Categories
мэдээ нийгэм

Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэллээ DNN.mn

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ.

Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан ням гаригт болно DNN.mn

“Үндэсний их баяр наадмын сорилго” барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны Ням гаригийн 12:00 цагаас болно.

Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уг барилдааныг “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй аж.

Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.

Үндэсний их баяр наадмаар 1.024 бөх барилдах юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ах нь сургаж, дүү нь сонсдог DNN.mn

Монгол ардын олон сайхан зүйр цэцэн үг бий. Тэдний нэг нь “Ах нь сургаж, дүү нь сонсдог” хэмээх үг. Сүүлийн үед хүмүүсийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл энэ үгийн эсрэг болсон мэт санагдах боллоо.

Атаман гэдэг ойлголт хэдэн арван жилийн өмнө байсан тухай ах нар ярьдаг. Нэгнийгээ дээрэлхэж бэлэн мөнгө, гутал хувцаснаас нь эхлээд дээрэмддэг байсан бүдүүлэг түүхээ бахархал мэтээр ярих нь бий. Бас болоогүй “Тухайн үеийн нийгэм нь л тийм байсан юм чинь” гэж өөрсдийгөө зөвтгөнө. Сүүлдээ бүр олны танил хүмүүс бага залуудаа нэгнээ дээрэлхэж, зодож, зодуулсан, автобус, такси, хоолны мөнгөө төлөхгүй зугтдаг байсан бараан түүхээ бахархал мэтээр олон нийтэд маазруулан ярьдаг болов. Тэд ингэж маазарч суухдаа дүү нартаа буруу үлгэр дуурайл болж байгаагаа мэддэггүй бололтой. Саяхан нэгэн коллежийн оюутнууд нэгнээ зодож дээрэлхэж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ нь дээд үеийнхнээсээ сурсан ингэж болдог гэдэг гэсэн ойлголтоо хэрэгжүүлж байгаа явдал. Ах нар нь буруу сургаж, дүү нар нь бурууг сурсны илэрхийлэл.

Уг нь одоогийн залууст дээд үеийнхнээс нь өвлөгдөж ирсэн энэ мэт муухай, буруу үлгэр дуурайл бүдгэрч, арилж л байгаа. Өнгөрсөн амралтын өдөр 30-аас дээш насны залуучуудын хүүхэд байхаасаа сонсож өссөн “ICE TOP” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн. Тоглолтын үеэр зарим үзэгч нь хоорондоо зодолдож, согтуурхаж, бүр мансууруулах төрлийн бодис хэрэглэж зүй бус авирласан тухай мэдээлэл гарсан. Мөн тоглолтын дараа Төв цэнгэлдэх хүрээлэн хогондоо дарагдаад үлдсэн нь цахим орчинд тавигдсан зургуудаас харагдав. Үүнээс хэдхэн хоногийн өмнө залуу үеийн уран бүтээлчид хамтран мөн л Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зуны зугаа” нэртэй тоглолтоо хийсэн. Тэр тоглолтын дараа элдэв бараан мэдээлэл, үзэгчид нь хогоо орхиод явсныг батлах зургууд харагдаагүй.

Харин энэ хоёр тоглолтын дараа монголчууд насны бүлгээрээ ямар их соёлын ялгаа гаргаж байгааг ярих хүн болон байна. Үүнээс үзвэл дүүдээ сургаж чадахгүй ах нар, зарим талаараа дүү нараасаа суралцах цаг иржээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид “Doorknock 2022” уулзалт зохион байгуулна DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Жэймс Лиотта УИХ-ын даргыг цаг зав гарган Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд тус танхим нь Улсын Их Хурал, түүний Тамгын газартай удаан хугацааны туршид үр өгөөжтэй хамтран ажилласан түүхтэй болохыг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчидтай тогтвортой, нягт хамтран ажиллаж байгааг дурдаж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, тууштай бүрдүүлэх зорилтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан. Иймд Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдээс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон үндэсний компаниудын Монгол Улсад бизнeс эрхлэх боломж, эрх зүйн орчны талаарх санал бодлыг нь сонсох, санал солилцоход таатай байх болно гэв.

Ноён Жэймс Лиотта хэлэхдээ, Монгол дахь Америкийн худалдааны танхимын даргын хувьд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Саяхан Нью-Йорк, Вашингтон ДиСи, Сан Франциско хотуудад бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих уулзалтуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 2022 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Doorknock 2022” уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Doorknock 2022 уулзалтад оролцож буй төлөөлөгчид нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, ялангуяа хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих зэрэг асуудлаар Монгол Улсын төрийн дээд байгууллага, холбогдох яамны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна гэв.

Талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн эдийн засгийн сорилт зэрэг сэдвүүдээр санал солилцлоо.

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цемент ачсан машин онхолдож, 36 настай эрэгтэй нас баржээ DNN.mn


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны Зээлтийн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн зүгт 21 км/-т Баян-Өлгий аймгийн төвөөс Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан том оврын ачааны автомашин /цемент ачсан/ онхолдсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 05:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан очиж “Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож иргэн О /36 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчид шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Бамбай хоншоорт могой суурьшлын бүсэд орж иржээ DNN.mn


Багануур дүүргийн гуравдугаар хорооны 60 дугаар байрны ойролцоо могой явж байна гэсэн дуудлагыг дагуу Онцгой байдлын хэлтсийн ГТУА-64 ангийн алба хаагчид хаягийн дагуу очиж тус байрны орцны хажууд могой байсныг аюулгүй болгон Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Бамбай хоншоорт нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Бамбай хоншоорт могой ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо.

1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм.

Тус төв ашиглалтад орсноор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжих үндэс бүрдэж байгааг онцоллоо.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан билээ. Энэ зорилтынхоо хүрээнд мод тарьж, ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц үйл ажиллагаа явуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийг байгуулахаар төлөвлөсөн байна.

Үүнд 1,000 тн хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 ашигт бактери бүхий үржил шимт хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын төслүүд багтаж байгаа юм.

Ашиглалтад орсон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим зэрэг хэсгээс бүрджээ.

Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм.

Цаашдаа тус төвд байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг нь гардууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ирэх 10 жилд 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Үүнд:

  • Мод-хүнсний хоршил бүхий өрхийн аж ахуйг дэмжих, говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро ойн зарчмаар 30 сая мод,
  • Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод,
  • Орхон, Булган аймаг орчимдоо 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Цолмон: Хүүг бүлэглэж зодсон нь нийтийн эрх, журмыг ноцтой зөрчсөн үйлдэл DNN.mn

Зургадугаар сарын 20-ны өдөр цахим сүлжээнд нэгэн хүү бусдад бүлэглэн зодуулж байгаа бичлэг тарсан билээ. Уг бичлэгт гарсан хүү Текник технологийн коллежийн хоёрдугаар курст сурдаг ба тухайн бичлэгт түүнийг зодож байгаа цагаан цамцтай хүүгийн хуучин найз охинтой үерхсэн гэдэг шалтгаанаар зодсон байна. Уг хэрэг Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны 12 дугаар байрны тоглоомын талбайд гарчээ. Энэ талаар хүүгийн ахтай холбогдож тодрууллаа.


-Тухайн үед юу болсон талаар дүү тань ямар нэгэн зүйл танд хэлээгүй юү?

-Дүүгээ бусдад зодуулсан талаар би мэдээгүй. Биднээс нуугаад өнгөрсөн байна лээ.

-Дүүд тань гаднаас харахад ямар нэгэн бэртэл гэмтэл байсан уу?

-Ил харагдах шарх, улайлт хөхрөлт байгаагүй. Дүү маань ч өөрөө нуусан болохоор мэдээгүй өнгөрсөн.

-Та энэ талаар хэзээ мэдэв?

-Нийгмийн сүлжээнд тархсан бичлэгээс л үзэж мэдлээ.

-Дүү нь одоо хаана юу хийж байгаа вэ?

-Хичээлийнх нь амралт ч таарч хөдөө айлд мал маллахаар явсан.

-Цагдаагийн газартай холбогдоход бичлэгт гарсан хүүхдийг олж тогтоосон. Хэргийг шалгаж байгаа гэсэн. Тантай холбоо тогтоосон уу?

-Холбогдсон. Өнөөдөр (өчигдөр) дүүг маань хөдөөнөөс цагдаагийнхан авчирсан. Шүүх эмнэлгээр үзүүлээд эгчтэй цуг ирж яваа.

-Та бүхэн хүсвэл хууль зүйн үнэгүй өмгөөлөл үзүүлэх хуульч бий. Гомдол гаргах уу?

-Эгч дүү хоёр Шүүх эмнэлгээс ирж яваа. Ирэхээр нь эгч, ах, дүүтэйгээ зөвлөлдөж байгаад гомдол гаргах эсэх, өмгөөлөгч авах эсэхээ шийдье.

-Дүү нь хотод нагац эгчийндээ байдаг гэсэн үү?

-Тийм. Бид ах, эгч нарынхаараа байдаг. Тухайн үед дүү маань манай нагац эгчийнд байсан. Байнга уулзаад байж чаддаггүй болохоор ийм хэрэг гарсныг мэдээгүй өнгөрсөн байна гэв.

Тухайн бичлэгт гарснаар хүүг зодож байгаа хүүхдүүд долуулаа байсан аж. Зодож байгаа цагаан цамцтай хүүг М гэдэг. “Сэтгэмж” цогцолбор сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнө Япон-Монголын хамтарсан сургууль руу шилжжээ.


Танхайрах зүйл ангиар эрүү үүсэх ёстой


Бичлэг хийсэн болоод хамт байсан хүүхдүүдэд ямар нэгэн хуулийн хариуцлага тооцох эсэх болон бүлэглэн танхайн хэрэг мөн эсэхийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Цолмоноос тодрууллаа.


-Та тухайн хүүхдийн зодуулж буй бичлэгийг үзсэн үү. Хууль зүйн үдэслэлээр тайлбарлан авч үзвэл ямар зөрчил илэрч байна вэ. Бүлэглэн танхайрсан гэмт хэрэг гэж үзэх үү?

-Үзсэн. Энэ нь тухайн хүүхэд хэр хэмжээний гэмтэл бэртэл авснаас шалтгаална. Хэдий зодуулсан ч огт гэмтэл аваагүй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Хэрэв гэмтэл учраагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дахь зүйлийн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан гэсэн үг. Нийтийн эрх, журмыг бүлэглэн зөрчсөн үйлдлээрээ арга хэмжээ авахуулах ёстой. Энэ нь 1-5 жил хүртэлх хугацаагаар зорьчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялд дайчлагдах байх. Мөн хохирогч хүүхдийн биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гээд гэмтлийн гурван зэргээс ямар нэгэн бэртэл учирсан бол давхар зүйлчлэгдээд явдаг. Энэ нь хөнгөн гэмтэл учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1 гэдэг зүйл анги давхар 20.16-тай зүйлчлэгдээд ялын хэмжээ өсөөд явна гэсэн үг. Уг бичлэгээс үзэхэд зодож байгаа хоёр хүүхдэд шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 буюу танхайрах зүйл ангиар эрүү үүсэх ёстой.

-Тэгвэл тухайн хүүхдийг зодуулж байхад туслалцаа үзүүлэлгүй харж суусан болон бичлэг хийж байгаа хүүхдэд эрүү үүсгэх ёстой юу?

-Одоогоор ямар нэгэн эрүү үүсгэх боломжгүй. Өмнөх 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед тусламж үзүүлээгүй, холбогдох байгууллагад мэдээлэл өгөөгүй тохиолдолд хариуцлага тооцдог байсан. Харин 2015 оноос дагаж мөрдөж байгаа шинэчлэн найруулсан хуульд харж зогссон хүүхдүүдэд цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад мэдээлээгүйгээс болж арга хэмжээ авахуулна гэсэн зүйл заалт байхгүй.

-Энэ хүүхэд өөрөө ямар нэгэн байдлаар гомдол гаргахгүй тохиолдолд яах вэ?

-Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэсэн мэдээлэл явж байна лээ. Гомдолтой, гомдолгүй эсэхээс шалтгаалахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 гэдэг зүйл заалт дээр арга хэмжээ авахуулах ёстой. Хүүхэд өөрөө гомдолтой гэж үзээд ямар нэгэн байдлаар хууль зүйн туслалцаа авах шаардлагатай бол өмгөөлөгчтэй холбогдоод учирсан хохирлыг бүрэн тогтоолгох боломжтой.

-Уг хэрэг 2-3 сарын өмнө гарсан юм шиг байна. Хохирлыг шүүх эмнэлгээр тогтоолгоход хугацаа алдсанаас шалтгаалан учирсан гэмтэл бэртэл нь бүрэн гүйцэд тодорхойлогдох болов уу?

-Үр дүн муутай ч тухайн үед зодуулснаас болоод ил булчирхайн шарх гэмтэл учирсныг, түүнийхээ зургийг аваад баримтжуулчихсан байхыг үгүйсгэхгүй. Мөн гэмтлээс улбаатай ужиг үүссэн байх магадлалтай. Тиймээс Шүүх эмнэлэгт заавал үзүүлэх хэрэгтэй.

-Нэгэнт тус хэргийг гэрчлэх бичлэг олон нийтэд цацагдчихсан. Энэ нь уг хэргийг гэрчлэх хөдөлшгүй баримт болно гэсэн үг биз дээ?

-Тийм. Тухайн бичлэг шууд бүрэн эрхээрээ авагдах ёстой.

-Хэрэв тухайн хүүхэд зодуулж байгаад тэсэхээ байгаад харилцан зодоон үүсгэсэн бол ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх үү?

-Хэрвээ зодож байгаа хоёр хүүхдийнхээ нэгийг гэмтээсэн бол хариуцлага хүлээлгэх асуудал бас яригдана. Гэхдээ хуулийн аргагүй хамгаалалт, биеэ хамгаалж байгаа нөхцөл байдал гээд маш олон ярвигтай асуудал яригдана.

-Шинэ хуулийн зохицуулалтаар аргагүй хамгаалалт гэдэг зүйл заалт байхгүй болчихсон гэх юм. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Ямар ч тохиолдолд аргагүй хамгаалалт гэж зүйл байгаа. Хүн хэн нэгэнд алуулах гэж байвал ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаална. Хүн амьд явах эрхтэй гэсэн Үндсэн хуулиар заасан эрх бий. Тэгэхээр өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд, эрүүл мэндээ хамгаалах ямар нэгэн үйлдэл хийхийг буруутгаж үзэх аргагүй.

-Шинэ хуулиндаа аргагүй хамгаалалтын талаар юу гэж заасан байдаг вэ?

-Аргагүй хамгаалалт гэж зүйл заалт бий. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл. Өөрийн, эсвэл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгасан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохгүй. Нэг ёсондоо өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хийж байгаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан байна. Гэхдээ аргагүй хамгаалалтыг хэтрүүлэх гэж бас нэг ойлголт байгаа.

-Хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

-Хэтрүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Гэмт хэрэг таслан зогсоогдчихсон, нөхцөл байдал дууссаны дараа үргэлжлүүлэн довтолгооноо хийх байдлаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэмтэл учруулсан бол аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж үздэг. Тэгэхээр тэр хүүхэд аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн тохиолдолд өөрөө эргээд хариуцлага хүлээнэ. Өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ. Түүнийг хэтрүүлж болохгүй. Тэгэхээр түүнд бол хуулийн хариуцлага тооцохгүй. Хэрэв тэр хүү болон ар гэрээс нь над руу холбогдоод хууль зүйн тусламж хүсвэл ямар нэгэн үнэ төлбөргүйгээр хууль зүйн өмгөөлөл үзүүлнэ. Та бүхэн үүнийг дамжуулаад өгөөрэй.

Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Тухайн бичлэгт гарсан хүүхдүүдийг олж тогтоосон. Одоогоор мөрдөн шалгалтын ажил явагдаж байна. Өнөөдөр (өчигдөр) хохирогч хүүг авчрахаар Цагдаагийн байгууллагаас хүн томилоод авчруулсан байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй салхины улмаас 32 тонны даацтай кран унажээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Улаанбаатар Импекс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тонны даацтай вандан кран энэ сарын 18-ны өдөр салхинд туугдан унажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл тогтоогдсон. Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учраагүй байна.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Солонгос улс дэлхийн сансрын гүрэн боллоо DNN.mn

Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгос улс дотооддоо бүтээсэн Нүри пуужинг сансарт амжилттай хөөргөлөө.

Гурван үе давхаргатай Нүри пуужин өчигдөр үдээс хойш тус улсын өмнөд эргээс холгүй жижиг арал дээр оршдог Наро Сансрын Төвөөс хөөрсөн байна.

Улмаар 14 минутын дараа 700 км өндөрт хүрснийхээ дараа туршилтын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулжээ.

“Солонгост бүтээсэн сансрын пуужин Нүри амжилттай хөөрлөө. Бид улс орныхоо шинжлэх ухаан, технологийн түүхэнд шинэ хуудас нээж байна” гэж Өмнөд Солонгосын шинжлэх ухааны сайд И Жон Хо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

зураг

Нүри пуужинг хөөргөх эхний оролдлого өнгөрсөн оны аравдугаар сард амжилтгүй болж байжээ.

Тухайн үед пуужин газраас дээш 700 км өндөрт хүрсэн ч гэмтлийн улмаас хиймэл дагуулаа тойрог замд байрлуулж чадаагүй юм.

Өчигдрийн амжилттай хөөргөлтийн дараа Өмнөд Солонгос нь нэг тонноос дээш жинтэй хиймэл дагуулыг тойрог замд хүргэж чадсан дэлхийн долоо дахь улс болж, АНУ, ОХУ, Хятад, Япон, Европын Холбоо, Энэтхэгийн дараа түүхэнд бичигдэж байна.

Бас өөрийн хөгжүүлсэн технологийн тусламжтай сансарт ачаа тээвэрлэсэн дэлхийн арав дахь улс болж байгаа ажээ.

Одоо тус улс ирэх таван жилийн хугацаанд Нүри пуужинг дөрвөн удаа сансарт хөөргөх ба 2030 онд сар руу судалгааны станц илгээхээр төлөвлөж байна.

Ингэснээр Өмнөд Солонгос нь хөрш Умард Солонгосоос сансрын технологиор илүүрхэх боломжтой болж байгаа. Умард Солонгосын хувьд 2012, 2016 онуудад дэлхийг тойрог замаас ажиглах хиймэл дагуулуудыг хөөргөж байсан ч тэдгээр нь ажиллаж байгаа гэсэн баталгаа одоог хүртэл байхгүй байна.

Өмнөд Солонгосын хувьд 1990-ээд оноос хойш хэд хэдэн хиймэл дагуул сансарт хөөргөхдөө үргэлж бусад улсын пуужинд дайгддаг байжээ.