Categories
мэдээ нийгэм

БНСУ руу хувийн байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаггүйг анхаарууллаа DNN.mn

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Манай улсын ХНХЯ БНСУ-тай хөдөлмөр эрхлэлтийн талаар хамтран ажиллаж байна. Тодруулбал, тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны гэрээг байгуулж, энэ дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Иймд БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй болохыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна. БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбоотой мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан дэлгэрэнгүй байдлаар авах боломжтой аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Дэмбэрэлдорж: “МОZO”-гоороо чинээлэг, дундаж давхаргын монголчуудыг бүтээнэ DNN.mn

– “Барс моторс”-ынхон цахилгаан машин үйлдвэрлэж, хүнд аж үйлдвэрлэлийн хөгжлийг эхлүүллээ –


Монгол залуус ковидын хямралтай өнгөрсөн хоёр жилд таван тэрбум төгрөг босгоод машины үйлдвэр байгуулчихаж. Виртуал орчинд 600 хүнээс мөнгө босгож байгуулсан үйлдвэрийг нь өнгөрсөн бямба гарагт зорьж очлоо. Долоон буудлаас 800 метр явахад л андашгүй юм, “Bars motors” гэсэн бичигтэй томоо саарал байшин дүнхийж байна. Үйлдвэрт олимпийн цагаригийг бэлгэдсэн таван өнгийн цахилгаан машин эгнүүлжээ. “ГЕРО” буюу /Great Electric Renewable Orbit/ цахилгаан машин нь 1000 километрт 20 мянган төгрөгийн цахилгаан зарцуулах юм байна. Харин тэд энэ удаа бензин болон цахилгаан хос хөдөлгүүрт машин “MOZO X” автомашинаа үйлдвэрээс гаргажээ. “MOZO X”автомашин нь “УАЗ 469” автомашиныг орлохуйц бат бөх болсон гэдгээрээ онцлогтой аж.

Цахилгаан машинуудын нөгөө талд дизель хөдөлгүүртэй машинууд харагдана. “Барс моторс”-ынхны зах зээлд гаргасан анхны MOZO загварын автомашин нь өвөл гараажид хийх шаардлагагүй, дүн өвлийн хүйтнээр гадаа хонуулчихаад ганц дараад асдаг гэх мэт давуу талаараа монголчуудад танигджээ. Товчхондоо “Барс моторс” компанийн бүтээсэн гурван төрлийн машиныг үйлдвэрийнх нь байрнаас худалдан авах боломж бүрдсэн гэж хэлж болно. Тэд тун удахгүй БНСУ руу тансаг зэрэглэлийн машин экспортлохоор төлөвлөжээ. БНСУ-аас LOTTE гэх мэт том хөрөнгө оруулагчдыг татаж чадсан нь гадаадын хөрөнгө оруулалтгүй шахам болчихсон эдийн засагт таатай мэдээний нэг байв. Олон улсын тансаг машины зах зээл дээр өрсөлдөх алсын амбицтай “Барс моторс” компанийн удирдлагууд Инчёны нисэх буудал дээр нэрийн кафегаа нээжээ. Цаашдаа дэлхийн томоохон нисэх буудлуудад Монголынхоо үндэсний брэндүүд, шинээр гаргасан автомашинаа сурталчилсан кафенууд нээхээр болж. Шинээр гаргасан MOZO X машин захиалбал хоёр долоо хоногт үйлдвэрлээд гаргаад өгчих боломжтой гэнэ. “Барс моторс”-ын байгуулсан үйлдвэрийг сонирхсоны дараа “Монгол залуус хүнд аж үйлдвэрлэлийг амжилттай эхлүүлжээ. Ийм том төсөл эхлүүлсэн залуусаа төрөөс татварын бодлого, бизнесийн орчноор дэмжээд өгвөл автомашины экспортоос доллар олох боломж холгүй юм байна” гэсэн өөдрөг бодол төрснөө хуваалцъя.


“Барс моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлдоржтой ярилцсанаа уншигч танд хүргэе.


-Танай компани эх орондоо автомашин үйлдвэрлэж, хэрэглэгчдэд танилцууллаа. Олон нийт ч таатай хүлээж авч байна. Машин үйлдвэрээс гарч, олон нийтэд танилцуулах хүртэл урт замыг туулсан байх. Тэр түүхээс чинь ярилцлагаа эхэлье?

-Машин үйлдвэрлэл бол хүнд аж үйлдвэрийн салбар. Манай улсын хувьд цоо шинэ үйлдвэрлэл. Тийм ч учраас биднийг анх эхлэхэд хүмүүс чадахгүй, бүтэхгүй гэдэг хандлагатай байсан. Машин үйлдвэрлэлийн хувьд эхлээд спорт загварын, тансаг зэрэглэлийн машин бүтээж тэндээс олсон ашгаараа масст зориулсан дунд загвар руу ордог жишиг бий. “Тесла” ч энэ замаар явсан. Харин Монголд бол ингэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, 200 сая төгрөгийн машин хийлээ гэхэд худалдаж авах боломжтой хүн тун цөөхөн. Тиймээс бид чинээлэг, дундаж давхаргын монголчуудыг бий болгох үүднээс “MOZO” брэндээ бүтээхээр шийдсэн юм. Анх БНХАУ-ын Ханжоу хотод хятад компаниас 36 сая ам.долларын зээл авч, 25.000 машин угсрах үйлдвэр барьж байлаа. Ингээд эхний ээлжинд “MOZO” загварын 100 машин үйлдвэрлээд хоёрыг нь Монголд оруулж ирсэн. Гэтэл манайхан ухрах камергүй, люкгүй юм байна гэсэн шүүмж өрнүүлсэн. Тиймээс үлдсэн машинууддаа люк болон ухрах камер суурилуулж, мөн хальтиргаанаас хамгаалах систем нэмсэн. Ингэсний эцэст японыг гүйцэхгүй ч солонгосоос илүү чанартай машин болж чадсан л даа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд MOZO загварын машины тухайд өвөл гараажинд тавих шаардлагагүй. Гэрийнхээ гадаа хонуулаад өглөө нь нэг дарахад л асдаг давуу талтай. Манай компанийн хувьд үйлдвэрлэсэн машинаа борлуулаад л ковидтой золгосон. Хоёр жил зогсонги байдалтай байлаа. Гэхдээ бид энэ хугацаанд зүгээр суугаагүй. Машин хөгжүүлэлт дээр ажиллалаа.

-Цахилгаан машин хөгжүүлэлтээ Монголдоо хийсэн үү, эсвэл гадаадад хийв үү?

-Монголдоо хийсэн. Цар тахал удаан хугацаанд үргэлжилсэн учраас Хятадад байгаа үйлдвэрээ ажиллуулна гэдэг мөдгүй болсон. Ийм шалтгаанаар Монголдоо жижиг ч гэсэн үйлдвэр барья гэж бодсон юм. Монголчуудаасаа хөрөнгө оруулалт татаж 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Анхны бүтээгдэхүүн маань 100 хувь цахилгаан “ГЕРО” /Great Electic Renew­able Orbit/ гэх загвар. “ГЕРО” машины туршилтын замын нийт зай 50.000 гаруй км-т хүрсэн.

-Дотоодод хийгдэж байгаа үйлдвэрлэл нь сонирхол татаж байна. Машиныхаа яг юуг нь Монголдоо үйлдвэрлэж байгаа вэ?

-Бензин болон дизель хөдөлгүүрт машин 3000 гаруй эд ангиас бүрддэг бол цахилгаан машин 30 гаруй эд ангиас бүрддэг. Эдгээр эд ангийн 50 орчим хувийг дотоодод үйлдвэрлэх боломжтой. Одоогоор дотоодын 10 гаруй компани 20 орчим хувийг нь үйлдвэрлэж байна. Жишээ нь анх суудлын бүрээс хийдэг байсан бол одоо суудлын системийг тэр чигээр нь хийж байгаа. “ГЕРО” /Great Elec­tric Renewable Orbit/ машины хувьд cуудлын систем, дотор интерьер, нарны тэжээлийн систем тэр чигээрээ Монголд үйлдвэрлэгдсэн. Мөн дулаалгын материалуудыг дотооддоо үйлдвэрлэдэг. Цаашдаа машины шил, урд хойд гупер хийдэг болох гэж байна. Нэг зүйлийг онцлоход машиныг нэг үйлдвэр дангаараа бүтээчихдэггүй. Түүнчлэн авто машины салбар хамгийн олон ажлын байр бий болгодог. XX зууны эдийн засгийн гол хөдөлгүүр гэхэд л авто машины салбар байсан. АНУ, Герман, Итали, Франц, Япон, Хятадын эдийн засгийг дангаараа авч явсан салбар. Хүнд үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээ бий болгож байж салбарын олон тооны компанийг төрүүлдэг. Монгол Улс эдийн засгийн хямралын энэ үед экспортын орлого олох нэн шаардлагатай байгаа. Тиймээс автын салбар Монголд хүнд аж үйлдвэрийн ногоон болон цахилгаан хувьсгалыг эхлүүлж дахиад 10’000 орчим ажлын байр бий болгох боломжтой цорын ганц салбар юм. Түүнчлэн уул уурхайгаас төмрийн хүдэр, зэс боловсруулах үйлдвэрүүдийг дагаад бид цахилгаан автомашины их бие, баттерейн үйлдвэрлэлд БНХАУ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой.

-Тэр ч тийм шүү, танай компанийн автомашины үйлдвэрлэлийг дагаж хүнд аж үйлдвэрийн олон компани төрнө гэж харахаар таатай санагдаж байна. Ингэхэд цахилгаан машин Монголд тохирохгүй гэсэн яриа дуулддаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Цахилгаан машины хувьд европчууд, хятадууд, японууд ч хэлдэг, 100 хувь цахилгаан машин Монголд тохиромжгүй гэж. Танайд цэнэглэх дэд бүтэц байхгүй, дээр нь маш хүйтэн, улсаас чинь бодлогоор дэмждэггүй гэх мэт шалтгаан хэлдэг юм. Үнэн л дээ, Хятадад цахилгаан машин худалдаж авахад улсаас нь мөнгө өгдөгөөс гадна цэнэглэх дэд станцуудыг нь байгуулж өгдөг. Манайд ийм дэмжлэг байхгүй ч бид Монголынхоо цаг агаарын нөхцөлд тохирсон маш сайн цахилгаан машин хийж чадсан. Хөдөө орон нутгаар танилцуулаад явсан. Монголын хаана ч ямар ч нөхцөлд ажрахгүй гэдгийг туршилтаар нотолчихсон. Туршилт зуун хувь амжилттай болсныг энэ дамшрамд онцолж хэлмээр байна. Хөдөө орон нутгаар явж хийсэн танилцуулга маань нэлээд амжилттай болсон учраас бид хөрөнгө оруулалтаа тэлж, 5000 орчим машин угсрах, үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр ашиглалтад орууллаа. Манай машины нэг онцлог нь нарны батарейгаар кабин, суудал нь хална. Цахилгаан машиныг эмэгтэйчүүд голдуу барьдаг, хүүхэд хөгшдөө зөөх хэрэг гардаг гэдэг утгаар кабины дулаан их чухал. Мэдээж суудал дулаан байх нь хүйтний улиралд маш чухал.

-Танай үйлдвэрийн MOZO-X-ын эд ангиуд аль улсаас орж ирж байна вэ?

– Энэ загвар маань ихээхэн онцлогтой. Ерөөсөө евро стандарттай гээд хэлчихэд болно. “МОZO-Х”-ийн бүх эд ангийг Европоос татаж байгаа. Хятадаас эд анги, сэлбэгийн хувьд хамааралгүй болчихож байна гэсэн үг. Бид энэ зун сэлбэгийнхээ тээврийн туршилтыг нэлээд сайн хийж чадлаа. Беларусь улсад эд анги, сэлбэгээ төвлөрүүлсэн учраас үйлдвэрлэлийн явцад ямар ч асуудал гарахгүй. Түүнчлэн бид бүх эд ангидаа баталгаа өгч байгаа. Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлогтой юм.

-Цахилгаан машины хувьд анхаарах гол зүйл юу вэ. Ер нь туршилтыг хэрхэн хийв?

-Цахилгаан машины батарейг 0 градуст хүргэж болохгүй. Тэгвэл цэнэг авах боломжгүй болно. Доод тал нь +5 градусын температуртай газар байлгах ёстой. Туршилтын хувьд бид Монголд нэлээд хэцүү замуудаар хийсэн учраас энэ загвартаа нэлээд найдлага тавьж байгаа. Нөгөө талаар “МОZO-Х” сум орон нутгийнханд хамгийн тохиромжтой, тав тух сайтай унаа гэдгийг онцолмоор байна. Хилийн цэрэг, цагдаа, сумдын эмнэлгүүд, уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст бензин бага иддэг, бат бөх, тав тухтай машин хэрэгтэй. “МОZO-Х” загвар энэ бүх шаардлагыг хангаж байгаа нь бидний гол давуу тал л даа.

-Манай улс цахилгаан машин цэнэглэх дэд бүтцийн хувьд тааруухан. Энэ бэрхшээлийг та бүхэн яаж шийдэхээр тооцоолсон бэ?

-Хэрэглэгч 4-5 жил бензинд зарцуулах мөнгөөрөө манай цахилгаан машиныг авах боломжтой. Цахилгаан машины батарейг 220 вольтод цэнэглэнэ. Тусгай цэнэглэгч шаардлагагүй. Хэрэв орон нутгаас нийслэлд орж ирээд богино хугацаанд цэнэглэх боломжгүй тохиолдолд манай үйлдвэрт хандахад бид богино хугацаанд цэнэглээд өгөх боломжтой.

-Дахин нэг шинэ загвар гаргахаар ажиллаж байгаа гэж дууллаа. Тэр талаар тодруулахгүй юу?

-Энэ оны сүүлчээр сэлгэмэл мотортой “МОZO E VISION” загварыг танилцуулахаар ажиллаж байна. 100 хувь цахилгаан, нэг бол 100 хувь бензин мотортой загвар.

-Үйлдвэрлэсэн автомашинаа БНСУ руу экспортлохоор зорьж байгаа гэв үү?

-БНСУ-д машинаа экспортлохоор зорьж байгаа. БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөж чадвал Зүүн Өмнөд Азид хөл тавьж чадна гэсэн үг.

-Тэгвэл танай бүтээгдэхүүн солонгос машинтай өрсөлдөх нь ээ?

-Үгүй. Арай өндөр үнэтэй. Солонгост зах зээл дээр борлуулагдаж байгаа гадны машинуудтай өрсөлдөх зорилготой. Өөрийнх нь үндэсний биш гадаад машин унадаг сегментүүд Солонгост бий. Тэр хэсэг рүү чиглэх юм.

-Танай үйлдвэрийг таван тэрбум төгрөгөөр боссон гэж сонслоо. Ахиад хөрөнгө оруулалт шаардлагатай юу?

-Цаашид ахиад таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Жишээ нь, будгийг бид гараар хийдэг. Уг нь роботоор хийх ёстой. Энэ мэтчилэн шинэчлэх, сайжруулах зүйлс бий. Манайх жижиг үйлдвэр учраас хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирох тал дээр нэлээд анхаардаг. Жишээ нь, “МОZO Х” гэхэд л мөнгөн тоногтой үйлдвэрлэгдэж байгаа. Захиалагчийн төрсөн жил, орд, эсвэл дуртай амьтныг хүрдэн дээр нь цэвэр мөнгөөр урлаж өгөх юм. Бидний хувьд масс үйлдвэрлэл рүү ороод том улсуудтай өрсөлдөж чадахгүй. Аль болох тансаг чамин зэрэглэлийн машин үйлдвэрлэл дээр өрсөлдөж л гадаад зах зээл рүү орох боломжтой гэж харж байнэ. Нэг зүйлийг онцлоход “Барс моторс”-ынхны бусад компаниас ялгарч байгаа гол зүйл бол хурд болон зориг. Ер нь Монгол орны цаг агаар, дэд бүтэц, түлшний чанар, жолооч нарын авто машин унаж сурсан байдал гээд олон зүйл авто машины чанарыг маш сайн шалгаж өгдөг л дөө. Тэр утгаараа манай улсын нөхцөлд шалгарсан брэндийн машин гэвэл маш цөөхөн. Үүнээс улбаалж, бид МОZO-г Монголд шалгарсан машин гэдгээр гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Made in Mongolia” гэдгээр тогтохгүй “Монголд шалгарсан” гэсэн тодотголыг дэлхийд таниулж, олон улсын машины зах зээл дээр өрсөлдөнө.

-Сонирхолтой өнцөг байна шүү?

-Манайд аялсан жуулчид Монголын замыг мэднэ шүү дээ (инээв).

-Үндэсний үйлдвэрлэлд хамгийн гол нь дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа хүнд аж үйлдвэрлэлийн салбарыг улсаараа дэмжиж байж босдог онцлогтой шиг санагддаг. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Машин бол хүнд аж үйлдвэрийн нэг том салбар. Монголд урд нь ийм үйлдвэрлэлийг хэн ч хийж байгаагүй. Би Монголд хувьчлагдсан аж үйлдвэрийг аваад дахиж ажиллуулж байгаа хүн биш. Цоо шинэ салбарыг нээж, шанг нь татаж байгаа учраас мөс хагалсан хэрэг. Тэр ч утгаараа бизнесээ эхэлсэн эхний гурван жилд хүмүүсийн дунд итгэхгүй, эргэлзэх хандлага хүчтэй байсан. Харин одоо нэг үеэ бодвол харьцангуй ойлгодог болж байна. Монгол Улсын хүн амын хувьд тархай бутархай 300 гаруй засаг захиргааны бүтцэд хуваагдаж амьдардаг. Хүн амын ирж очих хөдөлгөөн гэж бий. Үүнийг нийтийн тээвэр дангаар шийдэх боломжгүй. Тэр утгаараа автын хэрэглээ маш өндөр. Тийм болохоор монголчуудын хамгийн их мөнгө зарцуулж яваа бүтээгдэхүүнийг эрэмбэлж үзвэл дизель болон бензин түлшний араас хоёрт авто машины хэрэглээ ордог. Автомашины хэрэглээндээ жилдээ 500 сая төгрөг зарцуулдаг тооцоо байна. Дотоодын хэрэглээг чамлаж болохгүй. Жилдээ доод тал нь 50-70 мянган машин импортолдог гээд та бод доо. Ийм нөхцөлд нэг компани жилд 5000 машин үйлдвэрлэдэг болчиход л Төв Азидаа том компанидаа тооцогддог болно.

Автын салбарыг дангаараа нэг хүн, нэг хэсэг хүмүүс босгодоггүй онцлог бас бий. Манай компани Хөгжлийн банкнаас гурван жилийн өмнө зээл хөөцөлдөж байсан. Боломжгүй гээд л гаргаж байсан. Одоо бид Монголын ард түмнээс тусламж хүсч байгаа юм. Үндэсний үйлдвэрээ дэмжээч, бидний үйлдвэрлэсэн машиныг худалдан авч хэрэглэгч болооч гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Бидний тооцооллоор 100 орчим машин борлуулахад энэ оны эцсээр 500 гаруй, 300 орчим машин борлуулвал 1000 гаруй ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй байна. Сум бүрт нэг машин борлууллаа гэхэд 1000 гаруй цоо шинэ ажлын байр бий болох боломжтой гэсэн үг. Цаашлаад зөвхөн автын салбарыг дагнасан 20 орчим компани бий болно. Энэ бол эдийн засагт үзүүлж буй маш том нөлөө.

-Зөвхөн худалдан авалтаас гадна татварын хөнгөлөлт зэргээр дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үндэсний үйлдвэрлэгчид ярьдаг. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Зуун хувь санал нэг байна. Төрөөс цахилгаан авто машин дээр дэмжиж эхэлж байна л даа. Бензин машин худалдаж авахаа больчихлоо. Цахилгаан болон хайбрид, түлш бага иддэг машин ав гэдэг шийдвэр гаргаж байна. Энэ бол том дэмжлэг. Нөгөө нэг чухал дэмжлэг бол татварын бодлого.

Бид машин үйлдвэрлэхээр хөгжүүлэлт туршилт хийж, газар авч дэд бүтэц, үйлдвэр барьж, ажилчдаа сургаж, цалин тавьж, нийгмийн даатгал, татвар төлсний эцэст бүтээгдэхүүн гаргадаг. Түүнийгээ борлуулсны дараах орлогын албан татвар нь машин оруулж ирж зарж байгаа хүмүүстэй яг адилхан байх жишээтэй.

-Цахилгаан машин үйлдвэрлэчихээд зарахдаа импортын машинтай адил хэмжээний орлогын албан татвартай гэж үү. Ингэхээр хүнд аж үйлдвэрлэл яаж хөгжих вэ дээ.

-Яг адилхан татвар авдаг. Зүй нь хүнд аж үйлдвэр хөгжүүлэхэд татварын асуудал хамгийн чухлаар тавигдах ёстой. Та өнөөдрийн томоохон компаниудын хийдэг ажил чигийг нэг анзаараад үзээрэй. Импортын бизнес хийдэг компаниуд л том байгаа. Юм савлаж оруулж ирээд л шошго наагаад л болоо. Улаанбаатарын хамгийн гоё, том обьектууд бүгд импортын компаниудын мэдэлд байна шүү дээ. Экспорт хийж байгаа компаниудын оффис ямар билээ. Экспортоо байя гэхэд автын салбар дээр гэхэд эд анги хийж байгаа жижиг цехүүд Баянхошуу, Орбит, Амгалан, Улаанхуаранд подвальд л байгаа байхгүй юу. Нэг ёсондоо, үндэсний үйлдвэрлэл хатавчинд суугаад, импортын бизнес хойморт гарчихсан ийм л цаг үе байна.

-Цар тахлын үеийн эдийн засгийн хямралын үед дотоодын маш олон үйлдвэр хаалгаа барьсан. Харин танай компани хямралыг сөрж зогсч чадсан нь талархууштай юм?

-Бид монгол хүмүүсийг залхуу хойрго л гэдэг. Машин тэрэгтэй холбоотой зүйл дээр монгол эрчүүд нүд нь сэргээд амралтгүй ажилладаг. Машины үйлдвэрт нэг эд анги хийдэг компанитай болчихвол нэг залуугийн гэр бүл, амьдрал тэр чигээрээ шийдэгдчих гээд байгаа юм. Ийм хүсэл эрмэлзэлтэй залуус машины үйлдвэр дээр цугладаг юм билээ. Одоо тэд маань гарч ирж байна. Бүгд тал талд хийж байгаа бүтээгдэхүүнээ нийлүүлээд бүтээл гаргачихаар баяртай байдаг. Тэгэхээр бид “МОZО”-г дангаараа хийгээгүй. Энэ утгаараа хямралын үед энэ брэнд найдлага өгсөн. Яг хямралын үед хөрөнгө оруулалт хийсэн, бизнесээ хумиагүй. Монголд бизнес босгоход гурван хүчин зүйл бий. Дотоодын хөрөнгө оруулагч нар, сайн менежменттэй санхүүгийн сахилга баттай компани, дээр нь хэрэглэгчид чухал. Энэ гурав байж үндэсний үйлдвэрлэл босно. Одоо дахиад экспортын чиг баримжаатай 100 орчим компани Монголд шинээр бий болох хэрэгтэй. Ийм гарааны компаниуд бий болоход бодлогын дэмжлэг хэрэгтэй байна л даа. Ер нь компани бий болгоход гурван зүйл анзаарагддаг юм байна. Эдийн засгийн орц гэж үзүүлэлт бий. Үүн дотор технологи, түүнийг эзэмшсэн хүн, тэр бүтээгдэхүүнийг санхүүжүүлсэн санхүү гурав багтдаг. Хоёр дахь хүчин зүйл нь гаднаас технологи оруулж ирээд түүнийгээ нутагшуулаад эзэмшсэн хүн, технологи хоёр. Гурав дахь хүчин зүйл нь нийлүүлэлт талд нь буюу үйлдвэрлэлд, эсвэл эрэлт талд буюу худалдаж авахад бага хүүтэй санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Ингэвэл технологи дээр суурилсан бизнес босоод ирэх боломжтой.

-Машин үйлдвэрлэл бол хүн бүр барьж аваад явуулах бизнес биш. Та хэр шантарч байна?

-Харин ч эсрэгээрээ надад өнгөрсөн гурван жилийн хугацаанд найдлага төрсөн шүү. Зөв салбарыг барьж авсан юм байна гэж бодож байгаа. Манайд 600 орчим хүн хөрөнгө оруулалт хийсэн. Хөвсгөлийн төрийн байгууллагын нэг ажилтан, Булганы нэг малчин, Өвөрхангайн нэг дэлгүүрийн эзэн, их сургуулийн багш гээд нэрлэж болно. Гэхдээ тэдний дунд нэг ч улстөрч, нэг ч том бизнесмэн байхгүй. Тэгэхээр монгол хүний дотор үндэсний үйлдвэр маань босчихоосой гэсэн хүсэл эрмэлзэл оршсоор яваа нь харагдаж байгаа юм. Энэ 600 орчим хүний итгэл, “Барс моторс” гэж үндэсний компанийнхны сэтгэл зүтгэл хоёр дээр босч ирж байгаа бүтээгдэхүүнийг орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагууд, хувийн хэвшлүүд, аймаг орон нутаг, сумдын удирдлагууд аваад хэрэглэвэл бидэнд их л дэмтэй тустай байна.

-Танайд хөрөнгө оруулсан хүмүүс ямар байдлаар өгөөж хүртэнэ гэсэн үг вэ?

-200 сая төгрөгийн хөрөнгө оруулсан хүнд жилийн 20 хувийн өгөөж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд 80 сая төгрөг болно гэсэн үг. Тэдгээр хөрөнгө оруулагчдадаа бид урьдчилаад цахилгаан машин үнэгүй өгчихөж байгаа юм. Мэдээж дөрвөн жилийн дараа 200 сая төгрөгийг нь буцааж олгоно.

-Тэгэхээр шинээр хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс танайд хандаж болох нь ээ?

-Хандах боломж нь нээлттэй. 20-30 сая төгрөгтэй, гэхдээ цахилгаан машин унах сонирхолтой хүмүүс бий. Тэр хүмүүст хувь лизинг өгөхийн тулд хөрөнгө оруулагчдын мөнгийг ашиглах болж байгаа юм. 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хөрөнгө оруулалт цаанаа дөрвөн хүний машины лизингийг шийдчихнэ гэсэн үг.

-MOZO TRAVEL cafe-г Инчёны онгоцны буудал дээр байгуулж байгаа юм байна. Ямар зорилго чиглэлтэй үйл ажиллагаа вэ?

-Төгрөгийн ханш унаад хүнд байгаа үед ам.долларын орлого олох зорилгоор МОZО брэндийг олон улсад гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний эхлэл бол “Инчёны онгоцны буудал дээр MOZO TRAVEL cafe байгуулж байна. Нэлээд олон жил хөөцөлдсөн ажил маань бүтсэнд баяртай яваа. Манай улсын хувьд жуулчдыг олон тоогоор хүлээж авах бааз суурь тун муу. Хоёрт, манай улсын газар зүйн онцлогоос хамаарч манай экосистем маш эмзэг. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа дэлхийн 10 улсын нэг бол Монгол гэдэг. Тиймээс бид “МОZО”-гоор дамжуулж Монголыг гадаадад аваачъя гэсэн санаачилгыг хэрэгжүүлж байгаа юм. Дэлхийн 20 том нисэх буудал дээр 2021 онд 700 сая хүн дамжин ниссэн байдаг. Тэгэхээр ийм 20 эйрпорт дээр бид “МОZО”-г гурван жилийн хугацаанд байгуулчихвал гурван жилийн дараа гэхэд нэг тэрбум хүнд монгол бүтээгдэхүүнийг биечлэн сурталчлах цэгүүд ажиллуулаад эхлэх юм. Тэдгээр цэгүүдэд манай The khu, Жонон хамтлаг, Н.Жанцанноров, А.Шарав гуайн CD борлуулагдаж байна гэсэн үг. Нэг ёсондоо “MOZO TRAVEL cafe” жижиг Монголыг дэлхийн улсуудад аваачина гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 673 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 671 хэрэг шалгагдаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан ирэх сард Монголд болно DNN.mn

“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагддаг “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан ирэх сарын 13-18-нд Монгол Улсад болох гэж байна.

Энэхүү уралдаан нь бэлтгэлийн, алсын зайны морин маршийн, богино зайны холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр шат нь тэмцээндээ бэлтгэх үе шат бөгөөд оролцогч орны баг тамирчдыг хүлээн авч байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар танилцуулах, энэ чиглэлийн сургалтууд явуулах, уралдааны бэлтгэлийг хангуулах, морьтой дадлага сургалт хийх, уралдааны маршрутыг баг тамирчдад танилцуулах юм. Хоёрдугаар шатанд алсын зайны морин марш зохион байгуулагдана. Энэ шатанд оролцогч орны цэргийн алба хаагчид уул, ой мод, гол ус, элс, бартаа саад бүхий 130 км замыг маршрутын дагуу туулна. Туулах замдаа цэрэг хүний гүйцэтгэх ёстой дөрвөн даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд усан болон минжүүлсэн талбайг туулах, морь бугуйлдах, уналгад бэлтгэх даалгавар, бартаа саад бүхий газарт хоноглох даалгавар, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах даалгав зэрэг багтана. Усан саадаар урсгал ширүүн гол туулж, минын саадыг давах бол морь сэлгэх даалгавраар адуун сүргээс морь бугуйлдаж уналгад бэлдэх юм. Харин гуравдугаар шат болох ойрын зайны холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар болон морьтойгоор маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэн барианд орох юм. Төгсгөлд нь тэмцээний дүнг нэгтгэж, уралдаанд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол болно.

Ташрамд онцлоход, уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын зан заншил, түүх, соёл уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах хүрээнд бэсрэг наадам, соёл урлаг болон спортын өдөрлөгүүд, “Адуучин” тэмцээн зэрэг олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар “Аравт”-ын арын албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Аюулт үзэгдэл, ослоос 47 иргэнийг аварч, 68 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, баталгаат зам гүүрээр зорчин, голын усны ослоос урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Үүр-Цайх: Ван Игийн айлчлал Монголд илүү үр өгөөжтэй, эдийн засагт таатай байдлыг бий болгоно DNN.mn


Эдийн засгийн ухааны доктор, олон улс судлаач Баярсайханы Үүр-Цайхтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх сарын сүүлээр Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийх гэж байна. Ямар учиртай айлчлал болох гэж байгаа талаар танд мэдээлэл байна уу?

-Албан ёсны хөтөлбөр гараагүй байна. Ямартай ч манай улсын Гадаад харилцааны сайд Б.Бат-Цэцэгийн урилгаар ирэх сарын сүүлээр айлчлахаар төлөвлөж байгаа юм билээ. Б.Бат-Цэцэг сайдын хувьд энэ зуны эхээр Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэр үеэр Хятадын төрийн тэргүүн болон Засгийн газрын удирдлага, гишүүдтэй уулзсан. Уулзалтаар Гадаад хэргийн сайд Ван Иг урихын зэрэгцээ тодорхой ажлуудад хамтран ажиллах талаар гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагаагаа баталгаажуулах үүднээс манай улсад албан ёсны айлчлал хийх байх.

-Саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлаад буцсан. Түүний дараа урд хөршийн Гадаад хэргийн сайд айлчлахаар төлөвлөж байна. Хоёр хөрш манайх руу нөлөө бүхий сайд нараа явуулж байгаагийн шалтгаан болон Ван Игийн айлчлалын гол зорилгыг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Монгол, Хятад хоёр улс олон мянган жил хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэнчлэн өнөөдөр манай хоёр улсын харилцаа ”түүхэн дэх хамгийн таатай үед ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсон“ гэж хэлж болохоор байна. Хятад улс түүхийн урт хугацаанд Дэн Сяопиний дэвшүүлсэн “даруу байж, хүчээ нөөх” стратегийн үзэл баримтлалыг гадаад харилцааны үндсэн жолоодлого болгон тууштай баримталж ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал улам нарийн төвөгтэй болж, даяаршил газар авч буй зэрэг хүчин зүйлсийн нөлөө Хятадын гадаад харилцааны бодлогод гүн гүнзгий нэвтэрч, тусгалаа олж, Хятад улсыг цаг үеийн нөхцөл байдалд тохирсон гадаад харилцааны бодлогын шинэчлэлт хийхэд хүргэсэн. Тэр утгаараа олон улсын нөхцөл байдлаас хамаарч, мөн худалдаа эдийн засгаа улам сэргээх зорилготойгоор манай улсад айлчилж байна. Ерөнхий сайдын хэлснээр бол айлчлалын үеэр яригдах гол асуудлууд нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпийн үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа юм билээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Тус цахилгаан станцын санхүүжилтийн ихэнх хувийг Хятад улсаас гаргуулж байгаа. Тиймээс санхүүжилтийг шийдэж өгөх, түүнийхээ хариуд уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлэх асуудлаар ярилцах болов уу. Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, эцсийн шийдвэр гаргана гэж бодож байна. Үнэндээ Оросын төрийн айлчлалаас илүү урд хөршийн айлчлалууд бидэнд илүү үр өгөөжөө өгнө. Орос бид нараар олон жил тоглож, дээрэлхэж ирсэн. Тусгаар улсын гадаад бодлого ямагт найрсаг байдаг учраас энэ бүхнээ ил тод хэлээд явна гэж байхгүй л дээ. Гэхдээ судлаач хүний хувьд хэлэхэд Орос бидэнд туслахгүй эсрэгээрээ биднээс яаж илүүг авах вэ л гэж бодно. Харин Хятад улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятадын том зах зээлийг ашигласан бодлого зохицуулалтыг бид гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн уналтад орчихсон, хүндрэлтэй байгаа энэ цаг үед Ван И-гийн айлчлал Монгол Улсад илүү үр өгөөжтэй, таатай байх болно.

-Манай улсын худалдаа эдийн засгийн 80 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Хятад улс гэдэг бол маш том зах зээл. Тэр утгаараа манайх тус улс руу экспортлох бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлснээр гадаад худалдааны бланс тогтворжино гэж эдийн засагчид үзэж байгаа. Эдийн засагч хүний хувьд энэхүү айлчлалын хүрээнд худалдаа эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй, дэвшилттэй хэлэлцээр хийхээр харагдаж байна вэ?

-Юуны өмнө хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсанаа албан ёсны ажил хэрэг болгох дүр зураг ажиглагдаж байна. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх түүхэн айлчлал байж мэднэ гэж харж байгаа. Тухайлбал, махны экспортыг өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүүгээр нэмэгдүүлэх ажилд хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл байна. Урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүний эргэлт, хэмжээ дагаад өснө. Үүнээс шалтгаалж улсын эдийн засгийн тэлэлт, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтой. Манай улсын гадаад өрийн дийлэнх хувийг Хятад улсын зээл, буцалтгүй тусламжууд эзэлж байгаа. Үүнийгээ мөн сануулах, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол бага хүүтэй зээлээр солих боломж байгаа эсэхээ энэхүү айлчлалын үеэр хэлэлцэх байх. Мөн айлчлалаар уламжлалт задгай тээвэр болон зорчигч тээврийн хилийг нээхээр ярилцаж тохиролцоно гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор цаашдаа куб метр ачааны үнэ одоогийн 800 юаниас доош шат дараалан буух төлөвтэй байгаа бөгөөд зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэх аравдугаар сарын үед 200-300 юань байх боломжтой. Тус айлчлал хийгдсэнээр тодорхой гурван асуудлыг шийднэ гэж харж байгаа.

-Тухайлбал…

-Нэгдүгээрт, Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг эхлүүлнэ. Хоёрдугаарт, Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэнэ. Гуравдугаарт, Бээжингийн олимпийн үеэр ярилцсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа. Эдгээр гурван асуудлыг хөндөхийн зэрэгцээ гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг ярилцаж, тов гаргах асуудлаар санал солилцоно. Эрдэнэбүрэнгийн УСЦ-ийн төсөл эхэлнэ гэдэг манай улсын хувьд маш том ололт. Баруун бүсээ эрчим хүчээр найдвартай хангачихна гэсэн үг. Магадгүй урд хөрш рүү эрчим хүч экспортлох боломж ч бий болох талтай.

-Монгол Улсын хувьд гадаад худалдаа тэр дундаа Хятад улстайхэрхэн хамтран ажиллах, тэднээс юуг хүсэх ёстой вэ. Цар тахлын үед хилээ хаалаа гэхэд манайд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж байна. Цаашид иймэрхүү онцгой үед хилээ хаахгүй байх асуудалд гэрээ хэлэлцээр хийх боломж байдаг болов уу?

-Тэднээс юм хүсэхээсээ илүүтэй хэрхэн харилцах хамтарч ажиллах вэ гэдэгтээ анхаарах цаг нь болсон. Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байсан. Урд хөрштэй өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байна. Гэтэл манай урд хөрштэй худалдаа хийхийг хүссэн хэчнээн орны зах зээлтэй өрсөлдөж байгаа билээ. Бидний өнөөдрийн аливаа хүндрэлийн алхам тутамд тээвэр, логистикийн дутагдалтай байдал саад учруулж байна. Цаашид боомтын үйл ажиллагааг сайжруулахад зайлшгүй хийх ёстой ажлууддаа яаравчлах шаардлагатай. Юуны өмнө хөрөнгө оруулалтын болон хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг түргэтгэх хэрэгтэй. Мөн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой юм. Бэхжүүлнэ гэдэг нь наад зах нь гэнэт түдгэлзүүлэхгүй, нэг талын шийдвэрээр ярьсан тохирсноо гэнэт гацаахгүй байхыг хэлж байгаа юм. Харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагаанаас гадна байгаль орчны хөгжлийн тогтолцоог дэмждэг байх нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрүүл хөгжлийн зам болох юм. Боомтын нэвтрүүлэх чадвар болон гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг хангалтгүй байгаа нь Монгол, Хятадын боомтууд дахь менежментийн нийтлэг асуудал л даа. Дээр дурдсанчлан хоёр талын боомтууд алслагдсан бүсэд хамаардаг учраас боомтын дэд бүтцийн хоцрогдлоос гадна үйлчилгээний чадамж, гаалийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дутмаг байх зэрэг нь Монголын экспорт импортын худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлөх таагүй хүчин зүйл болдгийг ажиглагчид шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, Монгол, Хятад хоёр улсын алинд ч боомтын менежмент дутмаг байгаа нь экспорт импортын хэмжээнд нөлөөлөх, ялангуяа боомтод зарцуулсан хугацаанаас болж тухайн барааны борлуулалтад нөлөө үзүүлдэг байдлыг өөрчлөх шаардлагатай юм. Эцэст нь цар тахлын эсрэг хамтран тэмцэх ажлаа дахин эрчимжүүлэх шаардлагатайг нөхцөл байдал сануулсаар байна. Ийм онцгой нөхцөл байдалд ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, хоёр улсын хилийн боомтуудад хэрэгжүүлж байсан “Ногоон гарц”-ын түр журмыг дахин эхлүүлж зорчигч урсгалыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: Наймдугаар сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй DNN.mn

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ээс гаргасан наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


Найм, аравдугаар сарын уур амьсгал

Сарын дундаж агаарын температур наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8…+12°C, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг. Харин есдүгээр сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +4…+8°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12… +18°С, бусад нутгаар +8…+12°С дулаан байдаг. Аравдугаар сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…-10°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +4… +8°С, бусад нутгаар 0…+4°С дулаан байдаг.

Хур тунадасны хувьд наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог бол есдүгээр сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна. Харин аравдугаар сард баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 6–15мм, бусад нутгаар 2–5 мм хур тунадас ордог байна.

Наймдугаар сард

Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг.

Наймдугаар сарын агаарын дундаж температур төв болон говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог.

Наймдугаар сарын нийлбэр хур тунадас Увсын ихэнх, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дундговь, Дорнодын зүүн хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Богино хугацаанд наранд борлосон арьсаа цайруулахыг хүсвэл нимбэг хэрэглээрэй DNN.mn

Наранд түлэгдэж борлосон арьсыг цайруулах хамгийн үр дүнтэй арга бол витамин C ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Гэрийн нөхцөлд арьсаа богино хугацаанд цайруулахыг хүсвэл нимбэг, тараг, жүрж, алое зэргийг ашиглан маск бэлтгэх боломжтой.

Витамин С-гээр хамгийн баялаг жимс болох нимбэг хэрэглэх нь арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга юм. Мөн нимбэгэнд агуулагдах антиоксидант нь арьсыг түргэн цайруулж, нөхөн төлжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг аж. Арьсаа цайруулахын тулд нимбэгний шүүсийг усанд найруулж уух, дангаар нь түрхэх, эвсэл бусад бүтээгдэхүүнүүдтэй холин маск тавих хэлбэрээр хэрэглэж болдог.

Ингээд нимбэгний маск бэлтгэх заавар хүргэе. Нэг ширхэг нимбэгийн шүүс, нэг ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихрийг /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усанд өнгө нь цайвар болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ.

Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

Эцэст нь наранд удаан явсны дараа хүний бие шингэнээ хөлс болгон гадагшлуулснаар шингэний дутагдалд ордог. Энэ нь арьс харлах бас нэгэн шалтгаан болдог. Тиймд биеийн шингэнээ тэнцвэржүүлэх үүднээс шингэн зүйл уух хэрэгтэй.

Тиймээс нимбэгтэй ус ч арьсанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй л болов уу.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд DNN.mn

2022 оны долоодугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд ажиллах түргэвчилсэн шинжилгээний цэгийн хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

КОВИД: Улаанбаатарт 130, орон нутагт 98 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 228 тохиолдол батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 937.971 болж нэмэгдэв.

Илэрсэн тохиолдлуудын:

  • 130 нь Улаанбаатар хотод,
  • 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дорноговьд 11, Дундговьд зургаа, Өмнөговьд 76, Сүхбаатарт тав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 158 хүн эдгэрсэн бол одоогоор 6,632 хүн хяналтад байна.

зураг