Categories
мэдээ цаг-үе

Азарганы уралдаанд Төв аймгийн Баянсумын уяач Б.Нямжавын хээр түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 400 гаруй азарга худаллаа.

  1. Төв аймгийн Баянсумын уяач Б.Нямжавын хээр,
  2. Булган аймгийн Гурванбулаг уяач Х.Аминхишигийн халзан,
  3. Өвөрхангай аймгийн Жужирт сумын уяач П.Батсайханы халзан,
  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хүрэн,
  5. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Г.Батболдын халтар.

Азарганы уралдаанд түрүүлсэн Төв аймгийн Баянсумын уяач Б.Нямжавын хээр азарга нь улсын баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ ажээ.

facebook sharing button

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй DNN.mn

Үндэсний их баяр наадмаар ачаа, тээш тээвэрлэлтийн хэмжээ эрс багасахтай холбогдуулан 2022 оны 07-р сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд дараах чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй болохыг мэдэгдэж байна.

Үүнд:

– Улаанбаатар – Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №271/264-р, №263/272-р галт тэрэг;

– Улаанбаатар- Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №276/275-р галт тэрэг;

– Улаанбаатар – Сайншанд – Улаанбаатарчиглэлийн зорчигчийн №286/285-р галт тэрэг;

– Айраг – Бор – Өндөр – Айраг чиглэлийн зорчигчийн №610/609-р галт тэрэг.

2022 оны 07-р сарын 11-ний өдөр хүртэл бүх чиглэлд тээш, ачаан тээшийг ачиж тээвэрлэх ажлыг дуусгаж, агуулахад ачаа хонуулахгүй болохыг анхаарна уу гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр DNN.mn


Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.

Баяр наадмын хүрээнд өнөөдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.

09:30 цагт: Mонгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

07:00-11:00 цагт: Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан Хүй долоон худаг болно.

08:00-18:00 цагт: Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт болно.

09:00-17:00 цагт: “Монгол наадам” нээлттэй сан хөмрөг-тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж, баяр наадамд зориулсан музейн сан хөмрөгөөс Монголчуудын өв соёл, түүхэн үзмэрийн цуглуулгын дээжээс хүргэнэ.

09:00-18:00 цагт: “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт болно.

09:00-18:00 цагт: АНУ-ын Чикаго хотын Дүрслэх урлаг соёл судлаач, Түүхийн ухааны доктор Ph.D зураач, уран барималч Бэсүд Том Дашням Отгонтөгсийн “Монгол домог” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд үргэлжлэн үзэгчдийн хүртээл болно.

09:00-18:00 цагт: “Монголын нэг өдөр” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэж, тус музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-18:00 цагт: Байгалийн түүхийн музей, Богд хааны музей, Монголын театрын музей, Монгол цэргийн музей өөрийн өөрийн байранд “Сан хөмрөг” үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана.

09:00-18:00 цагт: Чойжин ламын сүм музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэх “Хотол чуулган” үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана.

09:00-18:00 цагт: Улаанбаатар хотын музейд “Хөрөг” Уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, тус музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

10:00-21:00 цагт: Соёлын наадмын арга хэмжээ эхэлж, 14:00 цагт тус наадмын нээлтийн арга хэмжээ болно.

11:00 цагт: Үндэсний Их Баяр Наадмын нээлтийн ажиллагаа – Монгол Улсын төрийн тугийг Төрийн ордонгоос Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол болно.

11:10 цагт: Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болно.

11:40-12:40 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны нээлт Шагайн асарт болно.

12:00-15:00 цагт: Үндэсний их баяр наадмын хурдан Их нас морьдын уралдаан Хүй долоон худагт болно.

13:00-16:00 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

13:00-17:30 цагт: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

13:00-22:00 цагт: Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт үргэлжилнэ.

14:00 цагт: “Соёлын наадам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоо худагт болно.

14:00 цагт: “Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал” уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг толилуулах “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

14:30-17:30 цагт: Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд болно.

17:30-19:30 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

17:30-21:30 цагт: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

17:30-21:30 цагт: Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд болно.

18:00-19:00 цагт: Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй “Nomadic legend” Ардын урлагийн тоглолт Цагаан лавай чуулга /Ган зам чуулга/-ын байранд болно.

18:00-19:20 цагт: Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” жуулчдад зориулсан тоглолт Үндэсний Урлагийн Их Театрт болно.

21:00-23:00 цагт: Гадаад дотоодын жуулчдад зориулсан Төрийн их найрал, амьд хөгжмийн наадам цэнгүүн, “Наадмын үдэш” Үндэсний их найрал хөгжмийн тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

22:00-00:00 цагт: “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно.

23:00 цагт: Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан “Ёслолын буудлага” Жанжин Д.Сүхбаатарын талбай, Яармаг дахь Морин тойруулгад болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Б.Алтанхүү: Наадмаар Б.Бат-Өлзий, О.Хангай нар заан цолны даваанд тунаж барилдвал давсан нь түрүүлэх байх DNN.mn

Хэнтий аймгийн Дадал сумын “Бэлгүдэй үндэсний бөхийн холбоо”-ны дэд тэргүүн, яруу найрагч, үндэсний бөх тайлбарлагч Б.Алтанхүүтэй ярилцлаа.


-Та хэзээнээс үндэсний бөх тайлбарлаж байна вэ?

-Би 2016 оноос сумын баяр наадам, сүүлийн 2-3 жил аймгийнхаа баяр наадмыг тайлбарлаж байна. Хэнтий аймгийн Дадал сумандаа ажиллаж амьдарч байна. Хүүхэд байхаасаа л үндэсний бөхийг үзэж, сонирхсон. Бага байхад манай сум тоггүй, орой 19-22 цаг хүртэл гэрэл асдаг байлаа. Аавын маань найз сумын начин Даваадорж ахынх мотор асааж бөхийн барилдаан үздэг байлаа. Тэднийхээс салдаггүй байлаа шүү дээ (инээв). Сумаараа тэднийд цугларч бөх үзнэ, ярилцана. Бөхөд байгалиасаа дуртай хүн л дээ.

-Танай удамд бөх байдаг уу?

-Манай удамд үндэсний бөхөөр хичээллэдэг хүн байхгүй. Аав маань бөхөд их сонирхолтой, аймгийн дэд засуул цолтой хүн.

-Монгол бөх тайлбарлаж байхдаа хийх гэж буй мэхийг нь мэдэрдэг үү?

-Хүний хийх гэж байгаа мэхийг ерөнхийд нь мэдэрнэ, таамаглана. Ялангуяа сумын наадамд бөх тайлбарлаж байхад нэгнийгээ таньдаг, мэхийг мэддэг учраас маш сайн мэдэрдэг. Гэхдээ хэлж болохгүй шүү дээ, дотроо л бодно уу гэхээс биш.

-Бөх ер нь хэд орчим мэхтэй байдаг юм бэ?

-Барьцны онцлогоос шалтгаалаад ямар ч мэх хийж болно. Барилдаанаасаа л хамаардаг. Бөх судлаачид тоо баримт, ном товхимол гаргасан байдаг. Миний хувьд бөхчүүдийг ямар ч барьцнаас, ямар ч хувилбарын мэх гаргаж болно, хязгааргүй гэж боддог.

-Хамгийн уран мэхтэй бөх хэн байна, таны хувьд?

-Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, дээхнэ үедээ бол дархан аварга Д.Цэрэнтогтох монгол бөхийн ертөнцөд шуугиан тарьж явсан. Уран барилдаан гэвэл энэ хоёр бөхийн барилдаан л санаанд орж байна даа.

-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаан, наадам хэзээ вэ?

-Сумынхаа хэмжээнд яривал манай суманд дөрөв түрүүлсэн сумын заан З.Данзанпүрэв (одоо аймгийн начин) ах сумандаа дийлддэггүй босоо бөх байлаа. Тэр үед 17 настай н.Сэнгэдорж гээд чөлөөт бөхөөр хичээллэдэг ах хүү шөвгийн дөрөвт таартал үүрээд хаяж байсан. Тэр мэх л санаанаас гардаггүй юм. Улсын баяр наадмын хувьд Д.Сумъяабазар аваргыг би их шүтдэг. Аваргыг улсын арслан Д.Азжаргалтай барилдаж түрүүлж байсан үе сэтгэлд их тод үлдсэн.

-Энэ жилийн наадмаар та хэнийг түрүүлнэ гэж бодож байна?

-Монгол бөхийн хөгжил дээд цэгтээ хүрч мэргэжлийн түвшинд очсон энэ үед яг тэр гээд хэлэхэд их хэцүү юм. Монгол Улсын гарьд Мягмарын Бадарч сэтгэл зүй өндөртэй, бүтэн жилийн форм сайн байгаа. Сайн барилдчих болов уу гэж харж байна.

-Улсын харцага Оргихын Хангай яаж барилдах бол…

-Улсын их баяр наадмын түрүү бөхөөр улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий хоёрыг хүмүүс их таамаглаж байх шиг байна. Одоогоор миний таамагт бол байхгүй.

-Б.Бат-Өлзий харцага бэлтгэл сайн байгаа нь саяны барилдаанаар харагдлаа шүү дээ…

-Тийм, Б.Бат-Өлзий харцага дээгүүр барилдахад бол үгүйсгэх арга байхгүй. Сэтгэл зүй сайхан тогтвортой байгаа.

Наадмаар харцага О.Хангай, Б.Бат-Өлзий хоёр заан цолны даваанд тунаж барилдаад давсан нь түрүүлэх боломжтой юу?

-Хэрвээ заан цолны даваанд тунаж барилдвал түрүүлэх боломж гарч болно.Заан цолны даваанаас доогуур даваанд хэн нэг нь өвдөг шороодох магадлал бас бий.

-Цагаан сараар түрүүлсэн Эрдэнэхүүгийн Мөнхжаргал яаж барилдах бол?

-Э.Мөнхжаргал зааны хувьд гайгүй барилдах боломжтой. Гэхдээ олны цагаан хэл ам, хүлээлт дагуулсан бөх нэг талаар сул барилдах тал ч гардаг. Зөн билэгтэн биш болохоор мэдэхгүй юм байна шүү дээ (инээв).

-Э.Оюунболд аварга сая үзүүрлэлээ. Наадмаар ямархуу барилдах бол. Бөх тайлбарлагчийн хувьд хэрхэн харж байна?

-Э.Оюунболд аваргыгаа бол гайгүй барилдчихаасай л гэж бодож байна. Би өөрөө Э.Оюунболд аваргын үнэнч дэмжигч. Аварга 2019 оноос хойш заал танхимд оролцож барилдсангүй. Бөх хүн оролцож барилдаж байж чангардаг. Аварга яг формндоо хүрч чадахгүй байгаа байх, жаахан бэртэлтэй ч юм билээ. Тиймээс санасан хэмжээнд хүртэл барилдахгүй байх. Бууриараа шөвгөрөөд гайгүй үзэх байх л гэж бодож байна.

-Та дуу хоолойгоо бэлтгэсэн үү?

-Байгалиас заяасан дуу хоолойгоороо л тайлбарладаг. Амралтаа зөв тааруулж бүтэн нойртой, гашуун ундаа хүртэхгүй байвал давгүй дээ.

-Өөрөө бөхөөр хичээллэж, барилдаж байв уу?

-Айхтар барилдаж байсангүй. Монгол эр хүн бүр л зодог шуудаг өмсөж өссөн байх. Тэдний жишгээр л сонирхож, сумынхаа баяр наадмаар барилдаж байсан. Сэтгэл зүтгэл байлаа, даанч авьяас, бие алга аа (инээв).

-Бөх тайлбарлахын тулд их судалгаа хийж, цээжилдэг үү?

-Тэгнэ ээ, маш их судалгаа хийнэ. “Өдрийн сонин”, телевиз, радио гээд хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаа бөхтэй холбоотой мэдээлэл, ярилцлагуудыг алгасалгүй уншина, үзнэ. Өдөр бүр судалгаа хийнэ. Бөх мэддэг хүнээс илүү түвшинд байх хэрэгтэй. Баяр наадмыг сайхан уур амьсгалтай байлгахад бөх тайлбарлагч чухал үүрэгтэй. Ард түмэндээ сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ.

-Бөх тайлбарлагчдаас хэнээс үлгэр авдаг вэ?

-“ТВ-9” телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан ахын тайлбарыг байнга сонсдог. Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга аймгийн начин, улсын үндэсний бөхийн ахлах тайлбарлагч Г.Нэргүйбаатар гэж хүн бий. Энэ ахаасаа их үлгэр жишээ авч явдаг юм.

-Бөхчүүдээс хэнийг хүндэлж, биширч явдаг вэ?

-Хан Хэнтий нутгийн нэрийг Монгол Улсын бөхийн түүхэнд олон жил дуурсгаж, хэнтийчүүдээ огшоож, баярлуулж явсан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргыгаа бөхийн бурхан гэж ойлгож явдаг. Сүүлийн үеэс Э.Оюунболд аварга, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын улсын начин Дондогын Цогзолдорж гэж ахаасаа үлгэр авч, дэмжиж явдаг. Бүх бөхчүүдээ алаггүй сайхан хайрлаж, хүндэлж, биширдэг. Багаасаа монгол эр хүний дээд нь бөх юм гэж бодож өслөө. Бүгд амжилтын төлөө барилдаж яваа, хүссэндээ хүрээсэй л гэж санадаг даа.

Categories
мэдээ цаг-үе

283 азарга бүртгүүлснээс 202 нь гарааны зурхай руу хөдөллөө DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд газар газраас цугласан 283 азарга бүртгүүлсэн байна.

Гарааны зурхай руу хөдөлсөн 202 хурдан азарганууд дотор улс, бүсийн наадмын түрүү айргийн олон сайхан алдартай хурдан буянгууд мордлоо. Цухас дурьдвал:

-Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн улсын наадмын таван түрүү, зургаан айрагтай хээр

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улсын хоёр айраг, Их хурдын нэг, бүсийн таван айрагтай ажнай цавьдар

-Монгол улсын Тод манлай уяач Х.Аминхишигийн улс, бүсийн дөрвөн түрүү, нэг аман хүзүүтэй цолмон

-Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүтэй халтар азарга

-Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн бүсийн нэг түрүү хоёр айрагтай нандин хонгор

-Завхан аймгийн Яруу сумын уяач Ц.Баянжаргалын их хурдын нэг түрүү, бүсийн наадмын хоёр айрагтай магнай халтар

-Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Н.Хатанбаатарын улсын наадамд нэг түрүүлсэн хүрэн халзан

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн улсын нэг түрүү, бүсийн нэг түрүүтэй бор

-Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Н.Баттөмөрийн улсын нэг айраг, бүсийн хоёр айраг хонгор

-Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Аймгийн алдарт уяач Т.Зулзүсэмийн улс бүсийн дөрвөн айрагтай сартай хонгор

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмид улсын нэг түрүү, нэг айрагтай нарт хонгор

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Ц.Ононбатын улсын нэг айраг, бүсийн нэг айрагтай хүрэн халзан

-Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Б.Нямжавын их хурдын нэг түрүү, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айрагтай хээр

-Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уяач С.Дэмчигийн улсын наадмын нэг түрүү, бүсийн нэг айрагтай улс хүрэн

-Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн улсын наадмын хоёр айрагтай хар

-Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Аймгийн алдарт уяач Б.Саранхүүгийн улсын наадмын нэг айраг, бүсийн нэг айрагтай хул

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уяач Д.Батхуяг улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын хоёр айрагтай хар хүрэн

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы улсын нэг айраг, бүсийн нэг түрүүтэй титэм халзан

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын хоёр айрагтай хүрэн

-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат Нийслэлийн алдарт уяач Ц.Нүүдэлийн улсын нэг айраг, бүсийн нэг айрагтай хонгор

-Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн бүсийн наадмын гурван айрагтай саарал

-Хөвсгөл аймгийн Галт сумын уяач А.Түмэнбаярын улс, бүсийн наадмын хоёр айрагтай хүрэн халзан

-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Л.Батсайханы улс бүсийн нэг айрагтай хул

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл монгол наадам DNN.mn

Монголын төрт ёсны их баяр наадам уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэлж байна. Өнөө жил Монгол Улс Тулгар төрийнхөө 2230, 2231, Их Монгол Улсынхаа 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо давхар тэмдэглэн баярлаж байгаа. Гэхдээ энэ их олон ой давхацсандаа бус ерөөс монгол наадам бол монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл, дээдийн баяр баясгалан гэдгээрээ жилээс жилд хүн төрөлхтний анхаарлыг татаж, дэлхийг дэлдийлгэсэн онцгой үнэ цэнэтэй болох учиртай. Энэ цэнхэр замбуулинд монгол хүн болж төрсний хамгийн том шагнал монгол наадам юм. Тиймээс Монголын ард түмэн, монгол үндэстэн угсаатан түүхийн буурал улбаанд наадмаа тасалж байсан удаагүй гэдэг. Манжийн дарлалд ноёлуулж байхдаа ч монголчууд наадмаа таслалгүй хийж байсныг түүх гэрчилдэг. 1862 онд долоон хошуу даншиг наадмын тухай Оросын консул бүрэн тэмдэглэл хийж сонинд нийтэлснийг төрийн соёрхолт түүхч О.Батсайхан баримтыг нь олсноо хэлж байсан.

Уг тэмдэглэлд монголчууд наадмынхаа эхэнд төр бат оршихын бэлгэдэл болгон ерөөл тавьж бат оршил өргөдөг, найман өдөр дараалж бөх барилддаг тухай өгүүлсэн байдаг. Тэртээ арвангуравдугаар зууны “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадмыг хуран сард буюу долдугаар сард хийдэг байсныг тэмдэглэсэн. “Чингисийн чулууны бичиг”-т Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулан буцах замд найр наадам хийж Хасарын хүү Есүнгэ 500 алд газар нум сум харвасан тухай бас тэмдэглэсэн. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар Богдод өргөмжилж Ширээт цагаан нуурт наадам хийхэд Бөх лам түрүүлж, Бонхор донирын морь магнайдсан тухай эх сурвалжид бий. Долоон хошуу даншиг наадам тэгж эхэлсэн бол 1772 онд Хэнтий уулыг тахих наадам болж түүнээс арван засгийн наадмын оноо данс эхэлдэг.

Ийм л эрт эдүгээгийн түүхэнд уламжлалтай монгол наадам хоёр удаа тасарсан. Эхнийх нь Богд хаант засгийн үед буюу 1920 онд Дундад иргэн улсын Хятадын цэргийн генерал Сью Шү Жан нийслэл хүрээг эзэлж тухайн үед монгол төрийг удирдаж байсан сайд нарыг өөртөө урвуулсан байдаг. Ингээд Монголын автономийг устгаж Богд эзэн хааныг Хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө бөхийлгөн мөргүүлж, улмаар Богд хаант улсын төр Хятадын мэдэлд шилжсэнээр монгол наадам тасарч байсан. Үндсэндээ Монгол Улс төргүй болсон учир наадам тасарсан. Тэгвэл өнгөрөгч жил 100 жилийн их ой эрх баригч Ардын намын үед, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үед дахин тасарч, өвчин тахал нэрийн дор наадам болоогүй. Наадмын өглөө монголчууд бид ямар ч сүр сүлдгүй, тусгаар улсын иргэн байтлаа харийнхны гарт эзлэгдсэн юм шиг гунигтайгаар гэр гэртээ сууж байсан. Хэдхэн залуус жагсаад төрт ёсны түүхт их баяр наадмаа болиулдаг, түүнийг нь төр засаг нь уухайлан дэмжиж монгол наадмаа тасалж байсан энэ харалган түүх дахиж битгий давтагдаасай билээ.

Монгол наадам бол хэдэн бөх барилдаад, хоорондоо найраагаа хийж ард түмнийг хуурах, эсвэл эрлийз монгол нь мэдэгдэхгүй хэдэн адуу уралдаж, дараа нь сэрвээний өндөр гэдэг ч юм уу, уяачид нь хоорондоо хэрүүл тэмцэл болдог гэх энэ ойлголт биш ээ. Зүгээр өнгөцхөн төдий зүйл юм. Монгол наадам гэдэг бол монголчуудын сүлд хийморийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугаа төрийн ёс жаягийн дагуу хүндэтгэн залж цэнгүүлдэг, тэрхүү баяр бахдал монгол хүн бүрийн хийморь сүлдийг тэгшитгэж, монгол хүн монголоороо бахархах үнэ цэнийг төрүүлдгээрээ онцгой юм. Есөн хөлт цагаан тугаа ийнхүү ёс төртэйгөөр залж, төрийн тэргүүн нь билэг ерөөлийн үгээр наадмаа нээж, даян дэлхий дахинд Монгол Улс мөнх орших учиртай гэдгээ зарлан тунхаглах нь монгол наадмын үнэт чанар юм. Монгол үндэстний гал голомт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наадмын өдрүүдэд элэг нэгт ахан дүүсийн маань зүрх цохилж байдаг. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Эрдэнэ сум Нагалхаан уулын өвөрт монголчууд наадмаа хийж бөхөө барилдуулж, уухайн дуутай баярласан. Тэр жилийн наадмын дараа өмнөд монголчуудын бөхөд дуртай залуус хоёр өдрийн туршид интернэтээр бөхөө үзэн баярлаж, шинэ аварга төрөхийг хараад зарим нь нүдэндээ нулимстай баярлалдан, зурагтаар сэтгэл дэнслэн ярьж байхыг бид үзсэн. Ингэж л монгол үндэстэн монгол наадмаа хүлээдэг юм билээ.

Энэ жилийн наадам сайхан болно оо. Элэг нэгт ахан дүүс тува, буриадын бөхчүүд Монголын төрт ёсныхоо наадамд зодоглохоор монгол нутагтаа ирж, монгол бөхчүүдтэйгээ хамт бөхийн галд гаран бэлтгэлээ базааж байна. Эдүгээ 80 настай буурал аварга Хорлоогийн Баянмөнх зодог шуудгаа өмсөж бөхийн ногоон дэвжээндээ гарч алдар цолоо дуудуулахаар бэлдэж байна. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, О.Балжинням, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат гээд монгол бөхийн дээд эрэмбэ аварга цолтой арваад хүчтэн зодоглохоор болж байна. Тэртээ далаад оны эхээр Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ц.Чимид-Очир, С.Цэрэн, Ч.Бээжин нарын арван аварга зодоглож байсныг бөхийн зүтгэлтнүүд ярьж, төрийн наадамд 10 аварга цолтон зодоглохын ид бахыг шагшин хэлж байсан. Шинэ цолтнууд төрсөн сайхан наадам болох биз ээ. Гол нь бөхчүүд маань өөрсдөө төрт ёсныхоо наадмыг хүндэтгэж бөхийн эрэмбэ, жудгаа сахиж, үнэнч шударга сайхан барилдах хэрэгтэй. Тэр жил Сүхбат зүүний магнайг булаалдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар руу ярьж, би зүүнд нь гарах ёстой биз дээ хэмээн шившгээ тарьсан. Тийм юм битгий болоосой билээ. Мөн бөхчүүд маань элэг нэгт бөхчүүдтэйгээ хүний ёсоор, монгол үндэстэн угсаатан, монгол гэдэг нэрээ бодож хажиглаж “хазаж хайралгүй” барилдахыг хичээж үзээрэй дээ. Одоогоос хориод жилийн өмнө байна уу даа, Тувагийн Аяс Монгуш гэж бөх Монголын төрт ёсны баярыг хүндэтгэн цагаан сарын барилдаанд ирж зодоглоход манай бөхчүүд яаж хяхан хавчиж байлаа. Тийм нэг өчүүхэн жалга довны үхээнц үзлээсээ бөхчүүд одоо салсан байлгүй. Монгол үндэстэн бид чинь элэг нэгт ахан дүүс гэдгээ бодож дээрэлхэж, бүүрэлхэж, гадуурхалгүй жудаг зааж барилдахыг ард түмэн шаардах хэрэгтэй.

Монгол наадам бидний бахархал байгаад зогсохгүй монгол үндэстнийг нэгтгэдэг байх ёстой гэж “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан. Үнэхээр Монгол Улс монгол үндэстний гал голомт мөн л юм бол монгол наадам монгол үндэстний их баяр наадам байх ёстой. Өнөө жил тувагийн бөхчүүд ирж барилдаж байгаа шиг Өмнөд Монгол, дээд монгол, буриадын бөхчүүд бүгдээрээ Монгол үндэстний их наадмаа зорьж ирж үздэг, баярлан цэнгэдэг, бөхчүүд нь барилддаг, харваачид нь нум сумаа агсан ирж уухай хадаадаг, ийм уламжлал тогтох ёстой. Өмнөд монголчууд ялангуяа Шилийн гол аймаг баруун үзэмчин, зүүн үзэмчний хошууны наадам монгол наадам шиг болдгийг бид мэднэ. Зүүн үзэмчний Цагаанзаан, Баярбаатар гээд алдарт аваргуудыг бид мэднэ. Тэгвэл Дээд монголын наадам хэрхэн болдог тухай Дээд Монголын унаган хүү, одоогийн Монгол Улсын иргэн судлаач Бүргэд ийн өгүүлж байна. “Манай Дээд Монголын наадам чинь яг л Монгол Улсын наадам шиг долдугаар сарын 11-нд болдог байсан. Гэвч засаг захиргаанаас долдугаар сарын 11-нд биш наймдугаар сард болгох, мөн жил бүр болдгийг нь болиулж хоёр жилд нэг удаа болгодог болсон. “Эзэн хааны дэргэд” гэдэг уртын дуугаар эхэлнэ. Яг л Монголын эрийн гурван наадам шиг бөхөө барилдуулж, нум сумаа харваж, морио уралдуулж нааддаг. Морины тухай нас насны морьд уралдахгүй. Том жижгээрээ хоёр хуваагдаж уралдана, үндсэндээ азарга их морь нь хамт, мөн бага насны морьд цугтаа уралдана. Наадмын нэг сайхан зүйл нь жороо морины уралдаан. Үзэгчид жороо морины уралдааныг илүүтэй шимтэнэ. Бөх нь шалбур бөх гэж тувагийн бөх шиг. Эргүүлж эргүүлж эргийн цаана хаяя, далайж далайж далайн цаана шидье гэж хуучны домогт бөхчүүд маань хэлдэг байлаа” хэмээн Дээд Монголын наадмын тухай хуучилсан юм.

Ингээд Монголын төрт ёсны наадам дэлгэр сайхан болж, монгол даяараа, монгол үндэстнээрээ цэнгэн баярлах болтугай гэсэн ерөөлийн үгээр өндөрлөе. Эрдэнийн сайхан Монголдоо элэг нэгт ахан дүүс минь жилийн жилд нартай хуртай наадаж, Монгол Улс, монгол үндэстэн цагийн цагт мөнх орших болтугай. Монгол наадмын алдар суу дэлхий дахинд дуурсах болтугай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Амарсайхан: Энэ жилийн баяр наадам шинэ хууль дүрмээр зохицуулагдаж байгаагаараа онцлог DNN.mn

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цар тахлаас үүдэж монголчууд хоёр жилийн дараа наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Наадмын бэлтгэл ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцаж ажилладаг. Морь, бөх, сур, шагай, хэвлэл мэдээлэл, хэв журам аюулгүй байдал зэрэг есөн салбар хороо бүгд ажилдаа орсон. Бэлтгэл ажил маш сайн хангагдаж байна.

-Шинэ хуулийн зохицуулалтын дагуу наадмаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу вэ?

-2013 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг УИХ шинэчлэн найруулж хэлэлцэн баталлаа. Тиймээс энэ жилийн баяр наадам шинэ хууль дүрмээр зохицуулагдаж байгаагаараа онцлогтой. Хоёрдугаарт, олон тэгш ой давхацсан жил болж байна. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 болон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээс гадна өнгөрөгч хоёр жил бид баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй. 2020 онд цахимаар наадамласан. 2021 онд цар тахлын нөхцөл байдал хүнд байсан учраас Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Хоёр жил тэмдэглээгүй учраас иргэд энэ жил их хүлээлттэй байгаа байх. Тиймээс энэ их хүлээлтэд нийцүүлж арай шинэлэг, өргөн дэлгэр зохион байгуулахыг зорьж байна. Цаашилбал Монголын түүх, өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, монгол түмний бахархал болсон үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр зохион байгуулж, хотол олноороо өргөн дэлгэр наадамлахаас гадна дэлхий нийтэд, гадны зочин гийчинд өв соёлоо сурталчлан таниулах ажил давхар хийгдэж байна.

Гуравдугаарт, энэ жилийн баяр наадмыг Монгол бахархал нэрийн дор, нэгдсэн брэнд бэлгэдэлтэйгээр 7-8 дугаар сарын турш монгол түмэн, гадны гийчдэд зориулсан соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулна. Хуваарь нь гарсан.

-Морь, бөхтэй холбоотой маргаан жилийн жилд гардаг. Баяр наадмын тухай хуулиар энэхүү маргааныг шийдвэрлэж чадав уу?

-Хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд маргаан дагуулсаар байгаа. Хоёр ч холбоо бий болсон. Зөвхөн морь гэлтгүй олон асуудал бий. Энэ хууль батлагдсанаар зохицуулалтгүй явж ирсэн асуудлуудыг шийдвэрлэж, зохицуулалтууд нь илүү ойлгомжтой болсон. Энэ жилийн наадамд зургаан насны морьд уралдана. Гэхдээ “монгол адууны үүлдрийн стандартад нийцсэн морьдыг уралдуулна” гэж хуульд заасан. Мөн эрлийз морьд улсын баяр наадамд цол авдаг байсныг энэ хуулиар больж байгаа. Түүнчлэн цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хүртэл шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хурдан морьдыг сэрвээний өндрийг хэмжин стандарт тогтоон уралдуулна.

Бөхчүүдийн тухайд бөхийн эрэмбэ дарааны асуудал бий. Сүүлдээ бөхийн холбоод нь ч учраа олохоо больсон. Бөхчүүд нь ч хоорондоо маргалдаад дан ганц наадам гэлгүй цагаан сар, бусад барилдаанууд ч дандаа хэл ам дагуулсан маргаантай болдог болсон. Маргаан юун дээр гарч байна гэхээр эрэмбэ дарааг тогтоох, цол дуудах, эсвэл амлаж авах, цол олгох, допингтой холбоотой асуудлуудад их гардаг байсан. Тиймээс допингийн асуудлыг тодорхой болгож өгсөн. Допинг илэрсэн бөхийн цолыг нь хураана, хураахгүй гээд бөөн хэлэлцүүлэг, маргаан болдог. Тэгвэл одоогийн зохицуулалтаар түрүүлсэн бөхөөс допинг илэрвэл гурван хоногийн дотор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж шийдвэрээ гаргаад Ерөнхийлөгчид уламжилна. Ерөнхийлөгч 14 хоногийн дотор шийдвэрээ гаргана. Хэрвээ тухайн бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг нь шууд хурааж авна. Хоёрдугаарт, Засгийн газраас баталсан дүрмээр эрэмбэ дараа, цол чимгийг дуудахдаа яах талаарх бүх зохицуулалтууд орсон. Тиймээс цаашид бөхтэй холбоотой хүндрэлүүд гарахгүй байх гэж үзэж байна.

-Баяр наадамтай холбоотой маргаанаас гадна дулиант махны асуудлыг танаас асуумаар байна. Махны үйлдвэрүүдийн хяналт шалгалт эцэс болсон уу?

-Хяналт шалгалт хийгдэж байна. Махны үйлдвэрүүдтэй холбоотой нэлээн асуудал дэгдсэн. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж Эмээлт орчмын махны үйлдвэр болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрүүдэд хяналт шалгалтын ажлуудыг хийж байна. Энэ чиглэлийн хяналт шалгалтыг сулруулж болохгүй. Учир нь үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ. Хоёрдугаарт, стандартын шаардлага хангахгүй байгаа технологийн бус үйлдвэрүүдийг бүгдийг нь түр зогсоосон. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд цаашид энэ аргаараа үйл ажиллагаа явуулна гэвэл энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-ний дотор стандартаа хангах ёстой. Дагаж мөрдөх стандартыг Засгийн газар баталсан. Үүнд мал нядлахаас эхлээд бүтээгдэхүүн боловсруулах, дайвар бүтээгдэхүүн, хүнсний бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх шат дамжлагыг тодорхой болгож савлагаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан байхаар зохицуулсан. ХААХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг стандартыг мөрдүүлэх хэвшүүлэх ажлыг есдүгээр сарын 1 хүртэл хариуцаж байна. Цаашид гадагшаа экспортлох ч бай дотооддоо хэрэглэдэг ч бай олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх ёстой. Тэгэхгүй бол нэг хэсэг нь стандарт яриад нөгөө хэсэг нь дагаж мөрддөггүй байж болохгүй. Бизнес аж ахуйн нэгжүүд нь ч стандартыг мөрдүүлж аюулгүй байдлаа хангадаггүй, хяналт тавьж байгаа байгууллагууд нь ч шаардлагаа бүрэн гүйцэд тавьдаггүй хаа хаанаа хариуцлага алдсан асуудал байна. Тиймээс үүнийг нэг мөр цэгцэлье гэж байгаа юм. Стандартыг хангуулах ажил нэг өдөр яриад нэг хэсэг асуудал шийдвэрлээд зогсох зүйл биш. Өдөр тутам стандарт, аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой.

-Засгийн газар махны экспортыг хязгаарласан нь чанаргүй нөөцийн мах ихээр үүсэх, малчдын орлого хумигдах зэрэг сөрөг үр нөлөө ихтэй байна хэмээх шүүмжлэл гарч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Зөвхөн дулааны аргаар болон стандартын шаардлага хангахгүй байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоосон. Дулааны бус аргаар боловсруулсан махны экспорт нээлттэй хийгдэж байгаа. Шаардлага хангахгүй үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа учраас дулааны аргаар боловсруулсан махны экспортыг зогсоосон. Хүний эрүүл мэнд, манай улсын стандарт зөрчигдсөн эсэх асуудал, бүр цаашилбал манай улсын үйлчилгээний байгууллагууд, засаг төрийн нэр хүнд зэрэг олон зүйл холбоотой учраас экспортыг түр зогсоож байгаа юм.

Энгийн аргаар нядалсан мал махны экспорт чөлөөтэй явж байгаа. Хамгийн гол нь шаардлага хангасан байх ёстой. Тэгэхгүй бол найзан дундаа, эсвэл бие биедээ найр тавьж болохгүй зүйлийг болж байна гээд өдийг хүртэл явсан. Тиймээс одоо ийм байдлаар асуудалд ханддагаа больё гэж байгаа юм. Үйлдвэрүүд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө стандартаа хангачихвал экспорт нээлттэй. Гэхдээ тусгай зөвшөөрөл нэртэй нугалаа гарсан асуудлыг цаашид зогсооё гэж байгаа. Үйлдвэрлэл явуулъя гэж байгаа бол явуулах нь нээлттэй. Хамгийн гол нь стандарт, чанарын шаардлагыг ханга. Түүнийг дотоодын иргэд, аж ахуйн нэгж аваад хэрэглэнэ үү, эсвэл гадагшаа гаргана уу энэ бол аж ахуйн нэгжийн өөрийнх нь асуудал. Түүнээс биш дунд нь төрийн байгууллага аль нэг байгууллага, яам, эсвэл гадаадын нэг байгууллага зөвшөөрөл олгодог нэртэй дунд хууль бус үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй.

-Таны хөндөж тавьсан ипотекийн зээлийн санхүүжилт, МИК-ийн асуудлыг олон нийт сонирхсон хэвээр байгаа. Хэдийгээр ипотекийн зээл зогсоогүй гэж байгаа ч бодит байдал дээр ипотекийн зээл зогсчихоод байна хэмээх олон нийтийн шүүмжлэл бий. 8, 6 хувийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа бууруулах зэрэг асуудлаас ойрын хугацаанд аль нь биелэх боломжтой вэ?

-Шийдвэрлэх ёстой асуудал байсан учраас хөндөж гаргасан. Иргэдийн санал, гомдол ч их бий. Олон хууль бус асуудлууд ч энэ дотор байсан. Энэ бүгдийг судалж, ил тод нээлттэй болгож, цаашид зөв тогтолцоонд оруулуулах үүднээс энэ асуудлыг гаргаж тавьсан. Жишээ нь, найман хувь болон урьдчилгаа төлбөрийг буулгах боломжтой гэсэн дүгнэлт ажлын хэсгээс гарсан. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд үүнийг эцэслэж танилцуулна. Дараа нь хэрэгжүүлэх шат руу орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнө нь хөндөгдөөгүй асуудал учраас дарах, унагах сонирхол их байна. Олон шахалт, дарамт дунд энэ ажил хийгдэж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэгдэх байх гэж бодож байна. Шийдвэрлэх ч ёстой. Үүний цаана хөрөнгө санхүүтэй холбоотой хууль бус үйлдэл, зарим нь эрх мэдлээ хэтрүүлсэн, иргэдийг хохироосон асуудал байна. Ипотекийн зээлд хамрагдсан 110 мянган айл өрх бий. Иргэдийн сард төлж байгаа 800 мянган төгрөгийн 300 орчим мянган төгрөг нь өөр зүйлд зарцуулагдаад байна. Хэн нэгний тансаглал, хэн нэгний хууль бус хэрэглээ, хэн нэгний санхүүгийн луйврын схемд орчихоод байгаа юм. Үүнийг багасгавал 110 мянган айл өрхийн түрийвч, дансанд орсон хулгайг таслан зогсооно гэсэн үг. Тиймээс дээрх ажлыг зогсоох янз бүрийн улс төрийн, бизнесийн сонирхлууд байна. Тэдгээр цөөн хүмүүсийн эрх ашигт нийцүүлж асуудлыг шийдэх үү, эсвэл Засгийн газрын 2013 онд эхлүүлсэн нийт иргэдээ хямд өртөгтэй чанартай орон сууцаар богино хугацаанд хамруулах хөтөлбөрийг үргэжлүүлэх үү. Үргэлжлүүлж байгаа нэрээр иргэдийнхээ халааснаас хулгай хийсэн бүтцийг хүлээн зөвшөөрөх үү, эсвэл ил тод нээлттэйгээр, санхүүгийн дарамтгүйгээр иргэдэд энэ үйлчилгээг хүргэх үү гэдэг сонголтын дунд яваа. Үүнийг шийдэхээс өөр аргагүй. Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна. УИХ-ын хэмжээнд ч асуудлыг ярих ёстой. Орж танилцуулахад шийдвэр яаж гарах, үүнд хэн хэн хууль бус үйл ажиллагааг хамгаалж байна, хэн иргэдийнхээ талд шийдэх сонирхол байна гэдгийг харах боломж бүрдэнэ.

-Ипотекийн зээлтэй холбоотой шийдвэрийг хүлээсэн иргэд олон байна. Хэзээ Засгийн газарт танилцуулагдаж, хэзээнээс ажил хэрэг болох бол?

-Ер нь ипотекийн зээл тасалдах ёсгүй. Монголбанкнаас сар бүр 30 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Үүнийг иргэдэд олгох газар нь арилжааны банкууд. Тиймээс Монголбанк арилжааны банкуудыг зээлээ олгохыг шахаж, шаардлага тавих ёстой. Монголбанкнаас бидэнд өгч байгаа мэдээллээр сар бүр олгодог 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ одоо ч хэвээр олгож байгаа. Арилжааны банкаар дамжуулж иргэдэд ипотекийн зээл олгогдож байгаа гэсэн. Тиймээс 30 тэрбум төгрөг олгож байснаа олгохгүй байгаа, зогсоосон асуудал байхгүй. Түүнээс биш МИК-ийн асуудал хөндөгдсөнөөс болж ипотекийн зээл зогссон, зогсоосон, эх үүсвэр нь багассан зүйл огт байхгүй. Анх олгож байсан зарчмаараа явж байгаа. Зарим иргэдийн ипоткеийн зээл 6-8 сар болж байж гарч байна гэсэн мэдээлэл ирж байна. эдийн засагч нь судалж байна, эсвэл иргэдийн урьдчилгаа төлбөр, барьцаа, сарын орлого хүрэлцэхгүй байна гэдэг асуудлуудаас болж, эсвэл банк, МИК хоорондын үйл ажиллагаанаас болж удааширч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ огт олгогдохгүй байна гэдэг бол ор үндэсгүй мэдээлэл. Үүнийг би хэлж байгаа юм биш. Монголбанкны ерөнхийлөгч эрхбиш худлаа ярихгүй байх. Хяналт шалгалтаар илэрч байгаа албаны мэдээлэл худлаа байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам худлаа хэлэхгүй. Тиймээс зохицуулалтын асуудал л байгаа юм.

Цаашид илүү хүртээмжтэй болгохын тулд эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг багасгах боломжтой учраас багасгасны дараа хүртээмж нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тиймээс хүү, урьчилгаа төлбөрийг багасгаж хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголбанкнаас гарч байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага гарна. Гэхдээ хоёр дахь зах зээлээс хөрөнгө босгож эрэлтэд нийцсэн хөрөнгийн нийлүүлэлтийг хийх боломжийг бүрдүүлэх ёстой. Байрны үнэ нэмэгдэж байна, инфляци өндөр байна, иргэдийн амьжиргаа сайнгүй байна. Тиймээс нэг хүчин зүйлээс бус олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа учраас олон ажлыг хооронд нь уялдуулах ажлыг банк санхүүгийн байгууллага, БХБ-ын яам, СЗХ, НИК хамтарч хийх ёстой.

-Ковидын асуудал юу болж байна вэ. Бид хэвийн амьдралдаа бүр мөсөн шилжчихэв үү. Улсын Онцгой комиссын даргын хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Цар тахлын маш хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулсан. Вакцин байсан учраас, иргэд вакциндаа идэвхтэй хамрагдсан учраас өнөөдөр харьцангуй хэвийн ажил амьдрал үргэлжилж байна. Гэхдээ ковид огт байхгүй болчихсон гэж бодож болохгүй. Өнөөдөр ч ковидын суурь, тохиолдлын тоо байсаар байна. Намар яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй. Өвлийн хүйтэн, намрын сэрүүн, бусад хүндрэлээс шалтгаалж ямар шинэ хувирал гарч биднийг яаж сандаргахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан Эрүүл мэндийн яам хүндэрч болзошгүй нөхцөлд бэлтгэж эм тариа иргэдийн эрүүл мэндийн эмчилгээ оношилгоонд анхаарч байгаа. Урд хөрш өнөөдрийг хүртэл хилээ нээгээгүй хөл хориотой байна шүү дээ. Уржигдархан БНХАУ-аас манай улсад суух Элчин сайдтай уулзсан. Хоёр жил зургаан сарын дараа БНХАУ руу нислэг нээгдэж байна. Сард 3-4 нислэг хийнэ. Ингэхийн тулд шинжилгээ өгнө. Сөрөг гарч нислэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс Хятадад очоод тусгаарлалтын байранд долоо хоног тусгаарлагдана. Үргэлжлүүлээд гэртээ гурав хоног тусгаарлагдана. Энэ мэтээр урд хөршид хөл хорио хэвээр байна. Урд хөрштэй өөрсдийгөө харьцуулбал манай бүх салбар нээлттэй байна. Засгийн газрын эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах бодлого үр дүнтэй хэрэгжсэн гэж үзэж байна. Иргэдээ вакцинжуулах ажил энэ хүрээнд сайн хийгдсэн гэж бодож байгаа. Иргэд маань идэвх санаачилгатай байсан. Гэхдээ тайвширч болохгүй. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй, хэлж биш хийсч ирдэг ноцтой өвчин шүү дээ, энэ. Ямар хүнд байдгийг бид мэдэрсэн. Тиймээс бэлэн байх ёстой.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Хөхөгчин үхэр өдөр DNN.mn

2022.7.11, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.11, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 05.05-20.51
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Японы Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээж, эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг ирэх лхагва, пүрэв гаригт хүлээн авна DNN.mn

ЭСЯ: Япон улсын виз мэдүүлэгчдийн анхааралд

Япон улсын Элчин сайдын яам Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээж байгаа бөгөөд, эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Элчин сайдын өргөөнд хүлээн авахаар болжээ.

Анхаарах зүйл

  • ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.
  • ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.

Мөн долдугаар сарын 14-ний Пүрэв гарагийг дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авах юм байна.

Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp (Соёл, мэдээллийн хэлтэс)

Агуулга:

  1. Гарчиг:【эмгэнэл илэрхийлье】
  2. Овог Нэр
  3. Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно)
  4. Зурвас

Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам