УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.
Улсын Их Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар захирамжаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар мөн ажлын дэд хэсгийг Хууль зүй дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын өвөг урианхай сурын холбоо, Буриад сурын холбоо, Монголын шагайн харвааны холбоо, Монгол адуу нийгэмлэг, Монгол үндэсний допингийн эсрэг байгууллага, Хөдөө аж ахуйн их сургууль болон эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулан байгуулж ажилласан гэлээ.
Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг нийт 10 удаа хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналыг боловсруулж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулсан байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуулийн төслөө татан авчээ.
Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор УИХ-ын “D.Parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий 8 иргэнээс 45 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан байна.
Тус Байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан “Үндэсний их баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг ойлгохоор, аймаг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр, үндэсний бөхийн барилдаанд барилдах насыг 16 байхаар, амжилт гаргасан бөхөд улсын цолны батламж олгоно гэснийг шууд цол олгохоор, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд улсын цолыг хураахаар, унаач хүүхдийн насыг “долоо, түүнээс дээш” гэснийг “найм, түүнээс дээш” гэж өөрчлөх, Үндэсний хурдан морины бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран хариуцан гүйцэтгэх, Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулахаар, Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болох, Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөхөөр, Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулах зэрэг нийт 37 зарчмын зөрүүтэй, найруулгын 1 саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулав.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 9 дүгээр зүйлд “Улсын баяр наадамд хоёр удаа ес давж түрүүлсэн бөх нэг удаа арав давж түрүүлсэн бөхийн өмнө эрэмблэгдэнэ” гэж нэмэх санал гаргасныг дэмжээгүй тул цөөнх болсон байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.