Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ар Монгол буюу төв Монгол нь өмнөд, хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой DNN.mn

Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна


Хойд Солонгосоос зугтаж ирсэн иргэдэд өмнөд Солонгосын төр шууд иргэншил олгож, орон байраар ханган, сар бүр цалингийн доод хэмжээтэй тэнцэхүйц тэтгэмж өгдөг. Мөн хүн тус бүрийг үндсэн мэргэжлийнх нь дагуу сургуульд хамруулж боловсрол эзэмшүүлнэ. Дүрэм журмын дагуу дараа нь жолооны курсэд сурган, улмаар машин авч өгдөг байна. Ингэж Солонгосын төр засаг хойд Солонгосоос дүрвэж ирсэн ижил хан үндэстэндээ хүндэтгэлтэй хандаж, эрх чөлөөг нь эдлүүлдэг. Ах дүү нар хамт ирвэл өөр өөр улсуудад байрлуулдаг юм билээ. Манайхаар бол гадаадын иргэн харьяат, цагаачлалын алба нь тэр бүгдийг нарийн нягт зохицуулна. Өмнөд солонгосууд ийнхүү найрсгаар хүлээж авахгүй буцаавал хойд солонгосын нөхөд эх орноосоо урвасан нэрээр цаазын ялтай. Хэрвээ Хятадын хил давж байгаад баригдвал хамаатан садан, үр удмаараа насан туршдаа хоригдох хатуу хуультай. Түүнийг нь мэдэх учир өмнөд солонгосууд хан үндэстнээ хүндэтгэн хүлээн авдаг.

Монгол Улс угсаа гарал ижил, элэг нэгт монгол үндэстнээ ингэж найрсгаар угтаж авдаг хуультай болмоор байна. Өнөөдөр дэлхий даяар монгол угсаа гаралтай 10 сая гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Өмнөд Монгол, буриад, халимаг, тува, Алтайн монгол, дээд монгол, цастын монгол, цагаан монгол гээд эл ахан дүүсээ бид яг л Солонгосын хан үндэстэн шиг найрсгаар хүлээн авч, эрх чөлөө, жаргалыг нь их гал голомтод нь эдлүүлмээр байна. Учир нь арван сая гаруй монгол үндэстэн ястнуудын халуун голомт нь Монгол Улс билээ. Нийслэл Улаанбаатар хот Монгол үндэстний их нийслэл хот юм. Монгол Улсын төр монгол үндэстэн угсаатны их төр нь байх ёстой. Тиймийн учир монгол үндэстэн ястан Монголын харьяат иргэн болохыг хүсвэл, мөн улс төрийн орогнол хүсвэл бид элгэн халуун сэтгэлээр шууд хүлээн авч, иргэншилд олгодог болъё. Тухайн улс орондоо гэмт хэрэг үйлдээд ирсэн ч хамаагүй иргэншил олгодог байх нь зөв.

Монгол хүн Монголынхоо төрд хандаж, өршөөл эрж байхад бид хүйтэн сэтгэлээр гэдийгээд байж болохгүй. Гэвч элэг нэгт ахан дүүсээ бид хүндэтгэн угтах нь байтугай эх орноосоо хөөн зайлуулахыг урьтал болгодог. Энэ тухай жишээ баримт олныг дурдаж болно. Өмнөд Монголын Зүүн сөнөд хошуунаас Монгол Улсад ирээд МУИС төгсч, монгол бүсгүйтэй ханилсан Норовцэдэнгийн Алхаа гэж залуу бий. Тэрээр Монголд 25 жил болж байна. 2014 онд түүнийг Монголоос хөөн гаргахыг завдсан. Ролмаажидийн Цэнгэл гэж залуу байна. Бас л 25 жил Монголд амьдарч байгаа. Гэтэл кино найруулагч Бадамрагчаатай хамтарч төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан кино хийх гэж байна гэх үндэслэлээр хоёр жил шоронд хорьсон. 30 хоног хуурай өлсгөлөн зарлаад шоронгоос гарч байсныг бид мэднэ. Дээрх хоёр залуугийн чин хүсэл бол эцэг дээдсийнхээ өлгий нутаг Монголд амьдарч, аж төрөх юм.

Гурван жилийн өмнө Л.Үнэнбаатар гэж 73 настай өвгөнийг газар зарж наймаа хийж байна гэх нэрийдлээр мөн л албадан гаргахыг оролдсон. “Монгол хүн монгол хүндээ тусалъя” төрийн бус байгууллагын гишүүд болох сэтгүүлч Ч.Мөнхбаяр, судлаач Г.Ням-Очир нар Үнэнбаатарыг гуравдугаар эмнэлгийн цонхоор оргуулж албадан гаргахаас хамгаалсан байдаг. Одоогийн Их хурлын гишүүн Б.Пүрэвдоржийг Гадаадын иргэн харьяатын дарга байх үед Монголоос хөөгдөн гарч, 3-10 жилийн хар тамга даруулсан өмнөд монгол ахан дүүсийн тоо оргилдоо хүрсэн гэх яриа бий. Энэ талаарх судалгааны ном ч байдаг.

“Ордосын Тулгуур, Далайбаатар, Түвшинзаяа нарыг Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар булаан авах оролдлого хийсэн гэх хэргээр хөөн гаргасан. Монголын төр гуравхан оюутанд эзлэгдчих тийм хэврэгхэн төр юм уу. Хуулийнхан, хүний санаанд оромгүй хэрэг бодож олдог. Солонгос, Хятад, Вьетнам, Орос, Америкийн Элчин сайдын яамдууд иргэдийнхээ төлөө маш хүчтэй ажилладаг. Хятадын элчин тоодоггүй учраас иргэн харьяатынхан зөвхөн өмнөд монголчуудад ир бяраа гаргадаг. Олон жил амьдарч байгаа бичиг баримтгүй, иргэн болох болзлоо хэд дахин давуулан биелүүлсэн хүмүүст иргэншил өгөхөд их хойрго, зөвхөн мөнгөөр шийддэг. Мөнгөгүй бол хэн ч биш. Эрээн, Хөх хот, Бээжингийн Элчингийнхэн үнэгүй олгох визийг 700-100 юанийн авлигаар гаргадаг сүлжээ компаниуд байгуулсан гэх мэдээлэл ч бий. Сар бүр Эрээнээс 1000 юанаар виз авч Монголд амьдрах өвөр монголчууд олон. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт сүүлийн хоёр жилд дөрвөн элэг нэгт эрхмүүдээ оруулсан нь итгэлцлийг нэмэгдүүлсэн. Соёлын зөөлөн хүч байлаа. Харин хууль хүчнийнхэн тагнуул, цагдаа, иргэн харьяатынхан улам хүйтрүүлснээр холдуулсаар байна” гэж судлаач Ням-Очир хэлж байна.

Мөн тэрээр“Удахгүй иргэн харьяатын чиглэлээр хийдэг судалгааны хурал болох ч буриад, тува, халимаг өвөр монголчуудад хэрхэн хандах тухай ямар ч судалгаа байдаггүй. Мөнхбаяр бид хоёр Монголоос хөөгдөн гарсан өвөр монголчууд хэрхэн гашуун зовлонг үүрч байгааг араас нь очиж сурвалжилсан. Тэр тухай ноцтой баримтууд байгаа. Төр засгаас илүү иргэд хоорондын харилцаа сайн байгаа. Дотоодод ч, гадаадад ч монголчууд ямар ч дэмжлэггүй улам бүр ганцаардаж, зожигорч, цөөрч, мөхөж байна.

Монголчууд бид олуулаа болох учиртай. Аль болохоор өвөр монголчуудаа ажиллах хүч болгон авч эзэнгүй газар нутаг бэлчээрээ ашиглах нь чухал. Ингэвэл сэргэн мандалт болно” гэсэн юм. Судлаачийн хэлж буй аргагүй үнэн. Монголчууд бид гадаадын ажиллах хүчин авах болбол дандаа монгол үндэстэн ястнуудаа авах ёстой. Ер нь бид сэтгэл зүйгээ өөрчлөх цаг иржээ. Алийн болгон хувиа борлуулж, довоо шарлуулсан феодализмын үеийн суртал ухуулгаар явах вэ. Үүнээс даруйхан салах хэрэгтэй байна. Яг жинхэнэдээ бид өмнөд монголчуудаа хятадаас илүү үзэн яддаг. Эцэг дээдсийн минь нутаг гээд Бурхан халдун дээр очиход нь манай дээрэнгүй “эх орончид” яаж элдэвлэж байлаа.

Тийм жишээ захаасаа аваад байна. Хэдэн жилийн нэрээ нууцлан хэвлэлд яриа өгсөн өмнөд монгол залуугийн үг анхаарал татдаг. “Өрнөдийн оронд сурч байхдаа би эх оронч үзэлтэй болж, монголчуудын тусгаар тогтнолын гал голомт Монголд очихсон гэж мөрөөдөх болсон. Тэгээд энд ирэхэд бусад гадаадын иргэдэд, хятадуудад мэхэлзэж, бөхөлзөж байх атлаа хуудас буруу бөглөв хэмээн паспорт, хамаг бичиг сачгийг минь шал руу чулуудсан. Надтай хамт ирсэн найз бид хоёрыг тагнуул, террорист илчилсэн аятай аашилж, удтал шалгаж байцаан, ухаж төнхөн шоконд оруулсан. Арай Хятадад тушаах гэж байгаа юм биш байгаа, энэ улс чинь. Өвөр Монголоос ялгаагүй болчихжээ гэж бодсон” хэмээн ярьсан байдаг.

Бид үнэндээ тэгж л ханддаг. Одоо ийм хандлага сэтгэхүйгээ өөрчилж, элэг нэгт монгол ахан дүүсээ хайрлах хэрэгтэй байна. Монгол хэлээр ярьдаг хүн хэд билээ. Тухайн нэгнээ монгол хэлээр ярьсных нь төлөө хайрладаг баймаар байна. Олуулаа болж, Монголын энэхүү дэлгэр уудам нутгийг монгол үндэстэн ястнаар дүүргэх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс дахин дэлхийн хүчирхэг гүрэн болно. Өнө мөнхөд оршин тогтнохуйн үндэс суурь нь болно. Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Монгол төрийн тэргүүн монгол үндэстэн ястнуудаа, элэг нэгт ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриалсан. “Түүхэндээ бид мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач” хэмээн Монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчууд, монгол үндэстэн, угсаатан хүн бүрт хандаж хэлсэн Монгол төрийн тэргүүний энэ үг олон хүнд итгэл хүч өгсөн нь мэдээж.

Гэвч давхар иргэншлийг зөвшөөрөх хуулийн хүрээнд баахан асуудал яригдсан. Тухайлбал, “Монголд оршин суух хүсэлтэй, төсөлд заасан шаардлагуудыг хангасан гадаадын иргэн харьяалалгүй хүнд байнга оршин суух үнэмлэх олгохдоо, “төрийн хэл бичгийн мэдлэгтэй монгол үндэс, угсаатан” хүнд олгоно гэж заажээ. Гэвч уг төсөлд монгол угсаат хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг нарийвчлан заалгүй орхигдуулсан байна” гээд л эрдэмтэд хүртэл төр засагтаа хандаж байсан санагдана. Ерөөс монгол хэлээр ярьдаг л байвал болоо юм биш үү. Өөр юу хүсэх юм. Манай хоёр хөрш бидэнтэй найрамдахдаа хамгийн түрүүнд “Ялтан солих гэрээ”-г байгуулдаг жамтай. Төрийн айлчлал, шинэ засгийн бодлогын эхэнд уг гэрээ зоолттой яригдана. Байгальмаа гэгч хар тамхи зөөсөн хүүхнийг авчрахын тулд Хятадтай ялтан шилжүүлэх гэрээ хийж байлаа. 2011 онд мөн л хар тамхичидаа авчрахаар гэрээ байгуулсан. 2014 онд Хятадын даргыг манай улсад айлчлах үед уг гэрээг дахин үзэглэсэн. Өмнө нь Сү.Батболдыг Ерөнхий сайд болоод Хятадад айлчлахад хамгийн түрүүнд энэ гэрээ яригдсан. Монголын төрийн удирдагчид тасарсан яс, үсэрсэн цус ахан дүүсээ харийн шоронд тушаагаад хариуд нь хэдэн хар тамхичдаа зөөж авчирдаг нь харамсмаар.

“Ялтан шилжүүлэх гэрээ” гээч яг үнэндээ их гүрний бодлогоор хийгдэж буй стратеги, геополитикийн асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Улс төрийн наад захын ийм бодлого ойлгодоггүй, мэдэрдэггүй мал шиг дарга нартай байж яавч болохгүй. Монгол үндэстнийг хооронд нь хагаралдуулж үзэн ядуулсан, эрлийз хурлийзаар нь дуудуулж өширхүүлсэн, энэ байдлыг зориуд өөгшүүлж дэвэргэдэг гадны хүчин бий. Тэгэхээр бид хэдий хүртэл нялх хүүхэд шиг гэнэн тэнэг байх гэсэн юм бэ. Хэдий болтол том гүрнүүдийн бодлогыг мэдээгүй мэт царайлж, толгойгоо элсэнд булсан хяруул мэт байх юм. Дэлхийн улс гүрнүүд ийм нарийн бодлого барьж байхад бид түүнээс нь давсан ухаан зааж, дэлхийн цараатай сэтгэхийг нийгэм шаардаж эхэллээ. Зургаан зуун мянгуулахнаа байх үеийнхээ харалган, хардах сэтгэлээ одоо хазаарлаж, амьдралын атгахан сэтггэхүйгээ уужуухан тавьж, тавирч сурах цаг нь болжээ.

Хүн амаа биологиор нь өсгөхийн зэрэгцээ механикаар нь өсгөх хэрэгцээ тулгараад байна. Хэрвээ монгол үндэстэн олуулаа болоод ирвэл хөгжил дэвшлийн бааз сууриас аваад улстөрчдийн увайгүй үйлдэл хүртэл засарна. Ганц нэгхэн нөхөр хуйвалдаад хийдэг улс төр байхгүй болно гэсэн үг. Үндсэндээ Монголын хүн ам дөрвөн сая, таван сая болбол дэлхий нийтийн жишгээр явахаас өөр аргагүй. Одоо тэгэхээр бид угсаа гарал нэгнээ эх орноосоо нохой шиг хөөж туух биш гал голомтод нь авчирч, бусад улсын жишгээр иргэншил олгон, амьдрах, сурч боловсрох бололцоо нөхцөлийг нь нээж, эзэн нь гэдгийг мэдрүүлэн эрх чөлөөг нь олгоё. Дэлхийн хаана л монгол угсаатан хавчигдаж, гадуурхагдаж зовлон зүдгүүрийг амсч байна. Тэр бүгдийг эх оронд нь авчирч жаргалыг нь эдлүүлж, Монголын уудам тал нутагт хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөсөн тийм он жилүүдийг бий болгоё. Хэцүү зүйл огтоос байхгүй. Ерөөсөө монгол хүн монгол хүндээ хайртай байхад л болоо. Монголын төр монгол үндэстний төр гэдгээ ухамсарлахад л гүйцээ. Ар Монгол буюу төв Монгол маань өмнөд, хойд монголчуудынхаа диваажин нь байх ёстой гэж хэлээд буй минь ийм учиртай. Ер нь тэгээд уул тал, хангай говь хосолсон монгол нутаг гэдэг диваажингийн орон билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 15 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 15 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 11 нь Улаанбаатарт
  • 4 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,691 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Өмнөговь аймагт дөрвөн тохиолдол батлагдсан байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрсэн бол одоогоор 768 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын өрхийн сарын орлого өмнөх улирлаас буурчээ DNN.mn

Үндэсний статистикийн газраас мэдээлснээр Монгол Улсын өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3% нэмэгдэж байжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8% нэмэгдсэн байна.

2022 оны 2 дугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурчээ.

Өрхийн зарлагын хувьд нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр тус тус буурчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Х.Цасчихэр: Сонгодог дүр ч мөн жүжигчний ажил, жүжигчин бүр хийж чаддаг байх ёстой DNN.mn

“Риакшн” продакшны үүсгэн байгуулагч Х.Цасчихэртэй ярилцлаа.


-“Чи надад хайртай’’ жүжиг Монголд хэрхэн тоглогдох болов?

-Манай продакшны тайзны анхны уран бүтээл тоглогдож байна. Жүжигчин Э.Тодгэрэл бид хоёр хоёулаа дуулдаг учраас мюзикл жүжиг баримтлах нь хамгийн гол нь байгаа юм л даа. Тиймээс энэхүү зохиол бид хоёрт хамгийн ойр тул эхэнд сонгож авсан. “Чи надад хайртай’’ жүжиг дэлхийн 20 гаруй улсын тайзан дээр тоглогдсон байдаг. Зохиол нь цахим орчинд байгаа ч манай продакшн зохиолчоос нь албан ёсны зөвшөөрөл авахаар шийдэж, холбогдсон. Красногоров Валентин Самуиловичийг бид хоёр одоогийн У.Шекспир гэж харж тэр хүнтэй холбогдсондоо маш их баярласан. Алдартай зохиолч шүү дээ. Маш найрсгаар хүлээж авсан.

-Анх “Маск” продакшны хоёр уран бүтээлчтэй хамтран контент хийдэг байсан. Жүжигчин Э.Тодгэрэлтэй хэрхэн хамтрах болсон бэ?

-Найз нөхдийн холбоотой байж байгаад “Ghost’’ уран бүтээлд хамтран ажилласнаас хойш хамт байж энэхүү продакшныг байгуулсан.

-Цаашид ямар төрлийн уран бүтээл дээр түлхүү ажиллахаар зорьж байна?

-Бид тайз болон дэлгэцийн уран бүтээлийг хослуулж ажиллана гэсэн зорилготой байгаа.

-Эхний тоглолтоо хийсэн сэтгэгдлээ хуваалцаач, үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхний тоглолтын араас нүдэндээ нулимстай л хоцорлоо, сэтгэл огшсон. Үзэгчид сайхан хүлээж авсан. Бүгдээрээ баяр хүргээд шинэ жанр байна, шинэ уран бүтээл байна гэж хэлсэнд нь маш их урамшсан. Энэ яалт ч үгүй мюзикл жүжиг учраас манай хошин урлагийн тоглолтоос өөр, жүжгээс бас өөр учраас жанр нь хүмүүст их таалагдсан гэж бодож байна.

-Та багаасаа урлагт сонирхолтой байсан уу?

-Багадаа хүүхдийн ордны дууны дугуйланд явдаг байсан. Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй. Дуучин болох мөрөөдөлтэй хүү байжээ. Тэгээд дуулдаг юм чинь жүжиглэвэл хоёр мэргэжилтэй болох юм байна гэсэн хүүхдийн бодлоор мэргэжлээ сонгож байлаа (инээв).

-Та хэр төлөвлөгөө гаргаж ажилладаг хүн бэ?

-Би ер нь төлөвлөгөөн дээр суурилж ажилладаг. Одоогоор 2025 он хүртэл ажлын төлөвлөгөө гаргасан. Түүнийхээ дагуу ажиллаад явж байна.

-Өнгөрсөн жил “Гэм зэм” жүжигт тоглосон. Сонгодог жүжигт тоглоход ямар байв?

-Ямар уран бүтээлд ажиллахаасаа хамаараад жүжигчин хүн өөрийнхөө бие организм болоод хэлэх үг, биеийн хэлэмжүүдийг бүгдийг өөрчлөх ёстой байдаг. Сонгодог жүжиг ч мөн жүжигчний ажил шүү дээ, жүжигчин хүн бүр хийж чаддаг байх ёстой гэж боддог.

-Жүжгийн бэлтгэл хэрхэн явагдаж байна даа?

-50 гаруй уран бүтээлч, тайзны арын ажилчидтайгаа нийлээд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хувь хүн бүр өөрийн бие даасан үүргүүдийн дагуу ажиллаад явж байна.

-Монголчууд театрын урлагийг сонирхох нь ихэсч байна уу, та юу гэж анзаарч байна…

-Одоо илүү гоё болж байгаа юм шиг санагдаж байгаа. Монголын үзэгчид бүгд жүжиг ойлгодог болж эхэлж байна гэж боддог. Тайзны амьд урлаг ямар байх, хүмүүст илүү хүртээмжтэй байдаг талаар амьд урлаг руу хүмүүс их дуртай байгаа юм болов уу.

-Энэхүү мюзикл жүжгийн дараах уран бүтээл товлогдсон уу?

-Түрүүн хэлсэнчлэн олон ажлыг төлөвлөж явдаг учраас төлөвлөгөөнийхөө дагуу үзэгчиддээ дараа дараагийн уран бүтээлээ хүргэх болно. Шууд хэлчихвэл гэнэтийн биш болчихно шүү дээ (инээв).

Categories
мэдээ цаг-үе

Автомашингүй өдөр буюу өнөөдөр нийтийн тээврийн 39 чиглэлд орох өөрчлөлт DNN.mn

Өнөөдөр нийслэлд “Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ 07:00-18:00 цагийн хооронд болно.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсохыг иргэдэд анхааруулж байна.

Нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд орох өөрчлөлт

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-аа, та нарыг сонгосон монголчууд чинь үнийн дарамтад сөхөрлөө, хамаагүй юу DNN.mn

МАН сүүлийн зургаан жил буюу 2016 оноос тасралтгүй төрийн эрх барьж байна. Монгол төрийн толгойд сууж байна. Олон нийт нэг намыг ийнхүү улираан сонгодог нь хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ажлаа дараагийн дөрвөн жилд бодит ажил хэрэг болгог гэж боломж олгож байгаа хэлбэр гэх нийтлэг ойлголт ч бий. Нөгөөтэйгүүр МАН-ыг ард түмэн байнга сонгож байгаа нь ард түмэн та нарт хайртай байна аа гэсэн үг. “Дахиад ч биднийг сонгох байх” гэж та нар өөр хоорондоо ч ярьдаг байх. Олон нийтийн хандлагыг харахад хүмүүс та нарыг дахиж сонгоно гэж байх шиг. Та нарыг сонгож, эрх мэдэлд хүргэж, өөрсдийгөө удирдуулж байгаагийн цаад гол учир нь юу байдаг гэж бодож байна, МАН-ынхаан. Яагаад ард түмэн биднийг ингээд дахин дахин сонгоод байдаг юм бэ гэж та нар бодож үзсэн л байлгүй. Ард түмэн та нарт хайртай нь ч хайртай л байх. Гэхдээ зөвхөн та нарыг дарга л болгоно гэж сонгоогүй. “Эд нарыг төрд гаргачихвал биднийг сайхан амьдруулах байх даа” гэж горьдож гаргасан юм биш үү гэж ойлгодог шүү. Төрд гаргасан эрхмүүд л сайн сайхан амьдарч байвал бид яах вэ ядуураад, уруу дорой чигээрээ л өнгөрье гэж бодоогүй нь лав.

Гэтэл та нарыг итгэж сонгосон ард түмэн чинь ам.долларын ханшийн өсөлт, өндөр инфляци дор өсөөгүй цалинтайгаа өдөр хоногийгөрнөөс өрний хооронд чадан ядан өнгөрөөж байна. Тэтгэврийг жаахан өсгөсөн чинь валютын ханш, инфляцийн өсөлтөд “залгиулчихлаа”. Өргөн хэрэглээний барааны үнэ сараар юм уу, улирлаар өсдөг байсан бол одоо өглөө болгон хөдөлдөг боллоо. Өмнө нь жирийн иргэдийн хувьд валютын ханш, долларын өсөлт төдийлөн анхаараад байдаг сэдэв нь байгаагүй. “Найман шарга”-аар эргэлддэг ченж, гадаад дотоодтой харьцдаг хүмүүсийн л хэрэгцээ шахуу юм гэж өөрсдөөсөө хол гэж үздэг байсан чинь энэ ойлголт нь сүүлийн үед эрс өөрчлөгдөж, бүгд шахуу ам.долларын ханшийн талаар ярьж, өсөлтийг нь ажигласаар, өсөх бүрд амьдрал нь уруудаж, өргөн хэрэглээний бараагаар сагсаа дүүргэж чадахгүй болтлоо доройтож байгаагаа цаг минутаар мэдэрч байна. Иргэд зөвхөн амьд байхын тухайд цөөн нэр төрлийн хүнсээ л “дийлж” байна. Гудамжинд тааралдсан захын иргэнтэй уулзахад долларын талаар судалчихсан, өсөлтийг нь шүүмжилж “Урьд нь энэ ногооныг чинь тоодоггүй байлаа. Гэтэл амьдралд шууд нөлөөлдөг дэвсгэрт байжээ” гэж амаа барьж, төр засаг “ногоон”-ыг даруй аргамжаач гэж байна. Зарим нь “Доллар байгаа. Эрх баригчид банк, ченжүүдтэй хувилдаад зохиомол хомсдол үүсгээд байна” гэж хатуухан шүүмжилж байгаатай нь ч таарлаа.

Ард түмэн өмнөх шигээ байхаа больжээ. Инфляци, валютын ханшийг хардаг, ойлгодог боллоо. Эдийн засгийн нөхцөл байдалд зах зээлд оролцогчийн хувиар байр сууриа илэрхийлцгээдэг ч болцгоочихлоо. Долларын ханш өсөх нь эрх баригчдад, Засгийн газарт ашигтай байдгийг ч мэдчихлээ. 2016 оны есдүгээр сарын 22-нд буюу МАН сонгуулиар гарч ирсний дараа ам.доллар 2249 төгрөг байсан бол өнөөдөр 3415 төгрөгт хүрчихээд байна. Юун долларын ханш буулгах вэ, ханшийг нь барина гэдэг ч үлгэр байжээ. Долларыг тавиад туучихаж.

Монгол Улс хоёр хөрштэй. Урагшаа хойшоо хоёрхон гарцтай. Ачаа барааны гол эргэлт хийдэг урд хил нь хаалттай. Хойноо дайнтай. Хойд хөрш түрэмгийлсэн дайн эхлүүлсэн хэмээн дэлхийн бараг бүх орны зүгээс буруутгал хүлээж, олон улсын хоригт орчихсон. Дайн дажинтай, хоригтой орноос хөршид нь ирэх сайн юм гэж юу байхав. Хаяа залгаа улсууддаа ч янз бүрээр нөлөөлж байгаа. Доллараар ноёлуулж тарчигдсан маш хүнд ийм нөхцөлд манай улс орчихсон байна. Эдийн засгийн макро, микро аль аль түвшиндээ ч гавих юм харагдахгүй байгааг судлаачид хэлж сануулсаар. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс эдийн засгийн хувьд “Цасан шуурганд зүг чигээ алдсан” гэж тодорхойлогдсон байна билээ. Энэ үнэн. Валютын ханшийн өсөлт энэ байдлаар үргэлжилбэл ирэх жилийн эхний хагаст амьдрал одоогийнхоос нэг дахин дордоно гэж байна. Ийм байхад ард түмний хайртай эрх баригчид та бүхэн яг одооноос дорвитой арга хэмжээ авахгүй юм уу. Аль эсвэл хамаагүй юу. Монголчууд ханш, үнийн өсөлтөд сөхөрлөө. Ард түмэн модоо барилаа шүү дээ. Өглөө бүр ширээн дээр чинь очдог сонин хэвлэл, туслахуудын чинь бэлдэж өгдөг цаг үеийн мэдээ мэдээлэлд ард түмний амьдрал, бодит нөхцөл байдлыг хөндсөн тоо баримт дүүрэн байгаа биз дээ.

Өнөөдрийн бодит амьдралаас хэт алсарсан, хийсвэр төлөвлөгөө, мөрөөдөл, төсөөлөл гэмээр юм ярьж, түүнийгээ ирээдүй цагт бий болгоно гэж зөгнөн ярьсаар байтал яг хамар дор чинь ард түмэн, сонгогчид чинь “амь тавьж” эхэллээ.

Сүүлийн зургаан жил та нар төсөөллийн юм ярилаа. Цаасан дээр үзүүлсэн гоё зураг төсөлтэй хөтөлбөр, бүтээн байгуулалтаа аль хэдийнэ эхлүүлж, нээлтээ хийвэл хийхээр хугацааг ард түмэн та нарт хангалттай өгчихөөд байна. Сонгуулийн ялалтдаа бялуурч, сайдын суудлуудаа эвтэйхэн эзлээд авсан юм чинь одоо хөдлөх цаг чинь болсон гэж бодохгүй байна уу. Юм хий л дээ. Үүнээс хойш цаг алга, та нарт. Ард түмэн тартагтаа тулчихлаа. Эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, олсон хэдээ идэж уухдаа хүргэн хүргэн амь зогоох шахуу л амьдарч байгааг эрхбиш та нар гадарлаж байгаа гэж найдна.

Ямар зохион байгуулалт, ямар далайцтай ажил эхлүүлэх нь танай намын асуудал. Аль аль салбараа хөдөлгөж, эдийн засгийн эргэлтээ сайжруулах нь та нарын стратегид багтсан байх. Хуулиараа та нар засаг барьж байна. Хуулиа өөрчилж та нарыг одоо буулгахгүйгээс хойш хэлснээ хий. 2016, 2020 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдээс чинь харахад 2022 онд ажилгүйдэл тодорхой хувиар буурч, хэд хэдэн том үйлдвэрүүд хот, хөдөөгүй босчих байлаа. Үйлдвэрлэлийг дагасан хөгжил ирнэ гэсэн чинь хаана байна вэ. Ам.долларын ханшийг хазаарлаж, ДНБ-ээ өсгөнө гэсэн чинь юу болов?

Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна гэгчээр та нарыг солиод дараачийн хүмүүсийг гаргаж ирнэ гэхээр үнэндээ хол байна. Сонгогчдын итгэлийг дааж гарч ирсэн шигээ зорьсноо цаасан дээрээс буулгаж, амьдрал дээр, хөрсөн дээр даруй байгуулахгүй бол энэ ард түмэн, монголчууд дараагийн сонгуулийг үзэж чадахгүй “үрэгдэх” нь байна шүү. Гарт баригдаж, нүдэнд харагдах том бүтээн байгуулалт, дэд бүтцийн зоригтой шийдэл гарга л даа. “Шинэ сэргэлт”-ийн бодлого гэнэ үү, юу гэнэ үү өчнөөн юм ярилаа шүү дээ. Ярьснаар чинь болдог бол Монгол шинээр сэргэвэл сэргээд, босвол босохоор хугацаа өнгөрчихлөө. Ярихаа багасгаад бодитой, дорвитой юм хийхгүй байгаагаас ам.долларын ханш дийлдэхээ байлаа. Долларын ханшийн өсөлтийн эсрэг хурдан хариу арга хэмжээ ав. Хурдан хөдөл гэж ташуурдмаар байна, та нарыг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Самдан: Засгийн газар “Буянт-Ухаа”-д цахиурын хөндий байгуулна гэж оросуудын бүтэлгүйтсэн төслийг яг давтаж байна DNN.mn


Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд, инновацийн чиглэлийн компаниудыг Буянт-Ухаа нисэх буудлын байранд нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг танилцуулсан. Нэг ёсондоо Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд цахиурын хөндий бий болно гэж албаны хүмүүс танилцуулж байна.

Энэ шийдвэрт олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлсээр байгаа юм. Нисэх буудлын хүрэлцээ дутмаг байгаа энэ үед хуучин нисэх буудлыг зориулалтаар нь бүрэн ашиглах ёстой, төрийн хоосон байрууд нийслэлээр дүүрэн байгаа гэж үзэх нэгэн байхад цахиурын хөндийн төсөлд манай улс хэр бэлэн байгаа, үр дүн өнөөдрийн төлөвлөснөөр гарч чадах эсэхэд мэргэжлийн хүмүүс ч эргэлзэж байна.


Тэр дундаас технологи инновацийн төв байгуулах энэ төсөл дампуурах эрсдэлтэй хэмээн онцолсон иргэн С.Самдантай цөөн хором ярилцлаа.


-Засгийн газраас хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд цахим хөгжлийн салбарынхан ажиллаж, цахиурын хөндий байгуулах шийдвэрийг гаргаж байна. Манайхтай ижил ийм төсөл ОХУ-д хэрэгжээд бүтэлгүйтсэн гэж та олон нийтийн сүлжээнд тайлбарласан байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгөхгүй юү?

-Аливаа зүйлд биелэх бодитой үндэслэл, шаардлага гэж чухал юм бий. ОХУ-ын Москва хотын ойролцоох жижигхэн хотод социалист нийгмийн үед, хоёр систем хоорондын хүйтэн дайны үед цөмийн энергийн асуудал их хурцаар тавигдаж байсан. Үүн дээр ЗХУ-ын удирдлагууд өндөр ач холбогдол өгч, Судалгаа шинжилгээний төв байгуулах шийдвэрийг гаргаж байв. Түүнд нь манай улсын цөмийн энергийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд олноор ажиллаж байсан. Энэ төв бол тухайн үедээ зайлшгүй шаардлагатай, суурь хэрэгцээ нь байсан учраас байгуулагдсан хэрэг.

Тэгвэл манай өнөөдрийн Засгийн газрын цахиурын хөндийн шийдвэртэй холбоод ярих бас нэг түүх байна. ОХУ-ын ерөнхийлөгч Медведев 2010 онд өөрийн санаачилгаар технологи инновацийн төв байгуулах шийдвэр гаргаж байсан. Гол нь АНУ-ын цахиурын хөндийгөөс санаа авч хэрэгжүүлсэн хэрэг. Оросууд бол их гүрний амбиц, санаа бодлоос салаагүй улс шүү дээ. Бид адилхан дэлхийн том гүрэн мөртлөө АНУ-аас хоцрогдож байна гэдэг санаагаар төр засгаасаа дэмжээд эхлүүлсэн төсөл.

Үүн дээр нэг онцлох зүйл бол хувь хүний хүчин зүйл гэж бий. Аливаа улсын бодлого гаргаж байгаа үед энэ зүйл маш их нөлөөлдөг. Жишээ нь, ерөнхийлөгч Медведев гар утаснаас ер салдаггүй нөхөр байсныг санаж байгаа байх. АНУ-д айлчлал хийхдээ хүртэл ерөнхийлөгч Барак Обаматай “Iphone”-ы шинэ загвараар сэйлфи хийж байсан удаатай. Өөрөө технологид сонирхолтой хүн учраас төрөөс дэмжлэгтэй ийм төслийг санаачилсан. Гэтэл 2012 онд Путин ерөнхийлөгч болоод нөгөө төсөлд төрийн дэмжлэг татаас дутагдаад зогссон. Одоо тэндээс юу үлдсэн бэ гэвэл хэдэн сайхан барилга байгууламж л торойгоод хоцорсон.

-Төр нь оролцсон төсөл учраас зогссон хэрэг үү?

-Мэдээж. Тухайн үед 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг төрөөс нь гаргасан. Барилга байгууламжийг цогцоор нь барьж, тэнд инженер техникийн ажилтнууд нь амьдрах бүх боломжоор хангаж өгсөн. Хоёрт, гадны хөрөнгө оруулалтыг татна. Технологийн том том мангас, компаниудыг оруулж ирнэ гээд л босгож байсан төсөл.

Аливаа улс төрийн ч бай, эдийн засгийн ч бай бүх шийдвэр, үйл ажиллагаанд суурь хэрэгцээ шаардлага гэж нэг юм бий. Суурь шаардлага, хэрэгцээ байсан ч үүн дээр төр хутгалдаад оролцоод ирэхээр явдаггүй. АНУ-ын цахиурын хөндийд төрийн оролцоо байгаагүй. Жинхэнэ органикаараа босч ирсэн.

Манайд цахиурын хөндий хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Цахиур хагалж байгаа монгол залуус олон байдаг. Гол нь тэдгээр залуус өөрсдөө санаачлаад явах нь энэ том зорилго ажил хэрэг болох гол үндэс нь. Харин манайд төр нь хэрэгжүүлнэ гэж байгаа нь асуудал. Манайх яг л Оросын араас явж байна. Монголын төр засгийн бодлого хоёр алхмын цаадахыг харахгүй байна шүү дээ. Цахиурын хөндий байгуулах нэрээр одоо маш их мөнгө зарцуулна. Энэ нь ямар ч үр ашиг өгөхгүй. Үүний оронд IT-гийн 500 инженер бэлтгэчих л дээ. Энэ нь хамаагүй өгөөжтэй. Хүнийхээ оюун санаа, боловсрол, мэргэжилд хөрөнгө оруулах хэтийн бодлого байх ёстой. Тэгж байж 10 жилийн дараа Монголын цахиурын хөндий хөгжинө.

-Төрийн бодлогод хувь хүний хүчин зүйл нөлөөлдөг гэлээ. Цахиурын хөндий байгуулах ажлыг салбарын сайд Н.Учрал нэлээд удаан ярьж байгаа. Таныхаар бол энэ зөв хувилбар биш гэсэн үг үү?

-Манайд ажил буруу явдаг гурван хүчин байгаа юм. Нэг нь, дээр хэлснээр хувь хүний амбиц, хүчин зүйл. Үүний нэг жишээ нь, Н.Учрал сайд гэж харж болно. Түүний зорилго бол “Би өнөөдөр Монголын төрд тоглогч байна. Цаашид ч байсаар байна” гэсэн поп бодлогын илэрхийлэл. Энэ улс ингэж хөгжинө гэсэн алс ирээдүйн бодлого биш.

Төр өөрөө аливаа зүйлд гар хөл оролцоод үр ашигтай байж чаддаггүй. Жишээ нь, “Номадс” сүлжээ рестораныг хар л даа. Энд төр оролцоогүй. Үндэс суурь, шаардлага хэрэгцээ нь байсан. Түүн дээр хувь хүн хөрөнгө оруулаад босгосон.

Нөгөө талаар монгол хүний нүүдэлчин сэтгэлгээ огт салахгүй явдаг. Нэгнийхээ дор орохгүй, нэгнийгээ дээшээ гаргахгүй гэсэн сэтгэлгээ. Нэг нь шинэ зүйл хийхэд зэрэгцэж хийгээд унагаачихдаг. Хаан бууз гээд л сүлжээ яаж гарч ирлээ. Гэтэл араас нь хатан бууз, хуушуур гээд борооны дараах мөөг шиг гарч ирсээр нөгөө “Хаан бууз” нь Их дэлгүүрийн урд ганц салбар л үлдээд байх шиг байна. Энэ бол бас нэг хүчин зүйл.

-Түүнээс гадна энэхүү инновацийн төв байгуулах газар нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Шинэ нисэх буудал байгуулагдсан ч ачааллаа дийлэхгүй, байнгын шүүмжлэл дунд яваа. Гэтэл хуучин Буянт-Ухаа нисэх буудлын байрыг ашиглана гэж байгаа?

-Ерөөсөө алс хэтийн бодлого байхгүйн жишээ юм л даа. Хэдийгээр өнөөдөр ковид, дайн гээд зах зээл хумигдсан ч үргэлж энэ чигээрээ байхгүй. Цаашид манай улсыг зорих жуулчид нэмэгдэнэ. Одоогийн манай шинэ нисэх буудлын багтаамж чамлалттай байгаа. Ийм үед дахиад нэг нөөц нисэх буудал байх нь алс ирээдүйд хэрэгтэй зүйл. Өнөөдөр нэг хүний амбицаар шийдвэр гаргахад ирээдүйд нэн хохиролтой. Байр байшин яах вэ, нийслэлээр нэг байна.

Шинэ нисэх буудлын гэрээнд Буянт-Ухааг зориулалтаар нь ашиглаж болохгүй гэдэг хатуу заалтын талаар сүүлийн үед яриад байгаа. Энэ заалтыг хэн ч юу ч гэж тайлбарлаж болно. Буянт-Ухааг татаасыг нь төлөөд байлгаж байх ёстой юм. Таван жилийн дараа л гэхэд ямар өөрчлөлт бий болохыг хэн ч өнөөдөр төсөөлж чадахгүй шүү дээ. Гол нь бидэнд үүнийг харсан алс хэтийн бодлого байх ёстой. Ийм ойворгон алс хэтээ огт бодохгүйгээр шийдэж байгаа нь дэндүү харамсалтай.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Б.Пүрэвсүрэн: Философи бол оюуны соёлын үр дүн гэдэг утгаараа үнэт зүйл юм DNN.mn

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хагас зуун жилийн хугацаанд монголчуудын сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарав?

-50 жил буюу хагас зуун жилийн хугацааг туулна гэдэг чамгүй урт хугацаа. Энэ хугацаанд нийгмийн оюун санааны амьдралд, танин мэдэхүйн ертөнцөд, ард иргэдийн ертөнцийг үзэх үзэлд, нийгмийн ухамсрын бүхий л түвшинд маш олон өөрчлөлт гарсаар байна. Наад зах нь 1990 он хүртэл марксистт ленинист үзэл суртал реалист чиг баримжаатай уран бүтээлүүд тэр дундаа социалист реалист уран бүтээлүүд нийгэм, оюун санааны амьдралд зонхилж байсныг та бид ном зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уран сайхны бүтээлүүдээс тодорхой харж болно. Гэтэл бидний жишиг болгодгоор 1990 оноос бүхэлдээ нэг үзэл суртлын ноёрхол үгүй болж олон ургалч үзэл Монголын нийгмийн оюун санааны амьдралд орж ирснээр өнөөдөр та бид нийгмийн юмс үзэгдлийг, харилцааг олон талаас авч үзэх эрх, эрх чөлөө нээгдэж түүнийгээ эдэлж байна. Бүхэлд нь авч үзэхээр ХХ зууны Монголд оюун санааны амьдралд маш том өөрчлөлт ядагдаж нийгмийн хуучин үнэт зүйлсийг үндсээр нь өөрчлөх, шинэ үзэл суртал, үнэт зүйлс рүү шилжсэн цаг үед амьдарч байна. Шинжлэх ухааны акад Манай шинжлэх ухааны философийн академи бол оюун санааны амьдрал, танин мэдэхүйн үйл явцад чиглүүлэх үүргийг 1990 он хүртэл өндөр хэмжээнд гүйцэтгэж ирсэн байна. Өнөөдөр ч мөн адил бид одорхой хэмжээнд нийгмийг соён гэгээрүүлэх, философи болон социологи, улс төр, эрх зүйн суурь судалгааг хөгжүүлэх, нийгмийн өөрчлөлтийг танин мэдэх энэ чиг үүргийг гүйцэтгэсээр ажиллаж байна.

-Монголын хөгжлийн философийн тухай ярихгүй юу?

-Хөгжлийн бодлого, хөгжлийн философи манай хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг хэлбэр. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хийж ирсэн судалгааныхаа үр дүнг хураангуйлж харах, оюуныхаа архивыг нээн эргэж харах, юуг хийж бүтээв гэдгээ үнэлж дүгнэх зорилготой олон улсын эрдэм шинжилгээний хурал байгаа юм. Манай хүрээлэнгийн олон салбарууд нийлүүлээд Монголын нийгмийн өөрчлөлтийг зураглан гаргасан. Монгол орныг цаашид бодлогын хувьд, философи үзэл санааны үүднээс яаж хөгжүүлэх нь зөв бэ, өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн гэдгийг л маргаашийн хурал хэлэлцүүлэг дээр манай эрдэмтэн судлаач, академич, докторууд хэлэлцэж, түүнийгээ нийгэмд түгээх санаатай байна.

-Ард түмэнд та философийг хамгийн энгийнээр тайлбарлаач…

-Философи гэдэг нь “цэцэн мэргэнд дурлах’’ гэсэн утгатай грек гаралтай үг. Энэ нь эртний Энэтхэг, Хятад, Грект үүсээд эдүгээ дэлхийн хүн төрөлхтний оюуны соёл, үнэт зүйл болж мөн танин мэдэхүйн хөтөч чиг үүрэгтэйгээр ертөнцийг таних, өөрийн оршин байгаа амьдрал ахуйгаа зураглах юм. Энгийнээр хэлбэл, ертөнцийг зөв зүйтэйгээр барьж танин мэдэх үйл явц, үзэгдэл, ухамсар гэж хэлж болно. Нөгөө талаас философи нь мэдлэгийн өвөрмөц төрөл юм. Тийм учраас саяхныг хүртэл философийг шинжлэх ухааны шинжлэх ухаан гэх мэтээр дөвийлгөж үздэг байсан. Өнөөдөр түүнийг шинжлэх ухаан гэж үзэх хандлага тийм ч оновчтой биш үүнийг ухаан гэж ярих нь зарим талаараа оновчтой юм болов уу гэж ойлгодог. Философи гэдэг бол оюуны соёлын үр дүн гэдэг утгаараа үнэт зүйл юм. Мөн тусгаар чиг хандлагуудаар тодорхойлдог учир нэгэн өгүүлбэрээр тодорхойлоход хангалттай биш байдаг. Тиймээс өнөөг хүртэл түүнийг тодорхойлох гэж оролдсоор, тодорхойлсоор байна. Түүний шинж зарим талаараа өөрчлөгдөн хувьсаж, шилжилт хийж байна. Танин мэдэхүйн явцад мэдлэгүүд нэгдэж, нийлж, шинээр үүсэн хувирч байдаг учраас түүнийгээ дагаад философийг ойлгох ойлголт хувьсаж байсан. Түүхэн замналаар нь хөөгөөд үзэхэд философи бол ойлгохуй юм.

-Философийн мөн чанар юу вэ, хүн бүр философийг мэдэж, ойлгох хэрэгтэй юу?

-Шууд хэлэхэд, философи хүн болгонд хамаатай зүйл. Харин түүнийг даган судлах үгүй нь хүний сонирхлын асуудал. Би бодохдоо философийг хүн судалъя гэж бодохгүй байсан ч амьдрал аяндаа түүнийг философич болгодог. Тийм учраас философи ямар утгаараа хүнд хамаатай вэ гэвэл хүнд өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл амьдралынх нь туршид төлөвшиж байдаг. Маш энгийнээр тэр бол философи юм. Өөрийгөө тодорхойлоод зогсохгүй орчлон ертөнцийг, бусдыг ойлгоход философи танд тусална. Хүн төрөлхтний танин мэдэхүйд энэ нь өөрөө зүг чиг, тулгуур болж өгдгөөрөө юу юунаас илүү чухал. Юмсыг ерөнхийлж харах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх тэрхүү сэтгэлгээний ур чадвар суухад философи бүх талаараа тусална.

-Бид амьдралыг, юмсыг сайн, муу, сайхан, муухай гэж дүгнэдэг. Энэ яг ямар ойлголт юм бэ. Тухайлбал, бид яагаад заавал сайхан амьдралыг мөрөөддөг юм?

-Словар дээр байдаг шиг дүүрэн нэр томьёо буюу ухагдахуунууд юм. Энэ олон ухагдахуунуудыг хооронд нь хэрэглэж, зангидаж байж философидож байгаа юм. Тэр олон ухагдахуунуудын нэг нь таны асуусан сайн, муу, сайхан, муухай гэдэг ойлголт. Философийн үүднээс бол нэг хэсэг нь гоо зүй нэр томьёонууд нөгөө нь ёс зүйн суурь нэр томьёонууд. Философийн мэдлэг хэдэн гол салбартай. Танин мэдэхүй, ахуй оршихуй, гүү зүй, ёс зүй, логик үнэт зүйлсийн судалгаа гэсэн энэ салбаруудыг судлахгүйгээр философидно гэж байдаггүй. Тэгэхээр сайхан, муухай гэдэг бол эртний нэр томьёонуудын л нэг.

-Танай хүрээлэн энэ онд ямар ажлуудыг хийхээр зорьж байна вэ?

-Жил болгоны арваннэгдүгээр сард Юнескогоос философийн өдрийг зарлан тунхаглаж тэмдэглэдэг юм. Энэхүү өдөрт зориулаад хурал, зөвлөгөөн хийнэ. Ойгоо угтаад бид хүрээлэнгий гол бүтээгдэхүүн болох өөрсдийн суурь судалгааны бүтээл номоор бэлэг барихаар зорьж ажиллаж байна. Эхнээсээ уран бүтээлээ хэвлэж гаргаж байгаа. Цаашид нийгмийг соён гэгээрүүлэх, шинэ мэдлэгийг түгээх ажлаа эрчимжүүлж ажиллана. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн зүгээс бид бүхнийг ёс зүй судалгаа, бодлогын судалгаа руу түлхүү ажиллахыг санал болгож байгаа. Тийм учраас шинээр байгуулсан бодлого судлалын салбараа, тэр дундаа салбар дундын судалгаан дээр голчлон анхаарч ойрын хэдэн жилдээ ажиллана гэсэн зорилготой байна даа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин могой өдөр DNN.mn

2022.9.25, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.25, Ням гараг
  • Наран ургах шингэх: 06.43-18.45
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.