Үндэсний их баяр наадам болоход ердөө гурав хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй зүйл бол наадмын нээлт, хаалтын тасалбар байдаг билээ. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойг хамтад нь тэмдэглэх онцгой жил юм. Наадмын үзвэрийн тасалбарыг eNaadam.mn сайтаас авах боломжтой. Нэг хэрэглэгч хамгийн ихдээ наадмын хоёр тасалбар, зогсоолын таван зөвшөөрөл авах журамтай байгаа юм. Үндэсний их баяр наадмын тасалбар 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт eNaadam.mn сайтаар борлуулагдаж эхлээд байна. Үнийн тухайд сүүдрэвчтэй нь 52500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж. Автомашины зогсоол гурван ангилалтай байгаа бөгөөд үнэ төлбөрийн хувьд 21000 төгрөг байхаар зохицуулжээ.
Гэвч жил жилийн наадмаар тасалбар шагладаг асуудал байдаг. Энэ жилийн хувьд ч наадмын тасалбар шагийн үнээр 400 мянган төгрөгт хүрсэн мэдээлэл байна. Наадам үзэх хүсэлтэй олон мянган иргэнд тасалбар олдохгүй шагийн үнээр ч хамаагүй авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байгаа юм. Үнэхээр наадмын нээлт, хаалтыг үзэх хүсэлтэй байгаа бол яагаад шагийн үнээр авч болохгүй гэж. Өөрийнхөө төлсөн үнэтэй дүйцэхүйц сэтгэл ханамжийн баталгаа авч чадаж л байвал иргэд шагийн үнээр авна уу, энгийн үнээр авна уу өөрсдийнх нь асуудал мэт санагдана. Гэтэл цагдаагийн байгууллагаас наадмын тасалбарыг шагийн үнээр зарсан гурван иргэнийг шалгаж байгаа аж. Энэ тухай албаныхан мэдээлэхдээ “Олон нийтийн сүлжээнд Үндэсний их баяр наадмын тасалбарыг 400,000 төгрөгөөр худалдана гэсэн мэдээлэл тархсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Борлуулалтын явцад Тагнуулын байгууллага хяналт хийсэн. Мөн өмнө нь программын найдвартай байдалд бид хяналт тавьсан. Харин энэ гарч байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, үнэхээр шаглаж, зарсан асуудал байна уу эсвэл тасалбар авсан хүмүүс өөрсдөө боломжгүй болоод борлуулах гэж байгаа юу гэдгийг шалгаж тогтоох байх. Тогтоосны дараа мэдээлэл тодорхой болно” гэв. Хэрэв хүн өөрөө тухайн үзвэрийг үзэх хүсэлтэй байгаад өөрийн хүсэлд нийцсэн худалдан авалт хийсэн бол заавал тухайн иргэдийг торгож, шалгах хэрэг байсан уу?
Харин энэ талаар цахим орчинд наадмын тасалбар зарна хэмээн зар бичсэн иргэнтэй холбогдож мэдээлэл авсан юм. тасалбар борлуулагч иргэн ярихдаа “Хоёр иргэн хоорондоо тохиролцоод хэн хэнээ хохироохгүй наймаа хийсэн асуудлыг цагдаагийн байгууллага хянаж, шалгаж байгаа нь ардчилсан гэх өнөөгийн нийгэмд хэр тохиромжтой асуудал вэ. Яагаад иргэдийн үзэх, сонсох, худалдах, худалдан авах эрхэд халдаад байгааг ойлгохгүй байна. энэ талаар хууль журамд заасан зохицуулалт байдаг бол хамаа алга. Гэтэл тийм заалт хуульд байдаг юмуу. Энэ талаар тодруулж өгөөч. Би тасалбар худалдан аваад үзэх боломжгүй болсон болохоор зарахыг хүссэн. Түүнээс ашиг хонжоо хайгаагүй. Хайсан байсан ч энэ хууль зөрчсөн асуудал мөн үү” хэмээн ярив.
Энэ талаар хуульд ямар нэгэн зохицуулалт, заалт байдаг эсэхийг өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодрууллаа.
-Наадмын үзвэрийн тасалбарыг шагласан иргэдийг шалгаж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Наадмын билетийг шаглаж, зарж болохгүй гэсэн заалт хуульд байдаг юм болов уу?
-Наадах чинь олон жил яригдаж байгаа асуудал. Үүн дээр би гурван зүйл ярьсан нь дээр гэж бодож байна. Нэгдүгээрт, наадмын билетийн хүртээмжийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Улсын наадам л гээд байдаг. Гэтэл тодорхой хэсэг бүлэг хүмүүс, төрийн байгууллагын албан тушаалтай хүн давуу эрх эдэлж аваад байдаг. Улаанбаатарын иргэд 2 сая руу дөхөж байна шүү дээ. Гэтэл 15 мянгахан хүний суудал бүхий стадионтой. Аль 2012-2013 оноос л олон хүнд хүртээмжтэй стандартад нийцсэн стадион байгуулна гэж ярьж эхэлсэн. Ганц наадам гэхгүй олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн байдаггүй. Түүнээсээ болоод тэмцээн уралдаан зохион байгуулж чаддаггүй. Олон улсын стандартад нийцсэн стадион барих төсөв мөнгө нь байдаг боловч барьдаггүй. Жилийн жилд нэг суудлыг нь сольсон болоод аргацаагаад явдаг. Уг нь бол цаашдаа олон төрлийн тэмцээн уралдаан зохиож, ганц наадмаар зогсохгүй үйл ажиллагаатай стадион байгуулмаар байгаа юм. Гэтэл зөвхөн 15 мянган хүний суудлаар үзвэрийн тасалбарын тоо хязгаарлагдаад хүртээмжтэй байдал байхгүйгээс хомсдол бий болоод шаглах, дамлах, үнэ цохиж авах асуудлууд гардаг.
-Энэ асуудлыг хаана харьяалж авч үздэг юм бол?
-Хоёрдугаар асуудал нь наадах чинь. Харьяаллын хувьд наадахыг чинь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хяналтаа тавиад дамласан байна уу, шагласан байна уу шалгаад торгуулийн арга хэмжээ авдаг. Цагдаагийн байгууллагаас шалгаж болох ч, хяналтдаа авдаггүй.
-Тэгэхээр цагдаагийн байгууллага наадмын билет дамласан иргэдэд хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй гэсэн үг үү?
-Шалгана. Хариуцлага тооцох процесс нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үүрэг юм. энэ жилийн тухайд давхар ажиглагдаж байгаа нэг зүйл нь гадаадын иргэдэд хэд хэдэн шаардлага тавьсан байна лээ. Гурван төрлийн бичиг баримт шаардсан. Албан бичиг, онгоцны тизийг баталгаажуулах, ямар зочид буудалд байрлаж байгаагаа баталгаажуулаад авчир гэсэн байна лээ. Тэгж байж наадмын билет зарна гэсэн байсан.
-Хүний эрхийг зөрчиж байгаа юм биш үү?
-Яг тийм. Хүний эрхийн асуудал шүү дээ. Гадаадын иргэд монголын соёл уламжлал, зан заншилтай танилцах гэж ирж байгаа болохоос байцаагдах гэж ирээгүй. Түүх соёлоо таниулах биш хүнд суртал гаргаж байгаа байхгүй юу. Хөгшчүүл уг нь наадамдаа их хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл онлайнаар билет захиалж авч чаддаггүй. Гараас гарт авах гэдэг. Даанч тийм боломжийг нь хангахгүй байна. Хүртээмжтэй байдлыг хангахгүй бол энэ асуудал жил бүр л яригдсаар байна.
-Наадмаар бас нэгэн асуудал хөндөгддөг нь автомашины зогсоолын асуудал байдаг шүү дээ?
-Автомашины А, Б, Г гэх мэт ангилал тогтоодог. Энэ нь иргэдийг ялгаварласан асуудал. Картын системээр яваад наадмыг хэсэгхэн бүлэг хүмүүст зориулан хийдэг. Тэр хэсэг нь л баярлаж, цэнгэдэг. Жирийн ард иргэд наадмаар баярлаж цэнгэхэд зориулагдаагүй. Ер нь шагладаг дамладаг асуудал чинь монополь буюу хүртээмжгүй байгаа асуудлаас үүддэг.
-Эсрэгээрээ төр өөрөө Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөд байгаа юм биш үү?
-Яг үнэн. Төрийн үйл ажиллагаа өөрөө хуулийг зөрчөөд байна. Хууль гэдэг тэгш хүртээмжтэй байх ёстой. Зохицуулалтын дүрэм журмуудыг иргэд тэгш байдлаар авч чадахгүй байна. Төрийн үйлчилгээг тэгш байдлаар авч чадахгүй байна шүү дээ. Тэгээд хязгаарлагдмал байдалтайгаар эрэлттэй зүйл тараачихаар дамласан гэдэг байдлаар нөгөө хүмүүстээ хариуцлага хүлээлгэхээр яалт ч үгүй харилцан уялдаагүй болчихоод байгаа юм. Тэгэхээр хамгийн түрүүнд төр өөрөө хариуцаад энэ асуудлаа шийдэх ёстой гэж би бодож байна. Цаашид энэ асуудлаа шийдэхгүй бол үргэлжилсээр л байна шүү дээ.
Харин хүртээмжийн тухайд албаны хүмүүсийн хэлж байгаагаар “Төв цэнгэлдэх хүрээлэн нь өөрөө 12000 хүний суудалтай. Энэ нь Улаанбаатар хотын иргэдийн 0.07 хувь, улсын нийт иргэдийн 0.03 хувийг л хангах хэмжээний суудал гэсэн үг. Тиймээс наадмын тасалбарыг иргэдэд хүртээмжтэй байдлаар хангаж, цахимаар борлуулсан. Тасалбар авч чадаагүй хүмүүс нэлээд үлдсэн байгаа” гэх тайлбарыг хэлж байгаа юм. Зах зээлийн нийгэмд эрэлт нь байгаа бол нийлүүлэлтийг хангахад болохгүй зүйл юу байна гэж. Дэлхийн том том тэмцээн уралдаан, Хөлбөмбөгийн дэлхийн аварга, олимпийн нээлт хаалтын билетийг ч олон улсад шаглаж, дамлах асуудал байж л байдаг биш үү.