Categories
мэдээ спорт

Польшийн теннисчин Ига Святек Roland Garros-т хоёр дахь удаа түрүүллээ DNN.mn

Дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн теннисчин Ига Святек талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн буюу Roland Garros-т хоёр дахь удаа түрүүллээ.

Тэрээр АНУ-ын залуу тамирчин дэлхийн чансааны 18-д бичигдэж буй, 18 настай Коко Гауффыг 6-1, 6-3 харьцаагаар ялж аваргын цомыг өргөсөн.

Хоёр жилийн өмнө Францын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлж дэлхий нийтийг гайхшруулж байсан 21 настай Польш эмэгтэй ийнхүү 35 тоглолт дараалан ялаад байна. Энэ нь 21-р зуунд тогтоосон Венус Уилльяамсын амжилттай тэнцэж байна.

Энэ талаар Святек “2020 онд би өөрийгөө азтайд мэдэрч байсан бол өнөөдөр үүнийг хийнэ гэдгээ мэдэрч байсан” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Ногоочид, тариаланчидтай хамтран “хүнсний хувьсгал” хийнэ DNN.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын хүнсний ногоочидтой уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Ногоочдын зүгээс намар ургацаа хурааж авах хүн хүч, байгалийн давагдашгүй хүчин зүйл зэрэг эрсдэлээс хүнсний ногоог хэрхэн хамгаалах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах, ногооны үнийг тогтвортой байлгах, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд хөдөө аж ахуйн салбараа бүрэн дэмжиж, хөгжүүлнэ. Үүний тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх гол ажил хүнсний ногоочдоо механикжуулах юм.
Ногоочин бүр трактортай байх шаардлагагүй. Харин ногоочид нэгдэн хоршоо болж, дундын техник үйлчилгээтэй болох нь хамгийн зөв шийдэл. Дундын техник үйлчилгээтэй болсноор хураан авах ургацын өртөг зардал буурч, импортын ногоотой үнээрээ өрсөлдөх боломжтой болно. Тиймээс Хэрлэн сумыг дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож 32 морины хүчтэй хоёр тракторыг хүлээлгэн өглөө.
Түүнчлэн Хэрлэн сумын 700 га төмс, хүнсний ногооны талбайг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлж байгаа. Гүйцэтгэгч компани бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 700 га талбай усалгаатай болсноор Хэрлэн сумынхан аймгийнхаа төдийгүй зүүн бүсийн төмс, хүнсний ногоог хангах боломж бүрдэнэ.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 13 аж ахуйн нэгж, хоршоо, 15 иргэн гэр бүлийн хамт 96,6 га талбайд төмс, хүнсний ногоо, 2000 метр квадрат зуны, 680 метр квадрат 3 улирлын хүлэмжид тариалалт хийдэг. Мөн 28 га ногоон байгууламж болон хамгаалалтын зурвастай, мод үржүүлэг хийдэг, чацарганын аж ахуй эрхэлдэг гээд эх орноо эрүүл хүнсээр хангахад чухал үүрэгтэй хөдөлмөрчид юм.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, ногоочид урамшуулалд хамрагдахын тулд үйлдвэрүүд, агуулахад ногоогоо өгөхдөө баримтуудаа сайн бүрдүүлж, татварын албандаа өгөх хэрэгтэй. Урамшуулалд хамрагдсанаар ирэх жил хөнгөлөлттэй зээлд хамрагдахад томоохон дэмжлэг, хөшүүрэг болно. Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хоёр хоршоо, хоёр ногоочин 150 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан дүнтэй байна гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ.


2022 оны 06 сарын 05-ны 20 цагаас 06 сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple” компани “Ipad”-аа зөөврийн компьютертой төстэй болгоно DNN.mn

“Apple” компани “iPad”-ийн программ хангамжид эрс өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, “iPad”-ийг гар утаснаас илүүтэйгээр зөөврийн компьютертой төстэй болгох юм байна. “iPad”-ийн программ хангамжид хийх дараагийн томоохон шинэчлэлт болох “iPad-OS-16” дээр олон үйлдэл хийх тохиргоонд өөрчлөлт оруулж байгаа аж. Ингэснээр аль аппликейшнүүд нээлттэй байгааг харах болон үйлдэл хооронд шилжихэд хялбар болох юм байна.

“iPad” нь “Apple” компанийн нийт борлуулалтын есөн хувийг бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд “iPad”-ийн борлуулалт тасралтгүй өссөөр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг оролцуулан үйлдвэрлэлийн ослын нурангиас аврах ажиллагаа зохион байгуулах, төмөр замын ослын үед химийн бодис алдагдсан нөхцөлд аврах ажиллагаа явуулах гэсэн хоёр төрлийн үзүүлэх дадлага сургуулиуд явагдлаа.

Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 200 гаруй алба хаагч оролцсон юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий нийтэд гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа учир Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогод газар хөдлөлтийн нурангиас аврах, хор уршгийг арилгах дуурайлган үзүүлэх дадлага сургууль заавал багтдаг. Тэгвэл энэ удаагийн иж бүрэн сургуулийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн төрөлд бүс нутгийн онцлогт тохируулан төмөр замын ослын үед аврах, сэргээн босгох дадлага сургуулийг тусгаснаараа онцлогтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

БНСУ руу зорчих зорчигчид нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг https://cov19ent.kdca.go.kr/cpassportal/ цахим хуудсанд бүртгүүлж, тухайн цахим хуудаснаас олгох QR кодыг хэвлэж биедээ авч явна.

Дээрх коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины шаардлагыг хангаагүй зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд долоо хоног тусгаарлана.

Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна. Тус улсын хилээр нэвтрэх зорчигчдоос авах эрүүл мэндийн асуумжийн хуудсыг доорх холбоосоор ТАТАХ боломжтой.

БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид ПСР шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт шинжилгээ өгнө. Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ПСР шинжилгээ өгөх тохиолдолд дараах холбоосоор урьдчилан захиалга өгнө. https://www.airport.kr/ap_cnt/en/svc/covid19/medic…

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн паркийн нийт газрын 85 хувийг ногоон байгууламж болгоно DNN.mn

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар зохион байгуулж байгаа нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт үргэлжилж байна.

Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг хийсэн. Маршалын гүүрний зүүн талын хэсэгт 5 га талбайг эзлэх тохижилтын ажлыг төлөвлөж, зураг төсөл нь гарсан байгаа. Тухайлбал, явган зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч зугаалах талбай, дугуйн замын шийдлүүдийг багтаасан. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл цаашдаа үргэлжлээд явах бололцоотой.

Түүнчлэн нийтийн эдэлбэр газрыг сайжруулах арга хэмжээний хүрээнд гарааш, хашаа, хайс чөлөөлөх, тохижуулах зэрэг олон ажлыг хийж байна. Тухайлбал, чөлөөлсөн байршлуудад давхар авто зогсоол, газар доорх гараашийн тохижилтын шийдлүүд гарсан. Тохижилт хийх байршлуудад зураг төслийн ажил хийж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт 35 га газрын 85 хувь нь ногоон байгууламж болно. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийж хэрэгжүүлэх юм” гэлээ.

ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ 637.7 ГА ТАЛБАЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хотын тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт, дүүрэг бүрд хэрэгжүүлж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайс буулган тохижуулсан ажлуудын талаар танилцууллаа. Тэрбээр “2022 онд хэрэгжих 59 төсөл, арга хэмжээ байгаа. Хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дунджаар 9 м2 гэж заасан. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-24 м2 байдаг. Манай хотын хувьд ойролцоогоор 5.5 м2 байгаа. Усан сан буюу хиймэл нуур барьж байгуулах, ай савууд дээр усан цөөрмийг бий болговол агаар, усны бохирдол, тоосжилтыг багасгаж, чийгшил нэмэгдэх хэрээр ногоон байгууламж, ойжуулалтад таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаргын усыг цуглуулж нуур, цөөрөм бий болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогцоор нь хэрэгжүүлэх шийдэл болно. Мөн гарааш, хашаа хайс, явган хүний замын хөдөлгөөнд саад учруулж буй объектыг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа” хэмээлээ. Түүнчлэн газар хийгээд мөнгө нь байх юм бол 10 давхар барилгыг нэг жилийн дотор барина. Харин мод арчилж ургуулахад багадаа 10 жил шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгджээ DNN.mn

2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хэрлэн, Онон, Барх, Хурх, Балж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдсэн байна. Харин Увс нуурын савын Хархираа, Алтайн нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см давсан байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймээс үер усны аюулаас онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

БАЙНГЫН ХОРОО: Ирэх долоо хоногт байнгын болон түр хороодын хуралдах тов DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2022.06.06-2022.06.08/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.06.06/

ХЯНАЛТЫН СОНСГОЛ

13.00

Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол

“Их Эзэн Чингис хаан” танхим


МЯГМАР ГАРАГ /2022.06.07/

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулах, Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэх

· Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

Хэлэлцэх асуудал:

· Хөгжлийн банкны асуудлаар Сангийн сайдын мэдээлэл

· Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагч томилох тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим

12.00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00

Түр хорооны хуралдаан /Ковид-19/:

Хэлэлцэх асуудал:

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

“Их Эзэн Чингис хаан” танхим

14.30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

15.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим


ЛХАГВА ГАРАГ /2022.06.08/

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрх зүйн дүгнэлт гаргуулах /““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их Эзэн Чингис хаан” танхим

12.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэх

· Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт, үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэх

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Бусад

“Их Эзэн Чингис хаан” танхим

Categories
мэдээ нийгэм

Махны үйлдвэрт байрладаг гэх БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэнийг шалгажээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэн байрлаж байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Иймээс Гадаадын иргэн, харьяатын газраас дээрх хоёр иргэнийг шалгажээ.

Шалгалтаар дээрх иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22, 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахаар хасалтаа хийлгэсэн. Гэвч “Ковид-19” цар тахлын улмаас улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир нутаг буцах боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь тогтоогдсон байна.

Мөн тухайн иргэд нь өөрийн орны Элчин сайдын яамандаа нутаг буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байна. Иймээс “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн дагуу ямарваа торгууль, шийтгэвэр ногдуулахгүйгээр, хил нээгдсэн үед эх оронд нь буцаах арга хэмжээ авах юм.

Дэлхийн олон улс “Ковид-19” цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас эх орондоо буцах боломжгүй нөхцөл байдалд орсон гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах зэргээр уян хатан зохицуулалт хийж буй. Манай улсын хувьд ч “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.14 дэх хэсэгт зааснаар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө гэж хуульчилсан.