Categories
мэдээ нийгэм

“Ч.Мөнхбаярын бие муудаж эмнэлэгт хэвтсэн, амь насыг ҮАБЗ хариуцахаас өөр аргагүй боллоо” гэв DNN.mn

ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан. Улмаар Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн мэдээлсэн билээ. Өнөөдөр Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярыг яллах нь зохиомол хэрэг. Нууц гэдэг юм гэмт хэрэг дээр байж болохгүй. Нууц гэдэг үгийн дор Ч.Мөнхбаярыг хилс хэрэгт гүтгэж байна. ҮАБЗ анхааралдаа авах ёстой. Таслан шийтгэх арга хэмжээг өөрчлөхгүй байсаар энэ хүний бие нь муудаж, эмнэлэгт хэвтлээ. Ичсэн хүн хүн ална гэдэг юм болж байна. Хавтаст хэрэгтэй хорьхон минутын өмнө танилцсан шүүгч орж ирж байна. Процессийн алдаа гаргасандаа эд нар хариуцлага хүлээх ёстой. Ичсэндээ алах вий дээ, эд нар. Энэ хавтаст хэрэг дотор нууц гэсэн үг нэг ч байхгүй, тийм учраас нууцаас гаргаж ҮХЦ, УИХ-ын төлөөлөл, ХҮЭК хэлэлцүүлэх ёстой. Яагаад энэ хүнийг БНХАУ-ын хуулиар яллах гээд байгаа юм, яагаад жил гаруй мөрдсөнөө тайлбар өгөх ёстой. ҮХЦ хуулийг манаж л байгаа бол анхааралдаа авах ёстой. Тэгэхээр өнөөдөр Ч.Мөнхбаярын асуудлыг ҮАБЗ анхаарахаас өөр аргагүй болсон. Бид нар ХЭҮК-т хандсан. Одоо СНЭ-д хандана. Манай сэтгүүлчид яагаад нэгнээ хамгаалахгүй байгаа юм. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагад бид хандах гэж байна. ҮАБЗ-д хүсэлт өгсөн. Хариуг нь удахгүй өгөх байх. Хүнийг зүйл ангигүйгээр хорьж байна. ҮАБ-ын эсрэг найман жилтэй зүйл анги гэдэг ч энэ нь тогтоогдохгүй байгаа учраас зүйл ангигүй гэж байна. Тагнуул, прокурор өөрсдийнхөө хийсэн хууль бус үйл ажиллагааны гацааг гаргах гэж л ийм байдалд орчхоод байна. “ гэх агуулгатай мэдээлэл өгч байна

Categories
мэдээ нийгэм

Говийн бүсийн чуулганыг Даланзадгадад зохион байгуулна DNN.mn

Монголын ОҮИТБС-ын уламжлал болсон говийн бүсийн ил тод байдлын чуулган “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт” нэртэйгээр энэ сарын 23-24-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад зохион байгуулна.

Нэгдсэн чуулганы гол зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн ЗДТГ ажиллаж буй бөгөөд тус аймгийн бүх сумын удирдлага, ЗДТГ-ын харъяа байгууллагууд болон говийн бүсэд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниудын оролцоо өндөр байх аж. Мөн УУХҮЯ, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, АМГТГ, АТГ болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын захиргаа, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн, уул уурхай бүхий сумдын төлөөлөл, Монголын ОТБС-ын Ажлын хэсгийн гишүүд оролцоно.

Доорх QR кодыг уншуулж чуулганы хөтөлбөртэй танилцана уу.

Тус чуулга уулзалтын зорилго нь

– Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох,

– Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих,

– Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх,

– Чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм байна.

Мөн чуулганы үеэр Өмнөговь болон говийн бусад аймгийн уул уурхайн компаниуд, тэдгээрийн ханган нийлүүлэгчдийн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой нээлттэй өдөрлөгийг Даланзадгад сумын Спорт цогцолборт зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн иргэд ажлын байранд анкет бөглөх, ярилцлаганд орохоос гадна уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллаж ханган нийлүүлэлт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 61 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс

  • 28 нь Улаанбаатарт
  • 33 нь орон нутагт илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 928,147-д хүрсэн бол нас баралт 2,118 болоод буй.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас хяналтад 807 иргэн байгаа бол сүүлийн хоногт 135 иргэн эдгэрчээ.

Иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 134 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1549, гэмт хэргийн шинжтэй 83 дуудлага, мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаачийн ах: Дүүг маань хэвтүүлж байгаад гэдсэн дээгүүр нь гүйчихсэн байх DNN.mn

Үе үеийн армийн удирдлагууд “асуудал огт байдаггүй” гэж ам бардаж хэлдэг. Гэсэн ч хугацаат цэргийн алба хаагчдыг яргалдаг хуучин нийгмийн үзэгдэл ардчилсан нийгэмд ч амь бөхтэй оршсоор л байна. Үүний нотолгоо нь эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд мордсон залуус нас барах тохиолдол тасрахгүй байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн алба хаагч “Н”-ын ходоод нь задарч эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарлаа. Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд 40 гаруйхан хоногийн дараа амьсгал хураажээ. ЦЕГ-ын зүгээс “Задлан шинжилгээний хариу гараагүй байна” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа юм.


Бид талийгаачийн ахтай ярилцлаа.


-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Цэргийн алба хаахаар мордсон дүүгийн маань ходоод задарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Ходоодыг нь тайрсан ч хугацаа алдсан гэх оноштойгоор амьсгал хураалаа. Тус ангийн удирдлагуудын зүгээс гадны нөлөөгүй гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар хэлээд сууж байна. Миний дүүд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаагүй. Өвчин хэлдэггүй, эм тарианаас хол, цоо эрүүл хүүхэд цэрэгт явсан юм. Гэр бүлийнхэн, найз нөхөд нь үүнийг гэрчилнэ.

-Ар гэрийнхэн нь талийгаачтай сүүлд хэзээ уулзсан бэ?

-Тангаргийн баяраар өвөө нь хоёр дүүгийнх нь хамт очиж уулзсан. Өвдсөн зовсон шинж огт ажиглагдаагүй. Малгайгаа өвөөгийнхөө толгой дээр нь тавьж хамт зургаа даруулаад л, хоёр дүүгээ тэвэрч үнсээд л, инээж хөхрөөд сууж байлаа. Тухайн өдрийн 16:00 цагийн алдад л цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм. Энэ үйл явдлаас зургаан цагийн дараа буюу 22:00 цагийн орчимд бие нь эрс муудаж ангийнхаа эмнэлэгт хэвтсэн юм билээ. 16:00-22:00 цагийн хооронд л ямар нэгэн асуудал болсон гэж хардаж байгаа. Ангийн эмч нар нь эхлээд хоолны хордлого гэх оношийг тавьсан юм билээ. Гэсэн ч биеийн байдал нь огцом муудаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн.

-Эмч нарын зүгээс ходоод задарсан шалтгааныг яаж тайлбарлаж байна вэ?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаас өмнө тайлбар өгөх боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Дүүгээ эмнэлэгт хэвтэж байгааг нь харахад шарх, сорви харагдаагүй. Мэс ажилбар хийсэн эмч нарын зүгээс “Ходоодыг нь тайрахаас арга байсангүй” гээд гарч ирж байсан. Тухайн өдөр идсэн хоол нь хэвээрээ л байна лээ. Эрүүл ухаанаар бодоход хордлого аваад задардаг ходоод гэж байхгүй биз дээ.

-Та хугацаа алдсан гэх зүйлийг онцолж байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Цэргийн ангийн эмч нар нь оношоо зөв тодорхойлж шуурхай арга хэмжээ авсан бол миний дүү амьд гарах боломж байсан. Ходоод нь задраад удсан учраас дотор эрхтэнүүддээ нөлөөлөөд нас барсан.

-Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд алба хаахаар явсан залуугийн ходоод задарсан шалтгааныг ангийн удирдлагууд нь юу гэж тайлбарлаж байна вэ?

-Ангийн удирдлагуудын зүгээс салатнаас хордсон гэж хэлж байна лээ. Эрүүл саруул хүүхэд салат идээд л ходоод нь задарна гэж байхгүй. Мэргэжлийн эмч нараас тодруулахад архаг хууч өвчтэй, ходооны шархлаатай хүний ходоод ингэж задарна гэх байр суурийг хэлж байна лээ. Ходоодны шархтай хүүхэд эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн алба хаана гэж байхгүй шүү дээ. Үүнд гадны нөлөө байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг л хүлээж байна.

-Та бүхэн тухайн ангийн камерыг шалгаж үзсэн үү?

-Зодоон нүдээний асуудал огт байхгүй гэдгийг ангийн удирдлагууд хэлсэн. Тухайн үеийн камерын бичлэгийг нь ч үзсэн. Зодолдож байгаа юм анзаарагдаагүй. Камерын өмнө хүн зодоод зогсож байна ч гэж юу байх билээ. Тухайн цэргийн ангид 16 камер байдаг юм билээ. Үүний хоёр нь ажиллахгүй байсан.

-Та өөрөө цэргийн алба хаасан уу. Тухайн үед дэглэлт байв уу?

-Би 2003 онд цэргийн алба хаасан. Цэрэгт дэглэлт байдаг. Цэргийн алба хаасан хэн ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Намайг алба хааж байхад газар хэвтүүлж байгаад л гэдсэн дээгүүр гүйчихдэг байсан. Миний дүүгийн гэдсэн дээгүүр гүйчихсэн юм болов уу гэж хардаж байна. Ажил хийж ар гэрээ авч явах дүү маань өөд болчихлоо. Гомдолтой байна гэв.


Их эмч Б.Золбоо: Хүний ходоод гадны нөлөөтэйгөөр л задарна


Ходоод задрах шалтгааны талаар их эмч Б.Золбоогоос тодрууллаа.


-Хүний ходоод задрах ямар шалтгаанууд байдаг юм бэ?

-Ходооны хорт хавдар эцсийн шатандаа орсон бол цоорч болно. Задарна гэсэн ойлголт бараг байхгүй. Ийм үед хүнс идэх ямар ч боломжгүй. Хүний ходоод гадны нөлөөтэйгөөр л задарна. Хоол идсэн үед гаднаас нь цохих ч юм уу тийм нөлөөгөөр л хагарах боломжтой. Нэг бол хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уусан даруйдаа гаа хэрэглэсэн бол цоорч болно гэв.


Шинэ цэргүүдэд их хэмжээний ус уулгаж байгаад гэдэс рүү цохидог гэв


Шинэ цэргүүдийг ил харагдах шарх үлдээхгүйгээр зодож битүү гэмтэл учруулдаг, яргалдаг, ар гэрийнхнээс нь мөнгө нэхдэг гэх зэрэг дарамт цаг тутам учирдгийг цэргийн алба хаасан хэн бүхэн л онцолж байна. Шинэ цэргүүдэд цаг тутам сэтгэл санааны дарамт үзүүлж, ёс бус харилцаа үүсгэдэг, шийтгэдэг талаар ХЭҮК-оос гаргасан 2021 оны илтгэлд ч тодорхой дурджээ.

Тодруулбал, Жанжин штабын … дүгээр ангийн нэр бүхий гурван алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн 17 алба хаагчийг 2020 оны…сараас 2021 оны …. сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн…

…Зэвсэгт хүчинд … Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан, цэвэрлэгээ муу хийсэн, цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн …

2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч … нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч …хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан, гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар өшиглөсөн, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч … өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан…

…Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг… Ялангуяа шинэхэн офицерууд ахлагчдаа, ахлагчид хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно… цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална.. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй… Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг… Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих, эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх, эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө… Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд нэг км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь дахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна” гэх зэргээр тайланд тусгажээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Зургадугаар сарын 24-нд одон орны нэн ховор үзэгдэл болно DNN.mn

Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхийван, Далайван гаригийн жагсаал гэх үзэгдэл харагдах хамгийн тохиромжтой өдөр нь 2022 оны зургадугаар сарын 24-ний нар мандахаас 1 цагийн өмнө тохиох юм байна.

Таван гаригийн давхцал нь тун ховор тохиолдох үзэгдэл бөгөөд хамгийн сүүлд 2002 оны 12 сард давхцаж байсан бол дараагийн давхцал 2040 онд тохиох юм.
Энэхүү ховор үзэгдлийн талаар олон улсын томоохон мэдээний сайтуудаар мэдээлж байгаа бөгөөд хүний нүдээр харагдах нь Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд, хүний нүдэнд харагдахгүй нь Дэлхийван, Далайван гэнэ.
Угтаа бол 7 гариг нэгэн зэрэгт тэнгэрт үзэгдэж, гаригуудын завсар хавирган сар мандсан байх аж.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хэрэгтэй зөвлөгөө DNN.mn

Тэтгэвэрт гарсны дараа хүн хэсэгтээ л ганцаарддаг гэдэг. Үр хүүхдүүдтэйгээ бужигнаж, найз нөхөдтэйгөө уулзавч өөрийгөө ганцаардуулахгүй, эрүүл, идэвхтэй, цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг талаар нэгэн уншигчийнхаа туршлагыг хуваалцъя.

“Хамгийн түрүүнд хүн өөртөө таарсан хөдөлгөөн хийх хэрэгтэй. Заавал хүнд хэцүү дасгал, олон км алхалт хийх хэрэггүй. Өглөө сэрээд нүүрээ илэхээс л энэ хөдөлгөөн эхэлнэ. Тэгээд хэдэн минут сөхөрч суух, ойр зуур алхах гээд өөртөө амар хэрнээ бүх биеийн булчин хөдөлдөг хөнгөн дасгалуудыг сонгоорой. Эрүүл байх л хамгийн чухал.

Хоёрдугаарт, хүн шинэ соргог мэдээлэл байнга авч байх хэрэгтэй. Үүний тулд өдөр тутмын сонин захиалж унш. Өглөө гарч шуудангаас сонингоо авах, гэртээ ирээд тухтай сууж байгаад шинэ содон мэдээлэл, ярилцлага унших хичнээн сайхан гээч. Дараа нь тэр мэдээллээ найз хөгшчүүлтэйгээ хуваалцах, хүүхдүүддээ дамжуулах гээд маш ашигтай. Унших, ярих, бусдад үнэ цэнэтэй байх хэрэгцээгээ үүгээр хангана гэсэн үг. Миний хувьд “Өдрийн сонин”-ыг байнга захиалж уншиж байна аа.

Гуравдугаарт, хүн хөгжил хөөртэй байх ёстой. Сэтгэл санаагаа сэргэлэн байлгахын тулд би дуртай дуу, хөгжмөө сонсдог.

Дөрөвдүгээрт, их биш ч сайхан амттай хоол идэж байх ёстой. Өөрөө дуртай хоолоо хийгээд сурчих нь амар байдаг. Үр хүүхэд, найз нөхдөө ч хааяа дайлах сайхан байдаг юм.

Тавдугаарт, найз нөхөдтэйгөө уулзаж бай. Инээж, ярьж хөөрөх ч сэтгэл сэргээх сайхан арга шүү.

Зургадугаарт, бусдад битгий гомд”.

Ийм зөвлөгөөг манай нэгэн уншигч настан өглөө. Хэрэг болгож өөриймшүүлж аваарай.

Categories
мэдээ нийгэм спорт

“Бишкек-2022” тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ DNN.mn

“Бишкек-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон тус тэмцээний 17-оос доош насны охидын 69 килограммын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа алтан медаль хүртсэн байна. Мөн тамирчин Ч.Номин 46 килограмм жинд, Б.Халиун 53 килограмм жинд тус тус мөнгөн медалийн болзол хангажээ.

Өсвөр үе, залуучуудын улсын аварга Э.Одзаяа нь Бишкекийн дэвжээнд Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Categories
мэдээ цаг-үе

​Өнөөдөр Олон улсын иогийн өдөр DNN.mn

Өнөөдөр Олон улсын иогийн өдөр тохиож байна. 2014 оны арванхоёрдугаар сард Энэтхэг улсын санаачилгаар зургаадугаар сарын 21-ний өдрийг Олон улсын иогийн өдөр (IDY) болгон зарлах тухай тогтоолыг НҮБ-аас санал нэгтэй баталж, түүнээс хойш Монгол улс гэлтгүй дэлхийн бүх улс оронд йогийн өдрийг тэмдэглэж байна.

Иог нь Энэтхэгт үүссэн бол өдгөө Ерөнхий сайд Шри Нарендра Модигийн санаачилгаар дэлхий дахиныг хамрах болжээ.

Иогоор хичээллэсний ач тус

  • Эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх,
  • Биеийн жинг барих (турах, таргалах),
  • Хөдөлгөөний хомсдолоос гарах, биеийн хөшүүн байдлыг арилгах
  • Сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх,
  • Төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних,
  • Амьдралд илүү эрч хүчтэй болох,
  • Залуужих зэрэг тодорхой үр дүн гардаг
  • Иог дараах өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог
Categories
мэдээ нийгэм

Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хэнтий аймгийн Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал суманд хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийн ажилтай танилцлаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд одоогоор 30 гаруй км газарт хөрс хуулж, ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан танилцуулжээ.

1-152616-1823206224 Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

Чингис- Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Чингис-Бэрх хот хүртэлх 50 км авто замыг Наранбулаг-хан ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэж өгөх хуваарьтай ч ирэх 7 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.

Мөн Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 130 км зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оноос хоёр багц хэсгээр хэрэгжүүлж эхэлж байна. Багц-1 хэсэг буюу 68.6 км авто замын гүйцэтгэгчээр Наранбулаг-хан ХХК ажиллаж байна. Тус компани энэ оны 4 дүгээр сард ажлаа эхлүүлж 20 гаруй км-т хөрс хуулалт, 15 км-т далангийн ажлыг хийгээд байна. 2022 ондоо багтаан эхний 30 хүртэлх км авто замын нэгдүгээр үеийн асфальт бетон хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

1-152726-1722607557 Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

Наранбулаг-хан ХХК нь өмнө нь Чингис-Бэрхийн 20 км ажлыг гэрээгээр 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан туршлагатай компани юм.

Дараа нь Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км-ын Багц 2 хэсэг буюу 62 км авто зам барилгын ажлын талбайд ажиллалаа. Тус замын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байна. 5 дугаар сараас нүүлгэн шилжүүлэлт, бэлтгэл ажлаа хангаж, зам барилгын ажлаа эхлүүлжээ.

1-152839-1739190900 Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжиж эхэлж буй Норовлин-Баян Уул чиглэлийн 68.3 км авто замын барилгын ажилтай танилцлаа. Гүйцэтгэгч байгууллагаар “Монгол зам” ХХК ажиллаж байна. Тус компанийнхан тавдугаар сарын сүүлчээс бэлтгэл хангаж, үндсэн зам барилгын ажлыг эхэлж, хөрс хуулалт, далангийн ажлыг гүйцэтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Норовлин сумын Засаг даргын орлогч Б.Одхүүтэй уулзаж замын компаниудын карьерын ажилд сум орон нутгаас тусалж, асуудлыг шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахыг хүсэв. Мөн тус сумын нутаг дэвсгэрт авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа Мотор сервис ХХК, Монгол зам ХХК-д орон нутгийн иргэдийг холбож, ажиллах хүч нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ.

1-152941-1993920737 Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

Хэнтий аймгийн Дадал сумын төв доторх 3.5 км бетон хучилттай авто замын барилгын ажил эхэлсэн. Тус замын гүйцэтгэгч Идэр ширэгү ХХК-ийн инженер техникийн ажилчид болон машин механизмийн нүүлгэн шилжүүлэлтийн ажил бүрэн дуусаж зам барилгын газар шорооны ажил 35 хувьтай явагдаж байна.

ХЭНТИЙН АЙМАГ УЛСЫН ЧАНАРТАЙ 726.1 КМ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭТЭЙ

Хэнтий аймаг нь Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй тус аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай таван чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламж байна. Үүний 372.1 км хатуу хучилттай, 189.0 км хайрган хучилттай, 165.0 км байгалийн хөрсөн авто зам ашиглагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Хэрлэн, Мөрөн, Цэнхэрмандал сум хатуу хучилттай улсын чанартай авто замаар холбогдсон. Батноров, Баян-Овоо, Норовлин сумд энэ жил эхэлж буй авто замын бүтээн байгуулалтын хүрээнд удахгүй хатуу хучилтгүй авто замаар холбогдоно.

1-153053-1561334110 Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай 5 чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламжыг “Харгуй” ТӨХК хариуцан байнгын бэлэн байдлыг хангуулж засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэ оны засварын ажил график төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.