Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс экспортын ганц гарцтай. Нэгхэн жилийн дараа энэхүү гарцыг тав болгох боломжтой DNN.mn

Бичигт боомтын үйл ажиллагаатай танилцахаар Сүхбаатар аймгийг зорилоо. Тус боомт нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах ба Улаанбаатар хотоос 850 км, Сүхбаатар аймгийн төвөөс 295 км, Эрдэнэцагаан сумын төвөөс 75 км-ийн зайд оршдог. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг байна. Бичигт боомтоор зорчигч тээврийн хэрэгсэл болон газрын тосыг экспортод гаргадаг. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм. Тус боомт анх 1992 оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Боомтын харуул манаанд Хилийн цэргийн 144 дүгээр анги үүрэг гүйцэтгэнэ. Бичигт боомтод очоод харуулын цэрэг Н.Гүндалайгаас тодруулахад “Би 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Хилийн цэргийн 144 дүгээр ангид хуваарилагдан ирсэн. Дорноговь аймгаас татагдсан. Цэргийн алба, тэр дундаа хилийн цэрэг асар нэр хүндтэй бөгөөд эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн хүн байна гэдэг ямар утга учиртай болохыг ойлгуулдаг сайхан алба юм. Ар гэр, аав ээждээ хүү нь эр цэргийн албаа нэр хүндтэй сайн хааж байгаа, битгий санаа зовоорой” хэмээн уламжилсан юм. Цэргийн ангийн захирагч О.Азхүү бидэнд боомтын үйл ажиллагаа болон цэргийн ангийг танилцуулаад урд харагдах уул руу заан “Тэр уулнаас цааш Хятадын газар нутаг” хэмээн тайлбарлав.

“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр хил гааль хаагдсанаас хойш Бичигт боомт үйл ажиллагаагаа явуулаагүй уджээ. Хилийн наана урагш гаргах нүүрс овоорсон, хашаа дүүрэн харагдана. Хил гаалийн үйл ажиллагаа жигдэрч, нээгдэхээр нь тэрхүү овоорсон нүүрсийг Хятад руу гаргаж экспортын эргэлтэд оруулна гэнэ. Монгол Улсад хилийн 43 боомт байх ба БНХАУ-тай нийт 13 авто замын боомтоор хиллэдэг. Үүнээс Шиньжян Уйгарын өөртөө засах орон (ӨМӨЗО)-той ес, ШУӨЗО-той дөрвөн авто замын боомтоор хиллэдэг байна. ӨМӨЗО-той хиллэдэг таван авто замын боомтын үйл ажиллагаа эхэлж, экспорт болон импортын тээвэрлэлт хийгдэж буй аж. Харин ШУӨЗО-той хиллэдэг нэг авто замын боомтоор экспортын тээвэрлэлт явуулж байна. Өнөөдрийн байдлаар Даян, Байтаг, Бургастай, Цагаандэл-Уул, Бичигт, Сүмбэр, Хавирга боомтуудын үйл ажиллагаа эхлээгүй, зогсонги байдалтай байна. Монгол Улс ОХУ-тай нийт 11 авто замын боомтоор хиллэдэг. Цагааннуур, Боршоо, Алтанбулаг, Ханх хилийн боомтууд нээлттэй байгаа. Бусад боомтууд өнөөдрийн байдлаар хаалттай, үйл ажиллагаа явуулаагүй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттайгаар бүрэн холбож, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, шинээр Чойбалсан-Хөөт-Бичигт зэрэг төмөр замын сүлжээг байгуулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 116 тоот тогтоолоор Концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан. Дээрх шийдвэрүүдийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 орчим км урт төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Бичигт боомтод төмөр зам барих төслийн нээлт 2022 оны долдугаар сарын 2-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн юм. Тус боомт байгуулагдсан 30 дахь жилийн ойн өдөр энэхүү шийдвэр хэрэгжиж эхлэх болсон таатай мэдээг албаны хүмүүс тодотголоо. Энэхүү төмөр зам байгуулагдсанаар Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж Монгол Улс болон тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон өөрчлөлтийг авчрах бөгөөд БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид өндөр үнээр бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэнэ. Мөн орон нутагт олноор ажлын байр шинээр бий болохоос гадна уурхайнууд, тэдгээрт үйлчлэх салбаруудын олон мянган ажлын байр нэмэгдэх бөгөөд бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогоор боомтын боймыг тайлах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Яагаад гэвэл манай улс экспортын ганцхан гарцтай. Тийм учраас Гашуунсухайтын хоёр талд байгаа боомтыг ашиглалтад оруулахыг зорьж байна. Ханги Мандалын төмөр замын ажил хэдэн сарын өмнө эхэлсэн. Энэ жилдээ багтаад ашиглалтад орно. Бичигт боомтын хувьд манай улсын зүүн босоо тэнхлэгийн замд 415 км урт төмөр зам байгуулна. Давуу тал нь далайтай хамгийн ойрхон гарц болно. 800 орчим км-т л далай байгаа. Тиймээс өрсөлдөөн үүснэ, экспорт нэмэгдэнэ. Мөн баруун босоо тэнхлэгийн төмөр зам байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Хэрвээ баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг байгуулж чадвал манай тээвэр ложистикийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэх боломжтой. Энэ хэмжээгээр эдийн засаг тэлэх боломжтой гэж үзэж байгаа” гэв.


Үргэлжлүүлэн Ерөнхий сайдаас цөөн асуултад хариулт авлаа.


-Хоёр хөрштэйгөө энэ талаар тохиролцоонд хүрч чадсан болов уу?

-Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д айлчлахад гурван боомтын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Гашуунсухайт, Бичигт, Шивээхүрэн боомт гэж хэлэлцсэн. Энэ жилдээ эдгээр гурван боомтоо холбож дуусгахаар төлөвлөсөн. Бусад боомтын хил холбох цэг дээр дахин ажиллана.

-Нарийн болон өргөн царигийн алинаар нь шинэ төмөр замыг барих вэ?

-Хил холболтын цэгт цариг хоорондын маргаан байдаг. Одоо бол манайх өргөн царигаараа, БНХАУ нарийн царигаараа хил холбох царигийн зөрүүн дээр аль аль цариг нь хил нэвтрэх боломжтой нот бичигт гарын үсэг зурсан. Тиймээс олон жил түншилсэн Гашуунсухайтын төмөр замын асуудал шийдэгдэж, Шивээхүрэн боомтын асуудал бас шийдэгдэж байгаа. Мөн энэ хүрээнд Бичигт боомтын асуудал шийдэгдсэн. Энэ зөвхөн БНХАУ-тай холбоотой бус. ОХУ-тай бас холбогдох транзит томоохон тээврүүд. Баруун, зүүн хоёр коридорын төсөл нь нэг биш, гурван улсын хоорондын төсөл учраас энэхүү төсөл бодитой хэрэгжих эхлэл нь өнөөдөр (долдугаар сарын 2-ны өдөр) тавигдаж байна гэж ойлгож болно. Монголын төмөр зам концесс эзэмшигчээр оролцоно. Төрөөс ямар нэгэн байдлаар мөнгө гарахгүй. Хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчид оруулсан км-рээрээ концессын гэрээг 20-30 жилийн хугацаатай эзэмшинэ. Үүнийг Монголын төмөр зам зохион байгуулах эрхийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.

-Цаашид эдийн засаг тэлэх, боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр Засгийн газраас ямар ажил төлөвлөж байна вэ?

-Хоёр дахь том давлагаа бүх том боомтуудаа авто замаар, стратегийн том боомтуудаа төмөр замаар, агаарын хилээ мөн өргөтгөх шаардлагатай. Алтанбулаг-Замын-Үүдийн боомтыг хурдны замаар холбох зорилгуудыг тавиад ажиллаж байна. Маш их хэмжээний хөрөнгө шаардана. Тийм учраас төр, хувийн хэвшилд хөрөнгө оруулагчдаа татаж, хамтдаа ашигтай байх зарчим руу явах нь чухал гэж харж байгаа. Монгол Улс экспортын нэгхэн гарцтай. Гэхдээ нэгхэн жилийн дараа энэхүү гарцыг тав болгох боломжтой. Тэр нь төмөр зам. Эдийн засгийн энэхүү гарцын давуу тал 2023 оны хоёрдугаар хагасаас эхлээд мэдэгдэж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ DNN.mn

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автсан талаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын ажлын албанаас мэдэгдлээ.

Тус албаны мэдэгдэлд ” 2022 оны долдугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар- Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна. Усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна. Улаанбаатар, Багахангай, Олон Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна. Замыг өнөө шөнийн 01 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МУИС-ийн уулзвараас ГХЯ хүртэл замыг нээлээ DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг

  • Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
  • МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж буй юм.

Дээрх хэсгүүдээс эхний хоёрт шинэчлэлийн ажил дууссан бол сүүлийн хэсэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажил эхлүүлээд байсан.

Тодруулбал, долдугаар сарын 1-ний 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэж, өнөөдөр НЭЭЛЭЭ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бичигтэй бөхчүүд нь хуулиа уншаад бусдадаа сайн хэлээсэй DNN.mn

УИХ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. 2003 онд баталсан хуульдаа жижиг засвар хийж явсаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ удаа шинэчлэн найруулж өргөн хүрээнд өөрчлөлт оруулав. Монголчууд Үндэсний их баяр наадмаа эрийн гурван наадам гэж нэрлэдэг ч хамгийн их анхаарал татдаг, маргаан дагуулдаг нь үндэсний бөх, хурдан морь хоёр.

Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авахаар хуульчилсан. Хуульд заасны дагуу шинжилгээ өгөх хүмүүс допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцно. Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд тухайн агентлагт хандаж эмчилгээний зорилгоор чөлөөлүүлэх заалт орууллаа. Мөн бөх, харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээх заалт орууллаа. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Цаашлаад Монголын Үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж допингийн асуудалд холбогдож шийтгэл хүлээсэн бөхчүүдийнхээ асуудлыг нэг мөр болгоно гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. Тэрбээр “Допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс хариуцлага оногдуулсан. Тэдгээр бөхийн нэг нь улсын арслан Э.Оюунболд. Спортын арбитр төрийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгэх даалгавар гаргасны дагуу Э.Оюунболд наадмын сорилгод барилдсан. Нөхцөл байдал ийм болсон, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой болж байгаа гэдэг үүднээс Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл бусад таван бөхийн асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм.

Хэдэн зуун жилийн түүхтэй, үндэсний спорт болох үндэсний бөхөө мэддэггүй монголчууд үгүй. Эрийн гурван наадмын нэг Үндэсний бөхдөө хайртай ард түмэн сүүлийн үед бөхдөө “хайргүй” болж эхлэх вий.

Бөхчүүд ямар хууль батлагдсан, үүнтэй холбоотойгоор ямар шийдвэр, тушаал гарч юу өөрчлөгдөхийг мэдэхгүй явж байгаа. Допингийн асуудлаар үргэлж маргалддаг тэд Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулсан өөрчлөлт болон түүнтэй холбогдуулан гаргаж буй тушаал шийдвэрүүдийг сайн унших хэрэгтэй. Бичиг үсэгтэй нь ядаж хуулиа уншиж судлаад бусдадаа хэлж өгөөсэй. Ер нь бөхчүүдийн ёс зүй, боловсролын тухай ярихад хэцүү. Сүүлийн үед бөхчүүдийн ааш авир ч дийлдэхээ больж. Үзэгчид бөхийн барилдаан биш, зодоон харах вий гэхээс айдаг болсон.

Бөхчүүд учраа бөхөө уран мэхээр бус уурын мунхгаар бэртээх нь элбэгшээд байна уу гэх яриа хөвөрч л байдаг. Хуулиар цол хасчихлаа гээд л лоозон бариад зогсчихно. Эвсэл наадах гэж ирсэн хүмүүсийн өмнө уурандаа шатаад барилдахгүй зогсож эсэргүүцлээ илэрхийлнэ. Шинэ гарсан хууль, дүрэм журамтайгаа танилцахгүй бол наадмын талбайд эсэргүүцлээ илэрхийлээд наадам дуусахгүй юм болох вий. Үндэсний их баяр наадам, бөхийн барилдаан зохион байгуулагчид хуулийг нь сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Бөхчүүдийн амь амьдрал нь ганц бөх л барилдах. Энэ нь бүр бизнес болчихсон. Түүгээрээ мөнгө олдог. Түүнийхээ төлөө амиа тавьтал тэмцэнэ. Юун нөгөө монгол бөхийн өв тээгч.

Уяачид гэж бас бөхчүүдээс дутахгүй хэл ам, хэрүүл тэмцэлтэй улсууд бий. Амьдрал нь шууд адуутайгаа холбоотой болчихсон. “Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс 3-4 хоногийн өмнө монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг уралдаанд оролцуулна” гэж заасан. Монгол морийг үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр нь тодорхойлох бөгөөд даага 127, их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байхаар хуульд тусгалаа. Ерөнхийлөгчийн хэлж байсанчлан толгой нь мөрөн дээрээ байгаа цагт эрлийз адуу Монголд орж ирэхээргүй боллоо. Үүн дээр Сүхбаатараас сонгогдсон хэдэн гишүүн ч гялайж, морь зардаг хүмүүс сэтгэл ханагар яваа байх.

Эрлийз морь уралдуулахгүй л юм бол монгол адууны тоо толгойг тогтоож өгөх хэрэгтэй. Гурван сая адууг уралдуулах зорилгоор тэжээж яах юм. Зөвхөн монгол морийг л уралдуулна гэж байгаа бол уралдааны зайг нь ойртуулах нь зүйтэй. Монгол адуу уралдаад ирэхдээ эцэж туйлдаад норсон нохой шиг л шогшоод ирдэг биз дээ. Ядахдаа давхиж яваа адуу хармаар байх юм.

Үндэсний их баяр наадмаараа олон нийт баярлан цэнгэхийг л хүсдэг. Түүнээс бус хууль, дүрэм журамд захирагддаггүй, ёс зүйн талаар бүр яриад ч хэрэггүй хэдэн хүмүүсийн хэрүүл маргааныг хэн ч сонсохыг хүсэхгүй. Тиймээс бөхчүүд, уяачид наадмын өмнөх энэ хэдэн өдрүүдэд шинээр батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг сайн судал, уншиж танилц.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хаврын чуулган лхагва гаригт хаалтаа хийнэ DNN.mn

Энэ долоо хоногийн лхагва гарагт хаврын чуулганы хуралдааны хаалт болно. Өнөөдөр намын бүлэг, ажлын хэсгүүд, байнгын хороодын хуралдаан болно. Харин мягмар болон лхагва гарагт УИХ-ын чуулган хуралдаж, олон хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

МЯГМАР ГАРАГ /2022.07.05/·

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхХүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгОлон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

ЛХАГВА ГАРАГ /2022.07.06/

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэгХүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл· “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл· Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Газрын багц хуулиуд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалт

Categories
мэдээ цаг-үе

Улсын баяр наадмаар “Чингис хаан” музей ажиллана DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг хүргэж байна.

Хөтөлбөр ёсоор долдугаар сарын 11, 12-нд Хүй долоон худагт соёлын наадам, “Улаанбаатарын үдэш” нийтийн цэнгүүн болох бол Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнд “Чингис хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэн гарна.

Мөн есөн музей долдугаар сарын 15-ныг хүртэл ажиллах юм байна. Эдгээрээс онцолбол шинээр ашиглалтад орж буй Чингис хаан музейд хаадын үзэсгэлэнгүүд нээгдэх аж.

зураг

зураг

зураг

ЖИРГЭХЖИРГЭХ
0ХУВААЛЦАХ
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Ганболд: Иргэд Үндсэн хуулийн асуудлаас илүү үнийн өсөлтийг ярьж байна DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.


-Та тойрогтоо ажиллаад ирлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг иргэд хэрхэн хүлээж авч байна?

-Тойргийн зургаан суманд ажиллаж 16 удаагийн уулзалт хийлээ. 1800 гаруй иргэдтэй уулзлаа. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, сүүлийн үед батлагдсан хуулиудын төслийг иргэдэд танилцууллаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар дөрвөн бүлэг, 11 заалтын хүрээнд танилцуулга хийлээ. Орон нутгийн иргэдэд Үндсэн хуулийн талаарх ойлголт их муу байна. Үндсэн хуулийн асуудлаар ганц нэг ахмадууд ярьж байгаа болохоос залуус, төрийн албан хаагчдад Үндсэн хууль, хуулийн өөрчлөлтийн талаарх ойлголт алга. Тиймээс цаашид Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид Үндсэн хуулийн хичээлийг оруулж энэ талаарх ойлголтыг хүүхдүүд, иргэдэд өгч баймаар юм билээ.

Тэгэхгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжье гэсэн гишүүн очоод дэмжих талаас нь танилцуулбал дэмжиж, дэмжихгүй гэдэг талаас нь илэрхийлж танилцуулбал дэмжихгүй гэж байх шиг байна. Бидний өгч байгаа мэдээллээс болж иргэд янз бүр байна. Иргэд Үндсэн хуулийн асуудлаас илүү үнийн өсөлтийг хэлж байна.

Дизель түлшний үнэ бараг дөрвөн мянгад хүрлээ. Барилгын материал, тэр дундаа цементийн үнэ гэхэд 500 мянга гарчихлаа. Үүнд анхаарал хандуулаач ээ. Монгол Улсын өр зээл ямар хэмжээнд хүрчихэв. Өр зээлийн асуудлыг цэгцлээч гэж хэлсэн. Иргэд мэдээлэл өндөртэй болсон. Дайн байлдаантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтэд өсч байгаа гэдгийг ч ойлгож байна лээ. Гэхдээ иргэдийн хувьд цалин хөлсний асуудлыг түлхүү хөндөж байсан.

Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин хөлс бага, төрийн албанд ажиллах хүн олдохгүй байна. Сумдын Тамгын газрын төрийн захиргааны албанд сул орон тоо их бий. 11 хүний орон тоо сул байгаа сум ч байна. Тал нь байхгүй. Тиймээс Төрийн албаны тухай хуульд сумдын төрийн албанд орох шалгуурыг бууруулах хэрэгтэй. Нэг хэсэг бид төрийн албыг чадавхжуулна, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангана, төрийн албанд мерит буюу шатлан дэвших зарчмыг оруулж төрийн албанд орох босгыг их хатуу болгосон. Олон шалгуур давж байж орсны дараа цалин хөлс, нийгмийн асуудал тулгардаг. Орон байр, цалин хөлс, амьдралын баталгаажих түвшин сул байгаа учраас хөдөөд амьдрах иргэд олдохгүй байна.

Орон нутагт ажиллаад ирснийхээ дараа би энэ асуудалтай холбоотойгоор нэг хуулийн төсөл өргөн барьсан. Сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд хөдөө орон нутгийн нэмэгдэл олгох хуулийн төсөл өргөн барьсан. Эрүүл мэнд, боловсрол ч гэдэг юмуу бусад байгууллагууд нэмэгдэл авдаг боловч төрийн захиргааны албан хаагчид авахгүй үлдчихээд байна гэх гомдол санал их тавьж байна. Мөн тэтгэврийн зөрүүг иргэд их хөндсөн. 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэврийг тэгшитгэж бүгдийг нь 500 мянга болгосон. 450 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан багш, эмч нарт яг адил цалин олгоод байна. Ялгаатай байдлыг нь хадгалаач гэж байна лээ.

-Төрийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл олгоход хэр хэмжээний мөнгө шаардагдах бол. Эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд боломж нь хэр байгаа вэ?

-Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч гэсэн учраас гайгүй. Хууль хэрэгжиж эхлэхэд таван жилийн гүйцэтгэл гээд олон хүн авдаг шүү дээ. Бидний тооцоолсноор тэр үед гурван тэрбум төгрөг, цаашдаа жил тутам 1.8 тэрбум төгрөг гарах юм билээ. Тиймээс төсөвт дарамт өгөхгүй гэж үзэж байна.

-Баяр наадмын тухай хуулиар морь, бөх дээр гардаг маргаан цэгцрэв үү?

-Баяр наадмын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Байнгын хороогоор ч морь, бөхтэй холбоотой асуудал их яригдсан. Морь, бөх ч биш сур харваа дээр ч зөрчил маргаан байдаг юм байна. Үндэсний сур, халх сур, буриад сур, урианхай сур ч гэдэг юм уу. Баяр наадмын тухай хуулийг богино хугацаанд хэлэлцлээ. Ямартаа ч Үндэсний баяр наадамдаа монгол адуу уралдуулъя гэж шийдлээ. Гэхдээ монгол адуу уралдуулахдаа Засгийн газар журам гаргаж монгол адууны генийн дарааллыг тогтоотол шилжилтийн үеийн журам гаргаж зохицуулахаар боллоо. Хэдийгээр монгол адуу гээд байгаа боловч 25 хувийн цустай ч гэдэг юм уу, эрлийз адууг ялгахад амаргүй болчихоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шилжилтийн үеийн журам гаргах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Бүсийн уралдааныг жилд дөрвөн удаа л зохион байгуулъя гэж тогтлоо.

Бүсийн уралдаан, улсын баяр наадмын цол өгдөг журамд өөрчлөлт оруулсан. Улсын наадамд заавал айраг түрүү авч байж “Тод манлай уяач” цол авна. Заавал улсын наадам гэхгүй бүсийн наадамд тухайн шаардлагыг хангасан түрүү, айраг авсан байвал алдарт уяач цол өгнө гэсэн зүйлийг хуульчилж байгаа.

Засгийн газар журмаа гаргаж монгол адууны генийг тогтоох хүртэл нь зайлшгүй сэрвээний өндрийг хэмжиж уралдуулна. Улсын наадамд эрлийз морьдыг уралдуулахгүй гэж тогтлоо. Мөн олон уралдааныг хязгаарлаж жилд хамгийн дээд тал нь дөрвөн бүсийн уралдаан явуулдаг болъё гэсэн зохицуулалтыг хийсэн.

Бөхийн эрэмбэ, цол чимэгтэй холбоотой маргаанууд байсан. Түүнийг цэгцэлсэн хууль боллоо. Допингийн үндэсний дүрэм гэдэг зүйл манайд байдаггүй. Допинг С1-С8 хүртэл өөр өөр байгаа юм. Хамгийн хүнд нь зориуд тамир оруулах допинг байхад өвчин намдаах эм уухад допинг илэрдэг. Үүнийхээ ялгааг гаргахгүй бол хэн нэгнийг санаатайгаар хорлох үүднээс эм тариа хийхийг бид хянаж чадахгүй. Хоёрдугаарт, үүнийг мөрдүүлж шалгая гэхээр энэ чиглэлийн байгууллага байдаггүй. Гуравдугаарт, допингийн асуудалд холбогдсон хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалъя гээд хандах гэхээр спортын арбитрын шүүх байдаггүй. Үүнтэй холбоотойгоор улсын аварга Э.Оюунболдод холбогдох шүүх хурлаар Үндэсний допингийн дүрэм батлаагүй, тамирчид өөрийгөө хамгаалах механизм бүрдээгүй гэдэг агуулгаар барилдах эрхийг нь сэргээж байна. Энэ бол зөвхөн Э.Оюунболдод зориулсан зүйл биш. Допингийн асуудалд нэр холбогдсон бүх бөхчүүдэд хамаатай. Дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлахдаа энэ талаар тодруулсан. Үндэсний допингийн дүрмийг баталгаатай болгож, тамирчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах боломжийг олгосон. Тэр болтол барилдаад явна.

Сумын наадмыг долдугаар сарын 10-11, улсын наадам 11-13, тэгш ойтой холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэр гаргаж зохицуулах, сумдын тэгш ойг аймгийн Засаг дарга захирамж гаргадаг байх өөрчлөлт орсон. Үүнээс өөрөөр Баяр наадмын тухай хуульд айхавтар өөрчлөлт ороогүй. Тиймээс маргаангүй болно гэж бодож байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шар морь өдөр DNN.mn

2022.7.4, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ДОЛООН УЛААН ШАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.4, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 04.59-20.54
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Өдөртөө 22-24 хэм, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсэж 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Үйлдвэрлэл явуулдаггүй улсад үнийн өсөлтийг төрөөс зохицуулах нь зөв” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт БНХАУ-аас Монгол Улсад суугаа
ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Хоёр орны боомтын
нэвтрүүлэлтийг хязгаарлаж
байгаа ганц зүйл нь цар тахал” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс экспортын
ганц гарцтай. Нэгхэн жилийн дараа энэхүү
гарцыг тав болгох боломжтой” гэлээ.

Төрийн есөн хөлт цагаан тугийг залах
торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ. Энэ тухай I болон IX нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үйлдвэрлэл явуулдаггүй улсад үнийн
өсөлтийг төрөөс зохицуулах нь зөв” хэмээн өгүүллээ.

ҮАБЗ-ийн Стратеги
судалгааны хүрээлэнгийн
дэд захирал, эрдэмтэн
нарийн бичгийн дарга,
доктор Ж.Мэндээ “Хямралт нөхцөл байдал гүнзгийрэхээс сэргийлэх
арга зам нь яриа, хэлэлцээний механизм гэдэгт улс орнууд
санал нэг байна” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт У.Золжаргал “Сургалт-хүмүүжлийн
тусгай байгууллагын барилга
ашиглалтын шаардлага
хангахгүй байна” хэмээн ярилаа.

Хэнтий аймгийн Дадал
сумын “Бэлгүдэй үндэсний
бөхийн холбоо”-ны дэд
тэргүүн, яруу найрагч,
үндэсний бөх тайлбарлагч Б.Алтанхүү “Наадмаар
Б.Бат-Өлзий, О.Хангай нар заан
цолны даваанд тунаж барилдвал
давсан нь түрүүлэх байх” хэмээн “Дэвжээ” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ