Categories
гадаад мэдээ

Сар руугаа нисэж эхлэв DNN.mn

АНУ-ын Агаарын нислэг, сансрыг шинжлэн судлах үндэсний төв буюу “NASA” мягмар гаригт “Capstone” сансрын төхөөрөмжөө сар луу хөөргөжээ.

Хөөргөх ажиллагааг “NASA” цахим хуудсаараа шууд дамжуулав.Сансрын төхөөрөмжийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 5 цаг 55 минутад Шинэ Зеландын Махия хойгийн сансрын буудлаас Америкийн “Rocket Lab” компанийн “Electron” зөөгч пуужингаар хөөргөжээ.

Анхны төлөвлөгөөний дагуу “Capstone” тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 22-ны хооронд даалгавраа эхлүүлэх ёстой байсан боловч нислэгт бэлтгэх нэмэлт ажил хийх шаардлагатай байсантай холбоотойгоор удаа дараа хойшилсон аж. “Capstone” төхөөрөмж нь ирээдүйн сарны станц “Gateway”-г байрлуулахад тохиромжтой тойрог замыг нарийн тооцоолоход туслах ёстой юм гэнэ. Уг төхөөрөмж 25 орчим кг жинтэй юм байна. “Cap­stone” сарны тойрог замд дор хаяж зургаан сар ажиллана гэж “NASA” үзэж байна.

“NASA” сарыг эзэмших хөтөлбөрөө 2019 оны хавар танилцуулжээ. “Ar­temis” хэмээн нэрлэсэн уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. Эхний үе шатанд “Space Launch System” шинэ, хүнд хүчтэй пуужингаар “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийсний дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шат нь сар руу сансрын нисэгчид нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, дараа нь 2030-аад оны дундуур Ангараг руу илгээхээр төлөвлөжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 128 жолооч согтуугаар жолоо барьж, 163 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1567, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 119, гэмт хэргийн шинжтэй 101 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 59, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 68, эрүүлжүүлэх байранд хоносон 163, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 118 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх замыг хаана DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөжээ. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг

Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл

Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл

МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж байна.

Дээрх хэсгүүдээс эхний хоёрт шинэчлэлийн ажил дууссан бол сүүлийн хэсэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажлыг өнөөдөр эхлүүлэх юм байна. Өнөөдөр орой буюу долдугаар сарын 1-ний 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 96 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 96 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 42-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Батлагдсан тохиолдлуудын

  • 46 нь Улаанбаатар хотод,
  • 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,981 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд гурав, Өвөрхангайд 12, Өмнөговьд 33 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүн эдгэрсэн бол одоогоор 722 хүн хяналтад байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг хэлэлцэнэ DNN.mn

Нийслэлийн удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргадаг. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга асан С.Батболд ийм санал гарган хэрэгжүүлж байлаа. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргаад байна. Түүний энэхүү саналыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэнэ. НИТХ-ын хурал 10.00 цагаас эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар хуулийн төсөлд тусгажээ DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг онцлоод хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор байгуулан Ажлын хэсгийн ахлагчаар миний бие, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нар орж ажилласан гэв.

Мөн Ажлын хэсэг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 41 саналын томьёолол, найруулгын 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Тухайлбал,

  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох ингэхдээ хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох;
  • Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар тус тус олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх;
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байх, мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байх, Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;
  • Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх;
  • Согтууруулах ундааны зохистой хэрэглээ болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх;
  • Дэлхий нийтийн жишиг, хүний биеийн онцлог, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл болон бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар тогтох;
  • Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуультай хуулийн төслийг нийцүүлэх зорилгоор хуулийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэх зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн, Б.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалтыг явууллаа. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.” гэсэн заалтууд тус тус нэмэх, төслийн 7 дугаар зүйлд “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 7.1-д заасан төхөөрөмжгүй байж болно.” гэсэн 7.2 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “этгээдэд” гэсний өмнө “ашгийн төлөө хуулийн” гэж, мөн зүйлд “Энэ хуулийн 17.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.”, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 17.3-т заасан арга хэмжээ зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.”, “Энэ хуулийн 17.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 17.2-т заасан цагийн хязгаарт нийцсэн байна” гэсэн агуулгатай 17.3, 17.4, 17.5 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Мөн төслийн 24 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 24.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.” гэсэн 24.2 дахь хэсэг нэмэх, төслийн 39 дүгээр зүйлд “Жил бүр үйлдвэрлэвэл зохих спиртийн доод хэмжээг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэсэн 39.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 45 дугаар зүйлд “Энэ хуулийн 22.1.7-д заасан 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарахгүй.”, “Энэ хууль батлагдахаас өмнө согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдэд энэ хуулийн 5.2, 5.3-т заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу сунгуулж болно.” гэсэн 45.5, 45.8 дахь хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гэсэр сүмээс Хүнсний 1 дүгээр дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ DNN.mn

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг

  • Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хэсгийг хааж, хучилтын ажил хийх гэж байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу долоодугаар сарын 1-4-ний 05:00 цагийн хооронд Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл замын хойд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид 62 удаагийн шүхрийн буулт хийлээ DNN.mn

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 14 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ЕС-145 маягийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, нийт 62 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт гарсан зам тээврийн ослыг шалгаж байна DNN.mn

Энэ сарын 30-нд цахим сүлжээнд “Согтуугаар тээврийн хэрэгсэл бүү жолоодооч. Хүний мууд дурлах гэсэнгүй” гэх тайлбартайгаар портертой согтуу жолооч зам дээр явж байгаад онхолдсон бичлэгийг нэгэн иргэн тавьсан байв.

Тухайн осол Төв аймгийн Сэргэлэн сумын өндөр дов гэдэг газар гарсан бөгөөд тухайн портерын жолооч цагдаад мэдэгдэлгүй ослын газрыг орхин явсан байжээ. Тиймээс түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Цахим орчинд мэдээлэл оруулсан иргэн буюу гэрч осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, цагдаагийн байгуулагад мэдэгдэх, цагдаа иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээдэг. Гэтэл тухайн гэрч дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн осолд холбогдсон хэд хэдэн үүргийг хүлээдэг. Тухайлбал:

-Ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайд тавих, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

-Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;

Мөн Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

Шалгалтын явцад портер маркийн автомашин иргэн Э-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч таван жилийн өмнө Хэнтий аймгийн иргэн О-д зарагдаж, өнөөдрийг хүртэл нэр шилжүүлээгүй тав дахь хүнийхээ эзэмшилд явж байгаа нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд иргэн та өөрийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслээ бусдад худалдаалсан бол тухай бүрд нь нэрийг шилжүүлж өгөх шаардлагатай бөгөөд замын хөдөлгөөнд оролцохдоо хуульд заасан үүргээ ухамсарлаж, зохих дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгуулагаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цагт ажиллана DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 31, түр хоёр цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

зураг

зураг

зураг
зураг
зураг
зураг
зураг