Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Монгол Улс уул уурхайн баялгаа сүүлийн 30-аад жил ухаж ирсэн. Өнөөдөр хүртэл ганц ч том станц, үйлдвэр босгож чадсангүй. Уул уурхайн тэр их ашиг орлогоо бид зөв зарцуулж чадахгүй байгаатай холбоотой юу?
-Сүүлийн 30 жил гэдэг ташаа ойлголт. Ерэн онд Налайх, Багануурыг эс тооцвол уул уурхай бараг байгаагүй. Харин 1997 онд Ашигт малтмалын хууль батлагдсанаар манайд уул уурхайн эрэл хайгуул хийгдэж эхэлсэн гэж хэлж болно. Дэлхийн томчууд ч орж ирсэн.
Мөн энэ үетэй давхцаад 2000 оноос Хятадын эдийн засаг асар хурдтай өсч эхэлсэн. Хятадын эдийн засгийн өсөлт бол хотжилт, аж үйлдвэржилт хоёр дээр тулгуурлаж байлаа. Үндсэн түүхий эд нь мэдээж нүүрс, зэс хоёр. Гэхдээ 2010-аад он хүртэл зэс, нүүрсний үнэ тийм ч өндөр байгаагүй шүү дээ.
Дотоодын хувьд сүүлийн 30 жилд явсан ганц том төсөл “Оюу толгой”, Эрдэнэтийг эс тооцвол. Гэхдээ “Оюу толгой” орд одоо хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй байна. “Таван толгой” ч тэр. Тэгэхээр бид нийтээрээ 30 жил уул уурхайгаар хөгжөөд маш их мөнгө олсон гэдэг буруу ойлголттой яваад байдаг юм. Уул уурхайн салбар дараагийн салбараа тэтгэх хэмжээнд том болж амжаагүй. Нэг ёсондоо дүү нараа татаад явдаг айлын ах болж чадаагүй гэсэн үг.
Хоёрт, манай уул уурхайн экспортын орлого дараагийн шатанд гарахад хангалтгүй. Манайх шууд Норвеги, Саудын Араб шиг болох гээд байдаг. Тэд нарт газрын тос ашигладаг. Энэ салбар нь 30, 40 жилийн өмнөөс хөгжиж эхэлсээр хөрөнгө орлогоо нөхөж, одоо хэдэн арван тэрбум ам.доллараар экспортолдог болчихсон. Тэд асуудлаа шийдчихсэн гэсэн үг. Манайхан улсаа шууд тэдгээртэй харьцуулаад байдаг. Дөнгөж төрсөн унагыг шууд азаргатай уралдуулж болохгүй биз дээ.
-Уул уурхайн салбар улс орны эдийн засгийг далайцтай тэтгэдэг учраас том салбар гэж ойлгоод байна л даа. Шавхагддаг баялагтай салбар учраас “юм”-тай үлдэх гэсэн санаархал гэх үү дээ?
-Мэдээж уул уурхай улсын төсөвт чамгүй орлого оруулж байгаа. Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд 30 хувиар өссөөр байгаад нэлээд томорчихлоо. Саяхан л гурав, дөрөвхөн их наяд төгрөгийн төсөвтэй байсан бол одоо 18 их наядын тухай ярьж байна. Зургаа дахин өссөн тооцоолол.
Нөгөө талаар уул уурхайн орлогоор аж үйлдвэр барих шаардлагагүй. Хятадуудыг хар л даа. Дандаа гадны хөрөнгөөр асуудлаа шийддэг. Гол нь орчныг нь бүрдүүлж өгдөг. Эсвэл хувийн хөрөнгө оруулалтаа хөгжүүлдэг. Манайд бол уул уурхайн орлого шууд улсын төсөв руу орчихоод эргээд маш их үргүй зардлыг санхүүжүүлдэг.
Харин аж үйлдвэрийг барих өөр хоёр эх үүсвэр бий. Тэр бол дотоодын болон гадаадын шууд хөрөнгө оруулалт. Гол нь үүн дээр манайд улстөржилт, популизм их учраас явахгүй байгаа юм. Хувийнхан жижиг сажиг үйлдвэр барих гэхээр улстөрчид явж очоод төрийн эрх мэдлийг ашиглан хууль тогтоол гаргаж байгаад бизнесийг нь булаагаад авчихдаг. Жаахан гайгүй явж байгааг нь балбаад унагачихдаг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр бол “За ингээд дууслаа. Ерөөсөө Монголын баялгийг гаргаад явуулчихлаа” гэж нүддэг. Өөрсдөө хийдэггүй, хүнээр хийлгэхгүй. Ийм учраас л манай аж үйлдвэржилт хөгжихгүй байгаа юм.
-Үнэндээ өнөөдрийг хүртэл ашиглалтад орсон нефтийн үйлдвэр, цахилгаан станцгүй сууцгааж байна. Таныхаар популизм явуулахгүй байгаа хэрэг үү?
-Монголд жижиг аж үйлдвэр байгуулъя гэхээр хамгийн том бэрхшээл эрчим хүчний найдваргүй байдал. Жаахан найдвартай нь үнэтэй. Жишээ нь, Орос, Норвегид нэг кВт нь 2-3 цент байдаг бол манайд 12 цент. Зургаа дахин үнэтэй гэсэн үг. Ийм өндөр өртөгтэй цахилгаанаар бид аж үйлдвэржиж чадахгүй. Усан цахилгаан станцтай болчих юм бол эрчим хүчний үнэ нэлээд хямдарна. Гэхдээ үүнийг манай хойд хөрш хүсэхгүй.
Зөвхөн “Оюу толгой” гэхэд 100-200 сая ам.долларыг цахилгаан эрчим хүчдээ зарцуулж байдаг. Энэ өртөг Монголд шингэж байсан бол ямар байх вэ. Жишээ нь, “Оюу толгой” 2009 онд өөрсдөө 200, 300 сая ам.доллар гаргаад 200-300 мВт-ын цахилгаан станц барья гэж байлаа. Үе үеийн Засгийн газар бариулаагүй. Хувийн хэвшлийнхэн “Таван толгой” дээр цахилгаан станц барья гэхэд бас л бариулаагүй. Тэгэхээр манай улс төрийн популизм хамгийн том асуудал болчихоод байгаа юм.
Уг нь манайд эрэлт байна. Түүнийг нийлүүлэх асар их хэмжээний нүүрс байна. Усан цахилгаан станц байг гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьж болно. Тавдугаар цахилгаан станцыг манайхан өөрсдөө л болиулсан. Багануур дээр хятадууд том цахилгаан станц бариад өгье, бүр экспортолъё гэхэд “Өө хятадуудад бүх юмаа алдчихна” гэсээр зогсоосон түүхтэй.
-Гарц шийдэл та хэлээч. Эрдэнэбүрэн дээр гэхэд Ерөнхий сайд эргэж буцсан шийдвэртэй л зогсож байна. Зөв юм уу?
-Буруу. Жишээ нь, Ерөнхий сайд Хятадтай олон жил ярьчихсан байсан боомтыг хаахаар болчихоод ирлээ. Ийм нялцагануур, аймхай байж болохгүй. Ерөнхий сайд хүн өөрийнхөө улс төрийн капиталыг алаад үхүүлээд ч хамаагүй улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэх ёстой байдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнэд тийм ухаан алга. Бамбууш кафе яриад хэдэн жил боллоо. Одоо Тамгагүй төр гээд л явж байна. Социалист орнуудад ард түмэн ядуу байдаг. Төр засаг нь тэд жүжиг гэх мэтхэн үзүүлээд л, өнгөрсөн гоё дурсамжаар нь аялуулаад байх л ажилтай. Улс төрийн эр зориггүй байгаа чинь манайд аж үйлдвэржилт хөгжихгүй байгаагийн том шалтгаан.
-Мэдээж хөгжүүлэх нөөц боломжийн талаар олон санал санаачилга гарч дуулддаг. Зарим нь эхлүүлдэг. Гэхдээ ажил хэрэг болдоггүй. Жишээ нь, нефтийн үйлдвэр юу болчихов?
-Нефтийн хувьд бага оврын ашигтай үйлдвэр барья гэж хувийн хэвшлийнхэн зөндөө санал гаргасан. Зөвшөөрлийг нь өгөөгүй. Гэтэл одоо асар их зээл авч байгаад барьж эхэллээ гэсэн. Ашиглалтад ороогүй байгаа зардал нь 25 хувиар хэтэрчихсэн нөхцөл байдалтай. Дорнодоос нүүрсээ татах юм гэсэн. Өртөг нь нэг тэрбум ам.доллар болох байх. Нефтиэ Оросоос авах юм уу. Хойд хөрш түүхий нефтиэ тийм амар өгөхгүй. Яахав, үйлдвэр барьж байгаа нь зөв. Гэхдээ барьсаар байтал 2030 он гарчих байх.
Гэтэл Европ, Японд бензин дизелиэр ажилладаг машин үйлдвэрлэхийг хорьчихлоо. Бүх юм цахилгаан руу шилжиж байна. Уул уурхайн хүнд машин механизмууд хүртэл цахилгаанаар явдаг болоод эхэлчихлээ. Манай нефтийн үйлдвэр ашитглалтад орох гэсээр байтал дэлхий нийт цахилгаан руу шилжих нь.
Түүний оронд зэс баяжуулах үйлдвэр барьсан бол хэрэгтэй байсан юм. Өртгөө ч дорхноо нөхчихнө. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд зүтгээд байна. Гэтэл нөгөө л манай улстөрчид очоод хааж бооно, хууль гаргана, зогсооно, үүнийг төр хийх ёстой гэж булааж авах гээд байна. Энэ маш буруу жишиг.
Жишээ нь, сая англичууд “Танайхыг Оросын хараат байдлаас бууруулахад зориулж гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулъя” гэсэн. Түүгээр нь бид нүүрснээс бензин, дизель гаргаж авч болно, устөрөгчийг гаргаж авч болно. Монголоор дүүрэн нүүрсний орд байгаа. Аль нэгэн дээр нь хамтарсан үйлдвэр байгуулчихаж болно оо доо. Польшууд бас хөрөнгө оруулъя гэж байна, япон, солонгосчууд ирээд явлаа. Танай зам тээврийн хөгжилд тусалъя гэж байна. Тэгвэл яадаг юм, дахиад нэг төмөр зам бариулъя л даа. Ашигтай. Зүүн бүс, баруун бүсдээ хамтарсан онгоцны буудал ч барьчихаж болно. Түүгээрээ ачаа тээвэр хийж болно. Нүүрсэн дээрээ нефть, химийн үйлдвэрүүд баривал манайд ашигтай ажиллах боломжтой. Европоос гуйя л даа. Махныхаа стандартыг өгчих гэе. Итали технологиор нь малаа нядалдаг, махаа боловсруулдаг болчихъё. Жижиг оврын махны үйлдвэрүүд олноор барих боломжтой.
Гэтэл Хэнтийд 600 тэрбумаар хэнд ч хэрэггүй баахан объект овоолж байна. Хэн ч очихгүй газар маш өндөр үнэтэй зам браьж байна. Тэр мөнгөөрөө Дарханы замаа дуусгачих ёстой байлаа. Бараг сум бүрт иргэдийг мэдээллээр үйлчлэх төв, соёлын ордон, 20 тэрбумын сургууль барьж байна. Ямар ч шаардлагагүй. Энэ хөрөнгөөрөө бүсүүд дээрээ малын анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрүүд барьсан нь илүү үр өгөөжтэй байлаа.
-Засгийн газар, Ерөнхий сайдын энэ чиглэлд баримталж байгаа бодлого нэг л бүрхэг байна уу даа?
-Энэ Засгийн газраас хүлээх юм байхгүй. Энэ нь манай сонгуулийн тогтолцоотой холбоотой. Шууд тойргоос сонгогддог. Сонгогдсон нь тойрогтоо л хэрэгтэй зүйл ярьдаг. Жишээ нь, Завхан аймагт байгаа илүүдэл жинтэй төрийн албан хаагчдыг хоолны сургалтанд суулгахын тулд 70, 80 сая төгрөг өгсөнгүй гээд УИХ-ын гишүүн чуулган дээр уурлаад сууж байна. Тэд иймэрхүү байдлаар л хандаж байгаа юм.
Гэтэл өнөөдөр манай улсын амин чухал асуудал бол хил боомт байна. Жижиг дунд үйлдвэрүүд сөхөрч байна. Хэдэн зуун сая доллар гадагшаа захиалгын бараандаа өгчихсөн. Бараа нь хил дээр ирээд гацчихсан. Хятадууд нэг л зүйл шаардаж байгаа. “Та нар хорио цээрийнхээ дэглэмийг сайжруулаад өгөөч” гэж байгаа. Гэтэл түүн дээр оруулсан хөрөнгө оруулалт энэ 18 их наяд дотор бараг байхгүй. Гадныхан л жаахан тусалж байна.
Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг давуу тал нь энэ байж магадгүй. Жагсаалтаар орж ирж байгаа хүмүүс тойргийн жижиг сонирхлоос давж, илүү үндэсний нийтлэг эрх ашгийг харж эхэлнэ. Яахав, одоогийн тогтолцоо муу биш. Энэ нь Ерөнхий сайдаас асар их манлайлал шаарддаг тогтолцоо. Гэвч Ерөнхий сайд бол манлайлал үзүүлж чадахгүй байна. Ярьдаг зүйл нь “Бамбарууш кафе”, “Андлалын хөшөө”, “Тамгагүй төр” болчихсон. Хүлээх юм ерөөсөө байхгүй. Ядаж хөршүүддээ хүлээн зөвшөөрөгдөж, тэнд байгаа асар их боломжийг ашиглах ёстой юм.
Дээр нь гуравдагч хөршүүд тусалъя гээд байхад яагаад ангайгаад, урвайгаад, дүлгэнээд суугаад байгаа юм бэ. Ерөөсөө энэ Засгийн газар үнэхээр урагшгүй, унхиагүй байна.