Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган хаана DNN.mn

Өнөөдөр хаврын чуулганы хуралдааны хаалт болно. Чуулган хаах өдөр буюу өнөөдөр ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулган хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр байна.

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10:00 цагт: Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14:00 цагт: Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10:00 цагт: Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

Хэлэлцэх асуудал:

  • Мэдээлэл сонсох

11:00 цагт: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

14.00 цагт эхлэх товтой байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулна DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж өгнө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11:00 болон 12:30 цагт болно.

Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж хөдөлмөрлөсөн урлаг, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын эрхмүүд төрийн шагнал хүртэх юм байна.

Тухайлбал Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ, Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүй нар төрийн дээд цолоор шагнуулах мэдээлэл байна.

Жил бүрийн улсын баяр наадмын өмнө төрийн шагнал гардуулж өгөх ёслол Төрийн ордонд болдог билээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын eNaadam.mn цахим хуудас ашиглалтад орлоо DNN.mn

Монгол наадмын үүсэл түүх, үндэсний спортын төрлүүд болох үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морь, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны тухай мэдээлэл болон наадмын нэгдсэн хөтөлбөр, цаг үеийн мэдээллийг түгээх eNaadam.mn цахим хуудас ашиглалтад орлоо.

Тус цахим хуудсанд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс гадна 21 аймгийн наадмын хөтөлбөр болон нийтийн тээвэр, үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь, авто зогсоолын зөвшөөрөл, тасалбар захиалгыг мэдээллийг нэтгэсэн байна. Мөн манай улсыг зорин ирж буй жуулчдад зориулсан цогц мэдээлэл бүхий гарын авлагыг байрлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоогоос дээш хоног нутаглах бол баг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авдаг болъё DNN.mn

Монгол орон өргөн уудам нутагтай. Цөөхөн хүн амтай, хүн амынх нь талаас илүү хувь нийслэлдээ суурьшдаг учраас эзгүй хээр газар ихтэй. Тэр утгаараа хэн дуртай нь аль дуртай газраа бууж сууцгааж, аялж зугаацдаг. Хэн хаана ч аялж, аль ч аймгийн ямар ч газарт буудаллах боломжтой. Ингээд харахаар эрх чөлөөтэй сайхан л даа. Ийм сайхан уудам нутгийнхаа хаана нь ч очоод майхнаа бариад агаарлах боломжтой бид азтай улс гэж ирээд цээжээ түрээд суухад бол гоё. Гэхдээ хэт эрх чөлөөлөг энэ байдал маань байгаль экологидоо сөрөг нөлөө үзүүлсээр өнөөг хүрснийг анзаарч харсан нь хэд бол. Зуны цагт, зугаалга, найр, наадмын үед бөөнөөрөө хотоос хөдөө рүү жирийлгэдэг монголчууд хөдөөх байгалийг жинхэнэ бохирдуулагчид болж хувирдаг. Хотоос баруун, зүүн аймгуудыг зорьсон нийслэлчүүд зам зуураа гол дагаж, биесээ бараадасхийн хонож өнжсөн шигээ зорьсон газраа хүрцгээдэг. Нэг газраа бөөгнөрч хоносон хүмүүс наад зах нь гэхэд л ил задгай бие засч голын хавьцаах хөрсийг бохирдуулдаг.

Дотоодын жуулчид энэ мэтээр элдэв хуванцар сав, гялгар уут, батарей гээд байгальд хортой хаягдлууд “үйлдвэрлэчихээд” дараагийн аймаг руу жирийлгэдэг. Жуулчны компаниар үйлчлүүлэх соёл суугаагүй, машиндаа гэр бүлээрээ сууж аваад аялцгаадаг монголчуудын хувьд буудалласан газраа гал түлж, цай хоолоо хийцгээдэг нь байгальд мөн л эрсдэл болдог. Наад зах нь гэхэд л галаа бүрэн унтраагаагүй хөдөлснөөс болж түймэр дэгдэх эрсдэл бий. Тийм тохиолдол гарч байсныг ч үгүйсгэх аргагүй. Гэх мэтээр яривал машинтайгаа зугаалагч монголчууд байгаль орчныг жинхэнэ утгаар нь бохирдуулж сүйтгэгчид болж хувирдаг нь нууц биш.

За тэгээд устай, голтой газар бүрд бууж суусаар зорьсон газраа хүрсэн хотын жуулчид хүсч очсон газраа бохирдуулсан шигээ амарч цэнгэдэг. Зориод очсон газраа наад зах нь хоёр гурав, цаад зах нь арваад хонохдоо хог, бохирдол “үйлдвэрлэсээр” суугаад Улаанбаатарыг зорьдог. Яг өдийд хөдөө газрын байгаль жуулчдын хөлд талхигдаж, хогондоо дарагдаж, бохирдолдоо баригдаад эхэлчихсэн. Тэр дундаа хүмүүсийн олноор зорьж очдог Хөвсгөл далай, Өгий нуур, Хар Зүрхний хөх нуур гэх мэт байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд хэцүүхэн дүр төрхтэй болчихдог нь хэний ч мэдэх үнэн. Тээр жил Өгий нуурыг зорьж очиход нуурын зах хогондоо дарагдаж буудаллаж хонох газаргүй шахам битүү хүнд дарагдсан угтаж билээ. Тэр үеэс хойш хүн олноороо амардаг газруудыг ид зуны цагаар зорьж очихоо больсон.

Байгалийн дайсан ингээд зогсохгүй. Гэр бүлээрээ хувийн машинаа хөлөглөсөн жуулчдаас гадна малчид байгаль сүйдлэгчдийн тод төлөөлөл болсоор яваа. Манай малчид ямар ч зохицуулалтгүйгээр хаа дуртай газар руугаа нүүдэллэж бууж суудаг амьдралын хэв маягтай. Нүүмээр санагдвал нүүгээд явчихдаг нь бодитой үнэн. Нүүдэллэж буусан газраа сүйдэлж байгаад явдаг нь ч булзах аргагүй бодит байдал.

Харин нийт олонд “байгалийн дайсан” гэж адлагдсан уул уурхайн салбарынхны үйл ажиллагаа их өөр. Өчнөөн шат дамжсан зөвшөөрөл авч байж, өндөр шалгуур босгуудыг давсны эцэст сая нэг бага талбайтай газар хайгуул олборлолт хийх эрх авдаг. Хайгуул олборлолтоо хийчихээд өнөө газраа нөхөн сэргээх үүргийг хуулиар хүлээж, нөхөн сэргээсээр өнөөг хүрсэн. Бүр тухайн газарт ургаж байсан ургамлуудыг яг тэр чигт нь тарьж үлдээдэг. Хуулиар хүлээсэн үүрэг нь ийм нарийн. Энэ дашрамд нэг харьцуулалт хэлье. Монгол Улсын газар нутгийн хэчнээн хувийг уул уурхай эзэлдэг вэ гээд харахаар маш бага тоо дуулддаг. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нийт газар нутгийн наймхан хувийг эзэлдэг бол ашиглалтынх нь нэг хувь ч хүрэхгүй газар нутаг эзэлдэг. Хөрс, экологид асуудал тарьдаг гол салбаруудын магнайд мал аж ахуй, газар тариалан эрэмбэлэгддэг нь цаанаа ийм учиртай.

Машин хөлөглөсөн жуулчид, дураараа нүүж буудаг малчдаас үүдсэн байгаль экологийн асуудлыг шийдэх гарц мэдээж бий. Монгол хэдий өргөн уудам нутагтай ч, ихэнх газар нутаг маань эзгүй хээр ч гэлээ бүх газар эзэнтэй. Өөрөөр хэлбэл, тухайн газар засаг захиргааны ямар нэгэн нэгжид хамааралтай байдаг. Эзэнгүй, засаг захиргааны нэгжид хуваарилагдаагүй нутаг гэж хаана ч үгүй. Эзэнгүй буйд ямар ч газар аль нэг багийн Засаг даргын харьяа нутаг гэсэн үг.

Товчхондоо дураараа нүүж суудаг малчид, байгаль бохирдуулагч дотоодын жуулчдыг хазаарлах боломж Засаг дарга нарт бий. Монгол орны аль нэг газарт долоогоос дээш хоног нутаглаж, буудаллахаар бол тухайн баг, хорооных нь Засаг даргаас зөвшөөрөл авдаг болчихвол энэ асуудал цэгцэрчихнэ. Зөвшөөрөл өгөх Засаг дарга нар “За манай нутаг дэвсгэрт буудаллахдаа хог тарихгүй, зориулалтын бие засах хэсэг гаргах хэрэгтэй, хогоо ингэж шийднэ, буудаллаад буцахдаа бидний тавьсан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй бол торгуультай. Бас дараа жил ирж буудаллах эрхийг чинь хасна” гэх мэтээр хатуу дүрэм журамтай угтах хэрэгтэй.

Монголчууд буудаллаж, нутаглаад явсан газрынхаа буйрыг цэмцийтэл цэвэрлэсээр ирсэн уламжлал соёлтой ард түмэн. Яг тэр жаягаар буудаллаж нүүдэллэсэн газрыг нь цэвэрлүүлэх журмыг тухайн багийн Засаг дарга хатуу мөрдүүлмээр байна. Буудаллах хугацааны төлбөр авахад ч болохгүй юмгүй. Тэгж хурааж авсан мөнгийг байгаль хамгаалалд зарцуулбал олон асуудал шийдлээ олох давуу талтай. Дээр дурдсан шийдлүүдийг ажил болговол хөрс, гол усны бохирдол, түймэр гэх мэт байгаль орчны асуудлууд цэгцрээд ирнэ. Дураараа байгаль бохирдуулагчид дэг журман доор цэгцтэй, ухаалаг, байгальд ээлтэй аж төрөх соёлд суралцах нь энэ шийдлийн хамгийн том давуу тал.


Ц.Билиг

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар ажиллах зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн цагийн хуваарь DNN.mn

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлан гаргасныг хүргэж байна.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ

Зах, худалдааны төвийн нэр

Амралт

Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх огноо

Эхлэх огноо

Дуусах огноо

1. БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

2

Шинэ Сандэй худалдааны төв Шинэ сандэй худалдааны төв ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

3

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

4

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

2. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

5

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

6

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

7

Баянзүрх-1 худалдааны төв Ханталст ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

3. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

8

Сэлэнгэ худалдааны төв

Сайхан монгол ХХК

2022.07.11

2022.07.21

2022.07.22

9

21 худалдааны төв

ХНХТ ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

4. СҮХБААТАР ДҮҮРЭГ

10

Саруул худалдааны төв

Саруул групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

11

Их тойруу худалдааны төв

Их тойруу Ди Эл ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

12

Бэлх зах

ШАБ ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

13

Бүрд худалдааны төв

Говь түшээ ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

14

Бүрэн плаза худалдааны төв

Санжат ХХК

2022.07.12

2022.07.16

2022.07.17

5. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

15

Нарантуул-2 зах

Анко ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

16

Бөмбөгөр-1 худалдааны төв

Юмт бөмбөгөр ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

Содон бөмбөгөр худалдааны төв

Эрдэнэбулган ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

17

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

6. ХАН-УУЛ ДҮҮРЭГ

18

Мишээл экспо худалдааны төв Мишээл групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

19

Хүннү молл худалдааны төв

Хүннү молл ХХК

2022.07.11

2022.07.13

2022.07.14

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Сүлжээ дэлгүүрийн нэр

Амрах огноо

Уртасгасан цагаар ажиллах огноо

Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо

1

Номин тав трейд ХХК

Улсын Их дэлгүүр

2022.07.11-2022.07.15 08:45-21:30 цаг

2022.07.16

Номин Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

08:45-22:00 цаг

Номин Юнайтед Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

09:30-21:30 цаг

Номин супермаркет Драгон салбар

2022.07.11-2022.07.15 07:30-22:00 цаг

Номин супермаркет Зунжин салбар

2022.07.11-2022.07.15 08:00-00:00 цаг

Бусад супер маркетууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2

Номин хайпермаркет ХХК

Номин хайпермаркетын салбарууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2022.07.16

3

Номин бизнес клуб ХХК

Номин Агуулах худалдаа УБ импескс

2022.07.11-2022.07.15

2022.07.16

Номин Агуулах худалдаа 22-ын товчоо

2022.07.11-2022.07.15 06:00-00:00 цаг

Номин агуулах худалдаа Чулуун овоо салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

Номин агуулах худалдаа Хан-Уул салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:00 цаг

4

Имарт хайпермаркет

Скай хайпермаркет ХХК

2022.07.08-2022.07.09

09:00-23:00 цаг

2022.07.10

5

Миний дэлгүүр ХХК

Миний хайпермаркет Нисэх салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

2022.07.17

Миний супермаркет

Саппоро салбар

2022.07.09-2022.07.16

08:30-23:00 цаг

Миний хайпермаркет Нарны зам салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

Миний сүлжээ дэлгүүрийн бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

6

Моннидер ХХК

Оргил

Сонсголон салбар

2022.06.10-2022.08.26 08:00-22:00 цаг

2022.08.27

Оргил

Налайх салбар

2022.06.10-2022.08.26 09:00-23:00 цаг

2022.08.27

Оргил бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

7

Алтан жолоо трейд ХХК

Сансар-1 туннель салбар

2022.07.11-2022.07.15

08:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-6 5 шар салбар

Сансар-8 Чулуун овоо салбар

8

Алтан жолоо трейд ХХК

Сансар 22-ын товчоо салбар

2022.07.11-2022.07.15

06:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-34 яармаг салбар

Сансар-39 баянзүрхийн товчоо салбар

9

Алтан жолоо трейд ХХК

УБ Их дэлгүүр салбар

2022.07.11-2022.07.12

2022.07.13-2022.07.15

10:00-21:00 цаг

2022.07.16

10

Алтан жолоо трейд ХХК

Сансар сүлжээ дэлгүүрийн

бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 7-нд эхэлнэ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 7-ны 9.00 цагт Хүй 7 худагт эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морины салбар хорооноос хурдан морь бүртгүүлэх зохицуулалтын талаар доорх тайлбарыг гаргасан байна. Үүнд:

1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;

2. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;

3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт.

4. Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй.

5. Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй.

6. Уралдаанд уралдах морь тус бүрийг нас насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжинэ.

7. Энэ сарын 7-ны 9.00 цагаас 9-ний 22.00 цаг хүртэл бүртгэнэ.

8. Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн хуулиар үе үеийн төсвийн шинэчлэлийн томоохон зорилтыг бид хийж чадсан DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.


-Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд цар тахал болоод дайны нөхцөл байдлаас үүдэн давхар, давхар нөлөөнд өртсөн. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Дэлхий нийтээрээ цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас арай гэж гарахын даваан дээр дараагийн томоохон, тодорхойгүй нөхцөл байдал болох Орос, Украины зөрчил мөргөлдөөний асуудал гарч ирсэн. Энэ зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой бусад улс орнууд, Европын холбооноос Оросын Холбооны Улсын эсрэг тавьсан олон төрлийн хориг Монгол Улс байтугай дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Бид 2022 онд цар тахлын хугацаан дахь эдийн засгийн алдагдлаа бүрэн нөхөж эдийн засгийн багагүй өсөлттэй байна хэмээн төсөөлж байсан. Зөвхөн манай улс ч биш, дэлхий нийтээрээ ийм төсөөлөлтэй байсан.

Гэтэл нөхцөл байдал тооцоолсноос өөрчлөгдөж дараагийн шинэ сорилтын өмнө биднийг авчирлаа. Өөрөөр хэлбэл, бидэнд эдийн засгийн өсөлтөө хангах нөөц боломж байгаа хэдий ч БНХАУ-ын дэвшүүлсэн “Тэг ковид” бодлого болон ОХУ-ын эсрэг бусад улс орнуудын тавьсан хоригтой холбоотой байгаа боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Цар тахал болон дайны нөхцөл байдал бидэнд олон сургамж үлдээж байна. Бид цаашдаа Монгол Улсын төлбөрийн тэнцэл, экспортлох хүчин чадал, импортыг нөхөх дотоодын үйлдвэрлэлийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Дэлхийн улс орнуудын өмнө эдийн засгийн өсөлт нь саарсан, инфляци нэмэгдсэн нь тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа манайх шиг дотоодын үйлдвэрлэл багатай, нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг улс орны хувьд инфляцийг импортолж байна. Инфляци шингэсэн барааг өндөр үнээр тээвэрлэн авч байна. Тиймээс бид цаашид уламжлалт мөнгө санхүүгийн бодлого буюу эдийн засгийн өсөлтийн үед ажиглагддаг, өндөр инфляцитай тэмцдэг аргаар энэ удаа тэмцэх ямар ч боломж байхгүй. Ийм үед төсөв, мөнгөний тодорхой хэмжээний хатуу бодлого хэрэгжүүлэх, валютын орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд төвлөрөхөөс өөр арга байхгүй.

-Хил, гаалийн асуудал энэ хэвээр үргэлжилбэл энэ жилийн төлөвлөсөн орлогоо бүрдүүлж, зарлагаа санхүүжүүлж чадах уу?

-Эдийн засгийн өсөлтөө анхаарах уу, инфляциа дарах уу гэсэн сонголтын өмнө бид ирж байна. Энэ хоёрыг зэрэг хийх ямар ч боломж байхгүй. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш ажиглагдаагүй эдийн засгийн стагфляцид дэлхий нийтээрээ орчихлоо. Бид цар тахлын үеийн хатуу хөл хориогоо үе шаттай цуцалж, хэвийн амьдралдаа шилжсэн. Үүний үр дүнд төсвийн тэнцэл харьцангуй тогтвортой байна. Эхний хагас жилийн байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл 90 хувиас дээш гарч байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм. Гэхдээ үүнд инфляци шингэсэн байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, инфляци шингэсэн барааны үнээс татвар төлж байна гэсэн үг. Тиймээс орлого бүрдүүлэлт өндөр, эдийн засаг хэвийн байна хэмээн шууд дүгнэж болохгүй. Инфляци одоогийн байдлаар зорилтот түвшнээсээ хоёр дахин өндөр буюу 15-16 хувьтай байгаа энэ үед Засгийн газар, Сангийн яам төрийн үйлчилгээг санхүүжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг гүйцэтгэлээр нь саадгүй санхүүжүүлж байна.

– Ер нь энэ оны эхний хагас жилийн байдлаар орлого, зарлага, төсвийн алдагдал ямар байна вэ. Дахин дахин асуугаад байгаагийн учир нь хилийн боомтуудын гацаа түгжээ их байгаа учраас бид төсөөлсөн орлогоо олж чадахгүй байгаа болов уу хэмээн таамаг дэвшүүлээд байгаа хэрэг л дээ?

-Жилийн дунд ажиглагдаж буй төсвийн алдагдал бол тийм ч чухал үзүүлэлт биш. Ер нь эхний хагас жилд гарах ёстой зардлууд гардгаараа гардаг. Харин улирлын нөлөөллөөс шалтгаалж орлого харьцангуй бага хэмжээгээр төвлөрдөг. Харин оны сүүлийн хагаст орлого нэмэгддэг учраас эхний хагас жилийн алдагдлаа нөхөж, жилийн эцэст төсвийн тэнцлээ хадгалдаг. Манай эдийн засгийн мөчлөг ийм. Тиймээс эхний хагас жилийн орлогын төлөв байдал маш чухал. Яг өмнөх асуултын хариултад дурдсанчлан төсвийн орлогын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төсөв талдаа төрийн үйлчилгээний санхүүжилт ямар ч саадгүй явж байгаа.

Боомтуудын хилийн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар буураагүй боловч хөрш орнуудын нөхцөл байдлаас шалтгаалж экспорт төлөвлөсөн хэмжээнд гарч чадахгүй байна. Гэхдээ сүүлийн 2-3 сарын хугацаанд экспортод гаргаж байгаа түүхийн эдийн хэмжээ нэмэгдсэн.

Одоо бидний хамгийн том эрсдэл төсөв биш, төлбөрийн тэнцэл байна. Төлбөрийн тэнцлээс улбаатай Төв банкны валютын нөөц багассан. Манай улсын худалдааны тэнцэл алдагдаж, гаргаж чадах хэмжээний экспортоо гаргаж чадахгүй байгаа энэ үед эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах гол зорилт бол экспорт, экспорт бас дахин экспорт. Түүнээс биш богино хугацаанд үйлдвэрлэгч орон болж чадахгүй шүү дээ. Иймд уламжлалт түүхий эдээ дэлхийн зах зээл дээрх үнэ өндөр байгаа энэ үед потенциал хэмжээндээ тултал экспортлох л чухал асуудал.

-Хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон гарц гарам нээж байх шиг байна. Эдгээр гарцууд бүрэн ашиглалтад орж үр ашгийг нь хүртэхээс өмнө одоо ашиглаж байгаа боомтуудынхаа нэвтрэлтийг нэмэгдүүлэхэд яаж анхаарч байна?

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад экспорт 20 орчим хувиар нэмэгдсэн. Сүүлийн гурван долоо хоногт дунджаар 950 ширхэг тээврийн хэрэгслээр нүүрс экспортолсон байна. Цаашид ч БНХАУ-ын талаас энэ тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, өмнөхөөсөө илүү идэвхтэй ажиллаж байгаа нь бидэнд эерэг хүлээлт бий болгож байна. Хамгийн их экспорт хийсэн 2019 онд өдөрт дунджаар 1200 орчим автомашин гарч байсан. Одоо яг ийм үзүүлэлт рүү экспорт дөхөж байна. Энэ бол бид богино хугацаанд экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авч цар тахлын өмнөх үед хүргэж байгааг харуулж байна. Энэ тоог улам бүр нэмэгдүүлэх, тогтвортой хадгалахын төлөө Засгийн газар боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах болно. Манайх ч, урд хөршид ч ковидын нөхцөл байдал битгий хүндрээсэй гэж бодож байна. Бидний зүгээс хилийн бүсийн хэсэгт халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах нь л чухал байна. Хэрэв манай талын жолооч нараас авсан ковидын шинжилгээний хариу 14 хоног тасралтгүй сөрөг гарах юм бол 40-50 машинаар нэмэгдүүлэх, харин эерэг гарвал ийм хэмжээгээр бууруулах тоглоомын дүрэм үйлчилж байгаа.

-Энэ жилийн төсвийг халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон хэмээн онцолж байсан. Гэтэл хамгийн эхний төсвийн тодотгол дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдэл дараа жилийн төсөв дээр дахин дарамт учруулна. Ойрын жилүүдэд энэ мэт төсөв дээр ирэх дарамтуудыг дийлэх үү?

-Ахмадуудын тэтгэврийн тухайд үнийн өсөлттэй холбоотой нэмэхээс өөр арга байгаагүй. Төсвийн шинэчлэлийн томоохон бодлогын хүрээнд халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, нийгмийн хөдөлмөрлөх хүчийг илүү чанаржуулах бодлогыг Засгийн газраас баримталж байгаа. Манай улс 2.2 сая хөдөлмөрийн насны иргэдтэй. Үүнээс 1.1 сая иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа бол, үлдсэн нэг сая хөдөлмөрийн насны иргэд эдийн засгийн эргэлтэд орж, ашиглагдахгүй байна. Хөдөлмөрийн зах зээлд ашиглагдах энэхүү асар их нөөц бололцоогоо цаашид бүрэн ашиглахын тулд ажлын байрыг нэмэгдүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт тавьсан. Өнгөрсөн хугацаанд ковидын нөхцөл байдал халамжийг тэлэх үндсэн шалтгаан болсон. Монгол Улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд хүн амын вакцинжуулалтыг хангалттай хийж чадсаны үр дүнд бид өнөөдөр дахин хөл хорио тогтоох шаардлагагүй, иргэд өмнө байсан шиг чөлөөтэй ажил хөдөлмөр боломжтой болж байгаа энэ үед бид халамжаа бид зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатай болж байна.

-Ажлын байрыг бодитой нэмэгдүүлсэн цагт халамжаас хөдөлмөрт шилжих талаар яригдах байх л даа. Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөр үнэхээр үр дүнгээ өгч чадсан юм уу?

-Та нар бодоод үз дээ. Хоёр их наяд төгрөгийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн зээл 6000 гаруй аж ахуйн нэгж, 20 гаруй мянган иргэнд хүрээгүй байсан бол өнөөдөр ямар дүр зураг үүсчихсэн байх байсан бол. Цар тахал, зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн олон давхар цохилттой энэ үед асар хүнд нөхцөл байдалд бид орох байсан. Тиймээс 10 их наядын хөтөлбөр байгаа оносон, цаг үеэ олсон, түүхэн үүрэг гүйцэтгэсэн хөтөлбөр болсон гэж үзэж байна. Нийт 100 гаруй мянган ажлын байр хадгалсан гэх тооцоолол зүгээр нэг судалгааны дүн биш. Тиймээс цар тахлын үед үүнээс ч илүү хүндрэл, цөмрөлт гарахыг амжилттай хаасан.

-Улсын орлого тасалдах эрсдэлтэй, эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд олсон орлогоо зөв захиран зарцуулахад бид хэрхэн анхаарч байна вэ. Хөшөө, дурсгал барихаас авахуулаад алслагдсан аймаг сумдад цемент зуурдаг, гишүүд тойргоо услахын төлөө уралддаг байдал хэзээнээс алга болох вэ?

-Төрийн хэмнэлтийн тухай хууль цаашид маш онцгой үүрэг гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар төрийн албан хаагчдад уг хууль хүнд тусч байгаа боловч цаашид төсөв эрүүлжих, төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн нэг төгрөг бүр үр өгөөжтэй зүйлд зарцуулагдах, эдийн засгийн өсөлтөд илүү их хувь нэмэр оруулдаг байх үүргээ илүү үр ашигтай гүйцэтгэх боломжтой болж байна.

-Богино хугацаанд ямар арга хэмжээ авах нь эдийн засгаа сэргээх үр дүнтэй гэж харж байна вэ?

-Манай улсын эдийн засаг бүтцийн хувьд ямар эмзэг юм бэ гэдэг нь цар тахлын үед, урд хөршийн хилийн нөхцөл байдал болон ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөн тод харуулж байна. Тиймээс дунд, урт хугацаандаа эдийн засгийнхаа бүтцийг төрөлжүүлэх, эрүүлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнийг хийхэд дор хаяж 5-10 жил, магадгүй түүнээс ч урт хугацаа шаардагдана. Тиймээс бид богино хугацаанд төлбөрийн тэнцлийн хүндрэлээс яаж гарах, энэ дайны утаан дотроос яаж хохирол багатай үлдэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Тиймээс ойрын хугацааны бодлого ийшээ чиглэнэ. Нэгдүгээрт, түүхий эдийн экспорт хэвийн нөхцөлд очтол хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй. Энэ үед төсөв мөнгөний бодлогын уялдаа маш чухал. Экспортын орлого тасалдсанаас үүдэн Төв банкны валютын нөөцөн дээр олон сөрөг дарамт ирж байна. Энэ нь цаашид валютын ханш, инфляцид нөлөөлнө. Олон сувгаар эдийн засагт сөрөг нөлөөллүүд ирнэ.

-Энэ жил хоёр удаа төсөвт тодотгол хийлээ. Эдгээр тодотголууд төсөвт бодитой хэмнэлт авч ирж чадсан уу?

-Энэ жил манай улс төсөвтөө хоёр удаа тодотгол хийсэн. Эхний тодотголын тухайд бүсээ чангалж ахмадын тэтгэврийг нэмэх нийгмийн шинжтэй бодлогын шийдвэр байсан.

Харин хоёр дахь удаагийн тодотголоор төр бүх шатанд хэмнэлтийн горим руу шилжүүлэх алхмыг хийсэн. Төсвийн хувьд урсгал зардал дээр хэмнэлт хийх боломж маш хязгаарлагдмал. Учир нь төрийн албан хаагчдын цалин хөлс, төрийн үйлчилгээний санхүүжилтийг тэр бүр хасах боломжгүй шүү дээ. Гэсэн хэдий ч бид цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамжаас бусад урсгал зардлыг 15 хувиар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөр танасан. Мөн 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт танаж, хэмнэсэн. Энэ бол томоохон хэмнэлт. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй төсвийн шинэчлэл болсон. Энэ нь цаашид төсөвт хандах хандлагыг эрс өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

-Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ оны төгсгөлд манай улсын эдийн засаг нэлээн хүндэрч гурав дахь удаагаа тодотгол хийнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ таамаглалыг хэр бодитой гэж бодож байна вэ?

-Эдийн засаг хүндэрлээ гэж бодоход гарах гарц нь төсөвт тодотгол хийх биш шүү дээ. Хэрвээ үнэхээр төсвийн тодотгол хийснээр эдийн засгийн хүндрэлээс гарчихдаг юм бол өдөр болгон тодотгол хийе л дээ. Тэгэхээр асуудлын гол нь тодотголдоо биш, зөв төлөвлөхдөө байгаа юм. Аль ч үед төсвийн сахилга бат маш чухал. Төрийн хэмнэлтийн хуулиар үе үеийн төсвийн шинэчлэлийн томоохон зорилтыг бид хийж чадсан. Энэ удаагийн УИХ, Засгийн газрын гишүүд төсвийн шинэчлэлийг маш сайн дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, энэ жилийн төсвийг батлахад УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг маш сайн хангасан. УИХ-д өргөн барьсан төсөл хөтөлбөрүүд дотроос зураг төсөл нь батлагдаагүй нэг ч төсөл байгаагүй. Энэ бол шинэлэг хандлага. Нэмж хэлэхэд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар дуу нэгтэйгээр баталсан. Энэ бол цаашдаа төсөв улам эрүүлжих, сахилга бат сайжрахын дохио.

-Тэгвэл төсвийн шинэчлэл, сахилга батын хүрээнд цаашид хэн төсвийг захиран зарцуулах эрх мэдлийн түлхүүр атгаж байгаагаас хамаарч сонгогдсон тойргоо усалдаг, УИХ-ын гишүүд тойрогтоо илүү төсөв тавиулахаар улайрдаг тогтолцооноос салах алхмын эхлэл тавигдаж чадсан уу?

– Энэ бүхний эхлэл Төрийн хэмнэлтийн хуулиар тодорхой хэмжээнд тавигдаж чадсан. Гэхдээ энэ хуулиар асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Асуудал хаана байна гэхээр сонгуулийн тогтолцоонд бий. Жижиг мажоратор системийн үзэл баримтлал бол тойргоо услах шүү дээ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, пропорционал систем рүү шилжсэн тохиолдолд сая бүрэн утгаараа шинэчлэл явагдах нөхцөл бүрдэнэ. Тиймээс шууд УИХ-ын гишүүд, хэн нэгнийг буруутгахаас илүүтэй сонгуулийн мажоратор системийн онцлогийг бодолцож үзэх нь зүйтэй байх.

-Монгол Улсын нийт гадаад өр нийт 33.8 тэрбум ам.долларт хүрснийг та өмнөх долоо хоногт мэдэгдсэн. Манайх улс үнэхээр дампуурлаа зарлах хэмжээний өртэй улсын тоонд орчихсон байгаа юм уу?

-Таны дурдсан тоо манай улсын нийт гадаад өр гэдгийг ойлгох нь зүйтэй. Бид засгийн газраас гадна хувийн сектор гаднаас санхүүжилт, зээл авахыг хориглож болохгүй. Харин дэмжих ёстой. Үүний тулд эдийн засгийн макро үзүүлэлтүүд, зээлжих зэрэглэл, инфляцийг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулагчдыг татах орчныг сайжруулна. Гагцхүү дээр дурдсан нийт өрөөс хамгийн их анхаарал хандуулах өр нь Засгийн газрын өр болох 8.5 тэрбум ам.доллар бий. Манай улс гадна талдаа өрийн стратегиа маш сайн барьж байгаа. Бид гурав гурван жилээр өрийн стратегиа баталдаг. Өмнөх гурван жилийн стратеги энэ жилийн таван сард дууссан. Тухайн улсын өрийн стратеги ямар байсныг зээлжих зэрэглэлээр дүгнэдэг. 2020 онд л гэхэд манай улсын зээлжих зэрэглэл сөрөг ангилалд багтаж байсан бол тогтвортой ангилалд шилжиж бага боловч өссөн. Эдийн засаг хүнд байгаа энэ жилийн тухайд зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагууд манай улсын ангиллыг хэвээр нь үлдээсэн нь маш том амжилт.

Дараагийн нэг үзүүлэлт юу байдаг вэ гэхээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр манай улсын бондуудын дундаж өгөөж хамгийн бага үнэлгээтэй байна. Хамгийн бага гэдэг нь бидэнд хамгийн их итгэж байна гэсэн үг. Энэ нь зах зээлд манай гадаад өрийн менежмэнтийг үнэлж байгаа маш том үнэлэмж. Тиймээс гадаад өрийн менежмэнттэй холбоотой Засгийн газар дээр ямар ч асуудал байхгүй. Зээлийн хэмжээнээс илүү ашиглалтын үр өгөөж, чанар чухал. Засгийн газар зээл аваад эргээд өгөөжөө өгдөггүй, экспорт, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлдэггүй, төлбөрийн тэнцлийг эмчилдэггүй, импортыг орлодоггүй төслүүд рүү оруулаад, төсөв дээрээ дарамт аваад байх юм бол энэ нь хамгийн үр өгөөж муутай зээл байх нь тодорхой. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбарууддаа тодорхой хэмжээний зээл авахаас өөр аргагүй болдог. Гэхдээ харьцаа нь зөв байх ёстой.

-Засгийн газрын өр яг хэзээнээс муу зээлийн ангилалд багтаад өрийг өрөөр төлдөг систем рүү шилжчихсэн юм бэ?

-Ерөөсөө Чингис бонд гаргасан цагаас л эхэлсэн. Үүнээс өмнө манайх дандаа урт хугацааны, нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээлүүд авдаг байсан. Харин 2012 оноос олон улсад төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зориулалттай 5-10 жилийн хугацаатай бондыг босгож анх удаа арилжааны нөхцөлтэй зээллэг хийж эхэлсэн. Энэ зээлээр нийгмийн шинж чанартай төслийг санхүүжүүлэх ёсгүй байсан. Харин томоохон бүтээн байгуулалтын, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ бондын 63 орчим хувиар төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг санхүүжүүлчихсэн. Энэ цагаас хойш өрийг өрөөр төлөх шаардлага гарч ирсэн. Чингис бонд 5-10 жилийн хугацаатай, дунджаар 4.8 хувийн хүүтэй зээл байсан. Гэтэл энэ хугацаанд уг зээлээр санхүүжүүлсэн төслүүд хангалттай үр өгөөжөө өгөөгүй, гаднаас доллар олж ирээгүй. Засгийн газар 2012 оноос хойш долоон удаа бонд гаргасан байдаг. Ганц анхны бонд дээр л төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой зээл авсан. Дараагийн хоёр бондын зээлийг шууд төсвийн алдагдлыг нөхөхөд зориулсан. Дараагийн “Гэрэгэ”, “Номад”, “Хуралдай”, “Century” зэрэг бондууд дахин санхүүжилт буюу өмнөх өрүүдээ төлөөд хугацааг нь хойшлуулж, хүүг нь багасгасан ийм бондууд болсон. Засгийн газрын 8.5 тэрбум долларын 5.8 тэрбум нь энэ хөнгөлөлттэй урт хугацааны, бага хүүтэй хөгжлийн зээлүүд, 2.8 тэрбум нь энэ бондын үлдэгдэл байна. Манай улсын өрийн удирдлагын цаашдын стратеги бол бид дахиж төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор өр тавьж, бонд босгохгүй. Нэмэлт гаргах боломжтой өрийн орон зайгаа зөвхөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөхөд нэмэртэй төслүүдийг санхүүжүүлэхэд баталгаа гаргана гэж байгаа -Засгийн газар баталгаа гаргасан төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт Засгийн газрын өр дээр нэмэгдэж тооцогдоно гэсэн үг үү?

-Нэмэгдэлгүй яах вэ. Засгийн газраас гаргаж байгаа баталгаа Засгийн газрын өр дээр нэмэгдэнэ. Гэхдээ гарч байгаа орон зай дотроо. Өрийн удирдлагын тухай хууль дээр байдаг төсвийн тусгай шаардлагын дагуу өрийн тааз энэ онд 70 байх ёстой. Дараа жил 65, түүний дараа жил 60 болох ёстой. Тиймээс энэ үзүүлэлтдээ багтааж өрийн удирдлагаа чанартай барина гэсэн үг. Дараа жил байх ёстой 65 хувийн өрийн хязгаарынхаа хүрээнд бий болох орон зайг бас нэмэхийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөх учиртай. Ингээд явахад шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжих зарим нэг төслүүдээ эрэмбэлж байгаад баталгаа гаргах боломжууд бий. Манайд нэн шаардлагатай байгаа төслүүд дээр Засгийн газраас баталгаа гаргахад бэлэн гэдгээ олон улсын хөрөнгө оруулагчдад дуулгасан. Тухайлбал, Оюу толгойн гэрээнд тусгагдсан Оюу толгойг эрчим хүчээр хангах Таван толгойн дулааны цахилгаан станц барих энэ төсөл жил бүр 250-300 сая ам.доллар эх орондоо авч үлдэх өндөр өгөөжтэй төсөл юм.

-Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа баталгаа гадаадын хөрөнгө оруулагчдад хэр итгэл төрүүлэхүйц байна вэ. Учир нь манай Засгийн газар, улс төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь урт хугацаандаа хэрэгждэггүй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг манайхаас дайжихад хүргэдэг шүү дээ?

-Итгэлтэй байгаа. Дээр дурдсанчлан манай зээлжих зэрэглэл хэвийн, ижил түвшний зэрэглэлтэй улс орнуудаасаа хамаагүй өндөр чанартай байгаа талаар хэлсэн. Тэр хэмжээгээр гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэж байна. Ирэх гурван жилийн стратегиа ягштал барьж чадах юм бол зээлжих зэрэглэлээ ахиулна гэж харж байгаа.

-Энэ удаагийн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжих талаар яригдаж, зарим нь эхнээсээ ашиглалтад орж байна. Хэрэв дараагийн сонгуулийн дүнгээр өөр Засгийн газар байгуулагдлаа гэхэд одоогийн бодлогын тогтвортой байдал алдагдах эрсдэл бодитой байгаа шүү дээ?

-Бид дараагийн сонгуульд дахин ялалт байгуулахын төлөө л хичээж ажиллаж байгаа шүү дээ. Биднийг ажлаа ямар хийсэн бэ гэдэгт эцэст нь иргэд дүнгээ тавина.

-Тийм л дээ. Гэхдээ аль нам эвсэл ялалт байгуулснаас үл шалтгаалаад төрийн бодлого тогтвортой байх чиглэл дээр хэрхэн анхаарч байна вэ?

-УИХ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” хөтөлбөрийг баталчихлаа. Шинэ сэргэлтийн бодлого урт хугацааны хөтөлбөрөө биелүүлэхийн тулд гарааны 10 жилийн эдийн засгийн суурь бүтцийг эрүүл болгох гарааны түвшний эдийн засгийн нөхцөл байдлыг одоо сайжруулах, эдийн засгийн өсөлтүүдийг боомилж байгаа асуудлуудаас ангижрах дунд, урт хугацааны төлөвлөгөөтэй байна. Бид үүнийхээ төлөө л явна. Иргэд сонголтоо хийх эрхтэй.

-Одоо шуугиан болоод байгаа Хөгжлийн банкны зээл анх гарч байхдаа Монгол Улсын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөгжлийн зээл хэмээн нэрлэгдэж байсан. Гэтэл өнөөдөр банк, санхүүгийн салбарын түүхэнд бичигдэхүйц муу түүхтэй зээл, муу түүхтэй банк болчихлоо шүү дээ. Энэ алдааг дахин давтахгүйн тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Маш харамсалтай. Энэ алдааг дахин давтагдахгүйн тулд манай Засгийн газар хичээн ажиллаж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэхийн төлөө шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Танд дуулгах сайн мэдээ гэвэл хоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлээд байна. Энэ бол богино хугацаанд гарч байгаа томоохон үр дүн. Тухайлбал,”Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан “Кью Эс Си” ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдлөө. Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулж өөрийн хөрөнгө буурах байсан эрсдэл нь бүрэн хаагдсан гэсэн үг.

Үүний үр дүнд олон улсын байгууллагаас Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Энэ нь 2023 оны аравдугаар сард төлөгдөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлийг бууруулна. Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй үлдсэнээр балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломжууд бүрдэж байна. Ингэснээр дараа жилийн аравдугаар сард төлөгдөх Евро бондыг гадаад хөрөнгийн зах зээл дээр зохицуулалт хийх боломж бүрдэнэ. Самурай бондод өнөөдрийн иен, төгрөгийн ханшаар 710 гаруй тэрбум төгрөг төлөгдөнө. Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг аль болох бүрэн төлүүлнэ. Бид энэ зорилго руу ойртож байна.

-Хэрэв Хөгжлийн банкнаас авсан зээл бүрэн төлөгдөхгүй бол татвар төлөгчдийн мөнгөнөөс өрийг нь төлж барагдуулах юм уу?

-Хөгжлийн банк зээлээ бүрэн төлж чадна гэж харж байгаа. Самурай бондын зээлийг бүрэн төлөхөд 710 тэрбум төгрөг шаардлагатай. Бидэнд жил хагасын хугацаа байна. Энэ хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан байгууллага нэг бүрээр зээлийг нь төлүүлэхийн төлөө, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн төлөө ажиллана.

-Е-баримтын сугалааг зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан иргэд баримтаа уншуулахгүй байх, НӨАТ-гүй борлуулалт улам нэмэгдэж байгаа талаар иргэдийн шүүмжлэл гарч байна. Ебаримтын сугалааг эргэж сэргээх үү?

-Мэдээж ойрын хугацаанд сэргээнэ. Бидний зүгээс олон нийт, иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу сугалааны буцаан олголтыг түр түдгэлзүүлсэн бөгөөд өмнөхөөс илүү боловсронгуй, найдвартай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар сугалааны урамшууллыг сэргээхээр ажиллаж байна.

Е-баримтын сугалаа буюу цахим төлбөрийн баримт бүртгүүлсний төлөө иргэдэд сугалааны хонжвороор олгодог энэхүү урамшууллын хэлбэр анх 2016 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 6 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Е-баримтын сугалаа үүргээ гүйцэтгэж чадсан бөгөөд бид одоо давуу, сул талуудыг сайтар судалж, олон улсын туршлагад нийцүүлэн хөндлөнгийн хяналтад түшиглэсэн сугалааны хэлбэрийг нэвтрүүлэх болно

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 6, Буд гариг. Билгийн тооллын 7, тугчин одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5:00 цагт мандан, 20:53 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хуулийн философи​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт иргэн Д.Мөнхбат “Үзэл бодлоо
илэрхийлсэн
иргэнийг
ялласан
шийдвэртээ
төр хариуцлага
хүлээх боллоо” хэмээн ярьсныг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

С.В.Лавровын айлчлал ардуудын эсэргүүцлийн
жагсаал, эрх баригчдын хоосон горьдлого,
зулгуйдлын дунд болж өнгөрлөө.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хуулийн философи” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Гадаад
харилцааны
сайд Б.Батцэцэг
ОХУ-ын Гадаад
хэргийн сайд
С.В.Лавровтой
хэлэлцээ хийв.

МУБИС-ийн Биеийн
тамирын сургуулийн спорт
аялал жуулчлалын багш Д.Батболд “Дотоодын аялал жуулчлал
мөнгөний урсгалыг холилдуулж,
эргэлтийг бий болгодог” гэлээ.

Хавдрын туяа эмчилгээний хөгжлийг
20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT
технологиудыг нэгэн зэрэг нэвтрүүллээ. Энэ тухай IX нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ