Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, мөнгийг залилж байсан гэх үндэслэлээр “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдан хориод байгаа юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд тус компанийн дансанд 5-10 сая төгрөг байршуулаад эргүүлэн авч чадаагүй 3000 гаруй хохирогч байгаа юм. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагууд тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг өсгөж өгнө гэх байдлаар итгүүлэн татаж дансандаа төвлөрүүлснийг иргэд хэлж байна.
“Бэлтэс мөрөн” ХХК болон тус компанийн хамаарал бүхий иргэдийн 11 дансанд жилийн хугацаанд л 227 тэрбум төгрөгийн орлого орсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ
Уг компанийг үүсгэн байгуулсан этгээд нь өөрийн төрсөн аав, ээж, ах, эгчийн нэр дээр 12 үл хөдлөх хөрөнгө, зургаан тээврийн хэрэгсэл худалдан авсныг нь илрүүлээд байгаа юм. Эдгээр хөрөнгүүд нь ах, дүүсийнх нь нэр дээр байдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэг нутгийн хүний нэр дээр худалдан авсан тээврийн хэрэгсэл, нэр нь шилжүүлээгүй үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй хаус зэрийг худалдан авсан болохыг тогтоожээ. Тухайлбал “Бэлтэс мөрөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр 2021 оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 1-ний өдрийн хооронд нийт 105.3 сая төгрөгийн гүйлгээ хийж prius 30, harrier, klugger зэрэг дөрвөн тээврийн хэрэгслийн худалдан авах гүйлгээг хийсэн байна. Тэдний хамаатан Н.Уяабор нь компанийн арилжааны дансан дахь мөнгөөр 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороо “Кристал таун” хотхонд орон сууц, гараж худалдан авсан байна.
Бид тус компанийн дансанд мөнгө байршуулаад эргүүлэн авч чадаагүй хохирогчдын төлөөлөл Э.Батхүүтэй ярилцлаа.
-Та “Бэлтэс мөрөн” ХХК-ийн дансанд мөнгө байршуулаад буцааж авч чадаагүй талаараа хэлж байна. Тус компанийн дансанд хэдэн төгрөг байршуулсан юм бэ?
-Өнгөрсөн өвөл ах, дүү олуулаа нийлж 100 сая төгрөг тус компанийн данс руу шилжүүлээд авч чадаагүй байна. Анх өөрөө санаачилж ойр орчмын хүмүүсээ уриалж мөнгө хийсэн. Тэднийхээ нүүрийг харж чадахгүй л явж байна.
-Танд ямар боломж амлахад нь тэр их мөнгийг дансанд нь хийсэн юм бэ?
-Энэ байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулдаг топ таван биржийн нэг Binance хөрөнгийн биржээр дамжуулан татан авалт хийж ажилладаг талаараа анх хэлж байсан. Койн аваад л үнэ нь өсөхөөр энэ биржид борлуулаад тэр дор нь мөнгөө тоолоод авна гэх ойлголтыг өгч байсан юм. Ийм сүлжээний луйврыг гадарладаг л юм. Гэхдээ эхэлж орсон хүмүүс нүдэн дээр л мөнгөө өсгөж аваад байсан л даа. Таван сая төгрөг оруулсан найз маань л сар хүрэхгүй хугацааны дараа зургаан сая хоёр зуун мянга болгоод л авчихсан. Энэ мэт жишээ компанид олон бий. Эхэлж хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс нь гадаад руу аялаад л, өндөр хэмжээний мөнгө төлсөн хүмүүс нь орон сууц ч авсан тохиолдол бий. Ингээд л зориглоод өндөр мөнгөн дүнгээр мөнгө хийгээд авчихъя гэж санасан юм.
-100 сая төгрөг бага мөнгө биш. Шийдвэр гаргахад тань юу нөлөөлөв?
-Энэ компани жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан. Мөнгө оруулсан хүмүүсийн хүүг ч тэр дор нь олгоод явж ирсэн байдаг. Хамгийн гол нь аймгийн цагдаагийн газар болон аудитын байгууллагаас энэ компанийн үйл ажиллагаанд нь тогтмол хяналт, шалгалт оруулж байсан юм. Ямар нэгэн зөрчил илрүүлээгүй. Ийм байхад хэн ч мөнгөө өсгөөд авахыг бодно шүү дээ. Тогтмол ордог шалгалтууд нь зөрчил илрүүлсэн бол би өнөөдөр ингээд сууж байхгүй. Хүмүүс шуураад л нүдэн дээр мөнгө аваад л байсан. Гэтэл нэг өдөр л өнөөх компанийнх нь данс хаагдаад алга болсон. Хүмүүсийнх нь ч утас холбогдохгүй, зугтаад л нөхцөл байдал буруу тийшээ эргэсэн.
-Ийм хэмжээний мөнгийг хөндлөнгийн хүний дансанд хийсэн үйлдэл анхаарал татаж байна л даа. Энэ хэрэгт холбогдсон С.Ганбаатар, Г.Нямдэлгэр гэх хүмүүсийг та сайн таних уу?
-Нэг нутгийнх ч сайн танихгүй. Гэхдээ С.Ганбаатар, Г.Нямдэлгэр нарын хүмүүсийг Хөвсгөл аймгийнхан бурхан шиг хүндэлдэг байлаа. Үйлчилгээний байгууллагууд нь үнэ төлбөргүй үйлчилнэ. Захын ресторанд ороход нь хоолны төлбөрөөс чөлөөлөх жишээтэй. Иргэдэд хөрөнгө оруулалт хийж байсан болохоор тэр шүү дээ. Тэд иргэдийн ийм итгэл рүү л ус цацчихаад сууж байна. Байраа барьцаалж мөнгө аваад “Бэлтэс мөрөн”-гийн үйл ажиллагааг дэмжээд луйвардуулсан хүн олон бий. Байраа барьцаанд тавиад хураалгасан тохиолдол наад захынх нь. Орох оронгүй болсон хүмүүс ч түгээмэл байна. Гэтэл С.Ганбаатар нарын хамаарал бүхий этгээдүүд хотын төвийн “А” зэрэглэлийн тансаг хороололд байр аваад сууж байгааг нь харахаар багтрах юм. Энд нэг зүйлийг онцлоход, койн хэрэглээнд нэвтрэх нь цаг хугацааны асуудал юм шүү. Энэ олон койноос таних нь л чухал.
-Та бүхэн цаашид яах вэ?
-Ямартаа ч Ерөнхий сайдад иргэдийн хохирлыг барагдуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг цагдан хорьсон байна лээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдээс цугларсан мөнгөөр их хэмжээний хөрөнгө авсныг нь илрүүлсэн байсан. Тэр бүрийг нь битүүмжилж иргэдийн хохирол барагдуулахад зарцуулах хэрэгтэй. “Бэлтэс мөрөн”-д луйвардуулаад модоо барьсан хүмүүс олон байна” гэв.
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгоннямаас хэргийн талаар тодруулахад “Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдтэй хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авдаг байсан. Авсан мөнгөө нэг сарын дотор 30 хувиар өсгөж, буцааж олгодог байсан. Энэ нь хууль бус үйл ажиллагаа болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар нийт 15 мянга орчим хүн мөнгө өгсөн нь тогтоогдсон. Тэдний 12 мянга орчим нь мөнгөө буцааж авсан. Харин гурван мянга орчим иргэн хохирсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Иргэдээс 5-10 сая төгрөг татдаг байсан” гэх мэдээллийг өгч байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бэлтэс мөрөн” ХХК-ийн нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Улмаар Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргаад байна. Харин яллагдагч Г.Нямдэлгэрт тодорхой газруудад очихыг хязгаарлах арга хэмжээ аваад байгаа юм.