Categories
мэдээ соёл-урлаг

Б.Цэрэндондов: Би амьд үлдсэн юм чинь илүү олон уран бүтээл хийх ёстой DNN.mn

Хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндондовтой ярилцлаа.


-Таны эмчилгээний зардалд зориулсан тоглолт болох тухай сонслоо. Хэзээ, хаана ямар тоглолт болох гэж байна вэ?

-Тийм ээ, энэ сарын 12-нд буюу пүрэв гаригт Монгол бөхийн өргөөнд 19 цагаас миний эмчилгээнд зориулсан хандивын “Өрөөлийг хайрлаж яваарай” тоглолт болох гэж байна. Тоглолтыг миний найз нөхөд, нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа. Саяхан ходоодны хорт хавдраар оношлогдож ходоодоо авахуулсан, хагалгаанаас гарч ирээд удаагүй байна, удахгүй хими эмчилгээндээ орно. Дараагийн эмчилгээний эхлэх хугацаа болчихсон. Монголдоо хийлгэе гэхээр эм, тарианы олдоц муу, гадагшаа явъя гэвэл бага зэрэг хүндрэлтэй л байна, удахгүй нэг шийдэлд хүрнэ дээ.

-Та Алтай нутгийн хүн үү?

-Тийм ээ, би Говь-Алтай аймгийн Бугат сумын хүн. Говь-Алтай аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгийн зөвлөлийнхөн сайхан сэтгэл гаргаж хандивын тоглолт зохион байгуулж байгаад их баяртай байна.

-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Монгол Улсын ардын жүжигчин С.Батсүх, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Энхзул, Ц.Оюунцэцэг, У.Далантай, Б.Лхагваа, Чингис хааны одонт Г.Ариунбаатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Баттөр, О.Баянмөнх, Б.Цолмон, яруу найрагч М.Билэгсайхан, төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж гэх мэт 40 орчим уран бүтээлч оролцоно.

-Урлагийнхан нэгнийхээ хүнд үед халуун сэтгэл гаргаж, нэгдэж харагдах юм…

-Ер нь их сайхан юм, би ингэж нэгдэж, санаачилга гаргана гэж бодоогүй. Сайхан сэтгэлийн дэмжлэгийг үзэж л явна даа.

-Хамгийн сүүлд та ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Ардын дуу бүжгийн Алтай чуулгад 15 жил ажилласан. Одоогоор Орхон аймгийн Дуу бүжгийн чуулгад 17 дахь жилдээ ажиллаж байна. Чуулгынхаа уран бүтээлд зориулж найрал дуу, хөгжим, дуулаачийн төрлийн бүтээлүүд дээр ажиллаж байсан юм. Энэ зун чуулгынхаа 100 жилийн ойг тэмдэглэнэ. Уран бүтээлийн ажлууд маань үргэлжлээд л явж байна. Цагаан сарын үеэс бие өвдөөд хоёр сар хэрийн хугацаанд ажлаасаа хөндийрсөн. Дараагийн эмчилгээндээ орчихоод очиж уран бүтээлдээ орно доо.

-Таны анхны уран бүтээл юу вэ?

-Оюутан байхдаа дууны уран бүтээлд оролцож байсан, нэг их олны хүртээл болж чадаагүй ч оюутан цаг, намрын тухай дуунууд хийж байсан. 1984 онд Багшийн сургуулийг дүүргээд нутагтаа Алтай чуулгад очоод анхны уран бүтээлүүдийг тайзан дээр, бүжгийн хөгжмүүдээр эхэлж байсан. Хамгийн анхны дууны уран бүтээл гэвэл П.Бадарч гуайн “Уянга дууны алтан намар” дууг хийж байлаа, тэр дуу маань одоог хүртэл дуулагдсаар яваа, 38 жил өнгөрчээ.

-“Хонгорзул” дууг хэдэн онд туурвисан юм бэ?

-1999 онд зохиогдоод 2000 он гараад л дуулагдаж эхэлсэн. “Хонгорзул” дуу маань тэр оныхоо Монголын радиогийн “Цагаан лавай” наадамд хамгийн олон захиалга авсан шилдэг дуугаар шалгарч тэргүүн шагнал хүртэж байлаа.

-22 жилийн өмнө зохиогдсон ч одоог хүртэл дуулагдсаар л байдаг?

-Би 1990-ээд оны эхээр дууны уран бүтээл рүү шаргуухан орсон. Тэр үед миний зохиосон “Сутай зүгийн нутаг”, “Шаргын говь”, “Оройн намрын бороо” гэх мэт дуунууд Монголын радиогоор явдаг байсан. Анхны дуунуудаа голцуу Монголын радиогоор сонсож байсан. “Хонгорзул” дуу маш амархан түгсэн, уран бүтээл туурвина гэдэг бол хүүхэд төрүүлж байгаатай ижилхэн. Тэрийгээ нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсох их бахархалтай байдаг.

-Гавьяат Н.Энхбатыг “Хонгорзулын Энхбат” гэдэг шүү дээ. Таны дуунуудаас харахад та дуучин Н.Энхбаттай олон жил хамтарч ажиллаж ээ дээ…

-Тэгсэн шүү, Н.Энхбат 1987 онд цэргээс халагдаад Алтай чуулгад жаахан залуу дуучнаар ирж байлаа. Тэр үеэс хойш 13-14 жил нөхөрлөж, хамт уран бүтээл хийсэн. Н.Энхбат “Хонгорзул”, “Ажнайн хүрэн”, “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Оройн намрын бороо” гээд миний 12 дууг дуулсан байдаг юм.

-Н.Энхбат ахыг Монгол Улсын гавьяат жүжигчин болоход та их баярлав уу?

-Тэгэлгүй яахав, олон жил хамтарч уран бүтээл хийж явсан нөхөр маань гавьяат болоход нь их баярласан. Н.Энхбатыгаа дуучин болгож, олонд таниулахын төлөө хамтран зүтгэж явсан хүний хувьд их баяртай байгаа. Гавьяат болсон сураг сонсоод л баяр хүргэсэн.

-Та голдуу дууны уран бүтээл хийдэг. Урын сандаа хэд орчим уран бүтээлтэй вэ?

-300 гаруй дуу байдаг юм, бүртгэж үзтэл 90 гаруй яруу найрагчтай хамтарсан юм билээ. Зарим яруу найрагчдын шүлгийг өөрт нь хэлэлгүй аваад дууны уран бүтээл хийсэн тохиолдол ч байдаг. Сүүлд нь уулзаж, танилцаж байсан ч удаатай. Ү.Хүрэлбаатар, Д.Дашдондов, Д.Лхагвасүрэн, Н.Батжаргал зэрэг олон яруу найрагчидтай маш олон дуу хийсэн байдаг. Зөвхөн дуу, эсвэл сомфони хэлбэрээр гээд өөр өөр төрлөөр дагнаж уран бүтээл хийсэн хүмүүс ч байдаг. Миний хувьд дууны төрлийн уран бүтээл түлхүү, нэг дуулалт хөгжимт драм, хоёр фольк-дуурь, нэг бүжгэн жүжиг, 60 гаруй концертын бүжгийн хөгжим бичсэн. Энэ талаар Говь-Алтай, Сэлэнгэ, Эрдэнэтийн чуулга болон гадны чуулгуудад захиалгаар хийсэн концертын хөгжим олон бий. Дан хөгжмийн 30 гаруй, найрал хөгжимд зориулсан арваад бүтээл бий. Хөгжмийн найруулгыг бол 400 гаруйг хийсэн.

-Таны үеийн хөгжмийн зохиолчид хэн хэн байна?

-Оюутны байрны нэг тасагт хамт амьдарч, нөгөө ангид суралцаж байсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав байна. Бид нэг тасагт гурван жил амьдарч байсан. Б.Магсаржав маань “Сүүн далай ээж” дуугаа өөд өөдөөсөө харж сууж байгаад зохиож байсан. Хөгжмийн зохиолч М.Хатанбаатар “Аавын нутаг”, “Нутгийн зам” гээд сайхан дуунуудтай, бид оюутны байранд нэг тасагт амьдарч байсан. Манай дээд үеийнхэн гэвэл МУУГЗ Б.Бямбабаяр, Ё.Сүхбаатар гэх мэт.

-Таны шавь нараас…

-Алтайд чуулгын хөгжимчнөөс эхлээд л хөгжмийн багш, хөжгмийн удирдаач, уран сайхны удирдаачаар ажиллаж байсан. Алтай, Сэлэнгэ, Эрдэнэтэд гээд их олон шавь бий.

-Таныг Монголын анхны фольк-дуурийн хөгжмийг бичсэн гэдэг шүү дээ…

-Би Алтайн чуулгад байхдаа “Шаргын говийн домог” гээд дуулалт жүжиг бичиж байсан. Эрдэнэтэд ирсний дараа 2005 оноос олон уран бүтээл туурвисан, 2006 онд “Бөртэ хатан” хөгжимт драм Эрдэнэтийн чуулгад толилуулсан. 2008 онд “Тэнгэрийн гэрээс” гэж Монголын анхны фольк-дуурийг бичсэн. Фольк-дуурь гэдэг нь улс үндэстний ардын дуу хуурийг гол цөмөө болгосон, сонгодог хэлбэртэй дуурийг хэлдэг. Латин Америкийн орнуудад их байдаг юм.

-Дууны ая, кино, жүжгийн хөгжим бичих их ялгаатай юу?

-Тийм, тус бүрдээ өвөрмөц арга барилаар хийгддэг. Жишээлбэл, дууны уран бүтээлийг яруу найрагч, дуучинтай хамтраад хийчихнэ. Монголчууд их дуулаач ард түмэн учраас дууны уран бүтээл их хөгжсөн байдаг.

-Та яагаад урлагийн хүн болсон юм бэ?

-За яахав, урлагийн хүн болъё гэж бол бодож яваагүй юм /инээв/. Аав, ээжийн талд дуулж хуурддаг хүмүүс байсан. Багадаа сумын дотуур байранд байхад гармон гээд хоёр тийш нь татдаг хөгжим байсан юм. Тэрийг оролдож байгаад дуу тоглодог болсон. Баруун, зүүн гараараа тоглодог болоод сүүлдээ дотуур байрныхаа хоолны зааланд хөгжимддөг болсон. Найзтайгаа сумын клубийн ах нараас баянхуур хөгжим гуйж аваад, сумын томчуудын бүжгэнд уригдаж хөгжим тоглодог байсан. Тэгээд л Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид шалгалт өгч тэнцсэн. Би чинь мундаг хөгжимчин болчихсон гээд ирсэн чинь бүгд худлаа болж таарсан /инээв/.

-Таны хүүхдүүд хөгжим сонирхож байна уу?

-Хоёр ихэр хүүгийн маань нэг нь Соёл урлагийн их сургуулийн кино найруулагч мэргэжлээр суралцаад энэ жил төгсөнө. Бусад нь өөр мэргэжилтэй.

-Та эрүүл мэндийн оношоо хэзээ сонссон бэ?

-Ходоод айхтар далд эрхтэн юм байна. Миний ходоод огт өвддөггүй байсан, энэ жилийн Цагаан сарын дараа гэнэт цанхайгаад эхэлсэн. Тэгээд эмнэлэгт хандаад дурандуултал ходоодны шархлаа үүссэн байна гэсэн. Тэндээс эдийн шинжилгээ өгтөл 18 хоногийн дараа хавдар болсон байна гэж оношлогдож ходоодоо бүхэлд нь авахуулсан. Дөрөвдүгээр үедээ орсон нь тогтоогдсон. Монголын хавдар судлалын гайхалтай чадварлаг эмч нар хагалгааг маш сайн хийсэн. Химийн эмчилгээгээ хийлгэхээр хүлээж байна, 21 хоногийн зайтай зургаан удаагийн хими эмчилгээнд орно.

-Гэнэт өвчний оношоо сонсоод таны болон таны гэр бүлийн сэтгэл зүй хүнд байсан байх?

-Би өөрөө өндөр сэтгэл зүйтэй байгаа. Анагаахын шинжлэх ухаан хөгжчихсөн үед даваад л гарна гээд ойр дотныхондоо эерэгээр нөлөөлөхийг хичээж байна.

-Та цаашид ямар уран бүтээлүүд хийхээр төлөвлөж байна?

-Хүнд цаг үе ирэхэд ямар залхуу, назгай байснаа ойлгодог юм байна. Бодсон зүйлсээ хийж амжихгүй үхэх юм байна даа гэж бодогдож байсан л даа. Олон хүний сайхан сэтгэлийн дэм, эмч нарын чадвараар амьд үлдэхэд цаана нь асар их сэтгэлийн өр үлддэг юм байна. Би амьд үлдсэн юм чинь илүү их зүйлийг хийх ёстой.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

​Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана DNN.mn

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм. Нарны замын шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах “Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн ч эрс өссөн. 20 шахам жилийн нүүрийг үзэж буй Нарны замыг энэ жил шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийнэ.

Тодруулбал, эхний ээлжид Олимпийн гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд, дараагийн удаад Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд иргэд, жолооч нар маань дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

“НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоосон” гэв DNN.mn

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Б.Заяабал НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдэв.

Энэ тухай тэрбээр, “Олон улсын жишигт бага НӨАТ-тай орон буюу 10 хувиас дооших, 10-20 хувийн дунд татвартай орнууд, 20-оос дээш хувийн их татвартай орнуудаар авч үзсэн судалгааны ажлууд байдаг. Үүгээр авч үзвэл Монгол Улс бага татварын хувь хэмжээтэй орон. НӨАТ-ын татварыг хамгийн сүүлд төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар 2%-ийг буцааж олгодог. Сангийн сайд үүрэг өгсөн. Сугалааг болих шийдвэр гарсан. Гэхдээ урт биш түр хугацааных юм. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Оюу толгойн “төгсөгчид” DNN.mn

Оюу толгой хэмээх өнөр өтгөн ам бүл үүсч бий болсон цагаас хойш нэгэн үе хэдийнэ өнгөрчээ. Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө хөрөнгө оруулалтын үндсэн гэрээг үзэглэснээр Монголын өнцөг булан бүрээс цугларсан шилдэг мэргэжилтэн, уурхайчин залуус дэлхийн өндөр ур чадвартай инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллах том хийгээд ховор боломж бүрдсэн билээ.

Олон улсын нэр хүндтэй том бүтээн байгуулалт, уул уурхайн энэ төсөлд олон мянган монголчууд салбар, мэргэжлээрээ хуваагдан баг болон амжилттай ажилласаар байгаа. Өөрийн мэдлэг оюун, хүч хөдөлмөр, залуу насаа улс орныхоо үлгэр жишээ уурхайд зориулан, гавьяаны амралтандаа гарах ахмадууд жил бүр нэмэгдсээр байгаа билээ.

Тэдгээр баг хамт олноос гавьяаны амралтандаа суусан ахмадуудыг бид энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урьж, нэгэн үеийн дурсамжийг нь сэргээлээ.


Осол зөрчилгүй, нэгэн цул болсон өргөлт угсралтын багийнхан

Бидний урьсан эхний баг хамт олон бол Оюу толгой компанийн өргөлт угсралтын багийнхан. Ил уурхайн анхны бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд гадаадаас оруулж ирсэн хүнд даацын техник хэрэгслийг угсрах, ажилд оруулах гол үүрэг энэ багийнханд оногджээ. Анхны өргөлт угсралтын багт ажилласан хүмүүсийн нэг бол оператор Мягмарын Батболд байлаа. Тэрээр Оюу толгой хэмээх их айлын үүдээр 2011 оны зургадугаар сард алхаж, ил уурхайн хамгийн анхны бүтээн байгуулалтын хүнд даацын тоног төхөөрөмжийг угсарчээ.

Өргөлт угсралтын энэ “ангийнхан” маань 40 гаруй хүнтэй. Хэлтсийн дарга буюу ангийн дарга нь Ганзориг хэмээх шижигнэсэн залуу байж. Бөхбаяр, Отгонбаяр, Эрдэнэхүү нарын мастерууд багаа гурван ээлжээр удирдан ажиллана. Багийн бүрэлдэхүүнд оператор М.Батболд гуайгаас эхлээд Гунгаажав, Наранцогт, Галбаатар, Төмөрхуяг, Амарбат нарын гол операторууд ажилладаг. Мөн тэдний багт Энхжаргал, Мягмардорж, Нямжаргал, Амирлангуй, Ариунжаргал нарын дохиочин залуус хамрагдана. Баатархүү, Лхагваа нарын шат угсралтын багийнхан ч харьяалагдаж, нэг баг хамт олон болж, осол авааргүй, зөрчилгүй нэр төртэй ажиллаж иржээ. Тэдний “ангийнхан” хоёр эмэгтэй байж. Тэд бол админ Батдулам, дохиочин Энхжаргал нар.

Кран гэдэг тухайн уурхайн хамгийн гол техник. Уурхайн бүхий л үйл ажиллагаанд кран л үүрэг гүйцэтгэдэг. М.Батболд гуай хүдрийг ухаж авахаас эхлээд бүтээгдэхүүн болгон савлах хүртэлх бүхий л дамжлагууд дээр оператор хүний хувьд ажилласан ховор хувь завшаантай хүмүүсийн нэг. Уурхайд 2.5 тонноос эхлээд хамгийн хүнд 250 тонн хүртэл авто кран ажиллана. Операторуудад бол тэдгээр бүхий л кран ажлын талбар нь.

М.Батболд гуайн Оюу толгойгоор овоглох болсон үеийн хамгийн том бахархал анх ажилд орох үеийн ярилцлага гэнэ. Тэрээр өмнө нь Бороогийн уурхайд үлгэр жишээ ажилласан операторын багийн гишүүн байж. Тийм ч учраас Оюу толгой компанийнхан орчин үеийн өндөр чадвартай монголчуудыг ажиллуулах сонирхолтой байсан нь лавтай. Зочин маань Оюу толгойн оффис дээр урилгаар дуудагдаж очоод ярилцлагад орохдоо “Надад цалин чухал биш. Дэлхийд тэргүүлж байгаа уурхайн төсөл дээр ажиллах болсондоо баяртай байна. Энэ л миний бахархал” гэж хэлж байж. Үүнийг сонссон гадаад мэргэжилтэн М.Батболд гуайд гүнээ талархаж байсан сайхан дурсамжийг хүүрнэсэн юм.

Ганзориг ахлагчтай өргөлт угсралтын багийнхан дотроо эвсэг, найрсаг хамт олон гэдгээрээ уурхайдаа нэр хүндтэй гэнэ. Тэр дундаа Төмөрхуяг кранист залуустаа түшигтэй тулхтай, дулаан энерги үргэлж цацаж байдаг шилдэг мэргэжилтэн байсныг М.Батболд гуай дурсан ярьж байв. Ганзориг, Отгонбаяр, Бөхбаяр нарын мастерууд ч хамт олныхоо төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүс байв.Ийм хамт олонтойгоо найман жилийн хугацаанд оператороор ажилласан М.Батболд гуай 2019 онд гавьяаны амралтандаа гарчээ.

Уурхайд тэр дундаа кран, хүнд даацын техник угсрах ажил амаргүй, эрсдэл өндөртэй. Хамгийн чухал нь энэ хамт олон ажиллах хугацаандаа ямар ч осол аваар, зөрчил гаргаж байгаагүй гэдгээрээ эдүгээ ч бахархан ярьдаг аж. Жил бүрийн шинэ жилийн баяраар өргөлт угсралтын багийнхан тал талаас уулзаж, баяраа тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Харин Оюу толгой компанийн хэмжээнд гавьяаны амралтанд гарсан нөхдөө Сар шинийн баяр, Ахмадын баяраар хүлээн авдаг, байнгын харилцаа холбоотой байдагт ахмадууд ихээхэн баярладаг юм байна.

Нийгмийн хариуцлагын брэнд төслүүдийн эзэд

Хариуцлагатай уул уурхайн олон улсын сонгодог хийгээд шилдэг жишгийг Монгол Улсад Оюу толгой компани л хэрэгжүүлж буй. Энэ үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олон бол Оюу толгой компанийн Орон нутгийн асуудал хариуцсан захирал асан Шуркагийн Байгалмаагаар ахлуулсан багийнхан юм.

Ш.Байгалмаа захирал анх Оюу толгойн толгой компани “Айвенхоу Майнз” байх үед усан хангамж хариуцсан ахлах инженерээр ажиллаж эхэлжээ. Яг л Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил эхлэх үеийн бэлтгэл хангагдаж байсан 2005 он. Ийнхүү гурван жилийн хугацаанд ажиллаад түр завсарлан MCS компанийн урилгаар Энержи ресурс компанид тогтвортой хөгжлийн асуудлыг хариуцах болжээ. Тэндээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан дэд ерөнхийлөгч хүртэл дэвшин ажиллаж байх үед Оюу толгой компаниас урилга ирүүлсээр байжээ.

Учир нь “Энержи ресурс”-ын туршлага манай улсад шинэлэг загвар болж байв. Уул уурхайн компани орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагатай тулж ажилладаг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дээд түвшинд хүргэж, түншлэлийн нэлээд сайн загвар болсон нь манай улсад шинээр алхах гэж байгаа Оюу толгой компанид авууштай зүйл байв. Тийм ч үүднээс энэ шинэ туршлагыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа Ш.Байгалмаа захирлыг урьсан учиртай аж.

Ш.Байгалмаа захирлын баг хамт олон Оюу толгой компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хэрэгжүүлж байгаа брэнд төслүүдийн санаачлагчид юм. Хуулийн дагуу уул уурхайн компани орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёстой. Ш.Байгалмаа захирлыг ажлаа авах үед энэхүү гэрээ нэлээд удаашралтай зогсонги байдалд байсан гэгддэг. Тэрээр малчид, орон нутгийн иргэдтэй уйгагүй ярилцаж ойлголцсоны үр дүнд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж чаджээ.

Эдүгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд дундаас орон нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ сан бол “Говийн оюу” сан юм. Жил бүр тус санд Оюу толгой компаниас таван сая ам.доллар төвлөрүүлж, орон нутгийн хөгжлийн төслүүдэд зарцуулагдсаар байгаа юм. Анх нөлөөллийн сум байсан Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад өнөөдөр түншлэлийн сум болтлоо нягт уялдаатай, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэднийг хөгжил рүү хөтлөн алхаж чаджээ.

Түүнийг ажиллаж байх үед гадаад, дотоод удирдлагын баг бүрэлдэхүүн ихээхэн дэмжиж байсны ач тус гэж тэрээр онцолж байв. Энэ тухай Ш.Байгалмаа захирал онцлохдоо “Би өөрийгөө азтай гэж боддог. 20 орчим жил барилгын салбарт ажилласан инженер хүний хувьд уул уурхайн салбараар гадаадад суралцсан. Ингээд Монголдоо хариуцлагатай уул уурхайг анхнаас нь бий болгосон хоёр том уурхайд нэр төртэй ажиллаж чадлаа. Ялангуяа 145 жилийн түүхтэй Рио Тинто компанийн менежмэнт Монголд орж ирнэ гэдэг ховор боломж. Ийм зузаан түүхтэй олон улсын компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажилласандаа маш их баярладаг. Түүнээс гадна монгол залуусаараа бахархдаг. Оюу толгойг монгол залуус л авч явна” гэсэн билээ. Тэрээр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдээс хамгийн түрүүнд гавьяаны амралтандаа гарсан нэгэн билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эхний дөрвөн сард 58.5 сая ам.долларын эрчим хүч импортолжээ DNN.mn

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 12.2 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд

  • Японд 34.8 хувь
  • БНХАУ-д 14.2 хувь
  • Швейцарт 7.8 хувь
  • Туркт 7.4 хувь
  • Австрит 6.5 хувь тус тус ногдож байна.
  • Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилбал Японд 38.3 хувь, АНУ-д 27 хувь, Данид 11.5 хувь, Энэтхэгт 6.5 хувь ногдож байна.
  • Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 18.2 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл Энэтхэгт 38.5 хувь, БНХАУ-д 30.5 хувь, Францад 10.6 хувь, ХБНГУ-д 5.9 хувь тус тус ногдож байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх сарын 14-нд тохиож бүх нийтээр амарна DNN.mn

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг.

Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Гэвч Гандантэгчинлэн хийдээс “2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно” гэж мэдээлсэн.

Энэ хүрээнд ирэх зургаадугаар сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээр амрах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Итали руу боловсруулсан шир, самнасан ноолуурын 84.6 хувийг экспортолжээ DNN.mn

Гадаад худалдааны 2022 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр нийт бараа эргэлт 5.15 тэрбум ам.доллар болж, 2021 оны мөн үеэс 690.8 сая ам.доллар буюу 15.5 хувиар өссөн бөгөөд гадаад худалдаа 450 сая ам.долларын ашигтай гарчээ.

  • Экспортод 2.8 орчим тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар
  • импортоор нийт 2.4 орчим тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 388.1 сая ам.доллароор буюу 19.8 хувиар тус тус өссөн байна.

зураг

Экспортод нийлүүлсэн барааны 99.5 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний экспорт

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2,334.6 сая ам.доллар буюу 83.4 хувийг эзэлж байна. Мөн сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 328.9 сая ам.доллар буюу 11.7 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 82.4 сая ам. доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.1 хувийг эзэлж байна.

  • Энэ оны эхний дөрвөн сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 90.9 хувийг БНХАУ
  • үхэр адууны боловсруулсан ширний 40 хувь, самнасан ноолуурын 84.6 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д тус тус экспортолж

дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 80.3 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 53 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 82.2 хувь, Швейцарт 11.7 хувь, Сингапурт 3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ханбогдын “мото”-чин залуус DNN.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучууд хоббигоороо нэгдэж “Галт моторс Монголиа” клуб байгуулжээ. “Мото”-чин залуусаас хоёрыг нь сонгож цаг товлон уулзсан юм. Нэг нь “Галт моторс Монголиа” клубийн гишүүнчлэл хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэ-Очир. Тэр Оюу толгой ХК-ийн Ил уурхайн хүнд машин механизмын оператороор ажилладаг юм байна. Нөгөө нь Б.Билэгдэмбэрэл.Клубийн залуу тамирчин, механикийн үүрэг гүйцэтгэгч. ӨБЦТС ТӨХК-ийн монтёр, засварын ажилтнаар ажилладаг аж. Тэдэнтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Галт моторс клубийн түүх хэзээнээс эхлэлтэй вэ?

-Манай сум залуус олонтой, уул уурхайн бүс нутаг учраас эрчүүд голдуу. Уралдааны машин мотоцикл сонирхдог залуус бие биенийхээ машин тэрэг мотоциклийг сонирхож уулзалдаж байгаад сонирхлын клубтэй болохоор шийдсэн юм. Анх 2015 онд сошиалд групп нээж холбогдож эхэлсэн. Эхлээд ойр зуур аялж, уулзалдаж явсаар 2019 онд клуб хэлбэрт шилжин тамга тэмдэг гэрчилгээтэй болж, одоо албан ёсны 48 идэвхтэй гишүүн, дэмжигч фэн 70 гаруй залуустай томоохон клуб болоод байна.

-Клуб чинь ямар зарчмаар ажилладаг юм бол. Төрөл, ангилал чиглэл гэж байх уу?

-Байна аа. Бид мотокросын ангилал, offroad машины төрөл, дрифт, VIP гэсэн дөрвөн төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг.Тэр дундаа мотокросын чиглэлээр хичээллэгсэд олон.

-Та нар моточидын аялал болоод уралдаан тэмцээнд оролцож байв уу?

-Бид тамирчдаа сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулж тодорхой хэмжээнд амжилт үзүүлж байсан. Клубээ нээсний дараа хамгийн холын гараа Дундговь аймгийн Өлзийт сумын Сарны орон гэх үзэсгэлэнт газар руу ирж очихын 700 км-ийн замыг туулж аялал зохион байгуулж байлаа. Ханбогд сумын Галбын говь бол үзэсгэлэнт байгаль, ховор сонин ан амьтан, жигүүртэн шувууд олонтой гайхамшигтай нутаг. Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан алдарт Галбын гурван хийд, дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд, Галбын уулс, Зуун модны ам, Хөдөлдөг цохио, Мэлхий хад, Баяжихын агуй, Зээрд, Шар цав, Байшин цав, Хэмгий, Сэвхүүлийн элсэн далан, Оцон мааньтын хүннүгийн ул мөр, Тооройн төгөл, Жавхлант хайрхан, Шийрийн уулын хадны зураг, Түрэгийн үеийн хүн чулууны олдвор, Мангасын хүрээ зэрэг түүх, соёлын дурсгалт газруудаараа танилцах аяллыг байнга зохион байгуулдаг.

Дашрамд хэлэхэд сумынхаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад дотоодын жуулчдад таниулах сонирхол бидэнд их байдаг. Улсын хэмжээнд мото чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб дундаасаа бид идэвхтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулдгаараа долдугаарт эрэмбэлэгддэг.

-Танай сумаас гадна ийм клуб байгуулсан сум байдаг болов уу. Ханбогдын залуус л танай гишүүд үү?

-Манайд Даланзадгад, Баян-Овоо, Манлай, Цогтцэций сумдаас гишүүнчлэлтэй байж байгаад Цогтцэций сумынхан өөрсдийн “Шанх” клубээ байгуулсан. Өөр сумдын талаар одоогоор бидэнд мэдээлэл байхгүй. Бидний бахархуулах нэг том онцлог гэвэл өөрсдийн эзэмшлийн дөрвөн га газарт байгалийн тогтоцоо түшиглэж уралдааны замтай болсон. Ийм замтай ямар ч сум байхгүй. Замынхаа нээлтийг хийж аймгийн аварга зохион байгуулахаар Цогтцэций сумын “Шанх” клубтэй хамтарсан бэлтгэл хийж байна.

-Энэ төрлөөр хичээллэдэг хүмүүсийн хувьд уралдааны замтай байна гэдэг содон мэдээ байна. Зориулалтын замтай болоход чинь дэмжсэн хүн байгаа юу?

-Сумын ЗДТГ-аас биднийг их дэмждэг. Тиймдээ ч бидэнд эзэмшүүлэх дөрвөн га газар өгсөн. Мото спортыг хөгжүүлэхэд зам их чухал. Зам байгуулахад өртөг өндөр учир бидэнд тусалдаг компани олон бий. Уралдааны зам бартаатай экстрим байх тусмаа сонирхолтой байдаг. Бид говийн зам мөн байгалийн сайхан тогтоцоо түшиглэсэн учир мото спортоор хичээллэгсдийн сонирхлыг аргагүй татна гэдэгтээ итгэлтэй байна. Биднийг бүсийн болоод улсын уралдаан тэмцээнд оролцоход манай сумын Ханбогд хурд ХХК, Ханбогд тээвэр ложистик ХХК, 90:90 авто засварын төв зэрэг олон компани, хувь хүн ивээн тэтгэдэг.

-Мото спорт бол хамгийн аюул осолтой спортын нэг төрөл. Аюулгүй ажиллагаандаа хэр анхаарч байна?

-Бид сумынхаа Замын цагдаагийн газартай хамтарч ажилладаг. Хамгаалалтын бүх хэрэгслийг өмсдөг. Оюу толгой гэх гадны том компанийн соёл манай суманд бүр нутагшчихсан. Тэр утгаараа хамгаалалтын каск малгай өмсдөггүй хүн гэж байхгүй. Зөвхөн мотоцикл унадаг залуус ч биш, барилгын жижиг ажил, засвар хийж яваа хүн ч өмссөн харагддаг. Уралдааны зам дээр биш бол хэн ч хурд хэтрүүлдэггүй. Аюулгүй байдал стандарт дүрэм журмыг ягштал мөрдөж сурч байна. Болдог л юм байна. Бусад маань ч гэсэн хэрэгжүүлдэг байгаасай. Клубийн маань цаашдын зорилго гэвэл уралдааны замаа улам сайжруулж Улсын уралдааны нэг гарааг ч гэсэн сумандаа зохион байгуулах хүсэлтэй. Мөн өөрсдийн засвар үйлчилгээний том сервис гаражтай болно. Манай клубийн гишүүн мотокросын түрээсийн үйлчилгээ эрхэлж байна. 18 нас хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлдэггүй журамтай. Манай суманд Иж планет-5 мотоциклийн аймагт битгий хэл улсдаа тэргүүлэх олон гишүүнтэй клуб хүртэл байдаг.

-Уучлаарай, танай суманд архидалт хэр байдаг вэ. Танай клубийн гишүүд бүгд ажил хийдэг үү?

-Архидалт ёстой байхгүй. Бид бүгд ажил хийдэг. Ажлын хажуугаар сонирхлоо хөөсөн залуус их шүү, манай суманд. Тэр дундаа хэлтэй бол хөлтэй гэгчээр хэлтэй бол боломж нүдэн дээр бий учир гадаад хэл үзэж суралцдаг хүүхэд залуус ихтэй.

-Та нарын унадаг мотокрос хэр үнэтэй вэ?

-Хамгийн багадаа найман сая. Дээшлээд 38 сая хүртэл үнэтэй. Ер нь анх мотоциклийг зохион бүтээсэн хүн шувуу шиг эрх дураараа дүүлэн нисэхийг хүсч хийсэн байдаг. Мотокрос нь нисэлт, үсрэлт, дүүлэлт ихтэй, тэрнээс авсан кайф юутай ч зүйрлэшгүй сайхан. Тийм болохоор нэг дурласан хүн хоббиндоо цаг, мөнгө санхүүгээ зардаг. Тэгж зарцуулсандаа сэтгэл өндөр байдаг.

П.ЭНХЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэгт хамрагдсан 3 хүүхдээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ DNN.mn

2022 оны тавдугаар сарын 1-5-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16,302 иргэн хамрагджээ.

Насны ангиллаар авч үзвэл:

  • 0-17 насны хүүхэд 12,809
  • 18-30 насны иргэд 1,073
  • 31-45 насны иргэд 683
  • 46-60 насны иргэд 755
  • 61-ээс дээш насны иргэн 982 байна.
Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3,731 иргэн байгаагаас 3,218 нь хүүхэд байна. Тодруулбал 0-5 насны хүүхэд 1,826, 6-17 насны 1,392 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагджээ. Эдгээрээс хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрсэн болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байгаа юм

Categories
мэдээ цаг-үе

Бага ангийн сурагчид ирэх сарын 3-нд хичээллээд амарна DNN.mn

2021-2022 оны хичээлийн жил цар тахлын улмаас гурван улиралтай байгаа. Сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт ижил хугацаанд эхэлнэ.

  • Бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд
  • Дунд, ахлах /4-12/ ангийн сурагчид зургаадугаар сарын 13-нд хичээллээд амрах хуваарьтай байна.

Сурагчдын өвлийн амралт сунгагдаж байсан тул зуны амралт долоо хоногоор хойшилж эхэлж буйг албаны эх сурвалж тодотголоо.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 сурагч суралцаж байгаа юм.