1400 жилийн өмнөх Өвөг монгол-монгол брахми бичиг, Хүйс толгойн бичээсийг тайлж, монголчуудын бичиг, үсгийн түүхийг даруй 600 жилээр урагшлуулсан гавьяатай нэрт эрдэмтэн, судлаач Солонгод Л.Хурцбаатар багшийн 2021 онд Герман улсад уйгуржин монгол, кирилл үсгээр хэвлүүлсэн “Монгол Брахми бичгийг түргэн сурах бичиг”1 номын тухай энд өгүүлье. Энэ ном бол түүний “1400 жилийн өмнөх Өвөг монгол хэл-Хүйс толгойн бичээсний судлал”2, “Өвөг монгол хэл-монгол брахми бичиг”3 зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүдийнхээ суурин дээр эрдэмтэн, мэргэдийн монгол брахми бичгийг түргэн сурахад зориулан тусгай аргаар найруулан зохиосон сурах бичиг юм. Онцлох зүйл гэвэл, тус номыг дөрвөн өнгөөр хэвлүүлсэн тул, бүх номонд чухалчилж үзсэн харьяат эгшиг зэрэг үсэг тэмдгийг улаан өнгөөр тодорхойлжээ. Иймээс хүснэгт бүрийг урьдчилан сайн судлан анхааралтай ажиглавал, бүх номын бүтэц хийгээд агуулгыг маш амархан ойлгож, монгол брахми бичгийг түргэн сурах боломжийг бүрдүүлжээ. Уугуул монгол өв соёл, бичгийг сурч судлахад ихэд үнэ цэнтэй, заавал олж сурах хэрэгтэй гарын авлага болсон байна. Энд тус номын тухай тайлал хийе:
“Удиртгал”-ын хэсэгт(мо. 5 тал, ки. 18-20 тал):
“Монгол брахми бичгийг түргэн сурч эзэмшин, НТ1 бичээсийг уншиж ойлгох буюу монгол брахми бичиг дээр монгол бичгийн сурвалж буюу дөрвөлжин үсгийн сурвалж бичгийг сэргээхэд дээр дурдсан зургаан номтой харгалзуулан уншихыг онцгойлон хүсье. Учир нь дээрх зургаан ном бол агуулга хийгээд судалгааны арга барилын хувьд аль альтайгаа маш нягт харьцаатай бөгөөд дотоод холбоо хамааралтай юм”4 гэж Л.Хурцбаатар багш өмнө нь судалж хэвлүүлсэн зургаан зүйлийн судалгааны бүтээлтэйгээ харьцуулан уншихыг зөвлөжээ. Иймээс тус сурах бичигт эрдэм шинжилгээний нарийн зүүлт хадаагүй байна. Тус сурах бичигт “маш олон товчилсон үгс зэрэг байх тул сурахаас өмнө тус номыг туурвисан арга зүй ба сурах арга онолыг юуны өмнө ойлгож мэдэх чухалтай билээ”5 хэмээн нэмж тодорхойлжээ.
Хүйс толгойн нэгдүгээр бичээсний уг Л.Хурцбаатар багшийн b сэргээлт (HT1)
Энд юуны өмнө тус номыг амар хялбар ойлгохын тул доорх мэт товчлол үгсийг танилцуулъя Нэг. Товчлол үгсийн түлхүүр (мо. 161-165 тал, ки. 15-17 тал):
Дан эгшиг: Үгийн эхэнд чанга буюу эр үгэнд бичигдэх а хийгээд u хэмээх хоёрхон үсэг тэмдгийг заана.
Харьяат эгшиг: Биеэ дааж үе үг бүтээхгүй заавал гийгүүлэгч үсэг тэмдэгтэй нийлж нэг үе бүтээдэг эгшгийг хэлнэ. Дөрвөн тэмдгээр гурван чанга гурван хөндий ï o u ба i ö ü хэмээх харьяат эгшгийг заана.
Гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч: 24 гийгүүлэгч тэмдэг нь 20 авиа дуудлагатай. Эгшигт гийгүүлэгч гэдэг нь a буюу e эгшгийг дагуулж дуудаж байгаа тэмдгийг заана. Онолын хувьд 4-7 дугаар тэмдгээс гадна бусад гийгүүлэгч бүр нь гийгүүлэгч үсэг, a буюу e эгшигтэй гурван зүйлээр дуудагдах боломжтой. Жишээлбэл: degid дэгид (дүүд) хэмээх үгийн нэгдүгээр тэмдэг de хийгээд дөрөвдүгээр тэмдэг нь d нь бүр адил бичлэгтэй. Гэтэл нэгдүгээр үе нь биеэ дааж салгаж бичиж байх хөндий үе болох тул е эгшигтэй дуудагдана. Дөрөвдүгээр тэмдэг нь дээрх gi үетэй нийлж залгагдан бичигдэж байгаа тул е эгшиг нь гээгдэж зөвхөн d гийгүүлэгчээр дуудагдана.
НТ1: Хүйс толгойн нэгдүгээр бичээсийн уг Л.Хурцбаатар багшийн a b сэргээлтийг заана (мо. 1, 5 тал, ки. 1, 5 тал).
SH Сэргээлт: Л.Хурцбаатарын монгол брахми бичгийн шинэ үсгийн тигийн сэргээлт (мо. 7 тал, ки. 7 тал)-ийг заана. Бусад товчлол үсгийг эл номын “Тус номыг унших түлхүүр”-ээс үзээрэй.
Хоёр. Номын агуулгын тайлал
Л.Хурцбаатар багш тус бүтээлээ доорх агуулгаар найруулан туурвижээ.
Нэгдүгээр бүлэг – “Монгол брахми бичгийг түргэн сурах арга” (мо. 16-40 тал, ки. 21-45 тал): Тус бүлэгт голдуу Монголын сонгодог бичгийн хэлний эгшиг гийгүүлэгч зохицох ёсоор бүтэх долоон махбодтой тохиролцуулан сурахыг жишээлэн тайлбарлажээ. Юуны өмнө монгол брахми бичгийн 2 дан эгшиг, 3 харьяат эгшиг, 24 гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгчийг нүдэлж, цээжлэхийг харгалзан, Хүйс толгойн бичээсийг үндэслэн “Хүйс толгойн бичээсийн монгол брахми бичгийн монгол бичгийн хэлний долоон эгшиг үеийн тохиролцоо, бичигдсэн байр байцын хүснэгт”-ийг судлан гаргажээ (мо. 111 тал, ки. 110 тал). Энэ бол монгол брахми бичгийг сурахад юуны өмнө заавал цээжилж авах хамгийн үндсэн суурь мэдлэг-монгол брахми бичгийн цагаан толгойн үсэг тэмдгүүд болно. Энэ суурин дээр гийгүүлэгч үсэг тэмдэг дээр харьяат эгшиг нэмж, үгийн үеийг бүтээхийг брахми, монгол, галиг хийгээд кирилл үсгийн дуудлага бичлэгийг долоон махбодтой харьцуулан хүснэгтээр харуулжээ. Эгшиг гийгүүлэгч авиаг илтгэсэн үсэг тэмдэг бүрийг тайлбарлахдаа “Товч тайлбар”, “Онцгой анхаарч бат чээжлэх зүйл”, “Гэрийн даалгавар” зэрэг гурван талыг анхааран сурч бататгахыг сануулсан байна (мо. 16-40 тал, ки. 21-45 тал).
“Товч тайлбар”: Энд тайлж байгаа гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч үсэг тэмдгийн онцлог зэргийг тайлбарлажээ. Л.Хурцбаатар багш монгол брахми бичгийн 24 гийгүүлэгч үсэг тэмдгийг 20 авиа дуудлагаар хуваарилан тусгай дугаарлан судалжээ (мо. 111 тал, ки. 110 тал). Жишээлбэл: 5 дугаар γ чанга тэмдэг хийгээд 6 дугаар g хөндий тэмдэг нийлж, γa ge gi γo γu gö gü гэж уламжлалт монгол бичгийн хэлний долоон махбодтой адилаар тэр үед чанга хөндий ялгаатай байсныг тодорхойлсноос харж болно (мо. 25 тал, ки. 30 тал).
Л.Хурцбаатарын монгол брахми бичгийн шинэ үсгийн тигийн сэргээлт. (SH Сэргээлт)
“Онцгой анхаарч бат цээжлэх зүйл”: Энд тус үсэг тэмдгийн зурлага дуудлага зэргийн онцлогийг онцгойлон ялгаатай цээжилж сурахыг чухалчилжээ. Жишээлбэл: монгол брахми бичгийн гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч нь чанга хөндий гэж эгшигт гийгүүлэгч зохицох ёсоор дүрэмжсэн байх бөгөөд нарийн зарчимтай болохыг γa ha-гийн махбодоор харьцуулан тайлбарлажээ. Бас хөндий g тэмдэг хийгээд š гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч зэрэг адилавтар тэмдгийг ялгаатай цээжилж зурлагыг нь зөв сурахыг сануулжээ (мо. 29 тал, ки. 34 тал).
“Гэрийн даалгавар”: Энэ хэсэгт нэгэнт сурч мэдсэн үсэг тэмдгээ улам бататган цээжлэхийн тулд гэрийн даалгаврыг НТ1 бичээстэй холбогдуулан өгсөн байна. γa-гийн махбодоор жишээлбэл: 1. γa ба ge тэмдэг нь НТ1 ба “SH сэргээлт”-ээс хайж олно. 2. “барго”, “гөжин”, “хаан” зэрэг үгсийг НТ1 ба SH сэргээлтээс хайн олж монгол брахми бичгээр хуулан бичнэ (хариулт нь мо. 115 тал, ки. 150 тал).
Хоёрдугаар бүлэг-Монгол брахми бичгийн хэл зүй (мо. 41-83 тал, ки. 46-82 тал):
Тус бүлэгт монгол брахми бичгийн хэл зүйг “Авиа зүй”, “Үг зүй”, “Өгүүлбэр зүй” хийгээд НТ1 бичээсийн орчуулгын учир зэрэг талаар нарийн өгүүлжээ. Онцгойлон чухалчлах зүйл гэвэл, нэгдүгээрт үгийн эхэнд бичигдэх эгшиг үеийн бүтэц нь дөрвөлжин үсэгтэй адил болохыг судлан гаргажээ (мо. 42-46 тал, ки. 47-49 тал), хоёрдугаарт-НТ1 бичээст бичигдэж байгаа өвөг буюу эртний монгол хэлний авиан зарим онцлогуудыг судлан тодорхойлсон байна (мо. 48-50 тал, ки. 51-53 тал), гуравдугаарт-НТ1 бичээст илэрч байгаа харьяалахын “ийн, ын, ы”, заахын “ыг, ийг, г”, өгөх оршихын “д, т” тийн ялгал, олон тооны дагавар “д, нар” хийгээд хамаатуулах, үйлдэхийн ёсыг бодитой үгсээр жишээлэн тайлбарлажээ (мо. 58-59 тал, ки. 58-59 тал). Нэн ялангуяа монгол хэлний өгүүлбэр зүйн өгүүлбэрийн байр байцын байршил нь хэдэн зуун жил, цаашилбал хэдэн мянган жил хувираагүй “өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн” зарчмыг НТ1 бичээсийн найман өгүүлбэрийг маш нарийн судлан задалж, НТ1 бичээс нь өвөг монгол хэл болохыг үгүйсгэхийн аргагүй болтол баталсан байна (мо. 59-83 тал, ки. 60-82 тал).
(Солонгод Л.Хурцбаатарын хадгаламж судлалын цуврал 7, уйгуржин монгол)
Гуравдугаар бүлэг-Тус бүлэгт монгол брахми бичгийг түргэн сурахад “Хүйс толгойн бичээс”-ийн үсэг тэмдэг, үе үгсийг хайн шүүж, сурснаа түргэн батжуулахад зориулан маш олон чухал хүснэгтүүдийг зохион бүтээж, “Хүснэгт толь”-ийг дагалдуулжээ. Тухайлбал:
Монгол брахми бичгийг түргэн сурахад хайн шүүх хүснэгт хийгээд толь…….84
Нэг. “Хүйс толгойн бичээс” НТ1-ийн монгол брахми үгсийн дэс дарааллын хэлхээс…………86
Хоёр. “Хүйс толгойн бичээс” НТ1-ийн авиа дуудлагын харьцуулал судлал………….89
Гурав. “Хүйс толгойн бичээс” НТ1-ийн үг үсгийн бүтцийн задлалт……..100
Дөрөв. Хүйс толгойн бичээсийн монгол брахми бичгийн монгол бичгийн хэлний долоон эгшиг үеийн тохиролцоо …….111
Тав. Дан эгшиг, харьяат эгшиг хийгээд гийгүүлэгч үсгүүдийн бүтэц………112
Зургаа. Монгол брахми бичгийн авиалбарын –CV бүтэцтэй залгавар бүтээвэр……………….120
Долоо. НТ1 “Хүйс толгойн бичээс”-ний брахми бичгийн үсэг тэмдгийн хэлхээс……………124
Найм. “Хүйс толгойн бичээс” НТ1-ийн монгол брахми толгой үгсийн хэлхээс………………141
Ес. Монгол брахми бичгийн үүсэл гарал хийгээд хөгжил хувирал нөлөө…………..149
Төгсгөлийн даалгаврын баримжаа хариулт:
Тус бүлэг нь бие даан суралцагчдад маш ашигтай, зөв сурсан эсэхээ өөрөө шүүн шалгах баримжаа хариулт болно. Дээр дурдсан γa ба ge үсэг тэмдгийн “гэрийн даалгавар”-ын баримжаа хариулт нь доорх мэт болно.
5 дугаар γ чанга баримжаа үсгийн гэрийн даалгаврын баримжаа хариулт:
γa эгшигт гийгүүлэгчээр бичигдсэн үг 15: kaγan … (т. ү. 3, 8, 10, 29, 36, 42, 44, 56, 64, 69, 74, 77, 79, 82, 84)
γо эгшигт гийгүүлэгчээр бичигдсэн үг 1: barγo “барго” … (т. ү. 50)
6 дугаар g хөндий баримжаа үсгийн гэрийн даалгаврын баримжаа хариулт:
6.1 g гийгүүлэгчээр бичигдсэн үг 10: hügbü … (т. ү. 23, 33, 33, 43, 52, 65, 65, 83, 91, 93)
ge эгшигт гийгүүлэгчээр бичигдсэн үг 2: tügeǰü. tügeniye (т. ү. 53, 60)
gi эгшигт гийгүүлэгчээр бичигдсэн үг 5: digin … (т. ү. 4, 19, 40, 49, 73)
gö эгшигт гийгүүлэгчээр бичигдсэн үг 1: göǰin (т. ү. 85)
6.2 барго barγo , ган γang, гөжин göǰin , каган – хаан kaγan .
Л.Хурцбаатар багш тус номоо монгол брахми бичиг үүссэний 1450 жилийн ой болон Хүйс толгойн бичээсийн 1420 жилийн ойд зориулан нийт монголчууддаа өргөн дээжилсэн бөгөөд “Номын цагаан буян монголчуудыг ивээх болтугай” хэмээн ерөөжээ. Энэхүү номыг сонирхож буй эрдэмтэн, судлаач, бичгийн хүмүүс болон үндэсний бичиг үсгээ дээдлэгч та бээр S.Oyunaa0923@gmail.com, and_saruul@yahoo.com цахим шуудан эсхүл 95180263, 99130850 гэсэн гар утсуудаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Утга зохиолын ажилтан Давхардаваагийн Гансаруул,
ӨМИС-ийн докторант Эрдэнэхуягийн Итгэл
1Солонгод Л.Хурцбаатар. “Монгол Брахми бичгийг түргэн сурах бичиг” (Солонгод Л.Хурцбаатарын хадгаламж судлалын цуврал 7, уйгуржин монгол), ISBN 978-3-943553-07-9, 4 өнгө, тал 162. Elias Verlag IMoFiF e.V. Cologne Germany, 2021 он
Солонгод Л.Хурцбаатар. “Монгол Брахми бичгийг түргэн сурах бичиг” (Солонгод Л.Хурцбаатарын хадгаламж судлалын цуврал 8, кирилл), ISBN 978-3-943553-08-6, 4 өнгө, тал 172. Elias Verlag IMoFiF e.V. Cologne Germany, 2021 он
2Солонгод Л.Хурцбаатар. “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл – Хүйс толгойн бичээсний судлал” (Солонгод Л.Хурцбаатарын хадгаламж судлалын цуврал 1), ISBN 978-3-943553-11-6, 4 өнгө, тал 380. Elias Verlag IMoFiF e.V. Cologne Germany, 2019 он
Солонгод Л.Хурцбаатар. “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл – Хүйс толгойн бичээсний судлал” (Солонгод Л.Хурцбаатарын хадгаламж судлалын цуврал 1, кириллээр), ISBN 978-3-943553-05-5, 4 өнгө, тал 388. Elias Verlag IMoFiF e.V. Cologne Germany, 2020 он
3Солонгод Л.Хурцбаатар. “Өвөг монгол хэл – Монгол Брахми бичиг” (судлалын цуврал 6, монгол, кирилл), ISBN 978-3-943553-04-8, 4 өнгө, тал 436. Elias Verlag IMoFiF e.V. Cologne Germany, 2021 он
4Солонгод Л.Хурцбаатар. “Монгол Брахми бичгийг түргэн сурах бичиг”, тал 15
5Солонгод Л.Хурцбаатар. “Монгол Брахми бичгийг түргэн сурах бичиг”, тал 15