Categories
мэдээ цаг-үе

ЭСЯ: БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны мэдэгдэл DNN.mn

БНХАУ-ын эдийн засаг 2020 онд 2,3 хувиар өсжээ | iSee.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдэгдэл гаргалаа.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 8-р сарын 2-нд Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хатуу байр суурийг үл тоомсорлож, Хятадын Тайвань бүсэд айлчилж, “Нэг Хятад” зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг ноцтой зөрчин Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндсэн сууринд ноцтой нөлөө учруулж, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдаж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчнийхэнд ноцтой буруу дохио өгч байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна.

Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байдаг. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд БНХАУ-ын Засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1971 оны 2758-р тоот тогтоолд энэ тухай тодорхой заасан байдаг. “Нэг Хятад” зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Өдгөө дэлхийн 181 улс орон “Нэг Хятад” зарчмын үндсэн дээр БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байдаг.

1979 онд Америкийн тал Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоох тухай мэдэгдэлд: “БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч байна. Энэ хүрээнд Америкийн ард түмэн Тайванийн ард түмэнтэй соёл, худалдаа болон бусад албан бус харилцаатай байх болно” хэмээн амлаж байсан юм. АНУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд АНУ-ын Конгресс Америкийн Засгийн газрын “Нэг Хятад” бодлогыг хатуу баримталж, Хятадын Тайванийн бүс нутагтай ямар нэгэн албан ёсны харилцаагүй байх ёстой. Пелоси бол АНУ-ын Конгрессын удирдагч учраас түүний ямар ч хэлбэрээр, шалтгаанаар Тайваньд айлчлах нь АНУ, Тайванийн албаны хэлхээ холбоог шат ахиулах улс төрийн өдөөн хатгалга болох юм. Хятад улс үүнийг хэзээд хүлээн зөвшөөрөхгүй, Хятадын ард түмэн ч хүлээн зөвшөөрөхгүй.

Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, үндсэн мөн хамгийн эмзэг асуудал юм. Одоогийн байдлаар Тайванийн хоолойд нөхцөл байдал хурцдаж, хүнд сорилтууд тулгарч байгаа үндсэн шалтгаан бол Тайванийн эрх баригчид болон АНУ өнөөгийн байдлыг өөрчлөхөөр байнга оролдож байгаа хэрэг юм. Тайванийн эрх баригчид “АНУ-д найдаж, Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг олонтаа зэхэж, “1992 оны нийтлэг ойлголт”-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, “Хятаджихаас салах” зэрэг арга хэмжээ авч, “Тайванийг аажмаар тусгаар тогтнуулах”-ыг зорьсоор ирсэн. Америкийн тал “Тайваниар дамжуулж Хятадыг хазаарлах” оролдлого хийж, “Нэг Хятад” зарчмыг байнга гуйвуулж, Америк болон Тайванийн албаны харилцааг эрчимжүүлж, “Тайванийг тусгаар тогтнуулах” салан тусгаарлах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ бол галаар тоглож буй маш аюултай үйлдэл бөгөөд эцэстээ өөрийгөө л хохироох алхам юм.

Тайванийн асуудлаарх Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний байр суурь ямагт тууштай байсаар ирсэн. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах нь Хятадын 1.4 тэрбум гаруй ард түмний няцашгүй хүсэл бөгөөд эх орноо бүрэн нэгтгэх хүслийн биелүүлэх нь Хятадын бүх ард түмний нийтлэг хүсэл бөгөөд ариун үүрэг юм. Ямар ч улс орон, ямар ч хүчин, хэн ч бай, Хятадын Засгийн газар, ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, улс орноо бүрэн нэгтгэх бат бөх шийдвэр, тууштай хүсэл эрмэлзэл, чадварыг буруугаар үнэлэх ёсгүй. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилж байгаатай холбогдуулан Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах бөгөөд үүнээс үүдэлтэй бүх үр дагаврыг Америкийн тал болон “Тайванийг тусгаар тогтнуулах” салан тусгаарлагч хүчин хариуцах болно.

Хятад, Америк нь хоёр том гүрний хувьд харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, сөргөлдөөнөөс зайлсхийж, хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулах нь харилцааны цорын ганц зөв зам. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд өөр аль ч улс орон Тайванийн асуудлаар шүүгч байх эрхгүй. “Тайваниар дамжуулж Хятадыг хазаарлах” гэсэн оролдлогоо зогсоож, Тайванийн хэрэгт, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, “Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн салан тусгаарлагчдыг янз бүрийн хэлбэрээр дэмжин, өөгшүүлэх болихыг Хятадын тал АНУ-ын талаас хатуу шаардаж байна.

Тайванийн асуудлаар үг, үйлдлээ нэгтгэн ижил байлгаж, “Нэг Хятад” зарчмыг мушгин гуйвуулахаа зогсоож, “Нэг Хятад” зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэлд заасан заалтуудыг бодит үйл ажиллагаагаар баримталж, АНУ-ын удирдагчдын өгсөн “Хүйтэн дайныг хүсэмжлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрэлхийлэхгүй, Хятадын эсрэг эвсэл бэхжүүлэхгүй, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй, Хятадтай зөрчилдөх бодолгүй байх” амлалтыг бодитоор биелүүлж, буруу бөгөөд эрсдэлтэй замаар улам хол явахгүй байхыг хатуу сануулж байна.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам

Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспорт хэвийн явагдаж байна DNN.mn

Гашуун сухайт боомтоор... - Tavantolgoi JSC - ТаванТолгой ХК | Facebook

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50%-аар бууруулсан гэх мэдээллийн талаар сэтгүүлчийн асуултад Хууль зүйн сайд хариуллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Би твиттерээс Баабар нийтлэлчийн бичсэн зүйлийг харсан. “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50%-аар бууруулсан” гэсэн агуулга бичсэн байсан.

Баабар гуайд гээд хаяглаад хэлчихмээр байна. Олон улсын яг ийм хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд, захиалгаар сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаачээ. Засгийн газраас ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй.

Хоёрдугаарт тэрбээр экспортын нүүрсний биет хэмжээ 50%-аар буурсан гэдэг агуулгыг дурдсан байсан. Та бүхэн Гаалийн Ерөнхий Газрын вэбсайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг хараарай. Өнгөрсөн саруудад нүүрсний экспорт 2019 оны оргил үеийнхээс давсан биет хэмжээнд хүрсэн.

Нүүрсний экспортыг хуучин автомашины тоогоор ярьдаг байсан бол одоо биет хэмжээ буюу нэг хөдлөх бүрэлдэхүүнээр 140 тонн нүүрс Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтуудаар гарч байна.

Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл/нэг машин 140 тонн нүүрс ачсан/ гарсан бол Ханги-Мандалын боомтоор 228, Шивээхүрэнгийн боомтоор 80 орчим тээврийн хэрэгсэл гарсан мэдээллийг өнөөдөр өглөө авсан.

Өчигдөр Замын-Үүд-Эрээн боомтын хөдөлгөөн богино хугацаанд тасалдан ч эргээд хэвийн байдалд орсон.

Олон улсын харилцаа тогтворгүй, сөргөлдөөнт байдал их байгаа энэ цаг үед улс төр, эдийн засгийн хямралыг бид нэг бодлого, зорилготой байж даван туулна.

Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар бид цаашаа явж болохгүй байх гэдгийг хэлье” хэмээн хариулав.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 2.3 хувиар буурчээ DNN.mn

зураг

Улаанбаатар хотод наймдугаар сарын 1-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.3 хувь, өмнөх сараас 1.9 хувиар буурчээ.

Тодруулбал, зарим гол нэрийн барааны дундаж үнэ өнгөрсөн долоо хоногоос

  • Үхрийн ястай мах /кг/ – 14,710 төгрөг буюу 1.1 хувиар,
  • Ямааны ястай мах /кг/ – 9,764 төгрөг буюу 1.7 хувиар,
  • Хонины ястай мах /кг/ – 12,052 төгрөг буюу 0.1 хувиар,
  • Төмс /кг/ -2,715 төгрөг буюу 33.4 хувиар
  • Бөөрөнхий сонгино /кг/ -4,336 төгрөг буюу 3.6 хувиар,
  • Өндөг /ширхэг/– 462 төгрөг буюу 0.4 хувиар тус тус буурсан байна.

Харин нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1,476 болж, өнгөрсөн долоо хоногоос 1.3 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 156 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Drunk driving concept - a person driving car with bottle o… | Flickr

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1571, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 113, гэмт хэргийн шинжтэй 91 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 124, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 100, хүний биед халдсан 64, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, эрүүлжүүлэх байранд хоносон 156, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 37 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Тайваньд манай улсын 462 иргэн оршин суудаг байна DNN.mn

Тайвань станет беднее после присоединения. А президента хотят судить - Цинь  Шихуан - ИА REGNUM

Олон улсын нөхцөл байдал хурцадмал байгаа үед Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраас Тайваньд ажиллаж амьдарч, сурч байгаа монгол иргэдийг яаралтай бүртгэх ажлыг зохион байгуулж байна. Тайваньд Монголын 460 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр оршин сууж буйн дийлэнх нь их дээд сургуульд суралцаж буй оюутнууд аж.

ГХЯ-ны зүгээс Тайбэй дахь төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, журмын дагуу ажиллахаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лакшми: 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна DNN.mn

Эдийн засагч Б.ЛАКШМИ: Хавтгайрсан халамжийн уршгаар гадаад өрнөөсөө салж  чадахгүй байна

-ЭРТХЭН ШИГ ОУВС-ГИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ-


Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

– Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

– Бид оны өмнө эдийн засгаа 4-5 хувьтай хэмээн нэлээд өөдрөг төсөөлсөн.

Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаа төсөөлөхдөө нэгдүгээрт, ОХУ болон Украины хооронд дайн гарахыг төсөөлөөгүй, хоёрдугаарт, цар тахлыг амжилттай даван туулна гэж бодсон. Энэхүү хоёр эрсдэлийг багаар тооцоолохоос гадна асуудал тулгарсан ч шийдчихнэ гэж төсөөлсөн. Харамсалтай нь он гараад найман сарын хугацаа өнгөрсний дараа эргээд харахад манай улсын эдийн засаг улам хүндэрсээр байна.

Орос, Украины дайны нөхцөл байдал хүндэрсэн, мөн цар тахлын нөхцөл байдал сайжраагүйтэй холбоотойгоор БНХАУ дотоодын халдварын тоо хэмжээг багасгахын тулд хилээ хааж, томоохон хотууддаа хөл хорио тогтоож байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлт саарч байна. Бид 2021 онд эдийн засгаа төсөөлөхдөө дайн, цар тахалтай холбоотой эрсдэлийг сайтар тооцоолж чадаагүй ч хоёр том фактыг олж харах ёстой байсан.

Нэгдүгээрт, энэ оны хоёрдугаар сард зохиогдсон Өвлийн олимп болон ирэх 10, 11 дүгээр сард зохиогдох Комминуст намын хурал болох учраас үүнээс үүдэн манайд учирч болох эрсдэлүүдийг хангалттай хэмжээнд тооцоолж чадсангүй. Учир нь уг хоёр үйл явдал Монгол Улсад байнга эрсдэл дагуулсаар ирсэн. БНХАУ-д олимпын наадам зохиогдохоос нэг сарын өмнө байнга хилээ хаадаг. Тухайлбал, 2008 оны зуны олимпын үеэр БНХАУ мөн л хилээ хааж байсан. Ялангуяа энэ жил цар тахалтай холбоотойгоор өмнөхөөсөө ч удаан хугацаанд хил хаалттай байсан шүү дээ. Мөн БНХАУ болон Тайваний хооронд үүссэн маргаан хурцадмал байдалд шилжвэл хил хаагдах нь наад захын асуудал. Цаашид томоохон эрсдэлүүд ар араасаа үүсэж мэдэхээр байна.

– Сүүлийн хэдэн жил цар тахалтай байсан хэдий ч энэ жил анх удаа 18 их наядын төсөв баталж, эдийн засгаа тэлсэн. Ийм амаргүй цаг үед эдийн засгаа тэлэх нь хэр оновчтой шийдэл юм бол?

– Төсвийн бодлогын тухайд сөрсөн бодлого баримтлах нь зөв байдаг. Эдийн засаг сайн байх үед хуримтлал үүсгээд өсөлт нь саарсан үед үүсгэсэн хуримтлалаараа эдийн засгаа тэлж, дэмжих бодлого баримтлах ёстой. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл манай улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь хангалттай түвшинд байхгүй учраас жил бүр эдийн засгаа автоматаар тэлэх бодлого барьж ирсэн.

Эдийн засаг хүндэрсэн үед төсвөө тэлэх нь нэг талаасаа зөв боловч манайд эдийн засгаа тэлэх нөөц боломж нь хязгаарлагдмал байна. Манай улсын тухайд төсвөө байнга алдагдалтай батлахаас гадна эдийн засгийн өсөлт нь саарсан, ямар ч хуримтлалгүйгээс гадна гадаадын өрийн хэмжээ өндөр байгаа ийм үед эдийн засгаа тэлэх бодлого баримтлах нь хэр оновчтой вэ гэдэг нь том асуудал болоод байна.

– Манай улс үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон. Түүнчлэн нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт уул уурхайгаасаа орлогынхоо ихэнх хувийг бүрдүүлдэг. Тиймээс олж байгаа багахан орлогоо зөв захиран зарцуулах нь зүйтэй байх. Гэтэл манайд төсвийн үрэлгэн зардлууд байсаар л байна шүү дээ?

– Энэ жилийн тухайд төсөвтэй холбоотой нэг ажиглалт бол өмнө нь байдаг л байсан төсөв явсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр урт хугацаандаа эдийн засгийн бүтцээ сайжруулах, дэмжих дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллах ёстой байсан ч чадаагүй. Өнөөх уулын мухарт, алслагдсан аймаг хотуудад шавар зуурдаг, цемент цутгадаг төсөв хэвээр л байна.

Өнөөдөр соёлын төв барьснаараа хэчнээн хүн ажилтай, орлоготой болох юм бэ. Төсвийн зарлага гэдэг эргээд орлого олдог байх ёстой. Төсөв мөнгө зарлагадаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээр ажлын байр бий болгодог байхаас гадна зарцуулсан зарлагаа нөхөж олдог байх учиртай. Гэтэл сум болгонд баригдаж байгаа Соёлын төвийн барилгууд орлогоороо зарлагаа нөхөх нь бүү хэл урсгал зардлаа ч олж чадахгүй төсөв дээр дарамт учруулдаг. Энэ мэт маш олон зардал байгаа шүү дээ. Уг нь энэ жил төсөв батлахдаа өмнөх жилүүдээсээ хангалттай сургамж авчихсан байх ёстой.

Манай эдийн засаг хангалттай хэмжээнд төрөлжөөгүй, импортын бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай байгаа нь нэгэнт тодорхой учраас хамгийн гол нь эдийн засгаа төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарах ёстой байсан. Гэтэл улс орны эдийн засагт нэмэр бус нэрмээс болох төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлсээр л байна.

Өнөөдөр хэмнэлтийн горимд шилжиж, хууль хүртэл баталсан боловч эргээд харахад хурал цуглаан, томилолт, дэд сайдуудын орон тоог цөөлөх, сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг эргүүлэн олгоно гэх мэт эдийн засагт бодит үр өгөөжгүй, аргацаасан арга хэмжээнүүд л авлаа.

– Засгийн газраас эдийн засгаа сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч олон тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүнийгээ ихээхэн үр дүнтэй байгаа хэмээ танилцуулсан. Гэтэл бодит байдал дээр ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт улам л нэмэгдэж байгаа энэ үеийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ?

– Манай суурь нөхцөл байдлыг аваад үзэхээр эдийн засгийн өсөлт саарчихсан, төрөлжөөгүй, өрийн хэмжээ өндөр, мөнгөний ханш суларсан, валютын үнэ өссөн гэх мэт маш ярвигтай нөхцөл байдалд орчихлоо. Эдийн засаг ийм эмзэг байгаа үед шулуухан хэлэхэд эртхэн шиг ОУВС-тай хамтарч ажиллаад, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихсэн нь зүйтэй байх гэж харж байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсөвт тодорхой хэмжээний хяналт тавигдана. Зарим нь үүнийг гаднын хяналт гэж хэт өрөөсгөл ханддаг. Үнэндээ манай улсад төсвийн сахилга бат бий болгоход хяналт зайлшгүй хэрэгтэй байгаа.

Хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд төр, хувийн хэвшил, өрх гэрийн хэмжээнд нэн шаардлагатай бус зардлуудаа танах л хэрэгтэй байна. Цаашид БНХАУ, Тайваний асуудал улам хурцдаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл түүнээс үүдэн гарах хүндрэл хамгийн багадаа 1-2 жил үргэлжилнэ. Хэрэв манай улсын хил ийм удаан хугацаагаар хаалттай байвал бид элгээрээ хэвтэнэ. Энэ мэтчилэн бодит эрсдэл, бодит үнэнтэйгээ хүссэн ч, эс хүссэн ч одоо нүүр тулахаас өөр аргагүй. Тиймээс одоо хаана юуг хэмнэж, нөөц хуримтлал үүсгэхэд анхаарах ёстой.

Манай улс 1990 онтой харьцуулшгүй хүнд нөхцөлтэй нүүр тулах гэж байна. Өмнө нь манай улс дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн он жилүүдэд ОУВС-гийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр асуудлыг харьцангуй хохирол багатай гэх үү, азтай гэх үү даван туулчихдаг байсан.

Үнэндээ бид өнгөрснөөсөө огтхон ч сургамж авахгүй байна. Өнгөрсөн зуунд хамгийн их дайн тулаантай байсан Герман улсыг аваад үзэхэд улс даяараа олохынхоо хэрээр үрдэг биш, олохынхоо хэрээр хуримтлуулж, хэмнэж ирсэн учраас Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж чадсан. Харин манайх жаахан орлого олохоороо үрэлгэн зан гаргаж баруун солгойгүй цацдагаас болж олон хүндрэлтэй нүүр тулж байна. Цаашид энэ байдлаасаа сургамж авч, алдаагаа давтахгүй байх нь чухал.

– Эдийн засагчид манай улсын гадаад ор дефолт зарлах хэмжээнд хүрчихсэн гэдгийг хэлж байгаа ч Сангийн сайдаасаа авхуулаад тус мэдээллийг үгүйсгэж байгаа. Ер нь гадаад өрийн хэмжээ өндөр, өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орныг ямар хувь заяа хүлээж байдаг юм бол?

– Гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн улс орнууд дефолт зарлах буюу төлбөрийн чадваргүй болдог. Төлбөрийн чадваргүй болж төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрснээр олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох эрх нь хаагдана. Нэгэнт энэ эрхээ алдчихвал дахиж сэргээхийн тулд багадаа 8-10 жил зарцуулдаг. Ерөөсөө л гадаадын хөрөнгө оруулалт бүрэн зогсоно. Хамгийн ойрхноор нь жишээ татахад Венесуэл улс байна. Тус улсад инфляцын хэмжээ хэдэн мянга хүртэл өсөж сарын цалингаараа ганц талх, килограмм мах л авч байна. Манай улс хэдийгээр дефолт зарлах хэмжээнд хүрчхээгүй байгаа ч ирээдүйд ийм хувь заяанд оччихгүйн тулд эртнээс зөв зүйтэй арга хэмжээ авч, гэрийн даалгавраа хариуцлагатай гүйцэтгэх ёстой. Дараа жил бид төлөх ёстой гадаад өрөө төлж чадахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болчихлоо.

– Бид өнгөрсөн хугацаанд гадаадын улс орнуудаас авсан зээл тусламж, бондоо үр өгөөжтэй зарцуулахад хэрхэн яаж анхаарсан юм бол. Та олон жил эдийн засагчаар ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

– Шулуухан хэлэхэд, гаднаас зээлсэн мөнгөө үр өгөөжтэй зарцуулж чадаагүй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол өрийг өрөөр дарна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ийм л байдлаар явж ирсэн. Үүнээс бид урт хугацаандаа эдийн засгаа төсөөлж, тооцоолж, удирдаж авч явж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Хамгийн анх Чингис бондын зээлийг 2013 онд авч байсан. Гэтэл 10 жилийн хугацаанд уг бондын өрийг төлж чадахгүй хоёр дахь удаагаа өрийг өрөөр төлж байгаа нь эмгэнэл. Энэ хугацаанд бид хүүгийн төлбөрийг төлж ирсэн. Бүхэл бүтэн 10 жил хүүгийн төлбөр төлөхөөр анх авсан зээлээсээ хүүгийн төлбөр нь давчихсан ч байж магадгүй. Энэ мөнгөөр бид юу хийх боломжтой байсан бэ. Алдагдсан боломж юу байв гэдэг асуулт гарна. Цаашлаад зээл авахдаа төр засгийн удирдлагууд бага хүүтэй авчихлаа, таван хувь гэдэг. Гэтэл тухайн зээлийг ам.доллароор авсан. Доллароор төлнө. Гэтэл төгрөг долларын харьцаа өнгөрсөн 10 жилд яаж өөрчлөгдөв гэдгийг бодож үзэх л ёстой.

– Улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд олон сорилт тулгарч байгаа энэ үед асуудлыг том зургаар нь харж чаддаг, түүнийг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлдэг, зөв бодлого тодорхойлох Засгийн газрын удирдлагын чадамж чухлаар тавигдах байх. Манай дээдсүүдэд ийм чадамж байна уу?

– Манай төрийн чадавх, хүний нөөцийн чадамж, удирдлага, манлайлал жилээс жилд суларч байгаа гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд хэлж, анхааруулсаар байгаа. Ташрамд хэлэхэд хэн нэгэн хүн гаднаас дарга болоод ороод ирэхээр манайхан салбарын хүн биш гээд шүүмжлээд байдаг. Заавал салбарын хүн байх нь чухал биш. Харин асуудлаа мэддэг, сайн менежер л байх ёстой. Үүний үр дүнд зөв бодлого, зөв менежмент явна. Та бод доо.

Мэргэжлээрээ хамгийн шилдэг эмч эмнэлгийн дарга болчихоор эмнэлгийн үйл ажиллагаа сайжирдаггүй олон жишээ манайд байгаа. Ерөөсөө хамгийн зөө менежментийг богино хугацаанд, үр дүнтэй шийдэх гарц гаргалгаа л олдог, боловсруулдаг байх нь чухал. Төрийн албаны сахилга батад анхаарч, уялдаа холбоог нь маш сайн хангаж өгмөөр байна. Манайхан төрийн албанд орохоороо, ямар нэг сайд дарга болчихоороо толгой нь өөр зүйлд ажиллаад эхэлдэг. “Би энэ ажлыг хэрхэн сайжруулах вэ” гэж бодохоосоо өмнө “Энэ албан тушаалыг яаж өөртөө ашигтайгаар ашиглах вэ” гэж боддогт л асуудлын гогцоо зангилаа бий.

Нэмж хэлэхэд, иргэд мэдлэг, мэдээлэл дутуу байгаагаас болж байна уу УИХ-ын гишүүдийг СӨХ-ны дарга шиг хараад байна. Сүүлдээ гишүүд нь ч өөрсдийгөө СӨХ-ны дарга шиг төсөөлөөд байна. Тухайлбал, тухайн хороо, дүүргийн зам засах. байшингийн дээвэр солилоо ч гэж байх шиг. Уучлаарай, энэ чинь маш инээдтэй бас эмгэнэлтэй дур зураг.

УИХ улс орны бодлого боловсруулдаг, хууль тогтоох байгууллага. Гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартчихаад зам тавих, барилга барих. дээвэр засах ажил хийсээр сүүлдээ иргэд нь “Манай гэрийг цэвэрлэж өг” гэх нь холгүй болчихлоо. Бүр цаашлаад СӨХ-ны даргын ажил хийчхээд түүгээрээ сонгуулийн сурталчилгаагаа хийж дахин УИХ-д сонгогддог тогтолцооны уршиг төсвийн үрэлгэн зардлаар илэрдэг.

– Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зарласан нь төрийн албаны шат шатны сайд дарга нарыг ганц сайн ярих сэдэвтэй болголоо. Асуудал ярихаар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр амьдрал сайхан болно л гэх юм. Эдийн засаг амаргүй, гадаад дотоод байдал хурцадмал энэ үед тус бодлогын хэрэгжилт бодит байх боломжтой юу?

– Шинэ сэргэлтийн бодлогыг хэзээ боловсруулж, олон нийтэд танилцуулсан бэ гэхээр дайн гарахаас өмнө танилцуулсан.

Нэгдүгээрт, дайн гарахыг тооцоолоогүй. Хоёрдугаарт, БНХАУ, Тайванийн эрсдэлийг бүр ч тооцоолоогүй. Тийм учраас одоогийнхоо эдийн засгийг бодитоор үнэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эргэж харах шаардлагатай байх.

Хоёрдугаарт, тус бодлогын хүрээнд 98 мега төсөлд хөрөнгө оруулалт татах асуудал яригдаж байгаа гэж ойлгосон. Энэ бол том тоо. Уучлаарай, үнэнийг хэлэхэд ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд манай улс хэчнээн мега төслүүд амжилттай хэрэгжүүлсэн юм бэ. Тавдугаар цахилгаан станцаа барьж чадсан бил үү. Өнөөдөр ч эрчим хүчний дутагдалтай хэвээр байна. Сүүлдээ нурж унахад ойрхон цахилгаан станцуудаа өргөтгөх талаар үлгэр яриад дуусаж байна.

Гуравдугаарт, Шинэ сэргэлтийн бодлого дотор тавдугаар цахилгаан станцтай ижил 10 гаруй жилийн өмнө яригдаж байсан төслүүд багтсан харагдана лээ. Үүнээс харахад өнөөх хэрэгжүүлэлт, менежмент байхгүй, бодиттой хэрэгждэг бус зүгээр ярьдаг, мөрөөдлийн жагсаалт болоод хувирчих вий гэж санаа зовж байна. Хөрөнгө оруулагчид ороод ирэхэд эдгээр 98 төслийн хэд нь ТЭЗҮ нь хийгдчихсэн байгаа бол. Мөрөөдлийн жагсаалт гаргаад төсөөллийн тоо тавьчихсан инээдтэй л юм харагдаж байна. Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дахиад хэдэн жил ярих вэ. Ер нь бол нам засаг, хүн нь солигдож болно. Төрийн бодлогын залгамж халаа гэж байх ёстой. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхгүй бүхнийг дахин эхлүүлдэг нь улс орны хөгжилд саад болж байна.

Дөрөвдүгээрт, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал.Тэгвэл Гадаад хөрөнгө оруулалтын газар гэж байна уу. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь аль хэдийнээ дампуурчихсан. Бид гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн. Тухайлбал, 10 жилийн өмнө манай улсын эдийн засаг багахан өсөөд эхлэх үед гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг их сонирхож, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэр үед манайхан хамраа сөхчихсөн л байсан. Гэтэл өнөөдөр манайд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн хэд байна. Одоо ганц амжилттай хэрэгжиж байгаа нь Оюу толгой л байна. Гэхдээ байн байн гэрээнээсээ эргэж буцаад байх нь манайхыг олон улсад муухай харагдуулж байна.

Эцэст нь нэг жишээ хэлэхэд 2012-2016 онд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагч тус яамтай хамтарч ажиллахаар гэрээгээ байгуулчхаад нутаг руугаа явчхаад эргээд ирсэн чинь яам нь татан буугдчихсан учраас гэрээ нь цуцлагдсан гэдэг. Яам нь татан буугдсан ч гэрээг нь үргэлжлүүлэх чадамж манайд байдаггүй. Энэ бол бодлогын хамгийн том алдаа. Яг ийм жишээ өөрт нь тохиолдох вий гэдгээс гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн их айдаг. Ялангуяа томоохон мега төслүүд амжилттай хэрэгжихийн тулд хамгийн багадаа 8-10 жилийн хугацаа шаардана. Энэ хугацаанд бодлого, хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх нь хамгийн чухал шүү дээ.

Ярилцсан: П.Батзаяа

Categories
мэдээ цаг-үе

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замыг хаана DNN.mn

Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто замын ажлын хүрээнд 2022 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Гачууртын авто замаас Улиастайн хуучин эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ гэдгийг Нийслэлийн Замын Хөгжлийн газраас мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жавхлан: Монгол Улсад дефолт болох эрсдэл байхгүй DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Сүүлийн үед гаднын хэвлэлүүд манай улсыг Шри-Ланкийн араас дампуурлаа зарлах орон гэж цоллох болов. Ингэхэд Монгол Улс өрийн дефолтод орох уу?

– “Өрийн дефолт” гэж аливаа улс орны Засгийн газар өөрийн хүлээсэн өрийн төлбөрийг төлөх чадамжгүй болох тохиолдлыг хэлдэг.

Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2021 оны байдлаар 33.8 тэрбум ам.доллар байгаа. Үүний 25 хувь буюу 8.5 тэрбум ам доллар нь Засгийн газрын өр байна, үүний дийлэнх хэсэг буюу 66 хувийг 1991 оноос хойш хуримтлагдсан өр төлбөр эзэлдэг.

Засгийн газраас өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, өр төлбөрийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

Тухайлбал. өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 2016 онд ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 55.1 хувь, 2021 онд 50.8 хувь болтол бууруулсан. Тэгвэл дундаж хүүгийн хэмжээ 2016 онд 5.3 хувь байсныг 2021 онд гурван хувь болтол бууруулж гадаад өрийн зардлыг үе шаттайгаар бууруулсан байгаа.

Товчхондоо, Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн төлбөрөө төлөх чадваргүй болох хэмжээнд хэзээ ч хүрч байгаагүй. Цаашид бид төсвийн сахилга бат, өрийн удирдлагын стратегиа баримтлаад явахад өрийн дефолтод орно гэсэн ойлголт байхгүй болохыг үүгээр мэдэгдэхийг хүсэж байна.

– Монгол Улсын гадаад бондын хоёрдогч зах зээлийн хүү өсөж байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын манайд үзүүлэх итгэл буурч байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

– Мэдээж сүүлийн үед дэлхий дахинд үүсээд байгаа зарим нөхцөл байдал нь манай улсын гадаад бондын үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ энэ он гарснаар гурван удаа өсгөж, зорилтот түвшнийг 2.25-2.5 хувь байхаар тогтоогоод байгаа нь 1980-аад оноос хойш тохиолдсон хамгийн огцом өсөлт болж байна. Үүнийг дагаад АНУ-ын Засгийн газрын тав болон арван жилийн хугацаатай бондын өгөөж 2.65-3.01 хувь болж өсөөд байгаа юм.

Энэ нь дэлхийн хамгийн эрсдэлгүй АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн хувь хэмжээг нэмэгдүүлж, цаашлаад дэлхий нийтээр шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх бондын зардлыг нийтээр нь чирч нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Түүнчлэн, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын дефолт болон Шри-Ланка Улсын Засгийн газрын өрийн дефолтоос үүдэн Азийн хөрөнгө оруулагчдын болгоомж нэмэгдэж, энэхүү болгоомжлол нь бусад хөгжиж буй орнуудын гадаад бондын үнэлгээнд дам нөлөөг үзүүлж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын гадаад бондын хоёрдогч зах зээл дэх үнэлгээ нь зээлжих зэрэглэлийн ижил үнэлгээтэй улс орнуудтай харьцуулбал эрсдэл харьцангуй багатай гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Өөрөөр хэлбэл, манайтай ойролцоо зээлжих зэрэглэлтэй бусад орнууд болох Пакистан, Камбож, Мальдив, Шинэ Гвиней, Вьетнам зэрэг улсуудтай харьцуулахад манай улсын Засгийн газрын гаргасан бондын үнэлгээ харьцангуй сайн байгаа.

Мөн олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд болох ‘Fitch”, “S&P” зэрэг байгууллагуудын зүгээс Монгол Улсын богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлж буй бодлого, төсвийн сахилга бат, өрийн тогтвортой байдал, эдийн засгийн потенциал, түүний өсөлт, гадаад валютын нөөц болон эдгээрийн цаашдын төлөв зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг үнэлээд 2022 оны 5, 7 дугаар саруудад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В тогтвортой” хэвээр хадгалсан нь олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсад итгэж байгааг илтгэж байна.

– Манай улс ирэх жилүүдэд эдийн засгийн том сорилттой тулгарна. Томоохон өрүүдээ эргэн төлөхөд бэлэн үү?

– Энэ оны хувьд бид зөвхөн “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Уг төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой.

Энэ нь бидний 2020-2021 онд амжилттай авч хэрэгжүүлсэн “Номад”, “Сенчири” төслийн өрийн зохицуулалтын хүрээнд 2022 онд төлөгдөх хуваарьтай байсан 1.0 тэрбум ам.долларын бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан өрийн удирдлагын арга хэмжээг зөв авч хэрэгжүүлсний үр дүн юм.

2021 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Сенчири” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам доллар, 10 жилийн хугацаа тай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн.

Уг төслийн хүрээнд хугацаа нь тулаад байсан 2022 оны 12 дугаар сард төлөгдөх “Чингис” бондын үлдэгдлээс 662 сая ам.долларыг, 2023 онд төлөгдөх хуваарьтай “Гэрэгэ” бондоос 277 сая ам долларыг тус тус төлсөн.

Өөрөөр хэлбэл, бид 2022- 2023 онд үүсэх хүндрэлийг урьдчилж харж, өрийн төлбөрийн хувьд ачаалал багатай, зах зээлийн нөхцөл таатай үеийг ашиглан энэхүү зохицуулалтыг хийсэн юм.

Нөгөө талаас “Сенчири”, “Номад” өрийн зохицуулалтыг жилийн өмнө хийгээгүй байсан бол 2022 онд 1 тэрбум ам.долларын гадаад бондын төлбөрийг бүтэн дүнгээр 2022 оны эцсээр төлж, тэр хэмжээгээр гадаад валютын нөөц багасах байлаа.

Түүнчлэн манай Засгийн газрын хувьд 2023 онд төлөгдөх хуваарь бүхий 841 сая ам.долларын гадаад төлбөр хүлээгдэж байна. Үүнээс 2017 онд гаргасан “Гэрэгэ” бондын 533 сая ам.долларын эргэн төлөлт 2023 онд хийгдэхээр байгаа юм. Энэ төлбөрийг бид мөн Засгийн газрын 2023-2025 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийн дагуу улсын санхүү, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

– Засгийн газар БНХАУ-аас их хэмжээний зээл авна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд их харагдах боллоо. Энэ үнэн үү?

– Баяр наадмын өмнө БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна гэсэн буруу мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Энэ талаарх ташаа мэдээллийг Сангийн яамнаас удаа дараа залруулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгсөн байгаа.

БНХАУ-аас их хэмжээний зээл авах яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй гэдгийг энд дахин хэлмээр байна. Ер нь манай улсын хувьд их хэмжээний гадаад өр авах эсэх асуудлыг Улсын Их Хурал дээр шийддэг.

Манай Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй, ил тод байдаг ардчилалтай улс шүү дээ. Ийм асуудлыг Улсын Их Хурал дээр битгий хэл Засгийн газар дээр ч хэлэлцээгүй, тэр ч бүү хэл аль ч яамны түвшинд яригдаагүй асуудал.

– Манай улсын төсвийн орлогын оноогийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Инфляц өсөж, ажилгүйдэл улам хавтгайрч, арилжааны банкууд зээлээ хязгаарлаж байна. Цаашид эдийн засаг улам хүндэрнэ гэж шинжээчид сануулсаар байгаа. Төсвийн тодотгол дахиж хийх үү?

– БНХАУ-ын Засгийн газар 2022 оны эхнээс хэрэгжүүлж байгаа “Тэг Ковид” бодлогынхоо хүрээнд томоохон хогуудад хөл хорио тогтоох, хилийн боомтуудынхаа үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн хаах арга хэмжээ авч хэрэгжүүлсний улмаас манай улс 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар cap бүр дунджаар 0.9 сая тонн нүүрс экспортолсон байдаг.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтуудын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 5-7 дугаар саруудад нүүрсний экспортын хэмжээг сард дунджаар 2.5 сая тоннд хүргэж ковидын өмнөх хэвийн үеийн хэмжээнд хүргэж чадлаа.

Ингэснээр эхний долоон сарын байдлаар нийт 11.0 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар, 856.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлогын төлөвлөгөө 99 хувьтай биелж, 8,001.5 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөөний 50 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь 2021 оны мөн үеэс 12.6 хувь, 2020 оны мөн үеэс 83.6 хувь, 2019 оны мөн үеэс 44.2 хувиар тус тус өссөн байна.

Төсвийн орлогын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрсэн тул төсвийн тодотгол хийх шаардлага үүсэхээргүй байна.

Төсвийн орлого бүрдүүлэлт ийнхүү биелснээр улсын төсвөөс бүх төрлийн төсвийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байна. Энэ нь эдийн засгийг тогтвортой байлгах төсвийн бодлогын нэг хэрэгжилт юм.

Ярилцсан: М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нийгэм

АТГ төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 11 гомдлыг шалгажээ DNN.mn

Мэдээ.МН

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь энэ сарын 25-29-нд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шалгарч санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжийн 20 төслийн материалыг татан авчээ. Одоо эдгээр материалд дүн шинжилгээ хийж байгаа юм байна.

Мөн төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулжээ. Ингэснээр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий хороодын хэсгийн ахлагч нар, Багануур дүүргийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш 69 хүн усны ослоор амь насаа алджээ DNN.mn

Энэ оны эхний долоон сард усны ослоор 13 том хүн, 7 хүүхэд амь насаа алджээ  DNN.mn

Улсын хэмжээнд 2022 он гарсаар өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 71 удаагийн усны осол гарч, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 52 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсож, анхааруулга, сэрэмжлүүлгийг мөрдөх,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь зэргийг ашиглахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаа юм.

Мөн голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Түүнчлэн НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 11 дэх жилдээ Туул гол дагуу зохион байгуулж байна.