Categories
мэдээ нийгэм

Зорчигч үйлчлүүлэгчдийн анхааралд DNN.mn

Яармагийн автозамын засварын ажилтай холбоотойгоор 2022.08.01-ний өдрөөс 2022.08.22-ны өдрийг хүртэл тус замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу явах замд түгжрэл үүсэж, хугацаа их зарцуулж байгаа тул Зорчигч та бүхэн нислэгээс хоцрохгүй байх үүднээс дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.

Үүнд:

– Замын түгжрэлийг тооцоолон эрт гарч, цагаа зохицуулах,

– Улаанбаатар – Налайх – Төв аймаг – ЧХОУНБ чиглэлийн замаар зорчих (Замын нийт урт – ойролцоогоор 80км)

Та бүхэн аюулгүй, болгоомжтой зорчин ирж нислэгээсээ хоцрохгүй байхыг хүсье.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монголд анх удаа  айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 4 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

А.Гутерреш нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 4 удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn

Мэдээ.МН

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 08-р сарын 02-ны 20 цагаас 08-р сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 4-нөөс 08 дугаар сарын 8-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 7-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 5-нд нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Бөхчүүд болон үзэгчдээс түргэвчилсэн шинжилгээ авч, Бөхийн өргөө рүү  нэвтрүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулагдах барилдааны хуваарийг зарласныг эрхэм уншигч танд хүргэж байна.

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ.

Нэг баг 3 бөх (улс, аймаг, сумын цолтон)-ийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана. Аймаг, дүүргүүдийн 1-6 дугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цом гардуулна.

Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин Монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн “Сайханы саравч” гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагч руу нулимсан Турк улсын иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн биед халдсан эмэгтэйг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоо Шинэ авто худалдааны цогцолборын ойролцоо “Каргоноос болж хүмүүс маргалдаад байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Каргогоор ирсэн ачаатай холбоотой уг асуудалд харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүрэг дэх прокурорын газарт хүргүүлсэн.

Тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдад Турк улсын иргэд буутай байна, машинд нь буу байж болзошгүй гэх мэдээлэл өгснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад БНТУ-ын иргэний биеэс болон автомашинаас ямар нэгэн галт зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл илрээгүй байна.

Харин шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг турк жолооч хэл амаар доромжилсон, араас нь нулимсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай өнөөдөр мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Бямбадорж: Хүүхдүүдэд асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина DNN.mn

Томуугийн вакцин есдүгээр сарын 15-нд ирнэ“

Нийслэлд Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байгаа аж. Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-“Ковид 19”-ийн халдварын нөхцөл байдал долоодугаар сарын эхний долоо хоногоос хойш огцом нэмэгдэж байна. “Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар шинээр оношлогдсон. Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр, нууц хугацаа богино тул иргэдийн дунд тархалт өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлж байгаа.

Нийслэлийн хувьд коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авсаар ирсэн. Өрх, дүүргийн эрүүл мэндийн төв, тандалтын баг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, вакцинжуулалт зэргийг өвчлөл буурсан хугацаанд ч тогтмол зохион байгуулсан. Эмнэлгийн салбарын ачаалал өндөр байна. Иргэдийн дунд ч өвчлөл өндөр байна. Бид түргэвчилсэн шинжилгээ, шүлсний шинжилгээ, хувь хүнд илэрч буй шинж тэмдэг, зовуурь, PCR шинжилгээ зэрэг бүхий л төрлөөр оношилгоо хийж, батлагдсан тохиолдол илэрвэл хариу арга хэмжээг авч ажилладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэрийн хяналтад 6,000 орчим хүн байгаа. Эмнэлэгт хэвтэх хүсэлтэй иргэд ч нэмэгдэж байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд уушгины хатгаатай хүмүүс байгаа хэдий ч эрчимт эмчилгээний заалттай хүмүүс харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн 72.1 хувь нь бүрэн тунгийн вакцинжуулалтад хамрагдсан бол нэмэлт тунгийн вакцинжуулалт 35 хувь, IV тунгийн вакцинжуулалт таван хувьтай байна. Вакцины суурьтай иргэдэд омикроны шинэ хувилбарууд харьцангуй хөнгөн илэрч байгаа. Хүндрэл бага байгаа хэдий ч олон хүн зэрэг өвчилснөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байна. Эрсдэлт бүлэг буюу 0-5 насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын тухайд өндөр халуурах, хатгаа тусах зэргээр шинж тэмдэг хүндэрч байгаа.

Нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх муу байгаа нь халдварын тархалт ихсэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж байна.

-“Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар халдварлах чадвар өндөр ч хүндрэл багатай байна гэж ойлгож болох уу?

-Хүндрэл багатай гэж ойлгож болохгүй. Нийтээр нь бодож, олон талаас нь харах хэрэгтэй. Эмнэлэгт олон хүн хэвтэнэ гэдэг нь улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг. Эмнэлэгт хэвтэхгүйгээр сэргийлэх боломж бий. Маскаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад, олон хүн цугларсан газраар явахгүй, вакцинжуулалтдаа хамрагдаад халдвараас сэргийлэх боломжтой. Гэтэл хөнгөн тусах юм чинь гээд тоохгүй орхисноор эрсдэлт бүлгийн иргэд олноороо халдвар авч байгаа юм. Үүнийг дагаад эмнэлэгт хэвтэх хүний тоо ихсэж, эмчилгээний зардал нэмэгдэнэ.

-Орны хүрэлцээ хэр байгаа вэ. Эрсдэлт бүлгийнхэнд ор хүрэлцэж байна уу?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 эрүүл мэндийн байгууллагад 1,600 ор дэлгэсэн байгаа. Ачаалал ихтэй байгаа тул нэмж 500 ор дэлгэхээр ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн дунд эрчимт эмчилгээнд орж, хүчилтөрөгчийн хэрэгцээ нэн шаардлагатай болсон хүний тоо харьцангуй бага байгаа. Хүндрээгүй юм чинь гээд тоохгүй орхиж болохгүй. Олон дахин халдвар авах тусам уушгинд үүсэх эмгэг процесс их байдаг.

-“Ковид 19”-ийн халдвар манай улсад анх бүртгэгдсэнээс хойш хүчилтөрөгчийн аппаратын тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарав?

-“Ковид 19”-ийн эмчилгээний үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь гаргаж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэрүүдийг эмнэлгүүд дээр байрлуулсан. Энэ ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байна. Нэмж суурилуулахаар төлөвлөсөн хоёр үйлдвэр гааль дээр ирсэн байна.

Түүнчлэн хүчилтөрөгч өтгөрүүлэгч машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хангалттай хэмжээнд хуваарилсан. Мөн хананаасаа шууд хүчилтөрөгчөө авч хэрэглэх боломжтой шугамын тоог нэмэгдүүлэх, эрчимт эмчилгээний амьсгалын аппаратын тоог нэмэх зэрэгт анхааран ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний орны ачаалал харьцангуй бага, хүчилтөрөгчийн өндөр хэрэгцээтэй эмчлүүлэгч цөөн байгаа тул энэ тал дээр дутагдаж буй тоног төхөөрөмж байхгүй.

Өмнөх давлагаануудын үеэр эмчилгээний бэлтгэл ажлаа ханган, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөлт хийн, тухай бүрд нь арга хэмжээ авч ажилласаар байна.

-Халдвараас хэрхэн сэргийлэх вэ, халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар л ярилцдаг. Гэтэл олон дахин халдвар авсан иргэддээ ковидын дараах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа нь чухал. Иргэд уушгины зураг авхуулахдаа заавал хувийн эмнэлэг зорихгүй улсын эмнэлэгтээ хандах боломж хэр байна вэ?

-ХӨСҮТ дээр ковидын амбулатори ажиллаж байгаа. Харин нийслэлийн хэмжээнд найман ковидын амбулатори ажиллаж байна. Дээрх амбулаториуд бүгд рентгений аппараттай бөгөөд шинжилгээ, эмчилгээ зэргийг хийн, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байгаа. Ковидын ор дэлгэсэн зургаан эмнэлэгт амбулатори нэмж ажиллуулахаар зохион байгуулалтаа хийж байна.

Түүнчлэн иргэдэд “Ковид 19”-ийн дараах шинж тэмдгээс хэрхэн сэргийлэх тухай эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр анхаарч байгаа. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дээр сэргээн засах уламжлалт эмчилгээг хийж байна.

-Эмч, эмнэлгийн байгууллагын ачаалал хэр байна. Хүний нөөцийн тухайд хүрэлцэж байна уу?

Тавдугаар давлагааны онцлогоос шалтгаалж эрүүл мэндийн байгууллагуудад хүний нөөцийн дутагдал үүсэж байна. Эхний давлагаануудын үеэр бид зөвхөн ковидтой тэмцэж байсан. Одоо үүн дээр томуу, томуу төст өвчний давлагаа нэмэгдсэн. Томуугийн идэвхжил буурахгүй байсаар омикроны шинэ хувилбартай зэрэгцчихсэн. Үүнээс үүдэн эрүүл мэндийн байгууллагууд ковидын тасаг болон томуугийн тасгийг тусад нь байгуулаад байна.

Мөн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо” улс орон даяар өрнөж буйтай холбогдуулан мэргэжлийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байна. Тиймээс бид “Үйлчлүүлэгчийн дэмжлэгтэй эмнэлгийн тусламж” гэх зохион байгуулалтад орсон байгаа. Өөрөөр хэлбэл, эрчимт эмчилгээнд ороогүй, хүндрээгүй эмчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна.

Эмнэлгийн коридорт байрлуулсан автомат даралтын аппаратаар өөрөө даралтаа үзэх, хүчил төрөгчийн цусан хангамжаа өөрөө шалган, халуунаа өөрөө хэмжих зэрэг бололцоог нь хангаж өгөхөөр зорьж байна. Ингэснээр сувилагч нарт ирэх ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа.

-5-11 насны хүүхдүүдийг өчигдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн. Энэ тал дээр ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан вакцин хийсний дараа үүсэх хариу урвалаас сэргийлэх, бие хямарсан тохиолдолд тусламж үйлчилгээг зөв үзүүлэх чиглэлээр мэдлэг сэргээх сургалтуудыг эмч, сувилагч нарын дунд зохион байгуулж байгаа. Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх вакцины цэгээр дамжуулан хүүхдүүдэд вакцинжуулалт хийж байна.

Хүүхдүүд заавал аав ээж, асран хамгаалагчтайгаа хамт ирэх шаардлагатай. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагч нарт вакцины танилцуулга хийж, анкет бөглүүлэн, зөвшөөрөл авсны үндсэн дээр вакцинжуулалт хийх юм. Тухайн вакцин хийж буй өрөө болоод эмчийн үзлэгийн өрөөнд камер суурилуулж байгаа. Энэ нь вакцинжуулалт болон үзлэгийг стандартын дагуу хийж байгаа эсэхийг хянах, баримтжуулах зорилготой.

-Хугацаа нь дууссан вакцин хийж байна гэх хардлага иргэдийн дунд байдаг. Вакцины хадгалалт, нөөц ямар байгаа вэ?

-5-11 насны хүүхдүүдэд хийх вакцин яг хүүхдийн тунгаар байгаа. Өчигдрөөс эхлээд бүх эрүүл мэндийн байгууллагууд руу хуваарилалт хийсэн. Хүйтэн хэлхээний систем буюу электрон термометр нь цахим хэлбэрээр 24 цагийн турш мэдээллээ цуглуулдаг. Тус мэдээллийг өдөр тутам ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба руу илгээдэг. Ингэснээр термометрийн заалт ямар байгааг тогтмол хянадаг гэсэн үг.

-Ковид бол одоо шинэ өвчин биш гэж үзэх болжээ. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийн дунд маш буруу ойлголт байгаад байна. Мэдээж ковид удаан хугацаанд үргэлжилж буй нь яваандаа улирлын томуу шиг болох хандлага байгаа. Гэхдээ нэг дор олноороо халдвар аваад байгаа нь маш том асуудал шүү дээ. Анх халдвар дэгдэж байсан үетэй харьцуулахад шинж тэмдэг хөнгөн, вакцины суурьтай иргэд 70 гаруй хувийг эзэлж байгаа ч олноороо зэрэг өвчилж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлт ачаалал өгч, өвчилж буй хүний уушгинд үүсэх эмгэг нэмэгдэж байна.

Мөн улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө шүү дээ. Сэргийлж болох өвчнийг үл тоож, хайхрамжгүй хандаж болохгүй. Тиймээс иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол халдваргүйжүүлэх зэрэг энгийн үйлдлээрээ халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Энэ бол нэг саяас дээш хүн амтай хотод амьдарч буй иргэн таны бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм шүү.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд шарилж устгалын хоёрдугаар үе шат эхэллээ DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн юм.

зураг

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 10,234 аж ахуй нэгж, байгууллагын 34,604 ажилтан, алба хаагчид шарилж устгах ажилд оролцож, нийтийн эзэмшлийн 1,461,565 ам метр талбайгаас 1,952 тонн шарилжийг түүж, цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна. Шарилж устгалын ажлын эхний үе шатыг зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Харин хоёрдугаар үе шатыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Шарилж устгах ажил нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, таналт хийх байдлаар ургалтыг зогсоох, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх цэвэрлэгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байдаг.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Аравт-2022” уралдаанд ОХУ, Узбекистан, Зимбабве зэрэг орны морьтон дайчид оролцоно DNN.mn

Аравт" морин цэргийн уралдаан үргэлжилж байна | News.MN

“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд дээрх наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна.

Энэ жилийн тэмцээн наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд уламжлал ёсоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекистан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно.

зураг

Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн ба 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Харин 2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдаагүй өнжсөн билээ.

Эх сурвалж: ЗХЖШ

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: МУГЖ Д.Сосорбарамын гадаа баг зүүж жагссан хүмүүсийг шалгаж байгаа DNN.mn

МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна нүүрээ багаар халхалсан иргэд жагсчээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал МУГЖ Д.Сосорбарамын гадаа масктай хүмүүс жагссан болон цэргийн алба хаагч амиа алдсан зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-аас “Масктай жагсаал цуглааныг зохион байгуулсан иргэн “Б” нь долоодугаар сарын 26, 31-ний өдрүүдэд Чингэлтэй, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан тул дээрх үйлдлүүд нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийж байна. Жагсаал зохион байгуулсан иргэдийн хэн болохыг нь тогтоож Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа.

МУГЖ Д.Сосорбарамыг заналхийлсэн асуудал тогтоогдохгүй байгаа. “Эх орон нэгдэл” нэртэй цахим хуудсанд хоёр удаагийн бичлэг тавигдсан. Цагдаагийн байгууллага тодорхой ажиллагаануудыг хийсэн. Амь насанд халдана гэсэн үг хэлээгүй.

Хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд, нам эвслүүд жагсаал цуглаан хийх мэдэгдлээ тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж заасан. Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ”…, 2 дахь хэсэгт “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана гэж хуульд заасан байдаг” гэв

Categories
мэдээ нийгэм

ШӨТХГ: Зах, худалдааны төвүүдэд төмс 1125-2930 төгрөгөөр худалдаалагдаж байна DNN.mn

Төмс, хүнсний ногоо тариалалт – Мөрөн Агро ХХК

Төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол төмс

  • Барс зах дээр бөөний үнэ кг нь 1,125₮, жижиглэн кг нь 1,500₮,
  • Хүчит шонхор зах дээр кг нь 2,000₮,
  • Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2,930₮,
  • Миний сүлжээ худалдааны төвд кг нь 2,500₮,
  • И-март худалдааны төвд кг нь 1,580₮,
  • Номин худалдааны төв кг нь 2,499₮,
  • Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2,500₮,
  • Бокс малл худалдааны төвд кг нь 2,500₮-өөр тус тус худалдаалагдаж байна.

Ирэх жил зоорины төмс дуусаж, шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргэхээр ШӨХТГ-с бэлтгэж байгаа аж.