Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Олон улсын санхүүгийн корпорацын Ази, Номхон далайн бүсийн газрын төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дарга Томас Лубек, Санхүүгийн Корпорацын Монгол дахь суурин төлөөлөлөгч Руфат Алимарданов болон төслийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.
Эрчим хүчний яам Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацын техникийн туслалцаатайгаар “Салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр 2021 оноос эхлэн ажиллаж, “Салхин цахилгаан үүсгүүрийн талбайг сонгон хамтран ажиллах тохиролцооны захидал”-д 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан.
Монгол Улсын салхины нөөц арвинтай газар нутагт төслийг хэрэгжүүлэх зорилгоор Цогт-Цэций, Баруун-Урт, Мандалговь зэрэг байршлуудад “СЭХҮТ” ТӨААТҮГ, Олон улсын санхүүгийн корпорац, Олон Улсын Зөвлөхүүд 2022.05.30-06.06-ны өдрүүдэд газар дээр нь ажиллан, дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэсэн.
Зөвлөхүүд техник, санхүүгийн болон байгаль орчны нэгдсэн дүн шинжилгээ хийж, шугам сүлжээний интеграц, геотехникийн нөхцөл, логистикийн асуудал, салхины нөөц, байгаль орчны асуудал, нийгмийн болон биологийн олон янз байдал зэрэгт онцлон төвлөрч, тухайн газруудын эрсдэлийг тооцоолон судалж ажиллав.
Зөвлөхүүдийн зүгээс ажлын тайлан, мэдээллийг Эрчим хүчний сайд болон холбогдох ажлын хэсгийн төлөөллүүдэд танилцуулж, харилцан мэдээлэл санал солилцсон. Тус техникийн туслалцааны хүрээнд 100МВт хүртэл хүчин чадалтай салхин цахилгаан станц барих боломжтой 1 байршлыг сонгон төслийг хэрэгжүүлэх бөгөөд 2024 онд ашиглалтад өгөх боломжтой гэлээ.
Төслийн худалдан авалт, бэлтгэл ажлыг боломжит богино хугацаанд зохион байгуулах, цаашид амжилттай үргэлжлүүлэхэд анхааран ажиллахаар талууд тохиролцсон юм.
Эх сурвалж: Эрчим Хүчний Яам