Categories
мэдээ нийгэм

​С.Мөнхтуяа: Архинд донтох эмгэгт монгол хүмүүс илүү хурдан өртөж байна DNN.mn

Монголчуудын дунд архи, согтууруулах төрлийн ундааны хэрэглээ өндөр байна. Үүнтэй холбоотойгоор архинд донтох эмгэг үүсдэг бөгөөд энэ талаар СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн С.Мөнхтуяатай ярилцлаа.


-Архинд донтох эмгэгийг гэж юу вэ?
-Архи согтууруулах төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэх нь яваандаа хувь хүний сэтгэц, бие организмд дасал болж, хараат байдал үүсгэдэг. Үүнээс шалтгаалан донтох эмгэг гэх өвчин үүснэ. Донтох эмгэг нь хүний сэтгэц, зан төрхөд өөрчлөлт оруулдаг учир сэтгэцийн эмгэг гэж үздэг. Энэ нь дотроо 99 дэд бүлэг өвчин болдог.

-СЭМҮТ архинд донтох эмгэгтэй иргэдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг өрхийн эрүүл мэндийн төвүүд, хоёр дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламжийг дүүрэг, аймгуудын эрүүл мэндийн төвүүд үзүүлдэг. Манай СЭМҮТ бол төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг. Донтох эмгэгийн клиниктээ 30 ортой тасаг ажиллуулдаг. Мөн 21-28 хоногийн өдрийн эмчилгээ хийж байна. Амбулаторид мөн тусламж үзүүлдэг.
Нийслэлийн хэмжээнд Наркологийн үндэсний төвд архины асуудалтай иргэдэд тусламж үзүүлэх 50 ортой тасаг үйл ажиллагаа явуулж байна. Мөн сайн дураараа эмчлүүлэхгүй тохиолдолд Төв аймгийн Майнтад албадан эмчилгээг хийдэг.
-Архинд донтох эмгэгт эрт болон хожуу үе шат гэж байдаг уу?
-Байлгүй яах вэ. Архинд донтох эмгэг нь хожуу үедээ орсон хойно эмнэлэгт хандах нь түгээмэл байна. Хорт хавдрын хожуу үедээ эмнэлэгт хандвал эмчилгээгүй болсон байдагтай архинд донтох эмгэг ч адилхан. Гэр бүлийнхэн нь ойлгохгүй, тухайн хүн ч гэсэн өвчнөө үгүйсгэх хандлагатай явсаар эцсийн шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг. Эцсийн шатанд орно гэж бусад эрхтэнүүдийн хавсарсан эмгэг үүссэн байхыг хэлнэ. Дагалдах зүрх судасны эмгэг, даралт ихсэх, зүрхний ишеми, элэгний өөрчлөлтүүд илэрсэн байдаг.
-Архийг удаан хугацаагаар хэрэглэхэд хүний сэтгэцэд ямар өөрчлөлт ордог вэ?
-Архи согтууруулах төрлийн ундааны зүйлийг хэдий чинээ эрт буюу бага залуугаасаа хэрэглэж эхэлнэ, тэр чинээгээр архины хараат болох нь илүү байдаг. Архи согтууруулах ундаа хоёр төрлийн үйлчилгээ үзүүлнэ.
Нэгдүгээрт, архи огт хэрэглэж үзээгүй хүүхэд, өсвөр насныхан, өндөр настнууд, тархины гэмтэлтэй болон бусад архаг хууч өвчтэй хүмүүс хэрэглэвэл архины хурц хордлогод орох эрсдэлтэй. Үүнээс болоод амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Ялангуяа баяр ёслолын үеэр гэнэт хэрэглэж, архины хурц хордлогын улмаас эрүүл мэнд, амь насаа алддаг.
Хоёрдугаарт, Удаан хугацаанд согтууруулах ундаа хэрэглэснээс архины хараат байдалд ордог. Улмаар уураг тархи сэтгэцэд нөлөө үзүүлдэг. Зүрх судасны эмгэг, элэгний эмгэгүүд үүсэх шалтгаан болно.
Архины хэрэглээгээ зогсоосны дараа сэтгэцийн өөрчлөлтүүд илүү их гардаг.Үүнийг ар гэрийнхэн нь мэддэггүй. “Манай нөхөр 10 хоногоор үргэлжлүүлэн архи уудаг байсан. Одоо уухгүй 3-4 хоножбайна. Гэтэл 3-4 хоногоор нойргүйдэж, дэмий балай юм ярьж байна” гэх мэтээр ханддаг.

Архинаас үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлт бусад төрлийн сэтгэц, оюун санааны өөрчлөлтүүдтэй адилхан байдаг. Жишээлбэл, хий юм харах, сонсох, дэмийрэх, биеэр утас хөвөөд байгаа мэт мэдрэгдэх, биед янз бүрийн хорхой шавж шивсэн байна. Арслан барс гүйж байна” гэх мэтээр хий зүйл харах сэтгэцийн өөрчлөлтүүд илэрдэг. Нойргүйдэх, хар дарж зүүдлэх, нохойд бариулж байна гэх мэтээр зүүдлэх нь хамгийн түгээмэл илэрдэг сэтгэцийн дэмийрлийн шинж тэмдэг юм. Үүнээс бол ухамсарт ухааны алдагдалд ордог.
-Архийг удаан хугацаагаар хэрэглэснээс сэтгэл гутралд ордог гэдэг?
-Архины хамаарлын шалтгаант сэтгэл гутрал гэж бий. Архи бол хүний төв мэдрэлийн системийг тайвшруулах, саатуулах үйлчилгээтэй химийн бодис. Тийм ч учир зүүрмэглэх, хаана байгаагаамэдэхгүй болох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болсон үйл явдлыг хэдэн секунд, минут, цагаар мэддэггүй. “Би хаагуур явсан билээ, гар утсаа хаана тавьсан юм бол оо?” гэх мэтээр бусдаасаа асуугаад байдаг шүү дээ.
Мөн нэг үгийг давтаж ярих, шинэ зүйл сэтгэх, санах чадвар нь алдагддаг. Үүнээс гадна сэтгэл гутрал бие даасан байдлаар илэрдэг. Сэтгэл гутралд орвол амьдралаас уйдна, ингэж явсаар үхэх юм байна
! гэх мэт бодлоор илэрч, эцсийн мөчид амиа хорлох хүндрэл өгдөг.

-Монголд архинаас шалтгаалж амиа хорлосон иргэдийн статистик баримт байдаг болов уу?
-Амиа хорлох хүний тоо дэлхий нийтэд, Монголд ч гэсэн нэмэгдэж байна. Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй, тэнцвэргүй байдал, түүнийг даван туулах чадвар сул байгаатай холбоотойгоор амиа хорлолт өсөж байна. Гэхдээ архины шалтгаант амиа хорлолтын дараа бие даасан судалгаа манай улсад хараахан хийгээгүй байна.

-Архины донтолт яаж үүсдэг вэ? Донтолт болон зохистой хэрэглээг хэрхэн ялгах вэ?
-Архи согтууруулах ундаа нь химийн бодис учир зохистой хэрэглээ гэж байдаггүй гэхэд болно. Элэг бол согтууруулах ундааны химийн бодисыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн. Архийг задалдаг хоёр төрлийн фермент элгэнд байдаг.
Тэр хоёр төрлийн фенментийн идэвхжил Азийн орны иргэдэд бага. Тэр дундаа монгол хүний архийг задлах ферментийн идэвхжил европчуудынхаас 3-3.5 дахин бага байна гэсэн судалгааны дүн гарсан. Үүнтэй холбоотой монгол хүмүүс архинд донтох эмгэгт илүү хурдан өртөж байна гэсэн дүгнэлт гарч байна.

Монголчууд согтууруулах ундааг эртнээс хүнсний бүтээгдэхүүн гэж үзэж хүнсний дэлгүүрүүдэд худалдаалдаг. Тиймээс хүүхэд, өсвөр үеийнхэн, залуус маань хэрэглэх ёстой мэтээр ойлгодог. Баяр ёслолыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх ёсгүй мэтээр төсөөлөх болжээ. Мөн архийг хүндэтгэлийн идээ гэж бусдад бэлэглэдэг. Үнэтэй архи бол илүү сайн гэж боддог.Зарим айл гэрийнхээ хоймрын шилэн хоргонд төрөл бүрийн согтууруулах ундааны зүйл хийчихсэн үзмэр болгосон байдаг.
Энэ бүхнээс үүдэлтэй архи хэтрүүлэх хэрэглээ үүсдэг. Шар айргийг ч зохисгүй, замбараагүй хэрэглэвэл нэг сарын дотор архины хамаарлын эмгэг үүсэх боломжтой гэж үздэг. Намрын айраг 23 хувийн алкогольтой гэж үздэг. Тэгэхээр согтууруулах ундааны тэр нь сайн, энэ нь муу гэх ялгаа байхгүй гэж ойлгож болно. Айргийг их хэмжээгээр хэрэглэх, согтууруулах ундааны хэрэглээ ихтэй байх үед төрсөн үр хүүхэд оюун ухааны ачаалал сул, оюуны хомсдол өвчинтэй, зан төрхийн эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл их гэж үздэг.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт 98846 хүн хамрагджээ DNN.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.

ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.
Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл

  • 2020 онд 6702,
  • 2021 онд 5981 бүртгэгдсэн.

Зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд

  • Элэгний хорт хавдар 32.7 хувь,
  • Ходоодны хорт хавдар 16.1 хувь,
  • Уушги, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь,
  • Улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь,
  • Умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлжээ.
  • Хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалсан аж.

Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл ихсэх төлөвтэй байгаа ч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.

Хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болсоор байна. 56.1 хувь нь эрэгтэйчүүд, насны хувьд 40-өөс дээш насныхан 94.9 хувийг эзэлж байгаа аж.

Жилд шинээр оношилж буй хорт хавдрын 72 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэх боломж багассан үедээ оношлуулж байгаагаас нас баралтын түвшин өндөр байна хэмээн сайд хэллээ.

Хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулдаг.

2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.

ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлснээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.

Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл болох умайн хүзүү, хөхний хавдрын чиглэлээр 2012 оноос эхлэн хүн амд суурилсан умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг (скрининг)-ийг Монголын мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр эхлүүлэн өнөөг хүртэл жил бүр зорилтот насны бүлгийн (30-60 нас) эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтайгаар хамруулж байгааг сайд С.Энхболд дурдсан.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой хэмээн сайд хэллээ.

Тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98,846 хүн хамрагдсанаас 56.1 хувь нь Улаанбаатарт, 43.9 хувь нь орон нутагт хамрагджээ.

Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэх, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулсан, тогтвортой хяналтын тогтолцоог “Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн нэгж”-д ажиллах эмч, мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай хэмээн С.Энхболд сайд мэдээлсэн.

Мөн хавдрын эмчилгээний төвлөрлийг бууруулах, орон нутагт хийх чадамжийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, багаар тасралтгүй сургах үйл ажиллагааг дэмжих, хорт хавдрын оношилгоонд хэрэглэдэг молекул, генетикийн оношилгооны лабораторийг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, хавдрын мэс засал эмчилгээг эрхтэн хадгалах (минималь инвазив), дурангаар хийх чиглэлд хөгжүүлэх, шаардлагатай багаж хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэх шаардлагатай аж.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хорт хавдрыг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог, энэ нь өрхийн орлогод хүндээр тусдгийг дурдаад, хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулж байгаа энэ үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, ус, эрүүл ахуйн асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцолсон.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариулснаар, манай улс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгадаг байсан. Энэ жил 60.8 тэрбум төгрөг зарцуулна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийг насны бүлгээр зургаан хэсэгт хуваан 12-19 төрлийн шинжилгээ хийж байна.

Долоон төрлийн хавдар оношлох, зонхилон тохиолддог зүрх, судасны өвчлөлөөс гадна цус, биохими, сахарын шинжилгээг оруулсан гэлээ. Эдгээр үзлэгээр ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох боломжтой, ямар нэг эргэлзээтэй шинж тэмдэг илэрвэл нарийвчлан оношлох юм байна.

Хавдрын мэс заслын хувьд манай улсын эмч мэргэжилтнүүд сайн бэлтгэгдсэн гэж сайд хариулсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж эхэлснээр оношлох чадамж дээшилсэн гэлээ. Гэхдээ манай оронд цусны зарим төрлийн, тархины гүний хорт хавдар, зүрхний хавхлагын болон хүүхдийн зарим төрлийн хорт хавдрыг эмчлэх боломжгүй гэв.

Шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний аргыг нэвтрүүлснээр цаашид боломжууд нэмэгдэнэ гэдгийг ч мөн хэлжээ

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Махны үйлдвэрт байсан хүүхдүүд хаачсан бэ? DNN.mn

Сэтгүүлч Л.Баяржаргал: Дараагийн сурвалжилгаар очиход хүүхдүүдийг “Ажлаа дуусгаад явсан” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй-


Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, махны чанар, эрүүл ахуйн асуудлыг нийгэмд гаргаж ирсэн хэвлэл бол “Neguun.mn” цахим хуудсын хамт олон. Махны үйлдвэрүүдийн сурвалжилгаас анхаарал татаж байгаа бас нэг асуудал хүүхдүүдийн тухай юм. Энэ тухай ” сайтын захирал, сэтгүүлч Л.Баяржаргалтай ярилцлаа.


-Махны үйлдвэрүүд ийм нөхцөл байдалтай ажиллаж байгаа мэдээллийг анх яаж мэдэж, хэрхэн сурвалжлав. Анх очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Эх сурвалж байж бид мэдээ, сурвалжилга бэлтгэнэ шүү дээ. Тиймээс мэдээлэл ирэнгүүт эх сурвалжтай очиж уулзаад, хоёр ч удаа баталгаажуулаад тэр шөнөдөө сурвалжилганд гарсан. Тавдугаар сарын 10-ны үүрийн 04:00 цаг хүртэл шууд дамжуулалт хийсэн.

Бидний анх очсон компани бол “Эм Ди Си Пи” компани. Төмөр хашаатай, бат бэх цоожтой, бүрэн камержчихсан. Хоёр зураглаачтайгаа гурвуулахнаа очсон учраас дотогш нэвтэрлээ гэхэд гарах эрсдэлээ тооцоолж, “Босоо хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын ах нарт хандаж, “Ноцтой мэдээлэл авагдсан учраас хамгаалж өгөөч” гэж хүссэн. Тэд ч тусалсан. Ингээд яваад ороход мэдээж таагүй хүнд нөхцөл байдал угтсан. Бичлэгт тодорхой байгаа шүү дээ. Шөнийн цаг байсан учраас хууль бус ажиллагаа яг үргэлжилж байсан. Ажилтнуудын сөрөг уур амьсгал, ёс зүйгүй авир, харилцаа хандлага бүхий л зүйл нь шууд дамжуулалтаар гарсан Тэр асуудлаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй хоног бага багаар мэдээлэл авагдаж, үе шаттайгаар явсаар нийгэм хүнсний гол хэрэглээ махны асуудал юу болчихов гэж эргэлзэж, үнэн бодит байдлыг мэдэхийг хүсч байна. Монголчуудын хүнсний гол салбараас харь улсын иргэдийн оролцоог салгаач гэж төр засагтаа хандсан, хүлээсэн байдалтай байна.

-Сурвалжилгын үеэр махны үйлдвэрт хүүхдүүд байсан нь дүрс бичлэгт үлдсэн. Тэнд ямар учиртай хүүхдүүд байв?

-Хүүхдүүд байсан үйлдвэр бол бидний сурвалжилсан хоёр дахь үйлдвэр байсан. “Сайло фүүдс Монголиа” гэх компанийн мэдлийнх. Тус компанийн бэлтгэсэн мах нийслэлийн цайны газрууд руу нийлүүлэгдсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Түүний дагуу сурвалжлахаар явж очиход дахиад л бүрэн камертай, шорон гяндан шиг газар угтсан. Ер нь энэ камерыг хаанаас хэн хянадаг юм бол гэдэг асуудал гарна шүү дээ. Ингээд хөөгөөд явсан. Гэтэл махны үйлдвэрээс 500-гаад метрийн зайд бас нэг объект гарч ирсэн. Тэнд эзэн нь гэх нэг хятад хүн, монгол эхнэр, хадам ээжтэйгээ амьдардаг болж таарсан. Гэтэл тэр объектын нэгдүгээр давхарт явж ороход хоёр эмэгтэй, таван хүүхэд угтсан. Нэг нь охин хүүхэд, 3-5 насны гэмээр. Үлдсэн дөрөв нь эрэгтэй, 15 насны хөвгүүд.

Сошиалаар 11 хүүхэд нүхэн дотроос олдсон гэх мэдээлэл яваад байна лээ. Тэр бол хандалт авах гэсэн сайтуудын ташаа мэдээ. Хүүхдүүдийн асуудлаар надтай цагдаа, тагнуулаас холбогдож мэдээлэл тодруулж авсан.

-За ямартаа ч 11 биш, таван хүүхэд байсан байх нь. Тэдгээр хүүхэд тэнд юу хийдэг байсан хэрэг вэ. Ажилчдынх нь хүүхдүүд үү?

-Үгүй. Хүүхдүүдээс хоёр, гурван ч удаа асууж тодруулах гэж хичээсэн. “Хүмүүсийн ажилд тусалдаг юм аа” гэхээс өөр зүйл яриагүй. Гэсэн хэдий ч тэд тэр давхраасаа дээшээ гарч үзээгүй бололтой, хоёрдугаар давхар руугаа гарах эрхгүй, тэнд юу байдгийг ч мэдэхгүй, хаалга үүд нь цоожтой. Хардлага төрүүлсэн гол зүйл тэр хүүхдүүдийн байгаа объектын хашааг дотор талаас нь ногоон өнгийн хятад бичигтэй цоожоор түгжчихсэн. Тэр хашааны хаалгыг гаднаас нь онгойлгох хориотой гэсэн лац байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд тэр хашаанаас ч гардаггүй гэсэн үг.

-Тэгвэл тэнд ямар нэгэн ажил хийдэг болж таарав уу?

-Тэгж л харж байгаа. Нэг хүүхдийн гутал цусны толботой байсан нь хардлага төрүүлсэн. Яагаад цус болчихсон юм бэ гэж асуухад “Хүмүүсийн ажилд тусалж байгаад ийм болчихсон” гэхээс өөр зүйл хэлээгүй.

Хүүхдүүд хашаанаас битгий хэл нэг давхраас гарах эрхгүйг бодоход махны үйлдвэрт нь ажилладаггүй. Харин тэр байсан объект нь доороо маш том зоорьтой. Тэнд чухам юу хийдэг нь тодорхойгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд тэнд л хүнд хүчир ажил хийдэг болов уу гэж харсан. Учир нь тэд нүүр гар нь ч халтайчихсан, шавар шавхай, цус болчихсон хувцастай унтаж байсан. Хэрэв эцэг нь эх тэнд байсан бол хүүхдээ тийм байдалтай амраахгүй шүү дээ. Ядаж л нүүр гарыг нь угаана, хувцас хунарыг нь тайлуулж тав тухтай амраана. Гэтэл тийм байгаагүй учраас насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан байж болзошгүй гэж үзэж байгаа.

-Хүүхдүүд одоо байхгүй гэв үү?

-Бид дараагийн удаа сурвалжилга хийхээр очиход хүүхдүүд байхгүй болчихсон байсан. Хаачсаныг асуухад “Хүүхдүүд ажлаа хийж дуусаад явчихсан” гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхээр яалт ч үгүй хүүхдүүдийг хүнд ажил хийлгэж байсан нь үнэн болж таарч байгаа юм гэв.

Махны үйлдвэрт шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүд байсан асуудалд хууль хяналтын байгууллага хэрхэн анхаарч байгааг тодруулсан юм. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Тухайн үед цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан. Гэмт хэрэг зөрчлийн асуудал байгаагүй учраас харьяаллын дагуу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн. Тус газар нь хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг хариуцдаг” хэмээв.

Categories
гадаад мэдээ

Оросын арми Луганскийн ихэнх хэсгийг хяналтдаа авсныг зарлав DNN.mn

Оросын батлан хамгаалах яам өчигдөр Украины Донбассын бүс нутагт багтдаг хоёр мужийн нэг болох Луганскийн газар нутгийн 97 хувийг хяналтдаа оруулсныг зарлажээ.

Нөгөө нэг муж болох Донецкийн газар нутгийн тал орчим хувь Оросын цэргийн хяналтад байгааг Украины тал өмнө нь мэдээлж байв.

Оросын зэвсэгт хүчин хоёр сар орчмын өмнө Украины нийслэл Киев хотыг эзлэх төлөвлөгөөнөөсөө ухарч, зөвхөн Донбассыг бүрэн хяналтдаа оруулах зорилт тавьсан юм.

Украины зэвсэгт хүчин 2014 оноос хойш Донбасст салан тусгаарлагчидтай тулалдаж байгаа. Дайны эхэн үед Оросын арми Украины өмнөд хязгаарын Херсон мужийг бүхэлд нь, Запорожье мужийн томоохон хэсгийг эзлэн авсан юм.

Одоо эдгээр мужуудын тусгаар тогтнолыг зарлах, эсвэл ОХУ-д нэгтгэх асуудал яригдаж эхлээд байгаа.

Хоёрдугаар сарын 24-нөөс өмнө Крымийн хойг, Донбассын зарим хэсгийг оролцуулаад Украины газар нутгийн 7 хувь ОХУ-ын болон түүний талыг баримтлагчдын мэдэлд байгааг Киевийн засгийн газар мэдээлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлсэн үгэндээ улс орных нь газар нутгийн 20 хувь Оросын зэвсэгт хүчний хяналтад байгааг баталсан юм.

Одоо Луганск мужийн Северодонецк, Лисичанск хотуудын төлөө ширүүн тулаан талуудын хооронд үргэлжилж байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк дайны талбараас ирж буй таагүй мэдээлэлд хэт автаж, сэтгэлээр унахгүй байхыг ард түмэндээ уриалжээ.

“Бид ямар нэг зүйлээ алдсан тухай мэдээнээс айж цочирдох хэрэггүй. Тактикийн маневр үргэлжилж байна. Бид алдсанаа бас буцааж авч байгаа” гэж тэр өчигдөр хийсэн видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Луганск мужийн захирагч Сергей Хайдай “Гудамжны ширүүн тулаан Северодонецк хотод янз бүрийн үр дүнтэй үргэлжилж байгаа. Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа ч Украинчууд довтолгоог няцаасаар байна” гэж ярьжээ.

Лисичанск хотыг Оросын арми тасралтгүй их буугаар галлаж байгааг тэр бас мэдээлсэн юм.

“Хотыг бүхэлд нь сүйрүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын гал нэлээд эрчимжсэн. Оросууд газрын хөрснөөс арчих тактик хэрэглэж байна” гэж Гайдай ярьжээ.

Өрнөдийн орнуудаас Украинд илгээсэн алсын тусгалын хүнд зэвсэг техникүүд Донбассын фронтын нөхцөл байдлыг өөрчилнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

АНУ-ын засаг захиргаа Украинд илгээх HIMARS пуужингийн системийнхээ сургалтыг Герман болон Европын бусад хэсэгт эхлүүлжээ. 70 км хүртэл зайд олон пуужингийн өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай уг зэвсгийг бүрэн эзэмшихэд гурван долоо хоногийн сургалт шаардагдах гэнэ.

АНУ-аас гадна Герман, Их Британи улсууд мөн хамгийн орчин үеийн пуужингийн системээ Украинд илгээх шийдвэрийг саяхан зарласан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн албан хаагчидтай боол мэт харилцмааргүй байна DNN.mn

Эрх баригчид төрийн албан хаагчдыг барлаг мэт санаж, боол мэт харилцаад их удаж байна. Манай сонин өмнө нь энэ асуудлыг хөндсөн удаатай. Жанжин хүн цэргээ хайрлах ёстой гэж ирээд бичиж байлаа. Тэр нийтлэлийн “Цэргээ хайрладаггүй жанжин ямар ч тулаанд ялах боломжгүй” гэсэн агуулгыг анзаарч уншсан эрх мэдэлтэн хэд бол. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг анзаарах нь ээ төрийн албан хаагчдыг барлаг мэт үздэг том дарга нарын авир хэрээс хэтэрлээ. Төрийн толгойд гарсан эрх мэдэлтэн, ямба яндартан бүхэн төрийн албан хаагчдыг элдвээр хэлж гоочлох юм.

Популист удирдагчдын дээрэнгүй авираас гадна олон нийтийн шуурсан үзэн ядалт гэж айхавтар хандлага бас байна. “Муусайн төрийн албан хаагчид” гэж ирээд элдвээр зүхэж чичилцгээх нь яав ч эрүүл үзэгдэл биш. Саяхан сошиалаар сэвсэн дээ, нэг байгууллагын хэдэн ажилтан даргатайгаа ажил дээрээ архи задлаад сууж байна гэж. Сүүлд сонсох нь ээ өнөө газрын дарга ажлаасаа халагдах дээрээ тулчихсан сураг дуулдсан. Дараахан нь нэгэн хорооны даргыг бүлтэлзүүлсэн бичлэг цацагдаж, цалингаараа настай ээж, жаахан охиноо тэжээдэг хорооны дарга бүсгүй ажлаасаа гарах өргөдлөө өгч байв. Ер нь төрийн албан хаагчид руу илт дайрсан иймэрхүү өнгөтэй бичлэг байсхийгээд цацагддаг нь гэм биш зан болчихсон. Олны энэ хандлагаас болж ажлаасаа халагдаж, амьжиргаагаа алдсан төрийн албан хаагчид өчнөөнөөрөө бий. Зүгээр л нэг дэмий хийрхлээс болж ажлаа алдана гэдэг өр өвдмөөр хэлмэгдэл.

Хамгийн өрөвдмөөр нь юу гээч. Төрийн албан хаагчид нийгмийн хамгийн хэцүү давхарга болж хувирч байгаа нь. Тэднийг удирдаж залдаг, боолоо мэт санаж гар хөлийнхөө үзүүрт гүйлгэдэг, сонгуулиар өндөр сэнтийд хүрчихсэн эрх мэдэлтэй том дарга нар авлига хахууль гээд албан тушаалаараа арилжиж болох бүхнийг атгаж, халаасаа зузаалсаар аж төрдөг. Төдийгөөс өдий хүртэл ийм л байсан. Одоо ч тийм байгаа. Ирэх өдрүүдэд ч том дарга нар л мөнгөтэй мэдэлтэй амьдрах тогтолцоотой нийгэмд бид амьдарч яваа. Гашуун ч гэлээ бодитой, булзах аргагүй үнэн гэвэл энэ. Харин төрийн албан хаагчдад ийм “боломж” үгүй. Тэд бол цөөхөн төгрөгийн цалинтай, “иргэд хаан, та муусайнууд боол барлагаас өөр хэн ч биш” гэсэн олны хандлагад нуруугаа авахуулчихсан жирийн л иргэд.

Хувийн хэвшилд ажилладаг иргэдийн хувьд чадалтай чадвартай л бол хөлс хүчээ дажгүй үнэлүүлчих бололцоо бий. Харин төрийн албан хаагчдын тухайд тийм биш. Ажилласан жилээсээ хамаарч цалин нь бага багаар өсдөг хууль журамтай. Өргөн хэрэглээний барааны ханш өдөр өдрөөр өсч байхад тэдний цалин хэдэн жил тутамд цөөхөн төгрөгөөр өсдөг графиктай. Инфляц цойлж байгаа ийм үед төрийн албан хаагчдын гар дээрээ авдаг мөнгөөр амьдарна гэдэг амаргүй даваа.

“Муусайн төрийнхөн л авлига авдаг” гэсэн шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлийн гол эзэд нь төрийн албан хаагчид гэж нийтээрээ адлах нь их тод анзаарагддаг. Үнэн хэрэгтээ төрийнхөнд өгдөг авлигын мөнгө том дарга нарын л халаасыг зузаалдаг. Жирийн албан хаагч авлига авбал сошиал орчинд өнөө хорооны дарга бүсгүй шиг бүлтэлзүүлээд хэн ч биш болгох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой зүйл. Дахиад онцлоход, төрийн албан хаагчид эрх мэдлээрээ түрий барьж ахуй амьдралаа дээшлүүлдэг дарга нараасаа тэс өөр орчинд ажиллаж амьдарцгаадаг. Ажлаа гартаа оруулчихсан, ажилдаа дуртай, ажлаасаа өөрийг мэддэггүй чин зүтгэлтэй төрийн албан хаагчид хэдэн зуу, өчнөөн мянгаараа бийг энэ дашрамд зориуд онцолмоор байна. Яамдын ажил яг ийм зүтгэлтэй, сэтгэлтэй, мэргэшсэн төрийн албан хаагчдын нуруун дээр явдаг гэсэн яриа оргүй үг биш. Төрийн албан хаагчдын хувьд том дарга нар нь л хаа нэг архи сархад болж, хонь ямаа боож зугаалганд авч явдгаас өөрөөр гялайх гялтайх урам, дэмгүй аж төрцгөөдөг гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Шуудхан хэлэхэд нуух юмгүй ил үнэн л дээ, энэ.

Манай том дарга нар, популист улстөрчид төрийн албан хаагчдад эр бярыг үзүүлнэ гэж жигтэйхэн харагдах юм. “Бид ард түмнээ аягүй гоё хайрлаад, аймаар гоё бодлого шийдвэр гаргах гээд байхад эдний байгаа царай нэг л биш ээ. Тэднээс болоод л бид…” гэж ирээд өнөө хэдэн төрийн албан хаагчид руугаа чичилдэг нь сүүлдээ бүр “моод” болчихлоо. За тэгээд юм л болбол төрийн албан хаагчид руу дайрцгаана. “Иргэд вакцин хийлгэхгүй байна, та нар эхлээд хийлгэ” гэж шахна. “Хүмүүс автобусаар үйлчлүүлэхгүй юм. Та нар ажил руугаа машин барьж ирэхгүй шүү. Ямар ч үед заавал автобусаар үйлчлүүл” гэж захиргаадна. Нэг сайд бүр тушаал гаргачихсан байл уу, яалаа.

Ерөнхийлөгчийг тэрбум мод тарина гэж амласнаас хойш амралтын өдрөө мод тарьж өнгөрөөх нь төрийн албан хаагчдын тухайд бүр үүрэг нь болчихсон. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх хоёрхон өдрийг нь “Мод тарь” гэсэн тушаал доор булааж авдаг болсныг манай Ерөнхийлөгч ингэхэд мэдээ болов уу. Төрийн албан хаагчдыг “Ажилтайгаа байя гэж боддог бол ирээрэй, хэрвээ ирж мод тарихгүй бол ажил, цалинтай чинь ярина шүү” гэж дарамталж байгаад мод тарих үйлсэд дайчилдаг болоод удаж байна. Махтай холбоотой дуулиан шуугиан дэгдсэнээс хойш нөөцийн махны борлуулалт эрс муудаад буй. Нөөцийн махны борлуулалт огцом унангуут “муу л бол захын хар овоохой” гэдэг шиг өнөө хэдэн төрийн албан хаагчдаа дарамтлаад эхэлж байгаа юм. “Мах ав, авахгүй бол…” гэж сүрдүүлэх жишээний. Эмээлтийн өчнөөн тонн өмхий махыг хүртэл өнөө дадсан сүрдүүлэг, дарамтаараа айлгаж тарааж мэдэх өнгө янз ажиглагдаад эхэлчихлээ.

Төрийн албан хаагч учраас өртдөг, хэлмэгддэг, хохирдог байдал ингээд зогсохгүй. Манай дарга нар эрх мэдэлд хүрэх тэмцэл, тулаандаа хүртэл төрийн албан хаагчдыг чадмаг ашигладаг башир аргатай. “Шударга тав” гэж анх гарч ирээд сүүлдээ хамаг том суудалд хүрцгээсэн нөхдийн жагсаал цуглаанд гэхэд л яг ийм сүрдүүлэг дарамтаар өчнөөн төрийн албан хаагч ажлаа хийдүүлээд талбай дээр очицгоосон түүх бий. Үр дүнд нь нэг бүлэглэл нь нөгөөгийнхөө эрх нөлөөг булааж, өдгөө төр түшицгээж, хамаг буруу, хамаг хүнд хүчрээ төрийн албан хаагчдад тохсон шигээ яваа. Төрийн албан хаагчдыг “залхаан цээрлүүлдэг” кейс ингээд зогсохгүй. Урлагийн үзлэг, элдэв тэмцээн зохион байгуулна гэж хүртэл цаг завыг нь бардаг бололтой анзаарагддаг. Харамсалтай нь төрийн албан хаагчдыг ингэж илт ашиглаж, тэгж ил цагаан дарамталж сүрдүүлж байхад эсэргүүцэж дуугарах хэн ч алга.

Эцэст нь хэлэхэд төрийн албан хаагчид бол хэн нэгэн том даргын амны зоргоороо сүрдүүлж, чичилдэг субьект биш. Нийт олноороо “Бид хаан, та нар бол бидний зарц барлаг” гэж чичилдэг хүмүүс ч биш. Ууж суугаа архины шилийг нь тоолдог, өмхий мах тараана гэж дарамталдаг, амралтын өдрөөр нь мод тариулах гэж цуглуулдаг хэсэг бүлэг бүр ч биш. Төрийн албан хаагч бол Монгол гэдэг улсын тусгаар тогтнолын эд эс, монгол төрийн эрэг шураг, тулгуур багана. Товчхондоо тэд ажлаа хийж яваа жирийн л иргэд. Эцэст нь нэг зүйл хэлмээр байна. Төрийн албан хаагчидтай боол мэт харилцмааргүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр БТСУХ-ны даргын ажлаа өгчээ DNN.mn

Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр БТСУХ-ны даргын ажлаа өгчээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ноосоо тушаачихлаа гэдэг билүү? Зургадугаар сарын 1-нээс өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Нэг мэдсэн зургаан жил салбараа тэргүүлж ажиллажээ.Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна” гэжээ.

Түүнийг БТСУХ-ны даргаар ажиллаж байх хугацаанд бэлтгэлийн төв статустай байсан байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж хоёр жилийн өмнөөс Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Мөн шигшээ багийн баг тамирчид, дасгалжуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулан, техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авсан юм.

Мөн манай тамирчид Токиогийн олимп болон паралимпод түүхэнд байгаагүй олон эрх аван оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Сүүлд л гэхэд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан.

БТСУХ-НЫ ДАРГЫН АЖЛЫГ ХЭН ХҮЛЭЭЖ АВАХ ВЭ?

Тэгвэл БТСУХ-ны даргын ажлыг хэн хүлээж авах вэ? Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан гол хүнээр яригдаж байна.

Намтрын товчоо: Д.Жаргалсайхан 1965 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дархан хотод төрсөн. Эхнэр, 2 хүүхэдтэй.

Боловсрол: УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн. ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг 1999 онд хамгаалсан.

Эрхэлсэн ажил: Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн (1991-1994), ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант (1995-1999), БТСҮТөв, БТСУХорооны дэд дарга (2000-2005), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2006-2011), ССАЖЯ-ны газрын дарга (2012-2013), Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга (2016), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2006-2011, 2014-2015, 2017 оноос одоог хүртэл),

Спортын сонгуульт ажил: МОСХ-ны Ерөнхийлөгч (1992-1996), МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга (1996-одоог хүртэл), МҮОХ-ны гишүүн (1994-одоог хүртэл), Монголын гандболын холбооны УЗ-ийн гишүүн (1993-1998), МГХ-ны Ерөнхийлөгч (1999-одоог хүртэл), Монголын модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч (2003-одоог хүртэл)

ОУОСХ-ны болон Тивийн ОСХ-ны сонгуульт ажил ба үйл ажиллагаанд оролцсон байдал: ОУОСХ-ны Хяналтын хорооны гишүүн (2007-2014), тус хорооны дэд даргаар 2015 оноос одоог хүртэл, Ази тивийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн (2004-2015) тус холбооны дэд Ерөнхийлөгчөөр 2016 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Олон удаагийн өвөл, зуны Универсиад наадам, оюутны Азийн болон ДАШТэмцээнд Монголын болон ОУ-ын байгууллагын шугамаар ажиллаж байв. Монгол улсад 2002 оноос хойш болсон 8-н удаагийн оюутны тив, дэлхийн АШТ-ний ЗБХ-ны нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан.

Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Олон улсын хэмжээний мастер цолтой. Олон улсын шүүгч. Бокс, модон бөмбөг, хөлбөмбөг, теннис, усан сэлэлт, сагсан бөмбөг, цана, спорт аялал

Гавьяа шагнал: Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч (2015)

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ DNN.mn

Цагтаа ард түмний хайртай хүү, баяр баясал нь болж явсан олимпийн аварга Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр/2022.06.08/ болно. Тэрбээр оюутан цагаасаа нөхөрлөж, өвөр түрийдээ орж явсан өөрийн сайн найз улсын начин Э.Энхбатыг согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь болон бусад эд эрхтэнд нь хүнд гэмтэл учруулан үүний улмаас манлай начин таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Тэр цаг үеэс Н.Түвшинбаярыг нийгмээрээ жигшин зэвүүцэж, ял оноох нь зүйтэй гэж үзэж буй.

Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан шүүх бүрэлдэхүүн татгалзсанаар өнгөрсөн сард тодорхойгүй хугацаанд хойшилсон. Тодруулбал,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болсон боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн юм. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлээд буй.

Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн билээ. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон байна.

Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдааныг хаалттай явуулах болсон асуудлаар тайлбар өгөхдөө “Хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авсан. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрчийг дахин оролцуулна” гэсэн юм. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

  • 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Categories
мэдээ нийгэм

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.06.08/ болж байна. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмж болон мах махан бүтээгдэхүүний зарим үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг зогсоож буй талаар мэдээлсэн.

Тодруулбал, Иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг юм байна.

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Наранцогт: Нийлүүлэлт, нөөц, ложистикийн нэгдсэн тогтолцоог бий болгосноор инфляцийн дарамтыг бууруулах боломжтой DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогттой ярилцлаа.


-Цар тахал, дайны нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн бус байгаа. Та эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахалтай нүүр тулаад гурав дахь жилээ өнгөрөөж байна. Цар тахлын эхэн үе дэлхийн ихэнх улс орнууд хөл хорио тогтоож, тархалтыг хумих, аль болох эрт вакцинжуулалтад хамрагдах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байсан. Манай улсын хувьд вакцинжуулалтад харьцангуй эрт хамрагдаж, дотоодын хөл хориог эртнээс сулруулж эдийн засгаа нээсэн. Манай улсын эдийн засаг цар тахлаас өмнөх гурван жилд дунджаар 6.3 хувиар өсч байсан бол 2020 онд 4.6 хувиар агшсан. Хэд хэдэн удаагийн хатуу хөл хорионы улмаас ажиллагсдын тоо 2020, 2021 онуудад эрс буурсан. Харин 2021 онд Засгийн газраас 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүн амаа вакцинжуулалтад хурдтай хамруулсны үр дүнд дотоодын хөл хориог сулруулснаар эдийн засгийн үйл ажиллагаа харьцангуй идэвхжиж, ДНБ 1.4 хувиар өссөн. Эдийн засаг эргэж сэргэсэн хэдий ч дотоод гадаадын шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. 2021 оны бодит ДНБ нь 2019 оны түвшинд хүрээгүй хэвээр байна. Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт -3.8 хувьтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-д цар тахлын тархалт идэвхтэй байгаатай холбоотойгоор хилийн боомтуудын үйл ажиллагаа саатаж, түүхий эдийн экспорт буурсан байна. Харин өмнөх оны мөн үед дотоодын эдийн засагт хатуу хөл хориотой байсны улмаас өрхүүдийн хэрэглээ хумигдаж байсан бол энэ он гарсаар өрхүүдийн хэрэглээ сэргэсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн дотоод эрэлт эргэж сэргэх хандлагатай байна. Гэтэл цар тахлын эрсдэл, өмнөд хөршийн хатуу дэглэмээс гадна ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон зарим үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт саатаж байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын инфляцийн түвшин өндөр болсон байна. Түүхий эдийн экспорт буурч, газрын тосны үнэ нэмэгдсэн нь манай улсын валютын нөөцийг бууруулж, төгрөгийн ханш сулрахад дарамт үзүүлж байна.

-Өмнө нь манай улс төдийгүй дэлхий дахинд хэд хэдэн удаа эдийн засгийн томоохон хямрал нүүрлэж байсан. Цар тахлаас үүдэлтэй энэ хямрал нь өмнөх хямралуудаас юугаараа ялгаатай байна вэ?

Энэ удаагийн эдийн засгийн хямрал нь 2008 болон 2016 оны хямралаас илүү гүнзгий буюу эдийн засгийн илүү олон төрлийн нөлөөнд өртөж байна. Дэлхий нийтээр логистикийн саатал бий болж, тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Инфляцийн түвшин өндөр, хөдөлмөрийн зах зээлийн идэвх сул байгаа нь орлого багатай иргэдэд очих хүндрэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Иймд Засгийн газар богино, дунд хугацаанд иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ядуурлаас сэргийлэх зорилгоор инфляцийг хязгаарлахад илүү анхаарч ажиллах шаардлага тулгараад байна. Монголбанк нь бодлогын хүүгээ он гарснаас хойш хоёр ч удаа нэмэгдүүлж есөн хувьд хүргэсэн. Харин Засгийн газраас нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр түлхүү, олон нийтэд нээлттэй, төв банктай ойлголцож ажиллахыг хичээж байна.

-Засгийн газраас инфляцийг бууруулахад ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Засгийн газар тээвэр, логистикийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн нийлүүлэлтийн гаралтай инфляийг дунд, урт хугацаанд тогтвортой бууруулах, хязгаарлахын тулд хоёр үндсэн нөхцөлийг яаралтай бүрдүүлэх нь чухал байна. Нэгдүгээрт, хүнс болон өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах, хоёрдугаарт, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах хүрээнд нийлүүлэлт, нөөцийн нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлж, аюулгүй байдлын стандарт мөрдүүлэх, нийлүүлэлтийн логистик сүлжээг тогтвортой зохион байгуулах юм. Манай улсын өрхийн өргөн хэрэглээний 45 орчим хувийг импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа нь бусад улсуудтай харьцуулахад өндөр байна. Цар тахлаас өмнө импортын барааны үнийн өсөлт манай улсын нийт инфляцийн 1/3 -ийг бүрдүүлдэг байсан бол одоо ½-ийг бүрдүүлж байна. Импортоос өндөр хамааралтай байх нь, ялангуяа анхдагч хэрэглээний, стратегийн бүтээгдэхүүнүүд дээр өндөр хамааралтай байх нь гадаад шокод өртөх эрсдэлтэйг энэ удаагийн хямрал тодоор харуулж байна. Иймд дотоодод үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх нь чухал байна. Тухайлбал, богино дунд хугацаанд сүү, хүнсний ногоо, нарийн ногоо, тахиа, гахайны мах, ургамлын тос, бяслаг, масло зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр эцсийн хэрэглээ дэх дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэрэглээний жинг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн инфляцийн дарамтыг бууруулах боломжтой байна. Мөн дунд, урт хугацаанд автобензин, дизель түлшний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь чухал.

-Нийлүүлэлтийн инфляцийн дарамтыг бууруулахын тулд богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж болох ямар тогтолцоо байна вэ?

-Цар тахал болон геополитикийн хямралын үеийн тодорхой бус байдлыг далимдуулсан үнийн өндөр өсөлт бий болсон нь манай яамны анализ, судалгаанаас харагдаж байна. Үүнтэй уялдуулж олон жил яригдаж шийдлээ хүлээсэн асуудлын нэг болох хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн зохистой шийдэл бий болгох, далимдуулсан үнийн өндөр өсөлтийг бий болгож буй ченжийн үр ашиггүй байдлыг хязгаарлах шаардлагатай юм. Будаа, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнүүдийн хувьд манай улсын хэрэглээ импортоос бүрэн хамаарч байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг манай улс цаг агаарын нөхцөл байдлын улмаас нэгэнт үйлдвэрлэх боломжгүй учир цаашид үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахын тулд нийлүүлэлтийг нь тогтвортой хангах зохион байгуулалт, тарифын бодлого чухал ач холбогдолтой. Үүний шийдэл нь стратегийн хүнс болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлж, аюулгүй, тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Ийнхүү нийлүүлэлт, нөөц, ложистикийн нэгдсэн тогтолцоог богино хугацаанд бий болгосноор инфляцийн дарамтыг бууруулах боломжтой. Ийм төрлийн хууль эрх зүйн орчныг Солонгос, Япон, Сингапур зэрэг дэлхийн олон улс оронд бүрдүүлсэн байдаг.

-Таны хэлж байгаа нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн тогтолцоо хэрхэн ажиллах юм бол. Уг системийг амжилттай нэвтрүүлбэл ченжүүдийн гар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой гэж ойлгох нь зөв үү?

-Нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системийг гаалийн байгууллага дээр хэрэгжиж буй бараа, бүртгэлийн систем, татварын удирдлагын нэгдсэн систем, цахим тайлангийн систем, и-баримтын систем дэх мэдээллүүдийг нэгтгэх замаар бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, будаа импортлогч нь гаалийн байгууллагад оруулж ирж байгаа будааны хэмжээ, үнийг мэдүүлэх ба энэ мэдээлэл нь нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системд давхар хадгалагдана. Тухайн импортлогч нь и-баримтын системийг ашиглан жижиг дэлгүүр, супер маркетуудад эсвэл бүр эцсийн хэрэглэгчид борлуулалт хийнэ. И-баримтаар борлуулалт хийгдсэн мэдээлэл мөн нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системд хадгалагдах учир Засгийн газар нь стратегийн бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлт ямар түвшинд байгаа талаар бүрэн мэдээлэлтэй байна.Уг систем нь ченжүүдийн үйл хөдлөлийг хязгаарлах боломжтой байх учир эцсийн хэрэглэгчид очих үнийг тодорхой түвшинд хязгаарлах, орлого багатай иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахад хувь нэмэр оруулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь зарим чухал стратегийн бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийн сүлжээг удирдах, үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Тэгвэл цаашид нийлүүлэлтийн шалтгаант үнийн хөөрөгдөл гарах нөхцөл буурах нь ээ?

-Яг тийм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нийлүүлэлт, логистикийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлснээр нийлүүлэлтийн шалтгаантай инфляци илүү тогтвортой, удирдагдахуйц болно гэж ойлгож болно

Өөрөөр хэлбэл, энэ хоёр нь нийлүүлэлтийн инфляцийг тогтворжуулах үндсэн дэд бүтэц гэж ойлгож болно. Тухайлбал, импортын бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байх нь валютын ханшийг өөрчлөлт болон гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийг дагасан дотоодын үнийн өсөлт намжина. Мөн дотоодод үйлдвэрлэх боломжгүй стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцийн мэдээллийг нэг системд оруулснаар Засгийн газар цаашид ченжүүдийн хэт ашигч үйл хөдлөлийг халах, бараа бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх боломжтой болно. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн тогтвортой байдлыг хангасанаар цаашид нийт инфляцийг төв банк мөнгөний бодлогоороо дамжуулан үр ашигтай удирдах боломжтой болно. Энэ тохиолдолд бид Монголбанкийг цаашид илүү хариуцлагажуулж, инфляцийг тогтворжуулах үр дүн нэхэх боломжтой болно.

-Уг системийн хүрээнд дотоодод үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үр ашигтай зохион байгуулах боломжтой юу. Тухайлбал, мах сүүний хувьд…?

-ГТСМТТ буюу бидний хэлж заншсанаар и-баримтын системийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг удирдах технологийн дэд бүтцийг бий болгосон. Уг системийн хүрээнд малчид сүүгээ ченжүүдэд биш, дотоодын үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлснээр тодорхой хэмжээний урамшуулал хүртдэг. Дотоодын үйлдвэрлэгчид нь малчдаас сүүг шууд худалдан авснаар эцсийн хэрэглэгчдэд сүү, сүүн бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэх боломжтой. Энэ систем нь махны хувьд, мөн бусад дотоодод үйлдвэрлэгдсэн стратегийн бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд ажиллах боломжтой юм. Ингэснээр цаашид зах зээл дээрх үнэ илүү үйлдвэрлэлийн өртөгт суурилсан шинжтэй болж, ченжүүдийн дураараа тогтоодог үнийн өсөлтөөс сэргийлнэ.

-Хүнсний бүтээгдэхүүний хувьд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын талаарх асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөгддөг. Уг системийн хүрээнд хүнсний эрүүл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах боломж байна?

-Яг тийм. Одоогоор бидний ярилцаж, хөгжүүлж байгаа системүүдийн хүрээнд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах харилцааг бүхэлд нь цахимжуулах дэд систем хөгжүүлэгдэж байгаа. Уг системийн хүрээнд тусгай зөвшөөрөл авсан этгээдийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг байнга хянаж байх шалгуур үзүүлэлтүүд байна. Тухайлбал, татвараа төлж байгаа эсэх, борлуулалт хийж байгаа эсэх зэрэг. Энэ төрлийн хяналт нь үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нэг чухал хэсэг юм.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Дашнямтай, хар луу өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 8, Буд гариг. Билгийн тооллын 9, харцага одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:49 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй