Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 163 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1816 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1556, хулгайтай холбоотой 33, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 116, гэмт хэргийн шинжтэй 77 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 146, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 153, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 109, эрүүлжүүлэх байранд хоносон 163 оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 99 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлохгүй DNN.mn

Мөн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх дүгнэлтийг цуцлахыг Мэргэлийн хяналтын газрын дарга Б.Баасандоржид үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч явган зорчигчийг мөргөж, амийг нь хохироожээ DNN.mn

Согтуу иргэн явган зорчигчийг мөргөж, аминд нь хүрчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим СХД-н 7-р хороо 67-р сургуулийн урд замд Б жолоочтой Кантер маркын автомашин явган зорчигч 40 орчим насны эрэгтэйг мөргөж зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас явган зорчигчийн амь нас хохирсон байна.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн байгууллагаас явуулахад жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурлын хэмжээ нь Др:0.28% гарчээ.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүгд өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг анхаарч өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу…

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс гадаадын иргэний виз сунгах хүсэлтийг цахимаар бүртгэнэ DNN.mn

Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг өнөөдөр /2022.06.13/-өөс эхлэн цахимаар хүлээн авч байна.

Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гаргана.

  • Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүй.
  • Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг “Registered” (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг “Until” (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ.
  • Цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамба номун хан Д.Чойжамц: Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө DNN.mn

Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.


-Бурхан багшийн Их Дүйчэн өдөр маргааш тохиож байна. Жил ирэх бүр энэ өдрийн ач холбогдол, хүрээ улам тэлж байгаа нь харагдаж байна шүү?

-Монголчууд эрт дээр үеэсээ Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Ер нь Бурханы шашин шүтдэг дэлхийн улс орнууд бүгд маргааш болох Дүйчэнг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг ёс заншилтай юм. Сүүлийн үед их өөрчлөлт гарч байгаа. НҮБ-аас Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг дэлхий даяараа тэмдэглэх ийм сайхан уриалга гарч, бичиг сачиг нь сайхан батлагдаж, анхны чуулганд нь оролцож үг хэлсэндээ би баяртай байдаг. НҮБ-ын хаш ногоон индрээс Бурхан багшийн Их Дүйчэнг дахин тэмдэглэх тэр сайхан

хуралд оролцож байлаа. Их сайхан тод санагдаж байна. Монгол бол 1990 оноос хойш их дэлгэр болсоор, улам л дэлгэрсээр байна. Маргааш болох Дүйчэн урьд урьдынхаасаа улам өргөн дэлгэр болж байна.

Хоёр, гурван сарын өмнөөс Дүйчэн өдөрт зориулсан олон янзын үйл ажиллагаа явууллаа. Эрдэм шинжилгээний хурлууд, хүүхэд багачууд, залуусын дунд спорт, соёл бичгийн чигийн олон уралдаан тэмцээн, өдөрлөг хийсэн. Нийгэм рүү хандсан нэлээд ажил хийцгээж байна. Эмзэг бүлгийн иргэдэд тусламж тэргүүтэй сайн үйлсийн аянууд, тэрбум мод тарих ажлыг лам нар дэмжиж мод сайхан тарилаа. Өмнө нь Бурхан багшийн Их Дүйчэнг нэг л өдөр тэмдэглэдэг байсан бол одоо хоёр, гурван сарын өмнөөс бэлтгэж, угтуулж ажил зохиож, хорих ангиудаар лам нар яриа таниулга хийж, нигүүлсэл энэрэл ярих тэргүүтэйгээр энэ өдрийн цар хүрээ өргөжиж, тэлж байна. Үүнд ганцхан Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдээр зогсохгүй Монголын Сүсэгтний холбоо, шашны олон нийтийн байгууллагууд, лам хуварга, сүм хийдүүдтэйгээ нийлээд энэ бүх ажлыг амжуулж байна. Сүүлийн үед аймгууд болоод дүүргүүдийн төв хийдүүд Бурхан багшийн Дүйчэнг сарын турш тэмдэглэдэг, бэлтгэл ажил явуулдаг ийм сайхан болсон.

-Өнөө жилийн Дүйчэн өдрийн гол онцлог нь гэвэл?

-Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл залагдан ирж байгаа нь энэ жилийн их дүйчэн өдрийн онцлог юм. Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл дэлхий дээр цөөхөн байдаг. Энэ нь Замбуутивийн бурхан шашинтнуудын нандин өв шүтээн юм. Энэтхэг улсын Засгийн газрын бүрэн хамгаалалтад байдаг, өөр орон руу залдаггүй, ийм нандин шүтээн залагдан ирж байгаад бид маш баяртай байна. Түүнчлэн Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг дагалдан БНЭУ-ын өндөр дээд албаны зочид хүрэлцэн ирж байгаа.

-Бурхан багшийн гурван зохионгуй давхацсан учир Их Дүйчэн хэмээн сүсэгтнүүд ихэд бэлгэшээж, Их Дүйчэнгийн сар хэмээн буянд шамддаг?

-Их Дүйчэн гэдэг бол Бурхан багшийн гурван том үйл явдал давхацсаныг хэлдэг. Манай эриний өмнөх V-VI зуунд Чадагчийн эрхэт Бурхан багш Шагжмүни бээр хамаг амьтны тусыг бүтээхийн тухайтад их бодь сэтгэлээр хувилгаан лагшинг таалан өмнө зүгийн Замбуутивийн оронд эхийн хэвлийгээс лагшин мэндэлж, сансрын хүрдэнд эргэцэн энэлэгсдийг гэтэлгэх үнэн зам мөрийг үзүүлэхийн тухайтад төгс гэгээрлийн хутгийг олж, түүнчлэн хуран үйлдсэний хойно эвдэрдэг ертөнцийн мөнх бусыг сануулахын тухайтад их нирваанд орсон бөгөөд эл гурван их зохионгуй нь зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр давхардан цогцолсон байдаг. Энэхүү өдрийг монголчууд бид дэлхийн бусад Бурханы шашинтай улс орнуудын адил “Бурхан багшийн их дүйчэн өдөр” хэмээн эртнээс эрхэмлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр бол нигүүсэл энэрэл, хайраар бие биетэйгээ хандаж, зохисгүй байсан бол бие биенээ хайрлаж, энэрч, эвлэж, нэгдэж, нэгэндээ эвтэй, зүйтэй үгээ хэлж, уучилж, өршөөдөг ийм сайхан өдөр байдаг. Сэтгэлийн алдаа гарсан бол уучлал хүсэх, “Өршөөгөөрэй, уучлаарай та” гэж хоорондоо цагааддаг. Цаад хүн нь ч “Бурхан багшийн Их Дүйчэн өдөр надаас уучлал гуйлаа шүү дээ, ямар сайхан юм“ гэж сэтгэлээ цэвэрлэж авдаг ийм олон сайхан зүйл болдог өдөр. Ард түмэн энэ өдөр аль болохоор уншиж урьж явдаг номоо унш, тарниа тоолоорой. Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс буяны зүгт чиглүүлээрэй. Хийд орон, сүм дуган, Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөхөөр явж байгаа бол бие нь буяны зүгт, тарни болоод ном уншиж, эвтэй зүйтэй сайхан үг хэлцэж, эв найрамдал бэлгэдсэнээр хэл нь цэвэршиж, цаана нь сэтгэл цэвэршиж энэ зоргоор бие, хэл, сэтгэлийн ариусал болдог. Тийм учраас энэ өдрийг бүх л амьдралын турш хэвшүүлж авах ёстой ийм дурсамжийн өдөр байдаг учраас хойшид ч энэ ёсоор явбал монголчууд бид гэлтгүй дэлхийн хүн төрөлхтөн бие биетэйгээ найрсаг хандах, ёс зүйтэй, хүмүүжилтэй байх, эв түнжингээ илэрхийлсэн, уучлал гуйсан ийм сайхан өдөр байгаа юм. Олон зууны турш Бурханы шашин шүтэж ирсэн Монгол оронд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр, буян хураах өдөр болгосон учир аль болох арван цагаан буяныг бүтээж, арван хар нүглийг тэвчсэн, буяны зүгт сэтгэлээ хандуулсан сайхан өдөр болгож өөрчлөөрэй, сайхан залбираарай.

-Уучлал гуйх зэргээр нэг нэгэндээ сайхан хандаж, эелдэг харьцах нь бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж буй бас нэг том буян байх нь ээ?

-Тийм ээ, тийм. Бие, хэл, сэтгэл гурваа сайн зүгт хандуулсан, өс хонзон, хорлолтой сэтгэлээ тэвчсэн, биенээсээ уучлал гуйж өршөөл эрээд, аав ээж дээрээ очоод мэндийг нь мэдэж сайхан баярлуулаад, ахан дүүстэйгээ зөв зохистой харьцахаас авахуулаад, сүүлийн үед Дүйчэн өдрөөр мод тарьдаг ч болж. Хичнээн олон мод тарих тусмаа л бидний амьсгалах агаарыг цэвэрлэдэг, хүн амьтан эрүүл саруул орших ийм сайхан буяны бэлгэдлүүд байна шүү дээ. Тэгээд ядарч яваа нэгэндээ тус хүргэх. Материаллаг болоод оюун санааны аль аль талаас нь бодож буяны зүгт хандах хэрэгтэй юм даа.

-Сүүлийн үед Монголд ирж эргэл мөргөл хийдэг гадаад сүсэгтнүүд, буддистууд ч их болжээ?

-Монгол хүн гэдэг бол азтай, завшаантай, сайн үйлийн үрээр төрдөг юм болов уу гэж боддог. Багаасаа л ингэж боддог байлаа. Лам болоод бурханы шашны ном үзээд ирэхийн цагт тэр бодолдоо маш их итгэл сууж эхэлсэн. Гадаад орнуудад хамбын хувиар маш олон явж үзлээ. Залуучууд сайхан өндөр байшин, барилга, гоё хүмүүсийг харж “Хөгжчихжээ” гээд ирдэг бол хөгширсөн, над мэтийн хүмүүс муу санаа суучихсан. Чухам амьдрал нь юу байна вэ, энд жаргал гэдэг нь юу байна вэ. Зовлон гэдэг нь юу байна, яажшуу байгаа юм гэдгийг нь ажигладаг болчихдог юм байна. Англид явж байхад дөрвөн тал хашаатай, хашаандаа ногоо тарина. Нэг талд нь ногоо ургачихсан, нөгөө талынх нь ногоо ургаж эхэлж байгаа ч юм уу, тэнд хонь нь ч хүртэл эрх чөлөө муутай. Дөрвөлжин хашаан дотор л эргэлдэж байх шиг. Монголдоо ирээд харахад мал нь тал дүүрэн. Хонь нь тааваараа. “Манай мал нь хүртэл эрх чөлөөтэй юм байна шүү” гэж харагдаж байгаа юм. Гадаадад явж байхад Монгол шигээ л санаад хамгийн сайхан уул, модтой газарт чинь очвол яасан юм гэхээр “Болохгүй ээ, бүгдийг нь хувьчлаад авчихсан” гэдэг. Торон хашаа татаастай, чөлөөтэй явах газар үгүй. Харин замын хажууд ресторан мэтийн газруудад л орж, тэр хавиар нь харах юм байвал харчихаад явах жишээтэй. Гэтэл монгол хүн чинь ямар их эрх чөлөөтэй юм бэ дээ гэж бодогдоод харагдсан уул, хаана ч очоод жаргаж чадах юм даа. Ганцхан гэм нь бид өвгөд шигээ байгаль дэлхийгээ хамгаалж, хог сагаа хаяхгүй, нүүгээд явахдаа бууриа цэвэрлээд явдаг ёс заншлуудаа мартжээ. Хаа байгаа газартаа наргиж цэнгэчихээд хог тарихгүй байх юмсан даа. Түүнээс биш монгол хүн чинь үгүй мөн чөлөөтэй юм аа даа гэж бодогдох ухаантай. Хараад байхад эрх чөлөөн дунд амьдардаг, хотод ч хөдөөд ч.

-Одоо ч монголчуудын хувьд амралт, зугаалгын цаг ирлээ дээ. Хөдөөгүүр давхицгаагаад намар л хотод орж ирдэг улс. Ингэж бодохоор дотоод болоод гадаад хүчин зүйлсээрээ ч эрх чөлөөтэй хүмүүс бололтой?

-Уул нь эдийн засаг нягт болчихсон, эдийн засгаа бодож сэхээрдэг улсад бол зуны гурван сар болон намар, хавартаа зүтгэж байж бүтээн байгуулалтаа хийж явдаг газар шороо, хөрсний ажил байна. Уул уурхай, барилгын гэсэн ажлууд чинь улиралтайгаа хамаатай. Зуны дэлгэр цагт л амралгүй зүтгэж байж хэдэн цаасаа цуглуулж, цалин мөнгөө нэмүүхэн шиг аваад өвлийн бэлтгэлдээ ормоор байтал монгол хүн гэдэг ямар эрх дураараа юм бэ, ажил байхгүй, хөдөө, Хөвсгөл ч явна, Увс ч явна гээд хотын шавааралдаанаас илүү шавааралдаан хөдөө байдаг. Үүнийг хараад монголчууд бид мундаг чөлөөтэй амьдралд дуртай хүмүүс юм байна даа гэж харагддаг. Уг нь энэ цагтаа л ажлаа хийж, хөгжил дэвшлээ авчирч баймаар үе дээ. Эрх чөлөө нь хэтэрчихсэн юм уу даа гэмээр санагдаад гайхдаг.

Корона гарах үед Азийн улс орнуудаас очсон хүмүүсийг гадуурхах байдал харагдсан. Бусдын нутагт амьдрахаар явж байгаа улсуудыг бодоод сууж байхад “Тэд маань хэрхэн жаргалтай байдаг юм бол доо” гэсэн асуулт гарч ирдэг. Эгзэгтэй цаг ирэхэд хүний хүн бол хүний л хүн байдаг юм байна даа. Гудамжинд явж байхад барьж авч зодчихоод гээд, хамгийн эрх чөлөөтэй гэдэг оронд тийм байдал гарч байхыг харчихаад бид энэ Монгол гэдэг оронтой чинь ёстой нэг цус, мах бүгдээрээ холбогдчихсон байдаг юм байна. Энэ монгол нутаг дээр амьдарч байхад хэн ч намайг хөөхгүй, хэн ч намайг ад үзэхгүй, эднийхээ дунд амьдарч байх нь хамаагүй их жаргал юм байна шүү гэсэн сэтгэгдэл төрсөн.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж хэлсэн. Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө юм. Гадаадад жаргалтай амьдрал руу явахаас илүү Монголдоо тэр жаргалыг бий болгохын төлөө монгол хүн бүрийн хүчин зүтгэл орж байж, сая Монгол орон дэгжиж дээшлэх юм байна даа. Бидэнд тулсан ажил байна даа, Монгол орны хөгжил, гэр бүл, ажил хөдөлмөр хамаг юм тэгж байж сайжирна уу гэхээс биш сайхан жаргалтай газар руу яваад тэнд жаргая даа гэдэг бодол бидэнд байж болмооргүй юм байна. Гадаадад байгаа нь ч гэсэн нэг эрдэм сурчихаад Монголдоо ирж хөгжүүлье гэдэг, ажилд явчихаад ажлыг нь сурчихаад Монголоо ингэж хөгжүүлье гэдэг ийм оюун ухаантай байж байж гуравхан сая хүн хөдөлж, сайхан жаргалтай амьдралыг бүтээж чадах юм байна даа гэж бодогддог. Хөгжил дэвшлийг бид бий болгож чадна. Бид зоригтой, хүчтэй, ухаантай байх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бид хоёр юмыг маш сайн анхаармаар юм байна.

-Ямар хоёр зүйл вэ?

-Нэгдүгээрт, ёс зүйн хүмүүжлийг дээд зэргээр авч явах хэрэгтэй. Ёс зүйгүй бол худлаа хэлдэг, хулгай хийдэг, бусармаг үйл хийдэг бол дэлхийн олон түмэн биднийг үзэхгүй нь ээ. Би хамаагүй. Тэнд гурван сая монгол байгаа. Би гадаадад явж байгаа хүн гээд янз бүрийн бусармаг юм хийхэд тэрнийг сэргийлэх аваачаад байцаагаад монгол хүн гээд мэдээллийн хэрэгслээр зарлаж, хүмүүс мэдчихвэл монголчуудыг ад үзээд эхэлдэг. Гурван сая хүнийг хаана ч гишгэхийн аргагүй болгож, нүүр царайг нь баллаад хаячихаж байгаа юм. Ийм байдал үүсдэг. Тийм учраас ёс зүйн хүмүүжилтэй бол хаана ч очсон хууль, дүрмийг нь баримталж, хэм хэмжээгээ мэдэж, ёс зүй баримталбал бидэнд гадныхан итгэх юм байна. Монгол дотроо байгаа нь ч тэр гадаадын улсуудтай харьцахдаа ёс жудагтай байвал дараагийн хөрөнгө оруулалт, дараагийн хөрөнгө оруулагч, мөнгө санхүүжилт, гэрээ хэлцэл ямар ч зовлонгүй орж ирнэ. Монголчуудтай хамтраад юм хийчихвэл баталгаатай даа гэдэг ганц үг дэлхийд мэдэгдэхэд л бид бүгдээрээ буцаад сэргэх юм. Ёс жудагтай байна гэдэг бол хувь хүнээс авахуулаад албан байгууллага, гадаад дотоод хүнтэй харьцаж байгаа бүх хүнд хамаатай. Ингэж чадлаа л бол дэлхий монгол хүнийг хүндэлдэг болж, монгол хүн, монгол байгууллага гадаадад очоод зээл тусламж авах, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэхэд хэн нь ч гүйж ирээд л туслаад өгөх юм байна даа. Тиймээс ёс зүй бол Монголын нийгэмд гарцаагүй хэрэгтэй болчихсон юм байна.

Хоёрдугаарт, мэдлэг. Ер нь улс орон гэдэг бол малаа ч хариулдаг, гудамжаа ч цэвэрлэдэг, машин тэргээ ч барьдаг. Бүх л ажлаа хийж байж улс орон болдог. Цөмөөрөө дарга болдог улс гэж байхгүй. Тийм учраас боловсролын сонголт маш нарийн байх хэрэгтэй байна. Хийж чаддаг, дуртай дуртай ажилд нь хүмүүсээ сургаж тавих, мэдлэгтэй болгох. Тухайн ажилд мэдлэгтэй хүн очихтой зэрэг хөгжил дэвшил ирээд байна. Бүх ажил мэдлэг дээр суурилж байна. Малчин, фермерээс эхлүүдээд дээшээ дарга нь ч мэдлэгтэй байх хэрэгтэй. Боловсролыг дээд зэргээр хүртэх, мэдлэгтэй болох, боловсролтой болох энэ ажлыг ёс зүйтэй хавсарч хийх. Энэ хоёр хослоод ирэхээр Монгол орны иргэд нь гологдохгүй. Мэдлэг, ёс зүй, хүнлэг чанараараа ч гологдохгүй болоод ирэхээр дэлхийн бүх улс оронд хаана ч очоод ажиллалаа гэсэн ч, хаа ч амьдарлаа гэсэн ч, хаа ч очоод хамтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн тэр болгон нь хар аяндаа бүтэх боломжтой болох юм байна. Тэгж чадахгүйгээр ирсэн хүн болгоныг дээрэмдээд, ирсэн хүн болгоныг хожоод, ирсэн хүн болгоныг хуураад эхэлбэл монголчуудад итгэж болохгүй гээд л тэр хүн ганцаараа биш, дэлхий нийтээрээ тэгж зарлагдана. Дэлхийд зарлагдаад ирэхээр бидний ажил тэртэй тэргүй хумигдах л юм байна. Тиймээс бид бүгд хичээцгээе.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг удахгүй үзэгчдэд хүрнэ DNN.mn

Өнгөрсөн онд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг удахгүй үзэгчдэд хүрэх гэж буйг Нэтфликс компани болон уг бүтээлийн найруулагч Хван Дон Хёк нар албан ёсоор зарлажээ.

“Squid Game цувралын эхний бүлгийг гаргахад 12 жилийг зарцуулсан. Харин Нэтфликсийн хамгийн алдартай цуврал болоход 12 өдөр л шаардагдсан юм. Уг бүтээлийн зохиолч, найруулагч, продюсерын хувьд манай шоуг үздэг, үзэх дуртай хүн бүрд талархал илэрхийлээд нэг зүйлийг чанга зарламаар байна. Бидэнтэй дахин нэгдэж, цоо шинэ үеийг дахин эхлүүлээрэй” гэж Хван Дон Хёк бичсэн байна.

Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн цуврал Нэтфликс стриминг платформын бүх цаг үеийн хамгийн өндөр эрэлттэй бүтээл болж байв.

Өнгөрсөн онд Хван Дон Хёк цувралынхаа хоёрдугаар бүлэг дээр ажиллаж эхэлснээ мэдэгдэж байсан бол Нэтфликс компанийн гүйцэтгэх захирал Тэд Сарандос “Squid Game-ийн ертөнц дөнгөж эхэлж байна” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: The Vergeс

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 2800 өрх үерийн аюултай бүсэд амьдарч байна DNN.mn

Улаанбаатар хот дөрвөн уулаар хүрээлэгдсэн, үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цогцоор нь шийдэж чадаагүй байгаа билээ. Шинээр суваг, шуудуу барьсан ч анхаарахгүй байсны улмаас хогоор дүүрдэг.

Нийслэлчүүд бороо орж үер буусны дараа сүр бадруулан суваг, шуудуугаа ярьж эхэлдэг гэмтэй. Улаанбаатар хотын хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй километр бий аж. Авто замын гадаргуугийн усыг 2000 орчим худгаар дамжуулан авч зайлуулдаг талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм. Гэвч бороо орох бүрд авто замууд усаар дүүрч, автомашины хамраар татаж, явган зорчигчид руу ус цацах нь энгийн үзэгдэл болсон билээ.

Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг байна. Гэвч зарим иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж эвдрэл үүсдэг талаар албаныхан хэлж байна. Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг бөгөөд худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барьдаг зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагаа алдагддаг аж.

Нийслэлийг анх 600 мянга гаруй хүн амд төлөвлөн барьсан бол өдгөө хүн амын тоо 1.3 сая болж өсчээ. Жил ирэх тусам хөдөөнөөс хотыг зоригсдын тоо нэмэгдэж, үерийн эрсдэлтэй газар буух нь түгээмэл болсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүсэд аж төрж буй 2800 гаруй айл өрх байна.

Эх сурвалж: news.mn

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн наадмыг аймаг хоорондын тэмцэл мэт хөөрөгддөгөө зогсоох хэрэгтэй DNN.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас төсөл өргөн барьж, УИХ хэлэлцэхийг дэмжсэн. Ирэх долоо хоногоос УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэгдээд явчих шинжтэй. Лавтай наадмаас өмнө батлах биз.

Уг хуулийг 2003 онд баталснаас хойш нийт зургаан удаа өөрчлөлт оруулсан бөгөөд бөх, уяач, харваачдад цол чимэг олгох, допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зэрэг зохицуулалтуудыг тусгаж өгчээ. Энэ удаагийн төсөлд мөн л допингтой холбоотой асуудлыг төгөлдөржүүлэх, хурдан морины сэрвээний өндрийн стандарт тогтоох, наадмыг нэг өдөр орон даяар хийх зэрэг олон өөрчлөлтүүд урьдчилсан байдлаар ороод байна. Гэхдээ хууль санаачлагчид хамгийн чухал нэг зүйлийг орхигдуулсан харагдаж байна. Тэр юу вэ гэвэл, төрийн наадамд барилдаж байгаа бөхчүүд, харваачдыг аймаг сумаар нь цоллон зарладгийг хориглох заалт хуульд зайлшгүй оруулах ёстой юм. Баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” хэмээн тодотгон зааж өгсөөр байтал аймаг, сумдын хоорондын өрсөлдөөн,тэмцэл, наадаан мэтээр үзэж, зохион байгуулж иржээ. Ялангуяа энэ нь бөхийн барилдаан дээр маш тод харагддаг. Бөх эхлэнгүүт тэр аймгийн тэр сумын харьяат тийм бөх гээд л барилдаж буй бөхчүүдийг нэг бүрчлэн аймаг, сумаар нь зарладаг. Тухайн аймагт төрж өссөн энэ тэр бол огт хамаагүй, аав ээжийнх нь нутгийг хүүхдүүдэд нь шууд залгамжлуулан дуудуулдаг. Ийм нэг жалга довны үзэл нь Төрийн их баяр наадмыг 21 аймаг, 300 гаруй сумдын өрсөлдөөн, бие биенээ давж илүү гарах гэсэн мөчөөрхөл болон хувиргаж, буруу тийшээ улам л утга төгөлдөр болон хөгжиж байгааг бид харж байна. Юун үндэсний их эв нэгдэл байхав, тарж бутарсан, таарч тохирохгүй улс л бие биенээсээ илүү гарах гэж үзэж тарж байх шив.

Улсын наадмын дараа хаанахын бөх түрүүлснээс улбаалан монголчууд халх, увсаараа хуваагдан сүрхий зөрчилддөг. Увс аймгаас бөх их гардаг ч юм байгаа, наадамд түрүүлсэн бөхөө увсынхан толгой дээрээ суулган “Увс нуур”-аа дуулан, цагаачилж ирсэн бага ястны царай гарган гүйлддэг. Хэрэв төвийн аймгуудаас наадамд бөх түрүүлбэл мөн л иймэрхүү ааш аяг гаргана.

Жил жилийн наадам дандаа ийм уур амьсгалтай болдог. Наадмаас наадмын хооронд үүнийг л ярьдаг. Тиймээс бөхчүүдийг аймаг, сумаар нь нэрлэн зарладаг ийм байдлыг хуулиар хориглож өгөх цаг нь болжээ. Хэрэв жилийн жилд ийм эв эегүй, аймаг сумаараа бие биенээ давах гэсэн хандлага газар авсаар байх юм бол Үндэсний их баяр наадмын үзэл баримтлал эсрэгээрээ эргэж мэдэхээр байна.

Үнэндээ Улсын наадам бол төв халхынхан ч юм уу баруун аймгийнхны наадам биш билээ. Улсын наадам бол Монгол төрийн их наадам юм. Монгол Улсын бүхий л иргэд эн тэнцүү, тэгш эрхтэй, эв нэгдэлтэй оролцох үндэсний их баяр юм. Баяр бол хүмүүсийг эвлэлдүүлэн нэгтгэх үндэстэн нэгтэндээ эергүү сэтгэл төрүүлэхэд хэрэглэгддэг зан үйл юм. Манай наадмын бөх л лав энэ тал дээр тийм биш улам л хагалаад байх шиг санагддаг. Тэр нь энэ их сум аймгаар нь онцлон дууддагаас болоод байх шиг.

Өөр нэг зүйл гэвэл, бөхчүүдийг анхандаа өөрийн төрсөн нутаг юм уу, аавынх нь нутгаар харьяалуулан дууддаг байснаа одоо бүр аав, ээж, ах дүүгийнх нь нутгийг бүгдийг нь хаман хэлж байгаа нь үнэн утгаа алдаж байна. Тухайлбал, Оргихын Хангай гээд бөхийн аав нь Говь-Алтайнх, ээж нь Ховдынх бөгөөд өөрөө Ховдод төрж. Тэгэнгүүт нь бөхийн барилдаан дээр Говь Алтай аймгийн уугуул, Ховд аймгийн харьяат гэж зарлаж байгаа нь нутаг усаараа биенээсээ илүү гарах гэсэн үзэл хэт хавтгайрч, аймаг хоорондын талцал тэмцэл болсныг харуулна. Бөхийн засуулууд нь ч наад цаад захын ойлголтгүй хүмүүс байдаг бололтой. Тэд бөхийн удам судрыг айхтар мэддэг гэдгээ гайхуулан, барилдаан бүр дээр түүнийгээ зарлаж явдаг хүмүүс. Тухайлбал “Энэ бөхийн аавынх нь талын авгууд тэгж барилдаж амжилт гаргаж байсан, нагацууд нь ингэж барилдаж давж байсан хүмүүс. Тиймээс энэ бол ингэж барилдахаас аргагүй, удамт бөх….” энэ тэр гээд л явж өгнө. Арай л бөх удамгүй бол барилдах хэрэггүй гээд хэлчилгүй хадуурна. Ийм нэг биеэ өргөх, өөрийгөө хэт тоох үзэл хандлага давраад бусдыг байнга доош хийж, басамжилж эхэлдэг. Өдгөө өөрийгөө хэт тоох үзэл хувь хүнээс халиад аймаг, сум хоорондоо ийм хандлагатай болоод байгаа. Бөх тайлбарлагч нар нь энэ үзлийг байнга өрдөж, дэвэргэж байдгаа өөрсдөө ч анзаардаггүй биз ээ. Тэд бараг ой гутмаар цус ярьдаг. Тэр цусны тэр удмын бараг аавынх нь сүүлэрч байгаад гаргасан хүүхдийн тэд дэх удам гэх нь халах юм болцгоон амаа урах шахдаг болжээ.

Монгол бөхийн хөгжил ийн урвуугаараа эргэж, нутаг ус, жалга довны үзэл нь үндэсний эв нэгдлийн эсрэг, ард олныг хагалж бутаргах хэмжээнд хүрч байгаа учраас Баяр наадмын тухай хуульд үүнийг заавал хориглох хэрэгтэй байна. Социализмын үед бөхчүүдийг ингэж нутаг усаар нь дууддаггүй байв. Тэр үед зүгээр л “Хоршоолол нийгэмлэгийн бөх”, “Алдар нийгэмлэгийн бөх тэр” гэх мэтчилэн дууддаг байлаа. 1989 оноос хойш үндэсний бүхнээ сэргээнэ гэсэн хийрхэл энэ салбарыг өнөөгийн байдалд хүргэжээ. Үүнтэй зэрэгцээд монгол бөхийн жудаг гэдэг зүйл алга болсон гэдгийг бөхчүүдийн ам авалтаас харж болно. Сүүлийн үед допинг хэрэглэдэггүй бөх гэж байхаа больсон гэж ярьцгааж, хүлээн зөвшөөрч байна. Ингэтэл доош унаж, хоцрогдож байна, монгол бөх, Монголын бөхчүүд. Тиймээс гадны спортынхон шиг амжилт гаргавал цол, мөнгө нь нэмэгдээд явдаг, ахихгүй нэгний цолыг нь доошлуулдаг дүрэм журамтай болгосон ч болохгүй юмгүй.

Хурдан морины тухайд сэрвээний өндөр энэ тэр гээд бөөн хэрүүл байх юм. Ер нь бол аль хурдан адуугаа л шалгаруулдаг уралдаан биз дээ. Адуугаа хурдлуулахын тулд үүлдэр угсааг нь сайжруулж, эрлийзжүүлэх нь уяачийн үүрэг. Тэнд бас л нутаг нуга, сум аймгаар нь дууддаг. Одоо бүүр уяачийг нь дуудах ч бага хэрэг болж морьдыг нь угшил удмаар нь дуудаж аймаг суманд хуваадаг болсон нь инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг сонсогддог. Жижиг сажиг хэрүүлийг уул мэт өргөж хуульчилж байхаар үндэсний эв нэгдлийг чимх чимхээр нурааж байгаа зүйлсийг углуургаар нь өөрчилж, болохгүйг нь хориглох хэрэгтэй.

Ямартаа ч Монгол төрийн наадмыг жалга довны үзэлд баригдуулж, аймгуудын хоорондын өрсөлдөөн наадаан мэт үздэгээ зогсоох хэрэгтэй. Улсын наадмаас эхлээд том жижиг бүхий л барилдаан дээр үндэсний бөхчүүдийг аймаг, сумаар нь дуудахыг хориглон хуульчилж өг. Харин ивээн тэтгэгч компанийг нь, харьяалагддаг спорт клуб бөхийн галаар нь дууддаг болох хэрэгтэй. Өөрийн аймаг сумын нэрийг гаргах нь тухайн сум аймагтай сайхан л байдаг байж таарна. Харин бусдад нь тийм ч сайхан байдаггүй. Бид танай аймаг, танай сумаас илүү гэдгээ зарлаад байхаар таатай санагдахгүйгээр барахгүй бяцхан атаархал тэр нь яваандаа үзэн ядалт болоход ядах юмгүй. Юун биет өв мөв. Нэг бүтэн улс наадмын дараа бараг хагас жил баруун зүүн өмнө хойдоороо хуваагдан түрүүлсэн бөхийн нутаг найр наадам болоод л шилээ шөргөөн ханхалзах. Унасан аймгийн хүмүүс нь зэвүүцэнгүй тэрнийг нь харж байх сайхан байх уу. Ийм юман дээр л хууль санаачлагчид бодлого уралдуулах хэрэгтэй бус уу. Улсын наадмыг Монгол Улсын бөхчүүдээс гадна Өмнөд Монгол, Тува, Буриадын бөхчүүд, ард түмэн ирж хамтдаа цэнгэдэг Монгол туургатны эв нэгдлийн их наадам болгох талаас нь ярьж, бичиж, хуулиндаа тусгах нь зөв билээ.

Г.ГЭНДЭНДАРАМ

Categories
мэдээ цаг-үе

Гадаад худалдааны тэнцэл 946.4 сая ам.доллароор эерэг гарлаа DNN.mn

2022 оны эхний таван сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарчээ. Тодруулбал, экспорт 4083.7 сая, импорт 3137.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд зөрүү нь эерэг утгатайгаар 946.4 сая ам.доллар болж байна.

Гадаад худалдааны тэнцэл эерэг гарах буюу экспорт нь импортоо давах үед төгрөгийн ханш чангарах хүлээлттэй байдаг. Гэвч оны эхнээс хойш валютын хомстол үүссэнээс гадна ам.долларын ханш огцом өсөөд байгаа. Энэ нөхцөл байдлаас хойш төгрөгийн ханш суларсан хэвээр байна.

Харин нийт бараа эргэлт 7221 сая ам.долларт хүрсэн нь өндөр үзүүлэлт. Тухайлбал,

  • 2021 онд 5925.7 сая
  • 2020 онд 3998.7 сая ам.доллар байсны хувьд огцом өссөн дүн болж буй.

Харин гадаад худалдааны нийт бараа эргэлтэд хамгийн их харилцсан улсуудад БНХАУ, ОХУ, Япон зэрэг байна.

Тодруулах юм бол, манай улсын хамгийн их экспорт хийсэн орнуудаар БНХАУ, Швейцарь, Сингапур, ОХУ, БНСУ, Итали, ХБГНУ, Япон, Хонконг, Их Британи нэрлэгджээ. Харин хамгийн их бараа импортолсон орноор БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, Турк, БНЭУ, Польш, Франц орсон байна.