Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг 2023 оноос зорилтот бүлэгт өгнө DNN.mn

Энэ сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ | News.MN

Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийн эхэнд “Манай улсын хэрэгжүүлж ирсэн халамжийн бодлогын хүрээнд халамж хавтгайрч, халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байна.

2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч, энэ нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байна. 2012 оноос хойш халамжид хамрагдаж байгаа иргэдийн тоо 550 мянгаас 2.5 сая болж, 4.6 дахин нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдийн тоо 3.5 дахин, үүн дотор халамжийн тэтгэмж авагчдын тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авагчид 11.7 дахин, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагчид 3.2-8,8 дахин нэмэгдээд байна” гэдгийг хэллээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байна. Тэрбээр “Төр хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүсээ харж, халамжлах үүрэгтэй. Мөн хөдөлмөрийн насны хүн бүр хөдөлмөр эрхэлж, өрх гэрээ авч явах, нийгэмд хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

Гэвч өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсний зарим нь эзнгээ олоогүй, хавтгайрсан. Цар тахал, дайны нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, үнийн өсөлтөөс сэргийлж, халамжлах шаардлага байсан. Гэхдээ энэ бол цаг хугацаатай, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой.ХНХЯ-ны судалгаагаар манай улс 2021 оны байдлаар 2.5 сая иргэнд 72 төрлийн халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь 2021 оны улстын төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байна. Энэ бол судалгаагүй, популист шийдвэрүүдийн үр дүн. Манай төсвийн нийт зардал 2018 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 онд 10.3 их наяд төгрөг хүрсэн нь халамж нэмэгдсэнтэй холбоотой.

Тиймээс цаашид халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх шаардлагатай байна. Бид намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэнэ. Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэнийг эргэж харах шаардлагатай. Нийт дүнгээр 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэдэг бизнес эрхлэгч, судлаачдын тоо байнга өсөж байгаа. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно.

Манай улсын өрийн байдал эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж байна. Бид өрөөр халамжийг санхүүжүүлж ирсэн. Тиймээс халамжийн бодлогыг цэгцтэй, оновчтой болгох зайлсгүй шаардлага тулгарч байна” гэдгийг хэлж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Халамжийг зөвхөн нэн шаардлагатай бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгийг тодорхой шалгуурыг үндэслэн зорилтот бүлэгт чиглүүлэх, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлнэ.

Цаашид Хүнсний талон зэрэг халамжийн хөтөлбөрийг нийтийг хамарсан ажил эрхэлсэний үндсэн дээр олгодог нөхцөлтэй болгох шаардлагатай байгаа”-г хэлж байна.

ШУУД ҮЗЭХ:

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаарай DNN.mn

Хүүхдийн төрсөн өдөр дөхөхөд эцэг эхчүүд баяр хөөр болж, баярыг мартагдахааргүй сайхан тэмдэглэх гэж сэтгэл гарган бэлддэг бол зарим аав, ээж эсрэгээрээ огт тоохгүй өнгөрдөг. Харин хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхгүй байх нь сөрөг үр дагавартай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Доктор Вулли хүүхдийн таван насны төрсөн өдрөөр үдэшлэг зохиоход хамгийн тохиромжтой гэж үзжээ. Энэхүү төрсөн өдрийн үдэшлэгийн ачаар хүүхдүүд өөртөө итгэлтэй болно. Хүүхэд өөрт нь зориулсан баярын өдөр гэр бүлийнхээ хайр энэрлийг мэдэрч, аав ээж нь түүнд ямар их хайртайг, гэр бүлийнхээ чухал гишүүн гэдгээ мэдэрнэ. Тэдний төрсөн өдөр бол эцэг эхийнх нь амьдралын хамгийн чухал өдөр.

Тэднийг сайхан дурсамжтай болгоно. Доктор Вуллигийн судалгаагаар хүүхдүүдийг том болох үед бага насандаа ямар байсан гэх мэт өдөр тутамдаа бүтээсэн дурсамжаас огтхон ч үлддэггүй мөртлөө янз бүрийн үнэр, чимээ, дуу гэх мэт мэдрэхүйн эрхтнээрээ хүлээн авсан зүйлс нь тод үлддэг байна. Мөн гэр бүлийн харилцааг улам бэхжүүлнэ.

Түүнчлэн гэр бүлийн жил бүр тэмдэглэдэг уламжлал болсон баяруудыг тэмдэглэж байх нь их чухал. Баярын арга хэмжээ ямар байх, хэр их зүйл бэлдсэн байх нь огт хамаагүй. Зөвхөн гэр бүлээрээ хамтдаа байх нь л чухал.

Categories
мэдээ нийгэм

М.Баясгалан: Дарханы замд осолдсон бүхний хариуцлагыг төр хүлээх ёстой DNN.mn

204 км урт Дарханы замын ажил 2018 онд эхэлж байв. Тухайн үед 2019 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй эхэлж байсан ч өнөөдрийг хүртэл нээж амжаагүй байна. Энэ замд 2019 онд л гэхэд 260 удаагийн зам тээврийн осол гарч 300 орчим иргэн хүнд гэмтэл авч 25 иргэн нас барсан. 2021 онд ослын тоо дахин нэмэгдэж 88 иргэн Дарханы замд авто ослоор өөд болсон тухай мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хэлж байгаа юм. Харин 2022 он гарсаар хэдэн удаагийн осол бүртгэгдэж, хэдэн хүн гэмтэж, хэдэн хүний амь эрсэдсэн тухай нарийн мэдээлэл одоогоор бүртгэж амжаагүй байгаа гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт дээрх замд осол гарч хоёр ч хүн газар дээрээ нас барж, хэд хэдэн хүн хүнд бэртэл авсан юм.


Бид Сүхбаатар дүүргийн иргэн М.Баясгалантай ярилцлаа. 2020 онд түүний эхнэр Дарханы замд зам тээврийн ослоор амь насаа алдсан юм.


-Таны эхнэр Дарханы замд осолдож амь насаа алджээ. Тухайн үед та хамт явсан уу?

-Миний эхнэр 2020 оны долдугаар сард нутаг руугаа (Хөвсгөл) явж байсан юм. Ингэж явахдаа засвартай байсан Дарханы замын хэсэгт осолд орж Зүүнхараагийн эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Осол болсон газар нь очиход нүд халтирмаар нөхцөл байдалтай байсан шүү. Жолоо барьж явсан дүү нь ослоос амьд үлдсэн. Дүүгийнх нь ярьж байгаагаар бол том машины тоосонд булагдаж өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийг хараагүй юм билээ. Ингээд л өөдөөс ирсэн том оврын тээврийн хэрэгсэл “Приус 30”-ийн дээгүүр нь гарчихсан байгаа юм. Машин нь базсан молоконы лааз шиг болчихсон байсан. Ийм ноцтой осолд эхнэрийн маань дүүг буруутгаад л өнгөрсөн. Энэ замын засварыг юу ч биш болгосон нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй юм шиг. Аль эрт 2018 оноос хойш л Дарханы замд өдөр бүр осол гарч байна. Үнэндээ энэ зам цусанд будагдчихаад байна шүү дээ. Үүнийг харсаар байж яагаад замын тэмдэг тэмдэглэгээг нь тодорхой тавьж хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд анхаардаггүй юм бэ. Үүнийг гайхаж байна. Энэ янзаар бол цаашид ч хэдэн зуун хүний амь нас хэдхэн км замд хохирно. Энхийн цагт энэ бол эмгэнэл шүү. Төрийн зүгээс ард иргэдээ хайхардаггүйн тод жишээ л энэ.

-Осол гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үеэр болсон юм уу?

-Тийм юм билээ. Бага зэрэг өгсүүр зам ч таарсан. Урдаа яваа том оврын тээврийн хэрэгслийг гүйцэхээр яваад л ийм эмгэнэлтэй осол болсон гэсэн. Энэ нь жолоочийн буруу байж болох ч тухайн замд ажиллаж байсан инженерүүд, замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцаж байсан цагдаа нар, цаашлаад зам засварын ажлын хэсэг энэ эрсдэлийг яагаад тооцдоггүй юм бэ. Дарханы замд зам засварын хайрга ачсан тээврийн хэрэгсэл алхам тутам тааралдана. Шороон замд улаан тоос босгоод л ар араасаа явж байдаг. Энэ үед бол үзэгдэх орчин хязгаарлагдмал болж осол гарах магадлал үлэмж хэмжээгээр нэмэгддэг юм билээ. Гарч байгаа ослуудын дийлэнх нь үүнтэй л холбоотой байдаг. Аюулгүй байдлыг хангах үүднээс элс, хайрга ачсан том тээврийн хэрэгслүүдийг тусад нь замаар явуулж яагаад болсонгүй вэ. Ийм зохицуулалт хийсэн бол тэр олон хүний амь хохирч, тэр олон гэр бүлд нөхөж барахгүй гарз тохиох байсан уу. Өнөөдөр ч улаан шороо боссон замаар л том оврын тээврийн хэрэгслүүдтэйгээ зэрэгцээд түгшүүртэй л зорчиж явна. Жилд л 80 орчим хүн нас барж, 200 орчим хүн осолд орж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан статистик байна лээ. Зам засварын ажлыг удаашрахад хүргэсэн албан тушаалтнуудын толгой дээр энэ хариуцлага ирэх ёстой шүү дээ.

-Дарханы замд амь насаа алдсан энэ хариуцлагыг хүлээх субьект нь юу вэ. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Судалж үзсэн. Тухайн замын эзэмшигч нь Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Зам, тээвэр хөгжлийн яам. Нөгөө талаар авто замын арчилгаа, засч сайжруулах ажлыг хариуцсан төрийн өмчит хувьцаат компаниуд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дарханаас Улаанбаатар хот хүртэлх авто замуудад нийт таван авто зам засвар арчлалтын компани хуваарьтай ажилладаг юм билээ. Жишээлбэл, Төв аймгийн замаар явж байгаад эд хөрөнгөөрөө хохирсон бол тус авто зам засварын ажлыг тухайн аймгийн АЗЗА хариуцдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу энэхүү хоёр байгууллага иргэдэд учирсан хохирлыг арилгах ёстой. Дарханы замд бол хэдхэн км яваад л дугуй хагардаг. Наашаа цаашаа хэд явахад л ашиглалтаас гарна. Эдийн засгийн хувьд айхавтар хор хохиролтой. Энэ бүхнийг төр хариуцаж хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох ёстой.

-Та дээрх байгууллагууд руу хандаж үзсэн үү?

-Дарханы замд хохирсон хүмүүс нийлж зам арчилгаа хариуцсан байгууллагууд руу албан тоот өгсөн. Гэтэл хариуд нь “ЗТХЯ манайхтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төсвийг нь шийдсэн тохиолдолд энэ үүргийг хүлээдэг. Гэтэл энэ төсвийг шийдэж өгөөгүй. Иймээс бид хариуцах боломжгүй” гэдэг. Хуулийн зохицуулалтыг нь харахад төсвийг нь батлаагүй бол зам арчилгааны компаниуд хариуцах боломжгүй юм билээ. Ингээд харахад хариуцагч нь ЗТХЯ болж байгаа юм. Дарханы замд осолдсон бүхний хариуцлагыг төр хүлээх ёстой. Энэ бол 1930-аад оны их хэлмэгдүүлэлттэй агаар ижил явдал гэж харж байгаа. Төрийн ажил завааруулж гамшгийн замаар явуулж хохироочихоод бүх бурууг жолооч руу чихээд өнгөрч болохгүй.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан 64 хүн, 19 тээврийн хэрэгслийг олжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайлах гэмт хэргийг  илрүүллээ

Цагдаагийн байгууллагын байгууллагын мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан хүн, тээврийн хэрэгслийг олж тогтоох чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласны үр дүнд тус албанаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шүүхээс зарлуулсан 41 хүн, гэмт хэрэгт сэрдэгдэн шалгалгагдаж байгаа 19 хүн, зөрчил үйлдсэн 2 хүн, сураггүй алга болсон 1 хүн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 1 оргодол, зарлан мэдээлэгдсэн 19 тээврийн хэрэгслийг тус тус шуурхай илрүүлж ажилласан байна.

Мөн өмнө бүртгэгдсэн байсан 12 гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоосон.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах талаар дээрх хуульд заасан байдаг.

Иймд иргэн та ноцтой зам тээврийн осол, хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг 88106295, 99091581 дугаарт мэдээлэх боломжтой.

Categories
гадаад мэдээ

​Си даргын “микрочип” DNN.mn


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улс даяар Хятадад цэргийн эргэлт гарсан эсэх тухай нийгмийн сүлжээгээр “шуугив”. Үнэндээ бол манай урд хөршид үүсээд байгаа нийгмийн хөгжлийн чиг хандлагыг зөв ойлгох нь бидний хувьд илүү чухал зүйл билээ.

Олон улсад нэгдүгээрт Байгалийн шинжлэх ухааны, хоёрдугаарт Технологийн салбарын, гуравдугаарт Инженер, математикийн чиглэлийн судалгаа хийж буй эрдэмтдийн тоогоор тухайн улсын хөгжил, цаашдын чиг хандлагыг хэмждэг болоод удаж байна. Энэхүү судалгаануудын үр дүн болгон ганц жишээ авахад:

БНХАУ жил бүр Тайваниас 900 тэрбум ам.долларын микропроцессор гэгдэх микрочип худалдаж авч буй нь Хятадын Оросоос нэг жилд нефть худалдан авдаг үнээс нэг дахин их мөнгө юм. БНХАУ өөрөө дэлхийн микропроцессорын хэрэгцээний дөнгөж зургааан хувийг хангадаг учир микропроцессорын байнгын дутагдалд оршдог. Гэхдээ микропроцессорын хамгийн чухал үзүүлэлт нь түүний чадварын шууд илэрхийлэл болох хэмжээ билээ. Сүүлийн жилүүдэд улсаас нь тусгай анхаарал тавьсны ач тусаар Хятадын мэргэжилтнүүд өөрсдийн микропроцессорын 90 нанометр хэмжээг 12 нанометр болгож чадав. Харин ОХУ өөрийн микропроцессорынхоо 130 нанометр хэмжээг 64 болгов. Үүнийгээ нэг их зүйл хийсэн хэмээн магтаж гарав. Энэ бол яах аргагүй 20 жилд бий болсон В.Путины тогтолцооны бодит үнэн нүүр царай билээ. Учир нь энэхүү 64 нанометр нь АНУ-ын 2006 онд бөөнөөр нь үйлдвэрлэж байсан микропроцессорын хэмжээ юм. Харин өнөөдрийн Тайванийн микропроцессорын хэмжээ 3 нанометр. Тэгвэл Тайваньд энэхүү чипний үйлдвэрийг байгуулж өгсөн АНУ-ын өөрийнх нь,бусад улсаас нууцалж байгаа цэргийн зориулалттай микропроцессорын хэмжээ өнөөдөр ямар болсон нь хэнд ч ойлгомжтой зүйл юм. Өнөөдөр орчин үеийн цэргийн үйлдвэрийг микропроцессоргүйгээр төсөөлөх боломжгүй болсон. Иймээс АНУ саяхан Японд орчин үеийн микропроцессорын үйлдвэр байгуулж эхлээд байна.Мөн ОХУ Украинд довтлон цэрэг зэвсгийн чанараа дэлхий нийтэд дэлгэсэн учир Оросоос авах зэвсгийн гэрээгээ цуцлаад буй Энэтхэг болон Араб, Зүүн өмнөд Азийн улсуудын зах зээлийг эзлэх замд Өмнөд Солонгос улс эргэлт буцалтгүй оров.Оросууд өөрсдийгөө V үеийн байлдааны онгоцтой гэдэг ч үнэндээ бол IV үе рүү дөхсөн онгоцуудтай. Харин Өмнөд Солонгос саяхан жинхэнэ IV үеийн байлдааны онгоцоо дэлхий нийтэд харуулсан бол АНУ VI үеийн байлдааны онгоцныхоо туршилтын нислэгийг эхлүүлэв. Энэ бүхэн бол үнэндээ орчин үеийн микрочип гэх микропроцессорын ач тус юм.

Дээрх мэргэжлүүдийн хувьд АНУ 2000 онд Хятад улсаас 1.9 дахин их бакалаврын зэрэгтэй инженер төгсгөж байсан бол 2020 онд Хятад улс АНУ-аас 2.4 дахин олон бакалаврын зэрэгтэй инженер төгсгөдөг болсон байна. Хятадын дунд сургууль төгсгөгчид АНУ-аас бүтэн гурван жилээр илүү танхимын сургалтад хамрагдаж чадаж байна. Учир нь танхимын сургалт суралцагчдад хамгийн их мэдлэг олгодог болох нь олон улсад нэгэнт тогтоогдсон зүйл билээ. Мөн АНУ-ын 12 дугаар анги төгсөгчдийн 76 хувь нь математикийн хангалттай мэдлэггүй төгсөж байна. Иймд инженерийн бэлтгэлээр АНУ дэлхийд 76 дахь байр эзэлж байна. Өнөөдөр АНУ-ын их дээд сургуулийн инженерийн багш нарын 28 хувь нь цагаачид, 2000 оноос хими, физик, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын эрдэмтдийн 32 хувь нь мөн л цагаачид байна. АНУ-ын нэр хүндтэй компаниудын үүсгэн байгуулагчдын бараг 50 хувь цагаачид, эсвэл тэдний үр хүүхэд байна. Өнөөдөр АНУ-д зохиогдож байгаа олимпиадын эхний байруудыг Хятад, эсвэл ЗХУ-аас дүрвэн ирсэн цагаачдын үр хүүхэд эзэлж байна. Гэтэл энэ улс дэлхийн тэргүүний эдийн засаг хэвээр байсаар байна.Дэлхийн тэргүүний 25 дээд сургуулийн 16 нь АНУ-ынх байсаар л байна. Энэ бүхэн бол АНУ-ын цагаачлалын зөв бодлогын үр дүн юм.

Харин урд хөршийн Си Жиньпин дарга коммунист намаа бэхжүүлэхийн тулд Марксизм, Ленинизмыг бие даасан дээд мэргэжил болгон дэвшүүлэв. Үр дүнд нь энэ улсын байгалийн шинжлэх ухаан, технологи, инженер-математикийн мэргэжлээр дээд сургууль төгсөгсдийн 18.5 хувьд нь ажил олдохгүй болов. Гэтэл өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад энэ оны 2 дугаар улирлын байдлаар марксизм-ленинизмийн дээд мэргэжилтэй хүний эрэлт урд хөршид 20 хувь нэмэгдсэн аж. Шуудхан хэлэхэд, энэ бол солиорол! Хятад нэг намаар удирдуулан зах зээлийн эдийн засгийн замаар замнан өнөөгийн амжилтанд хүрсэн явдал нь Марксизм болохоос “хагас монгол”-ын бий болгосон Ленинизм бол биш. Чухамхүү Ленинизм л социализмыг системийн хувьд булшилсан билээ. Иймээс Ленинизм Хятадыг эдийн засгийн бууралтад шууд хөтөлнө. Эдийн засгийн энэхүү бууралт иргэдийнх нь амьдралын түвшинг шууд бууруулна. Энэ бол Хятадын хувьд сүйрэл гэсэн үг! Учир нь хятад иргэд хэнээр удирдуулж байгаагаа огт тоодоггүй түүхэн уламжлалтай. Харин амьдрал нь доройтонгуут шууд босдог онцлогтой. Иймээс хятад иргэд шиг олон бослого гаргаж байсан түүхтэй нэг ч улс, үндэстэн байхгүй. Бас өнөөдөр Хятадын эсрэг англо-саксончуудын АНУ, Англи, Австрали, Шинэ Зеландын цэргийн эвсэл зогсож байгаа бөгөөд эдэнтэй Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос нэгдэнэ гэдгээ нууж хаахгүй мэдэгдээд байна. Мөн Хятадаас газар нутгаа буцаан авах гэсэн Азийн бүх улсууд эдний талд орно. Бас хятадуудад өгөх ёстой эргэн төлөх боломжгүй болсон өрөө хүчингүй болгох гэж өртэй бүх улсууд Хятадыг Төвд, Шинжаан-Уйгур, Өвөр Монгол, хэлээ ойлголцдоггүй бас хөгжлөөрөө эрс ялгаатай урд, хойд гэсэн тусдаа бие даасан улсууд болгон салгахын тулд Хятадын эсрэг хүчнийг бүх талаар дэмжин туслах болно. Учир нь гэрээний нэг субьект үгүй болох аваас гэрээ өөрөө хүчингүй болно гэсэн үг. Гэтэл Си даргын явуулсан сүүлийн жилүүдийн бодлогын үр дүнд Хятад улс Оростой хамт нэг завинд суун хөгжингүй улсуудад өдөр өдрөөр улам “ад үзэгдэж” байна. Энэ бүхэн дээр алдарт Дэн Сяопины гэрээслэлийг зөрчиж Си дарга бүх насаараа Хятадын дарга болсон явдал, ковидын тусгаарлалтаас болж Шанхай хотод эсэргүүцэн гудамд гарсан иргэдээ хүчээр нам дарсан явдал, валютын хадгаламжаа авах гэсэн иргэдийнхээ эсрэг явуулсан “Банк-Танк цэргийн тусгай ажиллагаа” гээд нэмээд байвал удахгүй болох намын их хурлаар Си даргын суудлын асуудал яригдах уу гэсэн асуулт яах аргагүй урган гарч байна.Учир нь Оросоос ялгаатай нь Хятадыг нэг хүн удирддаггүй. Улс төрийн товчооны 25, яг үнэндээ долоон гишүүний олонхын саналаар эцсийн шийдвэр гардаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд ирэх их хурлаар Си дарга бус Ленинизм суудалдаа үлдэж гэмээнэ Хятад улс ОХУ-тай адил бүх нийтээрээ тэнэгтэх замд эргэлт буцалтгүй хальтран орно гэсэн үг болж таараад байна.

Хятад улс Ленинизмээсээ салахгүй аваас Орос,Хойд Солонгос шиг хаалттай улс болж улмаар дотроосоо бут үсэрвэл өөрт нь ч бусад улсад ч сайн зүйл болохгүй. Харин хөгжингүй улсуудын адил чөлөөт зах зээлийн замаар замнавал хаа хаанаа өлзийтэй билээ. Үнэндээ өнөөдөр болж буй үйл явдлууд нь маш товчоор, Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч болонгуутаа “Орос бидний гол дайсан. Хятад бидний гол өрсөлдөгч. Иймээс бид энэ хоёр улсыг ганцаардуулах бодлого явуулах болно” гэж хэлж байсан нь биелэгдэж байна гэсэн үг юм.

Өнөөдөр Хятад төдийгүй ерөөс аль ч улс технологийн дэвшлээс үүдэн нийгмийн сүлжээгээ хааж чадахгүй болсон гэдэг нь тодорхой болоод байна. Өчигдөр гэхэд л “SpaceX”-ийн Гүйцэтгэх захирал Элон Маск нийгмийн сүлжээгээ хаалгасан иранчуудад “Starlink” сүлжээгээр туслах зөвшөөрлийг Цагаан ордноос авав. Энэ бүхнээс Си дарга суудалдаа үлдэх эсэх нь бус энэ улсыг ямар замаар замнахыг шийдэх Хятадын намын их хурлын шийдвэр юу юунаас чухал гэдэг нь тодорхой байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад 10 мянга орчим оюутан залуус нэгджээ DNN.mn

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их дээд сургуулийн оюутан, төрийн байгууллагын 10 мянга орчим залуус оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөлсөн залуусын цуваа Туул гол дагуух 11 байршилд анги, баг, хамт олноороо нэгдэж хог цэвэрлэв. Туул гол нь Монгол Улсын төв, хойд хэсгээр урсдаг, нийт 819 км урт, ус цуглуулах талбай нь 49,840 км квадрат. Улаанбаатар хот, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар урсдаг Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 м хооронд байх бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 м өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 м өндөр Орхон Туулын бэлчир газар юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Төсөв УИХ-ын 76 гишүүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг нь хэнд өгөх вэ гэдэг бичиг баримт болж хувирсан DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-“Төсвийн бодлогын шинэчлэл” хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдаж, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонслоо. Төсвийн шинэчлэлийн эхлэл тавигдаж байна уу?

-Энэ бол жил бүр төсөв өргөн баригдах үед яригддаг сэдэв. Үнийг хэлэхэд шинэ сэдэв биш. Одоо бүр улиг болчихлоо. Эрдэмтэн, судлаачдыг Төрийн ордонд цуглуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн дүр эсгээд, тэдний санал бодлыг сонсоод, асуудлыг шийдэх гэж байгаа мэт дүр үзүүлээд удаж байна. Хэлэлцүүлэг хийснээр төсөв сайжирчихдаг бол сайжрахаар боллоо. Гэтэл эсрэгээрээ төсвийн нөхцөл байдал улам уруудан доройтсоор байна. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид манай улсын гадаад өрийн таац хэтэрсэн, төсвийн захиран зарцуулалт замбараагүй, хөрөнгө оруулалт гацсан талаар хэлж байна. Харамсалтай нь 2023 оны төсвийг батлах үед судлаачдын хэлсэн саналыг тусгаж, алдаагаа засч залруулна гэдэг үлгэр болно. Учир нь уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс 3-4 хүн л оролцлоо. Гэтэл бодит байдал дээр 76 гишүүдийн олонх нь Төсвийн хуулийг батална. Гэвч тэд эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонссонгүй. Дээрээс нь Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гэх мэт төсөв батлах үйл явцад чухал нөлөө үзүүлэх хүмүүс нь байсангүй. Тиймээс уг хэлэлцүүлгээс үр дүн хүлээх хэрэггүй л болов уу.

-Та хэлэлцүүлгийн үеэр өөрийн байр суурийг ширүүхэн илэрхийлж харагдсан. Таны бухимдаад байгаа шалтгаан юу юм бэ?

-Манай улсын эдийн засагт эрх баригчдын ярьж байгаа шиг хоёр гуравхан төрлийн хямрал нүүрлээгүй. Олон төрлийн хямрал нүүрлэсэн. Олон нийтийг худлаа статистик тоон мэдээгээр хуурч, төөрөгдөлд оруулж байна. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр буюу энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувиар өссөн гэх мэдээлэл гарсан. Гэтэл 2019 оны ДНБ-тэй харьцуулаад суурь үзүүлэлтийг нь аваад үзэхээр тус оны үзүүлэлтэд огт хүрээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 2019 оноос хойших гурван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг огтхон ч сэргээгүй. Байж болох хамгийн доод хэмжээ хүртэл эдийн засгаа унагаачихаад багахан өсөлт үзүүлэхээр түүнийг эдийн засаг сэргэж байгаа мэтээр тайлбарлаж байна. Манай улсын эдийн засгийг голлож нуруун дээрээ үүрдэг уул уурхайн салбар хасах үзүүлэлттэй гарсан. Тэгэхээр манай улсын эдийн засаг хасах байх нь тодорхой. Үүнээс үүдэн эдийн засгийн хямрал явагдаж байна. Үргэлжлүүлээд өөр ямар ямар хямрал нүүрлэж байгааг дурдъя л даа. Хоёрдугаарт, үнийн өсөлтийн хямрал өрх бүрийн хаалгаар өрсөн. Тухайлбал, инфляцийн хэмжээ 14.7 хувь буюу бараг 15 хувьд хүрснээр 100 мянган төгрөгийн цалин авахад 15 мянга нь автоматаар алга болчихож байна гэсэн үг. Инфляци дөрөвдүгээр сараас хойш хоёр оронтой тоо руу орчихоод гүйцэгдэхээ больсон. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байгаагаас валютын хомсдолд орж байна. Дээрээс нь 2022 оны хоёрдугаар улирлын мэдээгээр 33.9 тэрбум ам долларт хүрлээ. Өөрөөр хэлбэл, мөн л өрийн хямралд өртсөн гэсэн үг. Дараагийн хямрал бол төсвийн алдагдал. Манай улс 2020 онд 4.5 их наяд, 2021 онд 2.9 их наяд, 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Төсвийн алдагдал бол гадаад өрийн хэмжээ өсөх бодит шалтгаан. Гуравхан жилийн хугацаанд 10 их наядаар хэмжигдэх гадаад өртэй боллоо. Энэ талаар хэн ч ярихгүй байна. Сүүлийн үед валютын ханшийн талаар их ярьж байна. Он гарсаар төгрөгийн ханш 17 хувиар суларсан. Дээрээс нь гадаад валютын нөөц 1.7 тэрбумаар багасч одоо 2.6 тэрбумд хүрээд байна.Үүнийг ханшийн хямрал гэж үзэхээс өөр аргагүй. Валютын ханш өсөхөөр инфляци дагаад өснө шүү дээ. Нэмээд хэлэхэд, ядуу иргэдийн талаар хэн ч ярихгүй байна. Дэлхийн банк болон ҮСХ-ноос хоёр жил тутам ядуу иргэдийн тоог гаргадаг. Хамгийн сүүлд 2020 онд 27.8 хувь буюу гурван иргэн тутмын нэг нь ядуу гэсэн судалгаа танилцуулсан. Дэлхий банкны тооцоогоор ядуу хүн гэж хэнийг хэлээд байна гэхээр өдөрт хоёр доллараас доош орлоготой бол уг ангилалд хамаардаг. Хэддийгээр албан ёсоор ядуу иргэдийн тоог холбогдох байгууллагуудаас танилцуулаагүй байгаа ч хоёр хүн тутмын нэг нь ядуу иргэдийн ангилалд багтахаар болчихсон нь тодорхой харагдаж байна. Учир нь олон ААН-үүд хаалгаа барилаа. МХАҮТ-аас өнгөрсөн долоо хоногт танилцуулсан судалгаар бизнесийн нөхцөл байдал туйлын хүнд, ААН-үүд ажлын байраа цомхотгож байгааг онцолсон. Хамгийн сүүлд хэлэхэд, сүүлийн гурван дараалан жил авлигын хэмжээгээр Бангладеш, Шри- Ланка улстай ижил хэмжээнд оччихлоо. Энэ мэт тулгамдаад байгаа олон асуудлаа ярьж, шийдэл гаргах байтал төсвийн шинэчлэл нэрээр иргэдийг хуурч болохгүй. Манай улсын эдийн засаг түүхэндээ хэзээ ч ийм хүнд байдалд орж байгаагүй.

-Та ирэх оны төсвийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ирэх оны төсөв туйлын тааруу төсөв орж ирнэ. Одоогоор ирэх оны төсвийг хэлэлцэж эхлээгүй байгаа ч миний таамаглаж байгаагаар алдагдал нь гурван их наяд, хөрөнгө оруулалтын хэмжээ таван их наяд, гадаад өрийн хэмжээ мөн адил таван их наяд байх болов уу. Уул уурхайгаас олох орлогынхоо хэмжээг хэт хөөсөрсөн байдлаар төсөөлж оруулж ирэх байх. Өөрөөр хэлбэл, бодит байдлаас тасарчихсан төсөөлөлтэй л төсөв орж ирнэ. Үүнийг яагаад ийм итгэлтэй хэлж байна гэхээр манай улсын төсөв чөтгөрийн тойрогт орчихсон. Их хэмжээний өр тавьж түүнийгээ дур зоргоороо зарцуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил Богд Зонхов барих төсөв дээр иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Богд Зонхов 2021 оны төсөв дээр анх байгаагүй хэмээн УИХ-ын гишүүд гайхширч байсан. Засгийн газраас төсөв өргөн барих үед Богд Зонхов гэсэн үг огт байгаагүй. Харин төсвийг УИХ-аар хэлэлцэх үед нэмэгдчихсэн. Гэхдээ ганцхан Богд Зонховын төсөв ч биш, нийт 120 гаруй төрлийн энэ мэт хөрөнгө оруулалтын төсөв нэмэгдсэн. Энэ бол төсвийн луйвар.

Яагаад Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр байгаагүй мөртлөө УИХ-аар хэлэлцэх үед энэ мэт төслүүд нэмэгдчихдэг юм бол. Хуулийн цоорхой байгаа гэсэн үг үү?

-Төсөв хэлэлцэх үед хэн нэг УИХ-ын гишүүн манай тойрогт нэн шаардлагатай сургууль баригдах төсөв орхигдсон байгаа тул нэмж оруулах санал гаргалаа гэж бодъё. Түүнийг нийт УИХ-ын гишүүд хэлэлцээд төсвийн хэлэлцүүлгийн явцад нэмэх, хасахаа шийддэг.Гэтэл дээр дурдсан 120 гаруй хөрөнгө оруулалтын төсвийг шууд нэмж оруулж ирэхэд ямар үйл явц явагдсан гэхээр УИХ-ын гишүүд ажлын хэсэг байгуулж, тэд шууд оруулж ирсэн. Энэ бол төсөв замбараагүй болж байгаагийн нэг хэлбэр. Сүүлдээ төсвийн тооцооллоо зөв тооцож чадахгүй худлаа ярьдаг. Тухайлбал, 2018 оны төсөв алдагдалгүй, ашигтай гарсан гэдэг. Гэтэл аудитын байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар хоёр их наядын алдагдалтай байсныг гаднаас зээл аваад дарсан гэх өгүүлбэр бий. Тэгэхээр ашигтай бус алдагдалтай байсан. Ингэж иргэдээ, өөрөө өөрсдийгөө л хуурч байна.

-Төсвийн ил тод байдал чухлаар хөндөгдөж байна. Иргэдийн оролцоог ил тод, нээлттэй байдлаар хангах чиглэлд хэр анхаарч ажиллаж байна гэж дүгнэж байна?

-Төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах талаар олон жил ярьж байгаа. Төрийн ордонд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсныгаа төсвийн ил тод байдалд хамаатуулж ярьдаг. Төсвийг хянадаг хоёр механизм байдаг нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар. Төсөвт хяналт тавьдаг гэх нэр өнгөн дээрээ байгаа ч тус хоёр байгууллагаас гаргасан дүгнэлтийг огтоос авч хэлэлцдэггүй. Төсөв батлах үеэр тус байгууллагууд дүгнэлтээ уншчихаад л гардаг. Иргэн бүрийн оролцоог хангасан нээлттэй төсөв болгох талаар ярьдаг. Гэтэл “Иргэдийн төсөв” хэмээх цахим ном хэвлүүлснийгээ төсвийг иргэдэд нээлттэй болгосон гэж өөрсдийгөө хуурч байгаа. Тэр ч бүү хэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд эрх баригч намын ахмадууд нь ажилладаг. Тэр хүмүүс хэзээ ч өөрсдийг нь ажилд томилсон хүмүүсийн үйл ажиллагааг шүүмжлэхгүй л байхгүй юу. Гэтэл уг зөвлөлд сөрөг хүчин, хараат бус гишүүд орж ажиллах ёстой. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт 2017 онд хамрагдахдаа тус сангаас тавьсан шаардлагын дагуу уг зөвлөл байгуулагдсан. ОУВС-гаас ямар шаардлага тавьсан гэхээр танай төсөв батлагдах үйл явц асуудал ихтэй учраас дэргэдээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуул гэсэн. Гэтэл байгуулсан нэрээр ОУВС хуурч, өөрсдийн гар хөл бологсдоо тавьсан. Ний нуугүй хэлэхэд, төсвийг иргэд хянах ямар ч боломж байхгүй.Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүд нь өөрсдөө хянаж чадахгүй “Богд Зонхов барих төсөв хаанаас, яагаад гараад ирэв” гэж биенээсээ асуугаад явж байна. Уг нь төсөв гэдэг Монгол Улсын хөгжил, эдийн засгийн үзүүлэлтүүдэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх учиртай хэрэгсэл байдаг. Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүдийг сонгоход үйлчилдэг хэрэгсэл болж хувирсан. УИХ-ын гишүүд тойрогтоо 4-5 тэрбум төгрөгөөр сургууль бариулахад түүнд 40-50 хүүхэд л сурч байна. Эргээд төсөв дээр ирэх урсгал зардлын хэмжээг л өсгөж байна. Төсвийг ингэж л үргүй зарцуулж байна. Энэ асуудлыг одоогийн эрх баригчид шийдэж чадахгүй. Тэднээс юу ч хүлээх хэрэггүй.

-Энэ жил хоёр удаа төсөвт тодотгол хийсэн. Ойр ойрхон төсвөө тодотгохын шалтгааныг юу гэж харж байна?

-Төсвөө зөв тооцоолж чадахгүй байгаатай л холбоотой. Тухайлбал, 2022 оны төсвийг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. Гэтэл төсөв батлагдаад сар гаруйхан хугацааны дараа эхний удаад тодотгосон. Дахин дөрөвдүгээр сард тодотгосон. Шуудхан хэлэхэд, Монгол Улсын төсөв ямар ч тооцоо судалгаагүй баримт бичиг болж хувирсны илрэл. Төсөв ердөө л УИХ-ын 76 гишүүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг нь хэнд өгөх вэ гэдэг бичиг баримт болж хувирлаа. Тийм ч учраас ойр ойрхон төсөвт тодотгол оруулж байна. Төсвөөс гадна цар тахал нэрээр их хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тав, арван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, гадаадаас гурван их наядын зээл авлаа. Үргүй зардал замбараагаа алдсан. Гэтэл манай улсын ДНБ-ий хэмжээ арван жилийн хугацаанд яг л хэвэндээ байна. Төсвийн зардал сүүлийн 4-5 жилийн хугацаанд гурав дахин өсч 18 их наядад хүрлээ. Ийм байхад валютын ханш өсөхгүй яах юм бэ. УИХ-ын гишүүд тойргоо услахын тулд татвар төлөгчдийн мөнгийг баруун, солгойгүй цацаж байна. Тэдэнд улс орноо бодох, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх талаар бодох юм алга. Төсвийн хяналт бодит байдал дээр байхгүй учраас төсвийн зарцуулалт замбараагүй болсон. УИХ-ын гишүүн болохын тулд нүдээ ухаж өгөхөд бэлэн байгаагийн гол шалтгаан ердөө л энэ. Татвар төлөгчдийн мөнгийг ямар ч хяналтгүйгээр өөрт ашигтай байдлаар зарцуулахын төлөө улайрч байна. Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачид төсөвт хяналт байхгүй талаар онцгойлон анхааруулж, хэлж байна. Харамсалтай нь төсвийг хяналттай болгох механизм одоогоор алга.Төсвийг хяналттай болгох эхлэлийг дараагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-аас өөр улс төрийн хүчин гарч ирвэл л тавьж магадгүй. Сүүлийн хоёр сонгууль дараалан илт давуу ялалт байгуулж, олонх болсон, сүүлийн 6-7 жил төсвийн замбараагүй байдлыг бий болгосон одоогийн улс төрийн хүчнээс юу ч олж харахгүй байна.

-Уул уурхайгаас гадна өөр ямар салбараас бид доллар олох боломжтой вэ?

-Ойрын 10 жилд уул уурхайгаас өөр ямар ч салбараас доллар олж чадахгүй. Манайх уул уурхайгаас гадаад валютынхаа 95 хувийг олдог шүү дээ. ХАА-гаас маш бага доллар олж байна. Одоогийн данхар төсвийг шийдэхийн тулд уул уурхайн салбараа харахаас өөр аргагүй. Энэ мэт эдийн засгийн бодит асуудал, тулгамдсан асуудал, хямралын талаар ярихаар эрх баригчид гурван үг л хэлдэг болсон. Дэлхий даяар ковидын хямралд өртсөн, нийлүүлэлтийн гаралтай хямрал явагдаж байгаа учраас инфляцийн өсөлт өндөр байна гэж гадаад шалтгааныг хэлдэг. Гэтэл дотоод шалтгаануудаа шийдэж төсвийн талаар явуулж байгаа алдаатай бодлогуудынхаа тооцооллыг гаргаж чадахгүй байна. Тухайлбал, ковидын эхэн үед нэг өвчтөний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулж байгаа гэж мэдэгдсэн. Гэтэл энэ тоо сүүлдээ 100 гаруй мянган төгрөг болж хувирсан. Гэтэл ковидын үеийг ашиглаад эдийн засгаа сэргээсэн улс орнууд бий. Перу, Чили зэрэг улсууд зэсээ БНХАУ-д нийлүүлээд эдийн засгаа 11-13 хувь өсгөчихлөө. Бүр 20 мянган километрийн цаанаас зэсээ БНХАУ-д нийлүүлж байгаа гээд л бод. Тэд ковидоор шалтагласангүй. Гэтэл манайх БНХАУ-тай бөөрөөрөө нийлчихсэн байгаа хэрнээ 200 км зам туулаад нүүрс, зэсээ нийлүүлж чадахгүй хилээ хаалгачихаад, валютын нөөцгүй сууж байна. Энэ бол гутамшиг. Энэ бол эрх баригчидтай холбоотой алдаа. Үнэндээ түүхий эд экспортолдог орнуудад ковид алтан боломж олгосон. Яагаад гээч 2012-2016 оны хямралын үед 30 ам.доллар байсан нүүрсний үнэ 600 ам.долларт хүрч 20 дахин өсчихөөд байхад үүнийг ашиглаж чадахгүй хилээ хаалгачихсан, валютын ханшид дарлуулаад сууж байна. Тэгээд энэ бүхний буруутан нь Монголбанкны ерөнхийлөгч хэмээн өөрсдийнхөө арьсыг хамгаалаад сууж байна. Энэ бол бодлогын том алдаа.

Categories
мэдээ цаг-үе

Алга болсон малчин эмэгтэйг айлын өвөлжөөнөөс олжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 98 жилийн ой тохиож байна

Гэрээсээ гараап төөрсөн малчин эмэгтэйг айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Халуун усны-Адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 84 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ Малчин П есдүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.

Иймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 25-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах, бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтууд малчин П /36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:28 цагт гэрээс нь зүүн зүгт 4 км-т “Мойлтын-Ам” гэдэг газар айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бензинээ мал, махаар сольж болохгүй юу? DNN.mn

Монгол Улс ам.долларын хомсдолд орж, ханш нь 3400 даваад явчихлаа. Гадаад худалдаандаа үргэлж алдагдалтай явж ирсэн манай улс ам.доллар олохоосоо илүү, үрэх нь их. Шатахуун, хүнснээс эхлээд өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүнийхээ ихэнх хувийг гадаадаас валютаар худалдаж авдаг. Өдөр ирэх тусам энэ хэрэглээ нэмэгдэж, валютын гадагшлах урсгал ч нэмэгдсээр…Ийнхүү бид өнгөрсөн хугацаанд ам.доллараа гадагш урсгаж сууснаас олох боломжийг төдийлөн эрэлхийлээгүй. Уул уурхайн түүхий эдээ экспортолж л орлого олж байгаагаас өөрөөр валют олж байгаа салбар бараг алга. Тийм ч учраас манай эдийн засгийг хүрэн эдийн засаг гэж нэрлэдэг.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан М.Билэгт эдийн засгаа солонгоруулах мэргэн санаа олсноо хэлсэн ч бүгд шоолоод өнгөрч байлаа. Тэрээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж валют олох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Бид жилдээ нэг тэрбум ам.долларын шатахуун хэрэглэдэг. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахууны бартер хийж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байна вэ” хэмээн асууж байв. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний асуултад “Сангийн яам малаар шатахуун солих наймаа ярьдаггүй. Бид бодлогоо ярина. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн инээмсэглэн хариулж байлаа.

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хэлсэн шиг хониор шатахуун бартердана гэдэг нь бас л нэг арга юм. хониор шатахуун авах нь бодох арга байжээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт ингэж хэлсэндээ харин олны доог тохуу болж байсан. Амтай болгон л түүнийг шоолж байсан. Эргээд харахад энэ бол үнэн хэрэгтээ ажил хийж үзсэн, бизнес хийж үзсэн хүний үг байж. Ортой үг байж гэдэг нь орой руу орж ирж байна. Харин хонио экспортолж ам.доллар олох боломжтой. 25 сая хоньтой Шинэ Зеланд улс жилд хонины махны экспортоосоо 2.5 тэрбум ам.долларын орлого олдог байна. Гэтэл 35 сая хоньтой манай улс яагаад экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжгүй гэж. Уг нь манай улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины махыг тус улс үнэгүй сайхан рекламдаж өгсөн. Даанч манайх түүнийг нь ашиглаж маркетинг хийгээгүй л болохоос биш. Түүнчлэн сүүгээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад дээр нь БНХАУ-руу экспортод гаргадаг болвол сүүний экспортоос жилдээ хэдэн тэрбум доллар олох боломжтойг ч эдийн засагчид хэлж байгаа.

Бид өнөөдөр хамаг байдаг доллараа бензинд өгч байна. Доллар зарж байгаа гол зүйл ердөө шатахуун болчихлоо. Хойд хөрш шатахууны экспортоо хумих төдийд Монгол Улсад хэр хэмжээний том асуудал үүсэж болохыг монголчууд мэднэ. Гэтэл бид газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж яриад зургаан жил боллоо. Цагтаа бид өөрсдийн гэсэн нефтийн үйлдвэртэй байсан улс. Зүүнбаянгийн нефтийг маш сайн байсан гэж хүмүүс ярьдаг. Угтаа өнөөх үйлдвэр маань Сибир лүү том орд нээгдлээ гэдэг нэрийдлээр хаагдсан байдаг. Бид өөрсдөө шатахуунаа үйлдвэрлээд чадаж л байсан. Одоо л нэг их сүр болгоод байгаагаас биш. Бид өнөөдрийг хүртэл мунгинасаар байтал хамаг доллараа бензинд төлөөд дуусах нь. Шатахуунаа доллараар биш рублиар авъя гэхээр тэр их рубль чинь хаана байна аа гээд байдаг. Тэгвэл Оростой шатахууныг нь мал махаараа бартер хийж авъя л даа. Махаа дэлхийн зах зээлийн үнээр заръя. Шатахууныг нь ч дэлхийн зах зээлийн үнээр авъя. Бидэнд ийм нэг арга зам байна. Энэ бол зүгээр л нэг жишээ. Заавал малаар шатахуунаа бартердах гээд байгаа юм биш.

Арваад жилийн өмнө юмдаг, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад эмч Б.Болдсайхан, “Хас”-ын Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс Төрийн ордон руу салаавч гаргаж байлаа. Төгрөг үнэгүйдэж, доллар галзуурч байгааг салаавчаар эсэргүүцсэн нь тэр л дээ. Тэр үед долларын ханш дөнгөж 1700 төгрөг л давж байв. Тэгвэл өнөөдөр нэг нь 3450 монгол төгрөгтэй дүйж очиж буй ам.доллар олдоц ч үгүй болтлоо ховорджээ. Инфляци өсөх, төгрөгийн ханш сулрах нь Засгийн газарт ашигтай. Учир нь, Засгийн газар төсвийн орлогынхоо багагүй хувийг доллароор зардаг экспортоос бүрдүүлж буй учраас ашигтай байгаа юм. Доллар тэнгэрт тултал өсч байхад Засгийн газар улам бүр долларыг хөөргөж байна. Бүр өөгшүүлж байна. Эрх баригчид баахан л бодлого гаргадаг. Тэр нь иргэдийн амьдралд эерэгээр наалдаж байгаа юм лав алга. Эрх барьж байгаа намынхан хөрсөн дээрээ буумаар байх юм. Доллар олох ямар арга байна, тэр гарц нүх сүвийг бүгдийг нь эрж хайж олмоор байх юм даа. Үүний дотор мал махаараа бартердах нь нэг арга мөн гэж харагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлт болжээ DNN.mn

Хөвсгөл аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөл энэ сарын 24-нд Улаанбаатарын 10.13 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.