Украины цэргүүд Харьковын чиглэлд том чөлөөлөх давшилт хийсний дараа Владимир Зеленский анх удаа сөрөг довтолгооны нарийн ширийн зүйлийн талаар “Reuters” агентлагт ярилцлага өгч Крымийн хойгийг эргүүлэн авах асуудлыг хөндөж, Украины чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт оросууд украин иргэдийг хэрхэн яргалж, устгасан тухай илрээд буй баримтуудыг дэлгэжээ. В.Зеленский Украины эрх баригчид фронтод болж буй үйл явдлын талаар тайлбар өгөхгүй, яагаад ийм тайван хандсаныг тайлбарлан “Мэдээллийн чимээгүй байдал үүсгэсэн. Энэ чимээгүй байдал бидэнд ялалт авчирсан. Учир нь энэ чимээгүй байдал манай дайсны тулалдаанд зохих ёсоор бэлтгэх боломжийг тасалдуулж, тэдэнд тун ч таагүй, гэнэтийн бэлэг барих боломжийг бидэнд олгосон” гэсэн байна. Үүний зэрэгцээ Украины цэргүүдийн сөрөг довтолгоо амжилттай болсон ч энэ нь дайн дуусах дөхсөн тухай яриа гарах үндэслэл биш гэж Владимир Зеленский хэлжээ. “Өнөөдөр энэ дайн хэзээ дуусах нь бидэнд барууны улсуудаас өгөх зэвсгийн нийлүүлэлтээс шууд шалтгаална. Бидний ялалт зөвхөн үүнээс шалтгаална” гэж тэр нэмж хэлсэн байна. Украины ерөнхийлөгч мөн “Турк, Өмнөд Солонгос, Арабын ертөнц”-өөс өөрийн улсад илүү их тусламж үзүүлэхийг хүсч байгаагаа дурдсан байна. В.Зеленский ярилцлагадаа сөрөг довтолгооны үйл ажиллагааг төлөвлөх нарийн ширийн зүйлийн талаар болон Украины Зэвсэгт хүчний ирээдүйн төлөвлөгөөний талаар тодорхой зүйл огт яриагүй байна. В.Зеленскийн “Энэ сөрөг довтолгооны ажиллагаа бидний хүлээж байсан хугацаанд бүрэн хийгдсэн” гэсэн үг нь бараг долоон сарын турш Москвагаас сонсогдсон “цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна” гэсэн мэдэгдэлтэй тун төстэй байсан байна. Гэхдээ үнэн гэдгээрээ л Москвагийн мэдэгдлээс ялгаатай байгаа аж.
Өнгөрсөн баасан гаригт Узбекистан улсын Самарканд хотод сэтгүүлчид В.Путинээс “Украины талаас амжилттай явуулсан сөрөг довтолгооны талаар юу бодож байгааг нь асуухад “Киев сөрөг ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан. Энэ нь хэрхэн явагдаж, яаж дуусахыг харцгаая” гэж хэлсэн юм. Мөн тэрээр “Бид Украины чухал дэд бүтцэд хоёр цохилт өгсөн. Энэ нь тэдэнд өгч буй анхааруулга” гэж хэлсэн билээ. Тэгвэл олон улсын зарим цэргийн шинжээчид үүнийг “В.Путин байлдааны талаар ямар ч зөв мэдээлэл авдаггүй нь тодорхой боллоо” гэж байгаа бол зарим нь “ЗХУ-ын бахархал байсан, Москва хотыг хамгаалах зориулалттай алдарт Кантемировын танкийн дивизийн суурин дээр байгуулагдсан танкийн I арми болон НАТО-той байлдах зориулалттай хэмээн дэлхий нийтэд зарлан сайрхаж байсан 12 дугаар армиа үндсэнд нь устгуулж, Днепр мөрөнд шахуулан “уутанд орсон” 20-25 мянган цэргээс өөр байлдах чадвартай цэрэггүй болчихсон, цэргийн тусгай ажиллагаагаа “дайн” хэмээн зарлаж, бүх нийтийн цэрэг татлага явуулна гэхээр голдуу ганц хүүхэдтэй байдаг Оросын том хотуудын иргэд бослого гаргах нь ойлгомжтой, цөмийн зэвсэг хэрэглэх гэхээр өөрөө түрүүлж цохилтод өртчих гээд байгаа хэд хэдэн “хайчинд орчихсон” В.Путин өөр юу гэх вэ дээ” гэх нь ч байна. Харин Украины хотын цэвэр усны даланг дэлбэлж энгийн иргэдийн орон сууц, сургууль, цэцэрлэг, албан газрыг усанд живүүлж, цахилгаан станцыг нь пуужингаар буудаж гэрэл цахилгаангүй болгон энгийн иргэдийн эсрэг террорист үйл ажиллагаа явуулсан гэдгээ В.Путин өөрөө хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд зарлан, мэдэгдсэн учир олон улсын Гаагийн шүүхээс ял авах нь баталгаатай боллоо гэдэг дээр бол бүгд санал нэг байна.
ОХУ-ын Иранаас худалдаж авсан “Шахед-136” камиказе дронууд Харьковын зүүн хойд хэсэгт орших Украины цэргүүдэд ноцтой хохирол учруулсан гэж Америкийн “The Wall Street Journal” бичжээ. Украины 92 дугаар мотобуудлагын дивизийн их бууны командлагч, хурандаа Родион Кулагин “Ираны камиказе дронууд манай 152 мм-ийн хоёр өөрөө явагч гаубиц, 122 мм-ийн хоёр өөрөө явагч гаубиц, хоёр хуягт тээвэрлэгчийг устгасан гэж” мэдээлэв. Түүнчлэн “Шахед-136” нь харьцангуй жижиг хэмжээтэй, маш нам өндөрт нисдэг тул Украины агаарын довтолгооноос хамгаалах систем илрүүлэхэд хүндрэлтэй байна гэж Кулагин нэмж хэлэв. Тэрээр АНУ болон түүний холбоотнууд Киевийг нисгэгчгүй онгоцноос хамгаалах илүү сайн зэвсгээр хангах, эсвэл Ираны камиказе дронуудыг Орос руу тээвэрлэхийг тасалдуулахад хөндлөнгөөс оролцож чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв гэсэн байна. Үнэндээ ОХУ-д камиказе дронууд нийлүүлсэн нь хөдөлшгүй баримтаар батлагдвал АНУ төдийгүй Израилийг оролцуулсан Арабын улсуудын Ираны эсрэг цэргийн эвсэл болон Турк, Азарбайжаны арми Ираны эсрэг цэргийн довтолгоо явуулах маш том шалтаг болж магадгүй юм.
Энэ сарын 10-нд Херсон хотод ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн техник байрлаж байсан “Алкосервис” ХХК-ийн барилгад Украин цохилт өгсний улмаас Оросын 180 цэргийн албан хаагч амиа алдсан нь нотлогдоод байна. Оросын Росгвардийн болон ФСБ-ын ангиуд таван өдрийн турш нурангийг цэвэрлэж, нас барагсдын цогцсыг гаргасан бөгөөд алдагдлаа нуухын тулд энэ талаар мэдээлэл алдахгүй байхыг хичээж байгаа аж.
Зөвлөлт Холбоот Улсын поп хөгжмийн хатан хаан гэгддэг Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин “гадаадын төлөөлөл”-ийн жагсаалтад нэр нь саяхан бичигдсэн юм. Тэгвэл “Эх орноо энх тайванч, эрх чөлөөтэй улс болгож, утга учиргүй дайнд залуусын амь насыг үрэхийг зогсоохын төлөө тэмцэгч нөхөртэйгөө би үзэл бодол нэг, Оросын ард түмний аж амьдралыг сүйтгэж, улс орныг минь дэлхийн тавцанд ганцаардуулж байгаа түрэмгий явдлыг эсэргүүцэж байгаа тул намайг ч бас “гадаадын төлөөлөл” ангилалд оруулж өгөхийг хүсч байна” гэж Пугачева “Инстаграм” хуудсаараа ОХУ-ын Хууль зүйн яаманд хандан мэдэгдсэн нь олон зуун мянган хүний дэмжлэг авсан байна .
Г.АМАРСАНАА