Categories
мэдээ цаг-үе

Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг дээр амны хаалт, тамхины иш хаяж бохирдуулж байна DNN.mn

”Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээнд “UB CAP-2022” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбогдуулан хиймэл /90х45/ зүлэг байршуулсан. Уг тэмцээний нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм.

Хот Тохижилтын Газрын (ХТГ) Тохижилт үйлчилгээний албаны ажилчид тухайн орчинд өдөр бүр түүвэр цэвэрлэгээг тогтмол хийж байна.

Иргэд ус ундааны сав, амны хаалт, тамхины иш зэрэг хог хаяж орчныг бохирдуулж байна. Тэмцээн уралдаанаас өмнө хиймэл зүлэг дээр хүүхэд хөгшид ихээр тухалж байгаа тул цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн соёлтой байхыг хүсье хэмээн мэдээлэв.зураг

зураг

Эх сурвалж: Нийслэлийн хот тохижилтын газар

Categories
мэдээ нийгэм

Иргэд он дуустал газраа мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой DNN.mn

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажил улсын хэмжээнд үргэлжилж буй. Газрын нөхөн бүрдүүлэлтийн хугацааг сунгаж энэ он дуустал хийгдэхээр болсон билээ.

Газрын бүртгэлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан www.egazar.gov.mn газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгаж, баталгаажуулаарай.

Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол дүүрэг, сумын ЗДТГ газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Учир нь Монгол Улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх юм.

2018 оноос өмнө газар авсан иргэд:

1. Таны гар утас болон компьютер интернетэд холбогдсон эсэхийг шалгаад хайлт дээр egazar.gov.mn гэж бичээд хайна.

2. Ингээд дэлгэцний баруун доод булан байрлах иргэн, хуулийн этгээд, газрын зураг гэсэн гурван сонголт руу анхаарал хандуулна. Хувь иргэн бол иргэн цэс дээр, аж ахуйн нэгж бол хуулийн этгээд цэсийг сонгож дарна.

3. Тухайлбал, иргэн цэсийг сонгож дарж ороход “E -mongolia” технологи руу регистрийн дугаар нууц үг бүхий хаягаараа нэвтэрч орно. Хэрэв та E-Mongolia аппликейшн рүү нэвтрэх нууц үгээ мартсан бол аль интернет банкны эрхээрээ нэвтрэх боломжтой юм.

4. Нэвтэрч орсны дараа таны иргэний үнэмлэхни мэдээллийг авах эсэхийг зөвшөөрөх товчлуур дарснаар доорх цонх гарч ирнэ. Ингээд доор улаан тэмдэглэсэн хэсэгт таны нэр дээр бүртгэлтэй газрын тоо харагдана.

Ингэж шалгахад таны газрын тухай мэдээлэл 0 гэж зааж байвал та харъяа дүүргийнхээ газрын албанд өөрийн биеэр очиж хандан бүртгүүлэх шаардлагатай юм.

Иргэн та газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид:

  • Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах,
  • Өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах,
  • Газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх,
  • Газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах,
  • Цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.
Categories
гадаад мэдээ

Зеленский: ОХУ цэргээ бүрэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ 2 дугаар сарын 24-нд Украины нутагт орохоос өмнөх байршилдаа цэргээ эргүүлэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой гэж Москвад шинэ нөхцөл тавьжээ. Оростой энхийн гэрээ байгуулах эсэх нь Орос Украины газар нутгийг бүрэн орхиж гарахаас хамаарна гэж Киев байр сууриа шинэчлэлээ. Оросын арми 5 дугаар сарын 9-нөөс өмнө Украины зүүн өмнөд бүсийн Мариуполь хотыг бүхэлд нь хяналтдаа авахаар давшиж байна гэж Аль Жазира болон бусад олон улсын хэвлэлд мэдээлж байна.

Оросын армийн бүслэлтэд байгаа Мариуполь хотын гангийн үйлдвэрт Украины цэргүүд энгийн иргэдийн хамт байсаар байна. Мариуполь хотыг бүрэн эзлэвэл Оросын хувьд хоёр сар гаруйн хугацаанд хийж байгаа цэрэг дайны ажиллагаандаа том амжилт олохын зэрэгцээ 5 дугаар сарын 9-нд ялалтын баяраа тэмдэглэхэд нь Путинд баярын бэлэгтэй адил зүйл болно гэж Аль Жазирагийн мэдээнд онцолжээ. Энэ үеэр Зеленский Германы канцлер Олаф Шольцийг 5 дугаар сарын 9-нд Киевт айлчлахыг урьсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсан ялалтын баярын өдөр буюу 5 дугаар сарын 9-ний өдөр Германы удирдагч Украинд байна гэдэг өөрөө асар их зүйлийг өгүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Өмнө нь Германы эрх баригчид Москвад 9-нд болдог баярын үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ жил Оросын төр ялалтын баярт гаднын ямар ч улсын төр засгийн тэргүүнийг уриагүй гэдгээ саяхан мэдэгдсэн. Герман улс Украины цэрэг дайны байдалд Оростой харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байгаа нь Киев, Берлиний харилцаанд томоохон сорилт болж байгаа.

Германы эрх баригчид саяхныг хүртэл Украинд зэвсэг илгээхээс татгалзаж, Оросын эсрэг Европын холбооны эрчим хүчний импортын хоригт нэгдэхээс цааргалсаар байгаа юм. Украины ерөнхийлөгч Германы энэ байр суурийг шүүмжилсээр ирсэн. Энэ хооронд АНУ Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа 150 сая доллараар нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Байдены шинээр илгээхээр төлөвлөсөн 150 сая ам.долларын тусламжид их бууны сум, сөрөх их бууны радар, саармагжуулах цахилгаан төхөөрөмж, бусад сэлбэг хэрэгсэл багтжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Украинд үзүүлж байгаа энэ тусламжийн санхүүжилт дуусаж байгаа учраас нэмэлт санхүүжилт олгохыг Конгрессдоо уриалж байна. АНУ мөн Украинд тагнуулын мэдээллээ өгч байгааг BBC-гийн мэдээнд онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Унгарын ерөнхий сайд ОХУ-ын газрын тосны импортод хориг тавихыг эсэргүүцэв DNN.mn

Унгарын ерөнхийлөгч сайд Виктор Орбан улс орных нь эдийн засагт асар их нөлөөлөл ирэх учраас Оросын газрын тосны салбарт хатуу хориг тавих Европын холбооны саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Оросын газрын тосыг хориглох санал Унгарын эдийн засагт цөмийн бөмбөг хаягтай адил хохиролтой учраас энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж Унгарын засгийн газар мэдэгдэж байна.

Тодруулбал, Европын комиссын ерөнхийлөгч Фон Дер Лайен Оросын газрын тосыг энэ оны эцэс гэхэд хориглох талаар нэгдсэн байр сууринд хүрэхийг сая лхагва гарагт гишүүн орнууддаа уриалсан юм. Европын холбооны зарим орнууд Оросоос авч байгаа газрын тосны импортыг зогсоосны дараа гарах үр дагавар, нөлөөлөлд ихээхэн санаа зовниж байгаа.

Тухайлбал, Оросоос авдаг газрын тос Унгарын газрын тосны импортын 65 хувийг бүрдүүлдэг. Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойг шилжүүлэхэд наанадаж 5 жил зарцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай болно гэж Унгарын ерөнхий сайд мэдэгдэж байна.

Иймээс Унгар, Словак улсуудыг газрын тосны өөр эх үүсвэр бүрдүүлэхэд нь 2023 оны эцэс хүртэл хугацаа өгөх болов уу гэсэн хүлээлт байгаа юм байна. Унгар улс Европын холбоотой хамтран ажиллах, яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа, гэхдээ энэ бол бидний ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд л боломжтой зүйл гэж Виктор Орбан мэдэгдсэн байна.

Одоо Европын холбоо Оросын газрын тосны салбарт хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр бол гишүүн бүх улс оронтойгоо тохиролцох шаардлага тулгарч байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд DNN.mn

Ирэх долоо хоногт буюу 2022 оны 5 дугаар сарын 09-нөөс 15-ныг дуустал Улаанбаатарт ажиллах шинижлгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс БНСУ-ын иргэд манай улсад визгүй зорчих шийдвэр хэрэгжинэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Коронавируст цар тахал эхлэхээс өмнө жилд дунджаар 100,000 орчим солонгос иргэд манай улсад аялал жуулчлалын зорилгоор ирдэг байсан бөгөөд өнөөдрийн шийдвэр нь БНСУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Эрт илрүүлэгт хамрагдахад анхаарах зүйлс DNN.mn

Тавдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Нас насны онцлогт хамааруулаад өөр шинжилгээ хийнэ.

Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас цахим хөтөлбөрийг өргөн хүрээнд нэвтрүүлж байгаа. Шинжилгээгээр илэрсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг хадгалж, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэний шинжилгээнд гарсан өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх юм.

Цаашид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчний хүндрэлээс сэргийлэх, архаг өвчнөөр оношлогдсон бол хяналт хийх боломжуудыг нээсэн. Эрт илрүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно. Тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагууд дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтрах, эсвэл бие даах гэсэн хоёр хэлбэрээр оролцож байна. Иргэд аль эмнэлэгт хэзээ шинжилгээнд хамрагдах вэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүлээн авах боломжтой.

Ингээд эрт илрүүлэгт хамрагдахад анхаарах зүйлсийн ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна.

.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 61 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол батлагдсан байна. Шинээр батлагдсан тохиолдлын

  • 35 нь нийслэлд
  • 26 нь орон нутагт бүртгэгджээ.

Одоогоор манай улсад нийт 921,679 хүн коронавирусийн халдвар авсан байна. Халдварын улмаас нас барсан хүний тоо 2,110 болж өссөн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт /2022.05.12-2022.05.13/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл

· Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсох

· Бусад

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн мод тарих өдөрлөгөөр 2000 мод тарилаа DNN.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт 50 орчим байгууллага, 500 гаруй иргэд оролцон 2000 гаруй модны суулгацыг тарив.

Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хавар, намрын мод тарилтаар 20 мянган суулгац бүхий мод, бутлагийг тарина. Мөн 100 мянган суулгацыг Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн тарихаар төлөвлөсөн. Ийнхүү 2022 онд 120 мянган модыг манай байгууллагын зүгээс тарьж ургуулахаар ажиллаж байна. Өнөөдөр 2000 мянган модыг иргэд, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран тарилаа. Дараагийн өдөрлөг тавдугаар сарын 14-нд болох бөгөөд 100 гаруй байгууллагын оролцоотойгоор 8000 модыг тарина. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 120 сая модыг тарьж, ургуулах амлалтыг өгсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийслэлийн ногоон байгууламжийн ¼-г дангаараа бүрдүүлдэг тул уг ажилд манлайлан оролцоно. Бид тарьсан модоо жилийн дөрвөн улиралд арчилж, хамгаалдаг тул ургах баталгаа маш өндөртэй” гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл нийт 973 га талбайд оршдог. Нэгдүгээр ээлжийн 183 га талбайг тохижуулсан бөгөөд одоогийн байдлаар тус талбайн 85 хувьд ногоон байгууламж бий болгох, мод тарих ажлыг хийж байгаа юм. Тус байгууллагын тарьж, ургуулсан 150 мянга гаруй мод 98.5 хувийн амьдралтайгаар ургаж байгааг албаныхан онцолж байв.

Иргэд голт бор, улиас зэрэг арав гаруй нэр төрлийн модноос сонгон тарьж байгаа бөгөөд тус өдөрлөгт оролцож буй залуус сэтгэгдлээ хуваалцлаа.

“Смарт ложик” ХХК-ийн ерөнхий захирал Б.Анхбаяр:

“Манай компанийн залуус “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжээд өнөөдөр хамт олноороо ирж, мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс мод зөв тарих зөвлөгөөг сайтар өгсөн. Зааврын дагуу суулгацаа суулгахад амар байлаа. Цаашид уг байгууллагын зүгээс арчилгаа, хамгаалалтыг нь тогтмол хийнэ. Бид ч өөрсдийн тарьсан модоо эргэж, тойрно доо. Ер нь жил болгон бүх нийтийн мод тарих өдрүүдэд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байна” хэмээв.

“EASY EdTech” ХХК-ийн захирал Б.Хангай: “Манайх 2019 оноос хойш гурав дахь жилдээ “Хог биш мод тарья” хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийнхөө хүрээнд энэ удаагийн бүх нийтээр мод тарих хөтөлбөрт хамрагдаж, 30 улиас модыг тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс мод тарих стандарт хэмжээтэй нүх болоод бусад шаардлагатай зүйлсийг бэлдчихсэн болохоор их амар байлаа” гэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-аас иргэдэд экологийн боловсрол олгох тал дээр санаачилга гарган ажилладаг. Тухайлбал, найман аймаг, есөн дүүрэг болоод томоохон аж ахуй нэгж байгууллагуудын 10000 гаруй хүнд ногоон байгууламжийн цогц сургалтыг хийжээ. Мөн мод тарьж, арчилж, ургуулах тухай гарын авлагыг гарган, “Green talk” цуврал видео зэрэг олон хэлбэрээр иргэдэд экологийн боловсрол олгоход анхаарч байна.

Түүнчлэн тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр байршилд зүлэгжүүлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ийнхүү тус байгууллагын зүгээс иргэдийн амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллах бөгөөд иргэд, олон нийтийг тус хэсгүүдэд соёлтой үйлчлүүлэхийг уриалж байв.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар