Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна DNN.mn

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна. Манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг эдийн засагчид болон судлаачид хэлж байна. Эдийн засаг, нийгмийн томоохон төслүүдэд хамтарч ажиллах чухал яриа хэлэлцээр хүлээгдэж буйг онцолж байна. Айлчлалаар хоёр орны эдийн засаг, худалдааны болон хил, боомтын асуудал, томоохон төслүүд, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай яригдаж буй гурван талын Эдийн засгийн коридор, эдийн засгийн төслийн асуудлыг хөндөж, мэдэж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцуулсан юм.



Олон улсын судлаач, профессор Ж.Баясах, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар буй”-г онцлон дурдаж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар эрчим хүч, хилийн боомтын асуудлыг хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС болон Багануурын ДЦС-ын бүтээн байгуулалтын талаар эцэслэн ярилцаж, хилийн боомтуудтой холбоотой асуудал хүлээгдэж буйг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн тодотгож байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр 5 жилийн дараа бүрэн ашиглалтад оруулах талаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаад байгаа юм.

Баруун бүсийг эрчим хүчээр хангах стратегийн чухал төслийн санхүүжилтийг айлчлалын үеэр шийдвэрлэнэ гэсэн хүлээлэлттэй байна. Мөн Гашуунсухайт, Ганц мод, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт,Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах зэрэг эдийн засагт нэн түрүүнд шаардлагатай, хүлээлэлттэй байгаа асуудлыг хөрш оронтой хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Энэ талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн хэлэхдээ, хилийн боомтуудаас гадна дээр дурдсан УЦС, ДЦС-ын бүтээн байгуулалтад БНХАУ-тай хамтран оролцох, хөрөнгө оруулах чиглэлтэй байгааг тодотгож байна. Энэ талын яриа хэлцэл урагшлавал бүтээн байгуулалтын ажил хурдасна хэмээн хэлж байна.

Урт хугацаанд урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нээж нэмснээр, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон эрэлт нэмэгдэж, улмаар эдийн засаг тэлж, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтойг шинжээчид онцолж байна.

Дэд бүтцийн асуудлаа шийдэх замаар, нөгөө талаар харилцан бие биедээ ашигтай худалдааг илүү дэлгэрүүлэх талаас нь ярилцаж, ойлголцолд хүрэх тусам манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж, ингэснээр валютын хуримтлал бий болж, ирэх онд төлөх гадаад, дотоодын өрийг барагдуулах боломж бүрдэнэ хэмээн дүгнэж байна.

Айлчлалаар тээвэр-логистикийн асуудлыг ярилцан шийдэж чадвал өнөөдрийг хүртэл тулгараад буй тээврийн зардал буурах боломжтой. Энэ нь өнөөдрийн импортын өндөр зардал, инфляцийн дарамтад ороод буй энэ цаг үед чухал нөхцөл болно гэж шинжээч судлаач нар үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлнэ DNN.mn

Коронавирусний вакцин хийлгэсэн иргэдийг цахим бүртгэлд хамруулна

Дэлхий дахинд коронавирусийн омикрон ВА4, ВА5 хувилбарын давлагаа явагдаж байна. Тиймээс манай улс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг дөрөвдүгээр тунгийн вакцинд хамрагдахыг уриалж байгаа юм. Мөн удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлллээ. Эцэг эхчүүд 5-11 насны хүүхдээ вакцинжуулалтад хамруулах бол харьяа дүүрэг харгалзахгүй вакцинжуулалтын цэгт очих боломжтой юм.

Хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ач тус болон омикрон ВА4, ВА5 хувилбарын талаар мэргэжлийн хүмүүс дараах тайлбарыг өгсөн юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал: –5-11 насны хүүхдүүдэд вакцин хийхдээ насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэгээр хоёр удаа хийнэ. Ингэснээр дээрх насны хүүхдүүд халдвараас 90 хувь хамгаалагдах боломжтой. Дээрх насны хүүхдүүдэд АНУ-ын “Pfizer” компаниас оруулж ирсэн бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакцин хийнэ. Тухайн вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэсэн зүйл байхгүй.

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: -Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давлагаа эхэлсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA4, BA5 хувилбар нийт тохиолдлын 10 орчим хувьд илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа харьяа салбар зөвлөл, бусад төрийн бус байгууллагуудын саналыг авсан. Дэлхийн олон оронд хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж ДЭМБ болон ЭМЯ шийдвэр гаргаж байгаа. АНУ-д гэхэд 2021 онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна. Мөн бусад улс орнууд ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. “Pfizer-BioNTech” вакциныг АНУ тэргүүтэй зарим оронд зургаан сараас дээш насны хүмүүст тарьж байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас вакцины найдвартай байдалд баталгаа өгсөн. Хүүхдийг хүнд хэлбэрийн Covid-19 өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлэхэд вакцин гол үүрэгтэй.

Бид вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. ДЭМБ болон бусад улс орны эрүүл мэндийн байгууллагууд ч судалж байгаа. Энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Мэдээж сайн дурын үндсэн дээр учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтой. Монгол Улсын хувьд “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа.

Цар тахал намжсан гэж иргэд тайвширч болохгүй. Халдвар хамгааллын хувийн дэглэмийг сайтар баримталж, амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Омикрон хувилбарын тухайд олон хувилбартай. Шинэ хувилбар бүрийн хоруу чанар өөр, өөр. Тиймээс иргэд тайвшрахад эрт байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайхан: -Дэлхий дахинд омикроны ВА4, ВА5 хувилбарын давлагаа явагдаж байна. Япон улсад хоногт 180 мянган тохиолдол илэрч байгаа бол БНСУ-д хоногт илрэх тохиолдлын тоо 100 мянгыг давсан байна. Харин манай улсад ВА4, ВА5 хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ХӨСҮТ-өөс зургаа, долоодугаар сард сорьцод шинжилгээ хийж үзэхэд BA5 дэд хувилбар манай улсад давамгайлж байна гэж гарсан. BA5 хувилбарын нууц үе 2-4 хоног байна. Нийт халдвар авч байгаа хүмүүсийн дөрөвний гурав нь анх удаа халдвар авсан бол дөрөвний нэг нь давтан халдвар авсан байна. 18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. BA4 болон BA5 хувилбарын эмнэл зүйн шинжийн хувьд хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих зэрэг шинж тэмдгүүд илүүтэй илэрч байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа: -Омикроны ВА4, ВА5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна. Хөнгөн өвдөж байгаа иргэдийг гэрээр эмчилж байна. Харин жирэмсэн эх болон хүүхдүүдийг шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч байгаа. Омикрон ВА5 хувилбарын нууц үе харьцангуй богино байна. Мөн халдварлах хугацаа нь хагас өдөр байгаа нь халдвар хурдтай тархах эрсдэлийг үүсгэж буй. Иймд иргэд амны хаалтаа зүүж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах зэргээр арга хэмжээ авах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Комеди Д.Амартүвшин: Гэнэт масктай, юүдэнтэй цамц өмссөн хүн ирээд тас тас хийтэл намайг алгадаад эхэлсэн DNN.mn

Комеди Д.Амартүвшингээс масктай хүн биед нь халдсан тухай тодрууллаа.


-Та өөрийн цахим хаягаараа дамжуулан масктай хүн биед тань халдсан тухай бичсэн байсан. Тухайн үйл явдал хэзээ, хаана болсон юм бэ?

-Play time наадмын эхний өдөр болсон үйл явдал. Хүмүүс дөнгөж цуглаад би тэр өдөр тайзан дээр гарах ёстой байсан юм. Гэтэл гэнэт масктай юүдэнтэй цамц өмссөн хүн хүүе хаая гэхийн завдалгүй ирээд л тас тас хийтэл намайг алгадаад эхэлсэн.

-Яагаад таны биед халдсан юм бол?

-Шалтгааныг нь би одоо хүртэл ойлгохгүй байгаа. Тэр хүн тодорхой юм тайлбарлахгүй байна лээ. Надад хамгийн сонин санагдсан зүйл маскийг нь авах гэтэл авахуулахгүй нүүрээ хамгаалж маш их тэмцсэн. Тэр нь надад хамгийн сэжигтэй санагдсан.

-Та маскийг нь авч чадсан уу. Таны таньдаг хүн үү?

-Ямар ч байсан маскыг нь тайлуулж чадсан 40 эргэм

насны хүн байна лээ. Би огт танихгүй, харж байгаагүй хүн байна лээ.

-Таны биед ямар гэмтэл учирсан бэ. Цагдаад хандсан уу?

-Би тэр хүнийг зугтаалгахгүй гэж нэлээд зууралдсан болохоор гар мушгиад улайлт үүсэж, тухайн үедээ нэлээн янгинаж өвдсөн. Хавирч унагаахад нь шагай бас бэртсэн байх. Тэр үедээ бас янгинаад явахад эвгүй байсан. Нөгөөх чинь учиргүй цохиж зодож байгаад зугтах гээд цагдаа иртэл би барьж торгоосон. Ямар ч байсан цагдаа ирээд бид хоёрыг БЗД-ийн Гуравдугаар хэлтэс рүү аваачин мэдүүлэг авсан. Цагдаагаар асуудал явж байгаа. Тэр оройноо би Шүүх болон Гэмтлийн эмнэлэг орсон. Тэр хүмүүс дүгнэлтээ гаргах байх. Цагдаад өргөдөл гаргаад бүх бүрдүүлэх ёстой бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тухайн үед тэр үйл явдлыг харсан олон гэрчүүд ч бий.

-Та цагдаад өгсөн мэдүүлгийг нь уншсан уу?

-Уншаагүй. Тэгээд удаагүй наадам болоод хамаг юм амарчихсан. Би утсаараа тэр хүний бичлэгийг хийх гээд

гаргаад иртэл намайг хавирч унагаад, унахдаа утасныхаа дэлгэцийг хагалчихсан байна лээ.

-Тэр хүн тухайн үед согтууруулах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсан уу?

-Ганцаархнаа ямар ч архи дарс хэрэглээгүй байсан. Цагдаа нар оруулаад бүх юмыг нь нэгжиж шалгаад үлээлгэж үзэхэд эв эрүүл гарсан. Мэдүүлэгтээ ч яагаад над руу халдах болсон шалтгаанаа үнэнээр нь хэлэхгүй байх. Яагаад гэвэл өс хонзонгийн сэдэлттэй гэвэл тэр хүнд эрүү үүсчихнэ шүү дээ. Тэгэхээр өөр л юм хэлэх байх. Би уг нь үүнийг олон нийтэд мэдээлье гэж бодоогүй юм. Гэтэл өчигдөр (уржигдар) Со ахын гадаа баахан масктай нөхөд хүрч ирээд жагсаж байна гэхээр нь эгдүү хүрээд ийм зүйл болоод байгаа шүү гэж хэлье гэж бодсон юм.

-Урьд нь бас таны биед хүн халдаж байсан байх аа?

-Тийм, талбай дээр явж байхад нэг хүн халдсан. Тэр үед тухайн этгээдийг алдалгүй барьж авахгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон.

Барьж авч чадахгүй зугтчихвал би л хохироод үлдэнэ шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг барьж үлдэх тал дээр бүх л аргаа хэрэглэсэн. Тэлээнээс нь зуураад цагдаа иртэл тэссэн. Тэр хүн намайг дахиж газар унагаж байгаад гар тавиулах гэж нэмж зодоод нэлээд л юм болсон.

-Цагдаа дуудаад хэр хүлээсэн бэ?

-Тав минут орчмын дараа л ирсэн байх. Удаан

хүлээлгээгүй. Хүмүүс ч цуглаад болиулах гэж хичээсэн. Нөгөө хүн чинь олон хүн хараад айчихсан. Ер нь бол тэр хүн урьдаас бэлтгэж санаатайгаар надад халдсан гэж би бодож байгаа. Зүгээр уурласан хүн бол гараа атгаад, зангидаад хүчтэй цохино шүү дээ. Гэтэл тэр хүн дандаа биеийн бүхэл хэсэг рүү цохиж байсан. Хавирч унагачихаад нүүр рүү биш дандаа цээж хэсэг рүү, гарын булчин руу цохисон. Нүүрэнд хүрэхдээ гараа атгаж биш алгадаж байсан. Тас тас хийтэл 5-6 удаа алгадсан байх. Үнэхээр надад өш хонзонтой хүн байсан бол нүүрээ ил гаргаад, цохихдоо хамаг байдаг уураа гаргаж, хаа таарсан газраа цохино биз дээ. Гэтэл ерөөсөө тэгээгүй. Хаана нь яаж цохивол улайлт хөхрөлт үүсгэхгүй вэ гэдгээ мэддэг санагдсан. Хамгийн сэжигтэй нь нүүрээ харуулахгүй гэж маскаа тайлахгүй маш их тэмцэлдсэн. Тэгэхээр ямар нэгэн санаа агуулж л над руу дайрсан гэж бодож байгаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 1, Сумъяа гариг. Билгийн тооллын 4, Харцага одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5:28 цагт мандан, 20:29 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 градус өдөртөө 29-31 градус дулаан байна.

Хур тунадас:Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “А.Сүхбат Төв аймгийг бөхгүй болгосон шиг Ч.Санжаадамба Архангайг бөхгүй болгох нь ээ!” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Зам, тээврийн
хөгжлийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга С.Батболд “Дарханы замын тендер алхам
тутамдаа гадны хяналттай явсан учраас
Үнэлгээний хорооныхондоо итгэж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Танайд өнжье: Н.Багабандийн референтээр
ажиллаж байсан гавьяат хуульч
Ц.Дамдингийнд өнжлөө. Энэ тухай I болон VII нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “А.Сүхбат Төв аймгийг бөхгүй болгосон шиг
Ч.Санжаадамба Архангайг бөхгүй болгох нь ээ!” хэмээн өгүүллээ.

Судлаач О.Чулуунбилэг “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр
Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай
хувилбар яриад байгаа нь зөв” гэлээ.

Дэлхийн мэдээ нүүрээс “Дарангуйллын гурван голомт”-ыг уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ