Categories
мэдээ нийгэм

Д.Бат-Очир: Шинэ хонины шөл, шинэ өрөм чинь зохистой хооллолт DNN.mn


Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн үеэр Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Д. Бат-Очиртой эх барих, халдвар судлал, хоол зүй зэрэг сэдвээр ярилцлаа.


-Юуны өмнө гавьяат цол хүртсэнд тань баяр хүргэе. Та “Энэрэл” дээд сургуульд багшлангаа эх барих, халдвар судлал, хоол зүйн чиглэлээр хичээл заадаг юм байна. Эх барихын эмч болсон үеэ дурсаач?

-Шагнал авна гэдэг чинь улам их үүрэг, хариуцлага, итгэл хүлээх юм байна. Шагнал авахын өмнө улсдаа тэдэн жил ажиллаж, тийм тийм юм хийж дээ гэж бодож байсан бол яг зарлиг унших үед “Үгүй би ер нь яг юу хийчихээд шагнал аваад байгаа хүн бэ” гэж боддогдог л юм билээ. Анагаахын дээдийг төгсөх жил хөдөө явах гээд бэлтгэлээ хангаж байсан юм. Гэтэл сайдын тушаал гэнэт гарч, Улаанбаатар хотын намын хорооны мэдэлд очсон гэх үү дээ. Тушаал гарсан өдөртөө л гуравдугаар төрөх эмнэлгийн эмчээр томилогдож байлаа. Сургуулиа гайгүй төгссөн болохоор тэр байх. Тухайн үед сайд дээр орж “Би хотод биш, хөдөө ажилламаар байна” гэж хэлсэн ч миний үг ямар нэмэр болохов. “Тэрийг бид мэднэ ээ” л гэсэн. Би анагаахын сургуулийн эмчилгээний ангийг дүүргэсэн хүн л дээ. Одоо бодоход тухайн үед “Новости Монголии” сонинд эх барихын талаар материал орчуулж бэлдүүлэх зэргээр оюутнуудыг бэлдэж байсан юм билээ.

-Эх барих эмчээр хэчнээн жил ажилласан бэ?

-1979 оны долдугаар сарын 1-ний бямба гаригт ажилдаа орж байсан юм. Эх барихын эмчээр найман жил ажиллаад мэргэжилтэн, даргаар ажиллах болсон. Тэгээд Амгалан амаржих газраасаа гавьяаны амралтдаа гарсан түүхтэй. Завсар зайд нь Чингэлтэйн эмнэлгийн даргын ажлыг хашсаныг эс тооцвол эх барих чиглэлээр насаараа ажилласан хүн байгаа юм.

Хагалгааг голдуу эрэгтэй эмч нар хийдэг байсан гэж сонссон, хэр бодитой яриа бол?

Ер нь бол тийм. Эх барихын эмч нарын хувьд хүүхнүүд нь уран ухаантай бол эрэгтэйчүүд нь гар сайтай байдаг гэх мэт яриа бий. Гэхдээ нарийн ур чадвар шаардсан хэсэгт эмэгтэй эмч нар ч ордог байсан. Маш сайн эмэгтэй эмч цөөнгүй байлаа. Гуравдугаар амаржих газар маань 55 жилийн түүхтэй. 1966 оны наймдугаар сард ашиглалтад орж 1998 онд татан буугдсан. Учир нь тухайн үед Монгол Улсад төрөлт буурсан гэж үзсэн юм билээ. Үүний дараа би Чингэлтэй дүүргийн эмнэлэгийн даргаар томилогдсон юм. Намайг ажиллах үед мэдээгүйжүүлгийн эмч цөөхөн байлаа. Тиймээс би тэр чиглэлээр мэргэших хүсэлтээ эмнэлгийн удирдлагадаа тавьсан. Түүний дагуу анестезиологи буюу мэдээгүйжүүлгийн эмчээр суралцан төгссөн дөө. Тэр үед төрөх дундын мэдээгүйжүүлгийн эмчийн жижүүрийн бригад гэж байлаа. Одооны Йонсей эмнэлэг, хуучны эмэгтэйчүүдийн эмнэлэгт л дээ. Тэнд жижүүр хийж хонодог хэдхэн эмч л байсан. Ээлжилж дуудна. Үндсэндээ эх барих, наркозны эмч буюу одоогийн хэллэгээр бол мэдээгүйжүүлгийн эмчээр хавсарч ажиллах болсон гэсэн үг.

-Тухайн үед нэг эх барих эмчид хичнээн хүн ноогддог байсан бэ?

-Хоногт 20 гаруй эх төрнө. Нэлээд ачаалалтай байсан шүү.

-Мэргэжлээр ажиллах явцад ямар хүндрэл бэрхшээл гарч байв?

-Бишгүй л хүндрэл гарна. Анх төгсөөд очиход сепсис буюу үжил их тохиолдоно. Одоо бодоход аймшигтай үе байсан.

-Эх барих, эмэгтэйчүүдээр ажиллаж байсан хүн хоол зүйч, халдвар судлаач болсон нь анхаарал татаж байна. Өөр чиглэлийг сонгож мэргэшсэн түүхээ сонирхуулаач?

-Ер нь эмч хүн гэдэг чинь сайн яривал хоол зүйч шүү дээ. Миний хувьд 40-өөд жил хоолны цэс дээр гарын үсэг зурлаа. Тэр чинь хоол зүйчийн нэг л хэлбэр. 10 хэдэн жил эмнэлгүүдийн гал тогоонуудтай зууралдан ажиллаж байна. Хоол зүйч бол эмч хүн хийгээд байдаг мэргэжил биш л дээ. ШУТИС-ийн нийтийн хоолны ангийг төгссөн хүмүүс хоолны технологич хийдэг. Гэхдээ эмч нар мэргэжлээ ахиулж зэрэг дэвээ хамгаална гэдэгт хоол зүй, халдвар судлал гэх мэт сэдвүүд зайлшгүй багтдаг. Ариутгалыг яаж шийдэх ёстой юм, мэс заслын гар угаалт ямар байх, Ковидын үеийн гар угаалтгээд эмч нар ямар нэг байдлаар халдвар судлаач байх шаардлагатай. Хоол ямар байх, юу уух зэргийг шим тэжээл судлаачид хэлэх ёстой.Уг нь эмнэлэг бүрт хоол зүйч байх ёстой. Өнөөдөр гэхэд хувийн сургууль, эмнэлэг байлаа гэхэд бүгд гал тогоотой. Бүгд дур дураараа хоол хийдэг. Тэдэнд цэсээ батлуул гэсэн шаардлага тавихаар “Та юугаа мэдддэг юм” гэж уцаарлах жишээний. Хувийн аж ахуйн нэгжүүдийн гал тогооноос хоолны цэс шаардах учиртай. Урьд нь эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хоолны цэсийг баталдаг байсан бол одоохоол зүйч баталдаг болсон. Тухайлбал, гурилтай хоолны калори нь хэд, яг хэдэн грамм, ямар орцтой байх зэргийг хоол зүйч л шийдэх учиртай. Энэ үйл ажиллагаанд хамтрах хүмүүс нь мэдээж халдвар судлаачид.

-Анагаахын суургуулиудад хоол зүйн чиглэлийн анги бий юу?

-Байхгүй. Шим тэжээл судлаачийг ганцхан ШУТИС-д л бэлдэж байна. Уг нь өнөө цагт маш их хэрэгтэй мэргэжил. Давс, чихрийн тунг ямар хэмжээгээр яаж хэрэглэх вэ гэдгийг хоол зүйчид л хэлэх ёстой. Сүүлийн үед чихрийн шижин бүх өвчний үүр болох нь холгүй байна шүү дээ. Гол шалтгаан нь мэдээж буруу хооллолт.

-Монголчуудын хооллолт замбараагаа алдсанаас болж өвчлөл ихэссэн гэдэг. Буруу хооллолтын гол шалтгаан нь юу вэ?

-Орчин үед хоол үйлдвэрлэл үнэхээр үсрэнгүй хөгжжээ. Ямар ч хоол амтлаг, өнгөлөг, хэлбэр галбир сайтай болсон байна. Гэвччихэр, давсны тун ямар байгааг мэдэхийн аргагүй. Манайд урьд ньхоолны газрын элдэв сүлжээ байсангүй. Одоо бол сүлжээ хоолны газар хаа сайгүй болсон. Тийм газруудаар хүүхдүүд их үйлчлүүлж байна. Гэтэл тэр хоол нь монгол хүний физиологид хэр нийцтэй вэ гэдгийг хэлчих хүн алга.

-Ер нь мэргэжлийн үүднээс зөв хоололт гэж яг юу вэ?

-Зөв хооллох гэдэг нь өөрийн бие махбодь, эрүүл мэнддээ тохируулсан зохистой хооллолтыг л хэлнэ. Миний эрүүл мэндийн байдал ямар билээ, түүндээ тохируулаад би ер нь юу идвэл зохих, юуг идэж болохгүй вэ, идэх юмныхаа талаар би ямар мэдлэгтэй байх ёстой билээ гэсэн гурван асуултад хүн бүр хариулж байх нь зохилтой. Тэгээд хоол ундандаа өөрөө санаа тавьж, “Миний идэх болох юм бол энэ, харин энэ бол биш” гэх зохицуулалтыг хийчихдэг болох ёстой.

-Бүх өвчний, тэр дундаа хорт хавдрын үндсэн шалтгаан нь хоол тэжээл гэдэг болжээ. Үүнтэй та санал нийлэх үү?

-Бүх өвчин зөвхөн хоол тэжээлээс үүдэлтэй гэж үзэх нь мэдээж өрөөсгөл. Янз бүрийн шалтгаан байж болно. Гэхдээ магадгүй хооллолт нь тэр шалтаг шалтгааныг өдөөсөн, сэдээсэн байхыг үгүйсгэх аргагүй. Саяхантелевизээр “Малын вакцинтай мах идэж байна” гэх мэдээлэл хүн бүрийг цочирдууллаа. Бид чинь ямар малын мах иддэгээ, тэр маханд ямар вакцин буйг мэдэхгүй дээрээ тулжээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай иргэд зохистой хоол гэдэг талаар ямар нэг байдлаар ойлголттой болчихож. Захын хүүхэд л юуг идэх, юуг идэхгүй нь зүйтэй вэ гэдэг тал дээр зохих мэддэгтэй болсон тал анзаарагдаж байгаа. Гэхдээ сургалтын системд зохистой хооллолтын хичээлийг тусгах зайлшгүй шаардлага бий.

-Яг монгол хүнд таарсан зохистой хоолны судалгаа гэж байдаг уу?

-Монгол хүнд хонь гаргачихвал тэр чинь шинэ, зохистой хоол. Өглөө саасан сүүг хөөрүүлээд маргааш өрмийг нь авлаа, тэр чинь шинэ өрөм. Үүнийг шинэ, зохистой хоол гэж ойлгодог. Шинэ хоол гэхээр бас асуудалтай л даа. Шинэ материалаар тэр калорилаг хэмжээ бүхий орцыг зохицуулаад хийнгүүтээ яг цаг үед нь тав тухтай орчинд идэхийг л зөв зохистой хоололт гэнэ.

Д.Цэрэндолгор

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Газрын тосны үнэ буурчээ DNN.mn

Газрын тосны үнэ дахин буурчээ

Газрын тосны эрэлт буурах вий гэх болгоомжлол үүсээд байгаатай холбоотойгоор үнэ мягмар гарагт буурчээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.88 ам.доллар буюу 3.2 хувиар буурч, 89.41 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын сүүлээс хойших хамгийн доод үнэ болжээ.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны 10 дугаар сард нийлүүлэх үнэ 2.76 ам.доллароор /2.9 хувь/ буурч, 92.34 ам.доллар болжээ.

Дэлхийн эдийн засаг саарах нь эрчим хүчний эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдэгт зах зээлийн шинжээчид санаа зовнисоор байна. Даваа гарагт “WTI”, “Brent” маркийн газрын тосны үнэ мөн 2.9, 3.1 хувиар тус тус буурчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан эхэлж байжээ DNN.mn

-Б.Энх-Амгалангийн толгойлсон төсөл таван жил гацаж байхад бизнес нь өргөжиж, хөрөнгө орлого нь нэмэгдэж байлаа-


Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км зам барилгын ажлын гүйцэтгэл таван жилийн дараа л талдаа орж байна. Cap гаруйн өмнө Ерөнхий сайд газар дээр нь ажиллахад албаныхан 40 гаруй хувьтай гэж байсан шүү. Энэ хугацаанд ажил урагшлаад 50 хувьд хүрсэн гэж найдъя.

Зам барих нэрээр там болгож хаясан таван жилийн хугацаанд Дарханы зам дээр хэчнээн ч амь үрэгдэж, хэдэн арван гэр бүл хагацал зовлон амсав аа. Машин техникийнхээ эд ангиар хохирсон нь ч өнгөрч. Нийгэмд нөхөж баршгүй их хэмжээний хор хөнөөл учруулсан энэ замын ажлыг явуулж чадаагүй буруутнуудыг тогтоох ажил РУУ хуулийнхан саяхнаас л орж эхэллээ. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр уржигдар АТГ-ын мөрдөгчид нэгж лэг хийв. Яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд үнэлгээний хорооны нэр бүхий ажилчдын өрөөг шалгасан гэх мэдээлэл бий.

Цаашлаад холбогдсон хүмүүсийн орон байр. хувийн компани зэргээр 30 орчим объектыг шалгана гэж байгаа.

Хуулийнхан Дарханы зам өнөөдөр хүртэл таван жил гацсан шалтгааныг тендертэй холбож буй юм. Энэ замын төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны зээлийн 62.8 сая ам.доллар буюу 190 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж эхэлсэн. Тус төсөл дээр ажиллаж байсан мэргэжилтний ярьж буйгаар эдүгээ шалгагдаж байгаа тендерийн маапаан бүр эхнээсээ байсан гэдэг.

Товчхондоо бол төслийн санхүүжилт болох 190 гаруй тэрбум төгрөг түрүүлээд шийдэгдчихсэн. Гэтэл зам барих компаниуд нь бэлэн биш. Нэг ёсондоо байхгүй. Олон улсын стандарттай гэдгээрээ хүн хүч, техник хэрэгсэл, ажлын туршлагаас эхлээд тэнцэх компани олдоогүй. Олон жил яригдаж ирсэн Дарханы замыг шинэчилнэ гэдэг үе үеийн Засгийн том амбиц байсан нь гарцаагүй. Харин У.Хүрэлсүхийн үед хувьсгалын тохироо нь бүрдэж, Дарханы замын бүтээн байгуулалт дээр олон улсын банкууд зээл өгөх шийдвэрээ гаргасан.

Гэвч мордохын хазгай гэгчээр санхүүжилт шийдэгдсэн ч төсөл нь түүхийгээрээ байж таарсан гэдэг. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч манай талынхан сандралдаж эхэлсэн. Ингээд компаниудын эрэлд гарч, тендер зарласан нэртэй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компанийг оруулж ирсэн. Гэвч тус компаниуд нь ч өөрсдөө бэлэн биш байжээ. Өөрийн улсдаа буюу БНХАУ-д шүүхийн маргаантай, маапаантай компани ч орж ирсэн гэдэг. Түүгээр зогсохгүй хүн хүч, техник хэрэгсэл дутуу. Замын ажлын шав тавих ёслол болоход харуулах техник хэрэгсэл дутуу, олдохгүй нэлээд асуудал үүссэн тухай ч эх сурвалж онцолж байгаа юм.

Нэг ёсондоо мөнгөний сургаар ямар ч бэлтгэлгүй том төсөл рүү орчихсон. Үүнийг албаныхан өөрсдөө ч баталдаг. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Дарханы зам хугацаандаа амжиж ашиглалтад ороогүй шалтгаан нь бэлтгэл ажил хангагдаагүй байсан” гэж байв.

Тендерийн маапаан ингэж л эхэлсэн хэрэг. 2019 оны эхээр 204.1 км замыг таван багцад хувааж, олон улсын тендер зарласан. Анхны тендерээр замын I багцад БНХАУ- ын “Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж” компани. II болон IV багцыг “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”, III багцыг “Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп”, V багцыг “Чайна Жео- Инженеринг Корпораци” компани шалгарч, тухайн оныхоо зургадугаар сарын 12-14-нийн өдрүүдэд гэрээ байгуулж байжээ.

Тэгвэл өнөөдөр замын багцуудыг хариуцагч компаниуд бүгд өөрчлөгджээ. Анх дөрвөн компани гэрээ байгуулж байсан бол одоо долоо болон нэмэгдсэн байх юм. Компаниуд орж, гарсан. Тухайлбал, анх V багцыг хариуцахаар гэрээ хийж байсан “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани эдүгээ II, Ill, IV багц дээр ажиллаж байна. Мөн дотоодын компаниуд төсөлд орж ирсэн. Тэдний нэг бол “Макс”-ийн Д.Ганбаатарын “Арж капитал” компани.

Үүнээс харахад Дарханы зам барилгын 200 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлын тендер нэг бус удаа зарлагдсан гэсэн үг. Хуулийнхны овоо хараанд өртсөн гол асуудал энэ. Тендер бүрд маапаан бий. Тэгвэл энэхүү тендертэй холбоотойгоор улс төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд доод албан тушаалтнууд ч олноор татагдаж байгаа гэх.

Тодруулбал, уг замын тендер зарлагдах үед Зам тээврийн яамыг толгойлж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг хуулийнхан нэлээд эртнээс шалгаж эхэлжээ. Олон нийтэд ил болоод байгаа мэдээллээр бол тус замын нэг болон хоёрдугаар багц дээр ажиллаж буй юм. “Арж капитал” компанийг экс сайд Б.Энх-Амгалантай холбож буй. “Арж капитал”-ын байгуулсан гэрээний санхүүжилт 20.5 сая ам.доллар. Б.Энх-Амгалан, Д.Ганбаатар нар нэг нутгаас гаралтай. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлд хоёул данстай. Үүгээр зогсохгүй. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн төрсөн дүү Б.Энхболд “Макс”-ийн Д.Ганбаатар нар хамтран “Баянбогд хөгжил сан”-г удирддаг гэх юм билээ. Энэ хоёр эрхмийн хүзүү сээр холбогддог өөр ч замын тендерийн асуудал яригддаг.

Ямартаа ч бүхэл бүтэн таван жил дуншаад урагшлаагүй Дарханы замын гол буруутнаар Б.Энх-Амгаланг цохон нэрлэхээс өөр аргагүй. Тэрээр Засгийн газраа ч, эрх баригч намаа ч муухай харагдуулж дөнгөлөө. Хамгийн гол нь төрийн ажил, төсвийн хөрөнгийг баллаж, сонгогчдод, монголчуудад маш том хор уршиг үлдээж байна.

Гэтэл энэ таван жилийн хугацаанд түүний толгойлж эхлүүлсэн төрийн төсөл ийнхүү гацаж байхад эсрэгээрээ өөрийнх нь бизнес өргөжин тэлсээр байсан нь анхаарал татна. АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2017 оноос эхлэн гурван жил тогтвортой байсан түүний хөрөнгө 2019 оноос огцом өсжээ. 2017, 2018. 2019 онд тэрээр гэр бүлийнхээ жилийн орлогыг 661 сая гэж мэдүүлж байсан бол 2021 онд 1.75 тэрбум төгрөг болтол өссөн байх юм. Түүний мэдлийн “Мишээл эксло” групп жил ирэх тусам олны нүдэн дээр тэлж өргөжсөөр л ирлээ. Юу үнэн. энэ үнэн.

Тийм ч учраас Б.Энх-Амгалангийн Улаанбаатар- Дархан чиглэлийн 204.1 км зам барилгын төслийн хөрөнгөд увайгүй хандаж, хувийн бизнесээ цэцэглүүлсэн эсэхийг хуулийнхан тун удахгүй дэнслэх биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм

Увс аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Увс аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 километрт сумын төвөөс баруун зүгт 42 километрт энэ сарын 16-ны өдрийн 22:05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 22:10 цагт ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Номин: Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн төв болно DNN.mn

Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-Энэ зун танай яам нэлээд завгүй ажиллаж байгаа харагдлаа. Хэдхэн хоногийн өмнө “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгууллаа. Том зургаараа уг арга хэмжээ манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын оюун санааны дархлаа, тусгаар тогтнолыг батжуулж байгаа зүйл бол соёлын биет бус өв. Энэ бол бидний бусдаас ялгарч байгаа өнгө. Үүнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд “Нүүдэлчин” дэлхийн фестиваль онцгой үүрэгтэй. Соёлын өвийн тухай хуульд энэхүү наадмыг гурван жилд нэг удаа хийх заалттай байдаг юм. Хүй долоон худагт анх 2018 онд зохион байгуулж байсан. Тиймээс энэ удаагийн фестивалийг цоо шинэ арга хэмжээ гэж ойлгож болохгүй. Бүр өмнө Бүх ард түмний урлагийн их наадам, Ардын урлагийн их наадам зэрэг нэрээр зохион байгуулагдаж байсан. Иймд бид наадмыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын агуулга, үзэл санаанд нийцүүлэн “Нүүдэлчин” сэдвийн хүрээнд цар хүрээг нь өргөжүүлэн зохион байгуулж байгаа юм. Фестивалийг зөвхөн соёлын биет бус өвийг тээгчдийн дунд зохион байгуулахаас илүүтэйгээр иргэдийн оролцоотой байлгая гэж зорьсон. Цаашлаад энэ нь Монгол Улсыг дэлхийд сурталчилсан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох учиртай. Тэр утгаараа өнөө жил Соёлын яамнаас энэхүү наадмынхаа цар хүрээг өргөсгөөд “Нүүдэлчин” дэлхийн соёлын өвийн фестиваль болгож өөрчлөн зохион байгууллаа. Дэлхий дахинд 80 гаруй нүүдлийн соёл иргэншилтэй улс байдаг. Үүнийгээ нэгтгэсэн фестивалиудыг Унгар, Кыргыз зэрэг таван улс зохион байгуулдаг. Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв цэг болсон монголчууд маань соёлын өвөө сурталчлан таниулсан олон улсын фестивалийг эх орондоо яагаад хийж болохгүй юм гэсэн амбиц бидэнд байх ёстой.

Салбарын яам төлөвлөгөө гаргаад, 2030 он гэхэд нүүдлийн соёл иргэншлийн улбаатай улс орнуудыг Монголд төвлөрүүлж, дэлхийн хэмжээний фестиваль хийнэ гэсэн том зорилготойгоор энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалиа хийсэн.

-Та энэ наадмыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно гэлээ. Гадны жуулчид нэлээд харагдсан. Саяын фестиваль манай эдийн засагт хэдий хэмжээний орлого оруулав?

-Фестивалийг зорьж ирсэн гадаадын жуулчид цөөнгүй байсан. Жишээлбэл, АНУ, Солонгос зэрэг улсаас ганцаараа болон группээрээ жуулчид ихээр ирсэн байв. Ер нь манай аялал жуулчлалын салбар сэргэж байна гэж харагдлаа. Жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр тэр орчмын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон дэлгүүр, кемпүүдийн орлого нэмэгдэнэ. “Нүүдэлчин” фестивальд 20 мянга гаруй хөдөлгөөн үүссэн гэсэн тоо миний өмнө байна. Мөн 13 мянган машин Тэрэлж рүү зорчжээ. Сошиал сувгийн үзэгчдийн тоо давтагдсан тоогоор олон зуун мянган хүнд хүрсэн байна. Фестивальд оролцсон 21 аймгийн иргэд маань өөрийн онцлог бүтээгдэхүүн, идээ ундаагаа дэлгэн танилцуулсан. Нэг талд нь жижиг, дунд үйлдвэрлэгчид маань өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг борлуулсан. Тэд орлого сайтай байлаа гээд тун их сэтгэл өндөр байсан. Тэр орчимд 230 гаруй жуулчны бааз байдаг юм билээ. Фестиваль болсон гурван өдөр тэдгээр кемпүүд бүгд үйлчлүүлэгчдээр дүүрсэн. Энэ утгаараа “Нүүдэлчин” наадам маань эдийн засагт хувь нэмрээ оруулсан болов уу.

-Салбарын сайдын хувьд өнөө жилийн “Нүүдэлчин” наадмын онцлогийг та юу гэж дүгнэх вэ?

-Монгол Улсад бүртгэлтэй 11 мянган өвлөн уламжлагч байдаг. Тэдний 102 нь үндэсний жагсаалтад бий. Нэг ёсондоо энэ хүмүүсийг төр хамгаалах үүрэгтэй. Зарим улсад төрийн бодлогоор хамгаалдаг л даа. Харин манайд хамгаална гэхээр жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх жишээний. Саяны наадамд аймаг болгоноос 2-94 насны 61 өвлөн уламжлагч ирсэн. Энэ хүмүүс бол мэргэжлийнх биш. Бүгд ээж, аав, эмээ өвөөгөөсөө биет бус өвийг уламжлан авсан байдаг. Фестивальд оролцогчид болон хүрэлцэн ирсэн иргэд маань тэр олон аймгийн өв соёлуудтай танилцаад явж байхдаа “Бид өв соёлоо мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй зүйл их байна” гэж байсан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл өв соёл маань өдөр өдрөөр гээгдсээр аюулын хэнгэрэг дэлдээд байгаа юм байна гэдэг мэдрэмж авахаар байгаа юм. Тэгэхээр фестивалиар дамжуулж, монгол соёл, монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг бий болгох том зорилготой. Үнэхээр тэнд очсон хүүхдүүдэд ийм бахархал асч байсан. Нөгөөтэйгүүр орчин цагт хот, хөдөөгийн соёлын зааг үүсээд байгааг арилгах давуу талтай. Үүгээр дамжуулж Монгол бахархал, Үндэсний нэгдмэл үнэт зүйл бий болгох нь Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийн есөн тулгуурт бодлогын хамгийн нэгдүгээрт байдаг юм. Тодруулбал, уг зорилтод бид нүүдлийн соёл иргэншлийн төв улс болно гээд заачихсан байгаа. Тэр утгаараа Засгийн газрын бодлогын хүрээнд хийгдэх ажил гэж ойлгож болно.

-Цаашид соёлын биет бус өвийг дэлгэрүүлэх тал дээр салбар яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Долоон ай савын хүрээнд 362 соёлын биет бус өв байдаг. Энэ өв болгоноо “Нүүдэлчин” фестивалиар нийтэд таницуулах гэж хичээлээ. Нийслэлчүүд маань үр хүүхэд, ээж аав, эмээ, өвөөтэйгөө бүгдээрээ ирээд 21 аймгийнхаа онцлог, өв соёлыг нэг дороос харах боломжийг бүрдүүлсэн. Дээрээс нь ирсэн хүн бүрийн оролцоог хангахаар зохион байгуулсан. Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүртэл урьж авчран наадмын уур амьсгал, өв соёлоо таниулж мэдрүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн ирээдүй хойч болсон хүүхдүүд маань ноос савж, унага тамгалахад оролцож байх жишээтэй. Энэ мэтчилэн аймаг болгоноос ирсэн соёлын өв тээгчидтэй цагийг хөгжилдөн өнгөрүүлж, шагай тоглох, алаг мэлхий өрөх гээд өв соёлын онцлог болгоныг танин мэдэж авсан. Ер нь нүүдэлчдийн соёлын өвийг сурталчилж, цааш уламжлуулах ач холбогдолтой уг наадмыг жил бүр хийх шаардлагатай. Хэдийгээр хуульд гурван жил тутамд нэг удаа гэж заасан ч наадмыг тогтмол хийж хэвшвэл монголчууд маань өв соёлоо мэдээд зогсохгүй, биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлахад өндөр ач холбогдолтой л доо. Нөгөөтэйгүүр жуулчдын Монгол руу ирэх урсгалыг нэмсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж чадна. Цаашлаад бид тэмээний баяр, айрагны баяр, мөсний баяр зэргээ олон улсын стандарттай болгож, календарьчлаад тухайн аймаг болгонд зохион байгуулдаг болохоор төлөвлөж байна.

-“Нүүдэлчин” олон улсын фестивалийг яагаад Горхи Тэрэлжийн цогцолбор газарт зохион байгуулахаар болсон юм бэ?

-Соёлын биет бус өвийг нийслэлчүүдэд ойрхон, дэд бүтэцтэй газраас үзүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд манайхаас ажлын хэсэг гарсан. Олон газраар явж судалсны эцэст агуулга, бэлгэдлийн хувьд тэр газрыг сонгосон. Сайхны саравч, Чингис уулын бэлд, Туул голынхоо эхээр байгалийн үзэсгэлэн цогцолсон хамгийн тохиромжтой газар гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Фестивальд аймаг, аймгийн хүмүүс маань мал хунартайгаа зорьж ирэн оролцох зэргийг нь давхар бодолцсон. Хамгийн гол нь байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газарт Монголын соёлын өвийг дэлхийд таниулснаар жуулчдыг татах маркетинг болно.

-Танай салбарын бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн явагдаж байна вэ. Чингис хааны музей хэзээ олон нийтэд хаалгаа нээх бол?

-Графикийн дагуу бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа ч зарим хүндрэлтэй асуудал тулгарч байсан. Ковидын нөхцөл байдлаас болж зарим ажил хойшилсон тал бий. Дээрээс нь хил гаалийн асуудлаас улбаалж барилгын бараа материалын үнэ өсөлттэй байна. Бид Чингис хааны музейгээ есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Дэглэлт 8З орчим хувьтай явж байна. Энэ бол олон улсын стандартад нийцсэн том бүтээн байгуулалт. Хүннү гүрнээс эхлээд Богд хааныг хүртэл Монголын түүхэнд байсан бүх хаад язгууртнуудын үеийг таниулсан музей юм. Үүнээс гадна өнөө жил Өмнөговь аймагт хоёр бүтээн байгуулалт, Архангайд мэдээллийн төв ашиглалтад орууллаа. Энэ онд бүтээн байгуулалтуудаа эрчимжүүлэхээр ажиллаж байна. Шинэ бүтээн байгуулалт гэхээс илүү аль хэдийнэ ажил нь эхлээд талдаа орсон барилгууддаа түлхүү анхаарч байгаа.

-Түүхэн дурсгалт барилгуудаа авч үлдэх тал дээр ямар ажил өрнүүлж байна вэ?

-Нийслэлд байгаа түүхэн дурсгалт барилгуудынхаа хүчитгэлийн зургуудыг авах хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан байгаа. Эрдэмтэн судлаачдынхаа хийсэн дүгнэлтийн хүрээнд аль барилгаас нь эхэлж засах талаар листтэй болохоор манай яам ажиллаж байна. Эхний ээлжинд Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Занабазарын музей, Төв номын сан, Чойжин ламын музей гэсэн барилгууддаа өнгөн засвар хийнэ. Үргэлжлүүлээд сэргээн засвар хийх зэргээр үе шаттай ажлуудыг төлөвлөөд явж байна. Одоогийн байдлаар Богдын музейн засвар хийгдэж байна. Чойжин ламын музейн зураг хийгдэж байгаа. Эдгээр ажлуудыг олон улсын зөвлөх багуудтай хамтарч гүйцэтгэж байна.

-Соёлын яамтай болсноор кино урлагийн салбар өөрийн гэсэн хуультай болсон. Хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сонирхмоор байна…

-Монгол Улсад кино урлагийн тухай хууль батлагдсан нь энэ салбарт бодлогын том дэмжлэг болж чадсан. Хуулийн гол агуулга нь монгол киноны уран бүтээлчдээ дэмжих, олон улсаас манайд кино уран бүтээл хийх сэдлийг дэмжихэд чиглэсэн. Гадаадын киночид Монголд ирснээр валютын урсгал нэмэгдэнэ. Мөн олон улсын томоохон продакшн, найруулагч, жүжигчдээс манайхан суралцах боломжтой тэр хөрс нь бүрдэж байгаа юм. Хамгий чухал нь кино үйлдвэрлэх олон улсын стандартыг нутагшуулна. Киноны хууль маань батлагдсанаар манайд Холливууд ирж байна. Ирэх есдүгээр сарын 15-наас зургаан том продюсер Монголд ирэх гэж байна. Энэ сарын 21-нд Солонгосын хамгийн том к-поп компанийн үүсгэн байгуулагч, найруулагч нь ирнэ. Энэ мэтчилэн Монголыг зорих гадаадын киночдын урсгал нэмэгдэж байна.

-С.Чулуун нарын хүмүүсийг соёлын өв дурсгалыг завшсан байж болзошгүй асуудал шүүх, цагдаагийн газар үүссэн шүү дээ. Тэгэхээр соёлын биет өвийг хамгаалах тал дээр сайдын хувьд ямар бодлого баримталж байна вэ?

-Аливаа нэг зүйлийг баримт нотолгоогүй хэлэхийг үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар нотлогдож, батлагдсан зүйл алга.

Categories
мэдээ цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас нэг хувиар өсчээ DNN.mn

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.4 хувиар өслөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 15.7 хувь, өмнөх оны эцсээс 10.6 хувь, өмнөх сараас нэг хувиар өсжээ. ҮСХ-оос мэдээлснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувь согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.9 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны долоодугаар сард 7.7 хувь, 2020 оны долоодугаар сард 3.4 хувь, 2021 оны 7 дугаар сард 7.4 хувь гарсан бол 2022 оны долоодугаар сард 15.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.3 нэгж хувиар нэмэгдээд байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна. Инфляц 2022 оны 7 дугаар сард 15.7 нэгж хувь гарсны 54.1 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар өсөж, өмнөх сараас 3.0 нэгж хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Пүрэвдорж: Малын үнэ унаж, юмны үнэ нэмэгдээд малчдын амьдрал хүндэрч байна DNN.mn


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоосон шийдвэр нь малчдад их хүндээр тусч байх шиг байна. Тус шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна?

-Дулааны аргаар боловсруулсан адууны махыг экспортлох Засгийн газрын шийдвэр тавдугаар сард гарсан. Харамсалтай нь Эмээлтийн үйлдвэр дээр үүссэн муудсан махны асуудалтай холбоотойгоор Засгийн газраас энэ шийдвэрээ цуцалж, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг зогсоох шийдвэр гаргасан. Үүнээс болж малчид өнөөдөр хүнд байдалд орох дүр зураг харагдаж байна. Энэ зун хаа сайгүй зуншлага муу байлаа. Ихэнх нутгаар гантай, хуурай байна. Тиймээс энэ жил өвөлжилт нэлээн хүндэрч магадгүй хэмээн малчид малаа их хэмжээгээр борлуулах сонирхолтой байна. Харамсалтай нь махны экспорт зогссонтой холбоотойгоор компаниуд махаа экспортолж чадахгүй байна. Агуулах дахь махаа экспортолж бэлэн мөнгө болгож чадаагүйгээс малчдын малыг худалдаж авах мөнгөгүй болсон. Үүнтэй холбоотойгоор малын үнэ нэлээн унах хүндрэл тулгарч байна. Өдийд махны компаниуд нэлээн эрчимтэй малаа цуглуулдаг. Гэтэл энэ жил ийм байдал огт ажиглагдахгүй байна. Компаниуд санхүүгийн дутагдалтайн дээр банкууд зээл өгөхгүй байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний хомсдол бий болсон. Хомсдолоос шалтгаалж ямар нэгэн малын худалдаа огт явахгүй байна. Өдийд малчид малаа нэлээн зардаг үе. Учир нь малчид хүүхдүүдээ хот хооронд сургуульд явуулдаг. Сургалтын төлбөр, унааны зардал, хот руу явж байгаа хүүхдэдээ шинэ хувцас хунар авч өгөх, байрны түрээс зэрэг маш их зардлууд гардаг.

Хот руу хүүхдээ явуулахад урьд нь долоон сая төгрөгийн зардал гардаг байсан бол ханш унаснаар 10 гаруй сая төгрөг болж нэмэгдсэн. Энэ зардал малчдын хувьд маш том асуудал болж хувирсан байна. Тийм учраас махны экспортыг яаралтай нээх шаардлагатай. Мөн Засгийн газар аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад болох бус компаниудын агуулахад байгаа махыг яаралтай экспортлох чиглэлд санаачилгатай ажилламаар байна.

Аж ахуйн нэгжүүд банкинд найдах ямар ч үндэсгүй болсон. Банкууд хамгийн баталгаатай зээл болох цалин, тэтгэврийн зээл гаргахгүй байна гэдэг нь компаниудад зээлийн санхүүжилт өгөх боломжгүй гэсэн үг. Энэ нь 250-иад мянган малчин өрхийн амьдралд хүндээр нөлөөлөх нөхцөл байдалд оруулж байна. Үүнээс гадна мал туранхай байгаа. Өвөлжилт нэлээн хүндэрвэл өвлийг даахааргүй байдалтай байгаа учраас малчид мал, махны үнэ, борлуулалтын асуудалд ихээхэн санаа зовж байна.

-Олон улсын байгууллагуудаас манай улсыг дефолт зарлах эрсдэлтэй хэмээн мэдээлж байна. Сангийн сайд үүнийг үгүйсгэсэн. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд та энэхүү мэдээллийг хэр бодитой гэж харж байна?

-Өнөөдрийн байдлаар манай улсын Засгийн газрын зээл байнга нэмэгдэж байна. Энэ зээлийг үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулахгүй төсвийн урсгал, хэт үрэлгэн зардалд санхүүжүүлэх замаар ашиглаж байгаа нь манай орны ирээдүй хүнд нөхцөлд байна. Ер нь дотоод, гадаад өр бидний ирээдүй, үр хүүхдэд өвлөгдөнө. Өнөөдөр сайхан амьдарч үр хүүхдэдээ ядуу буурай, өрөндөө баригдчихсан улсыг хүлээлгэж өгөх нь бидний хувьд маш хариуцлагагүй үйлдэл.

Цар тахал, дайн, тээвэр ложистикийн хямралтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсч байна. Үүнд хамгийн их нэрвэгдэж байгаа нь эцсийн худалдан авагчид болох иргэд. Бүх төлбөрийг төлөгчид нь иргэд болоод байгаа юм. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээнд барих ажлыг Засгийн газар сайн хийх ёстой. Харамсалтай нь сайн ажиллаж чадахгүй байна. Ер нь малчид хавар, өвөл хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ноолуураар төлдөг. Зун намартаа хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг малаа борлуулж төлдөг. Ноолуур хангалттай өндөр үнэтэй байхад малчид мөнгөгүй болж байна гэдэг бол бараа бүтээгдэхүүний үнэ хэт өссөн, инфляци өндөр байгаагийн илрэл. Тиймээс эдийн засагт, тэр дундаа хүнсний салбарт гол зүйлийг бүтээж яваа малчид, тариаланчдын асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал.

-ҮХНӨ-д оруулах эсэх асуудал шуударч байх шиг байна. Та аль заалтыг нь дэмжиж алийг нь эсэргүүцэж байгаа вэ?

-ҮХНӨ дөрвөн бүлэг хэсэгт явагдах гэж байна. Сүлдний асуудал, Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх асуудал тодорхой хэмжээнд шийдэл нь гараагүй байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийх хамгийн чухал асуудал нь парламентын чадавхыг нэмэгдүүлэх тухай. Энэ асуудал дотроо дөрвөн дэд хэсэгтэй. Эхнийх нь сонгуулийн тогтолцоог холимог систем нэвтрүүлж Үндсэн хуульд үүнийгээ тусгах асуудал байна. Мажоратор буюу хүнээ сонгодог тогтолцоо бол сонгогчдын саналыг маш их гээдэг. Тухайлбал, нийт сонгогчдын 58 хувь нь МАН-ыг сонгохгүй гээд байхад УИХ-ын нийт суудлын 82 хувь буюу 62 суудлыг авсан байх жишээтэй. Энэ бол сонгогчдын саналыг ихээр гээдэг систем. Сонгогчдын санал үнэтэй байдаг. Пропорциональ системийг оруулж ирэх нь АН болоод жижиг намуудын хувьд чухал шийдвэр. Тийм учраас энэ асуудлыг дэмжиж байна.

Хоёрдугаарх нь, гишүүдийн тоог нэмэх. 76 гэдэг тоог гаргахад Монгол Улсын нийт сонгогчдын тоо 800 мянга байсан. Гэтэл өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын тоо хоёр сая 100 мянга болсон байна. Энэ нь УИХ-ын гишүүд төлөөллийнхөө чадварыг алдах магадлалд хүрч байна. Гэхдээ 140, 150 болгож нэмэгдүүлэх нь буруу. Учир нь гишүүд, парламентын нэр хүнд ийм муу байхад гишүүдийн тоог ингэж нэмэх нь буруу гэж үзэж байна. Тиймээс 99-өөс дээш гаргахгүйгээр гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гуравдугаарх нь, давхар дээл. Өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дан дээлтэй сайд нарын ихэнх нь мэргэжлийн сайд нар байна. Мэргэжлийн сайд нар урт хугацаандаа тухайн салбарт хэрэгтэй зөв шийдвэрийг гаргадаг. Энэ нь Монгол Улсын хөгжилд маш чухал. Дан дээлтэй сайд нар парламентад асуудлаа оруулж ирэхээр дахин сонгогдохгүй УИХ-ын гишүүд гишүүн байгаа дээрээ сайд болохын тулд дан дээлтэй сайд нарын асуудлыг нь унагаах, хавсайдаж асуулт асууж нөгөө гишүүн нь хариулах замаар тухайн дан дээлтэй сайдыг ард түмэнд муухай харагдуулдаг асуудал бий. Тиймээс 2020 онд хэрэгжсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу дан дээлтэй сайд байх нь Монгол Улсын хөгжилд хэрэгтэй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрх нь, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай. Монголын ард түмэн гурван сонголт хийдэг. Нэгдүгээрх нь, УИХ. Хоёрдугаарх нь, орон нутгийн. Гурав дахь нь, Ерөнхийлөгчийн сонгууль. Гэтэл энэ гурван сонголтын нэгийг нь булаан авч парламентаас Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг бол даварсан парламент, задарсан Засгийн газарт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч даруулга болох учиртай. Дээрээс нь баахан хулгайчтай хуулийнханд ард түмнээс сонгогдсон хүчтэй Ерөнхийлөгч зангараг үзүүлэх нь зүгээр юм уу гэж харж байна. Тиймээс энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа.

Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бус Үндсэн хуулийн Цэцээр энэ асуудлын хоёрыг нь шийдэж байгаад би харамсаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн Цэц саяхан шийдсэн. Тухайн парламент сонгуулийн тогтолцоог Сонгуулийн хуулиар шийдэх нь эрх баригч нар өөртөө тохирсон сонгуулийн системээр сонгуулиа явуулна гэсэн үг. Энэ асуудал бахь байдгаараа үлдлээ. Өөрсдөө мажоратор тогтолцоо хэрэгтэй гэвэл түүнийгээ хуульчлаад явах байдал руу аваачиж байна. Тиймээс Үндсэн хуульд зайлшгүй сонгуулийн тогтолцоог зааж өгөх хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар давхар дээлний асуудлыг өргөн барьснаар Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэж байна. Мэргэжлийн Засгийн газартай байх асуудлыг ингэж Үндсэн хуулийн Цэцээр шийдэж байгааг буруу гэж харж байна. Парламент Үндсэн хуулийн Цэц дээр хүмүүсийн гар хөл болсон хүмүүсээр асуудлыг шийдүүлж байхын оронд өөрсдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийгээд явсан нь илүү үр дүнтэй гэсэн байр суурьтай байна.

-Энэ сарын 22-ноос ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх төлөвтэй байгаа бол?

-Миний ойлгосноор ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хаалттай мэдээллийг сонсох байх. Хоёрдугаарт, давхар дээлний асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээж авах шийдвэр гаргах байх. Ингэснээр асуудлыг өнгөцхөн засаад өнгөрч байна. Нийгэмд тодорхой хэмжээнд асуудал үүсгэж байгаа энэ зүйлийг парламент ул суурьтай шийдэх ёстой гэж үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар хэлэлцэж байна DNN.mn

Танилц: Долоохон хоногийн дотор гол нэрийн 15 бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

  • Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар,
  • Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар,
  • “Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар,
  • Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургуульд зарлагдсан сул орон тооны мэдээллийг танилцууллаа DNN.mn

Дараах мэргэжлийн багш нарыг ажилд авна. 1.

Нийслэлийн Боловсролын газраас 162 байгууллагад зарлагдсан сул орон тооны мэдээллийг нэгтгэн танилцууллаа.

Тодруулбал, ирж буй шинэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын таван төвд багш, ажилчдын сул орон тоо зарлагджээ. Доорх ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандана уу.

Сул орон тооны мэдээлэлЗураг

1
2
3
4
5

6