Categories
мэдээ нийгэм

Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төлсийг эцэслэн баталлаа DNN.mn

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.06.03/ УИХ-аар хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хийлээ. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Саранчимэг, Х.Болорчулуун нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 2 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу 3 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 72.7 хувийн саналаар тус тус дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

Ингээд, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтаар төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 30.1, 30.4, 30.5, 30.6, 30.7 дахь хэсгийг өөрчлөн найруулах санал дэмжигдсэн. Санал дэмжигдсэнээр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан үрийг ашиглах бөгөөд үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах болов. Мөн итгэмжлэгдсэн лаборатори ойн үрийн улсын нөөцийн санд нийлүүлэх болон худалдан борлуулах ойн үрийн шинжилгээ хийж, чанарын гэрчилгээ олгох бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үрийг худалдах, импортлохыг хориглох юм байна.

Санал хураалтаар аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх санал дэмжигдсэн.

Түүнчлэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

МХЕГ: Эмээлтийн 20 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон DNN.mn

Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа. Өчигдрийн байдлаар 10 компанийн үйлдвэрт 17 лац тавьсан гэдгийг Харин МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлсэн юм.

Харин өнөөдрийн байдлаар нийт 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавьж битүүмжлээд байгаа талаар МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын 241485 жуулчин хүлээн авсан байна DNN.mn

Камбож улс энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 241,485 гадаадын жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 191 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Аялал жуулчлалын яамны Статистикийн газрын захирал Конг Соферек пүрэв гарагт мэдээлэв.

Тэрбээр хэвлэлд зориулсан мэдээлэлдээ “энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Камбож улсад ирсэн гадаадын жуулчдын 54.6 хувь буюу 131,864 жуулчин агаарын тээврээр ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 244 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт ирсэн жуулчдыг улсаар нь авч үзвэл Вьетнам, Тайланд, Хятад улсын аялагчид хамгийн их ирсэн байна” гэдгийг онцолжээ.

Камбож улсын аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн гол эх үүсвэрүүдийн нэг юм. Аялал жуулчлалын салбар нь цар тахлын өмнөх үед буюу 2019 онд 6.6 сая гадаадын жуулчин хүлээн авч, 4.92 тэрбум ам.долларын орлого олж байжээ. Иймд хорио цээрийн дэглэмийг цуцлах бодлого хэрэгжүүлснээр 2022 онд гадаадын 800 мянгаас 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон дагалдах 31 хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Польш улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна DNN.mn

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау нь 2022 оны зургаадугаар сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн тэргүүн нарт бараалхана.

Уулзалтын үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Энэ удаагийн айлчлал нь Польшийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд Монгол Улсад анх айлчилж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос хөл хориогоо цуцалжээ DNN.mn

Тавдугаар сард коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн бүхий л хориг, хязгаарлалтыг Хойд Солонгос цуцалсан гэнэ. Энэ талаар БНАСАУ дахь Оросын Элчин сайдын яам мэдээлжээ.

Дипломат төлөөлөгчийн газрын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос эхлэн ЭСЯ-ны ажилтнуудыг гадагш гарч, хүнс худалдан авахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйл ажиллагаа сэргэж, хүмүүс чөлөөтэй зорчин, дэлгүүр, зах, худалдааны төвүүд нээгджээ. Оросын ЭСЯ-ын мэдээлснээр, Пхеньянд коронавирусийн халдварын нөхцөл байдал хяналтад орсон, харин орон нутгуудаар хөл хорио, хязгаарлалт үргэлжилж байгаа гэнэ.

Эргэн сануулахад, Хойд Солонгост хөл хорио тогтоох болсон талаар тавдугаар сарын 12-ны өдөр зарласан. Тухайн өдөр Хойд Солонгосын эрх баригчид улс оронд нь коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрч байв. Албан ёсны мэдээллээр, дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойш энэ улсад халдварын тохиолдол дөрвөн сая орчим бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгт 144997 иргэн хамрагджээ DNN.mn

ЭМЯ-наас коронавирус халдвар, урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 01-нээс эхлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт улсын хэмжээнд нийт 144 997 иргэн хамрагдсан байна.

…Хоол хүнсний гаралтай өвчлөл хэд хэдэн янзаар тохиолддог. Хүнсний аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт буруу явагдсан, үйлдвэрлэлийн явцад эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахтай холбогдуулан халдварууд бүртгэгддэг. Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэдэсний халдварын тохиолдлын тоо жил бүрийн дулааны улиралд нэмэгддэг. Ийм учраас манай иргэд аялал зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн сонгох зөв хадгалах, тээвэрлэхэд онцгой анхаарах ёстой. Мөн хүнсний үйлдвэр үйлчилгээний байгууллагууд үйлдвэрлэлийн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэлээ явуулах ёстой” гэж мэдээллээ.

Categories
мэдээ спорт

А.Энхтуул: Шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг DNN.mn

Олон улсын шатрын их мастер, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч А.Энхтуултай ярилцлаа.


-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнд алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе. Энэхүү шатрын шинжлэх ухаан, спортоор хэрхэн хичээллэх болсон тухайгаа хуваалцахгүй юу. Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Баярлалаа. Би багадаа дуулдаг, драм уншдаг, төгөлдөр хуур тоглодог урлагийн чиглэлтэй хүүхэд байсан. Тухайн үед Цоглог студи, Хүүхдийн ордны хүүхдийн багт наадам зэрэг болдог байх үед тоглолтод оролцдог байлаа. Нэг өдөр манай төгөлдөр хуурын Бүжинлхам багш маань манай ээжид ийм шатрын дугуйлан байна, та охиноо явуулаад үзээч гэж санал тавихад ээж намайг явуулж байсан. Ингэж л шатрын спортод орж байсан даа. Хамгийн сүүлд шатар бол миний явах чиг байна гэж тууштай хичээллэсэн.

-Та анх хэдэн настайдаа, ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Хамгийн анх өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн настай байхдаа оролцон, нийт есөн өргөөс 1.5 оноо авч байсан.

-Шатар тоглож сурч байх үед шатрын нүүдлээ заалгахаас эхлүүлэн багшийн үүрэг их чухал шүү дээ. Таны хувьд хэн гэдэг багшаар удирдуулан шатрыг сурч байв?

-Миний хамгийн анхны шатрын багшийг “Төр Монгол” шатрын клубийн дасгалжуулагч Ц.Батболд гэдэг. Багш минь бага ангийн сурган хүмүүжүүлэгч байсан. Багш маань одоогоор Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Багануур дүүргийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Үүний дараагаар Монгол Улсын гавьяат жүжигчин олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшийн шавь болсон цаг үеэс хойш 16 жил хамт байна. Мөн Москвад суралцах хугацаандаа орос дасгалжуулагч нартай ажилласан.

-Та өөрийн гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-Би шатраар хичээллээд 19 жил болж байна. Энэ хугацаанд улсын, тив дэлхийн олон тэмцээнд оролцсон. Хамгийн их сэтгэлд хоногшсон тэмцээнүүдээс дурдвал 14 настай байхдаа Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад оролцдог шигшээ багт шалгаран багийн хамт Герман улсын Дрезден хотод зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 38 дугаар олимпиадад оролцсон. Багийн тэмцээнүүдэд нэгнийгээ тоглуулахын тулд өнжих ёстой байдаг ч миний хувьд өнжөөгүй. Маш амжилттайгаар оролцон багтаа их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Тухайн үед олимпиад таван ангилалд хуваагдан зохиогддогийн C ангилалд тэргүүн байр эзэлж байсан. Нэг ангилалд нэг л байрыг шалгаруулдаг. Мөн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаагаа тэргүүн байр эзэлсэн. Өсвөрийн тамирчин байхдаа арван жил тасраад байсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийг эх орондоо авчирсан. Энэ үедээ мэргэжлийн гэж яригддаг насанд хүрэгчдийн ангилалд орос дасгалжуулагчынхаа заавар зөвлөгөөг даган хүрэл медаль хүртэж байсан. Эдгээр нь миний сэтгэлд их хоногшсон амжилтууд маань юм. Энэ жилийн улсын аварга насанд хүрэгчдийн шигшээ Монголын шилдэг шатарчид оролцдог тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн минь үнэхээр бахдам амжилт.

-Таны хувьд шатрын шинжлэх ухаан гэж юуг ойлгодог вэ?

-Шатар бол математикийн шинжлэх ухаантай харьцуулан яривал математик томьёоллоор бодон тооны хариуг гаргадаг бол шатар онол хэрэглэдэг. Шатарт бид эхний гараанд заавал онол хэрэглэдэг. Гэхдээ их өвөрмөц. Шатар нь гараа, дунд, төгсгөл гэсэн гурван үе шаттай. Дунд үед тухайн хүний ухаан юуг сэтгэж өөрийн дүрсийг хэрхэн удирдаж байгаа зэрэг нь их гайхалтай. Тиймээс шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг. Шатар бол дуусашгүй, хязгаар нь үл үзэгдэх тийм л шинжлэх ухаан. Их сэтгэл хөдөлгөм байдаг.

-Та Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан гэсэн үү. Энэ тухай тодруулахгүй юу?

-2015 онд Азийн шатрын холбоо болон Арабын нэгдсэн Эмират улсын Алейн шатрын клубт ажиллах урилга надад ирсэн. Азийн шатрын холбоонд ажиллаж байх үедээ олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах болон Алейн шатрын клубт дасгалжуулагч хийдэг байсан. Эндээс миний ажил амьдралын минь гараа эхэлсэн. Шатартай холбоотой ажил хийж эхлүүлсэндээ гэж өөрийгөө их азтайд тооцдог. Бага наснаасаа хичээллэж дуртай байсан спортоо өөрийн амьдрах эх үүсвэр болгож явах нь хэн бүхэнд тохиохгүй. Азийн шатрын холбоонд ажилласнаараа дэлхийн олон алдартай шатарчидтай танилцан, тэмцээнд урих, холбоо харилцаатай байх зэрэг боломжууд нээгдсэн.

-Сурагчиддаа юуг захиж, зөвлөдөг вэ?

-Би шавь нарт гэхээс илүүтэйгээр юун түрүүнд эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Хамгийн эхэнд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Шатрын спортоор тууштай хичээллэх үү, эсвэл өмнө хэлсэнчлэн хаана ч очсон хүнтэй тоглочихдог хэмжээнд сурах юм уу гэж эцэг эхчүүдээс асуудаг. Яагаад гэвэл хүмүүс шатрын клубт ирэхээр амархан хурдан сурч, нэг, хоёр сараас тэмцээн уралдаанд оролцож амжилт гарган мэргэжлийн тамирчин шиг болдог гэж ойлгодог. Гэтэл энэ нь эсрэгээрээ. Хүн харахад амархан юм шиг ч биеэр туулахад их хэцүү, олон жилийн хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг спорт. Шавь нартаа хожиж, хожигдох нь чухал биш, сайн тоглолт өрөг гаргаж, бэлтгэлээ хийх нь чухал. Аливаа зүйлд яаралгүйгээр тайван бодож, сэтгэлээ тогтоох нь их чухал гэж зөвлөдөг дөө.

-Шатарчин бүр өөрийн өргийн санг бүрдүүлсэн байдаг гэсэн үү?

-Тийм. Шатарчин хүн ер нь өөрийн тоглосон өргөө үргэлж тэмдэглэж явдаг. Миний хувьд ч ялгаагүй өөрийн шатрын программ дээр өргөө бичиж тэмдэглэн хадгалдаг. Мөн Монгол Улсын болон дэлхийн бүх орны өргүүд Chess­base олон улсын шатрын программд автоматаар хадгалагдаж байдаг. Бидний олон улсын тэмцээнд тоглож буй бүх өргүүд автоматаар хадгалагдан өргийн сан бүртгэгдэж байдаг. Энэ нь өнгөрсөн үетэй харьцуулахад ямар тоглогч хэрхэн тоглосон талаар орж харахад амархан болсон.

-Та шатар сонирхогч залууст юуг зөвлөх вэ. Шатраар хичээллэж эхэлж буй залуус юунд анхаарах хэрэгтэй байдаг юм бол?

-Шатар сонирхож буй хүүхэд, залууст хандаж хэлэхэд шатар гэдэг нь ганцхан спорт биш. Шатрын дэлхийн аварга Анатолий Карпов “Шатар бол шинжлэх ухаан, урлаг спортын цогц” гэж хэлсэн байдаг. Би шатрыг спорт гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухаан талаас нь харж авч үздэг. Учир нь шатрын 64 буудал дээр хэний ч бодолд буумгүй уран сайхан нүүдлүүд тоглогдож, тооцоолон боддог юм. Шатар нь анхаарал сайжруулах, тэвчээртэй болгодог гэх мэтчилэн хүмүүс их ярьдаг. Миний хувьд олон жилийн турш тоглосноор шийдвэр гаргах чадварт сургадаг юм болов уу гэж боддог. Шатрын спорт хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг. Өөрийн сэтгэл зүйн байдлаас хамааран шатрын гараагаа сонгох тал бий. Шатар бол их сонирхолтой. Тиймээс энэ шинжлэх ухаанаар мастер болтлоо хичээллэдэггүй юм аа гэхэд тодорхой хэмжээнд тоглочихдог, тэмцээн уралдаанд оролцдог түвшинд сурвал илүүдэхгүй шүү гэж хэлье.

-Шатар тоглох нь хүүхэд болон хүнд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж хөгжүүлдэг вэ?

-Шатар тоглоно гэдэг нь их цаг хугацаа, оюуны ачааллыг шаарддаг. Төсөөлөн бодох чадвар их сайжирсан байдаг. Шатарчид магадлалын онолоор юмсыг хардаг. Шатар тоглох нь хүний зургаа дахь мэдрэхүйг нээж, хөгжүүлдэг. Шатар тоглодог хүмүүс мэдрэмжтэй, зөнтэй болж, урьдаас таамагладаг гэж их ярьдаг. Учир нь бид шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож өрсөлдөгчийнхөө нүүх болов уу гэж бодсон нүүдлийг хийдэг. Бүгдийг зөвхөн толгойдоо хийсвэрээр сэтгэж, төсөөлөн боддог учраас эдгээр ур чадварууд нэмэгддэг гэж боддог. Тэр ч утгаараа урьдчилан таамаглах, тооцоолоход шатарчид сайн байдаг юм болов уу гэж анзаарагддаг. Шатар оюун ухааныг олон талаас нь задалж өгдөг. Хүүхдийг хайрцагласан сэтгэлгээнд оруулалгүй, өөрөө чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог учраас хоёр тархи зэрэг хөгждөг.

-Хүүхдийг хэдэн наснаас нь эхлүүлэн шатрын спортоор хичээллүүлэх нь тохиромжтой вэ?

-Хүүхдийг шатраар тууштай хичээллүүлье гэж бодож байвал аль болох эрт хичээллүүлж эхлэх нь сайн. Бага насны хүүхдийг хамгийн эртдээ таван настайгаас эхлүүлэх нь тохиромжтой. Зарим эцэг эхчүүд 3, 4 настай хүүхдүүдэд шатар заалгах гээд байдаг. Гурав, дөрвөн нас гэдэг нь хорвоо ертөнцтэй танилцан явж байх нас шүү дээ. Энэ үедээ шатар сурч явах нь зохимжгүй санагддаг. Хамгийн эртдээ таван настайгаас шатраар хичээллүүлж эхэлбэл ирээдүйд өндөр амжилтад хүрэх магадлалтай. Аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтдоггүйтэй адил шатрыг хэдэн ч наснаас сурч болно.

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шиг би зарим тохиолдолд өглөө 05:00 цагт босон шатраа бэлдэн хичээллэдэг байсан. Тиймээс зорилгоо зөв тодорхойлон хэрхэн амжилтад хүрэх, ямар учраас шатар сурах гэж байгаагаа ойлгочихвол хэзээ эхлэх нь хувь хүний сонголт юм.

-Монгол Улс шатрын спортоор олон улсад ямар түвшинд байгаа вэ?

-Олон улсын шатрын холбоо буюу дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 184 орноос манай улс нийт шатарчдын дундаж чансаагаар 54 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Жил ирэх тусам л манай шатарчдын чансаа бага багаар өсч байгаа. Энэ нь манайд шатрын спорт хөгжиж байгааг илтгэж байгаа болов уу гэж хардаг. Бидний үетэй харьцуулахад олон хүүхэд шатраар хичээллэж, гадны орон руу тэмцээнд явж буй хүүхдүүдийн тоог харахад үргэлж нэмэгдсэн харагддаг. Манай шатарчид тив дэлхийд тэмцээн уралдаанд оролцоход 50 хувиас дээш амжилт үзүүлдэг. Тиймээс бидний олон улсад үнэлэгдэх чансаа жил ирэх тусам нэмэгдэнэ гэдэгт их итгэлтэй байдаг.

Мөн намайг шатрын их спортод хөл тавиулсан анхны дасгалжуулагч Ц.Батболд багшдаа, 16 жил надтай хамт байж миний төлөө зүтгэсээр байгаа гавьяат дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшдаа, дэд мастер байхаас минь дэмжсэн Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Далай ах, “Их заргач” клубийн дасгалжуулагч их мастер н.Мөнхгал ах, хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай Дотоодын Цэргийн 805 дугаар ангийн хамт олон зэрэг хүмүүстээ баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

Монгол Улсын шигшээ баг тамирчид удахгүй долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны өдрийн хооронд Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдох Дэлхийн шатрын олимпиадад оролцоно. Олимпиад нь коронавирус цар тахлын дараагаар тив дэлхийн шилдэг шатарчид цуглан тоглох гэж байгаа нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тэмцээн болох байх гэж бодож байна. Монгол Улсын шигшээ баг тамирчид хичээж оролцох болно.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 179 жолооч согтуугаар жолоо барьж, 192 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1715, хулгайтай холбоотой 19, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 124, гэмт хэргийн шинжтэй 90 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 179, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 149, хүний биед халдсан 67, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 117, эрүүлжүүлэх байранд хоносон 192, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 52 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: Одоогоор алтан донор найм, мөнгөн донор 50 байна DNN.mn

Сар бүрийн 3-ны өдрий цусаа бэлэглэх өдөр болгон тэмдэглэдэг бол өнөөдөр 87 дахь удаагийн “Цусаа бэлэглэх өдөр” тохиож байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Уг арга хэмжээний үеэр 70 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор Ц.Амарсанаа “ХҮРЭЛ ДОНОР” цол тэмдэг, “Хүндэт донор” Б.Долгормаа “Бахархал 50”, Г.Гэлэгдорж, Б.Өнөрцэцэг нарт “Бахархал 40” тэмдэг, мен цусны донор Б.Хүдэртулга, Ч.Дхагвасүрэн, Т.Баярсайхан нарт “Бахархал 30” “Бахархал 20”, “Бахархал 10” тэмдгийг тус тус гардууллаа.

Тайлбар байхгүй.

Ч.Амарсанаа (Хүрэл донор): Би 2011 оны наймдугаар сарын 29-ний өдөр анх цусаа өгсөн. Одоо 11 дахь жилдээ цусаа бэлэглэж байна. 2016 онд “Хүндэт донор” болсон бол өнөөдөр “Хүрэл донор” боллоо. Маш их баяртай байна. Цаашлаад алтан донор, топ донор болох болно оо. Цусаа өгснөөр хүн өөрийгөө эрүүл гэдгийг мэдэх боломжтой байдаг бөгөөд зүрхний үйл ажиллагаанд их сайн. Цаашлаад цус хэрэгтэй, шаардлагатай өвчтөнүүдэд тусалж байгаа хэрэг. Мөн 1-дүгээр бүлгийн цустай хүнийг зөвхөн донор гэж ойлгож болохгүй. Цусаа өгч буй бүх хүмүүс донор. Би ойр тойрны хүмүүстээ байнга цусаа бэлэглэхийг уриалж, цааш нь түгээдэг.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

150-аас олон удаа цусаа бэлэглэсэн алтан донор 8 байгаа бол 100-аас олон удаа цусаа бэлэглэсэн мөнгөн донор 50 гаруй байна.

Тайлбар байхгүй.

2022 оны 5 сарын статистик үзүүлэлтээр цус цуглуулалт 2020 оны мөн үеэс 448 нэгж буюу 19 хувь, 2021 оны мөн үеэс 826 нэгж буюу 43 хувиар өссөн үзүүлэлтэй. Хөдөлгөөнт хэлбэрээр цус цуглуулалт 2020 оны мөн үеэс 240 нэгж буюу 33 хувиар, 2021 оны мен үеэс 551 нэгж буюу 134 хувиар өссөн үзүүлэлтэй, Суурин хэлбэрийн цус цуглуулалт 2020 оны мен үеэс 208 нэгж буюу 13 хувиар, 2021 оны мөн үеэс 275 нэгж буюу 18 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж.

Тайлбар байхгүй.

Н.Эрдэнэбаяр (ЦССҮТөвийн захирал): Монгол улсад цусны алба үүсч хөгжөөд 60 дахь жилдээ золгож байна. Энэ хугацаанд 150 мянга орчим хүн цусаа бэлэглэсэн. Мөн 50-аас дээш насны донорууд жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 35 хүртэлх насны залуучууд 75 хувийг эзэлж байна. Ковидын хатуу хөл хорио, олон давлагаа явсан нь цусны нөөц, аюулгүй байдлыг хангахад тодорхой хэмжээнд шалгуур болсон. Донорын тоо ковидгүй байх үеэс илүү нэмэгдсэн. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 36 мянган донор цусаа өгсний 27,260 нь Улаанбаатар хотоос өгсөн байдаг. Энэ жилийн эхний улирлын байдлаар авч үзхэд 4сард цуглуулна гэж тооцоолсон цусыг 3 сард цуглуулсан нь 30 гаруй хувиар нэмэгдсэн сайн үзүүлэлттэй. Бусдын төлөө цусаа өгдөг ачтан донорууддаа баярлалаа.

Тайлбар байхгүй.

2022 оны 05 сарын цус, цусан бүтээдэхүүний үйлдвэрлэл 2020 оны мөн үеэс 1120 нэгж буюу 16 хувиар, 2021 оны мөн үеэс 771 нэгж буюу 37 хувиар өссөн үзүүлэлтэй, эмнэлэгт олгосон цус, цусан бүтээдэхүүний хэмжээ 2020 оны мөн үеэс 70 нэгж буюу 1 хувиар, 2021 оны мен үеэс 246 нэгж буюу 5 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

М.САЙНЗАЯА