Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн хавар 24 сая төл хүлээн авч малын тоо 90 саяд хүрчээ DNN.mn

21.1 сая төл бойжиж байна - ХХААХҮЯам

Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 67.3 сая мал тоологджээ. Харин 2022 онд 24 сая төл хүлээн авснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 90 гаруй сая мал бэлчээрлэж байна. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 120 орчим саяд хүрч буй аж.

Монгол Улсын малын бэлчээрийн даац 84.7 сая хонин толгой бөгөөд энэ хэмжээний мал багтаах боломжтой юм байна. Гэтэл одоогоор бэлчээрийн даац 35 сая хонин толгой малаар хэтэрчээ.

Улмаар малын гоц халдварт өвчин гарч буй нь малаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаатай холбоотой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно DNN.mn

Үндсэн хуульт, энэрэнгүй ёсыг хэн сэргээх вэ? | Jargal Defacto

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болно. Их суудлын хуралдаанаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар 2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд өргөдөл гаргасан юм.

Categories
мэдээ цаг-үе

КОВИД: Улаанбаатарт 66, орон нутагт 70 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Тархвар судлаачид бичиж байна: Ковид 19 өвчлөлийн тоо мэдээ ба цаашдын  баримтлах стратегид өгөх санал

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 136 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 66 нь нийслэлд,
  • 70 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
зураг

Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 970,534 боллоо.

Мөн нийслэлд сүүлийн 24 цагт 926 хүн эдгэрсэн бол 850 хүн гэрийн хяналтад байгаа аж.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг тодруулбал, 33 нь Дорноговь аймагт, 37 нь Өмнөговь аймагт батлагдсан байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

Б.Барслхагва: “Цурам ажиллагаа” нээлтээ ч хийгээгүй байхад гол санааны тухай ярих эрт байна DNN.mn


“Фантастик” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Барслхагватай ярилцлаа.


-“Фантастик” продакшны “ЗУРА 2: Цурам ажиллагаа”шинэ уран бүтээлийн богино трейлер саяхан цацагдлаа. Нээлтээ хэзээ хийх вэ?

-Өнгөрсөн мягмар гаригт энэ намар нээлтээ хийх шинэ киноныхоо богино хэмжээний трейлерийг үзэгчдэдээ хүргэлээ. Үзэгчид халуун дотноор, “Удаан хүлээлээ”, “Хэзээ гарах вэ” зэрэг эерэг сэтгэгдлээр хүлээн авч байна. Албан ёсны трейлер цацагдсаны дараа нээлт хийх өдрөө зарлах тул одоо хэлэх боломжгүй.

-Шинэ киноны ажилд хэдий хугацаа зарцуулсан бэ?

-Энэ оны нэгдүгээр сараас киноны бэлтгэл ажил эхэлсэн. Зураг авалт 51-52 хоног үргэлжилсэн. Зураг авалт, эвлүүлэг, өнгө, графикийн ажил, дуу гээд бүх ажил нэгэн зэрэг явсан учир цаг маш сайн хэмнэсэн.

-Ямар жүжигчдийн бүрэлдэхүүнтэй хаана зураг авалтаа хийв?

-Зураг авалтыг Улаанбаатар хот, Буурь нуур, хөдөө орон нутгуудаар бага сага богино зургууд авсан. Мөн гадны нэг оронд зураг авалт хийсэн. Жүжигчдийн хувьд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ах үйл явдлынхаа дагуу хоёрдугаар бүлэгт хуучин дүрээрээ эргэн ирсэн. Богино хэмжээний трейлерийг үзсэн хүмүүс ч мэдэж байгаа байх. Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн ах, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Ц.Номин, УДЭТ-ын жүжигчин Д.Хосбаяр, жүжигчин Г.Баярхүү, С.Ариунбямба мөн миний бие ажиллалаа. “Шинэ үе” продакшны жүжигчин Н.Отгонтунгалаг эмэгтэй гол дүрд тоглосон.Мөн Малайз, Хонконгийн жүжигчид оролцсон. Кинонд маань үнэхээр гайхалтай сор болсон уран бүтээлчид оролцсон гэж болно.

-Та нэгдүгээр бүлэгт зургийн даргаар ажилласан. Энэ удаад гол дүрд тоглосон уу?

-Тийм ээ, энэ бүлэгт гол дүрд тоглосон. “ЗУРА” бол цааш үргэлжлэх төсөл учраас ерөнхий найруулагч Б.Тамир жүжигчдийг бөөнд нь оруулахгүй хувааж тоглуулъя гэсэн. Тиймээс киноны эхний ангид Б.Тамир, Б.Батсайхан хоёр гол дүрд тоглож энэ ангид Б.Ганчулуун, Ж.Алтаншагай, Э.Одбаяр бид дөрөв гол дүрд ажилласан.

-Үзэгчдээс жүжигчин Э.Одбаярыг үхүүлээгүй биз дээ гэсэн сэтгэгдэл олон харагдсан…

-Харин тийм /инээв/. Түүнийг манай үзэгчид киногоо үзээд л мэдэх байх даа.

-Ер нь киногоор дамжуулж үзэгчдэд ямар мессэж өгөхийг зорьсон бэ?

-“ЗУРА 1”кино маань орчин үеийн сэдэвтэй, хууль бус үйл явдал, үйл ажиллагааны талаар өгүүлдэг. “ЗУРА” төсөл өөрөө иймэрхүү төрлийн төсөл гэж ойлгож болно. “Зура” гэдэг нь санскритаар сайн сайхны “Ариун дайчин”гэдэг утгатай. Тиймээс сайн сайхны төлөөх тэмцэгчийн тухай өгүүлэх кино.

Удахгүй “Зура 2: Цурам ажиллагаа” киноны нээлт хийсний дараа хүмүүс үзээд сэтгэгдлээ хуваалцах нь зөв байх.

-Танай продакшныхан үс, сахлаа ургуулаад байгаа шүү дээ. Энэхүү уран бүтээлд ашигласан уу?

-Бид хамгийн сүүлд 2020 онд “Зура 1” уран сайхны киног хийсэн. Түүнээс хойш ямар ч кино дэлгэцэд гаргаагүй. Энэ хооронд бид түүхэн сэдэвтэй олон ангит киноны төсөл дээр ажилласан. Түүхэн кино маш их ажиллагаа шаарддаг учраас бид судалгаан дээр олон жил сууж байна. Археологийн хүрээлэн, түүхийн хүрээлэн, МУИС, угсаатан зүй судлаач, археологичид, маш олон эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа. Судалгааны ажил маш их байна. Жишээлбэл, дээр үеийн монголчуудын оршуулах, хуримлах зан үйл гэх мэт киноны зөвхөн нэг хэсэгт гараад өнгөрөх зүйлийг судлахад маш их ажил болдог.“ЗУРА 2”-ын араас энэ төсөл рүүгээ орно.Бид хил нээгдэж нөхцөл байдал сайжрахаар “ЗУРА 2” киногоо хийх төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Үс, сахлын тухайд олон ангит түүхэн кинондоо зориулж ургуулж байгаа.

-Дүр дээрээ хэр удаан ажиллав, дүрийн судалгаандаа юуг чухалчилдаг вэ?

-Бид зохиолоо нэгдүгээр сард аваад зураг авалт эхлэх хүртэл таван сар дүр дээрээ ажилласан. Жүжигчин хүн аливаа дүр дээр ажиллахдаа баримтлах ёстой систем гэж байдаг. Мэргэжил болгонд өөр өөрийн ажиллах ёстой зарчим, систем гэж байдагтай адил.

-Таны дүрийн хамгийн хэцүү сцени ямар байв?

-Яг үнэндээ амархан зүйл гэж байдаггүй. Хүмүүс жаахан хөгжилтэй, нүүрэмгий хүнийг “Чи жүжигчин болохоор юм байна” гэж хэлдэг шүү дээ. Үнэндээ тийм биш, маш их ажиллагаа шаарддаг ажил. Кинон дээрээс харахад гоё, сайхан байж болох ч бидний өдөр, шөнөгүй бүр дөрөв, тав хоног авсан зураг авалт дэлгэцэн дээр гарахдаа нэг минут хүрэх үү үгүй юү болдог. Тиймээс уйгагүй хөдөлмөр шарддаг, маш их ядардаг. Хүмүүс киноноос өнгөцхөн, сайхныг нь л хардаг учраас гоё амархан мэргэжил гэж дүгнээд байдаг. Мэдээж ямар ч мэргэжил хэцүү. Амархан мэргэжил, ажил гэж хаана ч үгүй.

-Та өмнө нь шинэ уран бүтээлийн ард гарах бүрдээ“Дахиж кинонд тоглохгүй дээ” гэх бодол төрдөг гэж хэлж байсан. Энэ удаад ч мөн тийм бодол төрөв үү?

-Зураг авалтын дундуур сэтгэлээр унадаг гэсэн үг л дээ. “Би үүнийг чадахгүй юм байна” гэж өөртөө эргэлзэж эхэлдэг. Энэ эргэлзсэн бодлоос үүнийг дуусгаад дахиж кинонд тоглохоо болъё гэж боддог. Энэ удаад ч мөн тэгж бодсон. Гэхдээ энэ бодол тийм ч удаан үргэлжилдэггүй ээ/инээв/.

-“ЗУРА 2: Цурам ажиллагаа” киноны үзэгчдэд хүргэхийг зорьсон гол санаа нь юу вэ?

-Кино маань нээлтээ ч хийгээгүй байхад гол санааны тухай ярих эрт байна. Үзэгчид киногоо үзсэний дараа бидний хүргэх гэсэн санааг ойлгох байх.Энэхүү кино маань орчин үеийн сэдэвтэй экшн кино. Адал явдалт кино гэж ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ DNN.mn

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн, орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 24 хүн гэмтэж бэртсэн байна.

Ослын улмаас нийслэлд нэг хүний амь хохирч, орон нутагт таван хүний амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 218 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 387 бүртгэгдсэнээс 40 хүүхдийн амь хохирч 396 хүүхэд гэмтжээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна.

Иймд тул орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүх хамгаалалтын хэрэгслийг стандартын дагуу зүүж хэвших ялангуяа бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд харгалзах хүнтэй хамт зорчуулахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Хотын даргыг давхар дээлтэй болгоё DNN.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/ хийгдэх нь тодорхой болов бололтой. Дан дээлтэй сайдуудтай Засгийн газар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ч хэрэвзээ Их хурлын гишүүн сайдуудтай байсан бол илүү үр дүнтэй ажиллах байлаа гэдэг дээр эрх баригчид өнөөдөр санал нэгджээ. Тэгэхээр үүн дээр нэмэрлэх санал байна. Юу гэхээр “бага” Засгийн газар болсон Нийслэлийн Засаг даргыг бас давхар дээлтэй болгох хуулийг ҮХНӨ-өөр хиймээр байна. Хотын дарга нь давхар УИХ-ын гишүүн байвал ажлыг саад багатай урагшлуулах юм байна гэдгийг өнөөдөр бид харж байна.

Энэ удаагийн ҮХНӨ нь хийгүй, алдаагүй, хамгийн гол нь дутуугаа гүйцээсэн байдлаар хийгдэх ёстой. Тийм түүхэн чухал цаг үе мөн. Өөрчлөлтийг дутуу хийснээр өнөөдөр ямар бантан болсныг бид бэлээхэн харж байна. Энэ талаар яривал барагдахгүй их зовлон тоочих учраас түр орхиё. Нийслэл дээр л тогтъё. Энэ нь иргэдэд өнөөдөр нэн чухал байгаа болохоор.

Өнөөдөр 1 сая 600 мянган хүний нийгэм эдийн засгийн амьдрал, эрүүл мэнд, боловсрол, соёлын бүхий л ачааны хүндийг Нийслэл үүрч, дүүрч явна. Ийм их хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотын захиргааг “бага” Засгийн газар гэж нэрлэхээс өөр аргагүй. Эдгээрийг дааж явах эрх зүйн зохицуулалтуудыг Д.Сумъяабазар үе шаттай, боломжит дээд хурдаараа хийж гүйцэтгэж байна. Наад зах нь төсвөөс 400 тэрбумыг хот өөрөө мэдэж шийдэх эрх зүйн орчинтой болсноос эхлээд, УИХ дахь нийслэлийг дэмжих лобби бүлгэм хүртэл байгуулагдан ажиллаж байна. Энэ мэт улс төрийн эрүүл дэмжлэгийг анх удаа бүрдүүлж чадсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд үйлчилгээний 70 гаруй тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жил гэнэт цуцалсан нь аж ахуй эрхлэгчид, татвар төлөгчид, ард иргэдийн хувьд нүд нь орой дээрээ гарсан, онцгой таатай шийдвэр, эдийн засгийн зөв хөшүүрэг болсон юм.

Энэ мэт эрүүл, чанартай шийдвэрүүдийг иргэд, олон түмэн сүүлийн 30 жил нийслэлийн удирдлагуудаас хүсч байсан ч өнөөдрөөс л нэг юм зөв эхлэл нь тавигдлаа. Маш их цаг хугацаа алджээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлд зөвшөөрөлгүй хайс хашаа, авлига, албан тушаалаар бий болсон газар олголтуудыг Д.Сумъяабазарын баг хуулийн хүрээнд тууштай эмхэлж цэгцэлж, цэцэрлэгжилт, зогсоол талбай, явган хүний зам, түгжрэлийг бууруулах гарц өргөтгөлийг шийдэх байдлаар бодитой ажил хэрэг болгож байна. Энэ ажлууд асар их эсэргүүцэл, занал зүхэл, эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт дор хийгдэж байгааг ярих ч юм биш. Хамгийн чухал нь Д.Сумъяабазарын баг буцаж няцахгүй, эцэж цуцахгүй үргэлжлүүлж байгаа нь нийслэлчүүдэд итгэл найдвар төрүүлж байгаа юм.

Нийслэлийн өнөөдрийн удирдлагууд аль ч талаараа бидний 30 жил ярьж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдээд явж байгаа учраас энэ удаагийн ҮХНӨ-өөр Нийслэлийн Засаг дарга нь УИХ-ын гишүүн байх эрх зүйн чадамжийг бүрдүүлж өгөөд түүнээс ажлын үр дүн нэхэж сууя. Энэ бол Монголын нийслэлд том реформ болно.

Өнөөдөр хотын дарга нь УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа ойлголцлын өндөр түвшинд ажиллаж байгаа ч Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд Нийслэлийн Засаг дарга нь УИХ-д давхар сууснаар илүү ихийг иргэдийн төлөө хийх нэр нөлөөтэй, ажлын үр дүн нь өндөр байх боломжтойг Д.Сумъябазарын Засаг даргаар ажиллаж байгаа хугацаанаас харж байна. Энэ тал дээр та бүхний санаа бодол ямар байна, хуваалцаарай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бат-Од: Зөнөг залгасан хэдэн хөгшин, хэнээ туссан хэсэг залуус төр болж тоглоод байна DNN.mn

АН-ын Улс төр, бодлогын газрын дарга Д.Бат-Одтой ярилцлаа.

-Танай нам наймдугаар сарын сүүлчээр Их хурлаа зарлажээ. Энэ удаагийн Их хурлаараа ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Ардчилсан нам шинээр Их хурал зарлаагүй, нээлттэй байсан Их хурлыг үргэлжлүүлэх тов энэ сарын 22-ны өдөр гарсан. Намын дотоод асуудал болон өнөөгийн нийгэмд тулгамдаад буй асуудлууд, Монгол Улсын эдийн засаг, гадаад, дотоод бодлого, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх мэт асуудлуудаар намын их хурлын төлөөлөгчид нээлттэй хэлэлцэнэ. Намын дотоод асуудлаа эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

-АН хоёр талд Их хурлаа зарлаад, тус тусдаа даргаа батламжлаад яваад байх юм. Ийм байдалд залхсан намын чадварлаг залуус өөр нам руу орж байгаа гэж дуулдах боллоо. Учир зүйгээ олоод АН гэдэг туган дороо нэгдчихэж болдоггүй юм уу?

-АН нэн яаралтай учир зүйгээ олох хэрэгтэй нь үнэн. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд, Ардчилсан намд хагарал байхгүй. Одоо үүсээд буй нөхцөл байдал бол МАН-ын улс төрийн ашиг хонжоо хайсан, улс төрийн насжилтаа уртасгах гэсэн, АН-ыг дэмжигч иргэдийн итгэл үнэмшлийг мохоох гэсэн үйлдэл шүү дээ. Өнгөн дээрээ манай намын дотоод асуудал мэт харагдавч эрх баригчдын явуулгын үр дүн гэдгийг хатуухан хэлмээр байна. Ардчилсан нам Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн Үндсэн дүрэмтэй. Намын даргыг яаж сонгох, хэрхэн батлах гэдэг нь маш тодорхой байгаа. Манай намын дүрэмд цахим сонгууль, цахим санал хураалт гэж байхгүй.

АН аль ч цаг үед Үндсэн дүрмээ баримтлан дотоод асуудлаа шийдэж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн практиктай. Гэтэл Улсын дээд шүүх шийдвэр гаргахаас зайлсхийж асуудлыг сунжруулж төрийн байгууллага тодруулбал, УБЕГ намын дотоод асуудалд оролцож эрх баригч намын захиалгаар шөнө дунд хууль бус үйл ажиллагаа буюу хуурамч тамга үйлдэж нэр бүхий хүмүүст үйлчилж байгаа нь гэмт хэрэг, шударга өрсөлдөөнөөс эмээсэн сөрөг хүчний үнэн нүүр царай!

-АН-ын “ах нар” яагаад залуу үедээ байр сууриа тавьж өгдөггүй юм бэ?

-Манай намд улс эх орноо аваад явчих ноён нуруу, төлөвшил, мэдлэг боловсрол, хүсэл тэмүүлэл, хийж бүтээх чин хүсэлтэй залуус олон бий. Гэтэл лай болж, зай тавьж өгдөггүй хүмүүс манай гэлтгүй бусад намд ч байна. Эрх баригчдыг хараад байхад зөнөг залгасан хэдэн хөгшин, хэнээ туссан хэсэг залуус төр болж тоглоод байх юм. Харин манай намд олон жил дарлуулсан ч сонголтондоо бат цайз мэт зогсож чаддаг үзэл бодол, итгэл үнэмшилтэй залуус олон бий. Мэдээж Ардчилал ялах үед улс орны хөгжил, төрийн гадаад, дотоод бодлого, нэр хүнд, өнгө төрх, парламентын засаглал, шударга ёс өнгөө олох болно. Бид залуусаараа манлайлна. Ардчилал хоёр дахь давлагаан дээрээ ирчихээд байна. Бодлого, үзэл санаа, өнгө төрхийн хувьд ч өөрчлөгдөж байна. Цөөвөр чоно шиг ганц ганцаараа явах биш илүү нягтарч, ойртож, бодлогоо нэгтгэж, ойлголцож, цомхон, хариуцлагатай байж ханддагийн хувьд өөрчлөгдсөнөөр ард түмний төрд итгэх итгэл, Монгол Улсыг дэлхий дахин харах өнцөг хүртэл өөр болох учиртай. Ардчиллын “ах нар” түүхэн үүргээ гүйцэтгээд Монголын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсанд талархаж байна. Харин одоо залуу үедээ жолоо, цулбуураа атгуулж, олом жирмийг нь сайхан татаж өгөөд сүү цайныхаа дээжийг өргөөд зөвлөж туслаад явах хэрэгтэй. Ардчиллын залууст итгэж найдах цаг нь болсон. Бид улс орноо өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа. Манай намд хууль, гадаад бодлого, эдийн засаг, хүний эрхийн талаар мэргэшсэн чадварлаг залуус олон бий.

-Шүүх танай намын асуудалд хоёр үзүүртэй шийдвэр гаргаж явсаар 2024 оны сонгуультай залгавал хэцүүдэх юм биш үү. Харин нэгдэж чадвал сонгуульд өнгөлнө гэдгийг хаа хаанаа ойлгомоор юм. Намын хагарлыг эрх баригчдын явуулга гэхээсээ илүүтэйгээр АН-ын “ах нар”-ын эрх ашгийн тэмцэл яваад байна гэж нийгэм харж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Намаа толгойлон сонгуульд оролцож, ялагдал хүлээсэн удирдлага хариуцлага хүлээж огцордог. Гэтэл АН-ыг байгуулсан гэж ярьдаг хэрнээ энэ намыг өмчлөх дон туссан, насаараа дарга хийх хүсэлтэй МАН-ын генсектэй хүзүү сээрээрээ холбогдсон, АН-ын үнэт зүйл, иргэдийн хүсэл мөрөөдлийг золигт гаргаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий… Тухайлбал, АН-аас Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан журмын нөхдийнхөө эсрэг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад явж байх жишээтэй. С.Эрдэнэ тэргүүтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дохио зааврыг эрээ цээргүй гүйцэлдүүлдэг жигшмээр хүмүүс байгааг үгүйсгэхгүй.

-Ингэхэд МАН-ын генсек танай намын ЕНБД-ыг нэр төрд халдсан асуудлаар шүүхэд өгсөн нь юу болж байна вэ?

-Энэ асуудал үүсээд нэлээд хугацаа өнгөрч байна. Хэвлэлээр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан АН-ын ЕНБД И.Мөнхжаргалыг шүүхэд өгсөн гэх ташаа мэдээлэл цацагдах юм. Үнэндээ АН-ын ЕНБД И.Мөнхжаргал МАН-ыг АН-ын дотоод асуудалд оролцох үйлдлээ зогсоо хэмээснийг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гуйвуулж МАН-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж прокурорт шилжүүлсэн нь шүүхэд очоод няцаагдсан. Гэтэл прокурор давж заалдан дахин шүүх хурал товлосон нь энэ сарын 1-ний өдөр байсан ч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшлуулсан. Энэ бол аргаа барсан үйлдэл, МАН-д нэр төр гэх зүйл үлдээгүй тэгээд ч эрх баригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалдаггүй. Ер нь өнөөгийн эрх баригчдын ганц зэвсэг эрүүгийн хууль болоод байна уу даа. Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлээд, үзэл бодлоо илэрхийлээд, иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө тэмцээд, эрэн сурвалжилж, эрсдэл гаргаад явдаг. Гэтэл улс төрийн өндөр албан тушаалтан, нөлөө бүхий этгээдүүд иргэдийн мэдэх эрхийг нь хаах замаар сэтгүүлчдийг хорьж, шүүхээр оруулаад байх юм. Статистикаас харахад, 2018 онд 38, 2019 онд 23, 2020 онд 40 гаруй сэтгүүлчид улс төрийн нөлөө бүхий хүмүүс гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэн байх жишээтэй. Яг үнэндээ Ардын нам шүүмж сонсож чадахаа байсан. Нялх хүүхэд шиг дэндүү эмзэг төртэй болжээ, бид.

-Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар ҮХНӨ-тэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ. Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ер нь ҮХНӨ-ийг яаж явуулбал зөв болох вэ?

-Эрх баригчид Монголд засаглалын хямрал үүсч, нийгэм эдийн засаг хүндэрсэн нь Үндсэн хуулиас болсон юм шиг мэдээллийг ард иргэдэд өгч байна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Үндсэн хуулийг үеийн үед Ардын нам МАХН байхаасаа өөрчилсөн. Парламентад хэт үнэмлэхүй олонх байхдаа дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд гар хүрсэн шүү дээ. Эрх баригч нам хэзээ ч зөвшилцлийн зарчмыг баримталж Үндсэн хуулийг өөрчилж байгаагүй. Өнөөдөр нийгэм эдийн засаг, бодлогын хүрээнд стратегийн алтан боломжоо алдчихлаа. Тиймд тодорхой улстөрчдийн нэр хүнд унаад байгаа нь туйлын үнэн. МАН түүхэнд муугаар бичигдэх хар толбо болон тэмдэглэгдэхээс зайлсхийж, Үндсэн хууль руу бүх буруугаа чихээд байгаа юм. Энэ бол зөвхөн амин хувийн үзэл, намын байнгын ялагч, бусад нь дагавар нам байх улс төрийн тогтолцоог Монголд нутагшуулах гэсэн зорилго. Үнэхээр ҮХНӨ-ийг хийхдээ тулбал шинэ үеэр хийлгэх нь зөв.

-Сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэхийн тулд ҮХНӨ-ийг явуулна гэж байгаа шүү дээ?

-Нийгэмд мэдээлж байгаагаар УИХ 152 гишүүнтэй болж, тэднийг таван жилээр сонгодог болох юм байна. Мөн УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохыг Х.Доржханд гишүүнээр дамжуулаад оруулж ирж байх юм. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болж, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлж жинхэнэ ардчилсан улс болно гэж төсөөлж байх шиг. Гэвч өнгөрсөн найман удаагийн сонгуулийн тавд нь сонгуулийнхаа тогтолцоог өөрчилсөн. Үнэхээр ҮХНӨ-ийг явуулснаар эдийн засаг сэргээд, иргэдийн амьдрал дээшилбэл сайхан л байна. Гэтэл мөн чанартаа ҮХНӨ-ийг хийснээр МАН гол тоглогч, бусад намыг дагавар буюу оролцогч байлгах санаатай. 2020 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн Улс төрийн намын харилцааг зохицуулсан заалтууд 2024 оноос хэрэгжиж эхэлнэ. Баталсан хуулийн заалт нь хэрэгжиж эхлээгүй байхад дахин өөрчлөлт оруулж болдог юм уу! Дахин хэлэе. Бид найман удаагийн сонгууль явуулж, тавд нь өөр сонгуулийн тогтолцоо ашигласан. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөд улс оронд хөгжил цэцэглэлт авчирдаг байсан бол сайхан байх байлаа.

-Одоогийн тогтолцоогоор МАНдараагийн сонгуульд ялах бүрэн магадлалтай. Тэгсэн хэрнээ заавал холимог тогтолцоогоор явъя, олон намын оролцоотой парламентаа бүрдүүлье гээд байгаагийн цаад санааг юу гэж харж байна вэ?

-Өнгөрсөн хаврын улс төр яг л ингэж эхэлсэн. Жижиг намуудыг парламентдаа оруулъя, бусад намуудын дуу хоолойг засаглалын түвшинд аваачъя гэдэг гэгээн бодлоор. ҮХЦ хуралдаад шийдвэр гаргах гэж байх шиг байна. Гэхдээ энэ шийдвэрийг МАН захиалсан нь тодорхой. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад Үндсэн хуулийн асуудлыг шуурхайлж, иргэдийг үзэл суртлаар мунхруулах ажил руугаа ороод эхэлсэн. МАН сайндаа ч биш, мажоратор системээр ялаад гарсан сонгуулийнхаа тогтолцоог солино гээд байх шиг. Судалгааны үр дүнгээс харахад МАН-ыг дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай иргэд МАН-ын үндсэн рейтингээс давчихаад байгаа. Мажоратор сонгуулийн тогтолцооны нэг онцлог нь намын рейтинг өндөр байснаар жижиг тойргуудад олон суудал авдаг. Тэгэхээр МАН мажоратор болон томсгосон мажоратораар ч ялахгүй. МАН бүх хувилбарыг ярьж үзсэн. Бүсчилсэн мажоритар хүртэл ярьж байсан шүү дээ. Ерөөсөө эдний бодож олсон гарц бол засгийн эрхэнд үлдэх, хамтарсан засагт орох, хулгай хийж тендер гувчуулах, энэ олон бонд зээлийн өрүүд, төсвийн алдагдал, хууль бусаар идэж уусан бүхнээ нуухын тулд Үндсэн хуулийн гажуудал гэсэн үзэл суртал хийж байгаа хэрэг.

-Банкууд зээлээ хумж байна. Эдийн засаг цаашид улам хүндэрнэ гэдгийг шинжээчид анхааруулсаар байгаа. Тэгэхээр 2024 оны сонгуулиас өмнө парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоръё гэсэн шийдэлд хүрч магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд яваад байх шиг. Тийм боломж бий юү?

-Намрын улс төрийн хамгийн том сэдэв энэ юм. Монголчууд засаг огцруулаад асуудлыг шийднэ гэж гэнэн итгэдэг байж л дээ. Одоо монголчууд тийм биш болсон. Энэ намрын хамгийн халуун сэдэв бол гүйцэтгэх засаглал бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал. Ковидын үед сул ажилласан, цар тахалд зориулагдсан хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан, эдийн засгаа сэхээнд оруулчихаад нөхөн сэргээх эмчилгээ хийгээгүй зэрэг асуудлаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх ёстой. УИХ ч бас хариуцлагаа хүлээгээд тарах хэрэгтэй. Монгол Улсын эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүс дахин дэвших эрхгүйгээр тарах ёстой. МАН 2023, 2024 онд ээлжит болон ээлжит бус УИХ-ын сонгууль болсон ч ялагдана. Монголчууд МАН-д хариуцлага тооцно. АН ард түмний итгэлийг хүлээж УИХ-ын сонгуульд ялалт байгуулна. Ардчиллын залууст итгэж болно.

Categories
мэдээ нийгэм

“Оюуны наадам-2022” үндсэн таван төрлөөр болно DNN.mn

298703663_1369417096882925_6026213201556868029_n

Монголын оюун ухааны академиас санаачлан “Оюуны наадам–2022” нэгдсэн тэмцээнийг зохион байгуулах гэж байгаагаа зарласан. Улмаар наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Удирдлагын академид тус тус тэмцээн эхэлж байна.

Үүнд Улаанбаатар хот болон орон нутгийн 3,000 гаруй тамирчнаас бага, өсвөр, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалд 600 гаруй нь өрсөлдөхөөр шалгарчээ.

Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х. Хатанбаатар:

-Монголын оюун ухааны академийг 2010 онд үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш оюуны хөгжлийн олон талт сургалтуудыг бүх насныханд хүргэсээр ирсэн. Эрхэм зорилгынхоо хүрээнд бид оюуны спортын дэлхийн аварга, шилдэг тамирчдыг төрүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хугацаанд дотооддоо 116 тэмцээн уралдааныг зохион байгуулсан бөгөөд ингэхдээ давтагдсан тоогоор 20 мянга гаруй хүүхэд залуусыг оролцуулсан. Шилдэг тамирчдаа бэлтгэн Англи, Америк, Япон, Солонгос гэх мэт дэлхийн 20 гаруй улсад зохион байгуулагдсан нийт 60 тэмцээнд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулж олон улсаас нийтдээ 101 цом, 1115 медаль хүртэж олон улсад Монгол Улсаа таниулж чадсан. Цаашдаа ч олон тэмцээн уралдаанд оролцох болно.

Өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээнүүд тус тусдаа зохион байгуулагддаг байсан бол энэ удаад спорт өрөлт, ой тогтоолт, түргэн бодолт зэрэг үндсэн таван төрлийн тэмцээнийг нэг дор зохион байгуулах гэж байна. Тэмцээн уралдаанд оролцсоноор хүүхэд, залуус маань өөрсдийн шинэ хобби болон цааш цаашдын тэмцээн уралдаанд өөрсдийн ур чадвараа ахиулах зэрэг олон ач холбогдолтой.

Бид баг, тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд оролцуулснаараа өнөөдөр 50 гаруй олон улсын зэрэг, цолтой тамирчидтай болсон. Энэ удаагийн тэмцээнд олон улсын цолтой тамирчид оролцож байгаагаараа илүү онцлогтой болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ DNN.mn

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

17-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 147 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1763 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1532, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 113, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 106, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 48, эрүүлжүүлэх байранд хоносон 147, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.

Arslan.mn