Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр дуусна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-ны өдөр эхэлж, өнөөдөр өндөрлөж байна. (2022.05.08)

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулж байгаа аж. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль.
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.

Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн цэргийн штаб бэлтгэлээ хангаж, УОК-ын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлэг анхны добутамин эмтэй стресс ЭХО оношилгоог амжилттай хийжээ DNN.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний эмтэй стресс ЭХО шинжилгээг үйлчилгээндээ нэвтрүүлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Мэдэгдэлд

“2022 оны тавдугаар сарын тавны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судлал, зүрхний шигдээсийн эмч, сувилагч мэргэжилтнүүд Люксембургийн Их Гүнт улсаас уригдан ирсэн зочин профессорын багийнхантай хамтран добутамин эмтэй стресс ЭХО шинжилгээний анхны оношилгоог амжилттай хийлээ.

Шинжилгээнд зүрхний хуучин шигдээстэй, тэлэгч стент тавих боломжгүй, зүрхний ердийн ЭХО-д зүүн титмийн артерийн зоноор ханын хөдөлгөөн буурсан, эмчилгээнд орохоор төлөвлөгдсөн хоёр эмчлүүлэгчид эмчилгээний тактик сонгох, эмчилгээний гарах үр дүн үнэлэх зорилгоор добутамин эмтэй стресс эхо оношилгоог амжилттай хийсэн бөгөөд шинжилгээний дүнд мэс засал хийх эсэх шийдвэр, мэс заслын дараах эмчилгээний үр дүнг таамаглахад чухал ач холбогдолтой мэдээллүүдийг олж авч чадлаа” гэсэн юм.

Зүрхний стрессийн эхокардиографийн шинжилгээ дасгалын болон эмийн ачаалалтай гэж хоёр төрөл байдаг. Энэ хоёр шинжилгээ зүрхний булчингийн хөдөлгөөн, цусны урсгалын өөрчлөлтийг шалгадаг шинжилгээний аргууд юм.

Добутамин эмийн бодисоор зүрхэнд ачаалал үүсгэн, аортын нарийсал, болон зүрхний булчингийн цус хомсролын хүндрэлийн зэргийг үнэлдэг ба добутамин нь зүрхний булчингийн эсэд нөлөөлж, агшилтын хүчийг нэмэгдүүлж, улмаар зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

Ялангуяа зүрхний үйл ажиллагаа буурсан гол судасны нарийслын үед ердийн зүрхний эхокардиографийн шинжилгээгээр өвчний хүндийн зэргийг нарийн тодорхойлох боломжгүй байдаг бол добутаминыг ашиглан гол судасны нарийслыг илүү нарийвчлалтай оношлох боломжийг бүрдүүлдэг.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүснэ. Салхи, шороон шуургатай байхыг анхааруулав.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө говь, зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Идэр, Завхан, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Энэ сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 9-нд ихэнх нутгаар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй DNN.mn

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил үргэлжилсээр буй. Тэгвэл өнөөдөр /2022.05.08/ буюу Ням гаригт дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Харин маргаашнаас эхлэн төлөвлөлтийн дагуу ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатарын талбайд өнөөдөр хөлбөмбөгийн тэмцээн болно DNN.mn

Улаанбаатар хотын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болно. Тодруулбал, Сүхбаатарын талбайд байгуулсан 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбайд тавдугаар сарын 8-ны өдөр тус тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээнд нийслэл хотын 9 дүүргийн шигшээ багууд оролцох юм. Аваргын цомыг хүртсэн дүүргийн шигшээ баг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай үндэсний цомын төлөөх финалын нэг тоглоно.

Categories
мэдээ цаг-үе

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хөтөлбөрөөр 10 сая төгрөгийн санхүүжилт олгоно DNN.mn

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой. Тодруулбал,

  • Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж байгаа
  • Ажилгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа
  • Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй
  • Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд тус хөтөлбөрт хүсэлтээ илгээж болох аж. Түүнчлэн мэргэжлийн сургалтын байгууллага болон ажил олгогч байгууллагууд үүнд багтаж байна.

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүрээнд

  • Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
  • Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
  • Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн 4 болон 9 дүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ба санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.
Дээрх хөтөлбөрийн төсөл хүлээн авах хугацаа тавдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Дэндэвийн Пүрэвдорж найрагчийг эргэн дурсахуй DNN.mn

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад, Ардын жүжигчин П.Хаянхярваа нар


“Хөх үндэсний гал” найргийн наадам

Хоёр мянга арван гурван оны өвлийн цагаан будан татсан гэрэлт өдөр Өвөрхангай аймгийн театрт Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит “Болор цом” наадмыг жулдрайхан би эхлүүлж байлаа. Үндсэндээ түрүү жилийн эзэн дараа жилийнхээ цомыг нээдэг тэрхүү уламжлалын дагуу 30 жилийнх нь тэгш ойд түрүүлсний хувьд Пүрэвдорж гуайнхаа наадмыг “Өвгөд минь өндрийн салхи болохуйд” шүлгээрээ нээж байсан. Тэрхүү хувь заяагаа би дандаа сүслэн боддог. Пүрэвдорж гуай өөрөө санаачилж эхлүүлсэн, анхны түрүүг нь хүртсэн авшигтай эл наадмыг 80 насных нь их ойгоор өөрийнх нь нэрэмжит болон хүмүүн биеийг олсон халуун голомт Өврийн хангай нутагт нь болоход нээнэ гэдэг хувь заяа гэхээс өөр яалтай. Шүлгээ дуудчихаад, шүлгээ уншихаар гараанаас эргэх гэж буй морьд шиг тогтож ядан байгаа найрагчдынхаа дунд орж ирэхэд омог төгөлдөр байсан даа. Эрдэнэ-Очир ах минь, Хөөдөө ах минь, дархад Мийгаа ах минь, Лхамсүрэнжавын Ганзул ах минь бүгд шүлгээ унших гээд ирийтэл зогсож байсан сан. Мөн ч алтанхан сайхан он жил байж шүү. Наадмын урьд өдөр “Уран үгсийн чуулган”-д Монголын яруу найргийн их оргилууд Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Пунцагийн Бадарч нарын тоосон дунд орж цомын эзэн хэмээн Ичинхорлоо найрагчаар зарлуулж байснаа одоо эргээд бодох нь ээ, айх ч шиг. Их найргийн бурхдын сүрд дарагдсан бахдал дүүрэн он цаг минь.

Хоёр мянга арван долоон оны аравдугаар сарын цас будагнасан намрын орой. Их найрагчийн “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг зорьж яваа бидний нөхөд Шартын давааны хөтөл дээр дуу шуутайхан гарч ирэхэд зөөлөн цагаан цас бударч байлаа. Эндээс бид тэнгэрлиг найрагчийнхаа онгод билгийнх нь оргил шүтээн Эрээн уулыг харан баясаж, бүгд л сэтгэл зүрхэндээ залбирч байлаа. Хайрт хүүгийнх нь халуун зүрхний дуулал болсон “Хавар намрын цасан сархиат харлаг тахь шиг” уул нь яг л дүрээрээ угтсан сан. Алдарт Шарлингийн голыг гаталж Их Монгол уулын хаяа, Монгол Улсын минь төв цэг алтан хүйс нь болсон Бүрдийн төвд их найрагчаа дурсан суусан тэр үдшийн сайхныг би лав үгээр илэрхийлж чадахгүй нь. Төрбат ах “Нарны хорвоод аргагүй амраг, насны хань чамдаа би хайртай” хэмээх Чанцалдаа зориулсан дууг нь аньсага дүүрэн нулимстай зүрхнээсээ дуулж байсан нь чихэнд минь сонсогдсоор л байна. Санжийн Пүрэв баавай үе үе сэтгэлд гэгээ таттал зөөлнөөр инээмсэглэн, тамхины цэнхэр утаа суунаглуулан нургилтал гоё ярьж, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн Пүдо-тойгоо дөрөө харшуулж явсан дурсамжаасаа хуваалцан хайр бахархлын инээд татуулж эрхэмсэг сууна.

Цэцтэй найрагчийн одод тэнгэрийн дор цээж огшин, Их Монгол элсний алтан шаргал нурлагыг чимээлэн шөнийн аниргүйд хэсэгхэн алхаад өрөөнд орж иртэл өөдөөс “Мөнхийн үсэг”-ийн Ганбат ах “Эрхэм дүүгээ ирснийг Ичинхорлоо найзаасаа сонслоо. Дүүтэйгээ нутгийнхаа тэнгэр дор уулзахгүй ах нь яаж явах билээ” гээд угтдаг юм байна. Монголын хэвлэлийн зах зээлд түүчээ нь болж чухамхүү алтан үсгээр бичигдэх гавьяаны эзэд бол “Мөнхийн үсэг”-ийнхэн юм. Хишиг-Өндөрийн арван жилийн сурагч ахуйдаа тухайн үеийн “Дархан сэргэлэн” компанийн захирал Гэлэгжамцын Батмөнх гэж эрхэм хүмүүний нэрийг зурагтаар зохиолчдын амнаас олонтаа сонсч байсан. “Болор цом”-ын эздийн Эрдэнэт, Дарханаар явсан гэлт тэрэгний аялал, Дарханд болсон Төрийн шагналт зохиолчдын уулзалт, мөн Д.Нацагдоржийн шагналт зохиолчдын уулзалт эл бүхний ард “Дархан сэргэлэн”-гийн гэх тодотголт Баянхонгор нутгийн хүмүүн Батмөнх гуай байжээ. Чимиддорж ахын “Мөнхийн үсэг” шүлгэнд тодорхой бий дээ. Батмөнх гэж номын шүншигтэй хүмүүний охин нь эдүгээ Гадаад харилцааны сайд хатагтай Батцэцэг юм. Эрхэм сайдын хань нь тэртээ 2004 оны Монгол төрийн их баяр наадамд Дашдоржийн Цэрэнтогтох аваргаар улсын цолны босго алхсан Довдонгийн Ганбат начин билээ. Батцэцэг эгч, Ганбат ах хоёр намайг дөнгөж дээд сургуулийн ширээнээс салаад анхны номоо гаргачих санаатай хэдэн навтарган хуудас сугавчилж явахад халуун дотно хүлээн авч “Дотоод орон зайн урсгал” номыг минь хямдхаан үнээр хэвлүүлж өгсний ач буяныг би мартдаггүй. Ганбат ахтай, ангийнхан нь болох хэл уран зохиолын багш бүсгүйчүүдтэй яриа өрнүүлж, Пүрэвдорж гуайнхаа “Урт намар” тэргүүтэй олон шүлгийг би цээжээр уншин сэтгэл бадарч суусан.

Маргааш нь 10 дугаар сарын 15-ны өдөр. Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн төрсөн өдөр. Нутгийн зон олондоо омог бардам шүлгээ дуудаж байсан Бүрдийн Соёлын төвийн ерөөлт тайзнаа “Хөх үндэсний гал” бадамлан аслаа. Тангадын Галсан гуай минь “морин толгой” найзынхаа тухай нулимс гармаар олон сайхан дурсамж өгүүллээ. Дамбын Төрбат шавь нь “Сүү” шүлгээ нүднээсээ нулимс асгаруулан зүрхнээсээ сүү асгаруулан уншиж багшдаа ерөөлийн дээж өргөлөө. Тэр наадмын шүүгчээр “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавай суусан гээд бод доо. “Азын цэнхэр уул”-ын сэтгэлийн нөмөрт шүлгээ уншсан азтай л хүүхдүүд дээ, бид.

“Эх хэлээ эрхэмлэн шүтэж

Хөрст дэлхийд Монголоо дархалсанд

Эзэн Чингисийнхээ сүлдийг тахиж

Хөх үндэсний галаа манасанд

Дэндэвийн Пүрэвдоржийн алтан тоонотоос

Дээж найргийг тань алдаршуулан хүндэтгэв” гэх бичээс бүхий өргөмжлөлийг Их найрагчийн халуун голомт Хажуу булгийн буурал хонд, Эрээн уулнаас миний бие гэрийнхээ хойморт залсан юм. Бүрд сумын 2 дугаар багийн малчин Тойвын Жамбалдорж гэж хүний ивээн тэтгэж өгсөн 1 сая төгрөгнөөс бусдадаа хишиг хүртээж үлдсэнийг нь тоо ёсоор нь гэргийдээ авчирч өгсөн юм. Жамбалдорж ах “Миний ивээн тэтгэсэн шагналыг дүү хүү хүртсэнд…” гээд сэтгэл нь ихэд хөдөлж байгаа бололтой цагаан портерынхоо кабинд гэргий хүүхдээ суулгачихсан ирж билээ. Миний бие ном бүтээлээ зөрүүлж барьсаан. Сааль ханхалсан гэргийд нь үнсүүлэхэд нэг л гоё санагдаж, намрын хонгор цагаар Хөшөөтийнхөө голд очсон юм шиг гэгээн бодол төрж байсан. Найргийн наадмыг хүндэтгэн зорьж ирсэн Наранхүүгийн Пүрэв, Жунайн Даваасүрэн гээд Өвөрхангайн гэгээн сайхан ах нараар үдүүлж аян замын туршид их найрагчийн шавь Заяатын Ядмаа, Нацагийн Даваадаш нартай багшийг нь дурсаж инээд наргиан дунд буцсан даа.

Тэгвэл дараа жил нь буюу 2018 оны 10 дугаар сарын 15-нд Их найрагчийн 85 насны ойн “Хөх үндэсний гал” наадам Улаанбаатар хотноо Улсын дуурийн театрын тайзнаа болж билээ. Энэхүү эрхэмсэг тайзнаа 2004 онд багш шавь хоёр (Пүрэвдорж, Төрбат) Монголын уран зохиолын дээжис 108 ботийн ном нээх хүндэтгэлийн ёслолыг соёрхон хийж их найрагч ёстой л араагаа гартал тас тас инээн, амандаа гал зуусан бүргэд шиг лундаатай байж билээ. 108 ботийн хүндэтгэлээс дөрвөн жилийн дараа 2008 оны өвөл Дөнгөтийн Цоодолын “Миний муусайн найз нарын анхдугаар чуулган” мөн л энэ тайзнаа болоход их найрагч нэг их гоё улаан зангиа гялалзуулаад Цоодолынхоо үдэшлэгийг нээж байсан. Эл бүгдийг миний бие нүдээр үзэж, дэргэдээс нь бахдан биширч явсны хувьд Дуурийн театрын тайз Пүрэвдорж гуайн цог жавхааг эрхгүй санагдуулж байсан. Монголын дуурийн алтан гургалдай Аюушийн Загдсүрэнгийн хоолойд зориулж, агуу их Ламзавын Ванганы захиалгаар бичсэн “Алтан намар” дуу нь энэ театрын тайзыг 70 жил эзэгнэн байна гэж бодохоор сайхан.

Тэрээр урлагийн энэ сүм рүү үзэгчдийн хаалгаар бус амьдрал өрнөж байсан тэр талаас нь шууд орчихсоноо дурсаж, Халхын цоохор Цогт, Арслан тайж, Хулан хатан, Гүенбаатар, Улаан малгайт дүрээрээ зогсож байхад би сүрдэхгүй хайчих юм гэж хэлж байсан. Тэгэхээр энэхүү театр нэрт найрагчийн шүншиг оршсон, идэр залуугийнх нь сүлд хийморь оршсон ариун сүм юм. Энэ л ариун сүмд 85 насных нь “Хөх үндэсний гал”-ын дөлөнд ёстой л гал бутартал шүлгээ уншиж аман хүзүүдэн алтан тайзан дээр нь бас л мялаалгах нь тэр ээ. Тайзнаас буухуйд их найрагчийг өөрийнх нь өчсөнөөр “Бээжинд жасаалсан хохь тайж” байхад нь Элчин сайдаар тохоогдож, хадаг сүүтэй угтуулсан аварга Дагвын Цахилгаан баяр хөөр дүүрэн тэвэрснийг санаж байна. Ингэж молхи би Монголын яруу найргийн хөх сүмбэр оргил Пүрэвдорж гуайнхаа Хөх үндэсний гал”-ын дөлөнд хоёр жилийн намар төрсөн өдрөөр нь онгод цоргисон авшиг авч, дараа нь жил Сэгс цагаан Богд найраглалын гэрэлт хөшөөнийх нь алтан туузыг хайчилсан ерөөл билгээ бодож гурван намар Пүрэвдорж гуайдаа үнсүүлснээ зүрх долгилон сананам.

Пүрэвдорж гуайн дурсамжууд

Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж бол яах аргагүй их урлагийн алтан үеийн бурхдын дунд явсан сод хүмүүн. Өнөөдөр домог мэт яригддаг хоёр Цэгмид, Гончигсумлаа, Билэгийн Дамдинсүрэн, Мөрдорж, Намхайцэрэн, Гомбосүрэн гээд урлагийн бурхдын эгэл нандин дурсамжуудыг Пүрэвдорж гуай л ярина. Үндсэндээ тийм л зиндааны ховор хүн байж дээ. Ингээд Пүрэвдорж гуайнхаа дурсамжаас хүргэе. Эхлээд төрийн шагналт, ардын жүжигчин, Хорьдугаар зууны манлай жүжигчин Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжийг нь сөхье. “Цагааны Цэгмид гуай үргэсэн мэт дав дэвхийсэн огцом хөдөлгөөнтэй гялалзуур хүн. “Сүхбаатар” кинон дээр Сью Шү Жаны зул үлээдэг тэрхэн хоромд жүжигчний олсон дүрийн гайхалтай нээлт хувь хүний төрхтэй авцалдаж хэтний цахил мэт гялсхийдгийг үзэгчид андахгүй. Намайг театрт байхад “Сэрэлт” киног бүтээсэн юм. Уг киноны лам ах руугаа хилэнгийн дөлд ноцон орж байгаа хэсэгт Цэгмид гуайн огцом хөдөлгөөн дүрийн туйлын өрнөлийг харж болно. Дашрамд өгүүлэхэд, орос эмчид тоглосон Доржпалам хэмээх орос царайтай гозгор охиныг анх би тэр үед харсан юм. Харин яагаад ч юм бэ З.Баттулга (“Хөх тэнгэр” романы зохиогч Зо Па Жингийн Баттулга) гуай түүнийг манай охин гэдэг байлаа. Баттулга ч яахав дээ, Янжинжав(Сэрэлт киноны Сүрэнд тоглодог)-ыг бас манай охин гэж байгаад Эрдэнээгээр түлээ хагалуулчихдаг хүн л дээ. Би чухам яагаад Баттулгын тийн хэлдэг байсныг учрыг өөрөөс нь ч, Чимид гуайгаас ч асуугаагүй. Тэр бүсгүйг хожмын ардчилсан хувьсгалч Зоригийн эх болж зовлон үзнэ гэдгийг яахин төсөөлөх билээ. Миний найз Гомбосүрэн мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байхдаа намар оройхон салхинд гарч айраг ууя, ганц нэг хулгар шар ч юуны магад гэлээ. Би гэдэг тогоо буудахаас өөрийг чаддаггүй болохоор Ц.Цэгмид гуай, боорцог хэмээх Лувсан гуай хоёрыг хань татаж хамт явлаа. Тэр хоёр хөвөнтэй өмд цамцтай, Цэгмид гуай дугуй хар малгайтай явсан сан. Цэгмид гуай замд гараад л Далай хятад болчихов.

-Далай гуай таныг Алтан гадсаар шагнажээ. -Ай яа, хэдэн лан…-Далай гуай таныг хөдөлмөрийн баатар болгох гэнэ. -Чи юу ялисаан. Хуучин цаг өмд баатар хэлсэн. Одоо бас ямар баатар хэлнээ. -Далай гуай та монгол дуу сурсан биз дээ. -Дуулж бол ч чадаагүй. Үг бол ч мэднээ. -Нэг дуулахгүй юу. –“Нэг нуур байсан ваа, тэр мөс болсоон. Загас үхчихлээ хөөрхий” энэ ямар дуу байсаан. Ёстой үнэн шүү. Бас нэг дуу байнаа. Нэг жаахан шар морь явсаан. Бас нэг лам хүн байсаан. Тэр ламуны нэг юм газар ойчсон ваа. Тэр юу ойчсоон, манай мэдэхгүй… гэхчлэн инээд барж хоосон дош харж явсаар орой тийш Хүй долоон худагт нутаглаж байсан жолоочийн аав ээжийнд очлоо. Зэврүүхэн байсан тул дотроо халааж байгаад хүйтэн айраг ууж шөнө орой болтол наргиж суухад Цэгмид гуай Далай хэвээрээ л байлаа. Түүнийг морь харахаар гарахад гэрийн эзэн эзэгтэй хоёр “Дотор хүн гэхэд айхавтар монголжжээ. Айраг сайн ууж байна шүү” гэхэд бид ч амыг нь дагуулж багадаа ирсэн юм гэнэлээ гээд тайлж өгсөнгүй. Цэгмид гуай “мал байнаа ам тос байна. Мал байхгүй тос байхгүй. Монгол газар ёстой сайхан. Мах иднээ манай дотор газар бол ногоо идсэн шүү. Манай Дулмаа мах дуртай” гэв. Тэгэхээр нь “Танай Дулмаа хорины даргатай ходий гэх чинь билээ” гэхэд -Хорин даргаа янчаан байхгүй, ядуу, дандаа мөнгө гуйна. Би яахав, танай бас өгнөө хөөрхий, архи их дуртай золиг оо. -Одоо ч танай Дулмаатай жаргаж байгаа даа. -Муу золиг, би явлаа, явуваа гэж огло үсрэн босоход гэрийн эзэд хоорондоо хартай бололтой гэж ирмэлцэнэ. Бид худлаа худлаа Далай гуай. -Тийм байхаа, би үхье санасан шүү гэж тайвшран сууна. Энэ мэтээр наргиж хоноод маргааш нь үнэн учрыг хэлэхэд, тийм байх аа. Даанч их айраг уусан юм гэж бөөн хөхрөлдөөн болж билээ.

Цэгмид гуай эл аяг энгийн наадам наргиа мэт боловч түүний дүрд хувилж чаддаг гаргуудын авьяасын өчүүхэн жишээ мөн. Түүнийг “Цогийн идэр нас” жүжигт гурван ч туслах дүрд хувилж чадахад театрын би танихгүй байсан гээд боддоо. Нэг өвөл Сэнгээ багш хэсэг зохиолчдын хамт хэдэн сангийн аж ахуйгаар ороход Цэгмид гуай явсан юм. Орхонтуул суманд бид уулзалт хийв. Тэдний клуб гэж цагаан баавгайнаас өөр амьд амьтан тэсэх аргагүй мөсний хөндий. Бид үстэй дээлтэй эсгий гуталтай. Гэтэл Цэгмид гуай хувцсаа сольж судалтай хар костюм, лаакан шаахайтай гялалзан орж ирээд жүжгийн хэсгээс тоглож бас “Төмөр тэргийг унаад гарваа Түшээд вангийн хошуугаар дайрч гарваа…” гэж дуулчихаад тэвхэлзэн гарч билээ. Үзэгчдээ хүндлэх жүжигчин хүний сэтгэлийн эрчим цог хийморь гэдгийг тэгэхэд би гайхан биширсэн юм” гэсэн байдаг.

Тэгвэл “Богд хаан”-ы дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайн тухай ийн өгүүлсэн байдаг юм. “Нямын Цэгмид гуай бол түшигтэй нуруутай, гүндүүгүй гайхамшигт монгол хүн. Элдэв ов мэх, бултаа зайлаа байхгүй, түс тас хэлчихнэ. Харин нэг “үгүй” гээд гэдийчих юм бол дөргүй бух шиг зүтгэнэ. Бичиг цаасны ажилд дургүйгээс гадна чадах ч үгүй тул гарын үзүүрт намайг зарна. Нэг удаа өрөөнд нь сууж байтал утас нь хангинав. Цэгмид, -Аан Болод дарга сайн уу. Концертоо, ямар ч бололцоогүй, чадахгүй…чадахгүй…чадахгүй гээд утсаа тавьснаа “Шинэ уран бүтээл өгөх гэж байхад концерт бэлтгэж тоглуул гэнэ. Энэ дарга нарын дураараа гэдэг нь…” гэж байна. Цэгмид гуай гарч тайз гэрэл тохируулж байсан хүмүүс дээр очоод зааж зураад л би халаасанд хараад зогсож байтал нөгөө Болод дарга нь ороод ирлээ. -Тэр Цэгмидийн дууд гэж зандрангуй хэлэхэд нь би очиж дуулгавал -Байз би ажлаа хийж байна. Тэр яасан завтай дарга вэ гээд хөдөлдөггүй. Болод гуайн уур нь хүрч байгаа бололтой түүний шарангуй царай улайчихсан харагдана. Хэд хэдэн хүнээр хэлүүлсэн боловч Цэгмид гуай тайз гэрэл, жижиг хэрэглэл шалгаж зааварлаад л яваад байв. Нэлээд удсан хойно Болод гуай дагаад явлаа. Маргааш нь юу болсныг сониучилбал Цэгмид гуай -Өрөөндөө ороод ирэхээр нь хаалгаа цоожилж түлхүүрээ хармаалчихаад ширээний ард суугаад “Би дээд даргатайгаа гудамжинд ярьдаг хүн биш. Та ярих юмаа энд ярь” гэлээ. Болод ч шатаж байна. “Биеэ тоосон их зантай, удирдлагаа хүндэлдэггүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гээд бууж гарлаа. Би дуугай л суугаад байлаа. Асуултад ч хариулсангүй. Хүн аль болгон ганцаараа ярих вэ дээ. Хад өшиглөж байгаа юм шиг болоо биз. Дуу нь зөөлөрсөөр дуугай болохтой нь зэрэг би -Та ярьж гүйцсэн бол би ярья гэж байгаад хамаг зовлонгоо тоочлоо. Орон тоо, төсөв гээд надад нэхэх юм зөндөө байлгүй яахав. Мань эр сүүлдээ залхав бололтой. -Энэ асуудлыг жич ярья, би явлаа гэдэг байгаа. -Үгүй шүү даргаа. Нэгтэй л ам нээснээс дотроо уудалж шавхаж байж л салъя даа гээд шалаад суучихлаа. -Больж үз Цэгмид минь хаалга онгойлго. Миний ажил сүйд боллоо гээд байхаар нь гаргасан. Тэгэхдээ ч бас хэдэн юм нааштай ам ангайлгаж авсан. Манай Болод улаан халз үзсэн хүнд сайн хүн юм шүү дээ гээд хүд хүд инээж билээ.

Тайзны машинист Осор хойшоо дадлагаа явах тул тодорхойлолт бичиж суулаа. Би ч магтаж бичээд л. Ер нь сайхан хүн юм чинь. Тэгтэл гэр бүлийн байдал гэдэг асуулттай тулгарав. Тэрбээр эхнэрээ солиод удаагүй байсан болохоор би “Гэр бүлийн талаар” гэтэл Цэгмид гуай –Тэр чинь нээрээ нэг золигтоод байгаа гэлүү. Гэр бүлийн талаар маапаантай гэж бич гэж байна. Тэгж бичилтэй нь биш дээ. Гэр бүлийн асуудал нь суралцахад зөрчилдөх зүйлгүй гэсэн ухааны юм бичиж дарга ч зөвшөөрлөө. Илтгэл айлтгал тодорхойлолт иймэрхүү ажил тасрахгүй. Нэг удаа би уран сайхны зөвлөлийн хурал дээр “Би ер нь утга зохиолын эрхлэгч юм уу, Нямын Цэгмидийн нарийн бичиг юм уу” гээд тавьчихсан чинь “Чи утга зохиолын эрхлэгч мөн. Нямын Цэгмидийн нарийн бичиг мөн” гээд л таг. Цэгмид гуай удирдах хэсгийнхнийг ёстой улаан нүдэлтэл хуралдана. Коллективээр шийднэ гээд суучихаараа өөрөө ч гарахгүй, биднийг ч гаргахгүй.

“…Манай театрын зорилго болвол

Маарштал хуралдахад байдаггүй юм

Төв театрын зорилго болвол

Төгсгөлгүй хуралдахад байдаггүй юм” гэж би ямар сайндаа хуучин дууны аянд үг тааруулж суух вэ дээ. Тэр үед ямар нэгэн дарга нь хойшоо явсан уу, эсхүл нөгөө Бал нь “Правда” сониноо улаан хөх харандаагаар зурсан уу, “хамтын удирдлагын зарчим” гэж нэг юм гаргаад бидэнд тэр нь гай болж дарга, уран сайхны удирдагч шийдчих юмыг хурал тэмдэглэл тогтоол болгодог байлаа. Цэгмид гуай зузаан илтгэлд дуртай. Ванган бид хоёр арга сүйхээллээ. Бичгийн цаасыг голоор нь хуваагаад томоор цөөхөн мөр бичих арга олов. Ванган гол санааг хэлж би найруулан бичих үүрэгтэй. Цэгмид гуай хааяа -Ололт явж байна уу…тэрийг сайн бич гэхэд Ванган тэр чинь сая тоглолт тасалсан гэвэл -Тийм үү…тэгвэл муу гэж бич гэнэ. Харин хойшид тавих зорилтын хэсэгт хогийн шүүр, шалны алчуур гэхчлэн баахан юм бичүүлнэ. -Хэдэн хуудас болж байна вэ. -Зуу гарчихлаа. -Болж байна, сүүлд нь нэг сайхан зоригжуулсан, уриалж дуудсан үг бич гэнэ. Улирлын тайлан бусад хурлын хэрэг иймэрхүү маягаар бүтэх бөгөөд тоглолт тарсны хойно эхэлдэг болохоор үүр цайлгах үе ч тохиолдоно. Гэвч бидний зуу гаруй хуудас илтгэл машинаар цохиход арваад хуудас л болдог байсан юм.

Цэгмид гуайн тухай явган шог мундахгүй. Танихгүй шахам Банзрагч гуайг нэг удаа хүргэж өгөөд “Би чамтай сууна шүү” гэсэн. Хуучин их дэлгүүрийн баруун модон гүүрэн дээгүүр гарч явтал үжирсэн банз цөмөрч л дээ. Авгай нь эргэж хараад “Юугаа хийгээд байгаа юм бэ, явъя” гэхэд “байз, би хөлөө авч байж явна” гэсэн. “Сүхбаатар кино хийж байхад Ташкентад трамвайгаар явж байхдаа “Миний өвөрт нэг гар яваад л байна” гэж байснаа хэдэн буудал өнгөрсөн хойно “энгэрийн цаг алгаа” гэсэн… ч гэх шиг. Цэгмид гуай ер нь амгалан, аажуу хөдөлгөөнтэй уцаарлахаас уурладаггүй бодь хүн байсан даа. Намайг Бээжинд байхад Цэгмид гуай минь таалал болсон. Сураг сонсоход алдаг оног аяга сүүтэй цайтай байсан гэнэ лээ. Энд бас л нөгөө төрийн хатуу сэтгэл. Үндэсний соёлд ойж гарсан од гэдэг одоогийн сонин дээр гардаг шиг гэрэлт цох биш ээ” хэмээн дурссан байдаг. Энэ мэт Пүрэвдорж гуайнхаа дурсамжийг бичвэл их урлагийн бурхдын минь гэгээн он цаг ургаад ирнэ. “Алтан үеийнхний зарц” гэж их найрагч өөрийгөө хэлсэн байдаг. Энэ бол цаагуураа “Би алтан үеийнхний нэг юм шүү” гэсэн даруухан өчил байжээ.

“Хөвсгөл нуурын мандал тэнгэрийн хаяанд хөвхөрлин уусахыг, Мэнэнгийн тал дундаас нар хайлмагтан ургахыг, Алтай таван Богдын цаст оргил үүл сүлбэн алдрахыг харсан. Увс нуур баримтаг тайлж аварга мөсөн цөн мөргөлдөн цоройхыг, Эг, Тарвагатайн бэлчирт тул загас улаан сүүл даллахыг, Гурван нуурын толинд их эзэн Чингисийн дүр сэтгэлд ургахыг үзсээн. Хатан Сэврэйн Толь хаданд Ноён уул болрын талст гялбалзуулан эрхлэхийг, Ногоон цавын хоолой зэрэглээнд хошмоглохыг, Орхоны улаан цутгалан нүргэлж буухыг, Найман нуур уулсын тахил мэт мэлтрэхийг биширч суусан. Аяа миний Монгол юутай түмэн үзэсгэлэн” гэж Пүрэвдорж гуай минь дуу алдсан нь бий. Миний бие энэ л сайхан уул усанд яруу найргийн буян, “Өдрийн сонин”-ыхоо буянд очиж тэр бүрийд их найрагчийн сүр сүлдийг сэтгэлдээ дууддаг. Тийм ээ, Агуу их Пүрэвдорж гуайн минь суу билэг цагийн цагт орших болтугай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Пүрэвсүх: Ард түмэн намайг маш сайхан хүлээж авсан DNN.mn

Ерөөлч, магтаалч Б.Пүрэвсүхтэй ярилцлаа.


-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд Монголынхоо зан заншил, ардын язгуур урлаг аман зохиол буюу ерөөл, магтаалыг өөрийн хэмжээнд орчин цагийн залууст ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд дуу гэхээс илүүтэй аялгуут ерөөл гэдгээр гаргаж байгаа. Зарим хүмүүс дуу гэж ойлгож байна. Хүмүүст ойлгомжтой байлгахын тулд “Энх явж мөнх жарга”, “Ерөөе өө” буюу “Ертөнцийн наранд ивээгдэж есөн үеэрээ жаргаж яваарай” зэрэг аялгуут ерөөл гаргасан. Хамгийн сүүлд “Ай хө зэ хө” гэсэн Ганнам стилийн дуу гаргалаа. Тун удахгүй мөн нэгэн аялгуут ерөөл гаргах гэж байна. Энэ нь үсний найр, унаганы тамга, эсгий хийх, гэрийн ерөөл, бэр гуйх ерөөл гээд бүгдийг багтаасан дүрстэй, аялгуутай сонирхолтой аялгуут ерөөлийг гаргах гэж байна. Хүүхдийн даахь үргээхэд хамгийн эхэнд хаанаас нь авдаг, унага тамгалахдаа ямар өдөр тамгалдаг зэрэг яг дүрсээр нь харуулж, хажууд нь ерөөлөө тавьж аялгуут ерөөл хийхээр төлөвлөж байна. Ардын мартагдах гэж буй өв соёлыг орчин цагийн залуучуудад сонирхолтой хэлбэрээр хүргэхийн төлөө явж буй энгийн нэгэн залуу байна даа.

-Та саяхан орон нутгуудаар аялан тоглолт хийж явсан уу. Ард түмэн хэрхэн хүлээн авч байв?

-Энэ тоглолт нь миний ганцаарчилсан тоглолт биш. Орон нутгаар дуучин Б.Уранзаяагийн аялан тоглолтод хамтран оролцож ирсэн. Ард түмэн намайг маш сайхан, бараг миний тоглолт юм шиг л хүлээж авсан. Нэг, хоёр жилийн дараа өөрийн тоглолтоо хийвэл их гоё хүлээж авах байдалтай байна лээ.

-Таны аав, ээж мөн бэлэн цэцэлж шүлэг зохиодог хүмүүс байдаг гэсэн үү?

-Манай Өмнөговь аймгийнхан их сайхан ерөөлч ард түмэн байдаг. Бусад эгэл жирийн сайхан ард түмэн минь нутагтаа чимээгүй амьдарч байдаг. Манай аавын хувьд сайхан дуулдаг хүн бий. Ээж минь монгол хэл, уран зохиолын багш, мөн шүлэг зохиодог. Дуулж буй нь аавыгаа дуурайсан, шүлэг зохиодог нь ээжийгээ дуурайсан. Аав, ээж минь нутагтаа ажиллаж амьдарч байгаа.

-Ерөөлч хүн их ном уншдаг байх ёстой гэдэг шүү дээ. Таны хувьд сүүлийн үед ямар ном уншсан бэ?

-Ном унших завдал олдохгүй л байна. Сүүлд “Ногоон нүдэн лам” номыг эхлүүлэн талд нь оруулаагүй орхисон. Уншиж дуусгах гэж үзэж байна. Саяхан “Тамгагүй төр” жүжгийг үзлээ. Үнэхээр их зүйл бодогдуулж, нүд, сонорыг нээсэн уран бүтээл байлаа. Тоглолт хийвэл тийм хэмжээний тоглолт хиймээр юм байна даа гэж харсан. Тайз засалт, үг хэллэг, үгийн яруу үнэхээр сайхан байсан. Ерөөл дотроо ч шингээмээр текстүүд их байлаа. Ер нь драмын жүжиг үзэж, ном сайн уншиж баймаар юм байна. Тэгснээр үг хэл илүү уран яруу болно. Ерөөлч хүний бэлтгэгдэж ерөөлч болохын гол үндсэн суурь нь ажиглалт. Мөн ном унших. Ном уншсанаар ой тогтоолт сайжрахын зэрэгцээ ухаан тэлж уран яруу болдог. Үүнийг мундаг ерөөлчид л хэлдэг байлаа. Би өөрийн амьдралдаа хэрэгжүүлэн өөр дээрээ мэдэрч байна. Урлагийн замаар явж буй залуус ном сайн унших хэрэгтэй.

-Ерөөлч хүнийг гярхай байж эргэн тойрноо сайн ажигла хэмээдэг гэсэн үү?

-Ер нь ажигласан байхад цаанаасаа орж ирдэг.

Бид хоёрын ярилцаж буй өрөөг ерөөлөөр илэрхийлж буй нь:

“Харж ажиглаад байвал

Хананы нүдэн дээрээ алтан шармал тоног тоноглосон байна

Агуу дээдсийн өлгий алдар цуутай хаадуудын зураг хөргийг

Ард түмний мэлмий сонорыг баясгахаар

Алдар нэр, үүх түүх, удам судартай нь үнэхээрийн гайхалтай үгүй л дутуугүйн гачаалгүй ханан дээрээ суурилуулжээ

Хүй нэгдлийн үеэс улбаатай

Хүн болгоны дээдэлж байдаг бодол санаа нь гүйцсэн босоо Монгол бичгээ

Жаран жарандаа жаргалтай сайхныг бодолцож

Жаазанд хийн шилэн хоргонд байрлуулжээ” Энэ өрөөг ажигласан байсан учраас шууд хэлж байна. Тухайн орчин, нөхцөлөө ажиглаагүй байсан ч хурдан сэтгэж, харсан зүйлээ мөр толгой холбон хэлэх хэрэгтэй. Эртний ховор нандин хэллэгтэй түүхэн номуудыг сайн уншвал сонин содон, хүн хэлдэггүй үг хэлнэ. Хүн болгоны хэлдэг үг онц сонин биш гэж боддог.

-Та өөрөө ерөөлөө зохиодог учраас таны хэлсэн ерөөл давтагддаггүй гэж сонссон. Өмнө нь хэлж байсан ерөөлөө санадаггүй гэсэн үү?

-Ямар нэгэн үйл ажиллагаа болохоос өмнө тухайн үед нь зохиож ерөөлөө хэлдэг. Миний ерөөл давтагддаггүй. Нэг ерөөл нэг л хэлэгддэг. Тухайн үед орж ирээд л гараад явчихдаг. Энэ бол манай Өмнөговь аймгийн нутаг газар, усны онцлог юм. Дундговиос дуучин ард төрдөг бол Өмнөговиос ерөөлч ард түмэн төрдөг. Үүнийг ууж буй ус, уул, ургамал газарзүйн онцлог гэж би ойлгож боддог.

-Ерөөл гэдгийг та хэрхэн ойлгож авч үздэг вэ?

-Ерөөл гэдэг бол амны билгээс ашдын билэг учраас үг их хүчтэй байдаг. Ерөөл маань ирээдүйд болох гэж буй зүйлийг дуудаж биелүүлдэг. Тиймээс урт настай удаан жаргалтай, эрүүл энх саруул сайхан, элбэг дэлбэг баян хангалуун элэг бүтэн амьдраарай гэж энэ бүрийг дуудаж биелүүлж байдаг учраас ерөөл их хүчтэй. Үг гэдэг өөрөө их шидтэй. Чи муу, муухай хүн гэвэл тэр хүн муу л байна. Чи сайн, сайхан, эрдэм номтой болоорой гэж хэлбэл тийм л байна. Өөрийн амнаас муу үг гаргаж хэлээд хэрэггүй. Хүнд муу үг битгий хэлж байгаарай. Миний хувьд ерөөл гэдэг ардын аман зохиолыг барьж авч дэлгэрүүлж буйн хувьд аль болох хүнтэй эетэй эвтэй, мэндтэй устай сайн сайхан зүйлийг ярьж явбал биелнэ гэж боддог. Би ерөөл биеллээ олдог гэдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн. Би хэдэн жилийн өмнө гэр бүлийнхэндээ “Би олны танил болно, би од болно” гэж хэлэхэд тэд тоодоггүй байсан. Чи ажил олж хий гэж хэлдэг байсан. Тухайн үед амьдрал хэцүү мөнгө, орлогогүй байсан. Урлагийн сургууль төгссөн хүн, би урлагийн хүн, урлагаар л амьдарна гэдэг байсан. Эхнэртээ ч анх танилцаж байхдаа, найзууддаа ч би од болно гэж хэлдэг байсан. Тэгээд одоо биеллээ олж олон түмэндээ танигдан ерөөл билгээ тавин хүндлэгдэж явж байна.

-Та цаашид юуг төлөвлөж байна вэ?

-“Ерөөе өө” гэсэн есөн аялгуут ерөөлтэй цомог энэ намар гаргах бодолтой байна. Цомгийн баяраа хийсний дараагаар ирэх жил мартын 8-ны үеэр бие даасан тоглолтоо хийх бодол байна.

-Ерөөлч болохоор сонирхож буй хүн юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Ер нь аливаа зүйлийг ажигладаг, сэргэлэн, яриа хөөрөө сайтай, бэлэн цэцлэх урлагт ном их уншдаг л байгаарай гэж хэлмээр байна. Ажиглалт сайн хийх хэрэгтэй. Урьдчилан харж нүдээрээ тархиндаа хадгалсан зүйлээ амаараа уран яруу үг холбон гаргадаг. Ерөөлийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт зангиддаг зарчимтай.

-Та манай уншигчдад зориулан ерөөлийн үгээ хайрлана уу?

-За “Өдрийн сонин”-ыг уншигч олон түмэндээ эрүүл энхийн ерөөлийг тавья. Эрүүл байвал бид бүгдийг амжуулж бүгдийг үзнэ.

Жаргалан жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний дотроос чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж их зохиолч Б.Нацагдоржийн эшлэлийг би хэлэх их дуртай. Тиймээс эрүүл байх хэрэгтэй. Би сүүлийн үед хандивын тоглолтуудад маш их оролцож байна. Ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, цусны өвчин зэрэг маш их өвчин байна. Тийм учраас монголчууд минь идэж буй хоол хүнсэндээ анхаарч шарсан хуурсан хоол битгий идээрэй. Хүүхдүүддээ шарсан хуурсан хоол бага өгөөрэй гэж хэлье. Эрүүл энхийн жаргалыг эрхэм олон монгол түмэндээ өргөн дэвшүүлье. Эрүүл энх, саруул сайхан, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай, энх явж мөнх жаргаарай. Ертөнцийн наранд ивээгдэж, есөн үеэрээ жаргаж яваарай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхжаргал: Хүүхдүүдийнхээ хүйг таслахдаа “Хорвоо дэлхийд хүн болон мэндэллээ. Сайн хүн болж хүмүүжээрэй” гэж хэлдэг DNN.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн нэг өдрийг сурвалжиллаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасаг арга зүйч, бага эмчтэйгээ 19 эх баригч, зургаан хүний их эмч, 10 асрагч нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн ээлжээр ажиллаж байна.

ЭХЭМҮТ-д орон нутгийн бүх хүндрэлтэй ээж, улсын хэмжээний бүх дутуу төрөлт, үр шилжүүлэн суулгуулсан, ургийн гажигтай ээжүүд амарждаг байна. 2020 оны байдлаар энгийн төрөх тасагт 10 мянга гаруй, 2021 онд есөн мянга гаруй эх амаржжээ.


Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн эх баригч Н.Энхжаргалтай ярилцлаа.


-Танд Олон улсын эх баригчдын өдрийн мэнд хүргэе. Та эх баригчаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Та бүхэн энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Баярлалаа, хамт олондоо болон бүх эх баригчиддаа Олон улсын эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлье. Би эх баригчаар 30 дахь жилдээ ажиллаж байна, өдөрт багадаа тав, ихдээ 10 хүүхэд эх барьж авдаг. Жилд дунджаар 500-600 хүүхэд, 30 жилийн хугацаанд 14 мянга орчим хүүхдийг эх барьжээ. Цар тахлаас өмнө эх баригчдын өдрөөр ЭМЯ уриа дэвшүүлэн, түүний хүрээнд тэмдэглэдэг байсан. Сүүлийн хоёроос гурван жил завсардлаа. Манай ЭХЭМҮТ-ийн хувьд жил бүр онол, практикийн бага хурал зохион байгуулж, ээлжүүдийн хооронд уралдаан зарладаг.

-Хатуу хөл хорионы үед ээжүүдийн сэтгэл зүй, хандлага өөрчлөгдсөн үү?

-Төрөх тасгийн хувьд бүх ээжүүдээс түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Эерэг гарвал ковидын тасаг, сөрөг гарвал энгийн тасар руу шилждэг. Ковидын үед хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ээжүүдийн таргалалт ихэсч, ургийн жин нэмэгдсэн. Ингэснээр кесар хагалгааны тоо нэмэгдэж, төрөх замаар төрөх тоо буурсан. Өнгөрсөн хоёр жилд ковидын тусгай тасаг нээгдэж бид нэг ээлжиндээ дөрвүүлээ ажилладаг бол гурвуулаа ажилласан. Ачаалал ихтэй байсан ч дархлаа, сэтгэл зүйгээ дэмжсээр байна аа.

-Кесар хагалгааны тоо өнгөрсөн жилүүдээс нэмэгдсэн үү?

-2020 онд нийт 10.1 мянган ээж амаржихад 7.4 мянга нь төрөх замаар, 2.7 мянга нь кесар хагалгаагаар төрсөн. Харин 2021 онд нийт есөн мянган ээж амаржсанаас төрөх замаар 6.5 мянга, кесар хагалгаа 2.5 мянга байна. Ерөнхийдөө нийт төрөлтийн 25-30 хувийг кесар хагалгаа эзэлдэг.

-Сүүлийн жилд төрөлт 40 хувиар буурсан гэсэн мэдээлэл байсан, энэ үнэн үү?

-Ээжүүд ковидын эсрэг вакцин хийлгэхэд ургийн ус багассан. Тиймээс хэвийн төрөлтөөс илүү дутуу төрөлт нэмэгдсэн гэж хэлж болно. Жирэмсэн ээжүүд ковид тусвал амьсгалын дутагдалд орж ургаа бүрэн тээхгүй, таслах тохиолдол олон байлаа.

-Эх баригч хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Эх баригчийн өглөө биеэ бэлдэхээс эхэлэдэг. Ажилдаа ирээд малгай, маскаа зүүж, үсээ бооно, ээмэг, бөгж гээд бүх металл зүйлсээ авч, хайч, чагнуур, уян зүүний наалт гээд хэрэгтэй зүйлсээ бэлтгэнэ. Дараа нь өрөөгөө бэлтгэнэ, дулаацуулна. Бүхэл бүтэн хоёр хүний амь настай холбоотой ажил учраас өрөөний болон өөрийнхөө бэлэн байдлыг маш сайн хангана. Хэвийн төрсөн нярайг төрөнгүүт хүйг нь хавчаад ээжийнх нь цээжин дээр 1 цаг 30 минут байлгадаг болсон. Анхны тэврэлт, эх үрийн холбоо их чухал. Ээжийн арьсны бактери хүүхдээ гадны халдвараас сэргийлж байдаг. 1 цаг 30 минутын дараа хүүхдийнхээ гарын бичгийг хийгээд, ээжийнхээ шөл цайг уулгаад орноос буулгадаг. Тэгээд л эх баригчидтайгаа ээжүүдээ хүлээлцэнэ дээ. Ээжүүдийн хяналтын түүх бүгд онлайн болж, гараар бичихээ больсон. Мөн бид өөрсдөө хүүхдийнхээ регистрийн дугаарыг олгодог болсон.

-Өөр ямар шинэ үйлчилгээ нэмэгдсэн бэ?

-Төрөхийн өмнөх өвчин намдаалт хийдэг болсон. Ээжүүдийн биеийн онцлогоос шалтгаалаад өвчин намдаалт хийх эсэхээ шийднэ. Өвдөлт намдаагчийг зөвхөн даралт өндөр, зүрхний оноштой дүлж болохгүй ээжүүдэд хийдэг байсан. Одоо ээж өөрөө хүсвэл өвдөлт намдаагчийг хийх боломжтой.

-Хүндрэлтэй төрөлт олон байдаг уу?

-Хамгийн их хүндрэл бол цус алдалт. Сүүлийн жилүүдэд хярзангийн гурав, дөрөвдүгээр зэргийн урагдалт гарахаа больсон. Ээжүүд маань маш их чадваржиж, ариун цэврийг сайн сахиж байна.

-Таныг анх эх баригч болж байх үе буюу 30 жилийн өмнөхөөс одооны ээжүүд ямар ялгаатай болсон бэ?

-Би 1991 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жаахан охин эмч болон очиж байлаа. Тэр үед ээжүүдийн сэтгэл зүй маш зөв, эмчийг хүндэлж, хүлээн зөвшөөрдөг байсан. Одоо бол тийм биш, эмч нар ингэх ёстой гэж бүх хариуцлагыг эмнэлэгт даатгасан хандлагатай. Эмч, ээжүүд хамтарч ажиллаж байж энх амаржина гэдгээ ойлгодоггүй. Төрөлт маш залуужсан, өсвөр насны жирэмслэлт нэмэгдсэн. Жишээлбэл, түрүүний ээлжинд гардаг өдөр 15 настай охин амаржсан.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Ямар ч их ачаалалтай байсан, маргааш яаж ажилдаа очно доо гэж бодож байгаагүй. Нэг л хазгай гишгэвэл хоёр хүний амь нас хариуцах маш хариуцлагатай, хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Хамгийн сайхан нь ээж энх амаржаад хүйг нь таслах. Хүүхдүүдийнхээ хүйг таслахдаа “Хорвоо дэлхийд хүн болон мэндэллээ. Сайн хүн болж хүмүүжээрэй” гэж хэлдэг хэмээв.

ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн эх баригч Д.Тунгалагтуяа “Эх баригчаар 27 дахь жилдээ ажиллаж байна. Хүн эх барьж авна гэдэг айл гэрт шинэ хүн мэндэлж байна, маш сайхан зүйл. Аав, ээжээс нь түрүүнд би уулзаж байна шүү дээ. Ээжийг хянаж байгаад, хүүхэд төрөөд уйлахад л сэтгэл амардаг. Би өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 12.7 мянган хүүхэд эх барьжээ. Хамт олон болон бүх эх баригчиддаа Олон улсын эх баригчдын өдрийн мэнд хүргэе” гэв.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин тахиа өдөр DNN.mn

2022.5.8, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.8, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.24-20.14
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.