Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат-2022” үндэсний V тэмцээний ялагчид тодорлоо DNN.mn

Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний V тэмцээний ялагчид өнөөдөр /2022.06.07/ тодорлоо.

Бүтэн зургаан жил тасалдсан тус тэмцээнийг энэ жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновацын газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Монголсат нетворкс компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ.

Энэ жилийн “Кансат – 2022” тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан загварын хэлэлцүүлэг, шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, хөөргөхийн өмнөх хэлэлцүүлэг, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэгт оролцож, тэмцээний үеэр хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрд оноо цуглуулж, нийлбэр оноогоор дүн тодорхой болсон юм. Тэмцээнд 7 сургуулийн 12 багийн 90 гаруй залуу оролцлоо.

КАНСАТ төрөлд:

  • 1-р байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/
  • 2-р байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/
  • 3-р байр: АРАВТ /ҮБХИС/
  • Тусгай байр: МОКО /Монгол Коосен технологийн коллеж /
  • Шилдэг шийдэл шагнал: ЭРЧ /ШУТИС-ийн МХТС/

БУЦАГЧ төрөлд:

  • 1-р байр: NUMSAT /МУИС-ийн ШУС/
  • 2-р байр: WERSAT /МУИС-ийн ШУС/
  • 3-р байр: АРАВТ /ҮБХИС/
  • Тусгай байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/
  • “Кансат” тэмцээн нь дэлхийн 20 гаруй оронд зохиогддог бөгөөд манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдаж ирсэн.Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж, зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирэх, дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.
Categories
мэдээ нийгэм

Оны эхний таван сард 6267 хос гэрлэлтээ батлуулсан бол 1743 хос гэрлэлтээ цуцлуулжээ DNN.mn

2022 оны эхний таван сард 6,267 гэрлэлт баталсныг Улсын Бүртгэлийн Ерөнхий газар бүртгэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,190-ээр буурсан үзүүлэлт юм. Зөвхөн тавдугаар сард 1,277 хос гэрлэлтээ батлуулсан байна.

Харин өнгөрсөн тавдугаар сар 389 хос гэрлэлтээ цуцлуулсан ба оны эхний таван сараар авч үзвэл 1,743 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны эхний таван сараас 30 орчим хувиар өссөн байна.

Гэр бүлийн харилцааны хэв шинж өөрчлөлт 2018 буюу хамгийн сүүлд хийсэн судалгаанаас үзэхэд салалтын шалтгаан

  • архидалт, хүчирхийлэл,
  • үнэнч бус байдал,
  • үзэл бодол таараагүй,
  • удаан хугацаанд тусдаа амьдарснаас,
  • хадмуудын нөлөөллөөс үүдсэн

гэж үзсэн талаар Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ ярьж байв.

Харин гэр бүлийн зөрчил, маргааныг шалтгаанаар эрэмбэлэхэд

  • санхүүгээс үүдэлтэй – 41.4%,
  • согтууруулах ундааны хэрэглээнээс – 15.7%,
  • хүүхдийн асуудлаар – 15.3%,
  • өр зээл – 13.9%,
  • үзэл бодлын зөрчил 11%-ийг эзэлжээ.
Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээгээр батлагдаагүй DNN.mn

Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрээр “Сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байгаа болохоос батлагдсан тохиолдол гараагүй байна. Боомтод ажиллаж буй бүх хүмүүсээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Урьдчилсан байдлаар бол нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Нарийвчилсан шинжилгээний хариу гараагүй буюу баттай тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-ийн баг зургаадугаар сарын 02-ноос 25 хүний бүрэлдэхүүнтэй “Гашуунсухайт” боомт дээр ажиллаж байгаа. Энэ асуудал хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээлэл байх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Америкийн өдрүүд” соёл, урлаг, боловсролын цуврал арга хэмжээ энэ сарын 15-нд эхэлнэ DNN.mn

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож буй. Тэгвэл Элчин сайдын яамны зүгээс ойн баяраа тэмдэглэн “Америкийн өдрүүд” соёл, урлаг, боловсролын цуврал арга хэмжээг зургадугаар сарын 15-наас 30-ны хооронд Монгол Улсын Засгийн газар болон хамтрагч түншүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болжээ. Эдгээр арга хэмжээнүүд бүгд олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй аж.

  • 6-р сарын 15-19-ний өдрүүдэд Тэнгис кино театрт Америкийн баримтат кино өдрүүд
  • 6-р сарын 15-16-ны өдрүүдэд NASA-гийн инженер асан, STEMBoard технологийн компанийг үүсгэн байгуулагч Аиша Бөү-ийн хэлэлцүүлэг, уулзалтууд
  • 6-р сарын 21-24-ний өдрүүдэд Америкийн төвд соёл боловсролын талаарх танилцуулга
  • 6-р сарын 26-30-ны өдрүүдэд Америкийн цэргийн хамтлаг Улаанбаатар болон Дархан хотноо тоглолт хийхээр тус тус товлогдоод байна.



Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: “Миний ном” хандивын аянд 1066 ном цугларчээ DNN.mn

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Нийслэлийн зургаан дүүргийн 26-н хороо, Дархан-Уул аймгийн 3 багт хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жилдээ 2 удаа төсөл хөтөлбөрт хамрагддаг хүүхдийн гэрээр айлчилж өрхийн нөхцөл байдлын үнэлгээг хийдэг байна. Өнгөрсөн онд нийт 10469 хүүхдийн гэрээр зочилж өрхийн нөхцөл байдлын үнэлгээ, судалгааг хийхэд, судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 33 хувь нь өдрийн цагаар хичээлээ хийж, ном уншдаг 32 хувь нь зурагт, гар утас үзэж, үлдсэн 35 хувь нь гэрийн ажилд туслах, тоглох зэрэгт цагаа зарцуулдаг гэсэн байна.

Үнэлгээнд хамрагдсан нийт хүүхдүүдийн 1/3 нь дэлгэцийн хамааралд орох эрсдэлтэй байгаа аж.

Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн 60 гаруй хувьд нь сурагчид цахимаар суралцсан бөгөөд хүүхдүүд ямар хэрэгсэл ашиглан хамрагдаж байгааг тодруулсан асуултад гар утас, таблет-77,8 хувь, компьютер, нөүтбүүк-2,3 хувь , дээрх 2 төрлийг 2ланг нь 3,9 хувь, телевиз болон бусад төхөөрөмж-14,2 хувь, хамрагдаж чадахгүй байгаа-1,4 хувь гэжээ.

Тайлбар байхгүй.

Дээрх судалгаануудад үндэслэн Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний Ном ” хандивын аяныг санаачлан эхлүүлжээ. Хандивын аян тавдугаар сарын 11-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан бөгөөд нийтдээ 1066 ном цугларснаас бага насны хүүхдэд зориулсан 900 номыг боож баглан нэг өрхөд гурван ширхэг ном бэлэглэхээр төлөвлөжээ. Ингэснээр нийтдээ 300 өрхөд ном хүргэгдэх юм.

Г.Даваажав (Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын маркетинг харилцааны албаны мэргэжилтэн): Манай Гүүд Нэйборс ОУТББ маань Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 16 жил болж байна. Жил болгон 2-3 томоохон хандивын аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн эхний том үйл ажиллагаа маань “Миний ном” хандивын аян байлаа. Уг үйл ажиллаагаараа дамжуулж хүүхдийн хөгжих эрхийг хангаад зогсохгүй, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн дэлгэцээс хараат байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм. Мөн үйл ажиллагааг маань дэмжиж хамтарч ажилласан номын дэлгүүрүүд, албан байгууллага, хувь хүн, хүүхэд багачууд, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын 6 салбар, The Café book, Сөүл Төүст Бонг болон Өдрийн сонины хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Эхний улиралд гадаадын жуулчдын тоо гурав дахин нэмэгджээ DNN.mn

Дэлхий даяар зорчих хязгаарлалтыг зөөлрүүлсээр байгаатай холбоотойгоор энэ оны эхний улиралд олон улсын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс ойролцоогоор гурав дахин нэмэгдсэн байна.

Испанийн Мадрид хотод төвтэй Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын /ДАЖБ/ мэдээлснээр, энэ оны эхний улирлын гурван сарын хугацаанд 117 сая жуулчин гадаадад аялсан нь өнгөрсөн оны мөн үеийн 41 саяас 182 хувиар өсжээ.

Энэ үзүүлэлт нь цар тахлын өмнөх 2019 оны эхний улирлынхаас 61 хувиар бага дүн юм.

Гэсэн хэдий ч ДАЖБ-аас хэлэхдээ, “хязгаарлалтууд буурч, итгэл сэргэж байгаа тул аялал жуулчлал маш хурдтай сэргэсээр байна. Энэ оны эхний улиралд нэмэгдсэн 76 сая жуулчны 47 сая орчим нь зөвхөн гуравдугаар сард аялсан нь сэргэлтийн хурд улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна” гэв.

Өсөлт нь ялангуяа Европ тивд тод ажиглагдаж байгаа ба Европын орнууд 2021 онтой харьцуулахад бараг дөрөв дахин олон хүн хүлээн авч байгаа нь 280 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Сумын заан Т.Лхагвасүрэн: 2017 оноос хойш Бөхийн өргөөнд барилдах гэж хөдөөнөөс зорьж ирдэг байлаа DNN.mn

Бөхийн өргөөнд сар болгон уламжлал болон зохиогддог сумын заануудын барилдаанд амжилттай сайн барилдаж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Т.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


– Сумын заануудын барилдаан болгонд амжилттай барилдсан эрэмбэ өндөртэй сумын заантай ярилцаж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгаас зорьж ирж барилддаг тань үзэгчдийн сонирхлыг их татдаг энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Би сумын заануудын барилдаанд 2016 оноос эхэлж барилдсан. Харин 2017 онд сумандаа түрүүлж шинэхэн сумын заан цолтойгоо тэр намрын нээлтийн барилдаанд анх тав давж шөвгөрч байлаа. Харин тухайн жилээ буюу 2017 оноос хойш Архангай аймагт амьдарсан. Түүнээс хойш сумын заануудын барилдаан бүрд хөдөө нутгаас зорьж ирж барилддаг байлаа. Одоо бол хотод ирээд бэлтгэл сургуулилтаа хийгээд сар болж байна. Хотод ирснээс хойш сүүлийн үед улсын начин Н.Баярбаатар ахтай хамт бэлтгэлээ хийж байгаа. “Бүрэн шинэ эхлэл” компани намайг дэмжиж саяхнаас харьяалагдаж барилдахаар болсон.

Тайлбар байхгүй.

-Хөдөөнөөс сумын заануудын барилдаанд зорьж ирж барилдах өөрт тань хүндрэлтэй санагддаггүй юу?

Надад дуртай зүйлээ хийж байгаа учир огтхон ч хүндрэлтэй санагдаж байгаагүй. Харин ч сайхан байдаг. Хөдөөнөөс ирж барилдах хүндрэлтэй санагддаггүй. Сумын заануудын барилдаанд 2019 онд хоёр удаа ирж барилдаад нэг барилдаан дээр нь тав дээр тунаж барилдаад унаж байсан. Тэр жилийн ахин нэг барилдаан дээр нь шөвгөрч байсан. Өнгөрсөн 2021 оны 11 сараас энэ жилийн таван сар хүртэл зохиогдсон сумын заануудын барилдаанд алгасалгүй 7 удаа барилдаж нэг үзүүрлэж нэг шөвгийн гуравт үлдэж үлдсэн 5 барилдаандаа бага шөвөгт шөвгөрдсөн.

-Үеийн сумын заан залуучуудаас хэн нь хамгийн хэцүү өрсөлдөгч санагдаж вэ?

-Сумын заануудад хүчтэй өрсөлдөгч гэвэл гайгүй дээ энэ тэнцүүхэн барилдана л гэж боддог. Барилдахад арай хэцүү байгаа нь гэвэл Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр ах л жаахан хүнд өрсөлдөгч санагддаг. Намар долоогийн даваанд унасан.

Тайлбар байхгүй.

-Таны барилдаан их хурдтай мэдрэмж өндөртэй харагддаг. Барилдааны тань онцлог гэвэл?

-Би бэлтгэл сургуулилтаа хүчний бэлтгэл голдуу л хийдэг..Миний үндсэн мэх гэвэл хонгодох,дунгуйлдах, суйлах,зэрэг сэрвүүгээс голдуу мэх хийж барилддаг даа.

-Удам судрын тань талаар ярилцлагаа үргэлжлүүлье.Ямар бөхийн удам билээ?

-Би аавын талаасаа бөхийн удамтай. Манай аавын аав Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын арслан Далайнжамц гэж хүний удам. 1963 оны улсын баяр наадамд түрүүлж байсан гэдэг.

-Анх удмаа дагаад л бөхөд дуртай болж барилдах болсон уу?

Багаасаа л барилдах их дуртай хүүхэд байлаа. Бөхийн барилдаан их шимтэж үзнэ.Тэр тусмаа улсын начин Ду.Батбаяр начны барилдааныг илүүтэй сонирхоно. Тухайн үед начны ид сайн барилдаж байсан үе нь байсан л даа. Мөн сумо их үздэг байлаа. Яг барилдаж эхэлсэн гэх юм бол долдугаар ангиасаа эхэлж барилдсан.Анх жүдогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байлаа.Үеийнхэн дундаа сайн барилддаг хүүхэд байсан. Харин өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аваргаас алт, мөнгө. хүрэл медалиудыг авч байлаа. Миний анхны чөлөөт бөхийн багш Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн начин Д.Дондов гэж хүн байдаг. Харин үндэсний бөхийн маань анхны багш Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн начин Р.Батболд гэж хүн байгаа.Үндэсний бөхийн улсын аварга хоёр удаа аймгаа төлөөлж орж байсан. Чөлөөт бөхөөр хангайн бүсээс алт мөнгө, авч байсан.Мөн самбо бөхийн улсын аваргаас мөнгөн медаль авч байсан нь хамгийн дурсамжтай санагддаг.

Тайлбар байхгүй.

-Тухайн дурсамжтай барилдаанаа хуваалцвал?

-Уг барилдаан 2014 оны 5 сард Хэнтий аймагт зохиогдсон самбо бөхийн өсвөрийн улсын аваргын тэмцээн байсан юм.Тухайн улсын аваргад 60 кгт барилдана гээд сайн жин хассан юм. Тэмцээнд бэлтгэл хийх хугацаанд миний бие өвдөөд байсан ч багшдаа хэлэлгүй тэмцээндээ явсан. Замын турш унтаад бие сулбагар байсан. Багш үүнийг маань анзаараад надаас бие нь зүгээр үү нүд чинь шарлачихсан байна гэж байн байн асуухаар нь зүгээрээ би ундевит витамин ууж байгаа юм жин хасаад жаахан ядарсан байх гээд хэлчхэв.Тэгээд Хэнтий аймагт очоод л тэмцээндээ орлоо.Тэмцээн эхэлж дөрөв барилдаж бүгдийн оноогоор цэвэр ялж алтан медалийн төлөө үдээс хойш барилдахаар боллоо. Тухайн үед хоол орохгүй хамраас цус тогтохгүй байсан ч багшдаа хэлэхгүй гүрийгээд барилдчихсан юм.Тэгтэл бие маань гэнэт муудаж эмнэлэгт үзүүлтэл наад хүүхэд чинь шарлаад ком болсон байна юун барилдах буцах замын ая даахгүй эндээ эмчилгээ хийлгэ гэв. Нэгэнт эмч тэгсэн болохоор тэндээ сар гаруй танихгүй газар эмнэлэгт хэвтсэн. Хэрэв тэр тэмцээнд алт авсан бол дэлхийн аваргад явах байсан түүндээ л жаахан харамссан.

Ер нь бөх хүн дэвжээн дээр гарахад бяр мэх чухал уу, сэтгэл зүй чухал уу?

– Дэвжээн дээр гарахад бүх л зүйл чухал байх сэтгэлзүй ч тэр. Хийсэн , давтсан мэх,хийдэг мэхээ гүйцэтгэлтэй даацтай хийх. Мөн сэтгэл зүй ч тэр бэлдсэн бэлтгэл ч ордог.Би сэтгэл зүй талаасаа янз бүрийн сандрал багатай гараад л барилдчихдаг даа их юм бодож нервтдэггүй. Харин дор даваанд уначих вий дээ гэсэн юм байгаад л байдаг юм.

– Сумын заан цолыг хэдэн онд хүртэж байв?

-Сумын заан цолыг 2017 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд түрүүлж авсан. Анх сумын заан цол авахдаа сумын гурвын даваанд Архангайн аймгийн Чулуут сумын начинтай таарч барилдаад давж байлаа. Дараагийн даваанд мөн л Чулуут сумын начинтай таарч барилдаад давсан. Харин тавын даваанд аймгийн начин Баярбаасантай барилдаад давсан..Түүний дараа жил нь ахин Төвшрүүлэх сумандаа түрүүлэн баталж байлаа. Үүний дараа жил 2019 онд бас сумын наадамд үзүүрлэсэн.

Тайлбар байхгүй.

-Аймгийнхаа наадамд хэдэн удаа зодоглосон бэ?

-Би аймгийнхаа наадамд 2018 онд барилдаад гурав давсан. Харин 2019 онд мөн л аймгийнхаа наадамд гурав давж дөрвийн даваанд одоогийн цэргийн арслан Л.Отгонбаатарыг заан цолтой байхад нь барилдаж өвдөг шороодож байлаа.

-Ид барилдаж байгаа залуу бөхийн хувьд өнөөдрийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Одоогийн бөхийн хөгжил нэг үеэ бодвол сайхан болж байгаа гэж харж байгаа.Барьц сонгоогоо халсан нь зөв. Зодогны стандарт дээр яалт ч гүй ярих сэдэв болчихсон байсан. Хэцүү хэцүү зодогтой хүмүүс байсан. Нэг үеэ бодвол бөхийн холбоо зөв зүйлсийг хийж байна гэж харж байгаа.

Categories
мэдээ нийгэм

“Хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМДС-аас хариуцаж байна” гэв DNN.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдрийн байдлаар 0-19 насны нийт 456 хүүхэд хорт хавдрын улмаас хяналтад байгаагийн 263 нь эрэгтэй, 193 нь эмэгтэй хүүхэд байна. 2017-2021 оны хооронд хавдрын улмаас гадаадад эмчлүүлсэн хүүхдийн тоо нийт 28 байгаа ба үүнээс 19 нь цусны цагаан эсийн хавдар, 5 нь тархи мэдрэлийн, 4 нь тунгалагийн булчирхайн хорт хавдар байна. Хавдрын хими эмчилгээ болон тулгамдсан асуудал хаврын эмчилгээнд мэс засал, туяа хими эмчилгээ, дархлаа болон байн эмчилгээ ордог. Манай улс тархай бутархай суурьшмал бүс нутагт байдаг. Үүнтэй холбоотой орон нутгаас оношлогдож байгаа өвчлөл ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож байна. Тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийг зохион байгуулсан. Үр дүн гарч байна. Ялангуяа ходоодны хорт хавдар эрт үедээ оношлогдож буй. Дээрээс нь нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг түлхүү зохион байгуулж байна. Жил бүр эрт илрүүлэг үзлэгт тогтмол хамрагддаг болчихвол үр дүн гарна”.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “Хорт хавдрын өвчлөлийн үед тусламж үйлчилгээг хэрхэн яаж худалдаж авах вэ? Хэдэн төгрөг байх вэ гэдэг асуудлыг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2021 оны гуравдугаар тогтоол, мөн 2022 оны гуравдугаар тогтоолоор зааж өгсөн. 2022 оны гуравдугаар тогтоол гарахаас өмнө эмчилгээний зардалд 25 хувийг иргэн өөрөө гаргадаг байсан. 2021 оны гуравдугаар тогтоол батлагдсанаас хойш хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМДС-аас хариуцаж байна. Үүнд хэвтүүлэн эмчлүүлэх, мэс заслын эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ, хими туяа эмчилгээ гэх мэт хорт хавдрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг ЭМДС-аас зуун хувь даагаад явж байна. Гуравдугаар тогтоолд цусны хорт хавдрын эмчилгээний зардал ороогүй байсныг энэ оны нэгдүгээр сард батлагдсан нэгдүгээр тогтоолоор эмчилгээ зардал нэмж орж ирсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкийг хянан шалгагчдыг томиллоо DNN.mn

Өнөөдөр Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ дахь түр хороо хуралдсан. Хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингээд хянан шалгагчаар Монголбанкны улсын байцаагч И.Уянга, Үндэсний аудитын газрын мэргэжилтэн Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо. Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардлах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн DNN.mn

Монгол Улсын Хөгжлийн Банкны талаарх хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас тус банкны чанаргүй зээлийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Тухайлбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, Хөтөл гээд хоорондоо хамаарал бүхий этгээдүүдийн 495 төгрөгийн өр, Хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Нийт чанаргүй дээр дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулахаар Монгол Банкнаас 2020 онд шалгалт ороод акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкинд онцгой анхаарал хандуулж чанаргүй зээл төлүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх онд Самурай, Чингис бонд төлөгдөх хуваарьтай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна. Өнгөрсөн хугацаанд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн Банканд үүссэн төрийн өмчийн үйлдвэрийн газруудын өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газраас гаргасан хувилбар болон Хөгжлийн Банкнаас гаргасан хувилбарыг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон. Тэгэхгүй бол Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн Банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нөгөө орон сууцуудын нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр л олгочихсон. Буцаад тэндээс төлбөр орж ирэхгүй гэсэн үг. Тэр үед Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт үүнийг тусгаад, төсвөөс Хөгжлийн Банканд төл гэдэг тогтоолууд гаргаж байсан. Гэвч төсөвт тусгасан үүргээ улс нэг ч удаа биелүүлээгүй учраас Хөгжлийн Банканд чанаргүй зээлүүд үүссэн. Харин одоо Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө хийгээд явах уу эсвэл энэ банкийг дампууруулах уу гэдэг сонголтод тулаад байна. Цаашид өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн Банкаа дампууруулчихгүйхэн шиг үүргээ биелүүлээд явъя. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдэд үүнийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг агуулга бүхий зүйлийг хэлэлцсэн” гэлээ.