Categories
мэдээ цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар бүртгэнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ухаалаг засаг төсөл, IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Swiss Cooperation in Mongolia хамтран иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимаар бүртгэх үйлчилгээг “e-mongolia” системд нэвтрүүллээ.

Тус үйлчилгээг иргэн та 2022.06.16-ны өдрөөс эхлэн www.e-monoglia.mn сайтаас авах боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал 2022 оны зургаадугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Бага хуралд Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ), Европын холбоо болон дэлхийн 30 орны төлөөлөгчид, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцоно.

Мөн дэлхийн зарим улс оронд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл цахимаар оролцох юм.

2022 онд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 911 эмэгтэй алба хаагч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож үг хэлэх үеэрээ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг 2022 онд өөрийн эх оронд зохион байгуулахаа зарласан юм.

Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улс бүс нутагтаа анх удаа зохион байгуулж буй бөгөөд манай улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоог шинэ шатанд гаргаж, олон талт, идэвхтэй оролцоог бий болгоход чухал ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Сургуульд суурилсан менежментийг бий болгоно DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургуулиудын багш, удирдлагуудын төлөөлөл өнөөдөр “Сургуульд суурилсан менежмент”-ийн талаар харилцан санал солилцлоо.

Боловсролын салбарын санхүүжилт, удирдлага, засаглал, үнэлгээний тогтолцоо, багшийн хөгжил, цахим шилжилт зэрэг шинэчлэлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн менежментийг сайжруулах нь чухал байна. Үүнийг ажил хэрэг болгоход хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд хэллээ. “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах 8 сургуульд хэрэгжүүлээд байна. Ингэхдээ Шинэ Монгол менежментийн 8 брэнд туршлагыг хэрэгжүүлжээ.

Үүнд:

– Сургуулийн соёл төлөвшил,

– Багш нарыг багт нэгтгэх,

– Ажлын байран дээрх багшийн хөгжил,

– Эцэг эх олон нийттэй хамтран ажиллах,

– Сургалтын цогц хөтөлбөр,

– Хичээлээс гадуурх үйл ажиллагаа,

– Шалгалт, үнэлгээ,

– Төгсөгчдийн эргэх холбоо зэрэг багтсан байна.

Төслийг хэрэгжүүлж байх явцад сурагчдынхаа бодит байдлыг судлах, сургууль бүр өөрийн алсын хараагаа тодорхойлж үүнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргах гэсэн уялдаа холбоогоор ажилласан байна. Төрийн өмчийн 8 сургуульд ажилласан туршлагын адил нийт төрийн болон хувийн өмчийн сургуулиудын менежментийн механизмыг бий болгож, нэгдсэн загвар гаргах хэрэгтэйг оролцогчид санал нэгтэй хэлж байлаа.

Сургуульд суурилсан менежментийг бий болгох хүрээнд Боловсролын ерөнхий газар сургуулийн хөгжлийн төлөвлөгөө, тайлангийн загварыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол баталлаа DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид даалгахаар төсөлд тусгасан байв.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, иргэдээс олон санал, хүсэлт ирж байгаа. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан. Үүнийг дурдаж баталгаажуулан Ажлын хэсэг байгуулах нь нь зүйтэй. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг учраас Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байна гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд говийн бүс нутгаар 30 хэмийг давж хална DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад говийн бүс нутгаар 30 градусыг давж хална.

2022 оны зургаадугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Дарьгангийн тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

2022 оны зургаадугаар сарын 15-наас зургаадугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан товлогдлоо DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх, Хөдөлмөрийн үндэсний намын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хална.

2022 оны 06 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг энэ сарын 27 хүртэл хойшлууллаа DNN.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлосон байсан. Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-т зайлшгүй шаардлагаар сонсголын товыг хойшлуулж болно хэмээн заасныг үндэслэн сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагт зохион байгуулахаар хойшлуулж байгааг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Турк-Монголын бизнес форум-2022” боллоо DNN.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбоо, Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Турк-Монголын бизнес форум”-ыг БНТУ-ын Истанбул хотноо зохион байгууллаа.

Форумд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд сайд Г.Мөнхбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, биржүүдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Чэнгиз Гунаи, Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Эрсин Каска, С.Болдхэт, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Монгол Улсаас барилга, уул уурхай, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч 15 компанийн 30 гаруй төлөөлөгч, БНТУ-аас мөн салбаруудын компанийн 40 гаруй төлөөлөгч оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-ын зүгээс цаашид Монгол-Туркийн худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, Туркийн Танхим, Биржүүдийн Холбоо болон БНТУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тулгамдаж буй тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлээд хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, форумын үр дүнг сайжруулах зорилгоор цаашид хамтарсан форумыг жил бүр уламжлал болгон, хоёр улсад ээлжлэн тогтмол зохион байгуулах саналыг гаргалаа.

Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбох, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, бизнес эрхлэгчдэд шинэ боломж бий болгох зорилгоор зохион байгуулсан “Турк-Монголын бизнес форум”-ын үеэр Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, бизнесийн орчин, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах боломж, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаа зэрэг мэдээллийг танилцуулав. Форумын дараа хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох В2В арга хэмжээг мөн зохион байгуулж, бизнесийн шинэ хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон юм.

2021 оны байдлаар Монгол Улсаас БНТУ руу самар, ямаа, ишигний боловсруулсан арьс буюу шевро, нефтийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэрэг 2.8 сая ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүн гаргасан нь манай улсын нийт экспортын 0.04 хувийг эзэлж байгаа бол БНТУ-аас 71.2 сая ам.долларын өртөг бүхий барилгын материал, эрүүл мэнд, гоо сайхан, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тавилга, хувцас хэрэглэлийг импортолсон нь манай улсын нийт импортын 1.04 хувийг эзэлж байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд БНТУ-аас Монгол Улсад мянга гаруй жуулчин, Монгол Улсаас БНТУ-д 10 гаруй мянган жуулчин аялж байжээ гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 150 сая литр ус хэрэглэж байна DNN.mn

Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан нь ус болж байдаг учраас ундны цэвэр ус эрүүл, аюулгүй байх нь нэн чухал.

Улаанбаатар хотын иргэд гадаргын бус, гүний цэвэр ус хэрэглэдэг. Хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор суурьшлын бүс хүрээгээ тэлж, барилга байгууламжууд шил даран шинээр баригдаж байна. Үүнийг даган хэрэглээний болон хэрэглэсэн усны менежмент ч мөн шинэчлэгдэн сайжирч байгаа. Гэсэн хэдий ч нөгөө талдаа зохисгүй хэрэглээ, бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр усны бохирдол бий болж, цаашдаа усны хомсдол үүсэх эрсдэл гарч буй юм. Учир нь Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 140-160 мянган метр куб буюу 150 сая литр ус хэрэглэж байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ГҮНИЙ ЦЭВЭР УСАА ХАМГААЛАХ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ШИЙДЭХ ГАРЦ БОЛ УЛААНБААТАР ХОТЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ЯВДАЛ

Усны тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга усны нөөц болон усны зохистой хэрэглээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасан байдаг. Уг ажлыг цогцоор нь хийж, хэрэгжүүлэхийн тулд Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ болон холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх талаар нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа вэ?

-Дэлхий дахины хөгжлийн явцад улс орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны цэвэр усны хэрэглээ юм. Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээ бол зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал мөн. 2018 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёрдугаар эх үүсвэрийг Сонгинохайрхан дүүргийн бэлд байгуулах тохиролцоо хийсэн. Энэ ажил 2020 оноос хэрэгжиж эхлэн өдгөө бүтээн байгуулалт нь ид өрнөж байна. Ундны усны хоёр эх үүсвэртэй болсноор хотын иргэд 60 жил ундны цэвэр усанд санаа зовохгүй амьдрах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа бид ундны цэвэр усаа маш ариг гамтай хэрэглэх шаардлагатай байна. Иймд нийслэлийн зүгээс саарал усыг зөв хэрэглээг хэвшүүлэх, саарал ус боловсруулах технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Хотод шинээр барьж буй орон сууцны шугам хоолойн стандарт гэж байдаг уу?

-Байгаа боловч шинэчлэх ёстой. Улаанбаатар хотод 2500 орчим стандарт мөрдөгдөж байгаа ч 40-50 хувь нь шаардлага хангахгүй, шинэчлэх хэмжээнд очсон. Тиймээс бид шинэчлэлийн хүрээнд барилга байгууламж, иргэдийн амьдрах орчинтой холбоотой 97 стандартыг боловсруулж, эхнээс нь баталж байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахын тулд нэг төвт хотоос олон төвт хот болох бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үүнтэй уялдан хөрсний бохирдлын асуудал мөн урган гарч ирнэ. Иймд гүний цэвэр усаа хамгаалахын тулд хөрсний бохирдлыг бас авч үзэх хэрэгтэй. Хөрсний бохирдлыг нэг мөсөн шийдэх гарц бол Улаанбаатар хотыг дахин төлөвлөх явдал. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж чадсанаар инженерийн хуучирсан шугам сүлжээ, байгууламжийг дунд болон урт хугацаандаа шинэчилж чадна.

1965-1990 онд хот төлөвлөлт зөв явж байсан ч 1990 онд нийгэмд өөрчлөлт гарсан үеэс алдагдсан. Иймд Улаанбаатар хотыг дахин төлөвлөх шаардлагатай. Дахин төлөвлөхдөө баруун тал руугаа төлөвлөх нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор тусдаа Ажлын хэсэг гарч, Японы зөвлөх инженерүүд, Сингапурын “Си пи жи” корпорацтай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд дараагийн 30 жилд хот ямар байх талаар төлөвлөгөө боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар оруулахаар зорьж байна хэмээсэн юм.

Ц.ТӨРХҮҮ: УЛААНБААТАР ХОТЫН УНДНЫ УС ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙН ШААРДЛАГЫГ БҮРЭН ХАНГАЖ БАЙГАА

Нийслэлчүүдийн хувьд нийт 10 эх үүсвэрээс ундны усаа авдаг. Тэрхүү эх үүсвэрүүдээс авсан усыг эрүүл, аюулгүйгээр иргэдэд хүргэх ажлыг Ус сувгийн удирдах газар /УСУГ/ ОНӨААТҮГ хийж гүйцэтгэдэг. Өдгөө 63 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллага нь цэвэр усны 586 км, бохир усны 295.5 км шугам сүлжээг хариуцаж буй. Мөн энэхүү байгууллагын 1823 ажилтан 24 цагийн турш хотын хүн амыг стандартад нийцсэн ундны усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү ийн ярилаа.

-Гэр хороололд нэг хүний усны хэрэглээ хоногт 8-15 литр байхад, байшин хороололд 160-200 литр байдаг. Ийм том ялгаа гарч байгаа учраас иргэд усаа хэмнэх хэрэгтэй. Усаа хэмнээд, зөв зохистой ашиглаж сурвал цаашдаа ч тэр хандлагаараа амьдрах болов уу гэж бодож байна. Иймд манай байгууллагын зүгээс өсвөр насныханд энэ сэдвийг сайтар сурталчилж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтран сургалтын хөтөлбөрт нь оруулан ажиллаж байгаа.

-Усны менежмент шинэчлэгдэн сайжирч байгаа хэдий ч шинээр барьсан орон сууцуудын хэрэглээний ус зэвтэй гарч байна гэсэн гомдол гарч буйн шалтгаан нь юу вэ?

-УСУГ нь Улаанбаатар хотын ундны усыг газрын гүнээс авахаас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ус дулаан дамжуулах төв хүртэл дамжуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ хоорондох бүх үйл явцад ундны усыг лабораторийн бүрэн шинжилгээнд хамруулдаг. Хоногт нийт 300 гаруй цэгээс 1000 орчим дээж авч шинжлэхэд бидний дамжуулж буй ус ундны усны стандартыг хангаж байна гэсэн үр дүн гарч байгаа. Мөн манай байгууллагаас даралттай ус дамжуулдаг учраас зэвтэй ус хүргэх боломжгүй. Тэгэхээр шинэ орон сууцууд шаардлага хангасан шугам сүлжээ ашиглаж байгаа эсэх асуудал яригдах юм хэмээлээ.

Ус бидний амьдралын чухал нэгэн эд эс боловч өдгөө хүн төрөлхтөн энэхүү амин чухал зүйлээ хайрлаж, гамнаж чадахгүй байгааг илтгэх дараах судалгааг хүргэе.

  • Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус ордог.
  • Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус хэрэглэдэг.
  • Нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 9997 буюу 10 мянган литр шахам ус шаардагддаг.
  • Стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус ордог.
  • Таван минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсаж байдаг.
  • Дэлхийн бүх усыг дөрвөн литрийн саванд багтаавал ундны ус ердөө нэг цайны халбага хэмжээтэй.