Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТОДРУУЛГА: Огт танихгүй этгээд хүүг минь дур мэдэн авч яваад осолд оруулчихлаа DNN.mn

Дундговь аймгийн Хулд сумын нутагт хурдан морины уралдааны үсэргээний үеэр 14 настай хүү амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 22-ны өдрийн баасан гаригт гарчээ. Тус үсэргээг Дундговь аймгийн Хулд сумын хэсэг уяачид хамтран зохион байгуулжээ. Үсэргээний үеэр 14 настай хүү мориноос унаж хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан оролгүй байсаар амьсгал хураасан байна. Талийгаач хүүгийн тухайд Дундговь аймгийн ,, дугаар сургуулийн наймдугаар ангид суралцдаг байжээ. Түүний ээжтэй холбогдож цөөн асуултад тодруулга авлаа.


-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу?

-Хулд сумын хэдэн уяач нийлж аймгийн төвийн ойролцоо морин уралдаан хийсэн юм билээ. Ингэхдээ сургуулийнхаа ойролцоо тоглож байсан хүүг маань дагуулж явсан байгаа юм. Хүү маань осолдсон талаарх мэдээллийг дөрөвдүгээр сарын 23-нд сонссон. Тухайн үед хөдөө айлд ямаа самнаад сууж байлаа. Сонссон даруйдаа аймаг руу ирэхэд хүү маань амьсгал хураасан байсан.

-Таны хүүхдийг дагуулж явахдаа гэр бүлээс нь зөвшөөрөл аваагүй юм уу. Авч явсан хүнийг нь та таних уу?

-Хүүгээ морь унахаар авч явсныг нь би мэдээгүй. Ах, эгч нарт нь ч мэдэгдээгүй байна лээ. Миний хүүг Жавхаа гэх хүний морийг унаж яваад осолдсон гэсэн. Тэр Жавхааг нь би танихгүй. Ор тас мэдэхгүй хөндлөнгийн хүн жаахан хүүг минь машиндаа суулгаж авч яваад л ийм асуудал боллоо. Гомдолтой байна.

-Таны хүү хурдан морь унадаг байсан уу?

-Таван настай байхаасаа л морь унасан. Зарим тохиолдолд айлын морь уналаа гээд мөнгө бариад орж ирдэг. Долоон жил орчим морь унасан. Миний хүүд ямар морь унуулаад аймшигтай хэрэг болсон талаар мэдэх юм надад үнэндээ алга.

-Та хэрэг болсон газар очиж танилцсан уу. Нөхцөл байдал ямар байв?

-Уралдаан аймгийн төвөөс ойрхон Хулд сумын нутагт болсон. Ослын газрыг очиж харах гэсэн ч хүүхдүүд маань санаа нь зовоод явуулахгүй юм. Өнөөдөр би отгон хүүгээ алдчихаад сууж байна. Сургуулийнхаа гадаа тоглож байсан хүүг маань огт танихгүй этгээд авч яваад ийм явдал боллоо. Гэтэл цагдаагийн байгууллагаас “Хаанаас ямар уралдаан зохион байгуулсан юм” гээд намайг байцаагаад байх юм. Уралдаан зохион байгуулсан этгээдийг тогтоох чиг үүрэгтэй байгууллага нь цагдаа нар биш юм уу. Гэтэл отгон хүүгээ алдчихаад шаналж яваа надаас байцаалт авна гэж дайраад байгааг ойлгох ухаан надад алга. Хэргийг аймгийн цагдаагаас шалгаж байгаа. Хууль журмаараа бол тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл морины уралдаан зохион байгуулахыг орон даяар хориглодог. Манай энэ хавиар бол өвөл, хаврын турш л морины үсэргээ, уралдаан болсон. Хэдэн уяач нийлээд л жижиг хэмжээний уралдааныг амралтын өдөр алгасахгүй зохион байгуулж байгаа. Хууль журам хүрч үйлчлэхгүй юм байна шүү дээ. Цас ороод мөстчихсөн газраар л жаахан хүүхдүүд морь унаад давхина. Ийм эрсдэлтэй нөхцөлд л уралдаан болоод байдаг юм. Тэр хууль журам нь хэрэгжихгүй явсаар миний хүү хохирчихлоо.

-Таны хүүхдийг авч явсан хүнтэй та уулзсан уу?

-Уулзсан. “Таны хүү өөрөө морь уная гэж гуйгаад байхад нь дагуулж явсан” гэж байна лээ. Тухайн үед цуг байсан найзууд нь хүүг минь шалсаар байгаад дагуулж явсныг нь гэрчилдэг. Хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоох байх аа. Хүүг минь авч явж амь насыг нь авчихаад ар гэрийнхэнд нь ийм зүйл хэлсэнд нь гомдолтой байна.

-Талийгаач ямар хүүхэд байв?

-Миний отгон хүү л дээ. Хүмүүжилтэй, хичээл сурлагадаа сайн хүү байлаа. Надад болоод ах эгч нарт нь үнэхээр хүнд байна. Энэ хэрэг хууль журмын хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж сууна. Ер нь цаашид өвөл, хаврын улиралд зах замбараагүй уралдаан зохион байгуулж, нялх үрсийн эрүүл мэндээр зугаа цэнгэл хийдэг муухай тогтолцоог халах шаардлагатай байна. Хууль хяналтын байгууллагууд ч энэ асуудалд хариуцлагатай хандаж хяналт шалгалт хийх хэрэгтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд энэ мэт асуудлуудад анхаарч хариуцлагатай ажилладаг бол хүү минь мэнд сууж байх байлаа шүү дээ. Харамсаад барахгүй нь гэв.

Аймгийн алдарт уяач Б.Батдорж: Унаач хүүхдэдшалгуур тогтоож мэргэжлийнүнэмлэх олгох цагболсон

Талийгаач хүү долоон хүүхэдтэй айлын отгон нь бөгөөд хэрэг болдог өдөр ах, эгч нарын хамт гэртээ байсан аж. Харин ээж нь ямаа самнахаар хөдөө яваад байсан гэнэ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байгаагаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 13 хүүхэд морины уралдаан болон үсэргээний үеэр осолдож нас барсан байна. Ил болоогүй гэмтэж бэртсэн тохиолдол хэдэн зуу байгааг ч онцолж байв. Хамгийн сүүлд л Багануур дүүрэгт морины ажил хийж явсан хүү ачааны машинд дайруулж газар дээрээ нас барсан хэрэг гарсан юм.

Сүүлийн жилүүдэд хүүхэд мориноос унаж эндэх, бэртэж гэмтэх тохиолдол нийтлэг гарч байгаа шалтгааны талаар Дундговь аймгийн алдарт уяач Б.Батдоржоос тодрууллаа.

-Морины уралдааны үеэр хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах тохиолдол нийтлэг гарах болжээ. Энэ юутай холбоотой вэ?

-Дээхнэ үедээ бол хүүхэд мориноос унаж амь насаа алдах тохиолдол бараг гардаггүй байлаа. 2005 оноос хойш нэр бүхий уяачид эрлийз адуу оруулж ирснээр шинэ цагийн монгол адуу гэх зүйлийг нэвтрүүлсэн байдаг. Гадаадаас цэвэр цусны адууг монгол адуутай эрлийзжүүлээд л уралдах болсон. Энэ нь даамжирсаар морины сүүл боодог хүн бүхэн л эрлийз адуу руу хошуурах болсон. Шинэ цагийн монгол адуу нь жилийн дөрвөн улиралд арчилгаа шаардана. Тогтмол зүчээнд хашдаг. Зүчээнд хашигдсан адуунд ажил хийхэд хүүхдэд их халтай. Хоригдож байсан адууг гаргаад тавихад галзуу юм шиг л давхидаг. Хүүхдийг тухайн морин дээр маш сайн боож баглахгүй л бол морьтойгоо хамт унаж эндэх эрсдэл их өндөр. Дээрээс нь эрлийз адууны давхил их хатуу. Энэ мэт шалтгаанууд л хүүхэд эндэхэд хүргэж байна. Цэвэр монгол адуугаа уралдахад аюул осол бараг гарахгүй шүү дээ.

-Цаашид яах вэ?

-Нэгдүгээрт, өвөл хаврын цагт нууцаар уралдаан хийдэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, унаач хүүхдийг маш сайн бэлтгэх шаардлагатай. Зориулалтын сургалтад суулгаж үнэмлэх олгож уралдуулах цаг нь ирсэн гэж хувьдаа харж байна. Мөн цус холилдсон адуу монгол шинжээ алддаг. Монгол адуу бол газар унасан хүүхдийг тойроод гардаг. Энэ бол монгол адууны мэдрэмж нь. Эрлийзжээд ирэхээр энэ чанарууд нь алдагдаад хүүхдийн эрүүл мэнд амь насанд халтай болж байгаа юм. Ийм эрлийз адууг зориулалтын тойрогт насанд хүрэгчид унаж уралдах нь зөв. Үүнийг цэгцлэхгүй бол цаашид олон хүүхдийн амь нас эрстэнэ гэх байр суурийг илэрхийлж байна.

Categories
гадаад мэдээ

Сибирийн түймэр нэн сүйтгэлтэй байна DNN.mn

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын баруун Сибирийн бүс нутагт ойн түймрийг хүчтэй салхи улам эрчимжүүлж, хэд хэдэн тосгон шатан 10 хүн амь үрэгдсэн тул Красноярск мужийн захиргаа онц байдал зарлаад байна. Красноярск хотоос 200 км зайтай оршдог Талашанка тосгон шатахад гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байсныг Интерфакс агентлаг орон нутгийн онцгой байдлын алба тогтоогоод байна.

Красноярск хотоос баруун зүгт 300 км зайтай оршдог Никольск тосгон шатаж мөн хоёр хүн амиа алдсан байна. Бас Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсан нурамнаас гурван хүний цогцос олджээ. Омск мужид бас хоёр хүн түймэрт өртөж нас барсан байна.

Секундэд 40 метрийн хурдтай салхи ойн түймрийг улам эрчимжүүлж, унтраахад хэцүү болгож байгааг Красноярск мужийн захирагч Александр Усс мэдээлжээ. Тус мужид 90 машинтай 300 гал сөнөөгч түймэртэй тэмцэж байгаа гэнэ. “Бид хөрш зэргэлдээ мужуудаас тусламж хүссэн ч хугацаа орохоор байна” гэж Александр Усс хэлсэн байна. Тус бүс нутагт түймэрт өртсөн иргэдийг байрлуулах түр байр нээж, эмч, сэтгэл зүйчдийг дайчилсан байна.

“Салхи хүчтэй байгаагаас түймэр унтраах ажилд нисэх онгоц ашиглах боломжгүй байна” гэж Красноярск мужийн онцгой байдлын алба Телеграмм хуудсандаа мэдээлжээ. ОХУ-ын Ойн Агентлаг цахилгааны шугамд гарсан богино холболт гал түймэр гарах шалтгаан болсон ба одоогоор нийтдээ 350 орчим байшин, барилга шатаад байгаа гэж мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд ой, хөвчөөр бүрхэгдсэн Сибирийн бүс нутагт гал түймэр жил алгасалгүй гардаг болоод байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн онд энэ нутагт гарсан түймрийн улмаас 16 сая тонн нүүрстөрөгчийн хий дэлхийн агаар мандалд цацагдсаныг Европын уур амьсгалын жил тутмын тайланд дурдсан байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгчдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.

Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Categories
гадаад мэдээ

​Украины Херсон мужийн оршин суугчдад ОХУ-ын паспорт олгоно DNN.mn

Украины Херсон мужийн Цэрэг-иргэний захиргааны орлого дарга Кирилл Стремоусов ням гаригт тус мужийн оршин суугчдад ОХУ-ын паспорт олгож эхлэх талаар мэдээллээ.

ОХУ-д эзлэгдсэн Украины бүс нутгуудад орон нутгийн удирдлага буюу Цэрэг-иргэний захиргаа байгуулагдаж, Оросын телевиз, радио цацагдах болсон. Түүнчлэн Херсон мужид энэ сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин болон ахмад настнуудын тэтгэврийг рублиэр олгож эхэлсэн билээ. Улмаар ирэх саруудад Херсон мужийг рублийн бүс болгоно гэж мэдэгдсэн.

Тэгвэл Кирилл Стремоусовын мэдээлснээр энэ онд багтаан Херсоны ард иргэдэд ОХУ-ын паспорт олгох аж.

Украины өмнөд хэсгийн Херсон муж нь ойролцоогоор нэг сая гаруй хүн амтай. Урд талаараа Крымийн аралтай хил залгаа тус мужийн нийт хүн амын 82 хувь нь Украин, 14.1 хувь нь Орос, 0.5 хувь нь Татар гаралтай иргэд байдаг.

Киевийн Олон улсын социологийн хүрээлэнгээс 2014 оны арванхоёрдугаар сард хийсэн судалгаагаар Херсон мужийн хүн амын 90.9 хувь нь ОХУ-д нэгдэхийг эсэргүүцэж байсан бол ердөө нэг хувь нь дэмжиж байжээ.

Эх сурвалж: Ria Novosti, TASS

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ зургадугаар сарын 23-нд эхэлнэ DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын хуваарыг БШУЯ-аас хүргэж байна. 2022 оны ЭЕШ зургаадугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлээр эхэлнэ.


Шалгуулагч дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

ЖИЧ: Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарцэнгэл: “Шар хадны эмч нарын хэрэг” гэх дуулиант хэргээр хэлмэгдсэн аавыгаа 39 жилийн дараа цагаатгаж чадсандаа баяртай байна DNN.mn

1980-аад онд дуулиан болж байсан “Шар хадны эмч нарын хэрэг”-ийг мартаагүй хүмүүс байгаа байх. Уг хэрэгт хилсээр холбогдож, дөрвөн жилийн ял сонссон, тухайн үед Улсын ерөнхий прокурорын мөрдөн байцаах хэлтсийн дарга Р.Сүхбаатарын охин С.Амарцэнгэл аавынхаа хэргийг хэрхэн цагаатгасан болон тухайн үед юу болж байсан талаар ярилцлаа.


-Та ямар хэргээр манай сонинд хандсан бэ?

-1983 оны тавдугаар сарын сүүлчээр аавд маань Өвөрхангай аймгийн Хархоринд байх хорих ангийг шалгуулахаар албан томилолт өгч явуулсан байдаг. Тэр хорих ангийг шалгаад буцаж ирдэг өдөр нь коллегийн хурлаар оруулж ажлаас нь халаад, хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шууд хорьсон гэдэг. Аавд холбогдуулсан “Шар хадны эмч нарын хэрэг” гэгч нь 1980-аад оны эхээр эхэлсэн юм байна лээ. Тухайн үед энэ хэрэгт олон хүн хэлмэгдсэн. Шар хадны эмч нартай хамт худлаа дүгнэлт гаргаж, тэр нь ял завших нөхцөл бүрдүүлж байсан гэдэг шалтгаанаар анх аавыг минь хорьсон. УЦСЕГ-ын мөрдөн байцаах газрын орлогч дарга П.Доржпалам гуайг гурав хоногийн өмнө адил хэрэг тохон хам хэргээр хорьсон байдаг. Хорьсныхоо дараа шалгаж байгаад Эрүүгийн хуулийн 136-ийн б, 137-ийн б, 63-ын агэдэг зүйл ангиар ял сонсгосон. 1984 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр шүүх хурал нь болсон. 1983 оны зургадугаар сарын 15-наас эхэлж Ганц худагт хагас жил хорьсон гэж хэргийн дүгнэлтэд бичсэн ч томилолтоор яваад ирсэн өдөр нь буюу тавдугаар сарын сүүлээр хорьсон гэж ээж минь нотолж байгаа. Зүйл анги бүрт нь ял өгч, хүндийг нь хөнгөнд нь багтаагаад дөрвөн жилийн ял өгсөн.

-Хорих ялаа хаана эдэлсэн юм бэ?

-Ганц худагийн урьдчилан хорих төвд хагас жил хоригдоод үлдсэн ялаа өөрийнхөө томилолтоор очиж шалгаж байсан Өвөрхангай аймгийн Хархорингийн хорих ангид эдэлсэн. Миний санаж байгаагаар хуулийнхныг хоригдлуудтай цуг хорьдоггүй, Архангай аймгийн Хотонд суманд нутаг заагдаж, мод бэлтгэлийн бригадад ажиллаж байсан. Сүүлд би ээжтэйгээ цуг эргэж очиход тэнд л байсан санагддаг. Ер нь бол өөрийнх нь шалгаад ирсэн хорих ангид хорьсон юм байна лээ.

-Та аавынхаа тухай яриач. Аль нутгийн, ямар мэргэжил боловсролтой хүн байсан юм бэ?

-Манай аав 1930 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Рэгзэнгийн Сүхбаатар гэдэг. 1940-1947 онд сумын бага сургууль, 1947-1949 онд МУИС-ийн бэлтгэл курс, 1959-1964 онд Иркутскийн Улсын их сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1950-1952 онд Тавдугаар баазад ажилтан, 1952-1959 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт прокурор, 1964-1982 онд БНМАУ-ын прокурорын газарт Чухал хэргийг мөрдөн байцаах тасгийн дарга, Улсын прокурорын туслах бөгөөд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнагдаж байсан юм.

-Тухайн үед ямар нотлох баримт, үндэслэлээр хорьсон юм бэ?

-Үндэслэлүүлд нь албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль бэлэг сэлт авч хэрэгтнүүдэд ял завшуулсан гэх, 1980-1983 онд хураасан 1914 төгрөгний татварын мөнгийг хувьдаа ашигласан гэх. 136-гийн б, 137-ийн б-ээр 1980-аад оны эхээр шалгагдаж байсан Шар хадны эмч нараар хуурамч дүгнэлт гаргуулж, хэрэгтэн этгээдэд ял завшуулсан гэх дуулиант хэргүүдийн нэг юм. Энэ хэрэгт Улсын прокурорын мөрдөн байцаах хэлтсийн дарга Р.Сүхбаатар буюу аав минь болон УЦСЕГ-ын мөрдөн байцаах газрын орлогч дарга П.Доржпалам нарыг холбогдуулан барьж хорьсон юм. Хоригдож байх хугацаанд нь хэрэг нь салж өөр өөр зүйл ангиар ял шийтгэгдсэн юм билээ. 1983 оны зургадугаар сарын 15-ны өдөр гэж таслан шийдвэрлэх тогтоол дээр байдаг. Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих ангийг шалгах томилолтоор яваад буцаж ирэхэд нь шууд хорьсон байгаа юм. Улсын дээд шүүх 1984 оны нэгдүгээр сард таслан шийдвэрлэх тогтоолоороо 136-ийн б-ээр мөрдөн байцаах ажилтай холбоотой ажил хийхийг таван жил хориглох, зургаан жил хорих ял, 137-ийн б-ээр 4 жил, 63-ын а-гаар хоёр жил хорих ялаар шийтгээд зүйл ангиудын оногдуулсан ял бүрээс талыг нь нэмэгдэл ялын хамт өршөөж, дөрвөн жилийн хорих ял оногдуулсан.

-Танай гэрт нэгжлэг хийж эд хөрөнгө хураасан гэсэн байх аа?

-Аавыг баригдаад явахад би хамгийн бага нь найман настай, хамгийн том ах минь 20 настай байсан. Хэдий би жаахан байсан ч тэр үед гэрт маань нэгжлэг хийж байсан хүмүүсийг тод санадаг. Хичээлээсээ ороод иртэл хамаг юм ундуй сундуй, номын сан тараагаад шидэлчихсэн энгийн хувцастай хэсэг хүмүүс хамаг юм онгичиж байсан. Тэр үед хоёр удаа нэгжлэг хийгээд, үнэтэй цайтай гэсэн бүх юмыг авдранд хийж лацдаад аваад явсан. Тэгэхэд үнэтэй хэмээн хурааж авсан эд зүйл нь нэг ширхэг булган малгай, ээжийн минь зүүж байсан алтан ээмэг, аавын минь каракуль малгай, каракуль захтай пальто, ганц мөнгөн аяга, 1 м нь 4 төгрөгийн үнэтэй 3-4 м даавуу, 4015 болон 375 төгрөгтэй хоёр хадгаламжийн дэвтэр байсан гэх. Мөн аавын минь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хурааж авсан байдаг. Хэргийн баримтад хувьдаа завшсан гэх 1914 төгрөгийг суутгаад үлдсэн хадгаламжтай дэвтрийг эргүүлж олгов гэж бичээтэй байдаг ч бидэнд эргүүлж өгөөгүй. Явцын дунд 375 төгрөгтэй гэх нэг хадгаламжийн дэвтэр ор сураггүй алга болсон. Хохирлыг их бага гэж үзэж болохгүй юм байна. Хамгийн хэцүү хохирол сэтгэл санааны хохирол. Хэргийг хэрэгсэхгүй болсон тухай тогтоол гардаж авахдаа “Аав минь байсан бол, амьд байхдаа үнэн ялсныг үзсэн бол сэтгэлийн амар амгаланг эдлээд илүү урт наслах байсан болов уу” хэмээн бодож их өрөвдлөө. Харин 85 нас хүрсэн ээжийдээ энэ сайхан мэдээг дуулгасандаа баяртай байна.

-Ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Ээжийг минь Рэнцэнгийн Ичинхорлоо гэдэг. Математикийн багш мэргэжилтэй. Энэ хэрэгт ганцхан аав минь хэлмэгдээгүй. Ээж минь ч давхар хэлмэгдсэн. Сэтгэл санаа бүх талаараа. 8-20 настай дөрвөн хүүхдээ авч явах гэж их зүдэрсэн. Ажил хийж болохгүй, сургууль соёлд сурч болохгүй элдэв янзын нэр хочтой амьдарсан. Хожуу ч гэсэн цагаадсанд ээжийнхээ өмнөөс үнэхээр баяртай байна.

-Та бүхэн үүнд гомдолтой байсан уу?

-Тийм. Улс төрийн нэг намын тогтолцоотой үед намын бодлого шийдвэр төрийн байгууллагын шийдвэрт чухал ач холбогдолтой гэдэг нь МАХН-ын 1983 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр гаргасан 316 дугаар тогтоолоор харагдаж байгаа. Би энэ тухай уншиж, сонсож байсан. Улс төрийн товчооны гишүүн С.Жалам-Аажав, Б.Дэжид нарын хувийн зөрчил хурцдаж, сүүлдээ улс төрийн ашиг сонирхлын зөрчил болж хувирсан. НАХЯ-ны сайд болсон Б.Дэжидийг Намын төв хорооны хууль хүчний байгууллага хариуцсан дарга С.Жалам-Аажав ажлыг нь удирдаж чиглүүлдэг, мэдлэг боловсрол дутмаг, хүчний байгууллага удирдах чадваргүй гэж шүүмжилдэг байжээ. Тэгээд 1981 онд Б.Дэжид намын хянан шалгах хорооны дарга болмогцоо С.Жалан-Аажавыг унагах ажиллагаа хийж эхэлсний нэг нь 316 дугаар тогтоол. Хууль хүчний байгууллага албан тушаал авлигын жигшүүрт хэргүүд илэрч байна. (С.Жалан-Аажавын удирдаж буй байгууллагуудаас) гэсэн утга бүхий аав минь болон П.Доржпалам гуайн нэрийг цохож дурдаад, жигшүүрт гэмт хэрэг нь илэрч хуулийн зохих заалт ёсоор шийтгэгдсэн гэсэн байгаа юм. Бүх эрх мэдлийг атгасан нам аавд минь заавал ял тохох чиг үүрэг дээрээс өгч, хууль шүүхээс илүү эрх мэдэлтэйгээ харуулж байгаа нь үүгээр илэрнэ. С.Жалам-Аажав гуай ч өөрөө зургаан жил хилс хэрэгт шийтгэгдсэн. Дараа нь цагаадсан байдаг. Шүүхээс н.Лувсаншарав, прокуророос Р.Сүхбаатар, цагдан сэргийлэхээс П.Доржпалам нар 316 дугаар тогтоолд нэр цохогдсон байгаа. 1983 оны есдүгээр сарын 13-нд хэлэлцэж, есдүгээр сарын 26-ны өдөр аавыг намаас хөөсөн байдаг. Хавтаст хэрэгт ингэж бичээтэй байдаг ч аавыг хорьсныхоо дараахан намаас хөөх тухай шийдвэр гаргасан.

-Аавын тань хэрэг цагаадсан гэлээ. Хилс хэргээр ял өгсөн тухайн хүмүүст хариуцлага тооцсон болов уу?

-1990 онд прокурорын эсэргүүцэл үзүүлж, Дээд шүүхийн бүгд хурлын тогтоол гарч мөрдөн байцаалт хийгээд 136-ийн б, 137-ийн бзүйл ангиудыг хэрэгсэхгүй болгож, 63-ын азүйл ангийг хэвээр үлдээсэн. Энэ тухайд тухайн үеийн прокурорын орлогч н.Алтанхуяг, Онцгой хэлтсийн мөрдөгч н.Дэмбэрэл нар аавд минь биеэр очиж, мэдэгдэн санал сонсгосон юм байна лээ. Тухайн үеийн прокурорын удирдлагад байсан зарим нэг хүний ашиг сонирхлын зөрчлөөс болж гүйцэт хэрэгсэхгүй болгох сонирхолгүй байсан шиг санагддаг. Аав минь хоригдож байх хугацаандаа удаа дараа хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Ганцаарчлан хоригдсоор биеийн байдал нь муудаж батлан даалтад гаргахгүй, эмчийн тусламж ч үзүүлээгүй. Эмчилгээний хоол гэх зүйлээр аргацаасаар удсан.

Сүүлд аав минь суллагдаж, хоригдож байх үедээ олсон хүнд өвчний суурь нь ужгирч явсаар агаарт байлгах шаардлагатай болж Төв аймгийн Алтанбулаг сумын ойролцоо туслах аж ахуйд байх үед зах зээлийн нийгэмд шилжсэн юм. Бид аавыгаа хотод эмчлүүлж явсаар 1993 онд уушгины хорт хавдар гэх онош тодорч, нэг удаа хагалгаанд орсон. Бие нь муудаж хотод хагалгаанд орсон боловч эмчилгээгүй болсон аав минь тэнгэрт хальсан юм. Он удаан жил уг хэргээ бодож, шаналж явсаар аавын биеийн байдал дээрдээгүй.

-Үлдсэн нэг зүйл анги нь цагаадсан уу?

-2016 онд бид дахин аавынхаа хэргийг хөөцөлдөж үлдсэн нэг зүйл ангийг цагаатгах хүсэлт гаргасан. Олон удаа буцаагдаж явсаар сайн өмгөөлөгчийн тусламжтайгаар 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн прокуророос 63-ын “а” гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарлаа. Энэ хугацаанд прокурорын 2-3 удирдлага, дарга нар солигдож, одоогийн Улсын Ерөнхий прокурорын газрын дарга Б.Жаргалсайхан, прокурор М.Чинбат, хяналтын прокурор Ч.Сарантуяа зэрэг зарим нэрийг нь дурдаагүй прокурорууд анхаарч, хэргийг судлан, шийдвэр гаргасанд маш их талархаж байна. Аавын минь ажиллаж байсан байгууллага 39 жилийн өмнө гаргасан алдаа дутагдлыг одоогийн прокурорууд засаж залруулсанд үнэхээр баярлаж байна.

Өндөр настай ээж минь болон гэр бүлийнхэн маань үнэхээр баяртай байгаа. Мөн Иркутскийн их сургуулийн 100 жилийн ойд зориулсан монгол төгсөгч нарын намтар түүхээр ном бүтээх гэж аавын минь түүхийг оруулж, биднээс намтар, зураг авахаар холбогдсон тус сургуулийн төгсөгч УЕП-ын орлогч, Тагнуулын ерөнхий газрын дарга асан хуульч Ж.Энхнасан ахдаа наа илэрхийлье. Өмгөөллийн хөлс авахгүйгээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, 5-6 жил бидэнтэй хамтран ажиллаж аавын минь нэр төрийг сэргээж, хууль ёсыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа гарган ажилласанд хүндлэн биширч байна. 39 жилийн дараа “Шар хадны эмч нарын хэрэг” гэх дуулиант хэргээр хэлмэгдсэн аавыгаа цагаатгаж чадсандаа баяртай байна. Аавд минь хилсээр тохсон хэрэг нь хэрэгсэхгүй болсон болохоор аавыхаа нэр төрийг сэргээж, хэвлэлээр дамжуулж олон түмэнд мэдээлэх, хуулийн байгууллагын зарим хүмүүст талархаж буйгаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жанжин штаб цэргүүдийнхээ эрхтэнг “шохоорхож” байхаар чавхаар ч болтугай харвуулж сургаасай DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2021 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл өнөө жил гойд анхаарал татаж байна. Учир нь урьд өмнө дуулдаж байгаагүй сэртхийлгэм баримтыг УИХ-д өргөн барилаа. Зэвсэгт хүчний жанжин штабын хамаарал, шууд удирдлага бүхий цэргийн ангиудад бэлгийн дарамт байдаг талаар уг илтгэлд дурдсан нь цэргийн анги салбаруудын талаарх бидний төсөөллийг огт өөрөөр эргүүлж байна. “…Монголын зэвсэгт хүчний удирдлагууд баруунд боловсрол эзэмшсэн, хэл ус сайтай, боловсролтой, орчин үеийнх, Чингисийн цэргүүд эр зоригтой…” энээ тэрээ гэсэн гялгар рекламны цаанаас гутамшигт үнэн илэрч байна.

ХЭҮК-ын социологийн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдаас ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад дээд албан тушаалтан нь бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтнээр нь оролддог гэж онцолж хэлжээ. Мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан гэдгийг ч цэргүүд ярьжээ. ХЭҮК-ын судалгаагаар алба хааж байх үедээ зориг гарган мэдээлсэн найман албан хаагч байдаг бол алба хаасныхаа дараа энэ тухай хүний эрхийн байгууллагад мэдэгдсэн нь 147 иргэн байна. Тэд “Бэлэг эрхтнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Нэр хүнд минь олны өмнө гутгаагдсан” гэж мэдээлжээ.

Цэргийн анги нэгтгэл гэдэг тэр чигтээ эрчүүд байдаг. Тусгай дүрэм журамтай, тушаал шийдвэрээр нь ажил нь явдаг, харуул хамгаалалттай, улсын онцгой объект. Хэрийн хүн тийшээ нэвтэрч чадахгүй. Энэ их хамгаалалт, тусгай эрх мэдлийн цаана хэдэн офицерууд нь цэргүүддээ бэлгийн дарамт үзүүлээд суух хүртлээ ингэж доошоо оржээ, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб. Ийм банди шуумарын асуудлыг бид кино шийнээс л хардаг, шорон оронд л байдаг юм байх гэсэн төсөөлөлтэй байсан бол Монгол Улсыг хамгаалах эр цэргүүдээ дарга нар нь оролдоод суудаг тухай Хүний эрхийн илтгэлд ортлоо асуудал даамжирчээ.

Орчин цагт цэрэг, арми улс оронд ямар их хэрэгтэй болохыг бид Орос, Украины дайнаас харж байна. Хэн ч, хэзээ ч тусгаар улсын газар нутагт эзлэн түрэмгийлээд ороод ирэх эрсдэл байдгийг бид нүдээрээ харж сууна. “Үзэл бодол чинь таалагдахгүй байна, бид иргэнээ өмөөрнө, та нар фашист болчихсон юм байна, фашистыг устгана…” гэх мэтээр ямар л бол ямар шалтаг хэлээд хаанахын ч цэрэг буу сумаа тачигнуулаад орж ирж мэдэх нь. Энэ үед шалгарсан удирдагч чадалтай арми, орчин үеийн цэрэг зэвсэг хэрэг болдог аж. Гэтэл манай Зэвсэгт хүчин юун орчин үежих, цэрэг зэвсгийн хангалт энэ тэр манатай, хэдэн цэргийн шодой оролдохоос өөр юм хийхгүй бэлгийн хүчирхийллээ яая гэж сууж байгаа бололтой.

Зэвсэгт хүчинд бэлгийн хүчирхийлэл байна, тэр нь удаан үргэлжилсэн гэдэг үнэхээр гутамшиг юм. Энэ бол Хүний эрхийн ноцтой зөрчил, эрүүгийн гэмт хэрэг юм. Нэг цагийн өмнө ч атугай яаралтай арга хэмжээ авч, дарга удирдлагуудыг нь өөрчилж шинэчлэхгүй бол асуудал хэвээрээ үргэлжилнэ. Төсөөлж ч байгаагүй ийм асуудал гарч ирж байгаа юм чинь авлига, хээл хахууль, идсэн уусан байдал энэ салбарт замбараагаа алдсан байх хэмээн төсөөлөгдөж байна. Оросууд дайнд бүрэн зэвсэглээд гарах гэтэл танкууд нь хөдлөхгүй, зэвсэг техник нь үзмэр болсон байсан гэх мэдээллийг хүн бүр л үзсэн биз. Орос ийм байгаа юм чинь манайхан үүнээс бүр л дор суугаа гэсэн хардлага төрөөд байна. Тэр танкуудыг нь асаагаад буунуудаар нь буудаад үзмээр байна. Асах танк, буудах буу байгаа болов уу. Буудлаа ч онодог юм байх нь уу. Цэрэгт явсан залуусын ярианаас үзэхүл ганц ч удаа буу сум барьж үзээгүй байж байгаад ирсэн гэх юм. Буу гэж нэг юм харуулдаг бололтой юм билээ. Буудуулах болохлоор сум байхгүй гээд буудуулдаггүй гэсэн. Ингэхлээр чинь нөгөө “уйдсан хулгайч “юү”-гаараа тоглодог” гэгчээр л юм болж энэ хэрэг манддаг биз. Хийх юм байхгүй буудах

гэхээр сум байхгүй, жагсаал бэлтгэл, гүйх гэхээр дарга нар нь залхуураад хэвтээд байхаар ингэхээс ч яах билээ. Жанжин штаб цэргүүдийнхээ эрхтэнг “шохоорхож” байхаар чавхаар ч болтугай харвуулж сургаасай. Ядахдаа дүүгүүр мэргэн шиддэг чавхаар мэргэн харваж сурвал сүүлд буу олдвол юм онох байх даа гэж хүртэл бодох юм.

Дайн самуунтай, хил хаалттай, өвчин зовлонтой ийм цөвүүн цагт Монголын Зэвсэгт хүчин булайгаа дэлгэж байгаа нь цэргийн ангиудад бэлгийн хүчирхийлэл газар авч, асуудал тэсэрч дэлбэрч байгаа хэрэг. Тусгай объект гэдгээр хаалттай хаалганы цаана ялзарч байгаа энэ салбарыг яаралтай шинэчилж, ардчиллын салхи оруулж, эмхэлж цэгцэлж авахгүй бол бид тусгаар улс гэж орилоод нэмэргүй. Ямар нэгэн халдлага боллоо гэхэд хэн ямар зэвсгээ бариад энэ орныг хамгаалж тэмцэх вэ?

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хэн нэгэн таньдаг хүнээ ээлжилж томилдог хуучны аргаасаа татгалзах хэрэгтэй байна, Ерөнхийлөгч өө. Үнэхээр баруунд сурсан, чадвартай, мэдлэгтэй, туршлагатай

боловсон хүчин байдаг юм бол тэрийгээ олж тавиад, мэргэжлийн түвшинд ажиллах боломж бололцоог нь хангаж өг. Ер нь цэргийн дарга, офицеруудыг мэдлэг, чадварыг ч үнэлэх, орчин үежүүлэх зайлшгүй шаардлага байгааг өнөөдрийн Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл харуулж байна. Оросын голдуу зэвсэгтэй, одон медаль, цол гуншиндаа дарагдсан хуучинсаг удирдагуудтай Монголын Зэвсэгт хүчний жанжин штабыг яаралтай шинэчлэх хэрэгтэй болсон гэдгийг дахин дахин сануулж, шаардъя. Цэргийн хуяг дуулга, бууддаг буу, танк онгоц эсэргүүцэх орчин үеийн зэвсэг, дрон гээд армиа шинэчлэхгүй бол хуучин орос зэвсэгтэй дайн хийнэ гэвэл дэлхийн шившиг болох нь илт харагдаад байна. Шившиг болох ч яах вэ энэ улсын чинь тусгаар тогтнол байхгүй болох нь. Орчин үед арми зэр зэвсгээ сайжруулахгүй бол монгол үндэстэн мөхөж ч магадгүй юм байна. Цэргийн албыг хоёр жил болгох эмэгтэй цэргийн албан хаагчидтай болох зэрэг ажлуудыг даруй хийж эхлэх ёстой.

Одоо энэ хэл аманд орсон цэрэг удирдаж байгаа хуучинсаг дарга офицер, энэ муухай хийморьгүй хэрэгт холбогдсон анги нэгтгэлийг татан буулгаж байлдааны тугийг нь хурааж шинээр зохион байгуулах хэрэгтэй. Монголчууд ийм цэрэгтэй, ийм офицертой байсан гэж түүхэндээ мэдэхгүй юм байна. Огт худал домог ярьж, бид зоригтой гэж гайхуулах нь хоцрогдсон армийн хамгийн түгээмэл шинж чанар юм. Түрүү зууны зэвсэгтэй эр зоригийн гайхамшигт домогтой Оросын арми яаж хиарч байна. Бид үүнээс сургамж авах болоогүй юу. Юун цэргийн эрхтэнээр оролдох вэ. Тийм зав та нарт байдаг юм уу. Тэр орчин үеийн зэвсэг буу байхгүй ч ядахдаа жавелин хэмээх танк эсэргүүцэгч гэж ийм юм байдаг гээд зургийг нь харуулаад танилцуулаад сууж байхад ч болохгүй гэх зүйлгүй юм даа.

Д.ГЭНДЭНДАРАМ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЧУУЛГАН: Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ DNN.mn

Энэ долоо хоногт хуралдах УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл

· Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсох

· Бусад

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний номын баяр энэ сарын 20-22-нд болно DNN.mn

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-нд төв талбайд болох гэж байна.

Үндэсний номын баяраар зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, хямдралтай худалдан борлуулахаас гадна техник технологийн шинэ боломж, нээлтүүдийг олон нийтэд танилцуулдаг билээ.

Уг арга хэмжээг дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Тэдний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг аж.