Categories
мэдээ нийгэм

Энэ онд 19 цэцэрлэг, 13 сургууль ашиглалтад орохоор хүлээгдэж байна DNN.mn

Энэ онд нийслэлд он дамжин хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжиж эхэлсэн сургууль цэцэрлэгийн 176 барилгад санхүүжилт олгожээ. Эдгээр барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 73 хувьтай явж байна. Хугацаандаа ашиглалтад орж амжихгүй зарим сургуулийн байр болон өргөтгөлийн ажлаас шалтгаалж нийслэлд 41 сургууль гурван ээлжээр хичээллэх шаардлага үүссэн. Гэхдээ энэ асуудалд сургуулиуд дотооддоо зохион байгуулалт хийх болон зарим сургуульд нэмэлт хичээллийн байр түрээслэх байдлаар хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлсэн гэж албаныхан мэдээлж байна.

2022 онд нийслэлийн боловсролын салбарт 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, хоёр дотуур байр гээд нийт 176 барилгыг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлж хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, 13 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороод байгаа бол 19 сургууль, 13 цэцэрлэг, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор оны эцэст багтан ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэ хичээлийн жилд сургуулийн хүүхдийн тоо 20 мянгааар нэмэгдсэн бол цаашид энэ өсөлт 25 мянгаар жилд өсөх тооцоо гарчээ. Хэдийгээр улс нийслэл, дүүргийн санхүүжилтээр сургууль цэцэрлэгийн барилгыг жил бүр тодорхой хэмжээгээр барьж байгаа хэдий ч сургууль орох хүүхдийн тооны өсөлтийг давж чадахгүй байгаа юм. Иймээс ч тодорхой зохицуулалт хийж гурван ээлжээр хүртэл хичээллэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэдгээ албаныхан хэлж байна.

Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга О.Бадамсэрээжид “41 сургууль энэ жил гурван ээлжээр хичээллэж магадгүй байна гэдэг асуудал үүссэн. Эндээс хорин сургуулийг нь дотоодын нөөц бололцоогоор шийдээд нэг сургуулийнх нь тухайд өргөтгөлийнх нь барилгын ажлын нэмэлт санхүүжилтын асуудлыг нь шийдээд есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үлдэгдэл 20 сургууль дээр сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байрыг түрээслэх замаар сургалтын үйл ажиллагааг явуулна. 19 байгууллагын түрээсийн байрын асуудлыг баталчихсан байна. Одоо нэг байрны асуудал дараагийн тушаалын төслөөр батлагдаад гэрээ байгуулагдана. Энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй” гэв.

Нэмэлт байр түрээсэлж байгаа сургуулиудын нэг нь нийслэлийн чингэлтэй дүүргийн Тавдугаар сургууль юм. Тус сургуулийн өөрийн хүчин чадал нэг ээлжиндээ 1320 хүүхэд хичээллэх боломжтой хэдий ч 1700-д хүрээд байгаа. Энэ хичээлийн жилд 3300 орчим хүүхэд хичээллэхээр урьдчилсан байдлаар бүртгүүлжээ. Иймээс өргөтгөлийн байр барих асуудлыг 2019 онд шийдүүлсэн хэдий ч энэ хичээлийн жилдээ орж амжихгүй, ондоо багтаж орно гэсэн хүлээлттэй байна.

Тавдугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн “2020 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтад орох байсан. 2020 онд төсвөө татуулаад 2022 он мөнгө нь тавигдаад энэ хавар ажлаа эхлүүлээд явж байна. Гүйцэтгэл 98 хувьтай байна. 10 сард багтаж ашиглалтад орох байх” гэв.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорио, бараа материалын үнийн өсөлттэй холбоотойгоор боловсролын салбарт хэрэгжиж байгаа барилгын ажил удаашрах гол шалтгаан болж байгааг онцолж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд 97 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 22-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг 14 аймгийн 51 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 97 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 72.8 хувиар буюу 3.7 дахин өссөн үзүүлэлт юм.

Түймэрт урьдчилсан байдлаар ойн 3194 га, хээрийн 1044223 га, нийт 1051907 га талбай өртөж, нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг, сургууль ашиглалтад орлоо DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн байна.

Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа юм. Шинээр барьсан 306 дугаар цэцэрлэг есдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон тус цэцэрлэгийн барилгыг ажлыг “Инжхами” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 162 ДУГААР СУРГУУЛЬ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД СУРАГЧДАА ХҮЛЭЭН АВНА

Сонгинохайрхан дүүрэгт бас нэгэн шинэ сургууль ашиглалтад орж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн дөрөвдүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусжээ. Тус сургуульд хамран сурах тойргийн буюу Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой юм. Ерөнхий боловсролын 162 дугаар сургууль есдүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээн авна. Сургуулийн барилгыг “Ванхүү” ХХК барьсан бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэв.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагаас 2022 оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Ирэх сарын цаг агаарын төлөв

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхний арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрнэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсэж, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрнэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хоёрдүгээр арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.

Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсэж 14–16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн гүүрийн урд талын U хэлбэрийн буцаж эргэх авто замын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Хан-Уул дүүрэг, “Home plaza” төвийн хойд талын Олимпын гүүрийн бүтээн байгуулалттай холбогдуулан гүүрэн доогуур буцаж эргэх U хэлбэрийн эргэлтийг шинэчилж дууслаа.

Асфальтан хучилтыг долдугаар сарын 20-ны 23:00 цагаас хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр замын хөдөлгөөнийг нээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын балетчид Токио хотноо “Уран хас” балетыг амилууллаа DNN.mn

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж, Японы Токио хотын Шинжүкү Бунко төвд “Монголын балетын хөгжил сан” болон “Интернейшнл балет академи” хамтран энэ сарын 25-нд сонгодог урлагийн тоглолтыг зохион байгууллаа.

Тоглолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын гоцлооч, МУСТА Ө.Мөнхжин, О.Даваадорж нар урилгаар оролцож, Японы “Интернейшнл балет академи”-ийн бүжигчидтэй хамтран А.Аданы “Жизель”, Ж.Чулууны “Уран хас” балетын хэсгээс Японы үзэгчдэд толилуулсан юм.

“Монголын балетын хөгжил сан” нь Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, 45 жилийн ойн хүрээнд “Комаки балет Монголд” , “Галт Шувуу” балет , “Цөмөөхэй балет Японд” зэрэг тоглолтыг зохион байгуулж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн ирэх сард болно DNN.mn

Монголын бүх ард түмний спортын XV наадмын анхан шатны тэмцэ(олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаад болох юм.

Энэхүү наадам нь дөрвөн жилд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олимпын багуудыг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой юм. Энэхүү наадмын анхдугаар тэмцээнийг 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтаж, өвөл, зуны спортын 17 төрлөөр зохион байгуулж байв. Анхдугаар наадамд 130 мянга гаруй тамирчин оролцсоноос 1134 тамирчин спортын зэрэг цолыг биелүүлж, улсын дээд амжилт 29 удаа шинэчлэн тогтоож байжээ. Тэрхүү наадмын нэгдсэн дүнг “Алдар” спорт хороо, “Булган” нийгэмлэг тэргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацаа ирэх даваа гаригт дуусна DNN.mn

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.

Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулна уу гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Монгол залуугийн үхэлтэй холбогдуулан дуучин PSY-ийн компанийг шалгажээ DNN.mn

Дэлхий дахинд алдаршсан дуучин PSY өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ганвон мужийн Ганнюн хотод тоглолтоо хийсний дараа нэгэн эмгэнэлтэй явдал тохиолдсон билээ.

Долдугаар сарын 31-ний өдөр тоглолтын тайзыг буулгах үеэр гэрээт байгууллагын ажилтан болох 20 гаруй насны Монгол улсын иргэн өндрөөс унаж амиа алдсан юм. Талийгаач нь PSY-гийн менежмэнтийг хариуцдаг P Nation компанийн туслан гүйцэтгэгч байгууллагад ажиллаж байжээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид уг осол хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөнөөс болсон эсэхийг шалгаж байгаа.

Тэгвэл цагдаа нар Пүрэв гарагт Сөүл хот дахь P Nation компанийн төв байранд нэгжлэг явуулсан тухай Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яамны Ганвон мужийн салбар өчигдөр мэдээлжээ.

Тухайн өдрийн өглөөний 9:30 цагийн үед PSY-ийн P Nation компани болон талийгаачийн ажилладаг байсан туслан гүйцэтгэгч компанийн байранд цагдаа нар прокурорын зөвшөөрөлтэй нэвтэрсэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Дөл”-ийн марш, гүйлтийн тэмцээн эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний хамгийн хүнд сорилт болох марш, гүйлтийн тэмцээн сугалааны дагуу Булган, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудын тасгийн гараагаар эхэллээ.

Дөрвөн аймгийн тамирчин сурагчдын бичиг баримт, бусад хэрэгслийг бүрэн эсэхийг цэгийн ахлах шүүгч, шүүгч нар шалгасны дараа багууд 15 минутын зайтай гараанаас гарцгаав.

Өдгөө дээрх тасгууд гараанаас гарснаар 6 км замыг туулна. Ингэхдээ гүйлтийн явцад 7 цэгт буюу гранат шидэлт, саадын зурвас, буудлагын дасгал, тактикийн ажиллагаа, эмнэлгийн болон холбооны норматив, цэргийн байр зүйн норматив, химийн нормативын дасгалыг багаараа гүйцэтгэж байна.

Гараа, барианы ахлах шүүгчээр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн, шүүгчээр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир,спортын тасгийн мэргэжилтэн, хошууч З.Бат-Оргил, ХЗЦК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн Биеийн тамир, спортын офицер, дэд хурандаа С.Энхтайван нар ажиллаж байна.

21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгуудын марш гүйлтийн тэмцээнийг үзэхээр орон нутгийн иргэд, сурагчдын ар гэрийн төлөөлөл хүрэлцэн ирж, урам зоригоор тамирчдыг дэмжсээр байна.

Ташрамд онцлоход, тэмцээн зохион байгуулах ажлын хэсгийнхэн уралдааны цэгүүдэд холбоо мэдээлэл, хяналтын камерыг бүрэн суурилуулсан ба сурагчдын эцэг эх, аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан, бусад баг тамирчдад цэгүүд дэх дасгалын гүйцэтгэлийг дэлгэцээр шууд үзэх боломжийг олголоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.