүрхэг болно оо доо. Бид одоо ухаалаг, хэрсүү дархлаатай үндэстэн болох хэрэгтэй байна. Өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй ард түмэн болох хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

5800 метрт гацсан Монгол уулчныг эсэн мэнд буулгажээ DNN.mn

5800 метрт гацсан Монгол уулчныг эсэн мэнд буулгажээ

Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна гэдгийг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Х.Бумхишигийг аврах ажиллагаа амжилттай болж, найм хоногийн дараа эсэн мэнд машин хүрэх газарт буулгаж ирсэн талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэх юм байна.

Түүнийг Монголын Уулчдын үндэсний холбооны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварлаа. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, дөрөв хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Mongolia Mining 2022” үзэсгэлэнг энэ сарын 21-нд нээнэ DNN.mn

“Mongolia Mining” олон улсын уул уурхайн 11 дэх удаагийн үзэсгэлэнг энэ сарын 21-23-нд “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийнэ. “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт” УҮГ худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хүргэх юм. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том үйл ажиллагааг энэ жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад энэ онд уул уурхайн салбар хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар УУХҮЯ, АМГТГ, “Оюу Толгой“ ХХК ажиллаж байна.

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компани, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, үнэлгээ консалтингийн компани, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулан сурталчлах юм. Мөн “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, тэр дундаа ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100-гаад байгууллага, манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх томоохон байгууллагууд оролцох юм.

Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан, үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох боломжтой. Үзэсгэлэн гаргагч, зочдод зориулан автобусаар Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үнэгүй үйлчилнэ.

“Мongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал үйл ажиллагаанд тооцогддог бөгөөд уламжлал ёсоор “Майнэкс Монголиа” ХХК, “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, алтан ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК, “Новел групп” ажиллаж байгаа бол үндэсний бүтээн байгуулагч, мөнгөн ивээн тэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, “Мега Сэлбэг” ХХК ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хөтөл”-ийн зуухны тоосго хэмхэрч, “Монполимент” цементээ зөөж чадахгүйд хүрч, “МАК”-ийн цемент ченжүүдийн гараар зарагдаж байна DNN.mn

Барилгын гол түүхий эд цемент дахиад л ховордож, “нүдний гэм” болжээ. Ердөө хоёр сар орчмын өмнө л тонн нь 380 мянгаар худалдаалагдаж байсан бол өнөөдөр 580-600 мянган төгрөг болтлоо өсчээ. Ховордсон цементийн үнийг хэдхэн ченж тодорхойлж аманд орсон үнээ хэлж, барилгын салбарынхныг дарамтлаад сууж байна.


Т.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрүүд хэрэгцээ хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байна


Бид Гурвалжинд байрлах барилгын материалын 44 дүгээр зах дахь нөхцөл байдлыг сурвалжиллаа. Өдөр 11:00 цаг өнгөрөөд очиход агуулахууд бараг хоосорчээ. Буланд нь цөөхөн шуудайтай МАК-ын цемент л харагдаж байв. Цементийн худалдаа эрхлэгч Т.Эрхэмбаяраас цөөн асуултад тодруулга авлаа.


-Цемент тасраад байна уу. Агуулахууд бараг хоосон харагдах юм?

-Эрэлт хэрэгцээ их байна. Өглөө орж ирсэн цөөхөн вагон нь тэр дороо дуусчих юм.

-Энэ зах руу өдөрт хэдэн вагон цемент орж ирж байна вэ?

-Энд өдөрт л 30-40 вагон цемент орж ирж хэрэгцээ хангадаг юм. Өнөөдөр цөөхөн вагон орж ирээд тэр дороо дуусчихаж байна. Цементийн худалдаа эрхлэгчид өөрсдөө үйлдвэрээс нь бага хэмжээгээр татаж аваад худалдаалах ч тохиолдол байна.

-Цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байна уу?

-Нэг талдаа тийм. Дотоодын зах зээлд цемент нийлүүлж байгаа үйлдвэрүүд хэрэгцээ хангах хэмжээнд тогтвортой ажиллаж чадахгүй байна. Нэг бол уут дуусчих юм, үгүй бол нийслэл рүү вагон явуулж чадахгүй байгаа юм. Энд бол 30-40 вагон цемент орж ирж байж л бүрэн хэрэгцээ хангана. Одоо бол тийм боломж алга. Ачааны машинтай орж ирсэн хүмүүс дүүртэл ачаад гарч чадахгүй байна.

-Өнөөдөр цемент хомсдоод байгаа шалтгаан нь ердөө энэ үү?

-Хөтөлөөс шуудай цемент ч орж ирэлгүй хагас сар орчим болж байна. Гол ачааг үүрч үнийг тэнцвэржүүлнэ гэж дуугарч байсан газрынх нь үйл ажиллагаа доголдчихлоо.

Хоёрдугаарт “МАК”-ын зүгээс зөвхөн борлуулалтын цэгүүдээрээ цементээ борлуулах сонирхолтой байна лээ. Энэ нь өнгөрсөн зун Хөтөл цементийн удирдлагуудын зүгээс гаргасан үйлдэлтэй холбоотой байх. Одоо“МАК”-ын цемент энэ зах руу бага хэмжээгээр л орж ирж байна. Ирсэн нь хаанаа ч хүрэхгүй байна л даа.

-“Мон цемент” энд харагдахгүй юм. Орж ирэхгүй байна уу?

-“Мон цемент” орж ирээгүй удаж байна. Ер нь Дорноговийн Өргөн сум дахь үйлдвэрээсээ нийслэл рүү зөөхдөө асуудалтай байгаа гэж ойлгосон. Өргөнөөс вагон явахгүй байгаа. Энэ нь нийслэл рүү цемент нийлүүлэхэд түвэг удаж байгаа тухай л мэдээлэлтэй байна” гэв.


Л.Батзориг: Энэ янзаараа бол цемент урдаас татахаас өөр арга алга. Барилгын салбар сүйрэх нь


44 дүгээр захын орчим цемент сурагласан хүмүүсийн хөлд дарагджээ. Орж ирсэн цөөхөн вагон цементийг нь ченжүүд хувааж авчихаад дамлаж зарж байгааг иргэд хэлж байна. Тэдний төлөөлөл Л.Батзоригтой ярилцлаа.


-Цемэнт авч чадсангүй юу та?

-Чадсангүй. Өглөө вагон буухад нь 20 тонн цемент авчихыг бодсон юм. Ченжүүд нь хуваагаад авчихлаа. Сүүлийн гурван хоног цемент хайлаа, олж чадсангүй.

-Огт олдохгүй байна уу?

-Цементийн ченжүүд гартаа оруулчихаад хөөрөгдөл үүсгээд байна. Тонн цементийг 580 мянга гэж байна шүү дээ. 600 мянган төгрөгөөр байгаа газарт буулгаж өгнө гэж байна. Дотоодын үйлдвэрүүд зах зээлд хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлж чадахгүй байгаа учраас л цөөхөн хэдхэн шуналтай хүмүүс гартаа оруулчихаад ийм байдалд хүргэж байна. Цементийн зах зээлд ямар ч эмх цэгц алга. Хор уршиг нь барилгын салбарынханд ирж байна. Одоо байрны үнэ цаашид өсөх нь ойлгомжтой. Ачаа нь иргэдийн нуруунд л очно. Гэтэл дээр дуусан хүмүүс маань нэг сургуулийн захирал хольж солих асуудалд л ач холбогдол өгөөд байдаг. Энэ хооронд чинь барилгын салбар сүйрч дууслаа.

-Одоо та бүхэн үйл ажиллагаагаа яаж байна вэ?

-Таг зогсчихоод байна. Уул нь барилгын улирал дуусахаас өмнө ажлаа жаахан ч болов явуулчихмаар байх юм. Гэтэл нөхцөл ийм байна. Ямар ч арга алга.

-Цементийн зах зээлийг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангана гэж мөн ч олон удаа дуугарч байсан даа. Ам бардам хэлдэг.

-Дотоодын үйлдвэрүүд хэрэгцээгээ бүрэн хангаад байвал сайн. Гэхдээ чадахгүй байна. Өнгөрсөн хавар барилгын улирал эхлэх үеэр хомсдолд орж байсан. Тухайн үедээ үйлдвэрүүд уутгүй болсон гэж тайлбарлаж байлаа. Харин өнөөдөр Хөтөл нь хамаг чадлаараа ажиллаад техникүүдээ эвдлээд хаячихав бололтой. “Мон цемент” нь нийслэл рүү зөөж чадахгүй байна. Ийм бүтэлгүй байвал урдаас татахаас өөр аргагүй. Дотоодын үйлдвэрээ дэмжиж байгаа нь олзуурхууштай ч өнөө хэд нь үүргээ биелүүлж чадахгүй байна гэв.

Дотоодын үйлдвэрүүдийн тухайд “Хөтөл цемент”-ийн техник эвдэрсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдоод байгаа гэнэ.Энэ талаар тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар “Барилгын салбарт 2 сая тонн орчим цемент ашигладаг.Хөтөл цемент хамгийн ихдээ 380 мянган тонн үйлдвэрлэж байсан бол энэ жил бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Одоогоор төлөвлөгөөт засвар хийж байгаа. Одоогоор засварын ажил 70 орчим хувьтай байна.Бид мөнгөгүй, мөн тоосгоны нөөцгүй үйлдвэр хүлээн авсан. Нөөцөө бүрдүүлэхийн тулд тодорхой хугацаа орсон. Зуухны тоосгыг нь зургаан сар тутамд солих ёстой атал 36 сар солиогүй ажиллуулснаар эвдэрлээ. Засварын ажлыг барилгын улиралд багтааж дуусгахаар шахуу ажиллаж байгаа” гэв. Тэрбээр үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.


МАК: Өдөрт 3500 тонн цемент зах зээлд нийлүүлж байна


Харин МАК евро цементээс дээрх асуудлын хүрээнд тодруулга авсан юм.


-Дотоодын зах зээлд цементийн хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хаджээ. Танайх зах зээлд өдөрт хэдэн тонн цемент нийлүүлж байна вэ?

-Манай үйлдвэрт дотоодын зах зээлд өдөрт л 3500 тонн цемент нийлүүлж байна. Үүний 3200 тонн нь Улаанбаатар хотын зах зээл рүү ордог. Үнэ ханшийн тухайд үйлдвэрээс ууттай цемент тонн нь 335600 төгрөгөөр гарч байна. Харин задгай цемент тонн нь 183500 төгрөгөөр нийлүүлж байгаа. “МАК”-ын цемент зах зээлд хэвийн нийлүүлэгдэж байна хэмээв.

Додоодын үйлдвэрүүдээс “МАК” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Гэвч тэдгээр нь ченжүүдийн гараар дамжиж байна. Харин “Мон цемент”-ийн тухайд хүчин чадлаараа ажиллаж байгаа ч вагоноор зөөж чадахгүй байгааг онцолж байгаа юм. Төрийн мэдэлд очоод буй Хөтөлийн үйлдвэрийн тухайд засвартай байгааг захирал нь хэлж байна. Тэд үлдсэн хугацаанд шуудай цемент ч зах зээлд нийлүүлж чадахгүй нь бололтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Дашнямтай, шарагчин могой өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 13, Ангараг гариг. Билгийн тооллын 18, шийдэм одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6:26 цагт мандан, 19:10 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар 16-21 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон,Улз, Халх голын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.