БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та сайдаар томилогдсоноос хойш бодлогын томоохон өөрчлөлт юу хийв. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаасаа товчхон дурдаач?
-Хамгийн эхэнд анхан шатандаа буюу аймгууддаа ажиллалаа. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгаас бусад 20 аймагт ажиллаад байна. Аймгуудад Ойн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан ажиллалаа. Түүнчлэн Монгол Улс ойн стратегитай болох гэж байгаа. Мөн Монгол Улын хэмжээнд хөрсний шинжилгээг яаралтай хийх шаардлагатай байна. Учир нь Монгол Улсад тухайн газар орон нутгийн онцлогоос шалтгаалаад ямар хөрстэй болчихоод байгааг судлан шинжилж байна.Цаашлаад гадаад дотоодын эрдэмтэн, судлаач, шинжээч нартай хамтран Монгол Улсын цэвдэгтэй холбогдуулан малын бэлчээртэй холбоотой судалгаа шинжилгээг хийж байна. Эдгээр ажлуудтай холбогдуулан 20 орчим аймагт ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зөвлөгөөний хийж байгаа боловч дээр дурдсан ажлуудыг давхар амжуулж, усны асуудлыг ч орхигдуулалгүй анхаарч ажиллаж байна. Хоёрдугаарт, БОАЖЯ дээр нийт 22 тусгай зөвшөөрөл хамаардаг.Эдгээр зөвшөөрлөөс гурван зөвшөөрлийг нь мэргэжлийн холбоод руу шилжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үлдсэн 19 зөвшөөрлийг цахимаар олгодог болсон.
-Цахим монгол гэдэг ч юмуу цахимтай холбоотой нэршлүүд нь сайхан сонсогдож байгаа боловч бодит байдал дээрх үр дүн харилцан адилгүй байдаг шүү дээ. Зөвшөөрөл хүссэн бичиг нь хэнд,хаана очоод гацсан нь мэдэгдэхгүй таг болох вий дээ?
-Зөвшөөрлийг цахим болгосноор заавал иргэд, ААН-ийн төлөөллүүд яаман дээр өөрийн биеэр ирэхгүйгээр хаана байрлаж байгаагаас үл хамааран цахимаар материалаа өгдөг болсон.Түүнчлэн иргэн, ААН-ийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт хаана, хэн дээр хянагдаж байгаа, хэд хоног болж байна, удаашрах шалтгаан юу байгааг шууд харах боломж бүрдсэн. Цаашлаад зөвшөөрлийг ямар шалтгаанаар удаагаад байгаа нь мэдэгдэхгүй, албан тушаалаа ашиглаж, авлига авах, хүнд суртал гаргах байдлыг таслан зогсоох бас нэгэн хөшүүрэг болж байгаа. Мөн АТГ-аас гаргадаг шударга байдлын үнэлгээгээр БОАЖ яам сүүлээсээ гуравдугаар байрт орсон. Тиймээс бид АТГ-т хүсэлт гаргаж Хяналт шинжилгээ, дотоод аудитын газар дээр АТГ-аас комисс ажиллуулж байна. Энэ бол авлигаас ангид байх маш том систем ажиллаж байгаа гэсэн үг.
-Богдхан уулын ойр орчимд олгосон зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар олголттой холбоотой асуудлууд үе үеийн сайд нарын толгойны өвчин байсаар ирсэн. Та энэ асуудал дээр ямар нэгэн шийдэл гаргаж амжсан уу?
-Манай яамнаас Богдхан уул, Горхи Тэрэлжийн дархан цаазат болон байгалийн цогцолборт газрууд, тусгай хамгаалалттай газруудад газрын дүн шинжилгээг хийж байна. Хамгийн эхлээд Богдхан ууланд хийж дууслаа. Богдхан уулыг онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүс хэмээн хуваадаг. Одоогоор Богдхан уулын барилгажсан хэсэг бол хязгаарлалтын бүсэд бий. Тиймээс цаашид хамгаалалтын бүс буюу барилгажаагүй байгаа талбайн хэмжээг Сайдын зөвлөлийн хурлаар оруулж нийт 5562 га газраар хамгаалалтын бүсийг тэллээ. Өөрөөр хэлбэл, цаашид дээр дурдсан хэмжээний газар олголтод өртөж барилгажихаас урьдчилан сэргийллээ. Мөн ажлын хяналт шалгалтыг хийж байна. Үүний хүрээнд Горхи Тэрэлжийн дархан цаазат газрын дарга болон Туул голын сав газрын захиргааны дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Хамгийн их барилгажсан газрыг аваад үзвэл Богдхан уулын дархан цаазат газар байна. Тус бүс нутагт хууль бус газар олгосон асуудал бий. Тухайлбал, аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа зуслангийн зориулалттай амины орон сууц, нийтийн орон сууц барьчихсан байх жишээтэй. Эдгээр асуудлыг хамгийн эхэнд цэгцлэхийг хичээж байна. Зуслангийн хаус чиглэлээр гарсан гэрчилгээг аялал жуулчлалын болгон гэрээг өөрчилнө.
-Мөн голын ай сав газар, тэр дундаа голын хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барьсан асуудал ч бий шүү дээ?
-Тантай санал нэг байна. Туул, Тэрэлж, Улиастайн гол дагуу буюу Голын онцгой хамгаалалтын бүс буюу 50 метр дотор олгогдсон газрыг бүгдийг нь цуцална. Гэхдээ ААН хохирч болохгүй учраас тухайн газрыг дүйцүүлж, хамгаалалтын бүс дотор бусаар олгох зөвшилцлийн ажил эхэлчихсэн явж байна. Үүний хүрээнд Туул голын дагуу байгаа ААН болон, иргэдэд газрыг дүйцүүлэн өөр газар олгох судалгааны ажил эхэлчихсэн Богдхан уулын дархан цаазат газрын захиргааныхан ажиллаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын иргэдийн болон Төв аймгийн зургаан сумын иргэдийн ундны усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх ажлууд хийгдэж байна. Нөгөө талаас ямар ч зөвшөөрөлгүй мөртлөө байшин барьчихсан иргэд, ААН-үүд байна.Үүнд хуулийн дагуу арга хэмжээ авна гэж байгаа боловч нэгэнт баригдчихсан барилгыг шууд нураана гэдэг маш хэцүү асуудал. Тиймээс тухайн газартай холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг хөндөх гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Жаргалантын ам, Нүхтийн ам,Хүүшийн, Зайсангийн ам гэх мэт талбайд барилга барьчихсан байгаа талбайнуудын эзэмшигчидтэй уулзаж, тухайн орчныг ногооруулах, мод тарих, зарим хэсгүүдийг хашаанаас чөлөөлж, уул руу гарах жимтэй, замтай болгох, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг тохижуулах гэх мэт ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх дөрвөн бүсийг 11.3 га газарт ууланд бий болгохоор ажиллаж байна. Нөгөө талаас энэ жил Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл тохижилт хийх, ирэх жил Баянзүрхийн гүүрнээс Сонгинын гүүр хүртэл тохижуулахаар төлөвлөөд байна.
-Иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг голын ай сав дагуу болон дархан цаазат ууланд байгуулахаар ажиллаж байгаа нь таатай мэдээ байна. Хамгийн гол нь одоо ч тулгамдаад байгаа хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Богдхан уулын дархан цаазат газар, Туул голын ай сав хог хаягдалдаа дарагдчихсан байгаа шүү дээ?
-Нэгдүгээрт,Олон улсын байгаль хамгаалах бүлэг сан бий. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-26-ны хооронд манай улсад ажилласан. Цэцээ гүн рүү алхдаг жимийг Манзушир буюу Төв аймгийн талаас нь, Зайсан толгойн талаас алхдаг жимийг олон улсын жишигт нийцсэн байдлаар тохижуулах, хоёрдугаарт, БОАЖЯ-наас Зайсан руу алхдаг цэгт 1.9 га газарт цэцэрлэгт хүрээлэн буюу иргэдийн чөлөөт амралтын бүсийг гаргаж байгаа. Энэ хоёр ажлыг АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Батбаяр дэмжин ажиллаж байгаа. Ингээд дээр дурдсан ажлуудыг хийж хэрэгжүүлэхээ амласан.Хоёрдугаарт, бараг зургаан жил гацсан байсан хог хаягдлын үйлдвэр барих газар байхгүй байсан. Үүнийг Нийслэлийн газрын албатай яриад БНХАУ-ын Засгийн газрын концессын гэрээгээр барихаар болсон. Бид газрын асуудлаа шийдсэн. Ингээд 1.6 жилийн дотор баригдахаар болсон. Хөрөнгө оруулалт нь бэлэн байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот ямар ч хог хаягдалгүй болно. Хоёрдугаарт, аюултай хог хаягдлын тухайд гурван компанид гадагшаа экспортлох зөвшөөрөл олгосон. Тухайлбал, ОХУ-аар дамжин өнгөрч цаашлаад БНСУ руу гаргах юм. ОХУ-аас дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн учраас БОАЖЯ-наас аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрлийг олгоод байна.
-Одоо хуримтлагдчихсан байгаа хог хаягдлыг хэрхэн зөөвөрлөж, хогийн цэг дээр аваачих вэ?
-Энэ асуудал юутай холбоотой вэ гэхээр 2012 онд Тэрэлжийн голын таван салаа хэсэг дээр Тусгай хамгаалалтаас тухайн газар нутгийг гаргаж, Төв аймгийн Засаг дарга голын онцгой хамгаалалтын бүс буюу дотор талд нь газар олгосон асуудал бий. Бид одоо 2012 онд Тусгай хамгаалалтаас гаргасан газрын асуудлыг дахин УИХ-д оруулж, тусгай хамгаалалт оруулах асуудлыг яриад эхэлчихсэн. Хог хаягдалтай холбоотой асуудлын тухайд тухайн байгалийн цогцолборт газар, дархан цаазат газруудад байгаа аялал жуулчлалын тур баазуудад идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх олгоод эхэлсэн. Одоогоор 174 хүнд уг үнэмлэхийг олгоод байна. Уг систем яаж ажиллах вэ гэхээр тухайн тур баазуудын ойролцоо газруудыг тэдэнд давхар хариуцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн ойр орчмынхоо бүсэд хог тарихгүй, хоёрдугаарт, иргэдийг буудлуулж, хог хаяулахгүй, ил задгай бие засуулахгүй байх, газар нутгийг хөндүүлэхгүй буюу өөр жуулчны бааз байгуулах, барилга байшин бариулахгүй байх гэх мэт хариуцлагыг үүрүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд өдөр тутмын хяналтыг бий болгож чадна гэсэн үг. Мөн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газрын удирдлагуудыг сольсон. Үүнтэй холбогдуулаад хогны менежмэнттэй холбоотой асуудлыг яаманд оруулж ирэхийг шинэ удирдлагуудад өгсөн. Энэ сарын 15-ны дотор багтаагаад санал оруулж ирээд, аялал, жуулчлал идэвхжихээс өмнө арга хэмжээ авч ажиллана. Мөн БОАЖ-ын сайдын албан даалгавар гарч байгалийн цогцолборт, дархан цаазат, усны сав газарт байрлаж аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа бол нүхэн жорлон хэрэглэхгүй, ачаалал даах хэмжээний хогийн савтай байхыг албажуулсан. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн тур баазын тусгай зөвшөөрлийг цуцлах, мөн үүргээ сайн биелүүлсэн иргэн, ААН-ийн зөвшөөрлийг газар дээр нь сунгах зэрэг урамшууллын болон хариуцлагын системийг нэвтрүүлсэн. Тэгэхээр тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд 10 гаруй төрлийн бичиг баримт бүрдүүлдэг иргэд, ААН-үүдэд уг хариуцлагыг хэрэгжүүлээд газар дээр нь тусгай зөвшөөрлөө тав хүртэлх жилээр сунгуулах хөшүүрэг ихээхэн таалагдаж байгаа.
-Энэ хавар бугын эвэр түүж бэлтгэхийг хориглосон хэдий ч хэд хэдэн удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдлээ шүү дээ. Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?
-Ер нь бугын эвэр, самар түүж бэлтгэгчдээс улбаалж ой хээрийн түймэр гарах тохиолдол бий. Энэ оны тухайд бугын эвэр түүж бэлтгэхийг хориглосон шийдвэр хэдийнэ гарсан. Самартай холбоотой асуудалд тодорхой судалгаа шинжилгээний ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж арга хэмжээг холбогдох байгууллагууд авч ажиллалаа. Тиймээс хаврын хуурайшилт их байгаа гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг илүү сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
-Жил бүр тавдугаар сарын эхний долоо хоногт Үндэсний мод тарих өдөр тохиодог. Энэ жилийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарих санаачилга гаргасантай холбоотойгоор мод тарих иргэд, ААН-ийн тоо өмнөх жилүүдээс ч нэмэгдэх байх. Хамгийн гол нь тарьсан мод бүр нь ургадаг байх тэр тогтолцоог хэрхэн бүрдүүлэх юм бэ?
-Нэгдүгээрт, мод үржүүлгийн газар, иргэд, ААН-үүдээ дэмжих бодлого баримталж байна. Тухайлбал, тэрбум мод тарих ажлын хүрээнд Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван толгой компани тус бүр 100 сая мод гэх мэтчилэн уул уурхайн чиглэлийн 20 гаруй компани хамтраад 600 гаруй сая мод тарихаар амлалт авсан. Бид эдгээр компаниудын тарих модны хэмжээгээр менежмэнтийг мод тарих компаниуд руу оруулна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус хүн, ААН-үүд их хэмжээний мод тарих хэцүү. Нэг удаадаа нүх ухаад мод суулгаад орхидог. Тиймээс тарьсан мод нь үхэх, мөн хөрсийг судалж, шинжлээгүйгээс үүдэн тухайн хөрсөндөө зохицохгүй байх эрсдэлд орно. Тиймээс мэргэжлийн иргэн, ААН-үүдээ дэмжинэ. Саяхан Эрдэнэт үйлдвэр Швед улсад байдаг тарьц суулгацын үйлдвэртэй гэрээ хийгээд ирсэн. Өөрөөр хэлбэл, 10 хүн жилд 10 сая модны тарьц суулгах хүчин чадалтай үйлдвэр оруулж ирж байна гэсэн үг. Энэ мэтчилэн үйлдвэрүүдийг оруулж ирэх ажлыг тухайн тарих модны үнийн дүнтэй дүйцүүлэн оруулж ирж байгаа гэсэн үг. Энэ ажил 3-5 жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө талаас иргэдээр мод тариулахын тулд урамшууллын хөшүүрэг бий болгох шаардлагатай болж байна. Тухайлбал, иргэн бүрийн хашаанд тарьсан модыг үнэлгээжүүлэхээр банк болон ББСБ-уудтай ярилцаж байна. Тухайн модны насжилт, төрөл, ургалтаас шалтгаалж, үнэлгээжүүлэх юм.Иргэд зээл авахдаа тухайн газар, байшингаа барьцаалдаг бол модыг нэгэнт үнэлгээжүүлж байгаа учраас давхар үнэлдэг байх систем рүү оруулахыг зорьж байна. Орон нутгийн хэмжээнд Дархан-Уул аймаг метр кв тутам ногооруулж, мод тарьсан байвал 5000 төгрөгийн урамшуулал олгож байгаа бол, Өмнөговь аймаг 13 мянган төгрөг олгож байна. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны эхний улиралд 124 сая төгрөг иргэдэд олгосон байна. Мөн барилгажсан талбайн үлдсэн хэсэгт мод тарьж, ногооруулсан тохиолдолд газрын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг судалж байна. Энэ мэтчилэн иргэд, ААН-үүдийг мод тарих хөшүүргийг яамнаас хийж байна.
-Энэ жил уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхээ зарласан.Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-үүд байгаль орчинд ээлтэй байх чиглэлд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үндсэн орд нь 90 хувь, шороон орд нь 10 хувь байдаг. Шороон орд руу ихэвчлэн бичил уул уурхай эрхлэгчид орж үйл ажиллагаа явуулдаг бол үндсэн орд руу томоохон ААН-үүд орж байгаа. Өнгөрсөн хугацаанд БОАЖ яаман дээр уул уурхайн компаниудтай холбоо бүхий асуудлууд байсан. Тухайлбал, менежмэнтийн төлөвлөгөөгөө жил бүр батлуулдаг. Уг төлөвлөгөөг батлуулахдаа нөхөн төлбөртэй холбоотой мөнгөний тодорхой хувийг байршуулах ёстой. Гэтэл нөхөн төлбөрийн мөнгөнийхөө тодорхой хувийг байршуулаагүй иргэн, ААН-үүдийн менежмэнтийн төлөвлөгөөг нь олон жил баталж өгсөн. Үүнээс үүдэн тухайн компани нөхөн сэргээлт хийлгүйгээр тухайн байгаль орчинг эвдэж, сүйтгээд орхиод явсан тохиолдолд төрд тодорхой хэмжээний барьцаа болгож байршуулсан мөнгөнөөс хийх ёстой. Гэтэл тухайн мөнгө нь байхгүйгээс үүдэн өнөөдөр 8000 га газар нөхөн сэргээлт хийгдэлгүй орхигдчихсон байна. Тиймээс менежмэнтийн төлөвлөгөө, нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Ний нуугүй хэлэхэд, өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан, тушаал шийдвэр гаргасан сайд нартай холбоо бүхий асуудлуудыг ил гаргаж, хууль хяналтын байгууллагад удахгүй шилжүүлнэ гэж ойлгож болно.Одоогоор нөхөн төлбөр байршуулаагүй компаниудын менежмэнтийн төлөвлөгөөг баталсантай холбоотой хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явагдаж байна. Нөгөө талдаа БОАЖ яам хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Уул уурхайн хариуцлагатай байдлыг дэмжээгүйгээс хариуцлагагүй уул уурхай хөгжөөд байна. Тиймээс хариуцлагажуулах, эзэнжүүлэх ажлыг УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна.
-Саяхан улсын төсвөө хоёр дахь удаагаа тодотгож Төсвийн хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэллээ. Тус хууль танай яаманд хэрхэн нөлөөлж байна?
-Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр намайг сайдын ажлыг хүлээж авахад БОАЖЯ-д 159.6 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан.Цагаан сарын өмнө тэтгэвэртэй холбоотой, саяхан төсвийн хэмнэлттэй холбоотой хоёр удаагийн тодотгол төсөвт хийсэнтэй холбоотойгоор 127 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон. Урсгал зардлууд, үндсэн хөрөнгө оруулалтын зардлууд хасагдаагүй. Энэ жил хэрэгжиж эхэлсэн тендер нь зарлагдаад гэрээ байгуулаад явж байгаа ажлууд хэвийн үргэлжлэхээр байна. Зөвхөн 2022,2023 онд төсөвт суусан мөнгөнүүд үйл ажиллагаанд саад тотгор учруулахгүй хэмжээгээр хасагдсан. Хоёрдугаарт, яамдуудын нийт төсвийн 82-86 хувь нь урсгал зардал, үлдсэн нь хөрөнгө оруулалтын зардал байдаг. Манайх энэ жил 21 төсөл дээр хөрөнгө оруулалт хийхээр байсан. Энэ бүхнийгээ зургаан аймаг руу шилжүүлсэн.Тодорхой төсөв мөнгийг эрх бүхий байгууллага руу нь шилжүүлж, тэнд нь сонгон шалгаруулалтыг зарлах хэлбэрээр томилогдсон цагаасаа хойш ажилласан. Тендерүүд бүгд зарлагдсан. БОАЖ яаманд 170 орчим сая долларын 18 төсөл хэрэгжиж байна. Энэ дотор 2027 он хүртэл үргэлжлэх төсөл ч байна. 2022 оны зургадугаар сард дуусах төсөл ч байна. Манай яаманд асуудал харьцангуй бага байна.
Учир нь бид төсвийн мөнгөнөөс илүүтэй олон улсын байгууллагуудтай харилцах харилцаа болон олон улсын санхүүжилтээр хийгдэх ажлууддаа голлон анхаарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийгдсэнээр ажил цалгардана гэж үзэхгүй байгаа. Учир нь олон улсын төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт хэвийн, цаашлаад нэмэгдэх төлөвтэй байгаа учраас салбарын хэмжээнд доголдол гарахгүй гэж бодож байна.