Өнөөдрийн байдлаар Хэрлэн, Онон, Эг, Барх, Балж, Алтайн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-95 см нэмэгджээ. Хэнтий нуруунаас эхтэй Балж, Алтайн нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 5-15 сантиметр давсан байна. Цаашид орох хур борооны хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, үер буух нөхцөл бүрдэж буй. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Month: June 2022
Индонези улс жуулчдыг татах үүднээс цахим нүүдэлчдэд зориулан Бали болон бусад газруудад таван жилийн хугацаатай ажлын виз олгож эхэлжээ. Цахим нүүдэлчид гэж аялангаа алсын зайнаас цахимаар ажилладаг хүмүүсийг нэрлэдэг.
Судалгаанд оролцсон цахим нүүдэлчдийн 95 орчим хувь Индонези улсад аялж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж тус улсын Аялал жуулчлалын сайд мэдэгджээ.
Индонези нь уг төлөвлөгөөг 2021 оноос эхлүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хил хаагдаж, нислэгүүд цуцлагдсанаар хойшлуулсан байна. Өдгөө ихэнх хязгаарлалтууд цуцлагдаж, цар тахлыг хяналтдаа авсан учраас төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус улс энэ онд 3.6 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж, “Их-20”-ийн уулзалт, спортын арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна.
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас “Өлзий” төвийн уулзвар хүртэлх замын асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээг хийж дуусжээ.
Уг замын хөдөлгөөнийг 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хаагаад байсан юм. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшнийг тааруулах, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хороонд байрлах 45 дугаар сургуулийн арын талбайд нэр бүхий компани барилга барихаар таван жил гаруйн өмнө хашаалж, нүх ухсан.
Гэвч өнөөг хүртэл тус талбайд ямар үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үндсэндээ хогийн цэг болсон гэхэд болохоор байв. Мөн хорооны оршин суугчид талбайд барилга барихыг эсэргүүцэж, шат шатны байгууллагад хандаж, чийрэгжүүлэлтийн болон хөлбөмбөгийн талбай болгон тохижуулах саналаа гаргаж байв.
Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгохоор ажиллаж байгааг өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус сургуулийн арын талбайг тохижуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар мэдээлжээ. Тэрбээр энэ тухай “45 дугаар сургуулийн хойно олон жил хог новшиндоо дарагдсан талбай гоё болох нь ээ. Хөлбөмбөгийн талбай, гүйлтийн зам, ногоон байгууламж, турник, явган хүний зам барина” гэсэн байна.
Олон улсын тэшүүрийн холбооноос (ISU) 12 дугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа.
Тайландын Пхукет хотноо өнөөдөр эхэлж буй Олон улсын тэшүүрийн холбооны их хурлын үеэр холбогдох мэдэгдлийг хийсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 4-нд энэ өдрийг анх удаа тэмдэглэнэ.
Энэхүү баярыг зохион байгуулж буйн зорилго нь хүүхдүүдийг тэшүүрийн спортод татан оролцуулах, энэ спортыг улс орнуудад хөгжүүлэх явдал юм.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь хөгжил, олон талт байдал, оролцоог хангах шаардлагатай байгааг онцолсон Олимпын эв нэгдлийн зорилгод нийцэж байна гэж Дэлхийн тэшүүрийн өдрийн танилцуулгад тэмдэглэжээ. Баярын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд хүүхэд багачууд, сонирхогч, мэргэжлийн тамирчдын оролцоотой янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Энэ сард болох ёстой байсан Шанхайн олон улсын 25 дахь удаагийн кино наадмыг (SIFF) ирэх жил болгон хойшлуулсныг наадмыг зохион байгуулах хороо мэдэгдэв.
Кино наадмыг хойшлуулах болсон шалтгаан нь хоёр сар гаруй үргэлжилсэн хөл хорионоос дөнгөж энэ сарын 1-нээс гарч байгаа Шанхай хотын халдварын нөхцөл байдалтай холбоотой байна. Ирэх жилийн наадмын хөтөлбөрийн бэлтгэл ажил энэ оны хоёрдугаар хагасаас эхэлнэ гэж мэдэгдэлд дурджээ.
1993 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Шанхайн олон улсын кино наадам нь бүс нутгийн арга хэмжээ байхаа болиод удаж байгаа юм. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Оливер Стоун, Карен Шахназаров зэрэг дэлхийн алдартай кино найруулагчид орж байжээ. Уг наадамд Ази төдийгүй дэлхийн кино урлагийн олон од хүрэлцэн ирдэг. Олон жилийн туршид энэхүү наадам нь Хятадын кино үйлдвэрлэлийн хөгжлийн гэрч болж, олон улсын солилцоо, соёлын хамтын ажиллагааны талбар болжээ.
Энэ оны зургадугаар сарын 6-наас 17-ны өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд зохион байгуулагдах Хааны эрэлд-2022 сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал оролцохоо илэрхийллээ.
Хааны эрэлд олон улсын сургууль нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургууль энэ онд Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэж байна.
Хааны эрэлд-2022 Энхийг сахиулах ажиллагааны сургуулиар хамтарсан бригадын хэмжээний команд штабын сургуулилт болон батальоны хэмжээнд хээрийн сургуулилт явагдах бөгөөд хүмүүнлэгийн байгууллага, зохион байгуулагч орны түншүүдийн бий болгосон бодит байдлыг загварчилсан нөхцөлд явагдах болно.
Сургуульд нийт 1,050 алба хаагч оролцохоос АНУ-аас 94 алба хаагч болон түншлэгч хүчний 956 алба хаагч оролцох юм.
Хааны эрэлд-2022 сургууль нь оролцогчдод энхийг дэмжих бодит үйл ажиллагаагаар дамжуулан НҮБ-ын сургалтын гэрчилгээ олгох бөгөөд сургууль нь НҮБ-ын энхийг сахиулах арга хэмжээний хамтын ажиллагаа болон оролцогч улс орнуудын цэргийн харилцааг сайжруулах болно.
Хааны эрэлд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны www.facebook.com/khaanquest хуудаснаас авна уу.
Хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын сангууд Хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхэд төлдөг үйлчилгээний хөлс 1 хувиас 0.25-0.5 хувь болжээ. Энэ нь дээрх төлбөр 50-75 хувиар буурч буйг Монголын Хөрөнгин биржээс мэдээллээ. Мөн хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлс 0.1 хувь байсныг 0.05 хувь болгож, 50 хувиар тус тус бууруулаад байна.
Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс ийнхүү хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулж буйг онцолжээ. Түүнчлэн Монголын Хөрөнгийн бирж:
- Компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар,
- компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулж.
- анхдагч зах зээлийн арилжааг илүү уян хатан нөхцөлтэй болгож, хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагч 0.15-0.4 хувийн шимтгэл төлдөг байсныг тэглэх зэрэг өөрчлөлтийг орууллаа.
Үүгээр зогсохгүй Монголын Хөрөнгийн бирж анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж байна. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5 хувиар буурах аж. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс хийж буй үйл ажиллагаа аж.
Үнэт цаас гаргагч нарын үйл ажиллагааг хялбарчилж, шимтгэл хураамжийг бууруулснаар хөрөнгийн зах зээлд оролцогчдын хүрээг тэлж, энэ хэрээр компаниудын ил тод байдал, засаглал сайжрах, баялгийн шударга хуваарилалт бий болох, дундаж давхарга өргөжин тэлэх үндэс суурь бүрдэх болно гэж үзэж байна.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Хууль, шүүхийн өмнө бүх иргэн тэгш эрхтэй байх ёстой. Гэвч иргэд тэр дундаа орон нутгийн иргэд хууль зүйн туслалцааг тэгш авч чадахгүй байгааг тус бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо. Тиймээс хууль зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулах зорилготой Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг АН-ын бүлэг дэмжиж байгаа аж.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ энэ долоо хоногт шийдвэрлэнэ. Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 гаруй жил болж байна. Гэвч эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо тун бага байгаа бөгөөд төр бүх бизнест оролцож байна. Тухайлбал, улсын төсвийн нийт орлогын 90 гаруй хувь уул уурхайгаас орж ирдэг. Уул уурхайн орлогын дийлэнхийг “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлдэг. Үүнээс эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо байхгүй болж, устах аюултай болж байна. Тодруулбал, 2019 онд төрийн өмчит компаниуд төсөвт 9.7 их наяд төгрөгийн орлого оруулж, 7.6 их наяд төгрөгийн зарлага гаргасан бөгөөд 4.2 их наяд төгрөгийн өртэй болсон байна. Тэгэхээр бид хувийн хэвшлээ дэмжихгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжинө гэдэг хүндрэлтэй. Тиймээс төрийн өмчит компаниудын 40 их наяд төгрөгийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, цалин орлогыг нарийвлан задалж, хянана. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод томоохон ордуудын 10 хувийг нээлттэй хувьцаа болгоно гэж заасан. Тиймээс энэ ажлыг яаралтай эхлүүлэхийг АН-ын бүлэг шаардах болно” гэлээ.
Энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг хуучин зоориноос олжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход ашиглагддаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэний 14 настай хүүгийн цогцос байжээ. Тухайн хүүхэд зургаадугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм.
Эх сурвалж: ОБЕГ