Categories
мэдээ нийгэм

“Малын өвчингүй, эрүүл бүс болохын төлөө төр засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ” гэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудад ажиллаж байна.

Төв лаборатори мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгаа гаргах, аймаг нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн лабораторийг нэгдсэн арга зүй, арга, аргачлалаар хангадаг юм.

2021 онд мал, амьтны гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг болон өмнө нь Монгол оронд гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчнийг дарж, халдварын тархалтыг бүрэн хяналтад аваад байгааг Монгол Улсын малын ерөнхий эмч Д.Батчулуун танилцууллаа.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг үхрийн цээж өвчний байгалийн халдваргүйг олон улсын хэмжээнд баталгаажуулсан шийдвэр гаргасан байна.

Цаашид нийт нутгийг ямааны годрон өвчнөөр тайван, Өмнөговь аймгийн мал сүргийг бруцеллёз өвчнөөр тайван, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн үхэр сүргийг сүрьеэ, лейкоз өвчнөөр тайван болохыг баталгаажуулах зорилт тавьжээ.

Ойрын таван жилд малын гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг тогтоох зорилгоор “Мал эрүүлжүүлэх гуравдугаар шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгаа, хяналтыг сайжруулах, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, анхан шатны мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, ирэх таван жилд малын өвчингүй, эрүүл бүс болохын төлөө хамтарч ажиллана. Үүнд төр, засгаас боломжит бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь шинжилгээнд давхардсан тоогоор 450 гаруй төрлийн багаж тоног төхөөрөмж, 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүн хэрэглэдэг. Илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг жилд 40-50 мянган дээжинд улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар гүйцэтгэдэг юм

Categories
гадаад мэдээ

НҮБ: Дэлхийн хэмжээнд хүнсний хэд хэдэн хямрал нэгэн зэрэг ойртож байна DNN.mn

НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас дэлхийн хэмжээнд хоол хүнсний хямрал нүүрлэнэ хэмээн хатуу анхааруулга өглөө. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Хоол хүнсний хомстол, хямрал нь ган гачиг, коронавируст цар тахлын үр дагавараас гадна Украины дайны нөлөөгөөр улам даамжирч байгааг НҮБ анхааруулж байгаа юм. Энэ бүхэн түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд хүргэсэн. “Дэлхийн хоол хүнсний хямралд мэдээж “ядуугаас ядуу” улс орнууд илүү өртөхөөс гадна дундаж амьдралтай сая сая гэр бүлийн төсөвт ч хүндрэл учрах аюул заналхийлэл байна” хэмээн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли хэлэв.

“Өнөөгийн нөхцөл байдал 2011 оны Арабын хавар, 2007-2008 оны хүнсний үнийн хямралын үеэр 48 улсад улс төрөөс үүдэлтэй үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөнд автаж байсан үеийнхтэй харьцуулахад илүү хүнд байна” хэмээн Дэвид Бисли хэлэв. Тэрбээр мөн Индонез, Пакистан, Перу, Шри Ланкад гарсан хүнсний хямралыг “мөсөн уулын зөвхөн орой” нь гэж дүгнэв.

Ирэх хэдэн саруудад өлсгөлөн улам бүр дордох төлөвтэй байгаа учир өлсгөлөн нүүрлэсэн дэлхийн “халуун цэгүүдэд” туслах хүмүүнлэгийн арга хэмжээг яаралтай авах шаардлагатай хэмээн тайландаа уриалжээ.

Түүнчлэн НҮБ-ын харъяа байгууллагууд энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Украинд эхлүүлсэн түрэмгийлэл дэлхийн хэмжээнд хоол хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг улам хурцатгаж байгааг анхааруулав.

Тодруулбал, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын мэдээлснээр, 2022 онд Суданд 10.9 сая хүн буюу хүн амын 30 хувьд нь амьжиргааг нь залгуулах яаралтай тусламж хэрэгтэй гэсэн тооцоог гаргасан. Энэ үзүүлэлт бол сүүлийн арван жилд тохиож байгаагүй их тоо юм. Хоол хүнсний хомстол, хямралд хамгийн түрүүнд хүн ам нь бага орлоготой, ядуурлын төвшин ихтэй улсын иргэд өртөнө хэмээн сануулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Ёндон: “Эрдэнэс Монгол”-ын 200 гаруй ТУЗ-ийн гишүүнийг цомхотгож, 27 болгоно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн /2022.06.08/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн шинэчлэл хийхээр болжээ. Улмаар тус компанийн харьяанд байдаг охин компаниудыг нь ТУЗ-гүй болгох аж.

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэхдээ, “Эрдэнэс Монгол”-н охин компаниудын ТУЗ нь 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэд төрийн байгууллагын газрын дарга, хэлтсийн дарга гэх мэт хүмүүс байдаг. Иймд бүх ТУЗ-ийг байхгүй болгож, нэг ТУЗ-аар удирдауулах болж байна. Өөрөөр хэлбэл 200 гаруй ТУЗ цомхотголд оруулж 27 болгоно.
Мөн “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” үйлдвэрийг нэмж оруулсан. Өмнөх оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэмсэн. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэж, холдинг хэлбэртэй болж ирсэн” хэмээлээ.

Categories
гадаад мэдээ

АНУ, Өмнөд Солонгосын арми 20 сөнөөгч онгоцоо Умард Солонгосын хилийн ойролцоо нисгэв DNN.mn


Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ, Өмнөд Солонгосын армийн 20 сөнөөгч онгоц Умард Солонгосын хилийн ойролцоо сургуулийн нислэг үйлдсэн байна.

Энэ үйлдэл нь Пёньяны дэглэмийн өдөөн хатгалгад эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах чадвартайгаа харуулах зорилготойг хоёр улсын хамтарсан зэвсэгт хүчний штаб мэдээлжээ.

Ажиллагаанд Өмнөд Солонгосын армийн 16 ширхэг сөнөөгч онгоц, түүний дотор F-35A радарт илэрдэггүй онгоцнууд, АНУ-ын армийн дөрвөн ширхэг F-16 сөнөөгч онгоц оролцсон байна.

Ням гарагт Умард Солонгосын тал Зүүн тэнгисийн ус руу найман ширхэг пуужин харваж, туршсан бол маргааш нь Өмнөд Солонгос, АНУ-ын талаас мөн ижил тооны газар-газар ангиллын пуужинг тэнгисийн ус руу харваж, өдөөн хатгалгыг зүгээр өнгөрөөхгүйгээ илэрхийлсэн юм.

Пёньяны дэглэм удахгүй цөмийн зэвсгийн туршилт гүйцэтгэж магадгүй болоод байгаа. Дээрх ажиллагаанууд нь үүнээс сэргийлэх зорилготой Өмнөд Солонгос, АНУ-ын талаас авсан хариу арга хэмжээнүүд юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман одоо Умард Солонгосын цөмийн аюулын эсрэг хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр Сөүлд ирээд байгаа.

Умард Солонгос цөмийн зэвсэг туршвал “хатуу бөгөөд шуурхай” хариу арга хэмжээ авахыг тэр айлчлалынхаа үеэр анхааруулсан юм.

“Цөмийн зэвсгийн ямар ч туршилт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчсөн хэрэг болно. Энэ тохиолдолд бид хатуу бөгөөд шуурхай хариу арга хэмжээ авна. Өдөөн хатгалга явуулж, тогтворгүй байдал үүсгэхээ зогсоож, дипломат арга замыг сонгох хүртэл нь бид Пёньяныг үргэлжлүүлэн шахах болно” гэж тэр Өмнөд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Чо Хюн Донтой уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Өнөөдөр тэд Японы гадаад хэргийн дэд сайд Мори Такеотой хамт Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар гуравласан уулзалт хийх юм.

2011 онд Умард Солонгосын засгийн эрхэнд гарснаасаа хойш Ким Жон Ун зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг эрчимжүүлээд байгаа.

Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын үед талуудын харилцаанд түр зуур эерэг уур амьсгал бий болж байсан ч сүүлдээ буцаж хурцадсан юм.

Сарын өмнө тангараг өргөсөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засаг захиргаа Умард Солонгосын дэглэмтэй харилцах харилцаандаа хатуу бодлого баримтлах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Зайсангийн аманд үр хүүхдээ салхилуулах тав тухтай орчныг бүрдүүлнэ” гэв DNN.mn

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, зарим нийтийн өмчийн байршлуудад тохижилт хийх талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамжийн хүрээнд Дархан цаазат Богдхан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах арга хэмжээг зохион байгуулсан.

Тодруулбал, Зайсангийн амны байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан, ургамал, газрын хөрсөнд хор хохирол учруулж, бохирдол үүсгэж байсан болон маш олон удаагийн гэмт хэрэг зөрчил гарч байсан байгууламжийг дээрх захирамжийн хүрээнд албадан буулгасан. Зайсангийн аманд долоо хоногт дунджаар 5,000-6,000 нийслэлчүүд амарч зугаалахаар очдог. Гэтэл тэр замд нь байсан байгууламж хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд саад болж байсан.

Магадгүй тэр балгас болсон газар өсвөр насны хүүхэд гэмтэж бэртэх эрстэлт нөхцөл бүрдсэн байсан.Иймд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүргийнхээ хүрээнд энэ арга хэмжээг шуурхай авсан.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийслэлийн тусгай чиг үүргийн хүрээнд тус дархан цаазат газарт иргэд аялах тав тухтай орчныг бий болгох зорилгоор ойрын хугацаанд тохижилтын ажлыг эхлүүлнэ. Энэ жилдээ багтаж нийслэлчүүд Зайсангийн аманд үр хүүхдээ салхилуулах, амарч, зугаалах тав тухтай орчин бүрдэнэ” гэв.

“Нийслэл 1.6 сая хүнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьсан шийдвэр, үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”

Мөн тэрбээр “Одоо албадан буулгаснаа зөөх ажил эхлэх гэж байна. Тухайн орчны хөрсийг бохирдуулж байгаа бохирдол, хог новшийг зайлуулж, тохижуулах боломжийг бүрдүүлнэ.

Энэ ташрамд хэлэхэд, Монголын Үндэсний их сургууль болон тус сургуультай хамаарал бүхий ТББ-ын нэр дээр нийт 38.2 ашиглуулахаар олгосон байдаг. Тус газрыг ашиглах эрхийг нь уг нь 2019 онд цуцалсан байдаг ч шүүхийн шийдвэр гарч, харамсалтай нь энэ асуудал маргаантай байгаа юм билээ.

Гэхдээ ер нь энэ байгууллага шиг хуулийн дээгүүр дэвсэж, хууль зөрчдөг асуудлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага бий. Зөвхөн эдний хамааралтай архитектор төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй дөрвөн объект Баянгол дүүргийн нутагт байдаг. Ийм мэт газрууд хуулийг дэвслээд сурчхаж, түүний ард тэд нарыг хамгаалдаг, хамтарч ажилладаг улстөрчид, албан тушаалтнууд ч байна.

Нийслэлийн зүгээс ийм зүйл дахиж гаргуулахгүйн төлөө, даварсан авлигач, хулгайч нартай тууштай тэмцэнэ. Нийслэл 1.6 сая хүнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавин шийдвэр гаргаж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулна” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: “ХКҮ” компани “Мах импекс”-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг тул нэвтэрч, нэгжлэг хийсэн DNN.mn

Цагдаагийн байгууллагаас махтай холбоотой хяналт шалгалтын ажил, өчигдөр хийсэн шалгалтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Шалгалттай холбоотойгоор ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” гэх компанийн маханд химийн бодис хийж бэлтгэж байсан гэх мэдээллийг анх neguun.mn сайт мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэг нээж, тус компанийн мах боловсруулах үйлдвэрт хадгалж байсан мах болон үйлдвэрийн байраас авсан дээжид улсын Мал эмнэлгийн төв лабораторид шинжилгээ хийлгэж, дүн гарсан. Мэргэжлийн хяналтын газар шалгах чиглэлтэй байдаг учраас энэ асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан юм.

Шинжилгээний дүнгээр тус үйлдвэрийн маханд нянгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн. Үйлдвэрт ашиглаж байсан гарал үүсэл нь тодорхойгүй хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс формальдегид гэсэн нэршилтэй бодис илэрсэн үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж Мэргэжлийн хяналтын газар үзсэн.

Зургаадугаар сарын 2-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.12, 24.3 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Улсын Ерөнхий прокуророос Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоон ирүүлснийг зургаадугаар сарын 7-ны өдөр буюу өчигдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан. Эрүүгийн хэрэг үүссэн учраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалт хийгдэнэ.

Эрүүгийн цагдаагийн алба хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах зүйлс тогтоогдсон.

  • “Эм Ди Си Пи” компани нь БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг ба БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.
  • “Эм Ди Си Пи” компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны нийт 234.8 тонн мах байсан.
  • “ХКҮ” компанийн хаяг, шошготой 4,842 хайрцаг буюу 96 тонн дулааны аргаар боловсруулсан мах илэрсэн.
  • Хаяг, шошгогүй ямааны мах 92 тонн, ямааны шулсан мах 7,964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг буюу 7,980 кг, хонины гулууз мах 1,500 ширхэг буюу 30 тонн тус тус байсныг Мэргэжлийн хяналтын газар анх битүүмжилсэн. Цагдаагийн байгууллага агуулахад шалгалт хийгээд хуулийн дагуу дахин битүүмжилсэн. Тоо хэмжээ нь анх Мэргэжлийн хяналтын газрын битүүмжилсэн үеийнх шиг байсан ба лац хөдөлсөн гэж үзэж болохгүй.

Түүнчлэн “ХКҮ” компани “Мах импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан тул нэвтэрч нэгжлэг хийсэн. “Мах импекс” ХХК-д нэгжлэг хийгээгүй” гэлээ.

20.12 Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

1. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

24.3 дугаар зүйл. Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

1. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал 14:00 цаг хүртэл түр завсарлалаа DNN.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал 14:00 цаг хүртэл түр завсарлалаа

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.06.08/ 09.00 цагт товлосон. Шүүх хурал үргэлжилж байна.

“Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан. Харин хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. Шүүгч талуудын хүсэлттэй танилцаад шүүх хурлыг нээлттэй горимоор үргэлжлүүлж байна” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.1.онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Categories
мэдээ цаг-үе

DNN-SPEAK OUT: “Хоосон чингэлэгт өдөрт 84 мянган ам.долларын түрээс төлж байна” гэв DNN.mn


“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас “Монгол Улсын улс хоорондын импортын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамдсан асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийлээ.


“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гишүүн н.Соронзонбаатар “Тяньжинд 9 мянган чингэлэг бөөгнөрөөд их удсан. Засгийн газар БНХАУ-ын талтай тохиролцоод тал нь ирсэн. Одоогоор нийт 4070 чингэлэг ирсэн байна. Үлдсэн чингэлгийг татахаар бид ажиллаж байгаа. Хятадын талаас долдугаар сарын 1-нээс өмнө үлдсэн чингэлгийн ихэнх хувийг гаргана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энд ирсэн хоосон чингэлгүүдийг буцааж чадахгүй байвал тэг зогсолт хийх нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс бид энэ асуудлыг олон нийтэд мэдээлэх шаардлагатай боллоо. Энд хуримтлагдаад буй хоосон чингэлгийг Хятадын тал руу яаралтай гаргах шаардлагатай. Тиймээс хоосон чингэлгүүдийг хүлээж авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэв.

“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Х.Дэлгэрцэцэг “Ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцааж чадахгүй байгаагаас олон асуудал үүсэж байна. Өдөрт 2-3 ачаатай чингэлэг хүлээн авч, Хятадын тал руу 1-2 хоосон чингэлгийг буцааж байна. Энэ зөрүүнээс чингэлэг хуримтлагдаж байна.

Хоосон чингэлгүүд бөөгнөрсний улмаас ачаатай чингэлгээ хүлээж авч чадахгүй байна. Хүчин чадал дутмаг байна.

Хоосон чингэлгүүдийг хүлээж авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Виды контейнеров для перевозки грузов их маркировки и обозначения

Ачаатай ирж буй галт тэрэг, хоосон буцаж буй чингэлгийн тоог дүйцүүлэх хэрэгтэй. Тяньжинд 9000 чингэлэг цар тахлын нөлөөгөөр бөөгнөрч удсан. Манай Засгийн газар шаргуу хэлэлцсэний үр дүнд үүний тал нь ирсэн. Зургадугаар сарын 1-ний байдлаар 4000 гаруй чингэлэг ирсэн байна. Үүнийг яаралтай татах чиглэлээр ажиллаж байна. Хятадын талаас долдугаар сарын 1-нээс өмнө чингэлгийн ихэнх хувийг гаргах тухай таамаг байна.

Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол бид ачаагаа авч чадахгүй мөн өр төлбөр төлөх шаардлага үүснэ. Хуримтлагдсан хоосон чингэлгүүдийг буцаах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсье” гэв.

“Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Ундармаа “Улаанбаатарт гаалийн хяналтын 11 талбай бий. Эдгээр талбайд нэг дор 3600 гаруй чингэлгийг хүлээж авах боломжтой. Гэтэл цар тахлаас шалтгаалж Тяньжинаас өдөрт 150-200 хүртэлх чингэлэг оруулж ирж байна. Үүнээс болж терминал дээр чингэлэг овоорч, ачаагүй чингэлгүүдийг буцаахгүй гэдэг асуудал үүслээ. Монголын талын тээвэр ложистикийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа боловч техникийн хүчин чадал муу байгаагаас импортоор ирж байгаа ачааг хүлээж авахад хүндрэлтэй байна. Терминал дээр ирсэн хоосон чингэлгийг буцаах талаар УБТЗ ХНН-д санал хүргүүлсэн.

Өдөрт 84 мянган ам.доллар, долоо хоногт 600 мянган ам.долларыг чингэлэг тээврийн түрээст өгч байна. Энэ бол үр ашиггүй зардал. Тиймээс хоосон буцаж байгаа чингэлгийг хэрхэн шилжүүлэх талаар Засгийн газраас яаралтай шийдвэр гаргаж зохицуулалт хийхийг шаардаж байна.
УУХҮЯ: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал байгуулж дууслаа

Хоосон чингэлгийг буцааж явуулах талаар зохицуулалтыг ойрын хугацаанд хийх хэрэгтэй. Ачаатай ирж байгаа галт тэрэг, хоосон буцаж буй чингэлгийн тоог дүйцүүлэх хэрэгтэй. Тяньжинд 9000 чингэлэг цар тахлын нөлөөгөөр бөөгнөрч удсан. Зургадугаар сарын 1-ний байдлаар 4000 гаруй чингэлэг ирсэн байна. Үүнийг яаралтай татах чиглэлээр ажиллаж байгаа. Хятадын талаас долдугаар сарын 1-нээс өмнө чингэлгийн ихэнх хувийг гаргах тухай таамаг байна.

Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол иргэд ачаагаа авч чадахгүй мөн өр төлбөр төлөх шаардлага үүснэ. Хуримтлагдсан хоосон чингэлгүүдийг буцаах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсч, шаардаж байна” гэлээ.




Д.БАТТОГТОХ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Адууг чөдөрлөх аргууд DNN.mn

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын адуучин Отгонбаяр хэмээх залуутай хэсэг хөөрөлдөхдөө урьд өмнө огт сонсож байгаагүй монгол ахуйгаас уламжлалтай содон хэлц үгсийг ухаарч авлаа. Адуу морь ярихаараа дуу хоолой нь тод томруун болох тэр залуу уг нь зөвхөн чөдөр болон морь чөдөрлөх аргуудыг л ярьсан юм аа. Үдэш орой унааны морио хол явуулахгүй гээд гурван хөлийг нь тушаа л биз гэсэн үгийн хариуд тэр морийг чинь олон янзын аргаар тушдаг юм, манай нутагт гээд тайлбарлалаа. Хаа дарах, башилдах, борвилдох, буруу хойшилдох, хойшилрох гээд аргууд бий.

Урд хоёр аргаа хам холбож чөдөрлөвөөс хаа дарах, хавсарч холбовоос башилдах, хойд хөлний алгыг борвинд нь чагталбал борвилдох, буруу хойд хөлийг тушвал буруу хойшилдох гэх мэтээр нэрлэдэг юм гэлээ. Мал хуйгаас хол өссөн хүн буруу зөв ойлгосон байж магадгүй шүү.

Гэхдээ л урьд өмнө сонсож байгаагүй жинхэнэ монгол үгс байлаа. Нүүдлийн ахуйтайгаа хамт сэм алга болж буй эртний сайхан монгол хэлц үг юм даа. Боломжоороо хадгалаад, дамжуулаад явах юмсан.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь солино DNN.mn

Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудалтай холбоотойгоор тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон тухай Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр “Үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, хяналт шалгалтаа хийгээгүйтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар(НМХГ), Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын хариуцлагатай зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сэлгэх, хариуцлага тооцох, цаашилбал хуулийн байгууллагад шилжүүлэх ажлууд хийгдэнэ” гэв.

Мөн МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудлаар манай дотоод хяналт шалгалт хийсэн. Ингэхэд тухайн объект дээр хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагчийг хяналт шалгалтын дүнгээрээ хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн. Иймд төрийн албаны болон Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Гурван байцаагчийг ажлаас нь хална, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн тул хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн Шадар сайдын хэлсэнчлэн НМХГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно” гэв.

Түүнчлэн Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Стандартчлал Хэмжил Зүйн Газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох юм байна.