Categories
мэдээ нийгэм

“Өргөө” амаржих газар молекул биологийн лабораторитой боллоо DNN.mn

“Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Молекул биологийн шинэ лаборатори өнөөдөр нээлтээ хийлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамны зүгээс хийж буй ажлын хүрээнд Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр амаржих газруудыг хангах асуудлыг улсын төсөв болон донор олон улсын санхүүжилтээр шийдэж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд ЭМЯ зүгээс хүсэлт тавьсны дагуу НҮБХАС, Люксембургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай коронавируст халдвар, бусад нөхөн үржихүйн халдваруудын оношлогоог баталгаажуулах орчин үеийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Энэ үйл ажиллагааны хүрээнд 2022 оны төлөвлөгөөнд буй “Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах нь” төслөөр эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхийн Молекул биологийн иж бүрэн 3 лабораторийг Улаанбаатар хотын Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д тус тус хүлээлгэн өгөх ажил явагдаж байна.

Уг лабораторийн иж бүрдлийг дэлхийд тэргүүлэгч Seegene компани 2 жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж байгаа бөгөөд Ковид-19 халдвараас гадна гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдарын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмж, лабораторын стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт нийлүүлэгдэж байна.

Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.Мөн үүний дагуу молекул биологийн оношлогоог эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн практикт ашиглах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.

Дашрамд дурьдахад дараагийн ээлжинд ЭМЯ зүгээс хотын амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, доктор Халид Шарифи, Өргөө амаржих газар ТМЭ-ийн Захирал Ж.Энхцэцэг, доктор, Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах асуудлыг яаравчлан шийдэхийг анхааруулав DNN.mn

АВТОБУСНЫ ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН БОЛОН АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ЗОГССОН АВТОМАШИНЫ  ЖОЛООЧ НАРТ ХЯНАЛТЫН КАМЕРААР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛДАГ

Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 965, амралтын өдрүүдэд 720 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.

Хүн тээврийн ачааллын хувьд өглөө ажил цуглах, үдэш ажил тарах үеэр ихээхэн нэмэгддэг бол өдрийн цагаар ачаалал харьцангуй багасаж байгааг өнөөдрийн нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дурдаж байлаа.

Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, эмх цэгцтэй болгох зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зүгээс хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэлэг үйлчилгээг эрэлхийлж байгааг тус газрын дарга Ч.Сайханбаяр тодотгосон юм.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Mood of Mongolia” байгууллагын залуустай хамтран Ард кинотеатрын автобусны буудал дээр “Цэгцтэй автобусны буудал” туршилтыг явуулжээ. Энэ нь тухайн буудалд зогсож буй автобусыг чиглэл, чиглэлээр нь тусгайлсан баганын дэргэд зогсоож, иргэд тэрхүү баганын дагуу ирсэн дарааллаар эгнэн зогсож, үйлчлүүлэх туршилт байсан юм.

Энэ нь бусад улс орнуудад, тодруулбал БНСУ-д хэрэгжиж үр дүнгээ өгсөн туршилт бөгөөд автобуснууд зөвхөн тэмдэгт газарт зогсох, иргэд эмх замбараатай үйлчлүүлэх боломжийг олгож буй юм. Ингэснээр цаг хэмнэх боломжтойг мөн үеэр дурдаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарын удирдлагууд, хувийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус салбарт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь нягтлан, нэн даруй шийдэх үүрэг өгөв.

Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах, ингэснээр автобусны үйлчилгээг сонгох боломжийг олгох гэхчлэн хүйтэн сэрүүний улиралд яаравчлан шийдэх асуудал чамгүй байгааг анхааруулсан юм

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын албан ханш 3.248.97 төгрөгт хүрлээ DNN.mn

250 сая+800 сая ам.доллар айсуй | News.MN

Ам.долларын эсрэг төгрөгийн ханш 2022 оны хоёрдугаар сараас тасралтгүй унасаар Монголбанкны албан ханш 3,248.97 төгрөгт хүрлээ. 2,848 төгрөгт тогтмол явж байсан ханш өнгөрсөн хоёрдугаар сараас өсөж эхлэн дөрөвдүгээр сарын 6-нд 3,000 төгрөг даваад байсан бол есдүгээр сарын 1-нээс 3,200 төгрөгт хүрч өнөөдрийг хүртэл аажмаар өссөөр байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын эсрэг төгрөгийн ханш сүүлийн хагас жилийн хугацаанд 13% суларчээ.

Төгрөгийн ханш ийнхүү суларч байгаатай холбоотойгоор зах зээлд долларжилт нэмэгдэж байгааг Монголбанкны судалгаа харуулж байна. 2021 оны эцэст нийт хадгаламжийн 23.4 хувь нь доллар байсан бол энэ дүн 2022 оны долдугаар сарын байдлаар 29.3% болж өсөөд байгаа юм.

Монголбанкны статистикаар гадаад валютын улсын нөөц наймдугаар сарын байдлаар 2.69 тэрбум ам.доллар байгаа ба энэ нь дөрөв орчим сарын импортын нөөц юм. Монгол Улсын экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 40 орчим хувь, түүний дотор нүүрсний экспорт мөнгөн дүнгээрээ 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байгаа ч валютын нөөцийн бодит хэмжээ төдийлөн өсөхгүй байгаа нь нүүрсний экспортын төлбөрийг урьдчилан авсантай холбоотой байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

Импорт өнгөрсөн оноос 25% өссөн, импортын барааны 97%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа энэ тохиолдолд экспортын гарцаа, ялангуяа шууд төлбөртэй худалдааг нэмэх шаардлага үүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон 2 настай охиныг эсэн мэнд олжээ DNN.mn

Увс аймгийн товч танилцуулга - 19 September 2008 - Students and guys of Uvs

Алга болсон хоёр настай охиныг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар баг, Бага нуур гэх газарт гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хоёр настай хүүхдийг хайж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Өчигдөр 18:05 цагт алга болсон түүнийг алга болсон гэх газраас найман километрийн зайд орших “Шат гэх “газраас өнөөдөр 10:20 цагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна.

Хүүхдийн биеийн байдал хэвийн байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна DNN.mn

Хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг шийднэ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. Тус зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн 12 нэр төрлийн үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай байгааг танилцууллаа. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах санал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд бүхий л байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга тодотгосон.

Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарлаа хандуулах цаг болсныг тэрбээр онцлон санууллаа. Орлого төвлөрүүлэлтэд Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх хойрго хандаж буй ажээ.

Чингэлтэй дүүрэг санаачилгатай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 94.5 хувьтай төвлөрүүлсэн бол Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд 75 хувийн биелэлттэй байна. Харьяа газруудаас Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд орлого бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг санууллаа.

ОРОН СУУЦ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГҮҮДИЙГ ХАЛААЛТАД ХОЛБОЖЭЭ

Намрын сэрүүн өдрүүд айлчилсан энэ цаг үед хамгийн их анхаарал татсан асуудал бол халаалт, дулаан түгээх асуудал байдаг. Жил бүрийн есдүгээр сарын 15-наас түгээдэг халаалт болоод дулаан, цахилгаан түгээлтийн өнөөгийн байдал ямар байгаа тухай мэдээллийг сонслоо.зураг

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан:

-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэмжээнд төв шугамын засварын ажил бүрэн хэмжээнд дууссан үзүүлэлттэй байна. Манай байгууллага энэ зуны хувьд 10 байршилд 200-1,000 мм-ийн диаметртэй нийтдээ 5.5 км шугамыг хэсэгчлэн солих ажлыг хийж гүйцэтгэлээ.

Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд дулаан хангамжид холбогдох 3,800 гаруй орон сууцны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг халаалтаар хангах бэлтгэлийг хангасан. Есдүгээр сарын 15-наас эхлэн ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станцууд ажиллаж нийслэлийн дулаан хангамжийг түгээж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 112 сургууль, 165 цэцэрлэг, 66 эмнэлэг, 190 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3,771 орон сууцны халаалтыг өгч, 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим албан байгууллага халаалтаа түр хугацаагаар хаалгасан байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр 5А магистрал шугамыг 1,000 мм-тэй болгон өргөтгөж дууслаа.

Өргөтгөл, бүтээн байгуулалт дууссан ч залгалт хийгээгүй учир Алтай, Тэлмүүн, Хос өргөө хотхонуудын 32 байрны халаалтыг хараахан өгч амжаагүй байна. Мөн Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа наймдугаар магистралын шугамын засварын ажил хил гаалийн саатлаас шалтгаалан бүрэн дуусаагүй байна. Үүнээс үүдэн Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг, тус эмнэлгийн ойролцоох хоёр орон сууцны халаалтыг өгөөгүй байна. Тун удахгүй халаалтыг залгана гэсэн хариулт өглөө.
зураг

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Р.Дагдан:

-Улаанбаатар хот одоогийн байдлаар 552 МВт ачаалал авч байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед 542 МВт байсан. Урсгал засварыг бүрэн гүйцэтгэсэн, их засвар 82 хувьтай, 2022 оны худалдан авах ажиллагааны багцын ажил 83.3 хувьтай байна.

Хил гаалийн саатлаас үүдэн ажил хойшлогдсон тал бий. 2023 оны нийслэлийн хэмжээнд гэрэл цахилгаангүй айл өрхийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлсэн. Одоогийн байдлаар судалгааг нарийвчлан авч байна. Судалгаанд анхаарлаа хандуулж, ирэх онд хийх ажилд нийслэлийн зүгээс саналаа илгээх хэрэгтэй байна гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Мөст суманд хөл хорио тогтоолоо DNN.mn

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ СУМД ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

Ховд аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас Мөст суманд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Тус суманд “Тарваган тахал”-ын нэгдүгээр хавьтал байж болзошгүй гэж үзсэн учир хөл хорио тогтоосон байна.

Шуурхай штабаас гаргасан шийдвэрүүд:

  • Эрүүл мэндийн сайдын баталсан “Тарваган тахал өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын дагуу тахал туссан байж болзошгүй иргэний нэгдүгээр хавьтлын иргэдийг тусгаарлалтад авч, яаралтай тусламж үзүүлэх;
  • Нэгдүгээр хавьтлын иргэдийн оршин суугаа газар болон тахал гарсан байж болзошгүй Мөст сумын Хужирт баг, Алтай сумын Бодонч багт хөл хорио тогтоох;
  • Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Ховд аймаг руу орох болон гарч байгаа хөдөлгөөнд хяналт, шалгалт хийж, илэрсэн тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын төв рүү зөөвөрлөж, устгах;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан тарвага агнах шийдвэрийг хүчингүй болгох;
  • Голомтын эрсдэл өндөр Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Манхан, Булган сумдад тарвага агнах, худалдаалах, ахуйн хэрэгцээнд хэрэглэх үйлдлийг зогсоох, хяналт тавьж ажиллах;
  • Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж тарвага худалдаалж буй үйлдлийг илрүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
  • Иргэд олон нийтийг тарвага агнахгүй, мах эд эрхтнийг хүнсэнд хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн тарвагыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхээр хадгалж байгаа бол Зооноз өвчин судлалын төвийн 70433726 дугаарт холбогдож устгал хийлгүүлэхийг уриалж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
facebook sharing button
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 21.6 хувиар өссөн байна DNN.mn

ОБЕГ: Ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны нэг дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь насыг аварчээ. Түүнчлэн 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан байна.

Он гарсаар есдүгээр сарын 19-ний байдлаар нийслэлийн хэмжээнд

  • объектын гал түймрийн 1,338
  • ой хээрийн түймрийн 5
  • аврах ажиллагааны 150 буюу нийт 1,493 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 21.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Владимир Путин, Си Жиньпин нарын уулзалт юу илэрхийлэв DNN.mn

Орос, Хятадын удирдагч Владимир Путин, Си Жиньпин нар Украинд дайн эхэлснээс хойш хийсэн анхны уулзалтынхаа үеэр ойр дотно байдлаа харууллаа гэж “Dpa”, “Reuters” агентлагууд дүгнэн мэдээлэв. Манай хөрш улсын удирдагчид ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон, Узбекистан улсын томоороо эхний дөрөвт ордог, эртний Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны пүрэв гаригт уулзсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Украины хямралтай холбогдуулан хятад найз нөхдийн баримталж буй тэнцвэртэй байр суурийг бид өндөр үнэлж байна” гэж хэлсэн байна. Мөн Путин “Москва, Бээжин хоёр ямар нэгэн улсын тулгаж буй дүрэмд бус олон улсын хууль дүрэм, НҮБ-ын журамд суурилсан олон туйлт дэлхийн дэг журам байгуулахыг хамтдаа зорьж байна” гэж хэлсэн.Владимир Путин мөн “Нэг Хятад” зарчмыг Москва хатуу баримталж байгаа бөгөөд Тайванийн хоолойд “АНУ болон түүний хамсаатнуудын хийж буй өдөөн хатгалгыг эрс буруушааж байна” гэж Си Жиньпинд мэдэгдэв.

Бас энэ оны эхний долоон сарын байдлаар Орос, Хятадын худалдааны хэмжээ 25 хувиар өссөнд Кремль таатай байгааг онцолсон байна. Ойрын ирээдүйд жилийн худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ гэж тэрээр цохон тэмдэглэв. Хариуд нь Си Жиньпин хоёр улсын үр дүнтэй стратегийн холбоо харилцаа хадгалагдаж байгааг тэмдэглэсэн байна. Мөн “Бид Орос улстай хамтран дэлхийн хариуцлагатай гүрний үлгэр жишээг үзүүлж, хэт хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг тогтвортой, эерэг хөгжлийн замд оруулахад манлайлах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж Си Жиньпин мэдэгджээ. Хятад улс Оросын эсрэг Барууны улсуудын хориг арга хэмжээг буруушааж, Украин дахь Путины үйл ажиллагааг ойлгож буйгаа харууллаа гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Путиныг “хуучны анд найз” хэмээн нэрлээд, Хятад улс ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлнэ гэжээ.

Хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр Путин “Украины хямралын асуудлаарх Хятад улсын тэнцвэртэй байр суурьт талархаж байгаагаа” илэрхийлсэн бөгөөд хариуд нь Си Жиньпин дарга “Хятад улс тус тусын язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаар харилцан бие биедээ хүчтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж хэлсэн тухай “Шиньхуа” агентлаг мэдээлэв. Энэхүү уулзалтын өмнө ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Олон улсын өнөөгийн нөхцөл байдлын онцлогийг харгалзан үзэх энэхүү уулзалт нь онцгой ач холбогдолтой” гэж мэдэгдэж байсан юм. Учир нь Си Жиньпин тахал өвчин эхэлснээс хойших анхны гадаад айлчлалаа Казахстанд хийсний дараа Узбекистанд ирсэн билээ. Бээжинд олон жил ЗХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байсан Казахстаны ерөнхийлөгч КасымЖомарт Токаев хятад хэлээр Си даргатай ярилцсан бөгөөд Си Жиньпин “Хятад улс Казахстан улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр шууд хамгаална” хэмээн мэдэгдэж газар дээр нь хоёр улсын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Украины газар нутагт бий болсон ЛНР, ДНР гэх хуурамч улсыг Казахстан хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсоор мэдэгдсэний дараа ОХУын улс төрчид Казахстанд довтлохыг уриалж эхэлсэн бөгөөд ОХУын ерөнхийлөгч асан Д.Медведев бүр ямар ямар газар нутгийг Оросууд Казахстанаас салгаж авах ёстойг нэр заан дурдаж байсан юм. Иймээс Казахстанд айлчлахдаа хийсэн Си Жиньпиний энэхүү мэдэгдэл, хамтарсан гэрээ нь үнэндээ В.Путиныг улаан нүүрэн дундуур нь алгадаад авснаас ялгаагүй зүйл болсон билээ. Цагтаа ЗХУын КГБын тагнуул явсан, АНУын нэрт улс төрийн тоймч Ю.Швец “Си Жиньпиний энэхүү мэдэгдэл нь Төв Ази зөвхөн Хятадын сонирхлын бүс нутаг болсон гэдгийг В.Путинд хатуу ойлгуулж, жинхэнэ “улаан шугам” татсан явдал. Хариуд нь хятад зөөлөн бодлогын дагуу, В.Путиныг тэртэй тэргүй мөнгөгүй болсныг нь мэдэж байгаа Си Жиньпин Монголын удирдагчтай хамтран Монголын нутгаар дайруулан Оросоос Хятад руу хийн хоолой татах асуудлыг хэлэлцлээ” хэмээн дүгнэн мэдэгдэв. Үнэхээр энэ бол Орост өгсөн том цохилт гэхээсээ Хятадын геополитикийн том ялалт юм. Чухамхүү Си Жиньпиний энэхүү мэдэгдэл, гарын үсэг зурсан гэрээнээс болж хоёр удирдагчийн уулзалтын эхэнд В.Путин Си Жиньпинд хандан “Украины дайнаас болж Бээжинд санаа зовох зүйл гарч байгааг бид ойлгож байна” хэмээн буруугаа хүлээн “доош орсон” билээ.

Хоёр улсын удирдагчид хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард Бээжингийн өвлийн олимпийн үеэр уулзаж, дараа нь “Хоёр орны найрамдал хил хязгааргүй” гэсэн хамтарсан мэдэгдэл гаргаж байсан юм. Харин хэдхэн хоногийн дараа Орос Украин руу довтолсон билээ. Украиныг түрэмгийлсний дараа барууны улсуудаас тусгаарлагдсан тул Си Жиньпин шиг дэлхийн нөлөө бүхий удирдагчтай уулзах нь мэдээж Путинд ашигтай. Украины дайнаас болж урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээний давлагаа үүссэн тул Хятадын хөрөнгө оруулалт, технологи, хоёр талын худалдаа ОХУд маш их ач холбогдолтой байгаа нь бас ойлгомжой. Барууны компаниуд Оросын зах зээлээс татагдсаны дараа тэдний байрыг Хятадын пүүсүүд эзлэх нь Путинд мэдээж чухал. Гэвч бодит байдал дээр ОХУ-аас Хятад руу экспортлох хэмжээ илүү хурдацтай өсч байгаа бол Хятадын тус улс руу хийх экспорт эсрэгээрээ удааширсаар байгаа юм. ОХУ нь өнгөрсөн таваас долдугаар сарын хооронд Хятадад түүхий нефть нийлүүлэгч гол орон болсон билээ. Хятадын түүхий нефтийн импортын 19 хувийг Орос дангаар эзэлж байна. Мөн Хятадын энэ оны эхний долоон сарын байдлаар Оросоос импортолсон шингэрүүлсэн хийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн байна. Өнгөрсөн долдугаар сард Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрчээ. Хятад нь Оросоос илүү хямд нефть авснаар дөрвөөс долдугаар сарын хооронд гурван тэрбум орчим ам.доллар хэмнэжээ. “Reuters” агентлагийн тооцоолсноор Хятад нь Оросоос авч буй түүхий нефтийн тонн тутамд 708 ам.доллар төлж байгаа бол Москва нь бусад улсуудад 816 ам.доллараар зарж байгаа аж. Түүгээр ч барахгүй барууны улсууд Оросын газрын тос, байгалийн хийн хараат байдлаа эрс багасгаж байгаа учир Москва зүүн тийш, тэр дундаа Хятад руу нийлүүлэх гэж оролдож байна. Мөн Москва Украины дайныг үргэлжлүүлэхийн тулд зэвсэг авахыг маш их хүсч байгаа ч өрөвдсөн үг хэллэг хэрэглэхээс бусдаар Хятад улс Орост үзүүлэх цэргийн тусламжийн талаар маш болгоомжтой хандаж байгаа юм.“Хятад нь АНУ болон барууны улсуудтай худалдааны хэт хамааралтай учраас цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд аюул учруулж мэдэх эрсдэлтэй алхам хийхгүй” гэж Торонтогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Сева Гуницкий дүгнэсэн юм. Түүний тайлбарласнаар Хятад нь Путиныг дэмжиж буйгаа амаараа л илэрхийлэхээс биш ашиг сонирхолдоо харшлах зүйл хийхгүй. ОХУ дайнд таагүй үр дүн үзүүлж буй энэ үед Путинд туслахын тулд ямар нэгэн эрсдэл гаргах цаг биш” гэж Сева Гуницкий дүгнэжээ.

Сарын дараа буюу аравдугаар сарын 16нд Хятад улсын Коммунист намын 20 дугаар их хурал хуралдах учир Узбекистанд айлчлах, Путинтэй уулзах нь Си Жиньпиний хувьд ч бас ихээхэн чухал ач холбогдолтой явдал юм. Тайвань болон Хонконгийн хэвлэл мэдээлэл “Си Жиньпин ШХАБын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа нь тэрээр намаа ч, улсаа ч бүрэн удирдаж байгаа гэдгээ дэлхий нийтэд харуулж, Хятад улс дэлхийн тавцанд байр сууриа хадгалах бодолтой байгаагаа АНУд ойлгуулахыг хүсч буй явдал” хэмээн бичиж байгаа нь хоосон зүйл биш юм.

Си, Путин нарын уулзалт Украины цэргүүд өргөн хэмжээний сөрөг довтолгоо хийж байгаа үед болсон бөгөөд Бээжин Украины дайнтай холбоотой “төвийг сахисан байр суурь”аа хадгалахыг хичээж байгаа нь ойлгомжтой болов. Энэ нь нэг талаас Хятадын эрх баригчид АНУ, НАТО-г буруутгаж байгаа ч нөгөө талаас ОХУд дорвитой дэмжлэг үзүүлэхгүй нь тодорхой байна гэсэн үг юм. Иймээс ч Оросын цэргийн бүтэлгүйтэл нь Си Жиньпинд Путинтэй хэлэлцээ хийхэд давуу тал олгож байна гэж улс төрийн шинжээчид дүгнэн бичиж байна. Үүний зэрэгцээ энэ явдал нь хоёр улсын хамтын ажиллагааны ерөнхий чиглэлд нөлөөлөхгүй бөгөөд тэд барууныхныг эсэргүүцэх стратегийн ашиг сонирхол дээр нэгдмэл байр суурьтай байгаа билээ.

Эцэст нь АНУын “Stimson Center” судалгааны төвийн Хятад судлалын захирал Юн Сонг “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Украинд Орос ялсан ч, ялагдсан ч Хятад улс цаашид Оростой харилцах харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй. Орос ялбал Хятад хүчирхэг холбоотонтой болно. Харин ялагдвал Орос Хятадын вассал улс болох магадлалтай” гэж хэлснийг дурдах нь зөв биз ээ. Учир нь ОХУын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын удирдагч Си Жиньпиний дараа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай уулзахдаа “Би хэлэлцээ хийх гэсэн боловч Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бэлэн бус гээд уулзахгүй байна” хэмээн гомдоллосон бөгөөд Моди хариуд нь “Чи наад дайнаа яаралтай зогсоо!” хэмээн Путинд шулуухан тулгасан юм. Мөн ШХАБын дээд хэмжээний энэхүү уулзалтын үеэр цагтаа хатан хаан II Елизавета агсныг 14 минут, Ромын Пап ламыг хоёр цаг хүлээлгэн томорч байсан В.Путин Тажикстантай буудалцаж эхэлсэн Киргизийн ерөнхий сайд, дараа нь Турк, Азербайжаны ерөнхийлөгч болон Энэтхэгийн ерөнхий сайдыг хүлээн жижгирч байгаа бичлэг дэлхий нийтэд тарсан билээ. Бас ОХУ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас Азербайжантай байлдан ялагдаж байгаа Армены ерөнхий сайд ШХАБ-ын энэ хуралд ирсэнгүй. Ийм хамтын ажиллагаа гэж байх уу?! Барууны зарим судлаачид “В.Путины оролцсон юм бүхэн ялзран доройтож, мөхөл рүүгээ явдаг” гээд байгаа нь оргүй ч зүйл биш бололтой.

Энэ бүхэн олон улсад “Алагдах баавгайн арьс”-ыг аль хэдийнэ хуваагаад эхэлсэн гэдгийг батлан харуулж байна.



Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн 27 байршилд явган хүний замыг шинэчлэн, засварлажээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд явган хүний замыг стандартад нийцүүлэн засаж, шинэчлэх ажил хийгдэж буй. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 27 байршилд явган хүний замыг шинэчлэн, засварласан байна.

Энэ оны есдүгээр сарын байдлаар тус дүүргийн 1, 2, 3, 4, 11, 12, 19, 20, 21 дүгээр хороонд 5,656.1 м.кв талбайн явган хүний замыг шинэчилж, эвдрэлтэй 650 м.кв замыг нөхөн засварлажээ.

Түүнчлэн нийслэлийн найман байршилд 36,000 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчилсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, нийт 16.6 километр гудамжинд 80,000 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэхээс одоогийн байдлаар найман байршилд 36,000 ам метр нь буюу 45 хувийг нь шинэчилсэн.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Дэмбэрэл: Монголбанкинд гадаад валютын нөөцөө хянах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм учраас нөөц өдрөөс өдөрт багасч байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Он дуусахад хоёр сар гаруй хугацаа үлджээ. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ойролцоогоор хоёр сарын дараа ДНБ-ий гуравдугаар улирлын мэдээллүүд гарах учиртай. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан. Энэ үзүүлэлтээс эдийн засаг тэлэх мөчлөгт орлоо хэмээн шууд дүгнэж болохгүй л дээ. Манай улсад 2019 оны төгсгөлөөс эхэлсэн эдийн засгийн бууралтын мөчлөг хэвээр үргэлжилж байгаа. Тиймээс он дуусахад үлдэж байгаа хоёр улиралд эдийн засаг ямар дүр зурагтай гарах талаар холбогдох байгууллагуудаас олон таамаг дэвшүүлж байна. ОУВС, Монголбанк, Сангийн яамнаас маш өлбөгөр буюу бага хэмжээний өсөлт үзүүлэх талаар таамаг дэвшүүлж байна. Миний хувьд жилийн эцэст эдийн засаг 1-2 хувийн өсөлттэй гарвал том амжилт гэж бодож байна. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Хасах руу орчихолгүй тэлэлтийн мөчлөг рүү орох эхлэл тавигдаж магадгүй хэмээн дүгнэж байна.Сүүлийн үед ковидын тархац буурч, хил гаалийн гацаа багасч байна. Монгол Улсын ДНБ нэрлэсэн утгаараа нэмэгдэж, ААН-үүдийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаа хэдий боловч санхүүгийн мектор зогсонги байдалд орж, зээл олголт багассаж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд болгоомжилсон хэвээр байна. Хэдийгээр 2020 онд дөрвөн улирал дараалан эдийн засаг хасахтай гарч, уналтад орж байсан үетэй харьцуулахад эдийн засаг бага боловч өссөн байна. Дэлхийн улс орнууд өмнө нь гаргаж байсан эдийн засгийн төсөөллөө өөрчилж, өөдрөг бус дүр зурагтай байгаа боловч хэт их доош орчихгүй болов уу. Гэхдээ 2008-2009 оны хямралыг хэн ч таамаглаагүй шүү дээ. Яг л өнөөдрийнхтэй ижил хэмжээнд өсөлттэй явж байгаад огцом уначихсан.Яг тэр үеийнх шиг шинж тэмдэг ажиглагдаж байгаа эсэх нь эдийн засагчдын дунд маргаан дагуулсаар байна. 2023, 2024 онуудад бүрхэгдүү өдрүүд үргэлжлэх ч тэлэлтийн мөчлөг рүү орж байна.

-Сүүлийн саруудад инфляц тогтмол өсч байна. Монголбанкнаас энэ жил инфляцийн түвшин зургаа нэмэх, хасах хоёр хувь байхаар төсөөлсөн. Гэсэн хэдий ч энэ төсөөлөл биелэх боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо шүү дээ?

Инфляцийн тухайд 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 13 хувьтай байсан. Жилийн дундаж нь 7.1 гарсан. Харин энэ он гарсаар найман сар гарсан хэдий боловч инфляцийн хурд багасах үзэгдэл ажиглагдахгүй байна. Энэ онд инфляц жилийнхээ дүнгээр 13-14 хувьтай байх болов уу. Инфляцийн сарын хурд нь холимог буюу нэг сар нь өссөн бол, дараагийн сар нь буурах байдал ажиглагдаж байсан. Миний таамаглаж байгаагаар оны төгсгөлийн сарууд буюу 10,11,12 дугаар саруудад инфляцийн хурд буурвал ерөнхий дүнгээрээ 13-14 хувь руу буурах болов уу. Гэсэн хэдий ч энэ бол том тоо шүү дээ. Инфляцийн өнгөрсөн 20 жилийн түүхийг аваад үзэхээр Монголын инфляц найм дээр нэмэх, хасах 1.5 гэсэн түвшинд аргамжигдсан. Өмнөх арван жилд буюу 2000-2009 оны үед 12 гэсэн түвшинд аргамжигдсан. Харин 2010-1019 онд найм гэсэн түвшинд байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас инфляцийн зорилтыг найм орчим хувьтай байх хүлээлтийг бодлогоор бий болгосон. Хэдийгээр Монголбанкнаас 2022 онд тавьсан инфляцийн зорилт нь биелэхгүй байж болох ч аргамжигдсан түвшин рүүгээ буух хандлага байна гэсэн үг.

-Биелүүлэхгүй юм бол Монголбанкнаас инфляцийн зорилтот түвшинг тогтоох ямар хэрэгтэй юм бэ?

-Яагаад ийм зорилт тавьдаг вэ гэхээр эцсийн үр дүн нь тоондоо байдаггүй. Харин та бидний буюу олон нийт, бизнес эрхлэгчдийн инфляцийн тухай хүлээлтийг удирдахад гол зорилго нь оршдог. Тухайлбал, бизнес эрхлэгч ирэх онд эхлүүлэх төслөө хэрэгжүүлэхдээ инфляцийг тооцохдоо Монголбанкнаас зарласан инфляцийн түвшинг тооцож үзэж байх нь Монголбанкнаас явуулж байгаа бодлогод итгэж байна гэсэн үг. Олон хүний итгэл давамгайлаад ирвэл инфляцийг удирдахад илүү дөхөмтэй байдаг. Тэр талаасаа дунд хугацаанд хүлээлтийг удирдах замаар урагшаа харсан бодлого явуулж байна. Монголбанк институцийнхээ хувьд бие даасан, хараат бус бодлого явуулах учиртай. Ямар нэгэн байдлаар Засгийн газар,УИХ-ын нөлөөнд байх ёсгүй. Энэ үүднээс аваад үзэхээр бие даасан хараат бус байдал руу өнгийх, хөндлөнгөөс орох байдал сүүлийн үед ихээхэн тохиолдож байна. Монголбанкны бодлогод шүүмжлэлтэй хандана гэдэг бол дуртай нь Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ, ЗГ дээр аваачиж загнана гэсэн үг биш. Мөнгөний бодлого гэдэг бол маш том бодлого байдаг л даа. Монголбанкны зорилтоо тодорхойлох бие даасан байдалд хөндлөнгөөс орох, шууд болон шууд бусаар халдах тохиолдол их байна. Цаашид УИХ энэ асуудалд анхаарах ёстой.

-Монголбанк төгрөгийн ханшийг тогтмол барих үүрэг хүлээдэг. Гэтэл сүүлийн саруудад валютын ханшийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-УИХ-ын зарим нэг гишүүд Монголбанкийг давхар мандаттай гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, валютын ханшийг хүчээр барих ёстой байтал яагаад ханшийг барихгүй байна вэ. Монголбанкны үндсэн зорилго инфляциас гадна мөнгөний ханш гэж хэлдэг. Гэтэл хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” хэмээн заасан.Валют гэдэг бол үндэсний мөнгөн тэмдэгт хоорондын харьцаа. Энэ бол зах зээлийн зарчмаар шийдэгдэх учиртай. Үндэсний аулгүй байдлын зөвлөлөөс өгдөг зөвлөмжийн дагуу гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, тогтмол арвижуулж, ханшаа тогтвортой байлгах учиртай. Одоогоор манай улсын гадаад валютын албан нөөц багасч байна. Энэ нь валютын ханшийн өсөлттэй шууд холбоотой.

-Гадаад валютын албан нөөц цаашид ч багассаар байвал ямар үр дүн бий болох вэ. Ханшийг хүчээр барих боломж бий юү?

-Валютын хэмжээ багасах биш нэмэгдэж байвал ханш тогтвортой байна. Ханшийн талаар Монголбанкны хуульд “Ханш чөлөөтэй бөгөөд тогтвортой байх ёстой” хэмээн заасан. Зарим нэг хүний хэлж байгаа шиг ханшийг барих оролдлого хийж валютын нөөцөө барчих юм бол гадаад валютын албан нөөцгүй болно. Тухайлбал, 2006-2021 оны байдлаар манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам. долларт хүрсэн байсан. Гэтэл одоо хоёр тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байна.Гадаад валютын нөөц буураад байгаагийн гол шалтгаан бол манай улс Монголбанкны Валютын хуулийн дагуу экскортлогч компаниуд бүтээгдэхүүн экспортолж олсон орлогоо 60 хоногийн дотор Монголбанканд бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын бүх орлого бүртгэгдэж байж дотоодын валютын албан нөөц нэмэгдэнэ. Хоёрдугаарт,экспортын орлогоос олсон валютыг хаашаа юунд зарцуулж байгааг хянаж байх ёстой. Тухайлбал, нүүрсний орлого Монголбанкинд бүртгэгдэхгүй хэрнээ элдэв төсөл, хөтөлбөр, төмөр зам руу орчихоод байвал яах вэ. Тиймээс цаашид эдийн засаг, ханшийн өсөлтийг тогтвортой байлгах,ханшийн инфляцид үзүүлэх нөлөөллийг бууруулах, төлбөрийн тэнцлийнхээ тогтвортой байдлыг хангахын тулд УИХ, ЗГ-ын хамгийн түрүүнд анхаарал зүйл бол валютын албан нөөцийг бүрдүүлэхэд Монголбанкны хуульд заасан эрхийг нь эдлүүлэх ёстой. Манай улс экспортын орлогоо албан ёсоор валютын нөөцдөө бүртгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ бол олон жил хуримтлагдсан асуудал.Гэхдээ ээдрээтэй боловч шийдэж болох асуудал. Экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хил гааль дээр баримт бичгийг дутуу боловсруулах үзэгдэл Монголын хувьд нотлогдох хүртлээ үнэн байх түвшинд байна. Тиймээс Монгол Улсын гадагшаа гаргаж байгаа цөөн тооны бүтээгдэхүүний орлого нь бүрэн оруулж ирэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ, ЗГ боловсруулж, уг асуудлыг анхааралдаа авах ёстой. Одоогийн байдлаар Монголбанкинд гадаад валютын нөөцөө хянах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм учраас нөөц өдрөөс өдөрт багасч байна. Ийм байхад ханшийн өсөлт тэнгэрт хадлаа гээд Монголбанкийг шахаад байж болохгүй шүү дээ. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд холбогдох байгууллагуудын өргөтгөсөн баг бүрдүүлсэн ажлын хэсэг байгуулж экспорт гаргахаас авахуулаад орлого орж ирэх хүртлэх замын зураг дээр мөшгилт хийх ёстой. Эндээс олон зүйл тодорхой болно.

-Тун удахгүй 2023 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ.Төсөв батлагдах үйл явцад өмнөх алдаагаа давтахгүйн тулд бид юун дээр анхаарах нь чухал вэ?

-Төсвийн төсөөллийг боловсруулж, орлогоо төсөөлөхдөө аль болох үнэнд ойртсон тоо баримт дээр анхаарч ажиллах учиртай. Нэгдүгээрт, экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр, түүхий нефть зэрэг бүтээгдэхүүнийхээ замын зургийг гаргаад мөшгөх учиртай. Тоо хэмжээ үнийн тухайд гэрээнүүдэд хэрхэн тусгагдаж, ямар гэрээг хэнтэй байгуулав гэх мэт төр мэдэх ёстой зүйлээ мэддэг байх ёстой. Төсвийн орлого дутуу орж ирэх тохиолдол их байгаа учраас хил гааль дээр томоохон хэмжээний мөшгөлт явуулбал төсвийн орлого бодитой бүрдэх, валютын нөөцийн хомсдол, инфляцид дарамт үзүүлж байгаа үр нөлөөг багасгана.

Нөгөө талаас төсвийг алдагдалтай батлах үзэгдэл хэвийн үзэгдэл мэт болчихлоо. Гэтэл төсвөө алдагдалтай батална гэдэг бол эргээд алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээл тусламж авахаас өөр аргагүйд хүрдэг.Тиймээс үүн дээр анхаарах учиртай. Ирэх жил төсвийн алдагдлаа багасгавал сайн. Мөн уул уурхайн экспортод анхаарал хандуулахаас гадна уул уурхайн бус экспортод анхаарал хандуулж ажиллах нь чухал байна. Өнөөдрийн байдлаар уул уурхайн гаралтай экспорт 90 хувь, уул уурхайн бүс экспорт 10 хувийг эзэлсээр 30 жил боллоо. Экспортоо солонгоруулах талаар 30 жил ярилаа. Энэ мөсийг хагалах хэрэгтэй. Монгол Улс цаашид дээр дурдсан 90:10 хэмжээг хэзээ 80:20,70:30 болгож солонгоруулах талаар ярилцах нь цаашид Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн гаргалгаа, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх гол арга зам болох юм.Үүнийг хэрэгжүүлэх сэдэл, түлхэцийн ямар арга зам байхыг Монголбанк, Засгийн газар, хамтраад бизнес эрхлэгчдэд тунхаглах учиртай. Уул уухайн бус бүтээгдэхүүн экспортолж байгаа 500-600 компаниа хэрхэн сэдэлжүүлэх гаргалгаагаа гаргаж тавимаар байна.