Categories
мэдээ нийгэм

51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж, Газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөхөд гарч буй хүндрэлтэй асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцэн газар чөлөөлөлтийн асуудал хөндөгддөг. 2022 оны бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөх ажил нийслэлийн хэмжээнд ид өрнөж байна. Нийслэлд баригдаж буй авто замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 443 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн барилгын 14 ажлын нөлөөлөлд 119 нэгж талбар, эмнэлэг, хорооны цогцолборын барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд өртсөн тав, нийтдээ 172 нэгж талбарыг чөлөөлөх юм байна. Эдгээрээс 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгдээд байгаа юм.

Иргэн, аж ахуйн нэгжийн ашиглах, эзэмших эрх бүхий газруудыг чөлөөлөхдөө тодорхой үнэ хөлс олгодог. Гэтэл энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнээс эрс ялгаатай төдийгүй эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ ч адилгүй байдаг аж. Мөн тухайн газартаа олон жил суурьшсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй иргэд цөөн боловч байсаар байна. Үүнээс үүдэн газар чөлөөлөлтөд багагүй бэрхшээл үүсдэг гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn

БНХАУ руу долоодугаар сард зорчих хүмүүсийн КОВИД-19 илрүүлэх PCR шинжилгээний сорьц авах цагийн хуваарийг танилцуулж байна.

Тус улс руу явах иргэд PCR шинжилгээг нислэгээс 48 болон 24 цагийн дотор хоёр удаа өгнө. Ингэхдээ хоёр удаагийн шинжилгээг ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гэсэн байгууллагуудаас сонгон хоёр өөр байгууллагад өгнө.

Шинжилгээний хариуг өглөөний 06:00-08:00 цагийн хооронд өгөх юм байна.

Нислэг:

  • 7 сарын 10-ны өдрийн 12:30
  • 7 сарын 13-ны өдрийн 12:30
  • 7 сарын 19-ний өдрийн 12:30

48 цаг шинжилгээ авах:

  • 7 сарын 8-ны өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 11-ний өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 17-ны өдрийн 12:00-15:00 цаг

24 цаг шинжилгээ авах:

  • 7 сарын 9-ний өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 12-ны өдрийн 12:00-15:00 цаг
  • 7 сарын 18-ны өдрийн 12:00-15:00 цаг

PCR шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  • ХӨСҮТ-ийн хашаанд Нэгдсэн лабораторийн албаны байр буюу таван давхар саарал байрны төв хаалгаар орж 104 тоот өрөөнд шинжилгээ өгнө.
  • Гадаад паспортын хуулбарыг авчирна.
  • Шинжилгээний төлбөр 35,000 төгрөгийг 101 тоот өрөөний кассанд зөвхөн картаар тушаана.
  • Шинжилгээний сорьц авах цаг дууссан тохиолдолд сорьц авахгүй болохыг анхаарна уу.
зураг

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тус тус хамтатган тэмдэглэх гэж байна. Наадмын хүрээнд 22 арга хэмжээг төлөвлөсөн ба нэгдсэн хөтөлбөрийн дагуу 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар баяр наадам эхэлнэ.

Харин соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, музейн зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсаны дээр зарим нэг онцлох арга хэмжээнээс дурдвал “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатар, Н.Баярмаа нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулав.

Дэмбэрэлийн Батбаатар, Нямдоогийн Баярмаа нар нь хууль зүйн боловсролтой байх, гучин таван нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх, шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй байх, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг хуульд заасан шалгуур хангасан байдлыг танилцуулгадаа дурдлаа. Мөн сонгон шалгаруулалтад тэнцсэн байдлын талаар хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, эхний байранд эрэмбэлэгдсэнийг танилцуулав.

Дэмбэрэлийн Батбаатар нь Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. Нийслэлийн 78 дугаар сургууль, “Их Засаг” дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, “Их Засаг” олон улсын сургуульд хууль зүйн магистр хамгаалсан. “Хүчит шонхор” ХХК-д байцаагч, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан ба 2011 оноос хойш одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 22 жил, шүүгчээр 17 жил ажиллажээ.

Нямдоогийн Баярмаа нь 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай. Хэнтий аймагт бүрэн дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль төгссөн. Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Кюшүгийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, Япон Улсын Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны доктор цол хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. “Отгонтэнгэр” их сургуульд багш, Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн зөвлөх, Хууль зүйн яаманд ахлах мэргэжилтэн, “MDS” ХХК-д хуульч, өмгөөлөгч, Хөгжлийн банканд хуулийн зөвлөх, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2016 оноос хойш Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 13 жил 4 сар, шүүгчээр 7 жил ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn

Баян-Өлгий аймаг, Өлгий сумын иргэн зургадугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Тус аймгийн цагдаагийн газраас “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг зургадугаар сарын 28-нд Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон.

Энэ сарын 5-нд эрлийг дахин эхлүүлэх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлжээ. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 5-ны өдрийн 14:35 цагаас эхлэн “Ховд” голын усанд завиар урсан, 3.5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 километрт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

7 дугаар сарын 6-ний өдрийн байдлаар Балж гол Дадал сум, Онон гол Биндэр сум, Онон гол Дадал сум, Эг гол Хантай харуул орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-60 см нэмэгдэж, Туул гол Алтанбулаг, Увс аймаг Хархираа гол, Дорнод аймаг Улз гол, Хөвсгөл аймаг Үүр гол үерийн түвшинд 10-40 см даван харин Сүхбаатар аймаг Балж гол үерийн аюултай түвшинд дөхөн үерлэж байна.

Ирэх өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн талын зарим хэсгээр түр хур бороо элбэг байх тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Засгийн газраас 2021 оны 3 дугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын танилцуулснаар төслийг УИХ 2022 оны 7 дугаар сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс боловсруулсан согтууруулах ундааны хатуулгыг 2029 оныг хүртэл үе шаттай бууруулах, үүнтэй холбоотой согтууруулах ундаанд онцгой албан татварын ялгамжтай бодлого хэрэглэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг 7 дугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар тэрбээр дурдлаа. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны дарга С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасныг үндэслэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулах талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ханойд хийх албан ёсны айлчлалынхаа хүрээнд Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сонтой лхагва гарагт хэлэлцээ хийнэ.

Тэрбээр урд шөнө Улаанбаатараас Вьетнамын нийслэлд хүрэлцэн очсон бөгөөд Монгол Улсад айлчлах үеэрээ тус улсын Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийж, дээд удирдлагуудтай уулзсан юм.

С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхээс гадна тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чин, Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг нартай уулзана. ОХУ-ын сайд мөн дайнд амь үрэгдсэн цэргүүд болон Хо Ши Миний бунханд цэцэг өргөх ёслолд оролцоно.

Москва, Ханой улс төрийн яриа хэлэлцээг өндөр, дээд түвшинд тогтмол явуулж байгаа юм. Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сон С.Лавровын урилгаар өнгөрсөн оны есдүгээр сард Москвад айлчилсан бол 2021 оны сүүлчээр тус улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ОХУ-д айлчилсан. Энэ оны гуравдугаар сард Орос, Вьетнамын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьж, олон улсын болон бүс нутгийн шинэ үйл явдлуудтай холбогдуулан хоёр орны харилцааны талаар ярилцжээ.

Москва, Ханойг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа холбодог бөгөөд энэ жил улс орнууд түүхэн дэх чухал үйл явдал болох хоёр улсын харилцааг ийм түвшинд хүргэсний 10 жилийн ойг тэмдэглэж байгаа юм.

Оросын ГХЯ-наас мэдээлснээр, энэ удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр орны дээд удирдагчдын тохиролцсоны дагуу Орос-Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн үндсэн чиглэлийг тодорхойлох явдал юм. Талууд мөн бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй” гэв DNN.mn

Наадамд уралдах хурдан морь болон унаач хүүхдийн бүртгэл долдугаар сарын 7-ны 09:00 цагт эхэлж, долдугаар сарын 9-ний 22:00 цагт дуусна хэмээн Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд заасны дагуу дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгох юм байна.

  1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт
  2. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт
  3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт
Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй. Мөн бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүйг мэдэгдлээ.

Наадамд уралдах морь тус бүрийг нас, насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжих юм байна.

Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй гэв.

Улсын баяр наадмын хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд 07:00 цагаас хязаалан насныхаар эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn

Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа.

Тиймээс иргэдийг хортон шавж устгалын бодис цацаад удаагүй ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж буй. Байгаль хамгаалагчид Бэлх зуслан, Цуурайтын ам орчимд хортон шавжтай тэмцэх ажлыг өрнүүлж байна.

Энэ жилээс хортон шавжид нэрвэгдсэн ойд устгалын ажлыг хийсэн тохиолдолд бүрэн сэргэх боломжтой. Харин 3-4 жилийн давтамжтай ойн хөнөөлт шавж голомтолсон талбайн мод бол өсөлт хөгжилт нь зогсох, цаашлаад дахин ургах чадвараа алддаг. Манай ойн санд 80.000 га талбай бий. Үүнээс 16-18 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархжээ.

Хортон шавж устгалын бодисын сөрөг нөлөө харьцангуй бага ч биологийн хор учир бусад амьтанд ч мөн тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Иймд тухайн хорыг цацах явцад салхины чигт аль болох байхгүй байх, 7-14 хоногийн хугацаанд зусландаа гарахгүй байхыг Нийслэлийн ногоон бүсийн Бэлх зусланг хариуцан ажиллаж буй байгаль хамгаалагч анхаарууллаа.