Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар хална DNN.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна

2022 оны 07 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе. Өнөөдөр ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Б.Сэр-Од марафоны дэлхийн аваргын 26 дугаар байрт орлоо DNN.mn

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотод үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өчигдөр болоход Монголын тамирчин Б.Сэр-Од 26-р байрт орлоо.

Нийт 63 тамирчин оролцсон марафоны тэргүүн байрт Этиопын Тамират Тола 2 цаг 05 минут 36 секундэд барианд орж түрүүлсэн бол Б.Сэр-Од 2 цаг 11 минут 39 секундээр 26-р байрыг эзэлсэн.

Өдгөө 40 настай Б.Сэр-Од 2003 оноос хойш нэг ч олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй орсон амжилтаараа түүх бүтээж байна.

Мөн эрэгтэйчүүдийн марафонд уралдсан Ц.Бямбажав 2:14:44 амжилтаар 42-р байрт орсон бол Д.Гантулга бариандаа орж чадалгүй тэмцээнээ дуусгажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Монгол Улсын аварга О.Хангай: Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо DNN.mn

Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 100, 101 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх Монгол Улсын идэр залуу аварга Оргихын Хангайтай ярилцлаа.


-Түүхт ойн жилээ урамтай сайхан барилдаж, түмэн олныхоо хүслийг биелүүлэн Монгол бөхийн эрхэм дээд аварга цол хүртсэнд баяр хүргэе…

-За та бүхэндээ маш их баярлалаа. Ардын хувьсгалын энэ том ой дээр аварга цол хүртсэндээ баяртай байна. Ард түмэн минь сайхан наадацгаав уу?

-Гантай жил хур бороо орохыг хүлээдэг шиг ховдчууд аваргатай болохыг 100 жил хүлээсэн. Энэхүү хүлээлтийг, хүслийг биелүүлж өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх болж, аварга цол хүртлээ шүү дээ. Тиймээс энэ их хүлээлт, хүсэл, итгэлийг дааж чадсан сэтгэгдэл, Төрийнхөө есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрох үеийн мэдрэмж ямар байв даа?

-Миний гаргасан амжилтын ард Монголын ард түмэн, үргэлж тусалж дэмждэг аав, ээж, хань, үр хүүхэд, хамаатан садан, ах, эгч, багш, найз нөхөд, хамт олон минь байдаг. Тиймээс юуны өмнө эдгээр эрхэм нандин хүмүүстээ танай сониноор дамжуулаад чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье ээ. Та бүхэндээ хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Мэдээж үндэсний бөхөөр хичээллэдэг, барилддаг бөх бүрийн зорилго, мөрөөдөл нь төрийнхөө их баяр наадамд түрүүлэх, шинэ цолонд хүрч барилдах байдаг. Тэр утгаараа миний ч мөрөөдөл, зорилго энэ байсан. Би зорилго, мөрөөдөлдөө хүрч чадлаа. Мөрөөдөл, зорилго биелэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Үнэхээр их баяртай, бахархалтай байна. Ард түмэн, нутаг усныхаа итгэлийг дааж, хүлээлт, хүслийг биелүүлж аварга цол хүртлээ. Цаашид цолоо улам ахиулан барилдах, ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Нэг талаараа өөрийн зорьсон зорилгодоо хүрлээ. Нөгөө талаараа төр, түмний өгсөн энэхүү аварга хэмээх эрхэм алдрыг дааж явна гэдэг том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодож байна. Ховд аймгаас 82 жилийн өмнө алдарт Шаравын Ванчинхүү арслан төрийнхөө их баяр наадамд түрүүлж байсан түүхтэй.

Түүнээс хойш өнөөг хүртэл наадмын түрүү тодроогүй. Тиймээс энэ их олон жилийн хүлээт, хүсэл, зорилго, мөрөөдөл энэ их тэгш ойн жил биелэсэнд хувьдаа их билэгшээж, бахархаж байна.


-Ховдын хязгаар, Буянт голын хөвөөнөөс Монгол Улсын 47 дахь аварга төрлөө. Аварга цолтон төрөх тэр агшинд наадамчин олон бүгд “Тунгалаг Буянт” голыг дуулж, уухайлж байсан шүү дээ…

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадам цар тахлын дараа болж байгаа гэдэг утгаараа үнэхээр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү түүхэн ойгоороо аварга хэмээх цолтны эгнээнд багтаж чадсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл итгэж чадахгүй л явна. Яг наадмын үеэр, барилдааны явцад өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах, барилдаандаа анхаарлаа төлөврүүлэх зорилгоор дотор хүнтэйгээ их ярьсан. Нүдээ аниад нутгийнхаа уулсыг сэтгэлдээ харж, тунгалаг Буянт голынхоо урсах чимээг чихэндээ сонсож, залбирч суусан. Нутгийн минь уул, ус түшлээ л гэж бодож байна. Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд бие болоод сэтгэлийн хүч тэгш, тогтвортой байж л амжилт гаргана. Мөн наадамчин олны уухайн дэмжлэг надад үнэхээр том урам зориг өгсөн. Намайг дэмжсэн түмэн олондоо үнэхээр их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Наадмын өмнө харцагуудын нэг шоу болсон. Тэр үеэр улсын засуул Б.Мөнхбаатар ахыг “Та намайг аварга болж байна гээд нэг сайхан аваргын цол дуудаад өгөөч” гэж гуйж аваргын цол дуудуулсан. Үүнийг би хувьдаа их бэлэгшээлтэй зүйл болсон болов уу гэж бодож байна. Тэрхүү сайхан бэлгэшээл, ерөөлөөр өдгөө би аварга цол хүртчихсэн явж байна.

-Танай галын бөхчүүд олон жил Сүүж хайрханд гарч бэлтгэл сургуулилалтаа хангаж ирсэн түүхтэй. Наадмын дараа бэлтгэл сургуулилалтаа хангасан дэвжээ, галаа эргэсэн үү?

-Хоёр хоногийн өмнө Сүүж хайрхандаа очиж галаа эргэж, дэвжээндээ мөргөчихөөд ирлээ. Энэ сайхан хайрхны өврөөс манай Ховдын олон сайхан улсын цолтой бөхчүүд төрөн гарсан түүхтэй. Бидний бэлтгэл сургуулилтыг хангахад гүн туслалцаа үзүүлдэг Сүүж амралтын газрын удирдлагууд болон хамт олонд маш их баярлалаа. Мөн Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч бид энэ сайхан хайрхныхаа өвөрт бэлтгэл сургуулилалтаа хийж, амжилтаа ахиулж, шинэ залуу бөхчүүд маань улсын цолонд хүрч барилдана. Өнөө жил энэ сайхан хайрхныхаа өвөрт галд гарсан бөхчүүддээ баярлалаа. Миний амжилт та бүхний хамтын хүч шүү. Өнөө жил энэ сайхан хайрхны өврөөс аварга, заан, начин цолтон төрлөө. Үнэхээр өгөөж буянтай, баян хангай даа. Монгол Улсын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин болсон Б.Сосорбарам нартаа баяр хүргэе. Намайг болон миний барилдааныг үргэлж хурцалж, ирэлж байдаг улсын залуу заан Б.Бат-Өлзийдөө баярлалаа. Ирэх жилийн наадмуудад цолоо улам ахиулан барилдаж, зорьсон зорилгодоо хүрээрэй гэж хэлье. Ховд бөхийн дэвжээний тэргүүн улсын заан Ч.Бат-Зориг, дасгалжуулагч багш улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нартаа болон нутгийнхаа нийт бөхчүүдэд талархаж байгаагаа илэрхийлье.

-Хүчит бөхийн барилдааны түрүү булаалдах агшин буюу арвын давааны барилдааныхаа мэдрэмжийг ярихгүй юу. Барилдааны дундуур таны гарын шөрмөс татсан уу, их л зовуурьтай харагдаж байсан даа…

-Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс аваргатайгаа есийн даваанд тунаж барилдаад давсан. Ес давчихаад аав дээрээ очлоо. Аав ч баярласан үгүй нь мэдэгдэхгүй их тайван хүлээн авлаа. Нутгийн бөхчүүд, ах нар маань ч за одоо ганцхан даваа шүү дээ Хангай минь л гэсэн. Өөр юм хэлсэнгүй. Ойр байгаа хүмүүсийн харц, сэтгэл санаа тайван байсныг ч хэлэх үү арвын давааны өмнө айхтар сандарсангүй. Ингээд арвын даваанд Б.Орхонбаяр дүүтэйгээ алгуурхан өрсөн дөө. Барилдааны явцад гэнэт баруун гарын шөрмөс зангирчихаад огт сулрахгүй байсан. Баруун гарын атгалт таг алга болчихсон, гараа огт тэнийлгэж болохгүй байлаа. Өөрөө гараа хөдөлгөж барьж нэлээд үзсэн боловч булчин нь огт суларч өгөхгүй байсан болохоор эмч рүү хандсан. Ингээд хөлийн цэц, эмч нараар жаахан бариулж, цохиулж байтал овоо гайгүй болж барилдаанаа үргэлжлүүлсэн.

-Б.Орхонбаярыг давчихаад хэсэг тайван босож ирснээ гэнэт баярлаад төрийнхөө есөн хөлт цагаан тугийн зүг гүйсэн шүү дээ. Тэр агшинд түрүүлсэндээ итгэж чадахгүй байв уу?

-Барилдаандаа хамаг анхаарлаа төлөврүүлчихсэн байсан үе л дээ. Хэдийн даваанд барилдаж байгаагаа ч тухайн үед мартчихсан байсан. Хамгийн гол зүйл нь энэ барилдаанаа маш хариуцлагатай алдаа хий гаргалгүй учраа бөхөө давах нь чухал шүү гэсэн бодол толгойд дүүрчихсэн байсан л даа. Тэгээд баруун талдаа мордох мэхээр давсан. Давчихаад босож ирээд дахиад даваа байхгүй ингээд түрүүлчихлээ гэж үү гэж бодсон. Өөртөө тухайн үед түрүүлчихсэн гэдэгтээ итгэж өгөхгүй л байсан л даа. Давчихаад сууж байтал аав үсэрч баярлаад над руу гүйж байсан. Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо.

-Та түрүү бөхийнхөө бай шагналыг хүүхдийн эмнэлэгт хандивласан. Таны гаргасан энэхүү үйлдэл бөхчүүдийн хувьд анхных болов уу даа. Цаашид ч ийм сайн жишиг тогтох эхлэл болж байна уу гэж харж байна?

-Цар тахлын үеэр эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ачаалал одоо ч их байгаа юм билээ. Тиймээс Монголынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд минь эрүүл саруул байг гэсэн үүднээс өөрийнхөө түрүү бөхийн шагналаа Эх нялхсын эмнэлэгт хандивласан байгаа. Төрийн баяр наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа эх, хүүхдийн сайн сайхны төлөө зориулж байгаадаа баяртай байна. Анхных нь уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч өөрийнхөө хувьд нийгмийн сайн сайхны төлөө бага ч гэсэн хувь нэмэр болъё гэсэн санаа зорилгоор л хийсэн зүйл.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ирэх жилийн наадмуудад илүү их амжилт гаргаж, цолоо улам ахиулан барилдаж Монгол Улсын Дархан аварга цолтон болоорой гэж ерөөе.

-Баярлалаа, тэр сайхан ерөөл бат сайхан оршиг.


Ж.ОРГИХ: НААДМЫН ОДГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ХҮҮ МИНЬ ӨНӨӨ ЖИЛ МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛЖ, АВАРГА ЦОЛТОН БОЛЛОО


-Та сайхан наадав уу. Таны хүү Монгол бөхийн эрхэм дээд аварга хэмээх цол хүртлээ. Энэ сайхан баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний сэтгэл үнэхээр үгээр хэлэмгүй өндөр, сайхан байна. Ах нь ганц хүүтэй, гурван охинтой хүн. Миний хүү багаасаа л сурлага сайтай, их зүтгэлтэй хүүхэд байсан. Сурлага номондоо сайн хүүхэд байснаас биш үнэндээ бөх болчихно гэж огт санаагүй, бодож байсангүй.

-Хэзээнээс бөх болохоор шийдсэн юм бэ?

-Арван жилээ төгсөөд их сургуульд орсон жилээсээ эхлээд би бөх болмоор байна гэж хэлээд л байнга барилдаж, бэтгэл сургуулилт хийдэг болсон. Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаад тэндээсээ гэнэт л барилдаад явчихсан даа. Ингээд л барилдаж эхэлсэн цагаасаа эхлээд миний хүүгийн гаргасан амжилт богино хугацаанд энэ их өндөр амжилтад хүрлээ гэж харж байна. 2012 оноос эхлээд л аймгийн наадмуудад зодоглож улмаар 2013 онд нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болж байсан. Тухайн үед хүүгээрээ маш их бахархаж байсан. Анх улсын баяр наадамд зодоглоход нь хүүгээрээ их бахархсан. Тэр жил чинь 2017 он байсан шиг санагдаж байна. Тавын даваанд Э.Оюунболд арслангаар давж, зургаагийн даваанд сая улсын заан болсон Б.Сериктай тунан барилдаж харцага болж билээ. Ерөөсөө барилдсан жилээ сумын заан болж дараа дараагийн жилүүдэд тогтмол цолоо ахиулсаар өдийг хүрсэн дээ.

-Улсын харцага болсныхоо дараа дараагийн наадмуудад доор даваанд унаж, нэг үе наадмын одгүй бөх гэсэн хочтой явж ирсэн шүү дээ. Жил бүрийн наадмаар цолоо ахиулна гэж хардаг хүүгээ доор даваанд унахыг харах гунигтай л байсан байлгүй?

-Үнэхээр миний хүү наадамд жаахан од муутай л юм байна даа гэж бодож байсан. Гэтэл үгүй байж. Өнөөдөр Монгол Улсын аварга цолтон боллоо шүү дээ. Хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Наадмын одгүй гэж бодож байсан хүү минь өнөө жил мянган бөхийн манлай болж чадлаа. Одгүй бөх гэж байдаггүй юм. Бэлтгэл сургуулиалтаа сайн хийж, зөв шударгаар барилдсан бөх л өнөөдөр амжилтад хүрдэг гэдгийг миний хүү надад болон ард түмэндээ нотлон харууллаа.

-О.Хангай аваргыг хоёр талаасаа бөхийн удамтай гэлцдэг. Яг ямар удам, судартай хүн бэ гэдгийг та л тодорхой хэлэх байх…

-Миний хүүгийн ээжийнх нь тал буюу миний ханийн ах, дүүс мундаг бөхийн удамтай. Ховдын анхны түрүү бөх улсын арслан Шаравын Ванчинхүү агсан миний ханийн хөгшин аавтай нь үеэлүүд байсан юм билээ. Тэгэхээр Хангайгийн нагац талын өвөг эцэгтэй нь ах дүүсийн хүүхдүүд байсан гэсэн үг л дээ. Мөн нагац талдаа аймгийн заан Даваасүрэн, Дамдинсүрэн гээд бөхчүүд бий. Ер нь ээжийнхээ талд их олон бөхтэй. Харин миний талд буюу аавынхаа талаас бөхийн удамтай. Миний хувьд Шаравын Батсуурь аваргын төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Жаргалант сумын хүн. Ш.Батсуурь аварга суманд манайхаар их ирдэг, аавтай минь байнга уулзаж, ярилцдаг хүн байлаа. Манай эмээг эгч ээ гэж дууддаг хүн байсан. Яг үнэндээ манайхтай хамаатан садан хүн байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Энэ жил их аваргын зуун жилийн ой болно. Энэ ойд оролцохдоо их аваргын үр хүүхэд, хамаатан садантай нь уулзана. Тэр үеэр яг ямар хамаатан садан болохыг нь нутгийн хөгшчүүл, Ш.Батсуурь аваргын үр хүүхэд, хамаатан саднаас нь сайн тодруулъя гэсэн бодолтой байгаа. Манай эмээг л эгч ээ гэдэг байсан санагдана. Нутгийн хөгшчүүл Ш.Батсуурь аварга танай эмээтэй хамаатан, ах дүүс байсан гэлцдэг юм. Гэхдээ яг одоогоор ямар хамаатан садан гэдгээ сайн хэлж мэдэхгүй л байна. Юм үнэнээрээ сайхан. Хамаатан биш байхад заавал хамаатан болох гэж яараад яахав. Хамаатан юм бол удам судраа хүн мэдэж, бахархаж явах нь чухал л гэж бодож байна даа.

-Энэ жилийн тухайд хүүгийнхээ барилдаан даваа болгоныг сэтгэл догдлон харж суусан байх. Даваа ахих тусам аав хүний хувьд хүүгийнхээ барилдааныг харах хэцүү байв уу?

-Энэ жил их сонин. Яагаад ч юм миний сэтгэл их тайван байсан. Өмнө ээ дээ уначих вий дээ, ээ дээ яана вэ гэж барилдаан болгоныг нь зүрхшээн харж суусан бол өнөө жил ёстой тайван байл аа. Өөрийгөө ч их гайхлаа. Энэ жилийн хувьд миний хүү их л өнгөтэй харагдаж байсан. Өөрөө ч барилдаандаа сэтгэл санаагаа бэлдэж, унтаж амарч байсан. Миний хүү гараад барилдаад даваад буцахад үзэгчид их баярлаж, уухайлж байсан. Би харин баярлаж, сэтгэл их хөөрсөн зүйлгүй их л тайван байсан даа. Гэхдээ наймын даваанд гарч барилдаад гарди цолны болзол хангачихсан чинь гэнэт дотор нэг сонин болж ирсэн шүү. Харин заан цолны болзол хангаж байхад нь болох ёстой юм болж л байна даа гэж бодсон. Гарди болчихоор нь энэ чинь юу билээ миний хүү чинь гарди болчихлоо гэж үү, за дахиад хэдхэн даваа үлдлээ миний хүү чинь ер нь түрүүлчихэж мэдэх юм биш үү гэсэн бодол орж ирсэн.

-Аваргын хань, таны бэр аль нутгийн хүн бэ. Танай ач, зээ нараас тань бөхөд сонирхолтой хүүхдүүд бий юу?

-Миний бэр Ховдын Манхан сумын хүн. Манай бэр бас бөхийн удамтай. Сая аймгийн наадамд үзүүрлэсэн Даваадалай заан манай бэртэй хамаатан. Ач, зээ нарын хувьд гэвэл миний том охин гурван залуутай. Бага охин нэг залуутай. Энэ дундаас удам залгасан бөх тодрох байлгүй. Ер нь манайхны удмын нэг онцлог байх шиг. Багаасаа сурлага, хичээлдээ сайн явж байгаад томорч ирээд бөх болчихдог. Энэ жишгээр үзэхэд одоохондоо бөх болчих хүүхэд тэр энэ гэж хэлэхэд хэцүү л байна. Хүүхдүүдийн минь өөрсдийнх нь сонголт шүү дээ. Бөх болж ард түмнээ баясгаж, улсын том цолонд хүрч барилдвал сайн л биз. Өөр мэргэжлээр яваад амьдрал ахуйгаа өнгөтэй, өөдтэй авч явж л байвал бөх болсонгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Тиймээс өөр өөрсдийнхөө сонирхсон, мэргэшсэн зүйлдээ л эзэн нь болж, салбар бүртээ л амжилт гаргаж явахыг хүсдэг дээ.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ын их, дээд сургуульд сурдаг монгол оюутнуудыг бүртгэж байна DNN.mn

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд!

Гадаад Харилцааны Яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутнуудыг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

https://docs.google.com/forms/d/1TNCfvVrw7fh5fDS64fGC1GF95c1eW-dW2tGlJ0Qt6ic/viewform?ts=627a5a96&fbclid=IwAR0wZnSOZ97Sqj76jk0BDoGbeuUp1GwLJbZh0S9YLDGccdveXPO7MtXXbSs&edit_requested=true

Бүртгэл 2022 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэнэ. Энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг зөвлөж байна.

Тус яамнаас 2022 оны тавдугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн суралцаж буй та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна гэв.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана DNN.mn

Хуваарь: Тавдугаар сарын 1-ээс халуун ус тасарна – www.murch.mn

Долоодугаар сарын 18-28-ныг хүртэл арав хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлана.

Тухайлбал, Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангадаг хэрэглэгчид, Бага тойруу, Цэцэг төв, Зоос гоёл ХХК, СУИС, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5-р сургууль, МУИС, Спортын төв ордон, УБИС, орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.

Халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой хэмээн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэж байна DNN.mn

Дундговь, Төв аймаг, Туул голын сав газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Тухайлбал Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 209 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 3,785 иргэн оролцож, 378.3 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглагч 130 гаруй аж ахуйн нэгжид хог хаягдал цэвэрлэх тухай албан тоот хүргүүлж, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Харин Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 14 сумын хэмжээнд “Ангилъя-Ариглая-Ашиглая” аяныг аймгийн төв Сайнцагаан суманд “Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах бичил тэтгэлэгт уралдаан” зарлажээ. Тус аймагт усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор 160 булаг, нуур тойрмын 40909.29 га усны сан бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч долоон сумын 60 булгийг тэмдэгжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Агар-Эрдэнэ: Цэргийн албан хаагч нь Эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөдөг болохоос аливаа нэг этгээдийн хувийн эрх ашгийн төлөө тангараг өргөдөггүй DNN.mn

Биднийг баяр наадам гээд баярлаж байх хооронд дахин нэгэн цэрэг амиа алдсан хэрэг гарлаа. Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба хаагч 19 настай Н-ийг 2022 оны долоодугаар сарын 13-ны өдөр барилгын хажуугаас амиа алдсан байхад нь олжээ. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулсан ч “Хувийн мэдээлэл гаргахгүй” гэдэг хариулт өгөв. Дундговь аймгийн цагдаагийн газраас “Мэдээлэл ирээгүй” гэх хариулт өглөө. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын дарга Н.Чулуунтай холбогдоход “Дөнгөж сая амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй уулзаад ирлээ. Маргааш (өнөөдөр) гаргах учир ажил их байна лээ. Гашуудалтай байгаа хүмүүс ярилцахад хэцүүхэн л байсан. Цэргийн ангиас нь ирчихсэн ажил явдалд оролцож байна лээ. Ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлэх байх” гэв. Хүний эрхийн 2021 оны тайланд цэргийн дэг, яргын тухай маш олон кейс баримт дурдсан байдаг. Гэтэл хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр цэрэг амиа алдчихлаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Эргэн сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдсан байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2019 онд найман цэрэг, 2020 онд нэг, 2021 онд тав, 2022 онд хоёр дахь эх орныхоо өмнө тангараг өргөсөн цэргийн алба хаагч амиа алдлаа. Хоёр сар хүрэхгүйн өмнөхөн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарсны улмаас нас барсан. Одоог хүртэл уг хэрэг шалгагдаж дуусаагүй. Энэ зөвхөн сүүлийн гуравхан жилийн тоо баримт.

Монгол Улсын Батлах хамгаалах яамны сайд, Дэслэгч генерал Г.Сайханбаяр энэ талаар ямар нэгэн тайлбар хэлэх үү. Хариуцлага хүлээх үү. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй цэргийн сургуульд хамт сурч байсан гэгддэг. Тиймдээ ч 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Тагнуулын ерөнхий газрын даргад нэр цохогдож явсан. Таныг Батлан хамгаалахын сайд болсноос хойш долоон цэрэг амиа алдчихлаа. тэрбээр үүнд амиа алдсан цэргүүдийн ар гэрээс уучлал гуйх нь бүү хэл 2014 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Бригадын генерал цол хүртэж байсан бол энэ оны долоодугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найзаасаа Дэслэгч генерал хэмээх цол тэмдгийг хүртсэн. Уг нь бол цэргийн цолны дагуу Хошууч генерал болох ёстой байсан ч шууд алгассан байх юм. Үүнийг хэн тайлбарлах вэ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг амиа алдсан цэргүүдийн ар гэрээс уучлалт хүсэх үү?
Монгол Улс ардчилсан үндсэн хуультай. Хувь хүний эрхийг дээдлэгч орон. Тэгвэл цэрэгт татагдсан иргэний өмнө эх орон, зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь ямар үүрэг хүлээх ёстойг хуульч Б.Агар-Эрдэнээс тодрууллаа.

-Цэрэгт татагдсан иргэний өмнө БХЯ, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг гэх мэт цэргийн байгууллагууд ямар үүрэгтэй байдаг вэ?

-Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасан бөгөөд 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж зааснаар Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг хүлээдэг. Ийнхүү Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа албан ёсоор үүсдэг. Энэхүү харилцаанд цэргийн алба хаагч нь эрүүл мэндээ хамгаалуулах, цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэх явцад өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлоо хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх эрхтэй. Иймээс цэргийн албан хаагчийн өмнө анги нэгтгэлийн дарга, удирдлагууд нь хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, хуульд заасан бүрэн эрхээс гадуур хууль бус шаардлага тавихгүй байх үүргийг хүлээдэг. Цэргийн албан хаагч, түүний удирдлагын эрх үүргийг Цэргийн албаны тухай хууль, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмээр зохицуулдаг.

-Цэргийн алба хаагчид улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцдог ч гэсэн цэрэгт татагдсан иргэнийг тухайн цэргийн анги дур мэдэн ямар нэгэн ажилд явуулж, цалинг нь өөрийн дансаараа авах эрх мэдэлтэй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт “Цэргийн дотоод албаны дүрэм”-д зааснаар Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч буюу захирагдагч байна. Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдана. Харин аливаа төрлийн даалгавар, тушаал өгсөн Захирагч өгсөн тушаалын хариуцлагыг хуулийн өмнө биечлэн хариуцахаар дээрх дүрэмд тусгасан. Дотоод алба нь цэргийн ангийн дотоод журмыг тогтоох, бэлэн байдлыг хангах, цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн алба хаах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Тодорхой албан даалгавар, албажин ирсэн тушаал шийдвэргүйгээр цэргийн албан хаагчаар хууль бус шийдвэрийн үндсэн дээр ажил гүйцэтгүүлсэн бол түүний хариуцлагыг хүлээнэ. Цэргийн албан хаагчийн албадан хөдөлмөрийн үр шимийг өөрийн хувийн байдалдаа ашигласан нь тогтоогдсон тохиолдолд цэргийн албаны болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа хэрэг болно.

-Өмнөговийн 167 дугаар ангид амь насаа алдсан цэрэг Н-ийн кейсээс харахад тухайн цэргийн ангийн 10 албан хаагчийг цэргийн ангийн зөвшөөрөлгүй гарган ажил хийлгэсэн гээд байгаа. Энэ хүний эрх талаасаа юуг зөрчиж байна вэ?

-Юуны өмнө талийгаачийн ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Өмнөговийн 167 дугаар ангид болсон үйл баримтыг бүрэн гүйцэт, нотлох баримттайгаар мэдээгүй учраас энэ талаар дүгнэлт гаргах боломжгүй.
Гэсэн хэдий ч олон нийтэд илхэн тархсан байгаа мэдээлэлд буй цэргийн албан хаагчийг хууль бусаар, зөвшөөрөлгүй ажил хөдөлмөр хийлгэсэн бол энэ нь хуулийн хариуцлага хүлээх үйлдэл мөн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны арванхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон “иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ийн 8 дугаар зүйлийн 2.а-д “… хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгаж болохгүй…” гэж зааснаар тус ангийн удирдлагууд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлсэн нь албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг илтгэнэ. Хууль бусаар, нууцаар хөдөлмөрлүүлж байгаа нь цэргийн албаны шинжтэй үүрэг гүйцэтгүүлэхэд хамаарахгүй юм. Дээрх олон улсын хэм хэмжээнд “албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгах “ гэсэн нэр томъёонд “цэргийн шинжтэй аливаа алба… …хүмүүсээс хуульд заасны дагуу гүйцэтгэх ёстой аливаа үндэсний алба”-ыг хамаарахгүй гэж заасан. Хэрэв хуулийн дагуу буюу тодорхой албан даалгаврын үндсэн дээр хөдөлмөр эрхлүүлсэн бол албадан хөдөлмөр гэж үзэхгүй.
Цэргийн албан хаагчийн амь нас, эрүүл мэндийн хохиролтой холбоотой асуудлыг тухайн анги, дотоод удирдлагууд урьдчилан цэргийн алба хаагчийн алба хаах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн байна. Анхнаасаа хууль бус шинжтэй үйл ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдалд хууль бус үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан этгээд хариуцлага хүлээхээс гадна, анги дотор болж буй үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, шууд удирдлагад мэдээлэл хүргэх ёстой байсан ангийн захирагч ч мөн адил цэргийн дотоод албаны дүрмийн 67-72 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тодорхой хариуцлага хүлээх ёстой.
-Цэрэгт амиа алдах тохиолдол ихэслээ. Хүний эрхийн 2021 оны тайланд маш олон цэргийн дэгийн талаар бичигдсэн байсан. Энэ олон тохиолдлыг нийлүүлээд хүний эрх талаасаа хуулийн хариуцлага хүлээлгэж болох уу?
-Зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “ Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хэрэгжүүлнэ”, 9.4-т “Зэвсэгт хүчний цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллага, салбарын захирагч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Зэвсэгт хүчний жанжин штаб, төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллага, салбарын захирагч нарын удирдлага дор байдаг цэргийн албан хаагч нарын амь бие, эрүүл мэнд хүний эрх, эрх чөлөөний зөрчил үүссээр байгаа тохиолдолд эдгээр удирдагч нарын ажлыг хуулийн дагуу гүйцэтгүүлэх, хяналт тавихыг Монгол Улсын Их хурал, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн зүгээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.
-Цэрэг гэдэг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эх орноо хамгаалж байгаа иргэн болохоос эрхээ хасуулсан хоригдол биш. Цэргийн ангид хувь хүний эрхийг дээдлэх, дээшлүүлэх ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Монгол Улсын иргэн Монгол Улсын үндсэн хуулинд заасан иргэний үндсэн үүргээ биелүүлэхдээ Эх оронч үзэлд суурилагдан цэргийн албыг сэтгэл бахдам хаах ёстой. Эх орон, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсын халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглаж байгаа хөвгүүдийн амь нас энх цагт үрэгдээд байж болохгүй.Цэргийн алба хаагчдад тушаал, даалгаврын талаар сургалт семинар, ухуулгыг тасралтгүй хийх ёстой. Хүний эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж, хүн бүр эрх, эрх чөлөөнийхөө үндсэн дээр, цэргийн алба хааж байгааг ойлгох ёстой. Цэргийн алба цолны эрэмбээр захирагдах ёсыг хэрэгжүүлдэг. Тиймээс захирч байгаа этгээдүүдэд “Захирах захирагдах ёс бол цэргийн албаны чухал мөн чанар болохоос биш хэн нэгнийг өмчлөх хэрэгсэл биш” гэдгийг ойлгуулах ёстой.
Хэн ч, хэнийг ч өмчилж чадахгүй, гагцхүү нийтийн эрх, ашгийн төлөө хуульд заасан бүрэн эрхийг тодорхой хугацаанд хэрэгжүүлж байгаа гэдгээ ойлгох ёстой. Удирдагч нар бүгд үүнийг ойлгож, ямар ч эрх мэдэл өөрийн гэсэн цаг хугацаатай бөгөөд хугацаа нь дуусах үед дараа үе нь тэднийг тодорхой шүүлтэд оруулна гэдгийг ойлгодог байх хэрэгтэй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар бич өдөр DNN.mn

2022.7.18, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.18, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 05.12-20.45
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголчууд бид амарч чадсан шигээ ажиллаж чаддаг байх хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын аварга О.Хангай “Баярлаж
байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ
гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт
цагаан тугаа тойрсон доо” хэмээснийг “Дэвжээ” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Цэвлээ “Сэтгүүлчийн мэргэжил одоо цагт үнэгүйдсэн гэдэгтэй би санал нийлэхгүй” хэмээн ярилаа.

Монгол Үндэсний
Ардчилсан намын
дарга Б.Цогтгэрэл “АИХ
байгуулснаар
төрийн тогооны
цоорхойг
бөглөж,
хуулийн
завхралыг
цэгцлэх ёстой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд бид амарч чадсан шигээ
ажиллаж чаддаг байх хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Хуульч Б.Агар-Эрдэнэ “Цэргийн албан
хаагч нь Эх орон,
ард түмнийхээ
төлөө тангараг
өргөдөг болохоос
аливаа нэг
этгээдийн хувийн
эрх ашгийн
төлөө тангараг
өргөдөггүй” гэлээ.

Түүхт ойн жилээр шинэ аварга,
арслан тодорлоо. Энэ тухай “Монгол наадам” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ