Categories
мэдээ нийгэм

Хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт “Бригадын генерал” цол хүртээлээ DNN.mn

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.

Онцгой байдлын алба нь ийнхүү дөрвөн бригадын генералтай боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

received_2402259486589177-1.jpeg

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 79.8 хувиар өсчээ DNN.mn

2022 оны эхний тавдугаар сард 16850 гэмт хэрэг цагдаагийн газар бүртгэгджээ. Энэ тоо нь өмнөх оны мөн үеэс 7481 (79.8%)-ээр өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэрэг өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 5846 (2.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1297 (45.3%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 239 (96.8%), хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 125 (57.1%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадныхныг бурхан шиг тахидаг үзэл нь залилангийн гэмт хэргийн золиос болгож байна гэв DNN.mn

-ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГАДААД ЭРД СЭТГЭЛ АЛДАРСАН МАЛЧИН ЭМЭГТЭЙ 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛЖЭЭ-


Цагдаагийн Ерөнхий газраас залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг гаарч буйг анхаарууллаа. Тэр дундаа цахим залилан голлох хувийг эзэлж байгаа гэнэ. Тодруулбал, гадны улс орны гэмт бүлэглэлүүдээс Монгол Улсын иргэдийг хараандаа оруулчихсан байгааг онцолж байгаа юм. Хил дамнасан залилангийн гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлж, хохирол барагдуулахад хүндрэлтэй байгааг ЦЕГ-ын мөрдөгчид хэлж байна. Гэмт бүлэглэлүүдийн ашигладаг IP хаяг нь хуурамч байдаг ажээ.

Монгол Улсын иргэд фэйсбүүк орчинд аль улсынх нь мэдэгдэхгүй иргэдтэй харилцаа тогтоож, данс руу нь хэд хэдэн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн гурван эмэгтэй гадаадын иргэдтэй хувийн харилцаа тогтоож цахим хайр дурлалын улмаас 147,800 ам.доллар буюу 443 сая төгрөг шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд л гэхэд хэн нь мэдэгдэхгүй гадаад эрд сэтгэл алдарсан малчин эмэгтэй 200 орчим сая төгрөг шилжүүлж хохирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн залилангийн гэмт хэрэг өдөрт хамгийн багадаа таван удаа бүртгэгдэж байгааг хэлж байгаа юм.


ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч Д.Энхчулуунаас залилангийн хэргийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Малчин эмэгтэй гадаадын иргэнд 200 орчим сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Хэргийн талаар тодруулахгүй юу. Тэр их мөнгийг ямар шалтгааны улмаас шилжүүлсэн байх юм?

-Тухайн эмэгтэй рүү гадаад нэртэй аккаунтаас хандаж “Монгол бол их сайхан байгальтай газар. Би танай улсад очиж өөртэй чинь хамт амьдарна. Над руу урилга явуулах хэрэгтэй байна” гэх байдлаар харилцаа үүсгэж малчин эмэгтэйн итгэлийг олсон байгаа юм. Ингээд янз бүрийн зураг илгээгээд л цахимаар хайр дурлалын харилцаа үүсгэсэн байдаг. Энэ явцдаа Монголд оршин суух хүсэлт илгээхэд шимтгэл нь тэдэн төгрөг болно гэх байдлаар хохирогч эмэгтэйгээс мөнгө авсан байгаа юм Нийт 78 мянган ам.доллар шилжүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон.

-Тухайн эмэгтэйтэй монгол хэлээр харилцсан байх юм уу?

-Тийм. Ингэхдээ google translate юм уу хөрвүүлдэг программ ашигласан байж болно. Чатыг нь шалгахад “Чамд би хайртай болчихлоо. Уулзахын тулд надад тусламж хэрэгтэй байна” гэх ч юм уу, иймэрхүү арга барилаар залилсан байна лээ. Ийм төрлийн залиланг романс төрлийн гэмт хэрэг гэж нэрлээд байгаа юм.

-Хохирогч эмэгтэй барааг нь ч хараагүй хүний данс руу 200 орчим сая төгрөг шилжүүлсэн гэхлээр санаанд багтахгүй байна л даа. Иргэд ийм гэнэн байна уу?

-Тийм. Хохирогч эмэгтэйгээс тодруулахад фэйсбүүк хаягаар ярьж ч амжилгүй, чат бичиж байгаад л мөнгө шилжүүлчихсэн байгаа юм. Иргэдийн зүгээс цахим хэрэглээний мэдлэгээ сайжруулах шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. Хэн нь мэдэгдэхгүй, аль улсаас ч холбогдож байгаа нь тодорхой биш этгээдтэй харилцаа үүсгэнэ гэдэг аюулгүй байдал талаасаа байж болохгүй асуудал гэв. Дээрх үйлдлийн хохирогч холбогдож ярьж амжилгүй мөнгө шилжүүлсэн шалтгаанаа “Ичээд ярьж чадаагүй” гэх байдлаар тайлбарлажээ.

Романс төрлийн залилан дан ганц фэйсбүүкээр ч бус инстаграм гэх мэт бусад платформуудаар ч явагдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын иргэн О Америкийн иргэн гэж өөрийгөө танилцуулсан Aliso гэх иргэнтэй харилцаа тогтоож олон улсын мөнгөн гуйвуулга ашиглаж 18 удаагийн үйлдлээр 80 орчим мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарчээ. Хохирогчийн тухайд гэмт этгээдтэй дөрвөн сар орчмын хугацаанд фэйсбүүкээр харилцсан бөгөөд блоклуулсныхаа дараа залилуулсан гэдгээмэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Заллилагч этгээд өөрийгөө хувийн компанитай гэж танилцуулсан бөгөөд гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр хэд дахин нугалж өгнө, танай улсад шинэ салбараа нээж зах зээлээ тэлнэ, хувийн орд харш барьж өгнө, цаашид хамтарч ажиллана гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ. Дээрхтэй төстэй байдлаар иргэн С 33.500 доллар залилуулсан байна. Турк улсын харьяат өөрийгөө малын эмч гэж танилцуулсан этгээд шувууны ханиадны вакцин гаргаж байгаа, танай улс руу нийлүүлбэл бид өндөр ашиг олно гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ.

Сүүлийн үед залилагч этгээдүүд “ Би АНУ-ын тусгай хүчинд ажилладаг. Удахгүй халагдана. Монгол руу аялахаар төлөвлөж байна. Монгол шиг амар амгалан газар амьдрахаар шийдсэн” гэх байдлаар монгол эмэгтэйчүүд рүү чат бичиж залилахыг завдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.


Монгол эмэгтэйчүүдийн гадныхныг бурхан шиг тахидаг үзэл нь гэмт хэргийн золиос болгож байна гэв


Монгол эмэгтэйчүүд хаанахын хэн нь мэдэгдэхгүй хүнтэй фэйсбүүкээр танилцаж, дотно харилцаа тогтоож их хэмжээний мөнгө залилуулж байгаа үйлдлийг сэтгэл зүйчид гадныхныг тахин шүтэх үзэлтэй нь холбон тайлбарлаж байна. Нийгмийн сэтгэл судлаач Л.Энхжаргалаас энэ талаар тодруулга авлаа.


-Манайд залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг огцом нэмэгдсэнийг ЦЕГ-аас анхааруулж байна. Хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу хэдэн арван сая төгрөг шилжүүлсэн байх юм. Бид ийм гэнэн байгааг сэтгэл судлаачийн зүгээс яаж харж байна вэ?

-Олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Гэнэн итгэмтгий зан монголчуудын геньд нь байдаг. Залилагчдын зүгээс хөгжил буурай орныг онилж гэмт үйлдлээ хийж байгааг хуулийн байгууллагаас онцолж байна лээ. Технологийн мэдлэг, мэдээлэл тааруу байдаг болохоор тэр л дээ. Мөн гадны улс орныхныг тахин шүтэх үзэл манайд түгээмэл бий. Энэ нь залилагчдад өгөөш болж байгаа юм. Гадны нэг нөхөр ирэхэд л дээр дооргүй бужигналдаж гүйдэг, оройдоо залдаг шүү дээ, бид. Гадаад хүн л гэхлээр огт хулгай, луйвар хийдэггүй гээд бурхан шиг тахидаг үзэл манайд дэлгэрээд байгаа нь залилангийн гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч ирж надаас зөвлөгөө авсан. Хохирогч сэтгэл зүйн гүн дарамтад ордог юм билээ. Бусадтай хуваалцахаас ичиж санаа зовно. Асуудал даамжирвал амиа ч егүүтгэх эрсдэлтэй.

-Гадаадын этгээдтэй харилцаа үүсгэсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байх юм?

-Гадаад хүнийг л бурхан шиг тахидаг үзэл нь залилуулахад нөлөөлсөн байгаа юм. Энэ үйлдлээ ойр орчмынхондоо хэлж чадахгүй, сэтгэл зүйн гүн хямралд орчихсон байна лээ. Хэнийг нь ч мэдэхгүй хүн рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа “Хайртай болчихсон юм” гэж хэлсэн. Гэр бүлийн хүний хайр халамжаар дутаж явсан нь эндээс харагдаж байгаа биз. Нийгмийн бухимдал, стресс ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн өмнөд хэсгээр халж, говь талын нутгаар салхи шуургатай байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр халж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2022 оны 06 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурга. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 21-нээс 06 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 169 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1842 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1540, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 99, гэмт хэргийн шинжтэй 87 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 124, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 137, хүний биед халдсан 60, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 149, эрүүлжүүлэх байранд хоносон 169 оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 92 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Европын орны удирдагчид Укриантай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэв DNN.mn

Дайн эхэлснээс хойш анхны айлчлал хийж буй баруун Европын хүчирхэг гүрнүүд болох Герман, Франц, Италийн удирдагчдаас гадна Украины хөрш Румын улсын ерөнхийлөгч энэ сарын 16-нд Киев хотод очиж Украины Засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц“Украины газар нутгийн нэг хэсгийг харгис хэрцгий аргаар булаан авч “дарангуйллын ертөнц” тогтоох гэсэн Москвагийн өнөөдрийн “хий хоосон” хүсэл эрмэлзлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй, Оросын энэ империалист үзэл баримтлалыг эцэс болтол нь эсэргүүцэн тэмцэх явдлыг бүх талаар дэмжих болно” гэж онцлон мэдэгдэв. Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү айлчлалын үеэр “Украиныг ялах хүртэл Киевийг дэмжих болно. Украин Донбасс төдийгүй Крымыг буцаан авч газар нутгаа бүрэн бүтэн болгох ёстой ” гэсэн бол “Бид түүхийн эргэлтийн цэг дээр зогсож байна. Украины ард түмэн ардчилал, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг өдөр бүр хамгаалж байна” гэж Италийн ерөнхий сайд Марио Драги онцлон мэдэгджээ.Харин Румын улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис Орос улс “үр тариаг зэвсэг болгон ашиглаж байгааг” зэмлэн буруушаагаад, энэ нь дэлхийн хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулсан байна. Энэхүү айлчалын гол үр дүн нь эдгээр улсууд Украин улсыг Европын Холбооны гишүүнээр элсэх албан ёсны нэр дэвшигчийн статустай болоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ дэлхий нийтийн өмнө амласан явдал байв. Нэр дэвшигчийн статус нь гишүүнчлэлээс ялгаатай бөгөөд Европын Холбоонд элсэх урт хугацааны үйл явц эхэлж буйг илтгэдэг юм байна.

Мөн энэ өдөр эхэлсэн Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ВВС” агентлагийн Москва дахь сурвалжлагч Стив Розенбергт ярилцлага өгч “Бид Украин руу довтлоогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Барууны улсууд гэмт үйл ажиллагаа явуулан Украиныг НАТО-д татан оруулахыг болиулах гэж л бид цэргийн тусгай ажиллагаа явуулсан… НҮБ барууны улсуудын нөлөөнд орж бидний эсрэг байгаа нь харамсалтай… Бусад улс биднийг юу гэж харах нь бидэнд огт хамаагүй. Бидний байж байгаа маань л энэ. Бид үүнээсээ ичдэггүй” гэж хариулсан байна. Мөн Орос,Их Британийн харилцааны талаар Лавров “Миний бодлоор бидний харилцаанд ямар нэгэн гарц гаргах орон зай үлдээгүй. Учир нь энэ улсын ерөнхий сайд Борис Жонсон, Гадаад хэргийн сайд ЛизТрасс нар дэлхий нийтэд “Бид Оросыг ялах ёстой, бид Оросыг сөхрүүлэх ёстой. Иймээс бид Украинд бүх талаар туслах ёстой” гэж зарлаж байна. Яахав, Англи Украинд тусалж л байг…” гэж хариулсан байна.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Украины батлан хамгаалах чадварыг сайжруулах зорилго бүхий, Оросын эсрэг олон улсын цэргийн шинэ эвсэл болох “Рамштейны формат”-ын чуулганд эдийн засгаар тэргүүлэгч 39 бус бараг 50 улс оролцсон, Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцогч улсуудын тоо хэд дахин эрс багассан төдийгүй гол оролцогчдын нэг Казахстаны ерөнхийлөгч Токаев “Донецк, Луганск Ард Улс гэгч нь хагас, хугас улсанцрууд учир тусгаар тогтнолыг нь Казахстан улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, ЗХУ-ын жилүүдэд Украин нь ЗХУ-ын талхны сагс, аж үйлдвэржсэн бүгд найрамдах улс байсан төдийгүй Кремлийн боловсон хүчний гол нийлүүлэгч байсныг бид санаж байна” гэж Путины нүүрэн дээр мэдэгдэв.НАТО-гийн гишүүн Турктэй Казакстан цэргийн гэрээ байгуулж Сирид гарах хаалга нь хаагдсан тул Путин өөрөө хууль бус гэж зарласан талибуудыг уг форумд урьж яаж арчаагаа алдсанаа нотлов. Европын Холбооны голлох том улсуудын тэргүүнүүдийн Киевт хийсэн дээрх айлчлал өндөрлөнгүүт Английн ерөнхий сайд Борис Жонсон гэнэт Киевт айлчилж Украины цэргүүдийг арав, арван мянгаар нь өөрийн улсад орчин үеийн зэвсэг эзэмшүүлж, байлдаанд сургах болсноо ил тод зарлав. Европын Холбоо Украин, Молдов, Гүрж улсын гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг авч хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Энэ бүхэн ОХУ стратегийн хувьд иж бүрэн ялагдал хүлээснийг дэлхий нийтэд тод томруунаар батлан харуулав. Стратегийн ялагдал хүлээсэн тал хэдэн сарын дараа бүрэн ялагддаг нь нэгэнт хууль болсон зүйл. Үүнийгээ ч путинчүүд маш сайн мэдэж байгаа нь бас батлагдав. Учир нь “ГРУ” гэгддэг Оросын цэргийн тагнуулын байгууллагын нууц ажилтан 36 настай Сергей Владимирович Черкасов 33 настай Бразилын иргэн Виктор Мюллер Феррейрын дүрээр Олон Улсын Эрүүгийн Шүүхэд дадлагажигчаар орох гэж байхдаа баривчлагдан олон улсад шуугиан тарив. Хэрэв Черкасов шүүхэд ажиллаж эхэлсэн бол Оростой холбоотой дайны гэмт хэргийн бодит баримтуудыг устгах байсан гэж энэ явдалтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Нидерландын албаныхан онцлон мэдэгдэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкинд 270 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ DNN.mn

Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт, авч буй хариу арга хэмжээ, банкны өнөөгийн байдлын талаар тус банкны гүйцэтгэх захирал мэдээлэл өгөв.

Гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна.

“Самурай” бондын эргэн төлөлтийн 248.9 орчим сая ам.доллар нь шийдвэрлэх боломжтой тоо.

Хөгжлийн Банкны зээлийн өр барагдуулалт 2022 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна.

Харин зургаадугаар сарын 16-нд нэг зээлдэгч нэмж 20 тэрбум төгрөгийг эргэн төлж байгаа. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж, эрчимжиж байгаа” гэв.

Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж буй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зээлээ хамгийн идэвхтэй төлж эхэлсэн. Харин төрийн өмчит компаниудад хамаарах өрийг барагдуулах Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл явц үргэлжилж байгаа юм байна

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардуулна DNN.mn

Онцгой байдлын алба байгуулагдсаны 18 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10:00 цагаас цэргийн дээд цол, 11:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Мөн 12:00 цагаас Соёлын төв өргөөнд баярын хуралд оролцоно.

Categories
мэдээ цаг-үе

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход гурав хоног үлдлээ DNN.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана.

Товлолт хугацаа болоход гурав хоног үлдээд байна. Шалгалт 10 хичээлээр болох бөгөөд Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 23-ны 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэх юм.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Зам тавиад өгчихөөр приусээ унаж очоод нутаг сүйдлээд дуусгана” гэв DNN.mn

Сүүлийн үед УИХ-ын гишүүд амьдралаас хэт тасарсан, бодит байдлаас давсан юм их ярих боллоо. Тийм гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан. Зам, тээврийн хөгжлийн сайд байсан Энх-Амгалан гэхээр та бүхэн андахгүй байх. Бас “Дарханы замыг хуулсан хүн” гэдэг тодотголтойгоор сошиалд хэл амны бай болоод байгаа түшээ. Энэ хүн “Зам тавиад өгчихөөр приусээ унаж очоод нутаг орон сүйдлээд хаячихна” гэдэг санаа агуулсан юм ярьсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа. Ингэж ярьснаараа Дарханы замыг тавиагүйгээ тайлбарлачих шиг боллоо. Б.Энх-Амгалан гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа Дарханы замын ажил нэртэй их хуулалтыг эхлүүлсэн. Замын ажлыг эхлүүлэхдээ хуучин замыг бүгдийг нь яаран хуулснаас Дархан-Улаанбаатарын хоорондох 200 гаруй км зам түйрэн болж, хоёр том хотын дунд тогтмол ирж очиж ажил, бизнесээ явуулдаг 15-20 мянган хүний амьдрал бараг тэр чигээрээ зогсож, үйлдвэрийн том хот, нийслэлийн хоорондох эдийн засгийн эргэлтийн хурд эрс удааширчихаад байна. Түүгээр ч барахгүй босоо тэнхлэгийн олон улсын тээвэр саатаж, цас, бороо, шавартай үед нам зогсчихдог. Дарханы замын ажлыг эхлүүллээ гээд хуучин асфальтыг бүгдийг нь аваад шидэхэд авто замын инженерүүдээс эхлүүлээд юм гадарладаг, учир мэдэх хүмүүс гайхахын дээдээр гайхацгааж, “Энэ сайд гуай аж ахуйн ажил гэж юу ч мэддэггүй яасан амьдралгүй юм бэ, яахаараа бүгдийг нь хуулаад хаячихдаг юм” гээд амтай болгон шүүмжилсэн. Б.Энх-Амгалан гишүүний ярьж хэлж буй үгнээс нь нэг зүйл анзаарагдаад байгаа нь ард түмнийг нааш цааш явуулахгүй гэж замыг нь хуулаад хаячихсан юм уу даа. Ард түмэн хөдөө гадаа явахгүй яадаг юм, амьдралаа залгуулдаг юм байгаа биз дээ гэхээр эрхэм гишүүн “Бидэнд бас нэг боломж байгаа юм. Бүгдээрээ машинаа унаад хөдөө гараад давхихаасаа илүүтэйгээр жижиг оврын онгоцоор ялангуяа алсын аймгууд, Говь-Алтай аймгийн Алтай сум, Алтайн өвөр говь ч гэдэг юм уу явах ийм бололцоо боломжууд бий. Манайд нэлээд олон ийм жижиг оврын онгоц явдаг болчихсон ш дээ. Эд нарын үнэ ханш ч боломжийн болчихсон юм” гэж тэнгэрийн юм ярьсан шүү. Нисдэг тэргээр зугаалаач ээ гэж ингэж ярьтлаа УИХ-ын гишүүд амьдралаас тасарчээ. Боломжийн үнэ ханштай гээд байгаа жижиг оврын онгоц 50 мянган ам.доллараас эхэлж байгаа нь өнөөдрийн ханшаар ойролцоогоор 150 сая төгрөг. Гишүүний машинаа болиод онгоцоор аялж, зугаал, хөдөө, сум яв гэж санал болгоод буй ард түмэн нь өнөөдөр приус машинаа арайчүү зээл, лизингээр авч амьжиргаагаа залгуулж байна. Үүнийг нь мэдэхгүй л байна даа. Ийм юм ярьдаг гишүүд бол үнэндээ бидний төлөөлөл биш. Гишүүд ард түмнийг төлөөлөхөө больжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийг ард түмнээ төлөөлдөг болгохын тулд яах ёстой вэ. Үндсэн хуулиа өөрчилж, сонгуулийнхаа систем, төлөөллийн зарчмыг залруулна гэж байгаа нь зөв бололтой. Өөрчлөх ёстой гэдэг нь дээр дурдсан гишүүнээс гадна өөр олон гишүүний жишээ, амьдралаас тасарсан юм ярьдаг тохиолдлуудаас нь батлагдаад байна. Ямар сайндаа ард түмэн амьдралгүй юм ярьдаг гишүүнд үнэлэлт дүгнэлтээ өгч, Дарханы замыг хуулж, хулгайлсан мөнгөөрөө Говь-Алтайгаас гишүүн болсон гэж сошиалаар дүүрэн шүүмжилж байхав дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй ч олон нийтийн хандлагыг анзаарч л байх хэрэгтэй.

Манай сонин өмнө нь олон бичиж байсан. “УИХ-ын гишүүн болоод амьдралаас тасарчихаж байгаа юм биш, амьдралаас тасарчихсан улс УИХ-ын гишүүн болдог” гэж. Дандаа баячууд парламентад суудаг. Монголын баячуудын очдог албан тушаалын оргил нь УИХ-ын гишүүн. Баян хүн гишүүн болоод ард түмнийг төлөөлдөггүй, сансрын юм ярьдгийг бид мэдсэн учир одоо сонгогчид өөрсдийн гишүүнтэй болъё, өөрсдийнхөө дундаас төлөөллөө УИХ-д суулгая. Эгэл ардуудынхаа өдөр тутмын амьдрал, жаргал зовлонг ойлгодог, гол нь амьдрал мэддэг хүмүүсээс сонгож УИХ-д оруулъя, дарга болгоё. Үүнээс хойш баячуудыг сонгож, нэрийг нь дугуйлахаас татгалзъя.

Ингэхийн тулд бидэнд мөнгө оролцдоггүй, мөнгөөр санал худалдаж авдаггүй сонгууль хэрэг болно. Мөнгө ордоггүй сонгуулийн хувилбар бий. Улс төрийн шинжлэх ухаанд ийм төрлийн сонгуулийн бүтэц тодорхой бий, бэлээхэн систем байгаа. Мөнгөгүй сонгууль байдаг гэдгийг аль болох ил гаргадаггүй л болохоос биш байдаг юм шүү. Үүнийг мэдэж цөхөөд байх ч юм үгүй. Сонгууль гээч үйл явц хүн төрөлхтний түүхэнд саяхан гарч ирсэн үзэгдэл биш. Хүн төрөлхтөн ардчиллын үндэс болсон орчин үеийн чөлөөт сонгуулиа XVII зуунаас хийж ирсэн. 1789-1799 оны хооронд Францад болсон хувьсгал Үндэсний их хурлыг зарлах шийдвэрийг хаан хүчингүй болгохыг оролдсоноос үүдэж гарсан бөгөөд эцэст нь Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн энэ явдал дэлхийн түүхэн дэх сонгуулийн өнөөгийн төрх бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Тэрнээс хойш 200, 300 жилийн турш сонгууль гэгч зүйл өнөөдрийг хүргэхдээ мэдээж улам боловсронгуй болж, шинжлэх ухааны үндэслэлтэй сонгуулийн системийн хувилбарууд бэлэн болчихсон байна. Иймээс монголчууд мөнгө оролцдоггүй хувилбарыг судалж холбогдох хуулиуддаа тусгаж боловсруулъя. Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулна гэж ярьцгааж, ажил хэрэг болгохоор судалж, хэлцэж байгаа нь үндэслэлтэй зүйл юм байна.

Монголын үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Төрийн ордонд болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүдийн нүүрийг харж байгаад “Өнөөдөр нийгмийн, ард түмний сэтгэлгээ ямар байна, нийгмийг сонсооч ээ гэж байгаа бол та нарт хэлье. 76-г бууд гэж байгаа, ард түмэн. 76-г зүгээр гаргаж ирж байгаад бууд. Улс орноо өрөнд оруулж, 2030 онд зугтах гэж байгаа юм байна. Зугтахаас нь өмнө буудчих гэж байгаа шүү дээ. Тэгээд яах юм бид ийм байдлаараа явах юм уу, аль эсвэл тогтолцоогоо өөрчлөх юм уу л гэж байгаа” хэмээн ард түмний үгийг төлөөлөн ярьсан. Ард түмэн УИХ-ын гишүүд өөрсдийг нь хэзээд төлөөлж ирээгүйг сая ухаарч, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх цаг болсон гэдэгтэй санал нэг байгаа. Өнөөдрийн ийм парламенттай, амьдралаас тасарсан юм ярьдаг гишүүдтэй, ийм төр засагтай байна гэдэг тэвчиж болох зүйл гэж үү. Ард түмний амьдрал уруудаж, хоолойгоороо татсан их өр ширэн дунд яахаа мэдэхгүй өдөр хоногоо өнгөрөөж байгаа нь МАН төр барьж, дээрээс нь ийм гишүүдтэй байгаагийнх, ийм нам, гишүүдийг сонгож гаргаж ирдэг хуультай байгаагийнх. Бүх юмны зангилаа, учир шалтгаан нь ард түмнийг төлөөлдөггүй хүмүүс УИХ-ын танхимд сууж ирсэнтэй холбоотой.

1989 онд гарч ирсэн Ардчилал, ардчилсан хувьсгал, ардчилсан хөдөлгөөний утга учир сонгуулийн буруу тогтолцооноос болж алдагдаад удчихлаа. Ардчилал арай ийм байдаггүй байх. Чөлөөт сонгууль, ард түмнээ төлөөлж чаддаг гишүүдийг гаргаж ирдэг сонгууль бол ардчиллын үндэс байдаг.