Улаангом-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийг 2022 оны наймдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөжээ.
Month: July 2022
НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дундаж (ОЖД)–аас дулаан хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг болон Төв аймгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөлвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Наймдугаар сард нутгийн зүүн болон өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх ба Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11–326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс”–ээс тодруулах боломжтой.
Нийтийн тээврийн салбарын хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэх үүднээс бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт баригдаж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркийн ажлын явцтай танилцав. Тус бүтээн байгуулалтад 11 компани оролцож буй аж. Бүтээн байгуулалтын ажлуудаас 150 автобусны гарааш барих ажил удаашралтай яваа бөгөөд тендерт шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Засаг даргын орлогчийн хувьд Эрээнд саатсан дээврийн материалыг оруулж ирэхэд тусалъя, харин бусад ажлаа яаравчлан хий гэсэн үүргийг өгсөн. Мөн нийтийн тээврийн салбараас орж ирэхгүй байгаа алдагдлын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар:
-2018 онд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас тусдаа байгууллага болсон. Өмнөх хотын удирдлагын үед буюу 2020 онд Циркийн урд байрлалтай газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулснаас үүдэлтэй манай байгууллага баазаа байрлуулах газаргүй болсон. Одоогоор Баруун салаанд өндөр өртөгтэйгөөр хувийн бааз түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилт орчимд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын баазыг шинээр барих төсөл эхэлсэн. Гэвч цар тахлаас үүдэлтэй дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй, ажил төдийлөн урагшлаагүй байна. 2022 онд анх удаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч зарим компаниудын идэвх оролцоо муу байна. Хэрэгжүүлэгч компаниуд цар тахалтай холбоотойгоор ачаа бараа орж ирэхгүй байгаа зэрэг олон шалтгаан хэлж байгаа учраас нөхцөл байдал хүндрэлтэй байна. Нийт 23 тэрбум төгрөгийн төсөлд 11 компани шалгаруулсан. Энэ нь 150 машины багтаамжтай, оффис, бааз, гараашийг иж бүрэн шийдсэн төсөл юм. Нөгөөтээгүүр олон компани шалгаруулсны сул тал нь ажиглагдсан. Компаниудын онцлог олон янз байна. Зарим компани хэд хэдэн хилийн боомтоор бараагаа авч байгаа. Гэтэл чухал ажил гүйцэтгэж байгаа 1-2 компани хил гаалийн хүндрэлтэй байдлаас болж олон сарыг үдэж байна. Үүнийг бид шат шатны байгууллагад уламжилж байгаа. Төслийн нийт санхүүжилтийн 90 орчим хувь буюу үлдсэн 10 тэрбум төгрөг тавьсан. Гэхдээ үнийн өсөлттэй холбоотой төсөвт өөрчлөлт орох төлөвтэй байна гэлээ.
Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад, дотоодын аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Аялагч, жуулчдын тоо нэмэгдэх хэрээр байгаль орчин бохирдох, хог хаягдал нэмэгдэх эрсдэлтэй боловч Хөвсгөл аймагт байгуулсан Арбунхант болон Загасан тохойн отоглох цэгийн ашиглалт нь хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Долдугаар сарын туршид Алаг-Эрдэнэ сумын Загасан тохойн отоглох цэгт 2280 аялагч, Хатгал тосгоны Арбунхантын отоглох цэгт 6000 аялагч майхантай отоглоод байна.
Отоглох цэг тус бүр 2 жорлонтой ба нийт 3 тн багтаамжтай, ачааллаас хамааран гурав хоноод бохироо соруулан хог хаягдлаа өдөр бүр төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хаяж байна.
Отоглох цэгт түр буудаллаж буй аялагчдын хог хаягдал, бохирыг соруулж тээвэрлэх ажлыг орон нутгийн “Хүн байгаль” ТББ хариуцан ажиллаж байгаа аж. Тус байгууллага нь аялагчдыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд аялахад нь зориулж ашиглалт хамгаалалт, арчилгаа үйлчилгээний зардалд хоногт нэг майхан барихад 5000 төгрөгийн хураамж авч үйл ажиллагааны зардлаа нөхөн, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг ажээ.
Харин хогийн цэг, цэвэрлэх байгууламжын ажлуудыг төлөвлөгөөний дагуу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 248 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 945,900 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын
- 101 нь Улаанбаатар хотод,
- 147 нь орон нутагт буюу 7 аймагт тус тус бүртгэгдсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 754 хүн эдгэрсэн бол одоогоор 1,648 хүн хяналтад байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.
2022 оны 07 сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
2022 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
01-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 3-4-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Баянзүрх дүүргийн XIII хорооллын 15-р хорооны нутаг дэвсгэр буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах байрлах шатсан “EAST” төвийн барилгыг бүрэн нурааж дуусгажээ.
Тус талбайд оршин суугчид амарч, тухлах орчин, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн хотын удирдлагууд мэдээлсэн билээ.
Харшил гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их эмч Б.Энхсайхантай ярилцлаа.
-Харшил гэж юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Харшил гэдэг нь дархлааны хэвийн бус байдлын үр дүнд үүсдэг өвчин. Хувь хүний дархлааны тогтолцоо, удамшил, ажлын онцлог зэргээс шалтгаалан харшилтай болох нь харилцан адилгүй байдаг.
-Ер нь хүн харшилтай болсноо яаж мэдэх вэ?
-Харшилж буй зүйлд тухайн хүн ойртохоор бие махбод хариу үйлдэл үзүүлнэ. Жишээ нь ургамлын харшилтай хүн өвлийн улиралд ямар нэг шинж тэмдэггүй байснаа зун ургамал ургаад ирэхээр хамар битүүрч найтаах, нүд загатнах шинж тэмдэг илэрдэг. Төмрийн харшилтай хүн төмөр ээмэг зүүхээр тухайн газар загатнаж, тууралт гарна.
–Харшлын шалтгаан юу вэ?
-Тухайн хүний удамшил, эцэг эх нь харшилтай байсан эсэх, мөн биеийн эрүүл мэндийн байдал, агаарын бохирдол, нийгмийн нөлөө, идэж ууж буй зүйл, ажлын нөхцөл байдал гээд олон янзын шалтгаанаас үүддэг.
–Харшлын хамгийн түгээмэл хэлбэр аль нь бол. Шинж тэмдэг нь?
-Хамгийн түгээмэл нь ургамлын харшил. Энэ нь хамар битүүрч шингэн нус гарах, найтаах, нүд загатнах, нулимс гоожих, тагнай, чих загатнах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
-Ирэх сард харшлын ээлжит улирал эхэлнэ гэсэн. Үүнээс сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Ер нь бол тавдугаар сараас ургамлын харшлын улирал эхэлдэг л дээ. Тэр нь дөрөвдүгээр сарын сүүлээс модлог ургамал тоосоо цацаж эхэлдэгтэй холбоотой . Харин одоо шарилж буюу хогийн ургамлын харшил их байгаа. Амны хаалт тогтмол зүүж, оройн цагаар цонхоо хааж гэртээ байх, жимс, жимсний найрлагатай зүйл идэхгүй байх хэрэгтэй. Зовуурь их байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
-Харшлыг Ковидоос яаж ялгах вэ. Илрэх шинж тэмдэг нь төстэй мэт?
-Ковид бол халдварт цочмог өвчин, халуурах, ханиах, бие сулрах, цээжээр өвдөх шинж тэмдэг зонхилно. Ургамлын харшлын хувьд дээр дурдсан шинж тэмдэг ч ялгаагүй илэрдэг. Бүр ялгаж чадахгүй байгаа бол Ковидын тест өгөх хэрэгтэй.
-Харшил эдгэрдэг өвчин үү. Хоол, хүнс дээр анхаарах зүйлс бий юу?
-Зуун хувь эдгэрдэг өвчин биш. Иймд харшилж буй зүйлээсээ аль болох хол байхыг л хичээх хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд зовуурь багатай яваад байх бүрэн боломжтой.
-Нэгэнт харшилтай болсон бол ямар эмчилгээ хийвэл зохилтой вэ?
-Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал. Учир нь эмч тохирсон эмчилгээ зөвлөгөөг өгнө. Харшлын өвчинд тохирсон дэглэм барих нь эмчилгээний томоохон хэсэг болдог.
-Харшил сэдэрвэл яах ёстой вэ. Харшлыг эмчлэхгүй удвал хүндрэл нь яаж илрэх вэ?
-Эмчид хандах хэрэгтэй. Ургамлын харшилтай үед дэглэм бариагүйгээс хоолой бачуурах, ухаан алдах эрсдэл зуны улиралд их тохиолддог. Мөн гуурсан хоолойн багтраа өвчин зэрэг нэлээд хэдэн хүндрэл үүсдэг юм.
-Харшил үүсгэдэг бодис юу вэ. Арьсны сорил тавьдаг гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Хүмүүс сорил тавиад бүх харшлыг оношилдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Харшил гэдэг бол тухайн хүний дархлалын тогтолцооны өвчин. Хүний эргэн тойронд байгаа бүхий л зүйл харшил үүсгэж болно. Жишээ нь, ажлын ширээн дээр нь үнэртүүлэгч байлаа гэж бодоход тухайн хүн ажил дээрээ ирэхэд хамар битүүрдэг, гэртээ харихаар зүгээр болчихдог. Харшлын сорилын хувьд тоотой, нийтлэг зүйлээр сорил тавигддаг. Түүнээс биш тухайн хүний ажлын ширээн дээр байгаа үнэртүүлэгчээс харшилж байна гэдгийг тогтоох сорил хаана ч байхгүй. Тиймээс эмчдээ үзүүлж ярилцаж байж харшлаа тодруулах нь чухал. Товчдоо бол харшлын сорилоор бүх харшлыг илрүүлж болно гэж ойлгож болохгүй.
-Хүн ямар харшилтайгаа заавал тодорхойлуулах нь олон эрсдлээс хамгаалдаг гэсэн. Иргэд ийм шинжилгээнд хэр хамрагддаг бол?
-Мэргэжлийн эмчид хандаарай гэж дахин зөвлөмөөр байна. Хүмүүсийн шинжилгээнд хамрагдах нь сайн болсон нь анзаарагдаж байгаа. Мөн дур мэдэн харшлын тариа авч гэрийн нөхцөлд хэрэглэхгүй байх нь цаашдын олон эрсдлээс таныг хамгаалах болно шүү гэж хэлье.
Монгол Улсын гавьяат эдийн засагч, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан Ерөнхий сайд Загастайн замын нээлтэд очиж, “Мянганы” зам энэ хүрээд дууслаа гэж байсан. Ер нь энэ зам ашиглалтад орсноороо эдийн засгийн болоод дэд бүтцийн хувьд ямар эерэг үр дүн үзүүлэх юм бэ?
-Загастайн даваа бол мянган жилийн түүхтэй даваа. Анх энэ даваагаар морь, үхэр тэргээр тэмээн жингээр ачаа бараагаа зөөж байсан түүхтэй. Дараа нь буюу 1960 оны эхээр УАЗ-469 автомашинаар анх давсан. Улмаар 1964 онд бүх нийтийн зам засварын ажил хийгдэж, уг давааны замыг сайжруулсан зам болгосон юм. Хожим 2012 оноос хойш хатуу хучилттай авто зам тавих тухай яригдаж эхэлсэн. Тэр жилээ урд хөршийн компани зам тавих гэж үзээд төсөв багатай, ажил ихтэй гэсэн шалтгаанаар татгалзсан. 2014 онд Монголын компаниуд шалгарч ажиллах гээд бас бүтэлгүйтсэн түүхтэй. 2019 онд гурав дахь удаагийн оролдлого амжилттай болж, улмаар 67 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан. Энэ зам ашиглалтад орсноороо мэдээж эдийн засгийн олон хэмнэлтүүдийг бий болгож байна. Тухайлбал, хуучин энэхүү даваагаар суудлын автомашин гурван цаг, ачааны автомашин таваас дээш цаг явж давдаг байсан. Харин одоо гучин минутын хугацаанд л давж байна. Тиймээс цаг зав, бензин, шатахуун, техникийн эвдрэл зэрэгт маш их хэмнэлт бий болсон гэсэн үг. Энэхүү хэмнэлтийг завханчууд болоод Монголын нийт ард түмэн нийтээрээ хүртэж байна.
–Баяр наадмын үеэр та Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор энгэрээ цоолсон. Эдийн засагч хүний хувьд улс орны өмнө тулгараад байгаа зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гарц, гаргалгааг хэрхэн харж байна вэ?
-Ерөнхийдөө макро эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Энэ хүндрэл хэд хэдэн нөхцөл байдлаас хамаарч байна. Тухайлбал, гадаад худалдааны бланс алдагдсантай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл үүссэн. Нөгөөтээгүүр дотоод эдийн засгийн оновчтой бус зарцуулалтаас хамаарсан хүндрэлүүд үүсээд байна гэж харж байна. Эдийн засагт нэг төгрөг олохоос нэг төгрөгийг зарцуулах нь хэцүү байдаг гэсэн онолын тодорхойлолт бий. Өөрөөр хэлбэл яаж төсвөө зарцуулж байна түүнээсээ хамаараад орлого нь тодорхойлогддог гэсэн үг. Тэр утгаараа улсын төсвийн зарцуулалтын хувьд манай улсын бүтэц том, данхар. Тиймээс үр ашиггүй зардал ихтэй, үрэлгэн болоод муу зардал өндөртэй явж ирсэн. Энэ байдлаас хамаараад саяхан Засгийн газраас санаачилж УИХ-аар Хэмнэлтийн тухай хуулийг баталсан байгаа. Энэ хууль цаг үеэ олсон сайн хууль. Харин одоо хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг сайн шаардах хэрэгтэй байна. Уг хуулийн хэрэгжилтийг хангах асуудал үнэхээр тааруу байна.
-Та муу зардал гэж хэллээ. Муу зардал гэхээрээ үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг хэлээд байна уу?
-Ер нь бол зардлыг сайн, муу гэж ангилж байх хэрэгтэй. Сайн зардал гэдэг бол буцаад эдийн засгийн үр өгөөжөө өгдөг зардал. Дээрээс нь эдийн засгийн өгөөжөө өгөхдөө мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр өгч байдаг зардлыг сайн зардал гэж ойлгож болно. Муу зардал гэдэг бол эдийн засгийн өгөөж битгий хэл нэмээд дараагийн зардлыг бий болгож байдаг. Тиймээс манай улсын төсөв батлагчид зардлаа сайн муугаар нь ялгаад аль болох муу зардал гаргахгүй, танах шаардлагатай. Ер нь бол макро эдийн засгийн түвшиндээ томоохон бүтцийг бий болгох хэрэгтэй. Энэ нь юу гэхээр эдийн засгийн зүй зохистой бүтцээ бид одоог болтол тодорхойлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хэдэн хувь нь мал аж ахуй вэ, хэдэн хувь нь хөдөө аж ахуй вэ, уул уурхай вэ гэдгээ бид тодорхойлох ёстой. Үүнийгээ тодорхойлж гаргаж ирээгүй учраас өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон. Дүгнэж хэлэхэд муу зардлуудаа багасгах, эдийн засгийн бүтцээ оновчтой болгох, гадаад худалдааныхаа тэнцлийг зохистой хангах хэрэгтэй байна. Нэн ялангуяа гадаад худалдаанаас хүндрэлүүд үүсээд байна гэж байна шүү дээ. Тухайлбал, хойд хөрштэйгөө харилцаж байгаа харилцаа түүнээс хамаарч шатахуун болон эрчим хүчний үнийн өсөлт яаж явагдаж байна. Манай улс худалдааны 90 орчим хувийг урд хөршөөс оруулж ирдэг. Тиймээс Хятад улстай харилцаж байгаа харилцаа, боомтуудын үйл ажиллагаанаас хамаарч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал шууд хамааралттай байна. Ийм нөхцөлд байгаа учраас эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд гадаад эдийн засгийн бодлогыг оновчтой болгох, хоёрдугаарт эдийн засгийн дотоод бодлогоо маш сайн боловсронгуй болгох шаардлагатай байна.
-Бензин, шатахууны үнэ улам л нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох ч эрсдэлтэй байна. Ирэх намар инфляц дахиад нэмэгдэх төлөвтэй гэсэн эдийн засгийн тооцоо гарлаа?
-Эдийн засгийг өөрийнхөө байшин гэж төсөөлж үзвэл тэрхүү байншингийн суурь нь маш бат бөх, чанартай байх ёстой. Гэтэл манай Монгол Улс суурь нь хэдийн ганхчихсан байшинд л амьдраад байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр үүссэн, маргааш бий болох хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд хамгийн түрүүнд сууриа тогтвортой, зөв, оновчтой болгох шаардлагатай байна. Бид сууриа янзлах хэрэгтэй байна. Тухайлбал, ДНБ-ээсээ давсан гадаад өртэй байна гэдэг бол энэхүү эдийн засгийн суурь өөрөө юу ч үгүй нурчихсан байна гэсэн үг. Тиймээс сууриа яаж дахин босгох уу, яаж бэхжүүлэх үү гэдэг асуудалдаа анхаарах цаг хэдийн ирчихсэн. Сууриа бэхжүүлэхийн тулд бүтцийн алдагдсан боломжуудыг яаж авчрах вэ гэдгээс эхэлж бодох ёстой байх. Мөн дотоодын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ хэрхэн яаж бодитой дэмжих ёстой юм бэ. Олон жил дэмжиж байна гэж явлаа. Одоо л яг бодит дэмжлэг хэрэгтэй байна. Дотоодын баялаг бүтээгчдээ дэмжиж чадаагүйгээсээ болоод эдийн засгийн дотоод эргэлт суларчихсан, бараг байхгүй болчихсон байна. Тиймээс эдгээр баялаг бүтээгчдээ дэмжиж, тэдний орлого нэмэгдэж байж эдийн засгийн сэргэлт бий болно.
-Улсын төсвийг олон тийш тараадаг байдал яалт ч үгүй улс төрийн тогтолцооны гажиг уу?
-Нуулгүй хэлэхэд манай улс төсвийн 76 захирагчтай болчихсон байна. Угтаа төсвийн захиран зарцуулагч нэг л байх ёстой. Төсвийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэсэн хоёр ангилалтай нэг зүйлийг ойлгоно. Гэвч 76 зарцуулагчтай болчихсон болохоор улсын төсөв 76 крантаар гоождог устай адилхан болчихсон байна шүү дээ. Улс төрийн тогтолцоо гэдэг бол эдийн засгийн тогтолцооны суурь. Гэхдээ улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо хоёр өөр хоорондоосоо салангид байх учиртай. УИХ-ын гишүүд бол төсөв захирдаг, зарцуулдаг хүмүүс биш.
-Тэгвэл улс төрийг эдийн засгаас яаж салгах ёстой юм бэ?
-Эдийн засгаа тусгаарлах ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтолцоог авч явах ёстой хоёр л том бодлого байдаг. Нэгд, мөнгөний бодлого, хоёрт төсвийн бодлого. Энэ хоёр том бодлого улстөрчдийн гарт оччихоор л эдийн засаг, улс төр хоёр холилдчихоод байгаа юм. Тиймээс сангийн бодлого, төсвийн бодлого хоёроо бие даасан хараат бусаар тусад нь гаргах шаардлагатай. Сонгуулийн ямар ч тогтолцоо төсөв рүү эрх мэдэл төвлөрүүлж орох гэсэн сонирхол хүсэл байдаг. Тиймээс сонгуулийн тогтолцооноос илүү эдийн засгийн эрх зүйн тогтолцоогоор үүнийг зааглаж өгөх хэрэгтэй. Дараа нь эдийн засгийн тогтолцоондоо тулгуурлаж сонгуулийн болон улс төрийн тогтолцоогоо өөрчилж явахгүй л бол эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай нөхцөл байдал хэзээ ч арилахгүй. Мөн макро түвшиндээ нөлөөлж байгаа нэг шалтгаан бол ард түмний амьжиргааны түвшин. Иргэдийн амьжиргааны түвшин доогуур байх тусам эдийн засгаас хамаарсан улс төрийн сонголтууд нэмэгдэнэ. Тиймээс амьжиргааны түвшинг өсгөж байж мөнгөний сонгуулийг багасгах боломжтой. Тиймээс иргэдийн амьжиргааг сайжруулж байж улс төрийн зөв сонголт бий болно.
-Эцэг хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг нийтээрээ ярьж байна. Таны хувьд өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Яг ямар өөрчлөлт оруулаасай гэж бодож байна вэ?
-Миний хувьд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ одоо яригдаж, хийх гээд байгаа өөрчлөлт нь буруу байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн болон эрх мэдлийн тогтолцоог тойрсон өөрчлөлт хийх гэж байгаа нь буруу. Суурь, тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тухайлбал, мерит зарчмыг энэ улс төр лүү оруулж өгөх шаардлагатай байна. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүн аймгийн иргэдийн хуралд нэгээс доошгүй удаа сонгогдсон байх ёстой. Аймгийн иргэдийн хуралд нэр дэвших гэж байгаа хүн сумын иргэдийн хуралд нэгээс доошгүй удаа сонгогдсон байх ёстой гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Ингэвэл улс төрийн тогтолцоо сонгуулийн тогтолцооноос үл хамаараад зөв болно. Аймгийн иргэдийн хуралд нэг удаа сонгогдсон улс төрч гэдэг бол тухайн аймаг, орон нутгийнхаа иргэдийн амьдралыг мэддэг хүн гарч ирнэ гэсэн үг. Амьдрал мэддэг хүн улс төрийг эдийн засагтай хольж хутгаад байхгүй. Үндсэн хуулиндаа ерөөсөө ийм л өөрчлөлтийг хийгээд өгчихвөл ёстой ард түмний хүссэн улс төрчид, улс төрийн тогтолцоо бий болно.
-Та Ардчилсан намын гишүүн. Тэр утгаараа танай намын хагарал эцэслэх болж байна уу. Саяхан бүлгийн даргаа огцруулчихлаа. Цаашид энэ нам нэг цул болж сонгуульд оролцох уу. Оролцоод ялалт авч чадах уу?
-Ардчилсан нам бол нэг бүхэл цул хэвээрээ л байгаа. Нам гэдэг бол гишүүд. Тэр утгаараа ардчилсан нам 200 гаруй мянган гишүүнтэй Үндэсний том нам. Намын дийлэнх олонх буюу 80 гаруй хувь нь нэг талдаа байгаа. Үлдсэн 10 гаруйхан хувь нь хоорондоо талцаж, хагаралдаж, энэ намыг хоёр хуваасан мэт харагдуулах үйл ажиллагаа хийгээд байгаа болохоос биш өнөөдөр ардчилсан нам нэг цул бүхлээрээ байгаа гэдгийг жирийн гишүүний хувьд дахин хэлье. Улс төрийн намын тухай хууль гэж байдаг л юм бол тухайн нам олонхынхоо шийдвэрээр аливаа асуудлаа шийдээд явах ёстой. Гэтэл үүнийг алдагдуулаад байгаа хэсэг хүмүүсийн улс төрийн сонирхол, эдийн засгийн эрх ашиг гэх мэт олон зүйлүүд байна. Энэ бүхэн тийм ч хол явахгүй байх гэж бодож байна.
АНУ-ын Массачусетс мужийн Новартисын Биоанагаах ухааны судалгааны хүрээлэнгийн (NIBR) Нүд судлалын тэнхимийн генийн эмчилгээний тэнхимийн ахлах эрдэмтэн Эрдэнээгийн Элбэгдүүрэнтэй ярилцлаа.
-Станфордын их сургуульд биологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол төгсөгч болсон танд баяр хүргэе. Эрдмийн зэргээ хэдий хугацаанд суралцаж, судалгаа хийж хамгаалсан бэ?
-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдад алс холын Америкийн нэгдсэн улсаас энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2017 оны намар АНУ-ын Станфордын их сургуулийн Биологийн тэнхимийн докторантурт элсэн орж нийт таван жил суралцан 2022 оны хавар Биологийн шинжлэх ухаанаар докторын зэргээ хамгаалсан.
-Таны судалгааны сэдвийн онцлог, зорилго юу вэ?
-Миний мэргэшиж буй судалгааны чиглэл нь Синтетик биологи болон Био-инженерийн салбарт хамаарна. Синтетик биологи нь судалгааны ба эмийн зориулалтаар эсийг программчлах, үйл ажиллагааг нь өөрчлөх, шинэ молекул зохион бүтээх зэрэг зорилготой салбар бөгөөд сүүлийн жилүүдэд эрс хурдтай хөгжиж буй шинжлэх ухааны салбар юм. Тэр дотроо, aливаа организмын эсийн түвшинд гарч буй өөрчлөлтийг судлах молекулын шинэ арга, аргачлалыг зохион бүтээх нь миний судалгааны зорилго юм. Жишээ нь докторынхоо судалгааны үр дүнд LuCID гэж нэртэй аргачлалыг бүтээсэн. Энэ нь эсийн кальцийн хэмжээ өндөр түвшинд буйг илрүүлэх чадвартай синтетик хэлхээ юм. Энэхүү аргачлалаар эсийн төрлийг судлах боломжтой бөгөөд жишээ нь тархины/мэдрэлийн эс нейрон эсвэл зүрхний эс кардиомиоцитууд зэрэг нь хэрхэн ажиллаж буйг олж мэдэхэд ашиглах юм.
-Хэрхэн Станфордын их сургуульд элссэн бэ?
-Принстоны их сургуульд бакалаврын хөтөлбөрөө Молекулын биологийн чиглэлээр төгсөх үедээ Станфордын их сургуулийн Биологийн шинжлэх ухааны докторантурт суралцах урилга авсан. Дэлхийн шилдэг сургуулиудын докторантурт тэнцэн ороход академик үзүүлэлтүүд сайн байхаас гадна судалгаа хийх авьяас, чадвар их чухал байдаг. Би бакалаврт сурч байхдаа Биохими, бүтцийн биологийн чиглэлээр бие даасан судалгаа хийж туршлага хуримтлуулсан байсан. Харин докторантурт элсэж ороод Био-инженерчлэлийн салбарыг сонирхон тэр чиглэлд судалгаагаа хийхээр шийдсэн. Мэдээж өмнөх судалгааны чиглэлээ өөрчилж, шинэ ур чадваруудыг түргэн хугацаанд эзэмшиж докторын судалгаагаар уг салбартаа цоо шинэ хувь нэмэр оруулах нь надад том сорилт байсан.
-Магистр, бакалаврын зэргээ хаана ямар мэргэжлээр дүүргэсэн бэ?
-Бакалаврын зэргээ Молекулын биологийн чиглэлээр голлон, Тархи, мэдрэл судлалын салбарт хавсран мэргэшиж төгссөн. АНУ-д байгалийн ухааны нэлээд салбарт магистрын зэрэг шаардахгүй бакалавраас докторантурт элсэн суралцах боломжтой байдаг тул би шууд докторын хөтөлбөрт хандаад тэнцсэн.
-Та 2017 онд Принстоны Их сургуулийг молекулын биологийн мэргэжлээр төгссөн гэлээ. Мэргэжил болоод сургуулийнхаа тухай ярьж өгөөч…
-Бакалаврын судалгаагаа Биохими болон бүтцийн биологийн чиглэлээр хийсэн. Ингэхдээ эсийн хуваагдлын түвшинд чухал үүрэгтэй нийлмэл уургийн бүтэц, үйл ажиллагааг судалсан. Эргээд бодоход дэлхийн топ сургуулиудын нэг Принстонд суралцаж байсан үе маань миний амьдралын хамгийн дурсамжтай жилүүд байсан. Гайхалтай эрдэмтэн профессорууд бас маш авьяаслаг хүүхдүүдээс их зүйлийг сурсан. Принстоны их сургууль миний сэтгэлгээний цар хүрээг их тэлж, аливаа зүйлийг бүтээлч, шүүмжит олон талаас нь эргэцүүлэх чадварыг өгсөн гэж боддог. Төрөлх сургуулиасаа олж авсан ур чадварууд цаашид шинжлэх ухааны судалгаа хийх амтыг мэдрүүлж ирээдүйн карьерт хөтөлсөнд их баярлаж явдаг.
-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?
-Ахлах сургуульд сурч байхдаа нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийг сонирхож ялангуяа философид их дуртай байсан. Тиймээс би Принстонд ирээд хэд хэдэн гүн ухааны чиглэлийн хичээл судалсан. Ялангуяа хэл шинжлэл, математик болон бусад шинжлэх ухааны логикийн үндэс нь болдог Аналитик философийн хичээлд их дуртай байсан. Мэдээж либерал арт хөтөлбөрийн давуу тал нь суралцагч өөрийн сонирхсон чиглэлээр ямар ч хичээлийг судлах нь нээлттэй байдаг тул молекулын биологийн чиглэлээр хичээлүүдийг судалж Розалинд Франклины намтар, түүхийг их уншиж гайхамшигт эмэгтэй шиг болохсон гэсэн хүсэл мөрөөдөл төрдөг байсан. Английн эрдэмтэн Франклин нь ДНХ–ын молекулын бүтцийг судалж нээлт хийхэд маш том хувь нэмэр оруулсан хүн гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Тэгээд философид татагдсан хүслээ шинжлэх ухааны карьерээр сольж Молекулын биологиор мэргэшихээр сэтгэл шулуудсан.
-Хэдэн оноос гадны оронд суралцаж, амьдарч байна вэ?
-2006 онд ээж маань докторантурт суралцахаар бид гэр бүлээрээ АНУ-д ирж байсан. Би тэр үед 11 настай байсан. Түүнээс хойш бага, дунд, ахлах сургууль, их сургууль гээд бүхий л шатны боловсролыг энд эзэмшсэн.
-Тэгэхээр англи хэлийг багаасаа сурчээ…
-Тийм ээ, анх АНУ-д ирэхдээ би англи хэлээр ярьж чаддаггүй байсан. Англи хэлийг богино хугацаанд
сурахын тулд эх хэл дээр нь ном их уншдаг байсан. Манай сургуульд, бидний амьдарч байсан хотод нэг ч монгол хүн байдаггүй байсан тул би англи хэлээр аль болох хурдан ярьж, ойлгож сурах хэрэгтэйг мэдэрсэн.
-Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэхэд тань юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Хүүхдийн боловсролд гэр бүл, эцэг эхийн дэмжлэг, оролцоо их чухал гэж боддог. Аав, ээж хоёр маань намайг хаана ч гологдохгүй боловсролтой хүн болгохын төлөө бүхий л боломж, цагаа зориулсан. Шилдэг сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэй суралцахын тулд элсэлтийн шалгалтуудын оноо өндөр байхаас гадна олон талын авьяас чадвартай, өв тэгш (англиар well-rounded) элсэгч байх хүлээлт байдаг. Би тийм л шаардлага, хүлээлтийн дагуу хичээлийнхээ хажуугаар хийлийн оркестртоо явах, төгөлдөр хуур хөгжмөө давтах, Model UN–ийн хурал, мэтгэлцээний клуб, олимпиад гээд хичээлээс гадуурх олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Ахлах сургуульд байхад надад чөлөөт цаг бараг гардаггүй байсан. Ээжийгээ дагаад амралтын өдрүүдэд номын санд сууна. Ээж маань нийгмийн ухааны салбарт АНУ-д докторын зэргээ хамгаалсан, одоо МУИС-д багшилдаг. Аав маань ч боловсролын чухлыг маш сайн ойлгодог, дэмжиж, хэцүү асуудал тулгарахад сэтгэлийн хүч их өгдөг байсан. Докторын зэргээ авахад аав маань харж чадаагүйд их харамсдаг. Намайг амжилтад хүрнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй аавтай байсандаа өөрийгөө их азтайд тооцдог.
-Эх орондоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ, та аль нутгийн хүн бэ?
-Би эх орондоо жил бүр зуны амралтаараа очдог. Өнгөрсөн зун очоод ирсэн. Би Өмнөговь аймагт төрж өссөн. Говьд эмээтэйгээ (ээжийн) бага насаа өнгөрүүлсэн. Аавын ээж аав, ээжийн талын хамаатнууд бүгд говьд амьдардаг.
-Гэр бүлд нь анагаах, биологийн чиглэлийн мэргэжилтэн байдаг уу?
-Ээжийн ээж маань эм зүйч мэргэжлээр олон жил ажилласан хүн байдаг. Бага байхад эмээ минь намайг ажилдаа байнга дагуулж явдаг, эмээгийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлдэг байсан даа.
-Одоо хаана ажиллаж амьдарч байгаа вэ?
-Ажил амьдралын гараагаа Новартис гэдэг Швейцарьт төвтэй том эмийн компанийн АНУ-ын Массачусетс дахь Судалгаа, хөгжлийн (R&D) институцид эрдэм шинжилгээний ахлах судлаачаар (Senior scientist II) эхэлнэ. Тэнд нүдний ноцтой дегенератив эмгэг өвчнийг анагаах генийн шинэ эмчилгээг нээх төсөл дээр ажиллана.
-Дараагийн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай хуваалцаач…
-Цаашид биотехнологийн салбарын судалгааны чиглэлээр ажиллаж их зүйлийг сурч, туршлага хуримтлуулан дэлхийн олон сая хүний сэтгэлийг түгшээсэн ноцтой эмгэг өвчнүүдийг анагаах эмнэлзүйн шинэ арга, аргачлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэсэн итгэл, зорилготой явдаг.