Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Өнөө жилийн наадмаар О.Хангай
түрүүлж, даян аварга Н.Батсуурь
үзүүрлэж дархан аварга болно” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан “Б.Ринчен, С.Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ гэв.

П.Очирбат нарын эрдэмтдийн
долоон боть бүтээл, Ш.Гүрбазарын
дууны шилдэг шүлгүүдэд Төрийн
соёрхол хүртээлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн
Т.Аубакир “ҮХНӨ оруулбал Монгол Улсын улс төрийн
тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц
өөрчлөлт хийх ёстой” гэлээ.

Урлагийн гавьяат
зүтгэлтэн цол тэмдгээр
энгэрээ мялаасан хөгжмийн
зохиолч, продюсер
Б.Наранзун “Нүдээ нээсэн цагаасаа л
би урлагаар хүмүүжсэн”
хэмээн ярилаа.

“Л.Оюун-Эрдэнэ “үг”-ээ мартаж,
Б.Отгонсүхийг оодруулж байна” гэснийг VI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмуудад түрүүлсэн хүчит бөхчүүд DNN.mn

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан хэдхэн хоногийн дараа эхэлнэ.

Иймд уншигч танаа эргэн сануулах үүднээс 1922-2020 оны хооронд үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүдийг дараах байдлаар танилцуулья.

Он Барилдсан бөх Түрүүлсэн Цол Харьяалал
1922 704 Г.Вандан Улсын аварга Архангай, Батцэнгэл
1923 704 Г.Вандан Улсын аварга Архангай, Батцэнгэл
1924 674 С.Шагдар Улсын арслан Завхан, Баянхайрхан
1925 640 Г.Самдан Улсын аварга Хэнтий, Баянхутаг
1926 640 Н.Жамьян Даян аварга Архангай, Цахир
1927 960 О.Аюур Улсын арслан Өвөрхангай, Сант
1928 512 Н.Жамьян Даян аварга Архангай, Цахир
1929 1000 Б.Банзар Улсын арслан Архангай, Өлзийт
1930 864 С.Шагж Улсын арслан Завхан, Тосонцэнгэл
1931 600 М.Бэх-Очир Улсын арслан Булган, Бугат
1932 1000 П.Бат-Очир Улсын арслан Төв, Дэлгэрхаан
1933 880 М.Лхагва Улсын арслан Завхан, Идэр
1934 1024 Х.Дэлэг Улсын арслан Архангай, Өлзийт
1935 720 Л.Чимэд Улсын арслан Төв, Мөнгөнморьт
1936 1024 Л.Балсан Улсын арслан Дорнод, Чойбалсан
1937 896 Ш.Гилэг Улсын арслан Дорнод, Гурванзагал
1938 800 Б.Төрбат Улсын арслан Архангай, Жаргалант
1939 512 Б.Түвдэндорж Дархан аварга Булган, Хангал
1940 512 Ш.Ванчинхүү Улсын арслан Ховд, Буянт
1941 448 Б.Түвдэндорж Дархан аварга Булган, Хангал
1942 360 Ө.Чүлтэмсүрэн Улсын арслан Хөвсгөл, Түнэл
1943 512 Д.Лувсанжамц Улсын арслан Архангай, Хайрхан
1944 512 Ц.Чимэд-Очир Даян аварга Архангай, Хайрхан
1945 512 Б.Түвдэндорж Дархан аварга Булган, Хангал
1946 1024 Б.Түвдэндорж Дархан аварга Булган, Хангал
1947 512 Ш.Батсуурь Дархан аварга Говь-Алтай, Жаргалан
1948 512 Ш.Батсуурь Дархан аварга Говь-Алтай, Жаргалан
1949 512 П.Аюуш Улсын арслан Баянхонгор, Богд
1950 512 Ц.Чимэд-Очир Даян аварга Архангай, Хайрхан
1951 1024 Ж.Цэвээнравдан Улсын аварга Хөвсгөл, Цагаан-Үүр
1952 512 Б.Түвдэндорж Дархан аварга Булган, Хангал
1953 512 Б.Түвдэндорж Дархан аварга Булган, Хангал
1954 512 Б.Түвдэндорж Дархан аварга Булган, Хангал
1955 256 С.Оргодол Улсын арслан Төв, Баян-Өнжүүл
1956 512 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл, Цагаан-Үүр
1957 512 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл, Цагаан-Үүр
1958 512 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл, Цагаан-Үүр
1959 512 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл, Цагаан-Үүр
1960 512 Д.Дамдин Дархан аварга Хөвсгөл, Цагаан-Үүр
1961 512 С.Цэрэн Даян аварга Булган, Сайхан
1962 512 Д.Жамц Улсын арслан Архангай, Хотонт
1963 512 Ж.Мөнхбат Дархан аварга Төв, Эрдэнэсант
1964 512 Ж.Мөнхбат Дархан аварга Төв, Эрдэнэсант
1965 512 Ж.Мөнхбат Дархан аварга Төв, Эрдэнэсант
1966 512 Ж.Мөнхбат Дархан аварга Төв, Эрдэнэсант
1967 512 Ж.Мөнхбат Дархан аварга Төв, Эрдэнэсант
1968 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1969 512 Г.Дэмүүл Улсын арслан Өмнөговь, Манлай
1970 512 Ч.Бээжин Улсын аварга Хөвсгөл, Цагаан-Үүр
1971 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1972 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1973 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1974 512 Ж.Мөнхбат Дархан аварга Төв, Эрдэнэсант
1975 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1976 512 Д.Хадбаатар Улсын аварга Төв, Угтаалцайдам
1977 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1978 512 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай, Нарийнтээл
1979 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1980 512 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай, Нарийнтээл
1981 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1982 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1983 512 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай, Нарийнтээл
1984 512 Д.Цэрэнтогтох Дархан аварга Өвөрхангай, Нарийнтээл
1985 512 Б.Ганбаатар Улсын арслан Өвөрхангай, Баян-Өндөр
1986 512 Д.Хадбаатар Улсын аварга Төв, Угтаалцайдам
1987 512 Х.Баянмөнх Дархан аварга Увс, Хяргас
1988 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1989 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1990 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1990 768 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1991 512 О.Балжинням Улсын аварга Увс, Наранбулаг
1992 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1993 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1994 768 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1995 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1996 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1997 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1998 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
1999 512 Б.Бат-Эрдэнэ Дархан аварга Хэнтий, Өмнөдэлгэр
2000 512 А.Сүхбат Дархан аварга Төв, Сэргэлэн
2001 1024 А.Сүхбат Дархан аварга Төв, Сэргэлэн
2002 512 Г.Өсөхбаяр Дархан аварга Архангай, Батцэнгэл
2003 512 Г.Өсөхбаяр Дархан аварга Архангай, Батцэнгэл
2004 512 А.Сүхбат Дархан аварга Төв, Сэргэлэн
2005 512 Г.Өсөхбаяр Дархан аварга Архангай, Батцэнгэл
2006 1024 Д.Сумьяабазар Улсын аварга Өвөрхангай, Хужирт
2007 512 Х.Мөнхбаатар Улсын арслан Хөвсгөл, Шинэ-Идэр
2008 512 Д.Ганхуяг Улсын арслан Өвөрхангай, Зүүнбаян-Улаан
2009 512 Г.Өсөхбаяр Дархан аварга Архангай, Батцэнгэл
2010 512 Б.Ганбат Улсын арслан Увс, Баруунтуруун
2011 1024 С.Мөнхбат Улсын аварга Увс, Баруунтуруун
2012 512 П.Бүрэнтөгс Улсын аварга Увс, Давст
2013 512 Г.Эрхэмбаяр Улсын аварга Сэлэнгэ, Мандал
2014 512 Н.Батсуурь Даян аварга Увс, Ховд
2015 512 Э.Оюунболд Улсын арслан Хэнтий, Өмнөдэлгэр
2016 1024 Ч.Санжаадамба Улсын аварга Архангай, Хашаат
2017 512 Ц.Содномдорж Улсын арслан Хөвсгөл, Тосонцэнгэл
2018 512 Н.Батсуурь Даян аварга Увс, Ховд
2019 512 Э.Оюунболд Улсын арслан Хэнтий, Өмнөдэлгэр
2020 512 П.Бүрэнтөгс Улсын аварга Увс, Давст
Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна DNN.mn

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол буурахгүй байна.

Тухайлбал,

– Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;
– Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх;
– Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх;
– Чанаргүй бараа ирэх;
– Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал гарсаар байна.

Иймд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

КОНСУЛЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Уяач, наадамчдын анхааралд DNN.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд заасны дагуу уралдаанч хүүхэд, уралдах морийг Салбар хорооноос тогтоосон хугацаанд, заасан газарт бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгоно.

1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;

2. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;

3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт.

4. Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй.

5. Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй.

6. Уралдаанд уралдах морь тус бүрийг нас насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-ээр хэмжинэ.

7. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 09-ний өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд бүртгэнэ.

Жич: Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй болно.

Categories
мэдээ нийгэм

ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Иймд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж, барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа 702 стандарт, 619 норм, дүрэм, 57 журмыг мөрдөж ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох ажилтнуудаас нийтдээ 219 стандарт, 80 барилгын норм, дүрмийг шинэчлэх, 39 стандартыг шинээр боловсруулах санал гарчээ. Саналуудыг нэгтгэн хянаж, 86 үндэсний стандарт, барилгын 80 норм, дүрмийг шинэчлэн боловсруулахаар Стандарт хэмжилзүйн газар, Барилгын хөгжлийн төвд саналаа хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал алдагдсан 4700 орчим байршил байгаагаас нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай, СӨХ-дын эзэмшил газар зэрэг байршлууд давамгайлж байгаа аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгамдаж буйг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам тодотгов.

Нөгөөтээгүүр, барилга байгууламж, зураг төслийн чанарыг дээшлүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хяналтыг сайжруулах, тохижилт бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх зэрэг саналыг мөн хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ DNN.mn

Даваа гарагт АНУ-ын баруун дундад орших Иллинойс мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр буутай этгээд гал нээсэн хэрэг гарсан. Халдлагад долоон хүн өртөж, 30 гаруй хүн шархадсан. Хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг цагдаа нар баривчилж, цагдан хорьжээ.

Тодруулбал, орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 30 гаруй хүн, тэр дундаа хүүхдүүд шархадсан байна. Чикаго хотоос хойд зүгт 40 км-ийн зайд орших Хайлэнд Паркт хэрэг гарчээ. Цагдаагийнхан уг этгээдийг барилгын дээвэр дээрээс гал нээсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордонд болсон тусгаар тогтнолын баярын үеэр уг хэрэгтэй холбогдуулан үг хэлжээ. Тэрбээр “Бидний ардчилалд, бидний амьдралд баталгаатай зүйл байхгүй гэдгийг өдөр бүр бидэнд сануулдаг.

Бид үүнтэй тэмцэх хэрэгтэй” гэв. Хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд “Эй-Ар 15”-тай төстэй өндөр хүчин чадалтай винтов буу ашиглан худалдааны төвийн байрны дээрээс 70 гаруй удаа буудсан гэж Лэйк дүүргийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Сэжигтэн өмнө нь 2019 онд амиа хорлох, мөн хүчирхийлэл үйлдэнэ хэмээн заналхийлсэн шалтгаантай хоёр удаа дуудлага ирж, тухайн үед цагдаа нар түүний гэрээс 16 хутга, чинжаал, сэлэм хураан авч байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүн “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого болон мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, түүнтэй уялдуулан Биеийн тамир, спортын тухай хуульд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын талаарх зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ биеийн тамир, спортын салбарт хамаарах зарим хуулийн холбогдох зохицуулалтыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн нь салбарын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.

УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.” гэж заасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох заалтыг хүчингүй болгосон нь дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2007 онд соёрхон баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, Монгол Улс 2005 онд нэгдэн орсон “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-ын хүрээнд ЮНЕСКО-оос болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулж ажиллуулахыг зөвлөсөн, түүнчлэн Допингийн эсрэг дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлэх, уг дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар тусгагдсан нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц болон Копенгагены тунхаглалаар баталгаажин олон улсад хэрэгжиж байдаг, Дэлхийн допингийн эсрэг Коде зөрчилдөж байгаа нь Кодийн 22.8-т “Засгийн газар нь ЮНЕСКО-н конвенцыг үнэлж, батлах, хүлээн авах үйлдлийг хийж чадаагүй буюу ЮНЕСКО-н конвенцыг дагаж мөрдөөгүй нь энэхүү журмын 20.1.8, 20.3.11, 20.6.6 зүйлүүдэд заасанчлан аливаа Үйл ажиллагааны тендерт оролцох эрхгүй болгож болохын зэрэгцээ Дэлхийн допингийн эсрэг агентлагт эзлэх байр сууриа болон албан тушаалаа алдах, улс орондоо аливаа олон улсын тэмцээн уралдаан арга хэмжээг зохион байгуулах тендерт оролцох эрхгүй болох, олон улсын үйл ажиллагаанууд хүчингүй болох, Олимпийн журмын дагуу билэг тэмдгийн болон бусад үр дагаврууд үүсч болно” гэсэн заалтын дагуу Монгол улс олон улсын тавцанд Спорт олимпизмын өнөөгийн хүрсэн байр сууриа алдах бодит нөхцөл байдал үүссэн, мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн эсрэг хяналттай холбоотой 2020, 2021 оны шинжилгээний төлбөр огт төлөгдөөгүй, 100 гаруй мянган ам.долларын өр үүссэн зэрэг нь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг байгуулж, үндэсний хэмжээнд Допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний зардлыг санхүүжүүлэх асуудлыг хуулиар баталгаажуулах, допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах шаардлагыг нөхцөлдүүлж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээ болон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-аар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бий болгож, хуулийн хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлд:

1. Засгийн газар болон допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, олон улсын стандарт, допингийн эсрэг үндэсний дүрэм, бусад бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулан ажиллуулахтай холбоотой зохицуулалт;

2. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

3. Засгийн газар Допингийн эсрэг хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэг хүлээх, биеийн тамир, спортын үйлчилгээний санхүүжилтийг хүн амын тоо, газар зүйн байршилтай уялдуулан тооцох норм, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран баталж, хэрэгжүүлэх;

4. Монгол Улсын нэгдэн орсон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-д нийцүүлэн Допингийн эсрэг байгууллага, түүний үүрэг хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгаж, зарим нэр томьёог Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зохицуулалтад нийцүүлэх зохицуулалтыг тус тус тусгасан.

Энэхүү төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас санал авч, олон нийтээр хэлэлцүүлсэн бөгөөд төслийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалж, төслийн үр нөлөө, зардлын тооцоог хийсэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.06) хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаарх төсөл санаачлагчийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн 2 дугаар үе шатыг Азийн хөгжлийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн 2 дугаар үе шатны хүрээнд баруун бүс нутагт орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Азийн хөгжлийн банктай байгуулах Зээлийн хэлэлцээр нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу гадаад улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай хэмээн танилцууллаа.

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Х.Ганхуяг, Д.Батлут, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн олонх зээл заавал авах шаардлагатай эсэх, мөн зээлийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалт үр дүнгээ өгөх ямар тооцоо, төлөвлөлт хийсэн талаар тодруулав. Гишүүдийн асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зээлийн хөрөнгөөр Увс, Ховд аймагт хоёр аялал жуулчлалын цогцолбор, жуулчны гудамж байгуулах, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын гол цэгүүдэд ариун цэврийг сайжруулах, аялал жуулчлалын жижиг байгууламжуудыг барьж байгуулах талаар хариуллаа.

Төсөл санаачлагчийн хариулттай холбогдуулан гишүүд нэмж тодруулахдаа эдгээр бүтээн байгуулалтыг зээл авч, хийх шаардлагагүй, энд тэнд байшин барилаа гээд аялал жуулчлал хөгжихгүй, гадаад өрийг нэмэгдүүлж, зайлшгүй шаардлагаар авах зээл биш зэрэг санал хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Байнгын хороо шаардлагагүй зээл гэж үзэж буй учир 03 дугаар сараас хойш хэлэлцэхгүй хойшлуулсан. Гэвч Сангийн яам урьдчилаад тохирчихсон, тохирсноосоо буцахгүй гэдэг тайлбар өгдөг талаар гишүүдэд мэдээлэл өглөө.

Гишүүдийн гаргаж буй саналтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зээлийн зориулалтыг өөрчлөх тал дээр ажлаа аваад Азийн хөгжлийн банктай уулзсан. Зээлийг нэгэнт батлагдсан дагуу буюу тохирсноороо хэрэгжүүлнэ. Үгүй бол буцааж татагдах асуудал үүсэх талаар тайлбарлав. Энэ үеэр мөн Сангийн сайд Б.Жавхлан зээлийн хэлэлцээрийн төслийн процессийн талаарх тайлбар, мэдээллийг гишүүдэд өглөө.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Д.Батлут, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 07-р сарын 06-ны 20 цагаас 07-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар