Categories
мэдээ нийгэм

Улиастай-Алтай чиглэлийн 198 километр авто замын төслийн ажил эхэлжээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зургадугаар сарын 13-16-ны өдөр Завхан, Говь-Алтай аймагт ажиллав.

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК холбогдох мэргэжилтнүүд, нутгийн захиргааны удирдлагууд авто замын одоогийн нөхцөл байдалтай танилцаж, замын трассын дагуу байгаль орчин, нийгмийн хамгааллын нөлөөллийг тогтоох, холбогдох судалгаа хийх, зураг төсөлд өгөгдсөн трассыг баталгаажуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт боловсруулахаар санал солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд замын трасст хамаарах цэгүүд, тээвэрлэлт хийх зай хамгийн богино учир барилгын ажлын өртөг хямд, автомашины хөдөлгөөнд саадгүй, аюулгүй нэвтрүүлэн өнгөрүүлэх боломжтой, тээвэр ашиглалтын зардал бага, зорчих хугацаа хэмнэлттэй, хөдөлгөөний аюулгүй нөхцөл байдлыг хангасан, орон нутгийн тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрс багасгах боломжтой зэрэг олон давуу талтайг холбогдох албаныханд тайлбарлав. Түүнчлэн сонгоод буй трассын гуравдугаар хувилбар нь орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд үндэслэн дэмжлэг авчээ.

Тус замын барилгын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулснаар Монгол Улсын авто замын ирээдүйн сүлжээ болох Арц суурь, Бургастайн хилийн боомт гэсэн босоо тэнхлэгийн авто зам, түүгээр өнгөрөх олон улсын транзит тээвэр өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 13 дугаар тогтоолоор Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох болон зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарыг оролцуулан байгуулсныг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаар, мөн ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтад тусгасан байна. Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээг хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосныг онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Ц.Туваан, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийгбатлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжлээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Магалжав: Хэдхэн бөхөд цол олгоход улс, нийгмээрээ хохироод байх зүйлгүй шүү дээ DNN.mn

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй батална. Энэ үеэр өнгөрсөн оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох асуудал яригдаж байгаа юм. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан юм. Тус барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэх талаар МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулга авлаа.


-МХЗ-ын холбооны 100 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгох асуудал яригдаж байна. МҮБХ энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Наадам болоогүй жил наадамтай дүйцэхүйц барилдаан болсон. Барилдах боломжтой ид байгаа бөхчүүд бүгд барилдсан.

Харин Хүй долоон худгийн наадмын гэж болох барилдаанд 680 улс, аймгийн цолтой бөхчүүд бүртгүүлж, 168 аймгийн начин цолтой бөхийг хасч 512 бөх барилдсан. Үүнийг дэмжихээс өөр аргагүй.

-Зарим бөхчүүдийн зүгээс байгууллагын ойд зориулсан бөхийн барилдаанд цол олголоо. Бөхийн цол чимэг үнэгүйдэх нь гэх асуудлыг ярьж байна л даа.

-Ганц нэг хувийн ядмаг бодолтой бөхчүүд эсэргүүцэж болно. Тэр байдаг л үзэгдэл. Дээр нь нэмж хэлэхэд, хэдэн залуус бөхийн цол чимэг авахад улс нийгмээрээ, бас бөхчүүд хохироод байх зүйл юу ч байхгүй.

-Ардын хувьсгалын тэгш ойгоор бөхчүүдэд цол чимэг нөхөж олгох асуудал яригдаж байна лээ.

-Ардын хувьсгалын 100 жилийн ой болно гээд олон бөхийн цолны асуудал яригдахаар байгаа.

Бидний зүгээс бөхчүүдийн цол чимэгний асуудлыг түүхт их ойн өмнө дэмжээд өгөөч гэж зохих түвшинд ярьж байгаа. Дэмжих ч байх. Төр асуудлаа томоор харах нь дамжиггүй. Үе, үеийн төрийн тэргүүнүүд их ойнууддаа онцгой анхаардаг. 100 жил бол 50, 90 жилээс ч утга агуулгын хувьд онцгой. Төр засаг маань ч үүнд анхаарч 1951 он буюу энх цагийн эхлэлд бүх бөхчүүдээ урьж (үүнд хилс хэргээр хэлмэгдэж хоригдсон М.Лхагва арслан гэх мэт бөхчүүдээ суллаж) мөн 50-иас дээш настай бөхчүүдээ барилдуулсан байдаг. Төр өв соёлдоо өгөөмөр байх ёстой.

Бөхийн холбоо ч үүнийг дэмжиж хүндэтгэн бүх шийдвэрийг дагана. Бид ч бас зарим зүйлийг уучилж чадна. Тиймдээ ч бид энэ 100 жилийн ойгоор наадмын бөхөө сайхан зохион байгуулъя. 1024 бөхөөс гадна ахмад бөхчүүдээ мөн тэднийхээ дэмжигчдийг баярлуулж 50, 60-аас дээш насны бөхчүүдээ барилдуулъя гэж Ерөнхийлөгчдөө санал хүргүүлсэн. Түүхт ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх байх аа бид.

Categories
мэдээ нийгэм

​Х.Эрхэс хүүгийн эмчилгээний зардал болох 450 сая төгрөг бүрдээгүй байна DNN.mn

Х.Эрхэс хүүгийн аав “Миний хүү Х.Эрхэс нь 11 настай 2022 оны гуравдугаар сарын 2-нд ЭХЭХМҮТ-ийн /ЦЭХСТ/-д ”АПЛАСТИК ӨОУА-D61.9” буюу архаг цус багадалттай гэсэн оноштойгоор Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тул Турк улсын ”MEDIKALPARK GOZTEPE” клиникт ”Чөмөг шилжүүлэн суулгах” хагалгаанд яаралтай орох шаардлагатай болж Турк улсыг зорин ирж анхан шатны эмчилгээндээ орсон хэдий ч дараагийн үеийн эмчилгээний зардал болох 450,000,000 төгрөг бүрдээгүй тул эмнэлгээс гаргасан байгаа.

Уг хагалгаанд Х.Эрхэс хүүгийн минь төрсөн дүү Х.Маргад хүү минь ахынхаа амь насыг аврах гэж өөрт хүндэдсэн амьдралд хөл тавихаар зориг шулуудан бэлдээд байна. Иймд ЭЛЭГ НЭГТ МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ хүүд минь амьдрал бэлэглэж ахыгаа аврах гэсэн дүүгийн чин хүслийг биелүүлж тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Одоогийн байдлаар монголчуудынхаа сайхан сэтгэлээр 40 орчим сая төгрөг цуглаж, бидэнд 80 сая төгрөгтэй болсон байна. Урьдчилгаа хийж, хагалгаанд орохын тулд 150 сая төгрөг шаардлагатай гэсэн үг.

Хандивт нэгдэж, хүүд маань тусалж байгаа монголчууддаа маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа.

Данс: Х.Эрхэсийн ээж У.Солонго /5376143218/

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”,“Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгохавлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял хариуцлагыг чангатгах зорилт, арга хэмжээг тусгасныг дурдав.

Мөн тэрбээр хуулийн төсөлд тусгасан зохицуулалтыг танилцууллаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэлэн тогтоож, өршөөл үзүүлэхгүй байх, бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгалаа. Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав. Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоорхуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өмчлөгч эсэхээс үл хамааранхүрээлэн байгаа орчны эсрэг ашигласан тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа, эд зүйлийг хураан авч улсын орлого болгохтой холбоотой өөрчлөлтийг хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан томоохон өөрчлөлтийн нэг нь Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдууланавлигын зарим гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч буй үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр нь зөрчил, гэмт хэрэгт тооцож ирсэн буруу жишгийг өөрчилж, хулгайлах үйлдлийг хохирлын хэмжээ харгалзахгүйгээр гэмт хэрэгт тооцох, ингэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан хулгайлах гэмт хэргийг ялган хуульчилж, ийнхүү хуульчилснаар мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг ялгамжтай тодорхойлох, Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн болно. Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэргийн гаралт, учруулсан хохирол, хор уршиг жил дараалан байнга өсөж, үйлдлийн арга нь улам нарийсч, зохион байгуулалттайгаар, цахим хэлбэрээр, олон улсын шинжтэй, улс орон дамнан үйлдэгдэх хандлагатай болж байна. Олон улсын шудрага өрсөлдөөний зарчим нь зах зээлийг хууран мэхлэх, олон нийтийг төөрөгдүүлэх, зориуд зохиомол байдал бий болгох, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид хууль бусаар нөлөөлөхийг хориглох замаар зах зээлийн тэнцвэрт байдлыг хангадаг.Иймд хуулийн төсөлд өмчлөх эрхийн эсрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг хамгаалах зохицуулалтыг хуульчлах, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг төсөлд тусгасан гэв.


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.

Хууль санаачлагч гэмт хэргийн хохирлын хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоох, хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох, бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тоног төхөөрөмжийг хураан авч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх болон тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нэмж, ногдсон татвар, хүү, алдангийг сайн дураар төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахаар уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үйлдлийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцох, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулдаг байх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах зэрэг зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг Ц.Сэргэлэн гишүүн танилцуулгадаа онцлохын зэрэгцээ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн,О.Цогтгэрэл,Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нарын зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч төслийн 20.18 дугаар зүйлийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гишүүдийн зүгээс малчид газар нутгаа хамгаалж, тэмцэж байгаа цаад шалтгааныг сайн тунгаах шаардлагатай. Уул уурхайн хайгуулын лиценз, тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон байвал яах вэ, тэр газар нутаг нь монголчуудын соёлын үнэт өвийг хадгалсан эсвэл шүтэж тахиж ирсэн уул ус цаашлаад тухайн малчдын хэдэн үеэрээ нутаглаж ирсэн газар байвал яах вэ гэдгийг олон талаас нь бодох шаардлагатай гэж байлаа. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудлаа бүрэн цэгцэлж чадаагүй байж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд саад учрууллаа гээд иргэдийг яллаж болохгүй тул хэлэлцүүлгийн явцад энэ хэсгийг засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Үүгээр чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос Улс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов. Гэсэн хэдий ч цар тахлаас урьчилан сэргийлэх зохицуулалтын хүрээнд нийт зорчигчид Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана.

Тус улс руу зорчих иргэдэд тавих шаардлагыг ийнхүү сулруулж байгаатай холбогдуулан нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх, “Q-Code” цахим бүртгэлийн системд заавал бүртгэгдсэн байх, эдгээр шалгуурыг хангасан эсэхэд тавих хяналтыг чангатгаж байгааг иргэд зорчигчдод сануулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр цөлжилттэй тэмцэх өдөр DNN.mn

Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь цөлжилтөд өртөөд байгаа билээ. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддогийг судлаачид онцолж буй.

Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ.

Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг баталсан эхний 50 улсад багтсан. Мөн Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж эхэлсэн байна.

Монгол улсын цөлжилтийн өнөөгийн байдал ямар байна вэ.Манай орон нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдаж байгааг статистик мэдээллээс харж болно.

Categories
мэдээ нийгэм

“Улаан шугам” татсан сургуулийн захиралд хариуцлага тооцно DNN.mn

Суурь боловсролоо эзэмшээд төгсөж буй есдүгээр ангийн сурагчдыг зарим сургууль жагсааж, “Улаан шугам” татдаг.

Энэ нь хүүхдүүдийн эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн шүүмжлэх хүн олон бий. Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй уг явдлын талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас дараах тайлбарыг өгчээ.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1 дүгээр заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг аравдугаар ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.

Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд “Улаан шугам” татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 11 сэдвээр ард иргэдээс санал авна DNN.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулснаар хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх эсэх гэсэн дөрвөн бүлэг асуудлын хүрээнд 11 сэдвээр ард иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд энэ сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мэдээлэл өгч, иргэдийн саналыг авах юм.

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худагт автомашины 7 төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэнэ DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлаа танилцууллаа.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд хэлж байна.
Хуралдаанаар Улсын баяр наадмын нээлт, хаалт болон төрийн ёслол хүндэтгэлийн концертыг найруулах Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Урлаг соёлын чиглэлээр есөн арга хэмжээ зохион байгууллахаар төлөвлөж, бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон урлаг соёлын арга хэмжээг хэлбэрийн хувьд хэт нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна. Агуулгын хувьд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, онцлох гол гол түүхэн үйл явдлуудыг харуулахын зэрэгцээ үндэсний өв уламжлал, түүх соёлоо хүүхэд, залууст шинэлэг байдлаар сурталчилан таниулах чиглэлээр бэлдэж байна” хэмээв.
Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах бөгөөд хурдан морьдын салбар хороо, сур болон шагайн харвааны салбар хороодын бэлтгэл хэвийн хангагдаж байна. Хэв журмын салбар хорооны бэлтгэл ажил мөн 80 хувьд хүрсэн талаар мэдээллээ. Баяр наадмын үеэр иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Харин Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна.
Энэ жилийн Улсын баяр наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхлэх бол 12-ны 24:00 цагт Төв цэнгэлдэхэд хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөж буйгаараа онцлогтой.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр салбар хороодын дарга нарыг хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллаж, бэлтгэл ажлыг цаг хугацаандаа хангах үүрэг чиглэл өгсөн юм.