Манай сонины тоймч Ц.Баасансүрэн Канадын Торонто хотоос мэдээлж байна
Торонто хотноо болж буй дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган PDAC-аас хийсэн сурвалжилгыг нь хүргэе.
Буудалласан газраасаа хурдны замаар сүнгэнүүлсээр Торонтогийн төвд байрлах Toronto Metro Convention center-ийн гадаа ирэхэд үүднээсээ л хөл ихтэй угтав. Тод өнгийн даавуун дээр уул уурхайг эсэргүүцсэн агуулгатай үг бичсэн хүмүүс шилэн хаалганых нь наана дуу шуугиантай зогсоцгоох нь содон. Чуулганд оролцогчид тэдэнтэй зөрөхдөө дуу шуугүй, гайхаж сонжсон харц ч үгүй хуралдаа яаран орцгоох нь бас л сонирхолтой санагдав. Жагсагчдыг хар хувцастай, каск өмссөн цагдаа нар чимээгүй ажиглан зогсоцгооно. “Уул уурхайг эсэргүүцэгчид PDAC-ийн нээлтийн өдөр жагсацгааж эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. Тэр уламжлалаараа ирцгээсэн хэрэг” гэж “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” буюу “ТНЗ” ТББ-ийн ТУЗ-ийн дарга О.Батболд сонирхуулав. Дашрамд онцлоход “ТНЗ”-гийнхэн уул уурхай, эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийг мэргэшүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд Канадад авчраад байгаа юм. “Иргэдийнхээ үзлээ илэрхийлэх эрхэд халдахгүй хүлээн зөвшөөрөх нь, жагсаж тэмцэх иргэд нь соёлтойгоор үгээ хүргэж чаддаг байх нь жинхэнэ ардчилсан орны л өнгө юм даа” гэсэншүү бодолтойгоор Toronto metro convention-ий үүдийг татлаа. Канадад маск зүүх хоригийг саяхан цуцалсан учраас маскгүй хүмүүс олон харагдана.
Чуулганы нээлт болж буй танхим аль хэдийнэ дүүрчихэж. Танхимаас хүн гарвал үүдэнд хүлээгсдийг ээлж дараагаар нь зөрж оруулах зохион байгуулагчдын дэргэд хэсэг зогссоны эцэст сая нэг нээлт сонирхох эрхтэй болов. Ковидоос болж хоёр жил нүүр тулж уулзаагүй дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчид Торонтог яаран зорьж ирснийг энэ мэт хөл хөс, чуулганы хөтөлбөрт туссан илтгэлүүдийн сэдвээс анзаарчихаж болно. “PDAC-2022”-ын хөтөлбөрийг сонирхсон хэн ч ковидын дараа илүү тод, чанга сонсогдох болсон ногоон хөгжил, критикал минерал, цэвэр эрчим хүч, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй гэх мэт “моод”-ны үгс геологи, уул уурхайн хөрөнгө оруулагчдын онцгой анхааралд орсныг анзаарчихаар юм билээ. Цахилгаан машин бүтээхэд ордог лити, кобальт, зэс гэх мэт критикал минерал буюу чухал металлын төслүүд хөрөнгө оруулагчдын хорхойг асаасаар байгааг PDAC-ийн хөтөлбөрөөс илүү тод мэдрэв. Манайхан ч хөрөнгө оруулагчдын хорхойг асаасан төслүүдийг “халааслаад” иржээ, Торонтод. Энэ тухай хойно дэлгэрэнгүй өгүүлэх учраас түр алгасъя.
Ер дэх жилдээ болж буй PDAC буюу Олон улсын хайгуул олборлолтын чуулга уулзалтын зохион байгуулагч Канадын хайгуулч олборлогчдын холбооныхон өнөө жилийнхээ чуулганыг зургадугаар сарын 13-15-нд танхимаар, 28-29-нд цахимаар явуулахаар шийджээ. PDAC-ийн нээлтэд оролцсон Канадын Баялгийн нөөцийн сайдын үгнээс “Хөрөнгө оруулагчид байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавиад эхэлчихсэн. Батерей үйлдвэрлэхэд ордог лити, кобальт дээр онцгой анхаарч байна. Хятадад гэхэд л критикал минерал олборлолт огцом өссөн. Байгаль орчны асуудал хурцаар тавигдсан энэ цагт критикал минерал сонирхол татсан сэдэв байхаас аргагүй. Онцлохоос аргагүй бас нэг асуудал бий. Тэр нь орон нутгийн иргэдтэй ойлголцох, тэдэнд уул уурхайн өгөөжийг хүртээх, тэгэхдээ бүр бүс нутагт нь тохирсон онцлогтойгоор харилцаж хамтрах нь чухал болчихлоо” гэсэн хэсэг нь анхаарал татав. Уул уурхай чигийн төрийн албаныхнаас бүрдсэн арав хол давсан хүнтэй баг ахалж очсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ч PDAC-ийн үеэр “орон нутгийн иргэдтэй ойлголцох” гэсэн сэдвээр байр сууриа идэвхтэй илэрхийлж байсан юм. Уул уурхай хөгжүүлсэн хоёр зуу гаруй жилийн түүхтэй Канад улс 31 төрлийн эрдэс минералийг олборлохоос боловсруулах, дахин боловсруулах хүртэл хөгжүүлжээ.
Чуулганы спонсороор Teck, Rio tinto, BHP, Vale, AngloAmerikan гэх мэт уул уурхайн том компаниуд ажиллаж байгаа бол Канад, Бразил, Перу гурав чуулганы бүтэн хөтөлбөрийг улсаараа ивээн тэтгэжээ. Улсаараа ингэж ивээн тэтгэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг гойд татдаг нь харваас илт. Чуулганы эхний өдрийн өнгөөс анзаарахад улсаараа ивээн тэтгэсэн орнууд “моод”-ны сэдэв болно лээ. Улс орнууд чуулганы хөтөлбөрийг улсаараа спонсорлох гэж өрсөлддөгийн том шалтгаан нь энэ аж.
Монголын коксжих нүүрс “моод”-ноос гарахгүй
PDAC-ийн эхний өдрийн онцлох салбар хурлын нэг нь PDAC Mongolia байв. Үдээс хойшжин өрнөсөн хурлын модератороор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва ажиллав. Тэрээр “Оюу толгойн гүний уурхай ажиллаж эхэлбэл экспорт мэдрэгдэхүйц өснө. Монголчуудын хувьд анхаарах том асуудал бол дараагийн Оюу толгойг олох. Ийм боломж байгаа. Харин тэр хөрөнгө оруулагч нь хэн байх бол гэсэн асуулт л бий. Монголын уул уурхайн салбарыг галзуу хулгана дээр явж байгаа мэт гэж зүйрлэмээр санагддаг. Уул уурхайгаараа хөгжсөн улсуудад уул уурхай эхэлснээс хойш жар, далан жил болж байж байгаль орчны тэмцэгчид гарч ирдэг бол Монголд арваадхан жилийн дараа гэхэд л байгаль орчны тэмцэл бүх шатандаа өрнөчихсөн байх жишээний. Манай улсын Засгийн газар маш том амбицтай алсын хараа дэвшүүлчихсэн яваа. ДНБ-ээ төлөвлөснөөрөө өсгөнө гэвэл уул уурхайгаа 15-20 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай. Одоогоор зургаан тэрбум доллар болчихсон. Энэ хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд оролцогч бүх талын эрх ашгийг хангах хэрэгтэй” гэсэн бол “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Дэлхий дахин ногоон эрчим хүчийг сонгож байгаа ч коксжих нүүрсний хувьд Монголд давуу тал олон бий. Хэрэглэгчтэйгээ хил залгаж оршдог нь бидний маш том давуу тал. Бидний хувьд нүүрсний зах зээлд Австралитай өрсөлдөгч гэж шууд хэлэхэд хэцүү. Зах зээлээ хуваадаг гэвэл илүү оносон тайлбар болно” хэмээн онцолж байв. Лиценз олгох процесс өмнө нь 42-45 хоног байсан бол одоо 4-10 хоног болж цөөрсөн гэх мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдад өглөө. Г.Ёндон сайд “Манай яам Үндсэн хуулийн өөрчлөлтийн 6.2-той уялдуулж хэд хэдэн хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Уул уурхайгаас их мөнгө олж байгаа ч орон нутгийн иргэдэд өгөөж нь яагаад ирэхгүй байна вэ гэдэг бол маш том асуулт. Энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. Уул уурхайн өгөөжийг иргэдэд хүргэх талд онцгой анхаарна. Өөрчлөлт оруулах хуулиуд дээр онцгойлж тусгаж өгөх асуудал бол ерөөсөө л энэ. Уул уурхайн өгөөжийг орон нутаг, жирийн иргэд хүртээд эхэлбэл уул уурхай дагасан шантаажны царцааны нүүдэл арилна” хэмээн онцолсон юм.
“Хармагтай”-д Хятадын топ компани хөрөнгө оруулжээ
Хуралдааны үеэр зэс алтны “Хармагтай”, алтны “Баянхөндий”, литийн “Баавгай уул” төслүүдийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид нь хийсэн юм. “Хармагтай” төсөлд Хятадын Zijin компани хөрөнгө оруулжээ. Хөрөнгө оруулалт нь гурван шаттай аж. Zijin компанийн хувьд “Айвенхоу майнз”-ийн Конгод хэрэгжүүлж байгаа долоон уурхайтай зэсийн цогцолбор төслийн хамтран хэрэгжүүлэгч юм байна. Ингээд ч зогсохгүй, дэлхийн олон улсад уул уурхайн том төслүүд хэрэгжүүлдэг компани аж. “Хармагтай”-д хийх хөрөнгө оруулалт нь гурван үе шаттай явагдах нь. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду майнз”-ийн эзэмшдэг “Хармагтай”-н хувьд өндөр нөөц бүхий орд гэсэн хүлээлт, таамаг хэдэн жилийн өмнө тодорхой байсан юм. Учир нь уг орд Оюу толгой, Цагаан суварга гэх мэт том ордууд багтдаг алт, зэсийн бүсэд оршдог. Хармагтайн орд Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг, Оюу толгойгоос 120 км, Цагаан суваргаас 170 км-ийн зайтай. Сонирхуулж хэлэхэд, 2015 онд Хонконгт болсон “Mines and Money” уул уурхайн чуулга уулзалтын үеэр “Занаду майнз”-ийн “Хармагтай” төсөл хайгуулын шилдэг ололт номинацид нэр дэвшиж байж.
Литийн хайгуулын эхний үр дүн сайн гарчээ
Төслүүдийн танилцуулгаас литийн төслийн хайгуулын үр дүн олны анхаарлыг татаж байв. “ION energy” компанийнхан Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгуудад литийн хайгуул хийж эхэлснээ дуулгаж, эхний үр дүн нь сайн гарсан гэх эерэг мэдээг хөрөнгө оруулагчдад хүргэв. Сүхбаатар аймагт хэрэгжиж буй нь “Баавгай уул”, Дорноговьд хэрэгжиж буй төслийн нэр нь “Ургах наран” гэнэ. Компани анх 2017 онд дөрвүүлээ нээж байсан бол сүүлд “Spirit Banner”, “ION energy” компаниуд нэгджээ. Цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр эрэлт нь нэмэгдэж байгаа литигийн тухайд зай хураагуурын орлуулшгүй түүхий эд болдог юм.
PDAC-т оролцогчид юу хэлэв?
Хуралд оролцогчдын илэрхийлсэн онцлох байр сууриудыг хүргэе.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: -Сүүлийн үед өрнөж буй дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс улбаатай ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилт дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод эхэлчихлээ. Дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг харж тодорхойлох гэсэн хүмүүс PDAC-т цуглаад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн бүх улс маш их хүндрэлтэй тулгарчээ. Улс бүр хүндрэл бэрхшээлийг хэрхэн яаж давж туулснаа хуваалцаж байна. Манай улсын хувьд экспортын гацаа, хангамжийн тасалдал, логистик, уул уурхайн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хоцрогдол асуудал болж яваа. Иймэрхүү бэрхшээлийг улс орон бүр ярьж байна л даа. Хоёрдугаарт, улс орнууд технологийн дэвшлийг хийж эхэллээ. Уул уурхай цаашдаа хөгжихөд шаардлагатай ногоон хөгжил, шинэ ашигт малтмал, нүүрс хүчлийн хийг багасгах гэх мэт асуудлууд технологийн дэвшлүүдтэй салшгүй холбоотой. Уул уурхайн салбар технологийн маш том өндөр багтаамжтай салбар. Гурав дахь асуудал гэвэл уул уурхайн салбараа солонгоруулна гэж их ярьдаг боллоо. Уул уурхайн олборлох бүтээгдэхүүн нэг бүтээгдэхүүнээс хамааралтай биш байхаас гадна үйл ажиллагааны чиглэл, компаниудын хувь эзэмшлийг солонгоруулах гэх мэт асуудлууд бий. Уул уурхайн салбар ковидын дараа энэ мэт маш олон асуудлыг тогтож ярих шаардлагатай нүүр тулж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -Монголчууд бизнест бэлэн байна гэсэн мессэж өгөх гэж ирсэн. Мэдээж хөгжиж байгаа орны хувьд манай улс олон алдаа гаргасан. Олон ч сорилттой нүүр тулсан.Уул уурхай бол зөвхөн хөрөнгө оруулагчдын асуудал биш. Оролцогч бүх талын асуудал. Хөрөнгө оруулагчдад ч, оролцогч бусад талд ч ашиг өгөөжтэй байх учиртай. УИХ хөрөнгө оруулагчдын бизнесийн орчныг аюулгүй, тогтвортой байлгахын төлөө явна. Бид Үндсэн хуульд Засгийн газрыг тогтвортой байлгах чиглэлийн өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Засгийн газар тогтвортой байх нь хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх нэг том шалтгаан болно. Мөн Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Шинэ парламентад дунджаар 45 настай, хэлтэй, боловсролтой, бизнес олон улсад яаж явагддагийг олоод харчихсан хүмүүс ажиллаж яваа гэдэг утгаараа хөрөнгө оруулагчдад ээлтэй шийдвэрүүд гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан: -Манайх 260 гишүүн байгууллагатай. Бизнесийн зөвлөлийн ТУЗ-д Оюу толгой, Рио Тинто, Эрдэнэ ресурс гэх мэт компаниудын төлөөлөл бий. Бид гишүүдийнхээ хамт олон улсад өрсөлдөхүйц бизнесийн орчныг бий болгохын төлөө ажиллаж байгаа. Засгийн газартай энэ чиглэлээр хамтарч ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Хууль зүйн сайдтай уулзалт хийсэн. Цаашид ч бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр үр дүнтэй, бодит шийдэлтэй олон ажлуудыг санаачлан хийх болно гэдгээ хөрөнгө оруулагчдад онцгойлон хэлье. Монгол Улсын тухайд уул уурхайгаараа том тоглогч байх бүрэн боломжтой.
Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кэтрин Ивкоф: “Канад улс Монголтой уул уурхайн салбарын тэргүүлэх түнш байгаадаа баярладаг. Оюу толгой төслийн түүх гээд ярихад л анхнаас нь оролцоотой явсан. “Эрдэнэ ресурс девелопмент” гэхэд л хоёр улсын харилцааны сайн жишээ. Маш амжилттай яваа төсөл. Манай хоёр улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлд хамтран ажиллаад эхэлчихсэн. Ийм санал шийдлийг бид найрсаг хүлээж авч байгаа. Цаашид өөр олон компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна уу гэдэг дээр нэг зүйл хэлмээр санагдлаа. Хөрөнгө оруулагчдын хүсэлтийг харахад цөөнгүй хүн Торонтогийн биржид бүртгүүлэх санал хүсэлт ирүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид аль хэдийнэ Монголыг сонирхоод эхэлчихсэн гэсэн үг.
М.Дагва: Монголчууд ногоон шилжилтэд өндөр амбицтай орж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагваас PDAC Mongolia-гийн талаар тодрууллаа.
-PDAC Mongolia-гийн онцлогийг сонирхуулаач. Хурлыг сонирхож байхад хөрөнгө оруулагчдын дунд трэнд болоод байгаа сэдвүүдийг барьж авсан анзаарагдлаа…?
-Маш олон улс PDAC-т арга хэмжээгээ зохион байгуулдаг л даа. Улс бүр өөрсдийнхөө ялгарах зүйл, хөрөнгө оруулалт татах онцлогоо хэлэхийг хүсдэг. Манай улс өмнөх чуулгануудад тухайн жилийнхээ асуудлыг л тодруулж ярьж өрсөлддөг байсан бол энэ жил Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, засгаа тогтвортой болгохоор ажиллаж байна, уул уурхайд том өөрчлөлт хийгдэх нь тодорхой болсон гэсэн дохиог өгөхийг зорилоо. Ногоон эдийн засаг руу хийх шилжилтээс үүдэж дэлхий даяараа уул уурхайг шинэ нүдээр харж байна. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд бид алдаа, оноотой аж төрсөн. Хүсээгүй үр дагавар ч гарсан. Гэхдээ нээлттэй зах зээлтэй улс болоод гучхан жил болсон гэхэд нэлээд олон өнгийн төрхийг харуулсан уул уурхайн салбартай болчихож.Тэрийгээ харуулахын тулд өнгөрсөн гучин жилийн түүхэнд оролцсон гол компаниудаар илтгэл тавиуллаа. Зэсийн салбар гэхэд л эдийн засагт онцгой нөлөөтэй. Үүний орой дээрх титэмд байдаг алмаазан шигтгээ шиг төсөл нь Оюу толгой. Оюу толгой төслийн талаар илтгэл тавиулсан нь учиртай. Дэлхийн хэмжээний топ компани Монголд ороод ирчихсэн, олон улсын хэмжээний том төсөл дээр бүх мэдлэг, технологи, бүгдийг шингээгээд ажиллаж яваа гэдэг бол маш том эерэг мессэж. Алтны салбар гэхэд л хөгжиж өөрчлөгдсөн. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд шороон орд ухдаг алтны салбарт эрс ахиц гарсан. Үндсэн орд ухдаг, илүү дэвшилттэй технологитой, олон улсын биржээс мөнгө босгож Монголд ажилладаг компанитай болжээ гэдгийг “Степголд” гэдэг компаниараа дамжуулж харууллаа. Бас нэг санаа хэлсэн. “Бид зуун хувь Степголд шиг ажилладаг компаниудтай болж чадаагүй яваа. Магадгүй хэдэн жилийн дараа хорь, гуч, дөчин тонн алт олборлолоо гэж харахад далан хувь нь үндсэн ордынх болох байх. Гэхдээ өнөөдөр бол шилжилтийн үедээ явж байна. Ийм үед гэхэд л өдий дайны том компани ажиллаж байна” гэсэн мессэж өгөхийг хүссэн.
-Ногоон шилжилт, чухал металлийн хажуугаар нүүрсээ ч онцолчихлоо…?
-Металлургийн нүүрсний салбараа онцолсон. Металлургийн нүүрсний салбарын хувьд хувийн хэвшлийг төлөөлж “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл илтгэл тавилаа. Төрийг төлөөлсөн илтгэл ч тавигдсан.
-Хөрөнгө оруулагчдад өгсөн хамгийн гол мессэж гэвэл та юуг нь онцлох вэ?
-Хөрөнгө оруулагчид өмнө нь Монгол гэхээр эзгүй хээр очно гэж боддог байсан бол одоо төмөр зам, үүрэн холбоотой, хүмүүс нь PDAC-т ирээд англиар яриад хурал хийчихдэг хэмжээнд хүрчээ гэж хараасай гэж хүссэн. Энэ бол эхний том мессэж. Монгол алтны маш орд олдох өндөр потенциалтай. Ийм боломжтой гэдгийг яамны илтгэлээр харууллаа. Алтны үнэ өсөхөд л тэрбум доллар хүрдэг салбарыг хоёр тэрбум долларын салбар болгох боломжтой гэдгийг харуулахыг зорьсон. “Эрдэнэс ресурс” компаниар дамжуулж энэ мессэжийг хүргэлээ. Зэсийн хувьд хамгийн том боломж бий. Ирээдүй нь гэрэлтэй металл. Монголчууд том тоглогч болоод ороод ирчихсэн. Оюу толгойн далд уурхай ашиглалтад ороод эхэлчихэд л баяжмалынх нь хэмжээ гурав дахин өснө. Ахиад жаахан дэмжиж, бэлэн болсон төслүүдээ хөдөлгөж, хайгуулаа эрчимжүүлбэл дараагийн Оюу толгой илрэх боломжтой.”Занаду майнз” компанийг ийм зорилгоор танилцууллаа. Эцэст нь онцлоход, уул уурхайн салбарт реформ хийх ёстой гэдэгтэй монголчууд санал нэг байгаа. Монголчууд ногоон шилжилтэд өндөр амбицтай орж байна. 10 тэрбум ам.долларын зах зээлийг бий болгоход ч асуудал байхгүй.